Wednesday, November 27, 2013

Гоё үгс

Фб-т гоё гоё хуудас нээгдээд, гоё гоё үг бичигдээд байх юм өө. Тэсгэлгүй энд бас ганц нэгээс нь орууллаа.

Хувцасаар нь угтаж
Ухаанаар нь үднэ.

Зовж үзээгүй хүн
Жаргаж байгаагаа мэддэггүй.

Чоно шиг хиймортой
Чөтгөр шиг адтай
Чулуу шиг хаттай
Чихэр шиг амттай     Яваарай.

Цаг үеэ олж хэлсэн
Зөв үг
Сэтгэлд хүрч
Зүрхэнд тусдаг.

Дайчин монгол
Эр хүн бүрийн ард
Ухаалаг монгол
Эмэгтэй байдаг.

Хэрвээ та хэн нэгнээс сайхан үг сонсохыг хүсдэг бол
Эхлээд өөрөө хэлж сурах хэрэгтэй.

Хүсэл дууссан газар
Хүн өөрөө дуусдаг
Дуусахгүйн тулд
Хүсэл мөрөөдлөө
Яг л цэцэг адил дэлгэрүүл.

Саяхан урласан бүтээл минь

Ойрд бүтээлийнхээ зургийг оруулаагүй юм байна. Фб-т бол оруулаад байгаа. Хүмүүс урам хайрлаад л. Баярлаж байна өө. Урмаар тэтгэгдээд л би нь. Хөөрч давхиад л хэхэ.
Яг ийм бүтээл 4-ийг нэхэх захиалгатай. Том зулзагын захиалга. Ширээн дээрээ тавих гэхээр эвхдэг ширээтэй болохоор байнга бүтээгээстэй байна гэж байхгүй. Сандал гэхээр сандал нь бас эвхдэг ккк. Гэхдээ манай эвхдэг сандалд захиалсан юм шиг таарсан тул дөрвийг нэхэх шаардлага гарсан.
Өөр юу нэхлээ байз? Нэлээд хэдэн оймс нэхсэн шүү. Нэгийг нь хүнд бэлэглэсэн. Завгүй байж хэзээд нь амжуулдаг байна аа гэсэн. Хүн ч тэгээд өөрийн дуртай зүйлдээ цаг гаргаад байдаг юм байна шүү дээ.

Tuesday, November 26, 2013

Урлагийн үзлэг

Том зулзагынх эхний ээлжинд. Энэ арга хэмжээний тухай нэлээд хэдэн жилийн өмнөөс л бичиж байна дөө. Тэ
1-6 дугаар ангийхан нэг жилд сурсан мэдсэнээ тайлагнах зорилготой.
Хөтөлбөрийг танилцуулбал
8:50 нээлтийн ажиллагаа
Сургуулийн бүх сурагчдын найрал дуу
1. Нээлтийн үг
2. 2-р ангийн тайлан
3. 4-р ангийн тайлан
4. 5-р ангийн тайлан
Завсарлага
5. Захирлын мэндчилгээ
6. 1-р ангийн тайлан
7. 3-р ангийн тайлан
8. 6-р ангийн тайлан
9. Төгсгөлийн үг: Сурагчдын төлөөлөл
Бүх сурагчдын найрал дуу. Их хөөрхөн хоолой салгаад дуулсан.

За нэг иймэрхүү дараалалтай. Тухайн жилдээ зугаалгаар явсан бол тэр тухайгаа тайлагнана.  Тийм газраар тэгж яваад гээд л болчихгүй, ийм ийм зүйл сурч мэдэж авав гэж ирээд л чанга чанга дуугаар хэлнэ.
Гэрийхэнд нь зориулж хөтөлбөрөө урьдчилан өгнө. Тэрийг харж байгаад хүүхэд нь хэдийд гарч ирэхээр байна, тэр цаг минутанд зургийн аппарат, видео камераа бариад л урагшаа зүтгэнэ. Хаа очиж ухамсраараа өөрийх нь хүүхдийн хуваарь дууссан бол ухраад бие биендээ зай тавьж өгнө. 
Эдний энэ эмх замбараатай байдлыг л сурмаар, хэрэгжүүлмээр санагддаг юм.
Хувцаслалтын тухайд их амар. Заавал тийм хувцас энэ тэр гэхгүй. Том зулзагын дүр энгийн хувцастай байж болно гэсэн учраас бүр л амар байлаа. Мэдээж нэг хэсэг дүрүүдэд тохирох хувцас шаардана л даа. Гэхдээ аль болох эцэг эхэд нь хүндрэл багатай байхыг чухалчилна.  Тайз засалт, цугласан хүмүүст 00-н өрөө хаана байгааг заах зэрэг ажлуудыг бүгдийг нь 6-р ангийн хүүхдүүд хийнэ. 6-р ангийн хүүхдүүд иймэрхүү арын албаны үүрэг давхар гүйцэтгэх тул бүгд шар өнгийн подволкоор ижилссэн байв.
Нэг атаархмаар нь хөгжмийн иж бүрэн зэвсэглэл байна. Сургалтанд хэрэгтэй гэсэн бүхэн байна. Эцэг эхчүүдээс гадна эмээ өвөө, ах эгч нар нь үзэхийн зэрэгцээ хүндэт зочид бас байна. Энэхүү хүндэт зочдод: тухайн сургуулийн байрлах газрын хорооны дарга, тухайн хорооноос сонгогдсон хотын иргэдийн хурлын төлөөлөл лав ирдэг. Миний мэдэхийн. Өөр тэгээд зөндөө л эмээ өвөө нар ирсэн байдаг. Бодвол их л чухал үүрэгтэй хүмүүс болов уу. Өө тийм нэг зүс мэдэх эмээ байсан. Зун том зузага тэргүүтэй сургуулийн хэсэг хүүхдүүд бүжгийн парадад  оролцоход голлох үүрэг гүйцэтгэж бүжиг заасан эмээ байсан. Гэх мэтчилэн сурагчдын сургуулиас гаднах нийгэмд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэдэг улсууд байдаг шиг билээ.

Хорооны зугаалга

Өглөө 8:20-д цэцэрлэгт хүрээлэнд цуглав. Том оврын автобусны суудал лав дүүрсэн харагдсан. Ганц нэг хүн оролцоно гэж байсанч ажил гарсан гээд ирээгүй байлаа. Ерөнхий хөтөлбөр нь, эндхийн нэг хятадын элдэв арга хэмжээ болдог газар очиж үзвэр үзсэн. 4 хятад хүүхэн гарч ирээд үндэсний үзмэрүүдээсээ танилцуулсан. Дараагаар нь хүүхдийн тоглоомын парк орсон. Тэнд гэхдээ тоглоогүй, зүгээр л өдрийн хоол идсэн. Хооллосны дараагаар бэлэг дурсгалаар нь орж цаг нөгцөөсөн. Тухайн газрынхаа онцлог гэсэн зүйлсийг зардаг юм. Хүнсний бүтээгдэхүүнээс авахуулаад есөн жорын л зүйл байсан. Дараагаар нь алим хураахаар явсан. Алим модноос нь түүж ганц нэгийг л идсэн. Нэг дор тэр том алимыг чинь олныг идэж чаддаггүй юм билээ. Граммлаж худалдаж авсан даа. Бас л хөөрхөн бизнес санаа. Ороход мэдээж мөнгө төлж байгаа. Том хүн, хүүхэд гээд такс нь өөр өөр. Энэ мөнгийг хорооноос гаргана. Хоол, үзмэрийн мөнгийг хорооноос гаргасан. Харин бэлэг, алимаа өөрсөө худалдаж авна. Жилд 2 удаа хороондоо мөнгө төлдөг юм. Тэр мөнгөөр хорооныхон юу хийх вэ гэхээр: гадаах нийтийн гэрэлтүүлэг, иймэрхүү зугаалга, боулингийн тэмцээн зохиох зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа явуулж, санхүүжүүлнэ. Мөн хорооныхоо байранд хагас бүтэн сайн бүр ямар нэг арга хэмжээ зохиодог юм. Ажлын өдөрт бол тэтгэврийн настангууддаа зориулсан арга хэмжээ зохиох нь их.

Хэтийн зорилго нь тэр бүр уулзаад нөхөрлөөд байдаггүй хөрш улсуудыг нүүр хагаруулж, дотносуулах. Харилцан бие биедээ дэм болох. Гэхдээ бидний хувьд бол хөршүүдтэйгээ тийм ч дотно биш. Мэнд бол мэднэ л дээ. Их л завгүй улсууд байдаг юм. Сүүлийн үед хүмүүс хоорондоо хүүе, хаая сайн уу гэж уулзалдахыг тээршаадаг болсон гэж ярьж байхыг сонсож л байсан юм. Үнэний ортой ч санагддаг.
Аяллын сонин гэсэн нийгмийн сонин болчих шиг боллоо.
Дүгнэлт: Газар үзсэн шиг, автобусанд унтсан шиг... Түүнээс нэг их хоорондоо найз болсон юм одоогоор алга л байна. Хэ хэ.

Thursday, November 21, 2013

Би монгол хүн

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг
Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдээж надад өгсөн
Өнөр монгол орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Намираа хур нь тэжээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутгаа би
Өөрийн бие шиг хайрлаж
Угаасан тунгалаг мөрнөө би
Эхийн сүү шиг санадаг
Энэ нутагтаа би
Эзэн нь юм
Ирээдүйг түмэнтэйгээ босголцох
Их үүргийг хүлээсэн юм
Хэрэв хүн эх орноо
Хамгаас үнэтэй гэдэг бол
Хээр тал нутгаа
Юунаас ч илүү санадаг бол
Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ төлөө бол
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол
Алтан шороо руугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжээрээ таглаж
Амиа өгөхөөс буцахгүй бол
Энэ хүн монгол хүн
Эх орондоо хайртай хүн
Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр билээ
Би монгол хүн болохоор
Биндэръяа нутгийхнаа төлөө
Бие амь, бүх насаа
Авч байгаа амьсгаагаа
Оргилж байгаа зоригоо
Алины нь ч хайрлалгүй зориулдаг
Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би
Ханагар чөлөөт нутгаа
Харах тусам баясаж байна
Халуун амиа дүйхгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна
Онгирч хөөрсөн сэтгэлээс биш
Оргилсон баярт сэтгэлээс
Орчлон дэлхийн өмнө
Одоо дахиад давтах юм бол
Би монгол хүн болохоор
Нарлаг монгол нутгийнхаа
Найдварт хөгжлийн төлөө
Насаа зориулсан улс аа
Анд найз нөхөдтэйгөө
Алаг бяруу шиг номхон байна гэж
Алалдах дайсан учирвал
Арслан бар шиг догшин байна гэж
Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй
Зүрх сэтгэлээрээ монголжсон
Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс
Зүглэж хэлэхэд бэлэн байна.
 Ч.Чимид

Жич: Шүлгийн эхийг "Бийрбэх"-с авсан болно. Орчуулж өгөхийг хүссэн эмээ минь
-Эхний хэсэгт дуртай. Ялангуяа тэр ээжийн гар, үнсээд буй салхи, унасан ус... гээд л нэг тийм сэтгэл хөдөлгөм.
-Тийм шүү.
-Сүүлийн хэсэг нь жаахан хэцүү юм аа тэ.
Бид хоёр мэдээж элдвийг ярилцана. Аюуш баатрын тухай ч тайлбарлав.
Дүгнэлт нь нэг тийм соц нийгмийн уур амьсгал оруулахгүй бол болдоггүй л байсан байх даа. Дарамттай ч нийгэм байж дээ. Сүүлийн хэсэг ч тухайн цаг үе, нийгмээ магтахгүй бол болохгүй гэсэн үнэр үнэртээд байна...


Wednesday, November 20, 2013

Урлаг, уран сайхан

Намрын улирал энд ер нь урлаг, уран сайхан, спортын сар гэж үздэг юм. Энд тэнд биеийн тамирын өдөрлөг, үзвэр, ший, гадаад харилцааны арга хэмжээ гээд болно.
Би ч юунаас хоцрохов. Өөрийн хэмжээнд уран уран сайхандлаа.
  1. Танил эмээ нэг шүлэг орчуулж өгөхийг хүслээ. Ч.Чимэдийн "Би монгол хүн". Мундаг байна уу? Шууд л ийм мундаг бөгөөд хэцүү шүлгээр гараагаа эхлээд. Хэ хэ. Гэхдээ шүлэг сайхан уран яруу орчуулаагүй ээ. Ерөнхийд нь агуулгыг нь л хэлж өгсөн. Ха ха. 
  2. "Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш" дууг бас л орчуулж өгөв. Катакана үсгээр бичих гэж гар хөл эвлэхгүй л жаахан сандарсан болохоос. Миний очиж эх орноо танилцуулсан нэгэн бага сургууль монголын 85 гэсэн байх аа сургуультай скайпаар ярилцах юм гэсэн. Тэгээд энэ дууг дуулах юм уу даа. Япончуудын дуулахыг сонсоод монгол хүүхдүүд савж унах байх даа. Ил л битгий савчихаасай билээ. Эдний хэлэнд байхгүй ө, у, л гэсэн үсгүүдийг яалтай ч билээ. Тэр сургуулийн хүүхдүүд ямар ч буруугүй тул. Хэллэг нь хүн сонсоход инээдтэй л дээ. Нүдэн дээр нь пис пас гээд инээгээд уначихав аа гэж хэлмээр байдаг, яадаг юм билээ? ккк
  3. Монголын үлгэрүүдэд их гардаг мангасыг танилцуулаад. Охидын нэг номон дээр гардаг мангасыг том зулзагаараа зуруулаад өгсөн. Ямар аймар юм бэ гэсэн. Ха ха. Уг нь бол эдний обакэ гэдэг зүйл л дээ. Монгол хэлэнд буухдаа их олон үгээр буугаад. Яг эдний хүүхдийн ном зэрэгт гардаг обакэг монголоор олж хэлэхэд бэрхшээлтэй байлаа... Эцэст нь мангас дээр тогтлоо энэ удаад.  
Обакэ: сүнс, ороолон, хий үзэгдэл, мангас, буг, гүйдэл, чөтгөр, савдаг, зэтгэр, сүг. Нэг үг гэхэд л ийм олноор бууж байна. Мартахгүйн тулд блогтоо орууллаа. Дээрх гоё гоё үгнүүдийг сануулсан С найздаа талархлаа. 

Wednesday, November 13, 2013

Цооров

гэнэт сайжрахыг хэлдэг дээ. Том зулзага бид 2 гэнэт цоороод. Өнгөрдөг бүтэн сайнд хорооны маань хүүхэд, хөгшид, залуус нийлсэн хэсэг хүмүүс боулинг тоглоод. Жилд зохиогддог уламжлалт арга хэмжээний нэг л дээ. Тэгсэн охин минь
-Ээж ээ би страйк цохьсон гээд л хөөрч гүйж ирээд байсан чинь хүүхдүүдийн шалгаруулалтанд 2-т орж.
Би шагналт 9-р байранд оров. Цуг тоглосон хүүхнээсээ илүү гарчих гээд үзсэн, тэр бас яаж мөчөөгөө өгөхөв. Сүүлд шагнал гардуулсан чинь өнөөх чинь  4-т ордог гэнэ ээ. Өө, оноогоор жаахан л илүү гарсан бол дээгүүр давхих байх гэж бодов хэхэ. Уг нь 4 удаа страйк цохьсон юм. Сүүлийн 3 шидэлтээ дарааллан хоёр удаа страйк шидэж энэ тэр цоорсон байхгүй юу. Дараа жил хичээнэ ээ. Хэ хэ.
Ингээд охин энэ сарын 30-нд бас нэг тэмцээнд орохоор болоод. Ээж хүргэж өгч авах ажил нэмэгдэв.
Оролцсон бүх хүмүүст дунд нь цай өгч байсан. Мөн оролцсон хүүхдүүдэд ундаа, амттан өгч байсан. Мэдээж шагналт 10 хүртэлх байранд орсон хүмүүс, хүүхдүүд бэлэгтэй.
Санхүүжилт нь жилд хураадаг СӨНХ-ийн төсвөөс гардаг.
Архигүй, хөгжөөнт, спортлог... зүйл зохион байгуулахдаа гаргуун юм аа эд.

Энэ бүтэн сайнд бас хороогоороо зугаална. Өдөр нь ББК хийж идэнгээ алим хураана. Ямар болсон тухайгаа бичнэ ээ.

Monday, November 11, 2013

Бяцхан зөвлөгөө

Орчуулга хийх гэж буй танд. Өөртөө бас зориуллаа. Хааяа мартчих гээд байдаг юм.
  1. Маргааш өдрийнхөө хуваарийг товчхон хэлж сануулсны дараагаар сайхан амраарай гэж явуулах.
  2. Өглөө нь дахин хөтөлбөрөө сануулж, хэрэгтэй зүйлсээ авсан эсэхийг лавлах. 
  3. Дэвтэр, үзэг бал хэрэгтэй бол сануулж байх. Илүүдэхгүй шүү. Хүмүүс авахаа мартчихдаг юм.
  4. Уулзалтынх нь талаар энэ албан ёсных, энэ нь нөхөрсөг гэж хэлж байх. Хэлүүлэлтгүй мэдэх хүн байх ч хольж хутгаад байх хүн бас байна аа байна. 
  5. Цуглах цагаа 10-15 минутын наана хэлж байх. Заалттай хоцордог тул. Олуулаа бол уван цуван цугларна.
Одоогоор санаж байгаа нь энэ. Мундаг хүмүүс санал болгох зүйл байвал хэлээрэй. 

Wednesday, November 06, 2013

Залхуу бууз

Их завгүй өдрүүд үргэлжилж байна. Амралтын өдөр бүр заавал нэг хувь хувьсгалын ажилтай байдаг боллоо. Уг нь ч зүгээр байдаг юм. Тэгэхгүй бол хийсэн юмгүй унтаж унтаж босоод өглөө өдрийн хоол нь мэдэгдэхгүй нэг юм хийж иднэ. Орой нь монгол хоол хийнэ гэсэн бичигдээгүй заншилтай.Тийм болохоор аль болох орж гарч юм үзэх, эсвэл уул явах хөтөлбөр гаргадаг юм.
Өнгөрдөг нэгдэхэд энд амралтын өдөр байсан чинь эх оронд минь бас өвөөгийн төрсөн өдөр гээд амарсан юм билээ шдээ. Өвөөгийнхөө төрсөн өдрийг ч мэдэхгүй монголоо алдсан улсууд. Хэ хэ.
Ууланд очиж япон ээж аав болсон сайхан улсууд дээрээ очиж амарлаа. Тэнд бид яг л хүүхдүүд шиг нь аашилдаг. 4 хүн дөрвөн янзын үйлдэл хийнэ.

Залхуу бууз хийж идсэн. Их дуртай байсан. Ирэх 2 сард болох нэгэн арга хэмжээнд зарахаар болоод л байж байна. Түрүү жил бууз хийж зарсныг санаж байгаа байх. Тэгсэн гурил нь дээрээ бөөгнөрөөд хүмүүс идэхгүй хаяад байсан юм. Тэгж үлдээж хаяхгүй байлгах талаас нь бодолцоод мөн нэг бүрчлэн цаг чимхэж цаг алдахгүйг нь бодолцон залхуу бууз хийхээр тохиролцов. Хэдээр зарахыг харин сайн хэлж мэдэхгүй байна.
Дээр хийж идсэн юм. Зургийг нь фб-тээ оруулсан чинь хүмүүс их хийж иддэг гэсэн. Хань ижил болохоор залхуу л хүний ажил шүү дээ гээд нээх тоохгүй байсан хүн, уулынхан дуртай идсэн чинь баярлаад байгаа. Хэ хэ.

Гэрийн интернет засвартай. Би нь тэсэхгүй өөр газраас бичиж байна. Энэ долоо хоногоос ашиглалтанд орно. Идэвхитэй бичнэ ээ. Одонгоор шагнуулахын тулд ккк.