Monday, August 31, 2015

Номын дуу 2

Энэ удаагийн номын дуу нь "Гадаад хүнд япон хэл заах арга"-ын тухай байлаа.

Үе үе зохион байгуулдаг юм. Би нь орох хүсэл их байдаг ч ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалаад оролцож амжддаггүй байлаа. Энэ удаад зориг гаргаад гэрийхэндээ
-Би нь номын дуу сонсмоор байна, хөгжмөөр байна, бла бла
гэж байгаад л бага зулзагыгаа дагуулаад явсан. Учир нь хань ижил ажилтай, том зулзага дугуйлантай. Хагас сайн өдөр шүү дээ.

Багыгаа албанд нь өгөх гэсэн, лекц жаахан оройтож тарах тул авч амжихгүй болчихоод. Нэг аниаг нь авчихаарай гэх гэснээ, за за дугуйлангаасаа тарж ирчихээд ганцаараа тааваараа тарвалзаг дээ гэж бодоод. Тэгж тааваараа тарвалзах цаг ер нь гардаггүй болохоор хааяа даа өрөвдөөд байдаг юм. Хэ хэ. Хүнд чинь хааяадаа бас нэг тийм цаг байх хэрэгтэй гэж бодоод.

Дагуулж явсан бага зулзага харин их томоотой сайн байсан. Зураг зурах цаас, харандаа, урлагийн бүтээл туурвих өнгийн цаас, хайч, скоч зэргийг нь авч явсан болохоор түүндээ сатаараад ээждээ нэг их  төвөг удсангүй. Дунд нь хариуцаж буй ажлын газрын минь нэг хүүхнийг хошгоруулаад юм хум яриад л байх шиг байсан.

За гол сэдэв.

Сайн дурын багш нар тул заахад янз бүрийн л бэрхшээл тохиолдоно. Мөн сурагчид нь төрөл бүрийн шатны хүн байна. Бага ангийн сурагч, оюутан, нэг оюутны гэр бүл, ажлаар ирсэн насанд хүрэгчид. Албан тушаалын хувьд ч янз янз. Дарга цэрэг гээд л.

Тэдгээр төрөл бүрийн онцлог бүхий хүмүүст япон хэлийг онцлогт нь тааруулж хэрхэн заах тухай лекц. Дүрэм талаас нь хэрхэн заах тухай голчилон үзсэн. Мөн өөрсдөө шинэ арга барилаар зааж болно гэсэн.

Зурагт каарт, гараараа барьж үзээд мэдрэх боломжтой бодит зүйлс ашиглах нь их үр дүнтэй байдаг гэнэ. Ялангуяа хүүхдүүдэд энэ арга их үр дүнтэй. Тэдний анхаарал төвлөрөх хугацаа их богино, дорхноо л уйдаад өөр зүйл бодоод эхэлдэг, тэгэхээр заасан зүйлээ тоглоомоор үргэлжлүүлэн бататгаад явбал дорхноо л сурдаг гэнэ. Тэдний дуртай зүйлийг мэдэж аваад тэр талаас нь үг, ханз, хэллэг гээд  заавал бас амархан цээжилдэг гэнэ.

Дүрмийн тухай хичээлээ бараг мартсан байна лээ. Сэргээж үзээд сайхан л байлаа.

Би нь хирагана катакана-гаа үзээд дууссан үед нь хүүхдийн зурагт ном уншуулах дуртай. Дүрмийг нь тусдаа заадаг, үг цээжлэх, үсгээ нүдлэхэд их хэрэгтэй байдаг. Агуулга нь ч хөөрхөн, ханз энэ тэрээ ороогүй болохоор их сайн давтлага болдог юм.

Надаас хэлээ яаж сайжруулах вэ гэж асуухаар нь номын сангаас хүүхдийн ном зээлж ирж уншиж бай л гэж хэлдэг. Монголтой харьцуулахад номын сан их байдаг, үнэгүй зээлчихэж болдог гээд л энд чинь давуу тал их байна шүү дээ. Тэрийг л ашиглаад байх хэрэгтэй юм байгаам. Даанч ашигладаг нь тун цөөхөн.

Яваандаа сайжраад ирэхээр бага ангийн хүүхдүүдэд зориулсан хөөрхөн хөөрхөн ном зээлж ирээд л уншиж бай, яваандаа гүнзгийрүүлээд  гэж бас хэлнэ. Жаахан үглээ талдаа шүү дээ би чинь. Хэ хэ. Мэргэжлийн өвчин хөдлөөд л үглэж гарна. Ха ха.

Нэг их туршлагатай ч юм шиг, уртаашаа өргөөшөө хоёр л хүүхдэд зааж байсан, энд. Ккк

Sunday, August 30, 2015

Хайрын дуу

Том зулзага энэ дуны аяыг 11 сард болох сургуулийнхаа тайланд тоглох юм гэсэн. Дугайлангийнхан нь томчууд сонгосон дуу юм гэсэн. Өсвөр насныхны хайр дурлалын тухай юм уу даа.
Урьдных шигээ дуу оруулж болохоо байсан шиг байна тийм үү? Линк дээр дарж ороод сонсоорой.
https://www.youtube.com/embed/EvwRYGlJWfQ"

Зөв ашиглацгаая

Түрүүчийн бичлэгийн үргэлжлэл болгоод ажлын газрынхаа тухай хальт мэдээлэл оруулахаар шийдлээ.

Бусад муж, хотуудад байдаг иймэрхүү газрын тухай японд ирж сурах гэж байгаа, ажиллах гэж байгаа, амьдрах гэж байгаа хүмүүс байвал, японд ирсэн даруйдаа судлаад япон дахь хугацаагаа үр бүтээлтэй, дурсгалтай, өөртөө ашигтайгаар өнгөрүүлээрэй гэж хүсье. Харин хэт ашиг харж болохгүй шүү. Хэ хэ

За хэл сурмаар байна аа гэсэн улсуудад зориулсан сурах бичгүүдийг бараг худалдаанд гарсан болгоныг нь авч номын сандаа тавина. Он хуучин зарим нэгийг нь актлаад, үүдэндээ чөлөөтэй авч болно гэсэн хайрцганд хийнэ. Нэг мэдэхэд алга болсон байдаг юм. Гадаад оюутнууд авдаг байх. Актлах ажлыг нь би хийдэг учраас хамгийн түрүүнд авах давуу эрх эдэлчихнэ. Хэ хэ. Ганц нэгийг авч л байсан.

Ганцаарчилсан сургалт явуулна. Сайн дурын багш олж өгнө гэсэн үг. Багштайгаа цаг нар нь таарвал өөрсдөө ярилцаж байгаад цагаа тохироод манай ажил дээр ирж хичээллэнэ. Долоо хоногт ихэвчлэн 1 өдөр. Үдээс өмнө эсвэл үдээс хойш ирж хичээллээд байдаг.

Багш нь өөрийн заах арга барилаасаа хамаараад номоо өөрөө сонгодог. Хүрэлцээтэй байвал зээлж авна. Хүрэлцээ багатай бол бүтэн номыг нь хувилаад өгчихдөг. Зарим багш нар ориг ном бол шавь нар нь дээр нь бичиж тэмдэглэхэд хэцүү байдаг юм. Анхнаас нь хувилаад авчихвал дээр нь хэрэгтэй гэсэн зүйлээ, ядаж өөрийн хэлээрээ тэмдэглэхэд зүгээр гээд хувилуулах тохиолдол ч байна. Мэдээж үнэгүй хувилж өгнө. Хувилах ажлыг нь би хийнэ. Хэ хэ. Хувилж байхдаа "одооны энэ гадаадууд уу? жаргачихымаа" гэж бодоостой. Хэ хэ.

Манай монголчуудаас ингэж ашиглах нь цөөн дөө. Аргагүй л дээ. Монголчуудын тоо ч цөөхөн юм дөө. Тэгээд тэр цөөхөн монголчууд минь барагтай л бол ирэхгүй.
Хамгийн их ирдэг нь хятад оюутнууд. Тооны хувьд ч олон дөө тэд.

Мөн янз бүрийн арга хэмжээ зохион байгуулна. Гадаад хүмүүст японы соёлыг таниулах зорилготой арга хэмжээ их. Жишээ нь япон хоол хийж сурах, кимоно өмсөж үзэх, бэнто буюу өдрийн хоол бэлдэж сурах, газар хөдлөлт болон ямар нэгэн байгалийн гамшиг тохиолдвол яах гэх мэт бас л их өргөн хүрээтэй.

Эсрэгээрээ япон иргэддээ зориулсан арга хэмжээ ч зохионо. Гадны соёлыг япон хүмүүст таниулах. Хоол, ёс заншил, тоглоом наадгай гэх мэт. Үүгээрээ дамжуулаад шашин шүтлэг, ёс заншил харгалзахгүй бие биенийгээ хүндэтгэн, ойлголцох гэсэн хэтийн зорилготой.
Үүнд нь би нь багшаа би би гэдэг шиг л хоёр гараа зэрэг өргөх нь холгүй байж байгаад л оролцоно. Хэ хэ

Мөн сардаа нэг хуулийн зөвлөгч ирж сонирхсон хүмүүст үнэгүй зөвлөгөө өгнө. Энэ нь гэхдээ гадаад иргэний визний асуудлаар мэргэшсэн хүн байдаг. Байнга нэг л зөвлөгч ирдэг.

Бага сургуулиудад гадаад хүн томилж хүүхдүүдэд гадны соёлоос танилцуулна. Яагаав? би нь шагайгаа тэврээд л яваад байдаг даа. Ингэхдээ цаад сургууль нь хүсвэл л томилдог. Захирал багшаасаа их хамаардаг санагдсан. Гадаад харилцаанд нэг сонирхолгүй хүн байвал гадаад хүнийг ирээчээ гэж хэлдэггүй юм билээ. Нэг ойрхон бага сургууль байдаг юм. Энэ олон жил болохдоо ганц ч очиж байгаагүй. Хэрвээ бид нүүгээгүй бол том зулзага минь тэр сургуульд явах байсан. Ямар азаар нүүсэн юм бэ л гэж боддог. Гадаад харилцаанд сонирхолгүй байна аа гэдэг чинь гадаад хүмүүс бидэнд бас л их нөлөөтэй.

Япон хэлний сурах бичгээс гадна бусад орны тухай танилцуулга бүхий ном, англи хэлний зурагт ном, бусад хэлний сурах бичиг гээд л их худалдаж аваад, зээлүүлнэ. Ашиглаж чаддаг хүнд асар их боломж олгох газрын нэг. Монголын тухай номын тоо ч харьцангүй олширсон.
Би нь даан ч өдөр бүр номон дунд сууж байгаа болохоор хараад цадчихсан. Ха ха. Ашиглаж чадахгүй л байна.

Түрүүчийн бичлэгт бичсэн сайн дурын орчуулагч томилох.


За тэгээд энэ бүх ажлаа зүгээр нэг хийчихгүй ээ, Цаасанд дуртай улс тул арга хэмжээ зохиох бүртээ тусгай материал бэлдэж тараана, хүмүүс рүүгээ шуудандана. Дотоод ажил ихтэй ихтэй.

Хань ижил саяхан манай ажлаар нэг ороод гарсан юм.
-Ёоо, жаргачихсэн хэдэн улс байна аа?
-Яасан?
-Яасан сайхан чимээгүй орчинд ажилладаг юм.
-Өнөөдөр харин хүн цөөхөн байсан.
-Яасан сайхан сэрүүхэн юм?
-Чи гаднаас орж ирээд л тэгж санагдсан байх, дотор нь байгаа бид халууцдаг юм өө. Гэхдээ үйлчлүүлэгч ихтэй үед бол нэлээд сэрүүхэн дээр нь тавина. Хэ хэ
-Яасан сайхан юм, бүгд л пс ширтээд зүгээр суугаад байх юм?
-Хүүе бид чинь, тархиныхаа эд эсийг үхүүлэн байж ажилладаг хүмүүс.

Нэг иймэрхүү, гаднаас нь харсан хүнд зүгээр сууж байгаа мэт харагддаг ч гадаад хүмүүсийг японд аятай тухтай, эрүүл энх, японы хууль дүрмийг дээдлээд, харилцан ойлголцоод, сайн сайхан амьдраасай гэж хүсэн хүсэн ажлаа хийдэг улс даа бид чинь. Хэ хэ.

Энд ирэх гэж буй хүмүүс, ирчихсэн хүмүүс минь иймэрхүү газарыг олж аваад, сайхан зөв зохистой үйлчлүүлээд, эх орныхоо нэрийг өндөрт өргөөд, өөрийнхөө ажил амьдрал, сурлагыг дээшлүүлээд яваарай гэж би нь бас захьяа.

Friday, August 28, 2015

Номын дуу

Ойрд би нь номын дуу сонсож байгаа. Өөрийгөө хөгжүүл гэсэн францчуудынхаа зөвлөгөөг дагаж. Хэ хэ.

Өнгөрдөг бүтэн сайнд ажлаасаа зохион байгуулсан нэгэн сургалтанд суугаад. Мэргэжилтэн урьж авчраад лекц уншуулна, хамтдаа дадлага хийнэ. Сэдэв нь "Сайн дурын орчуулагчдын ур чадварыг дээшлүүлэх нь".

Юуны түрүүнд энэ сайн дурын орчуулгын тогтолцоог өөрийн мэдэх хүрээнд тайлбарлая.

Японы ихэнх мужуудад, том том хотуудад олон улсын сан гэж байдаг. Газар газар нэр нь арай жаахан өөр байдаг. Сан, нийгэмлэг, төв гэх мэт. Энэ нь тухайн мужид, хотод амьдардаг гадаад иргэдээ тодорхой хэмжээгээр дэмжих зорилготой. Гадаад оюутан, тэдний гэр бүл, үр хүүхэд, япон хүнтэй суусан гэх мэт гадаад улсуудад хэл сурахад нь туслах, дэмжих, өөрсдийн оршин суугчидтайгаа найз нөхөд болох, япон хүмүүст гадны соёлоос танилцуулах зэрэгт хувь нэмрээ оруулах гэсэн зорилго бүхий байгууллага юм.

За би нь бусад муж хотуудыхыг сайн мэдэхгүй тул өөрийн ажлынхаа үйл ажиллагаанаас жишээ аваад бичнэ шүү. Бүх газар манай ажил шиг биш ч байж мэднэ. Мөн манайхаас илүү үйлчилгээ сайтай ч байж мэднэ.

Тэр зорилгынх нь хүрээнд хэл мэдэхгүй улс өвдөж хавдаад эмнэлэг домнолог явна, хүүхдүүд нь ханиад хүрнэ, вакцинаа хийлгэнэ,  янз бүрийн бичиг сэлт бүрдүүлэх гээд хотын захиргаа энээ тэрээ явна, жолооны үнэмлэхээ солиулах гэсэн юм гээд үнэмлэхний төв орно, хүүхдүүд нь сургууль цэцэрлэгийнхэнтэйгээ мэдээлэл солилцохдоо муу байгаад байна аа, нээлттэй хичээл дээр ч юм уу, багш захиралтай уулзах гэсэн юм, гээд л их өргөн хүрээтэй зүйлд сайн дурын орчуулагч нарыг томилдог юм.

Ингэхдээ дурын нэг хэл мэддэг хүнийг томилохгүй. Өөрийн байгууллагдаа бүртгэлтэй, уг тогтолцооны талаар мэдлэгтэй, орчуулгын туршлагатай гэсэн улсуудыг явуулна. Тэдгээр орчуулагч нартаа зориулж, жилдээ нэг, боломжтой бол ойр ойрхон сургалт явуулна. Мэргэжлийн хүн холоос урьж, төлбөр мөлбөрийг нь төлж байгаад л.

Гадаад хүмүүс орчуулагч хүсэхэд үнэтэй, төлбөртэй байдаг байх гээд санаа нь их зовдог юм. Ирсэн хүмүүст тогтолцооныхоо талаарх мэдээллийг маш сайн хүргэдэг.

Мэдээж орчуулганд явж буй хүн огт цалин хөлсгүй явбал хэцүүеэ дээ. Тийм болохоор манай ажлаас унааных нь мөнгийн өгдөг. Ямартай ч өөрийнх нь нутгийг тоож ирээд, өөрсдийнх нь хэл усыг сураад соёлоос нь суралцаад яваа гадаад хүмүүсийг ямар нэгэн байдлаар дэмжээд, нэг их биш ч гэсэн тус болчих юмсан гэсэн сайхан сэтгэлтэй ядон хүмүүс их байна аа. Голцуу тэтгэвэрт гарсан хүмүүс их. Яагаад гэвэл залуучууд нь урдах ажил нь их, гэр бүл үр хүүхдээ гээд одоохондоо тэгж ажлын цагаар сайн дурын ажил хийгээд явах боломжгүй байдаг.

Би нь бас бүртгүүлчихсэн. Зүгээр байхаар, миний ч хэл ус сайжирна. Цаад хүн маань ч эмчтэйгээ, ажилчидтай хэл амаа амархан ололцоно. Гэхдээ санаандаа хүртэл сайн орчуулга хийж чаддаггй юм өө. Учир нь мэргэжлийн үг хэллэг их гарна, заримдаа монгол үг орж ирэхгүй гээд л.

Ямар ч төрлийн орчуулга хэцүү. Байнга хийдэг бол харьцангүй дадлагажаад ирдэг л юм. Гэм нь орчуулга хийхгүй удсан тул бас л хэцүүхэн болсон байна лээ.

Сонссон лекцийн маань гол агуулга болохоор эхний хэсэгт онол, тулгамдаж буй асуудал зэргээ яриад, сүүлийн хэсэгт дадлага орсон. Гэхдээ энэ дадлага нь ой тогтоолтыг хэрхэн сайжруулах, орчуулж буй үедээ хэрхэн товч бөгөөд тодорхой тэмдэглэх гэх мэт. Гэм нь эхний онол хэсэгтээ цаг их зарцуулаад дадлагын цаг жаахан бага байсан.

Хэрхэн ой тогтоолтоо сайжруулах, тэмдэглэл хэрхэн хөтлөх тухай дараагийн бичлэгт. Өнөөдөр бас нэг сургалтанд суухаар явна. Одоо явахдаа бэлтгэлээ. Нүүр гараа угааж, нөгөө хувцсаа өмсөнө. Хэ хэ.

Tuesday, August 25, 2015

Сайхан амралт байлаа

Оруулах гэсээр байтал 9 сар гарах дөхлөө.

8 сарын дундуур бурхан болоочдыгоо баярлуулах, эргэж тойрох гэж улс даяараа хэд хоног амардаг юм. Тогтсон өдөр байхгүй. Байгууллагууд янз бүр, нийтээрээ амардаг нь байна. Ажилчид нь ээлжээрээ амралтаа авдаг нь ч байна. Ингэхдээ манайх шиг сар мараар нь авахгүй ээ.

Манай ажил бол амраагүй. Ажилчид нь ээлжээр амарсан. Би ч амраагүй, хагас бүтэн сайндаа л амарсан.

Тэр амралтаа гэхдээ агаар салхинд гарч сайхан өнгөрөөлөө. Гол нь хүүхдийн зуны амралтыг танин мэдэхүй талаас нь хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөчих газар ихтэй юм аа. Бид байнга очдог ууландаа очиж амарсан.

Тухайн бүсэд оршдог ан амьтдын онцлог, бие эрхтний бүтэц, тэдгээрийг хүнтэй харьцуулсан харьцуулалт зэргийг харуулсан музей үзэв.

Шиманэ муж Ота хот Санбэ уул
За энэ уулын бэлээр 2 км алхсан. Эрүүл мэндээ бодож. 1-3 км-ын тусгай алхах жимтэй. Эмээ өвөө нар голцуу алхдаг юм билээ. Би чинь хөдөлгөөний дутагдалтай хүн. Байнга алхдаг эмээ өвөө нарын хэмжээнд хүрэхгүй байж мэдэх юм. Хэ хэ.
Уулын бэл дэх жижиг рестораны хоол. Өөрсдийн бүсдээ тарьсан ногоо, будаагаар хийсэн хоол тул бага зэрэг үнэтэй. Гэхдээ амт нь сайхан.
Музейн таазнаас өлгөөтэй модон эрвээхий. Голдоо доошоо унжсан оосортой. Тэрийг татахаар хөдөлнө. Жаахан хүүхдүүд их л сонирхож олсыг татаад эрвээхий нисэж байна гээд хөөрөх юм билээ. Хэ хэ. Өөр зөндөө л ийм тоглоом байсан. Блогтоо оруулна, ээждээ үзүүлнэ гэж баахан л зураг дарсан, уг нь.

За 9 сарын хэд хоногийн амралт хүртэл ажиллахыг, бичихийг үзүүлээд өгнө өө. Та нарт бас амжилт.

Sunday, August 23, 2015

Хичээл эхлэв

8 сарын уламжлалт бичлэг. 1 сар хүрэхгүй хугацаанд л амрахчаа аядах юм. Монголын зуны амралттай харьцуулахад. Амарч буй, амарсан нэртэй л болохоос.
Дугуйлан гээд л явна, дунд нь нэг өдөр явцын даалгавраа хураалгана гээд л явна, даалгавраа хийж байна гээд л сууна. Амраад байгаа ч юм шиг, хичээллээд байгаа ч юм шиг.

За ёстой амласнаараа өөрөө л даалгавраа хийсэн. Би ер нь үглэсэнгүй, урьд жилүүдийг бодвол. Гэхдээ жаахан тусалсан юм байна. Тэр нь эхлээд балын харандаагаар бичиж байгаад сүүлд нь палмастраар тодруулсных нь балын харандаагаар бичсэнийг нь арилгаж өгсөн. Тэр хооронд өөрөө англи хэлнийхээ даалгаврыг хийсэн. Хэ хэ.

Алт авсныг нь тэмдэглэж, амралтын хаалтыг тэмдэглэж хоолонд оров. Хэ хэ. Түүнээс гэртээ харьж ирээд хийж иддэг юм.
Тоо харахаар л нойр хүрээд байна аа, тоо устаасай гэсэн хүн байна. Хэ хэ. Ээж өөрөө тоонд муу, тоог нээх тоож байгаагүй болохоороо бас юу гэж хэлэхээ, юу гэж загнах аа? мэдэхгүй л байна.
-Тоо чинь байна шдээ, үр зулзага минь ээ, амьдралд их хэрэг болдог юм аа.
-Юунд?
-Юм юманд л.
-Жишээ?
-...

Одоо намар 10 сард байхаа, хэд хоног амрах хүртэл гүрийнэ дээ гэсэн хүн л байна.

Амарч ороод эхний хоёр өдөр шууд тест. Ёстой зэвүүн багш нар гэсэн. Ха ха. Хөөрхий муу багш нар дандаа л муу нэртэй.
-Багш нар дуртай даа тест аваагүй ээ, үр зулзага минь. Яамнаас нь тушаал буулгаж байгаа шдээ.
-Тэглээ ч гэсэн дээ.

Өглөө их л хүнд цүнхтэй хүн гарсан. Орой тарж ирээд их л ядарснаа гайхаж, гавъяа байгуулсан хүн ирнэ дээ. Хэ хэ.

Saturday, August 22, 2015

Бэлэг аваад аа

Монгол яваад ирсэн шавиасаа ийм бэлэг авсан.
-Дэлгүүр хэсэх зав гарсангүй ээ, таньдаг хүнээ гуйж ганц л дэлгүүр ороод үүнийг авчихлаа. Уучлаарай багш минь.
-Өө зүгээр, зүгээр. Баярлалаа.

Харьж ирээд чоконд нугасгүй хүн чинь задлаад л идэв. Дотроо ийм ястангуудын зурагтай. Эрийн гурван наадмын зурагтай гэж байсан.

Хань ижил боржгон гэж байна уу? гээд байхгүй болохоор нь халхыг нь авав. Би нь бас халх эмэгтэйг сонгож идэв. Хэ хэ. Охидууд хамгийн хөөрхөн нь аль вэ гэж байгаад л сонгов. Хэдэн сүмо банди нар ирсэн байж таараад тэд бөх, сур, морь гэж сонгов. За тэгээд хоёр дахь нэмэлтээсээ хамаагүй л авч идэцгээв. Хэ хэ. Жаахан жав долго л болчихсон болохоос.

Амт харин бүгд адил байсан. Дажгүй л амттай юм билээ. 

Монгол яваад тэнхимийнхэндээ, ажлынхандаа бэлэг сонгоход хэцүү байдаг хүмүүст дажгүй санагдсан шүү. Олон ч ширхэгтэй юм билээ.

Сүүлийн үед харин иймэрхүү зүйл их гарсан бололтой. Үнийн хувьд жаахан үнэтэй байдаг гэсэн. Жуулчид болон гадаадад амьдардаг монголчууд бэлгэнд аргагүйн эрхэнд л авдаг байх даа. Түүнээс жирийн монгол хүмүүс тэр бүр худалдаж аваад байх бэл бэнчин нь хүрдэггүй л байх. Тийм үү?

Би чинь иймэрхүү зүйлийг хааяа даа эх орондоо байгаа хүмүүсээс түрүүлээд олоод хүртчихдэг азтай хөөн. Хэ хэ. Олонтойгоо байсны минь буян гэж. Олон өвөө найз нарын минь буян гэж их шүү.

Өвөө гэснээс нэг өвөөгийнхөө захиаг орчуулаад өгчихсөн. Бас нэг өвөөгөөсөө монголын зураг авсан. Нээх хөөрхөн зурагнуудаасаа угаалгаад дуртайгаа ав гэчихсэн ажил дээр бариад ирдэг гэнэ ээ. Бараг бүгдийг нь л авчих шиг болсон. Хэ хэ. Ажлын шугамаар энд тэнд улсаа сурталчилахдаа хэрэглэнэ дээ. Шавь өвөөгөөсөө энэ чоког бэлгэнд авсан. Бас нэг өөр өвөө чимээгүй л байна, яадаг өвөө вэ гэж дараа уулзахаараа жаахан гомдоллоно оо. Хэ хэ.
Гэснээс нэг эмээ байгаа юм байна. Утасдсан байсан. Би нь дуудлага сонсоогүй өнгөрөөчихсөн. Нэг яринаа тэгж байгаад.

Wednesday, August 19, 2015

Хувцсаа цөөлнө өө

Өнөөх аравхан хувцастай францчууд гэдэг номоо арайхийж уншиж дуусгав.

Гол санаа нь аль болох л цөөхөн хувцастай байх. Гэхдээ өөртөө таалагдсан, өөрт чинь зохисон. Мэдээж нэг их хямд биш, жаахан үнэтэй байж болно.

Ингэхдээ бүх улирлын хувцас нийлээд л арав байна гэсэн үг биш. Хавар намрын, өвлийн, зуны гээд тухайн улиралын  арав арван хувцастай байх. Нийлүүлэхээр бас хорь гуч гарчихаж байгаа биз? Мөн гадуурх хувцас орохгүй гэсэн. Жишээ нь пальто, куртка гэх мэт.

Би нь энэ номыг уншсанаар ерөөсөө л болсон болоогүй, өмсдөггүй хувцсаа хаяхаар шийдсэн. Хэ хэ. Энд харьцангуй гоёод байдаггүй л дээ. Монголд байгаа найз нөхдийгөө хараад л өөртэйгөө харьцуулахад ер нь асар хэрэглээ багатай юм билээ. Хэ хэ.

Ер нь үрэлгэн зантай эзэгтэй нар нэг уншсан байхад илүүдэхгүй л ном санагдсан. Зарим нэг эзэгтэй нар чинь шоппинг хийхгүй бол сэтгэл санаа амардаггүй гэж ярьдаг юм билээ. Тэд нарын шүүгээ гэж пиг байдаг байхаа. Хэ хэ.

Францчууд өнөөдөр өмссөн хувцсаа маргааш нь дахин өмссөн байх нь элбэг байдаг. Монголд бас тийм тэ?

Японд жаахан өөр. Халуун, хөлс их гардаг болохоор тэгдэг байх өнөөдөр өмссөнийгөө маргааш нь өмсдөггүй. Пальто, хүрэм зэрэг энд хамаарахгүй л дээ.

Унтлагын хувцсанд их ач холбогдол өгдөг гэнэ. Торгомсог сарпаанчиг, дээгүүр нь унтлагын халаад их өмсдөг. Зохиогч өөрөө америк хүн бөгөөд францад оюутан солилцоогоор хагас жил болсон. Ингэхдээ франц айлд байрласан байгаа юм. Өөрийнхөө унтлагын хувцсыг хараад асар ичсэн гэж байна. Учир нь америк зангаараа сунаад, нэг газраа жоохон цоорхойтой хуучин подволк, шорттой унтдаг байсан гэнэ. За би нь ч яг л иймэрхүү дээ. Хэ хэ.

Мөн өөрийн гэсэн үнэртэй усыг олж, түрхэж байх. Тэрийгээ үе үе сольж байх.
Би нь үнэртэй уснаас хөндийрөөд олон жилийн нүүр үзэж байна аа. Хэ хэ. Нэг аятайхан ус байсан юм. Ойрд дэлгүүрээр харагдахгүй юм. Мундаг брэнд уснууд арай л нялуун юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ дахин нэг сайн явж үзнэ ээ. Хэ хэ.

Ходоод руугаа хоолыг шидэх биш, сайхан амтыг нь мэдэрч амталж идэж байх.
Арьсныхаа төлөө ус сайн ууж байх.
Өглөөний цайгаа тогтмол ууж байх.

Будаагүй, оргиороо байгаа юм шиг буддаг  байх.

Өдөр тутмынхаа хэрэглээнд тансаг зүйлээ хэрэглэж байх. Жишээ нь аятайхан, үнэтэй аяга тавагаа хүмүүс онцгой өдөр хэрэглэнэ гээд хадгалаад байдаг. Өдөр тутмаа онцгой өдөр болго л доо. Онцгой өдөр нь тэгээд юу хэрэглэх вэ? Онцгой өдөр минь онцгой биш болчих гээд байна шүү дээ гэж хэлэх хүн байдаг. Өдөр тутамдаа тансаг зүйлээ хэрэглээд, яг онцгой өдрөө дээрээс нь гоёмсог лаа асаах ч юм уу? Ширээгээ цэцгээр чимэх ч юм уу? Жаахан л шинийг сэдэхэд онцгой өдөр минь бүр л онцгой болж чадна шүү дээ.
За энэ хэсгийг уншиж байхдаа намайг л хэлээд байна даа гэж бодов. Би нь жаахан гоёмсог гэсэн зүйлээ их хадгалнаа. Тэгснээ онцгой өдрөө хэрэглэхээ мартчихна, нэг бол гаргаж ирж, буцааж хураахаас нь төвөгшөөнө. Хэ хэ.

Дэлгүүр хоршоо явахдаа хамгийн түрүүнд хэрэгтэй байгаа зүйлээ жагсааж бичээд гарч байх. Ингэх нь дэлгүүрт ороод яг авах гэснээ мартах, илүү зүйл худалдаж авч мөнгөө үрэхээс сэргийлнэ. Өөрийн нэг аргаасаа хэлэх үү? Их мөнгө авч явдаггүй. Яг л тааруулсгээд л гарна. Заримдаа дуртай чоко энэ тэрээ авчих гээд байдаг болохоос.

Орлогынхоо хэмжээнд тааруулаад л амьдрах нь хамгийн эрүүл амьдрал. Ар араас нь худалдаж аваад байхаа зогсоочихвол байгаль орчинд ч ээлтэй. Таны эргэн тойрон чинь ч эмх цэгцтэй болно.

Байнга худалдаа хийгээд байхаа зогсоочихвол мэдээж гэрийн санхүү ч боломжийн болоод ирнэ. Хэрэв мөнгө илүү гарвал сайхан хадгалаад, ирээдүйд ийш тийшээ аялахдаа, нэг бол тэтгэвэрт гараад тэтгэврийн хэдэн төгрөгтэйгөө нийлүүлээд тэтгэврийн хөгшин гэхэд под гээд л амьдарчихна.

Нэрэлхүү зангаа хааяадаа авч хаях. Жишээ нь хааяа дэлгүүр хэсэхээр худалдагч нь элдэв зүйл барьж гүйгээд л санал болгоод байхаар үнэтэй ч гэсэн нэрэлхсэндээ авчихдаг шүү дээ. Тийм байдалд аль болох орохгүй байх. Ийм үед нэрэлхэлгүйгээр жаахан бодож үзье, уучлаарай гэж хэлж чаддаг байх.

Өөрт буй зүйлдээ сэтгэл хангалуун байх.

Эцэст нь огт худалдаа битгий хий гэж байгаа биш шүү. Зайлшгүй хэрэгтэй бил үү? Үүнийг авснаар юу өөрчлөгдөх билээ? гэх мэтээр дахин нэг бодож үздэг байх гэсэн санааг л хэлээд байгаа юм.

Өөрийн гэсэн имижийг бий болгох. Даруухан, нуугдмал эмэгтэйлэг чанараа хөгжүүлэх.

Өөрийгөө хөгжүүлэх:

  • Ном цүнхэлж явж байх. Энд тэнд дараалал хүлээгээд сууж байхдаа дэлгээд харчихдаг байх. -Үүнийг бол байнга хэрэгжүүлдэг юм билээ. Цүнх минь их хүнд явна аа. Хүмүүс хүндийг нь гайхна.
  • Цаасан сонин уншиж байх. -За үүнийг ажлын шаардлагаар өглөө бүр 5 төрлийн сонин гарчиглана. Холбоотой мэдээг нь хувилж, ажлынхандаа уншуулна.
  • Зурагт үзэх цагаа багасгах. -Нэг хэсэг савангийн дуурь үзээд байсныгаа больсон. Энд даваа гарагт гарсан савангийн дуурийн дараагийн анги ирэх долоо хоногийнхоо даваа гарагт гардаг юм. Хүлээсээр байтал бараг мартана. Тэгээд үзэхээ байсан. Болж л байна. Амьд л байна. Хэ хэ.
  • Үгийн сангаа баяжуулах. -За энэ их хэцүү. Япон хэлнийхээ үгийн санг баяжуулах гээд үзээд байдаг. Эсрэгээрээ монгол хэлний үгийн баялаг цөөрж байж мэдэх. Гэхдээ ингээд блог бичдэг болохоор гайгүй ч юм уу? Хэ хэ.
  • Аялах. -Энэ бас санхүүтэй холбоотой болохоор жаахан хэцүү. Хэ хэ. Хилийн дээс даваад гадаад дотоодоор аялаж чадахгүй байгаа ч ойрхон орж гараад л байдаг юм.
  • Шинэ зүйл сурах. -Одоогоор юу ч сураагүй байна. Юу ч байж болно гэсэн. Тэгж байгаад ямар нэг зүйл сурахыг хичээнэ ээ.
  • Өөрийн сонирхдог төрлөөр урлаг сонирхох. -Урлагийн ямар төрөлд дуртай юм болоо би чинь ингэхэд?
  • Өдөр тутмын амьдралдаа жижиг ч гэсэн хамаагүй сайн сайхныг олж хардаг байх. -Хоолоо хийхдээ, аягаа угаахдаа нэрвтэхгүй байх. Өөрийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө хийж байгаа шүү дээ гэж баяр баясалтайгаар хийх.
  • 5 мэдрэхгүйгээ бүтнээр нь ажиллуулах. -Нэг ёсондоо байнга унших биш, хааяа бас сонсдог байх. Байнга сонсдог бол хааяа уншиж байх. Үнэрлэхүйгээ ч адил хөгжүүлэх? гэсэн байна.
  • Өдөр тутмынхаа байнга хийдэг зүйлд ч анхаарлаа хандуулан хийж байх. -Аливаа зүйлд хайнга хандах биш, дасал болсон зүйлдээ ч анхаарлаа хандуулж хянуур байх.
  • Аливаа зүйлийг хэтрүүлэхгүй байх. Жишээ нь хэт их савангийн дуурь үзэх. Дуртай амттанаа байнга ихээр идэх гэх мэт.
За их урт бичлэг болчихлоо. Хэрэгтэйгээ аваад, хэрэггүйг нь тэгсгээд зөнд нь орхичихоорой. Хэ хэ. Бүгдэд нь амжилт.

Wednesday, August 12, 2015

Өвөө нар болон захидал

Ойрд би нь хэдэн танил өвөө нартаа од болоод? Хэдэн танил өвөө нар минь намайгаа гэнэт санаад? Хэ хэ. Юу гэж бичмээр юм бэ дээ.

Монголоос тэдэнд минь захиа ирсэн юм аа. Монгол хэлээр. Тэрийгээ л орчуулуулах гээд. Гэнэт энд нэг ийм монгол байдаг шүү дээ гэж санасан юм шиг байгаа юм. Хэ хэ.

Өнөөдүүл минь хаа байсан монголоос захиа ирж гэж баярлаад байх. Ирсэн захиаг нь хараад би голох.

Яагаад голсон гэхээр? Үнэн богинохон. Хэрэг болгож явуулж байж жаахан урт, урамтай захиа биччихгүй гэж өвөө нарыгаа өрөвдөөд. "Сайн байна уу? Таны бие сайна уу? Бид сайн. ... гуайтай уулзад сайхан байлаа." Ингээд л болоо. Энэ хэдэн өгүүлбэрийг чинь гараар бичихээр урт болно, хажууд нь ханз үсгийг бодвол крилл гэх мэт хажуу тийш нь бичдэг хэл чинь нэг өгүүлбэр нь хэмжээний хувьд урт болчихдог болохоор өвөө нар өөрт нь нээх л урт захиа ирлээ гээд горьдчих юм.

Угтаа бол гэр бүлийнхээ гишүүдийн одоо хаана ажилладаг? Өөрөө хаана ажиллаж байгаа тухай. Ажил үйлс нь хэр байгаа тухай? Хүүхдүүд нь сургуулиа төгссөн эсэх? гээд л бичвэл зүгээр  санагдаад. Гэр бүлийнхнийг нь таньдаг бол шүү дээ. Товчхондоо гэр бүлд нь болон өөрт нь тохиолдсон өөрчлөлт, шинэчлэлтийнхээ тухай бичвэл зүгээр юм шиг.

Нэг бол орчуулагч гэдэг хүн хажуугаар нь ороод, долоон булчирхайг нь мэдчихнэ гэж боддог юм болов уу?
Үгүй шүү дээ. Орчуулагч хүн чинь орчуулсан зүйлийнхээ тухай хаа хамаагүй хүмүүст мэдэгдээд, илчлээд, яриад явах ёсгүй гэж үздэг.

Одоо хариуг нь бичнэ, орчуулж өгөөрэй гэсэн улс л байна. Жаахан үнэд ордог юм билүү? Хэ хэ.
Өө тийм, буцах хаяг нь бас тодорхойгүй ээ. Улаанбаатарт байгаа миний тэрэнд гэж хаяглах юм уу хаашаа юм.

Хэрэв та гадаад танилдаа захиа бичих гэж байгаа бол унших хүнийхээ урмыг бодоод сайхан дэлгэрэнгүй захиа бичиж байгаарай. Буцах хаягаа заавал бичээрэй. Эд чинь жижиг зүйлд ач холбогдол өгдөг улс, танд заавал хариуг нь бичнэ.

Аавуушка

Ингэсэн юм.

Том зулзага тэмцээн нь дуусаад 11-нд сургууль орж зуны амралтын явцын даалгавраа хураалгаж ирчихээд л хуруу хумсаа будаад л сууж байв.
-Ээжийнхийгээ бас будаад өгөөрэй.
-За, ямраар будуулах уу?
-Ямар ч байсан яахав. Гэхдээ үйлчлүүлэгчидтэй харьцдаг юм чинь даруухан байсан нь зүгээр.
-За.

Орой ч болов. Хоолоо идчихээд л охидууд хумсаа будав. Том зулзага
-Аав  аа, таныхыг бас будаад өгөх үү?
-Юу? Өө үгүй, үгүй. Аав нь эрэгтэй хүмүүс тийм эмэгтэйлэг зан гаргахад дургүй.
-Өө, за за. Болилоо.

Үүнийг сонсож суусан бага зулзага
-Тэгвэл эрэгтэйлгээр будаад өгчихгүй юу даа.

Бүгд татаж унав. Эрэгтэйлэг гэж будна гэж хар мараар будаад л, дээрээс нь зүрх, цэцэг биш гавлын яс зураад л, сэлэм энэ тэр зураад л будах юм байна л даа гэж том 3 нь жаал инээлдэв.

Охид ингэж хааяа аавыгаа аавуушка болгодог юм. Бага зулзага бол хааяа үс мүсийг нь боогоод, хавчаар хатгачихсан л явж байдаг юм.

Одоо ээж, том зулзага хоёр бол хачин гоё хумстай л байна. Ээж бол ядам хуруунуудынхаа хумсан дээр зүрх болон уруул зуруулав. Амьдралдаа анх удаагаа. Хэ хэ. Ажлын нэг хүүхэн хумсаа гоёчихсон байна гээд их сүрхий анзаарсан. Том зулзага өөрийнхөө хумсан дээр төрөл бүрийн л зүйл зурсан байсан. Өнөөдөр бага зулзага цэцэрлэг нь амарчихсан будуулна гээд л сууж байна.

Ээжүүшкэ гэдгээ мэдрээд, аавыг аавуушка болгохоо алдсан хөгжилтэй өдөр байлаа гэж...

Monday, August 10, 2015

Алт

Том зулзага сая өнгөрдөг бүтэн сайнд дугуйлангаараа үлээвэр хөгжмийн тэмцээнд ороод алт авчихдаг гэнэ ээ. Их л додьгор хүн байна. Би урд нь
-Амжилт хүсье, гэхдээ түрүүлнэ гэж нэг их найдахгүй байгаа, ямартаа ч тэмцээнд орж үз, урлагийн сайхнаас мэдэрчихээд ир дээ.
-Тан шиг ээж байдаг уу? Найдлага тавихгүй байна байхдаа яахав дээ.
-Байхгүй байх өө.

Гэсэн харилцан яриа болсон юм. Хэ хэ.

Зуны амралт эхэлчихээд байхад тэмцээнтэй гээд өдөр бүр өдрийн хоолоо бэлдэж аваад л сургууль руугаа явна. Харьж ирэхдээ нээх л ядарсан хүн байна. Дургүй ч байгаа юм шиг. Тэгэхээр нь нэг их хичээхгүй л байгаа юм байна, тэмцээнд оролцсон гэсэн сургуулийн л нэр гарвал болох юм шиг байна дөө гэсэн шүү юм бодож байсан юм.

Тэгсэн 11 жилийн дараах алтан медаль авсан гэнэ. Бөөн л баяр болсон улсууд.

Тэмцээн нь манай хотоос нэлээд зайтай газар болоод, дээрээс нь сургуулийн өмнөх насны хүүхэд орж болдоггүй, бас дээрээс нь зогсоол байдаггүй гэхээр биднийг битгий яв гэж байна гээд яваагүй. Хэхэ. Өглөө нь том зулзагыгаа амжилт хүсье ээ гээд л сургууль хүртэл аав нь хүргэж өгөв.

Өдрийн хоолондоо будааны бөмбөлөг л авч явсан. Өдөр хэт идчихвэл нойр хүрээд, гэдэс дүүрээд хөгжмөө олигтой үлээдэггүй тул, бага шиг идээрэй гэж багш нь хэлсэн юм байх. Харин оройн хоол нь тансагтаа орох хоол захиалж идсэн. 1000 иен хурааж авсан эцэг эхээс нь. Тэр 1000 иенд нь тоглолтын хөтөлбөр зэргийг хэвлэхэд гарсан зардал багтсан гэсэн.

Зураг дээрх хөгжим бол том зулзагын үлээдэг trumpet гэдэг бүрээ? Өөрийнх нь зураг алга аа. Дээр том зулзага уншаад байсан номны хавтасны зураг л байна. Хэ хэ.

Өвөөгийн яриа

90 холоо гарчихсан нэг өвөөтэйг мэдэж байгаа биз дээ, манайхаан.

Бид хоёр нь цагаан сараас хойш уулзах гээд уулзах гээд амжихгүй байсан юм. Учир нь өвөө аргагүй 90 гарсан тул өвчин хэлдэг болсон. Нүдний хагалгаанд орсон л гэнэ, зүрх жаахан дэлсээд л гэнэ. Тэгээд л уулзаж төвддөггүй.

Монголоос захиа ирж бидэн хоёрыг ууүлзуулав. Хариуг нь бас бичээд би нь шууданд хийж өгөх үүрэг аваад л харьж ирэв.

Далимд нь юу эсийг ярихав. Сэтгэлд үлдсэнээ энд сийрүүлэв. Хоёулангийнх нь таньдаг хүмүүсээ эргэн дурсав. Одоо ч монгол явахаасаа өнгөрлөө л дөө. Энэ муу бие ч хааяа...

"Гадаад харилцаа, найрамдалт харилцаа гэдгийг хүмүүс жаахан эсрэгээр ойлгох гээд байдаг. Дандаа л төр засаг, тамга даргын газар уулзалдаад өөр хоорондоо сайн сайхан амлалт өгөөд байх бус ер нь ийм энгийн хүмүүс хоорондын найрсаг харилцаа л чухал шүү дээ. Яг л чи бидэн хоёрынх шиг. Сүүлийн үед дайн дажингийн тухай ихэд ярих болж. Бие биенийгээ мэддэг, ойлгодог бол дайн үүсэхгүй байх л гэж бодох юм. Удахгүй ач зээ нараасаа иймэрхүү гадаад ертөнцтэй харилцдаг залгамж үеэ бэлдэхгүй бол ч..."

(Нээрээ л хараад байхад хувь хүмүүсийн хоорондын найзын харилцаа л урт удаан хугацаатайгаар үргэлжилдэг шиг. Бие биендээ мэнд мэдэж захиа бичнэ, ирж очно гэх мэт. )

Гэхдээ диваажинд залрахаараа гэдэг үг ганц ч цухуйлгахгүй. Хөгшрөхөөр ч бие хаа санасны зоргоор хөдлөж өгөхгүй юм л гэж байсан. Бас нүд юм харахаа байгаад. гэсэн. Гэхдээ захиагаа бичихтэйгээ. Мундаг.

Ганц монголоос ч биш францаас захиа хүлээж авдаг гэж байгаа. Өөрөө бас хариуг нь бичнэ.

Намар дахин уулзаж намайгаа шинэхэн амттай загасаар дайлна гэсэн. Өглөөдөө бариад өдөртөө хоол болгочихдог сайхан хоолтой газар бий, заавал цуг явмаар санагдаад байгаа гэсэн шүү.

Өдөр тутмын бүх сонинг захиалж уншдаг хэвээрээ. Нийгмийн элдэв сонинг хуучилдаг хэвээрээ. Хөгжилтэй хэвээрээ. Хоолонд сайн хэвээрээ. гээд л бишрэх зүйл ихтэй өвөө шүү.

Saturday, August 08, 2015

70 жил

Дайн дуусаад 70 жил.
Хирошимад атмын бөмбөг хаясны 70 жил.

Энд дайнтай холбоотой олон нэвтрүүлэг, уран сайхны болон баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн, сонин  хэвлэлд дайнд аавыгаа, ахыгаа, дүүгээ, хань ижлээ алдсан хүмүүсийн ярилцлага, атмын бөмбөгдөлтөнд өртсөн хүмүүсийн яриа гэх мэт зүйл цувралаар гарч, хэвлэгдэж байна.

Би нь тэрийг нь үзээд хараад, уншаад угийн уян зөөлөн хүн юм болохоороо нулимс цийлэгнэж энэ тэр. Сэтгэл бүр сонин болчихож байгаа юм.

Саяхан нэг нэвтрүүлгээр дэлхийн 2-р дайн эхлэхээс 1 жилийн өмнө еврэй хүүхдүүдийн амь насыг аварсан англи хүний тухай гарсан. Аварсан хүүхдийн тоо 669. Үүнээс ч олныг аврах байсан. Даанч дайн эхлээд герман чехийн хилийг хаасан гэх мэт шалтгаанаас аварч чадаагүй.

Анх түүний гавъяаг хүмүүс мэддэггүй байж. Эхнэр нь түүний тэмдэглэл дэвтрийг олж нийтэд дэлгэснээр олон нийт, дэлхий түүнийг мэддэг болж.

Дайн дууссаны дараа олон хүүхдүүд ээж аавтайгаа эргэн уулзаж чадсан, бас олон хүүхэд эцэг эхээ дайнд алдсан. Гэхдээ ихэнхи эцэг эхчүүд нь хорих лагерт амь насаа алдсан.

Амь насыг нь аврах арга нь олон орон луу захидал илгээсэн. "Эдгээр хүүхдүүдийн амь нас дээсэн дээр байна. Та бүхэн эдгээр хүүхдүүдийг үрчилж авах хүн олж өгөөч."  Америк тэргүүтэй орон туслах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Аргаа бараад байж байтал өөрийнх нь төрсөн нутаг болох англи улсаас аль болох тусламаар байна гэдэг хариу ирж. Ингээд л ажилдаа ханцуй шамлан орсон. Зарим нэг хүүхдэд хуурамч паспорт хүртэл олгож байж.

Ийнхүү 669 хүүхэд хэд хэдэн ээлжээр англи улс руу дүрвэхэд тусалсан. Тэрхүү буян нь дэлгэрсэн англи хүнийг   Nicholas George Winton гэдэг. Урт удаан наслан энэ оны 7 сарны 1-нд бурхны оронд заларч.

Нетээс  Nicholas George Winton гээд хайвал гараад ирнэ. Дэлгэрүүлж уншаарай.

Дайн бүү болоосой, дайн сөнөөсэй гэж залбирч, дайны хор уршгийг үр хойчдоо сайтар ойлгуулж байх хэрэгтэй шүү.

Мөн цөмийн зэвсгийн хор хөнөөлийг багаас нь л ухуулж, ойлгуулж байх хэрэгтэй юм шүү.  Японы Хирошима хотод 8 сарын 6-нд олон орноос хүмүүс цуглан атмын бөгбөгний хор уршиг, амь үрэгдсэн энгийн оршин суугчдад хүндэтгэл үзүүлэн залбирцгаасан.

Бид ч хэд хэдэн удаа монголоос ирсэн зочдоо дагуулж очиж байсан. Тухайн үед ямар хохирол амссан зэргийг танилцуулаад бүхэл бүтэн музей байгуулсан байдаг тул үзсэн хүн бүрийн сэтгэл ихэд шимширдэг дээ.

Охидод минь ч сайн сургалт болдог гэж боддог тул хүүхдүүдийг дагуулж очин танилцуулахад буруудахгүй шүү.

2 жилд нэг ирдэг монгол хүүхдүүдийн хөтөлбөрт Хирошима хотын уг музейтэй танилцах тухай орсон байдагт их олзуурхдаг. Disney Land зэрэг хэт чамин газраас илүүтэйгээр хүүхдэд боловсрол, мэдлэг олгох газар гэж боддог доо.

Жич: Зураг дээрх бичгийг цаасаар нугалж хийсэн тогоруу шувуугаар бичсэн. Энд тэндхийн сурагчид, бүлэг хүмүүс ирж танилцахдаа ингэж 1000 ширхэг цаасан шувуу нугалж ирдэг. Тусгай шилэн хоргонд хийж нийтэд таниулдаг. Жил ирэх тусам тоо нь ихсээд хотын захиргаа тусгай агуухлахад хадгалдаг. Сүүлийн үед харин тоо нь хэт олшроод яахаа мэдэхээ байчихаад байгаа гэж хотын дарга нь хэлж байсан.

Thursday, August 06, 2015

Ойрд

Их халж байна. Тэнгэр хангай гэнэт хур хайрлаад л. Энд гэхдээ хувингаар цутгаж байгаа мэт ордог болохоор хэцүү хэцүү. Замынх нь ус зайлуулах систем нь сайна тулдаа нэг юм үерт автчихгүй болоод байх юм. Улаанбаатар шиг байсан бол өдийд живцээн живцэн. Хэ хэ.

Сая хэд хоног нүүр номоос Улаанбаатарынхаа далайд гарцтай болов гэдэг элдэв зургийг харж баяслаа шд. Сайхан завтай юм өө. Тийм зураг хөрөг хийгээд л сууж байдаг. Гэхдээ намайг блог бичээд үнэн завтай хүүхэн юм аа гэж боддог нь байгаа л байх даа. Өө яахав, дуртай юмандаа цаг зав гаргалгүй яахав.

Шинэ танилтай болов. Монголоос авчирсан борлогддоггүй дурсгалын зүйлээ бэлэглэв. Хэ хэ. Эхнэрт нь оймс нэхэж өгсөн юм байна. Мөн аяга угаагч.

2 оймс бас зарсан юм байна. Жаахан хаяагаа л маначихсан болохоос. Ккк

Хар халуунд ноосон утсаар оймс нэхээд байхаар хань ижил өмнөөс минь халууцаад л байгаа. Би нь өөрөө л халууцахгүй байвал тэр хүн мүн халууцна хамаагүй ээ хамаагүй. Хүнд бэлэглэнэ гэж байсан оймсоо мөнгөнд нугасгүй юм болохоороо зарчихсан хүн, одоо нөхөж нэхээд гялалзуулахгүй бол.

Шавь тэргүүтэй хэдэн хөгшчүүл долоо хоногийн хугацаатай монгол яваад ирсэн. Явахынхаа өмнө ямар бэлэг авч явах уу энээ тэрээ гээд л хөл хөөр болсон улс байсан. Зарим нэг ногоо өгдөг өвөө нар
-Хүүе ирэхдээ бэлэггүй шүү.
-Өө зүгээр зүгээр сайн яваад ирээрэй. Болгоомжтой яваарай.
Дотроо бол сүртэй шд. Жаахан ч гэсэн нутгийн минь үнэрнээс аваад ирэхэд гэсэн шүү  юм бодоостой. Ха ха

За тэгээд ганц нэг нь харьж ирээд, ямар ч байсан эсэн мэнд яваад ирснээ дуулгаж утасдаж байсан. Олуулаа байсан болохоор гэдэс нь гүйлгэсэн энээ тэрээ гэсэн хүмүүс байсан бололтой. Ирэх нэгдэхэд шавьтайгаа уулзана, тэгэхээрээ хож жив сонсоно доо. Хурдан нэг дэх болоосой.

Өө тийм, ёстой гол зүйлээ бичихээ мартаж. Хотын төвд 3 өрөө байр зармаар л байгаа шүү. Хэ хэ. 104мкв. Жаахан томдоод, зарагдахгүй байгаа юм. Сонирхсон хүн байвал мэйлдээрэй.


Tuesday, August 04, 2015

Чөлөөт цагаа...

Энд чинь бага насны хүүхдийн чөлөөт цагийг аятайхан өнгөрөөчих газар их байх юм. Тэрэнд тодорхой хэмжээний төсөв ч гаргачих юм.
Тодорхой хэмжээний төлбөртэй газар ч байна. Гэхдээ тэнгэрт тулсан үнэтэй биш. Төлбөргүй газар ч байна.  

Амралтын өдөр амьдардаг мужийн маань амтат идээний нэг болох хавчны аквариум оров. Хажуугийн зурагт харагдаж буй дун болон далайн од зэргийг гараараа барьж үзэж болно. 10 тоолоод л усанд буцааж тавина.

Мөн долоо хоног бүр төрөл бүрийн арга хэмжээ зохионо. Энэ удаад загас хооллох байсан. Хүүхдүүд нээх хөөрхөн дугаарлаж зогсоод л ээлжээ ирэхээр бас өнөөх хооллох гэж байгаа загаснаасаа айчих бололтой. Тэгсэн хэрнээ сониуч зандаа хөтлөгдөөд хооллочих санаатай.

Бага зулзага бас хальт айдастай. Гараа олигтойхон сунгаад өгчихгүй, тэрүүхэндээ хоолыг нь шидсэн болоод өнгөрөв.

За хоёр дахь зурагт байгаа нь хавч. Япон тэнгис нь энэ хавчныхаа амттайгаараа алдартай. Өвөл болохоор их үнэтэй зарагдана. Худалч хүнд нэг хонины үнэтэй. Ирсэн монголчууд үнийг сонсоод л хонио идэж байсан минь дээр юм байна гэнэ. Хэ хэ.

Өөр зөндөө л загас жараахайнуудын танилцуулга байна. Тайлбар зэрэгтэйгээ. Хүүхдийн танин мэдэхүйд асар их ач холбогдолтой.

Тэгэхэд манайхан чинь найр наадамдаа л асар их хөрөнгө зарах юм. Энэ бүтэн сайнд чинь хотын даргын зохион байгуулах бас нэг наадам болох юм гэсэн. Хэдэн сая төгрөгний ч зардалтай гэнэв. Сонсоод ухаан алдахаа шахав. За тэгээд хэлэхээр шүүмжилсэн хэрэгт ороод, манай монголчууд чинь цаанаасаа наадаж байхаар заяасан, тэнгэрлэг ард түмэн бла бла гээд өөдөөсөө загнуулна. Чимээгүй л байхаас.
Чимээгүй байна гэчихээд эндээ биччихээр ямар хэрэг байна тэ.

Үнэндээ манай монголд чинь бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдүүдийн зуны амралтаа өнгөрөөчих аятайхан газар бий билүү. Яахав хэдэн зусланг нэрлэх байх л даа. Тэр нь гэхдээ хэтэрхий үнэтэй, эргээд тэнд танин мэдэх талаасаа, хөгжих талаасаа хэр бол? Архидаад, садар самуунаар дүүрэн байдаг шиг санагдсан. Нүүр номоор саяхан даа, хаанахын билээ нэг зуслан явах гэж байгаа билүү, яваад ирсэн ч билүү хүүхдүүдийн бичлэг яваад байсан. Аймаар аймаар.
Охин хүүхдийг бол зүглүүлэлтгүй.

За за нээх хөөрхөн зураг оруулснаа сонин зүйл биччихлээ. Гэхдээ л өөрийн эрхгүй харьцуулаад, эх оронд минь иймэрхүү зүйл байдаг бол гэж бодогдоод байдаг юм...

Би монгол хүн

Гэдгээ мэдрээд, нэг өдөр. Хэ хэ

Монголоос найз ах маань ийм борц өгч явуулаад. Бид нь амралтын бүтэн сайн өдөр лавшаа хийж идэв. Хөлс мөлс уршаад, цаанаа л нэг гоё амттай. Бүгд нэмж идэв. Том зулзага бүр миний аяганд борц бараг алга байна гэж урвайж энэ тэр. Хэ хэ.

Бага зулзагат харин жаахан өвөрмөц амт байсан бололтой. Борцны өөхийг нь нэг амандаа хийснээ ярвайж байгаад л гаргаж харагдсан. Хэ хэ

Тэгээд л хоорондоо бид ч яах аргагүй л монгол хүмүүс юм даа гэж ярилцав. Заримдаа ч өөрсдийгөө монгол ч биш, япон ч биш хүн болчоод байна уу даа гэж бодох үе байна аа. Монголоос ирсэн ганц нэг хүмүүс ч хэлдэг юм.
-Та нар бүр япон болчихжээ. гэж.
Аминдаа өөрсдийгөө монголоороо байгаа гэж боддог ч. Гэхдээ бас усыг нь уувал ёсыг нь дагах үе зөндөө л байх юм. Зөндөө ч гэж дээ байнга шахуу л даа.

Ямартай ч гадаадад байдаг бидний хэдэн монголчуудад чинь эх орон минь элэгнээс минь л уяатай байдаг юм байна даа...

Нулимс цийлэгнэв, дотогш нь залгив.

Monday, August 03, 2015

Гунан мангас хоёр

Хотын захиргаанаас явуулын номын сан ажиллуулдаг тухай нэлээд дээхний бичлэгт бичиж байлаа. Том зулзага байнгын үйлчлүүлэгч нь байлаа. Томроод унших ном нь чанаржаад, зузаараад цөөрсөн тул хот болон мужийн номын сангаас ном зээлэх нь багаслаа. Харин сургуулийнхаа номын сангаас ном зээлж уншдаг нь хэвээрээ. Гол нь цаанаас нь тэдэн ном уншсан байх ёстой гэж заадаг бололтой.

Гэх мэт шалтгаанаар явуулын номын сангаа мартчихсан явж байгаад 2 долоо хоногийн өмнө санаандгүй таараад дахин ном зээлж эхлэв.

Энэ номыг олж хараад шууд зээлэв. Бага зулзага мангас гэдэг үгийг их сайн мэддэг, хэлж чаддаг тул ихэд олзуурхав.

Урд нь хэд хэдэн номыг нь танилцуулж байсан даа. Б.Болормаа гээд зураачийн тухай. Зохиолыг нь И.Ганбаатар. Хамтарч хэд хэдэн бүтээл гаргасан. Арлын оронд эх орныхоо нэрийг гарган яваа та хоёрт уран бүтээлийн амжилт хүсч байна. Хэзээ нэгэн цагт муу блогийг минь олж уншвал баярлах байх аа. Хэ хэ

Агуулга нь гурван толгойт мангасыг Гунан хүү дарж дархан цолоо мандуулж байгаа тухай. Багадаа уншиж байсан үлгэр.

Гэх мэтчилэн энд монголын тухай, монгол хүний тухай бичсэн ном зохиол харахдаа баярлана гэж юүхэв. Аль болох олж уншихыг хичээнэ гэж...

Sunday, August 02, 2015

Сэрүүцэх баяр

Цэцэрлэгийн уламжлалт арга хэмжээ. 7 сарын сүүлд болдог. Багш нар болон эцэг эхийн зөвлөлийнхөн ихэд сэтгэл гарган зохион байгуулалт сайтай бэлдэнэ. Түрүү жилийн энэ бичлэгт уг арга хэмжээний тухай товч танилцуулж байсан байна. http://saruul-uhaan.blogspot.jp/2014/07/blog-post_44.html

Энэ жил аниа нь энгийн хувцастай явсан нь л түрүү жилийнхээс ялгаатай юм байна. Хэ хэ

Бага зулзага л юката өмсөж, үс гэзгээ ердийнхөөс арай өөрөөр боож энэ тэр гээд ганган охин явлаа. Угаасаа охидыг гоёх амархан дөө. Айлын охидууд бүр ч ганган байсан. Толгойд нь есөн жорын л гоёл хатгаастай харагдсан. Хэ хэ.

Томорч байгаа нь жилээс жилд мэдэгдэж байна. Тайзан дээр гараад дуулж барихдаа уйлж унжаад байх нь больсон. Тайзан дээрээс харин нүдээрээ ээж аавыгаа хайгаад л байх юм билээ. Хэ хэ. Гараа даллаж байгаа газраа мэдэгдэж, үзэж байгаа шүү гэдгээ харуулахгүй бол дуугаа дуулахгүй гэрийнхнийгээ л хайгаад зогсоод байна. Ганц манайх ч биш, бусад хүүхдүүд бас тэгдэг юм билээ. Нээх өрөвдмөөрөө тэр нь. Хэ хэ.

Ирэх жил цэцэрлэгийнхээ ахлах ангид орох тул нээлтэн дээр бүжиглэнэ. Тэсэн ядан хүлээнэ.
Цэцэрлэгийн хашааны үүдний чимэглэл
Хаалтын арга хэмжээ