Monday, October 31, 2016

Г.хөдлөлт

Өнгөрдөг тав дахид манай энд айхтар газар хөдлөв. Өдөр 2 цаг жаахан өнгөрөөд. 5 балл гэсэн. Тэгсэн манай хотоос машинаар 40 минут орчим нэг хотын нэг сумд 6 балл хөдлөөд. Хүнд мэдрэгдэхээр чичрэлт 400-гаас дээш болсон гэж мэдээгээр гарч байсан.

Анх удаагаа ийм хүчтэй газар хөдлөлтийг биеэрээ амсав. Ширээн доогуур орж биеэ хамгаалав. Нүдэнд шууд бага зулзага, том зулзага, хань ижил, гэр орон гэсэн дарааллаар нүдэнд харагдаад, толгойд орж ирдэг юм билээ.

Эхний газар хөдлөлтөөр дарга шууд зурагтаа асааж цүнами ирэх аюултай эсэхийг мэдээгээр харав. Азаар цүнами ирэх аюул байхгүй гэж зарлаж байв.

Гар утсанд охидын албанаас мэйл ирэв. Хүүхдүүд бүгд сайн. цэцэрлэгийнхээ гадаах талбайд гарсан байна, сургуулийн сурагчид бүгд сайн байна санаа зоволтгүй гэсэн байв.

Манай ажлын нэг салбарынхан утсаа авдаггүй. Бодвол гадаа гарцгаасан байх гэж байтал утас хангинав. Тэр салбарт тавиур дээрх ном нурж унасан, ширээн дээрх компьютер нурж унасан гэв.

Яг миний ажилладаг салбарт болохоор тэгж ном энэ тэр нурж унаагүй юм.

Тэгээс хэсэг байзсаны дараагаар дахиад хүчтэй газар хөдлөв. Ажлынхны бүгдийх нь гар утас хангинаж өгсөн
. Газар хөдлөхөөр автоматаар ингэж дохиолол өгч мэдэгддэг юм.

Цагаан хоолойгоор хүчтэй газар хөдлөлт болж байна, нурж унах зүйлсээс хол байгаарай гэх мэтээр зарласан.

Чичиргээ зогсохгүй үргэлжлээд байсан тул цэцэрлэгээс нь дахин мэйл ирдэг юм байна. Чичиргээ зогсохгүй байгаа тул аль болох эртхэн хүүхдээ ирж авна уу гэж.Сургууль нь бас мэйл ирүүлсэн. Дугуйлан секц хичээллэхгүй, эрт тарна гэж.

За тэгээд багыгаа авчихаад гэртээ ирлээ. 4 сард Күмамото мужид бас төстэй газар хөдлөлт болоод, олон хүмүүс хоргодох байранд олон хоногийг өнгөрөөсөн юм. Тийм болохоор эд ч их анхааруулж байсан.

7 хоногтоо анхаарал болгоомжтой байгаарай. Ойр зуурын бэлтгэлээ базаагаарай гээд л.

Сэтгэл санааны хувьд бас л их эвгүй болдог юм билээ. Өнөөх гайхал цүнами л битгий ирээсэй гэж шууд бодсон. Учир нь манайх далайтай хиллэдэг муж. Гэр ч далайтай ойрхон. Ажил бүр ойрхон.

Том зулзага ирээд айсан гэсэн. Найзтайгаа гараасаа барилцаад ширээн доор орж хоргодсон гэсэн.

Хань ижлийн ажил баахан машины сэлбэг энэ тэр нь нурж унасан гэсэн. Тийм болохоор бас их сандарсан юм шиг байгаа юм. Ажлынхан нь нэг их тоохгүй байх шиг санагдсан гэсэн.

Бага зулзага харин ид тоглодог цагт нь таараад хүүхдүүд шуугилдаад нэг их анзаараагүй юм шиг байна лээ. Айгаагүй л гэсэн.

Манай ажлынхан бас тайван амгалан байсан. Багаасаа сургуулилалт хийгээд, мэдээ мэдээлэл ихтэй байдаг болохоор сандарч болохгүй, тайван байх ёстой гэж ханддаг юм.

Энэ нь ч их зөв. Учир нь хүн сандраад паанигтаад ирвэл зөв шийдвэр гаргаж чаддаггүй болохоор тэр.

Яг бидэнд мэдэгдэхээр хөдлөлт нэлээд хэд болсон. Унтаж байхад хүртэл. Ингэж унтаж байхад хөдлөх ёстой зэвүүн гэсэн. Унтаа байдаг тул нойр бүрэн сэргэтэл цаг ордог тул.

Оройд унтахдаа нурж ирэх юмнаас хол унтаж байх. Онцын шаардлагагүй бол элдэв хагарч, дээрээс чинь дараад унах зүйл авч тавихгүй байх.

Тэгээд бодсон, ихэнхи япон айл ханын тавилга гэж байдаггүй юм. Газар хөдлөлт ихтэй тул тэгдэг байх. Гэхдээ аяга шаазан ихтэй шүү, сонин.

Юмыг яаж мэдэхэв, хоргодох байр явах болбол дулаан хувцас, хөнжил гудас, ус, чоко гэх мэт хүний сэтгэл санааг сэргээдэг хүнс, нойтон сальфетка гээд л зөндөө л зүйл хэрэг болдог гэсэн.

Хүчтэй газар хөдлөлтийг биеэрээ амссан тохиолдолд дараагаар нь ч газар хөдлөөд байгаа юм шиг санагдаад байдаг юм билээ, хөдлөөгүй байхад шүү дээ.

Яг голомтон дээрээ бас л байдал эвгүй байх шиг байна лээ.

Нэлээд өргөн хүрээг хамарсан байсан. Ойр хавийн мужуудад ч бас хөдөлсөн байсан.

Дахин битгий хөдлөөсэй гэж залбираад л сууж байна даа.

Өө тийм, энгийн үед тэр бүр холбогдоод байдаггүй хүмүүстэй холбогдов. Монгол ч тэр япон ч тэр. За тэгээд монголчууд маань хойшид холбоотой байх минь л болцгоосон шүү дээ. Хэ хэ.

За түр баяртай, өөр сонин содон зүйл болбол бичнэ ээ.

Жич: Энийг ингээд бичээд орхичихож, г. хөдлөлт болоод 2 хоёр долоо хоног болох гэж байна. Одоогоор бүх зүйл хэвийн байна. Нээрээ Хакүхо аварга ирж сэтгэл санааны дэмжлэг гэж парад хийсэн. Би очиж монголоороо аваргаа гэж орилов. Бас нэг сүмо багшийн буянаар аваргатай зургаа татуулсан. Бага сургуульд эх орноо танилцуулахдаа аварга надтай зургаа татуулъя гэж гуйгаад байхаар нь яахав дээ гээд татууллаа шд гэж гайхуулах гэж байгаа юм. Хэ хэ.

Tuesday, October 25, 2016

Бага сургуульд орох бэлтгэл 3

За энэ удаад дугтуйнд хамт ирсэн бөглөх хуудас. Баахан ханз, баахан мэдэх мэдэхгүй үг хэллэг. Жаахан төвөгтэй ч, хүүхдүүдээ бодвол үнэхээр л зөв тогтолцоо шиг санагдаад байдаг юм.

Хүнсний зүйлээс харшилдаг тухай бүхэл бүтэн гурван хуудас байна. Жишээ нь өндөгнөөс, сүүнээс гэх мэтээс харшдаг бол тэр тухайгаа бичнэ. Тэгээд сургууль дээр үдийн хоолноос юуг нь хасаж, өөрсдөө авч явж байх зэргийг бичиж бөглөнө.

Харшдаг зүйлгүй бол харшилгүй гэж бөглөөд гурван хуудасныхаа нэгийг л сургуулийн холбогдох хүмүүст өгнө.

Хэдийд ямар вакцин хийлгэсэн тухайгаа бичих нэг хуудас байна. Хийлгэсэн байх ёстой вакцинуудын нэрийг нэг удаагийнх, хоёр дахь удаагийнх, гурав дахь удаагийнх , нэмэлт гэх мэтээр биччихсэн, эцэг эхүүд зөвхөн бөглөөд л явчихна. Их амар. Учир нь над мэт шиг ханз бичих гэж гар хөл эвлэхэд хэцүү улсууд зөндөө байна аа даа. Хэ хэ.

Энэ хуудсыг бөглөхөд анх жирмээ болоход хотын захиргаанаас үнэгүй өгдөг эх үрсийн дэвтэр асар чухал үүрэг гүйцэтгэнэ. Жирмээ болоод хүүхэд төрөөд өдийг хүртэлх бүхий л зүйл тэмдэглээстэй байдаг. Эхийн биеийн байдал ямар байсан, хүүхэд төрөхдөө хэрхэн төрсөн, хүндрэлтэй төрсөн эсэх? Ээж нь хэдий хэр хэмжээний цус алдсан эсэх? Жирмээ байхдаа даралт хэр байсан? Төрсний дараах хийлгэх ёстой вакцинуудаа хийлгэсэн эсэх? Нэмэлт төлбөртэй вакцин ч хийлгэсэн эсэх гээд л.

Хэдийд хөлд орсон? Хэдийд хэлд орсон? Хэдийд мөлхөж сурсан? Хэдийд цахиур нь цухуйсан гээд л бүх юмыг нь тэмдэглээд явах ёстой. Гэм нь би тэгж уйгагүй тэмдэглээгүй шиг санаад байна. Залхуу ээж байна уу? Сүүлд л санаад бичдэг гэж байгаа, зарим нэг сар өдөр нь зөрөөтэй байх өө.

Тийм болохоор дээрх хуудсыг энэ удаад бөглөхөд хялбар байлаа.

Том зулзагыгаа сургуульд ороход энэ хуудсыг бөглөх гэж бөөн юм болж байснаа санадаг юм. Эрүүл мэндийн дэвтрээ авчруулав, хараад бөглөх гэхээр зарим нэг вакциныхаа нэрийг гаргаж бичиж чаддаггүй, он сар өдрөө мэддэггүй гээд л.

Нэмээд нэг илүү үглэчих үү? Эмч нар минь ээ, та нар гоё гаргацтай бичиж бай л даа, бас монголоор бичиж байвал яасан юм бэ? Зарим нэг оросоор дээрээс нь товчлоод биччихсэн үгийг гаргаж унших гэж бас л их зүдрэнэ шүү дээ, өвчтөнгүүд чинь. Хэд хэдэн хүмүүсийн өвчний оношийг уншиж япон хэл дээр буулгах гээд гаргахгүй бөөн л юм болж байлаа.

Бас нэг хуудас байна. Эцэг эхийн зүгээс хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлын тухай бичих хуудас. Баруун зүүн нүдний хараа? баруун зүүн чихний сонсгол хэр вэ? гэсэн асуулт, багадаа дунд чихний үрэвсэл, гахайн хавдар, салхин цэцэг, бөөрний өвчин, зүрхний өвчин, асмт, улаан бурхан, бас бус өвчний нэр байна (шууд хэлчихэж чаддаггүй, толь бичиг харах болчихоод байдаг хэхэ, залхуураад бичилгүй орхилоо) гэсэн өвчин тусч байсан бол тэр хэсгийг дугуйлна.

Бага зулзагын хувьд дунд чихний үрэвсэл, эртээд гахайн хавдар, салхин цэцэг тусаад амжсан. Энэ дунд чихний үрэвсэл бол нэлээд хэд хэд туссан. Ханиад хүрэхээр л заалттай чих нь өвддөг юм билээ. 0-3 настайд ойр ойрхон хүрсэн. Тэрнээс хойш гайгүй шүү.

Дунд чихний үрэвслийг мэдэхгүй, хүндрүүлбэл сонсголгүй болдог аюултай юм билээ шүү, хүмүүсээ. Том зулзага нэг туссан. Бас чихээ ойр ойрхон ухаж болохгүй шүү. Хагас жилдээ л нэг цэвэрлэж бай гэж эмч надад хэлж байсан. Би чихээ ухах дуртайг ч хэлэх үү. Ккк

За нэг иймэрхүү баахан цаасан дунд хөглөрөөд л сууж байна. Урдах цаасаа яая гэж байхад. Япончууд үнэхээр цаасанд дуртай улс юм аа гэж...

Бага сургууль дээр үзлэгт хамрагдахад яадаг тухай бичнэ ээ за. Түр баяртай.

Monday, October 24, 2016

Бага ангид элсэн орох бэлтгэл 2

Бага зулзага бид хоёр 9 сард сургуульд орох эхний алхамаа хийсэн дээ. Хотын захиргаанд очиж бүртгүүлсэн гэж.

Өчигдөр хотын захиргаанаас нэгэн дугтуйтай захидал ирэв. Эмчийн нэгдсэн үзлэгт хамрагдах тухай.

Гэрийн ойролцоо харъяа сургуульдаа тэдэн сарын тэдний өдөр тус сургуульд орох хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулна. Гээд цаг нар, өдөр судар тов тодорхой бичээстэй. Мөн авч ирэх зүйлсийг бичээстэй, бөглөх хуудсыг хамтатгаад хийсэн байв.

Аргагүй л япончууд. Иймэрхүү зүйлийг нь биширхээс өөр аргагүй.

Яагаад ингээд бишрээд байдаг вэ гэхээр жил бүрийн 9 сарын 1-ний тухай мэдээлэл уншаад хямраад байдаг болохоор тэр. Цэцэрлэгт бүртгүүлэх гэж хэдэн өдрийн өмнөөс дугаарлаад, таньдаг багш хайгаад, сүүлдээ бүр сугалдаг болсон гэчихэв үү яав?

Нээрээ энд цэцэрлэгт бүртгэхдээ 4 сард хичээлийн шинэ жил эхэлдэг ч бүр 12 сард нь тусгай бичиг бөглөөд хүсэлтээ гаргадаг. Явмаар байгаа цэцэрлэгээ 3 хүртэл нэрлэж заана. Тэрэн дундаас орон тоо байгаа цэцэрлэгт хүүхэд нь явна. Бага зулзага бас эхний хагас жил гэрээс жаахан зайтай цэцэрлэгт явж байсан юм.  Өглөө хүргэж өгөхөд ажилдаа явах зүгээс эсрэг зүг болчихоод, гэрлэн дохио олонтой тул цаг их зараад гэх мэт өчүүхэн шалтгаанаас болоод би чинь хотын иргэнийхээ эрхийг эдлэх минь бла бла гэж үзээд дахин бүртгүүлээд гэртэйгээ хамгийн ойр цэцэрлэгтээ орж байлаа.

Улаанбаатарын замын түгжрэлтэй харьцуулахад юу ч биш л дээ. 10 минут л давхина, гэрээс гараад. 4-хөн гэрлэн дохиотой. Тэр нь бүгд улаан таарвал 15 минут зарцуулна. Тэрэнд л нервтээд байдаг байлаа шүү дээ. Хэ хэ. Даам гарчихсан хүүхэн байна уу?

Дахин бүртгүүлээд орсон цэцэрлэг нь 1 л гэрлэн дохиотой. Машинаар 5 минут хүрэхтэй үгүйтэй. Тэнгэр хангай сайхан үед алхаад ирж очно.

За за эцэрлэгийн тухай дор бүр нь бичээд явсан шиг санаад байна. Ингээд өндөрлөе.

Аниагийнхаа төгссөн бага сургуульд орно. Одоогоор сэтгэл нь хөдлөөд хөөрсөн хүн л байна.

Таарсан хүн болгон яг аниа байна, ямар адилхан юм бэ гээд байдаг юм. Одоо тэгээд тэр сургуульд орохоор хэсэгтээ тэгж хэлүүлнэ ээ. Уур нь хүрэх бий дээ. Хэ хэ. Бүхэл бүтэн нэг хүнийг яг л тэр гээд л өөрийнх нь нэрийг хэлэхээсээ өмнө аниагийнх нь нэрийг хэлээд байхаар.

Намайг бага байхад чи тэрний охин уу? гээд л шаал танихгүй эгч нар их асуудаг байж билээ. Ээжтэйгээ жигтэйхэн адилхаан би чинь. Хэ хэ. Бүр сүүлд Токиод бас нэг танихгүй эгчтэй таарсан чинь ээжийн минь нэрийг хэлээд тэрний охин байна тэ гэсэн шд. Кккк. Ээжтэй минь цуг ажиллаж байсан хүн байсан. Тийм л адилхан.

Хадуурч яваад урт бичлэг болчихож. Дараагийн бичлэгт бөглөх хуудсын танилцуулгыг хийнэ ээ. Тэр нь бас нэг биширмээр зүйлийн нэг нь.

Түр баяртай.

Sunday, October 23, 2016

Хүрэл чоно

2001 оны Болор цомын эзэн. Монгол улсын төрийн шагналт, Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

Хүрэл чоно

Хүрэл чоно улина
Тэнгэр газар тэмтэгрэх
Тэр Хүннү нутагт
Хүрэл чоно улина
Жавартай болоод уяралтай энэ улианд
Жаргах ч хэцүү, гуних ч хэцүү
Эрэмгий болоод зоримог энэ улианд
Энэлэх ч хэцүү, эргэлзэх ч хэцүү
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина

Хан Хэнтий дайвж сонсоно
Хатан Хэрлэн цалгиж сонсоно
Захгүй Мэнэн алдалж сонсоно
Цаст Очирваань догширч сонсоно
Хүрэл чоно улина

Хөх совинт адуу, хүн хоёроос өөр
Хөрстөд хэн ч сонсохгүй, сонсогдохгүй
Хүрэл чоно улина
Их дайнч хар илд шиг
Чонын улианд
Энэ дэлхий дагжин чичирч
Бүсээ чангалж байсан санагдана
Бүүр түүр, тийм совин хааяа татна
Хүрэл чоно улина

Молцоглосон даахийг эвийлж улина
Модун Шаньюг мордуулж улина
Эсгий гүрнийг хурайлж улина
Их хар сүлдийг хуурдаж улина
Шиний хоёрны саран дээр улина
Шихихутагийн буурин дээр оцойж улина
Хүрэл чоно улина

Үр нь ээжээ мартахад улина
Үс залуугаараа бууралтахад улина
Арганд хүү суулгасан
Ачаа хөсгийг бараадаж улина
Амар амгалангийн хормойноос
Зүүгдэж улина
Хүрэл чоно улина

Цээжин дотор улина
Сэтгэл дотор улина
Нүдэнд хөх гал бутартал
Нүүрэнд ягаан дөл бадартал
Чоно улина
Сүүлчийн болоод эхний энэ дэлхийд
Сүж энхрий улина
Сүүнд цус дусахад улина
Хүрэл чоно улина

Их хайр цантахад улина
Эндсэн цадигаа матрахад улина
Хүрэл чоно улина
Хан орчлонг цууртал улив гэж эмээхэд
Харин үгүй
Хагархайг хөвөрдөж улина
Хагацалт орчлонг хувааж улив гэж эмээхэд
Харин үгүй
Сэмэрхийг нь хөвөрдөж улина
Хүрэл чоно улина

Хаан гүрний тэнгэрийг харамлаж улина
Архирч улина
Халтар өвстэй талаа эвхэж улина
Дэлгэж улина
Надтай хамт үлдэж улих
Хүрэл чоно
Нум шиг улина
Сум шиг улина
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина

Гурван зуун ясны минь
Алтан заадал бүхэн
Салж сонсоно
Нийлж сонсоно
Гучин үеийн дээдэс минь
Сэрж сонсоно
Босч сонсоно
Хүрэл чоно улина
Хүннү чоно улина
Хөрст энэ орчлонд
Хөх тэнгэр улина
Хүрэл чоно тэнгэр улина
Улина...

2001 он

Thursday, October 20, 2016

Үдийн хоол

Цэцэрлэгтээ хүүхдүүдийнхээ хоолоо хэрхэн иддэг, тогооч нар нь илчлэгийг нь бодолцон хэрхэн сэтгэл зүрхээ гарган хийдэг, орон нутагтаа тариалсан хүнсний ногоонуудыг ашиглахыг зорьдог тухай мэдэж авах боломжийг эцэг эхчүүдэд гаргаж өгдөг 2 өдөр.

Энэ товлосон хоёр өдрийн аль нэгэнд нь ээж аавуудын хэн нэг нь ирж хүүхэдтэйгээ ангид нь цуг хооллодог.

Сарын өмнө бичгээр мэдэгдэнэ. Тухайн өдөр хэдэн цагт ирэх, юу юу авч ирэх, тухайн өдрийн цэс зэргийг бичсэн байна. Үнэгүй идэх нь цэцэрлэгийн төсөвт харш тул 200 иен төлнө. Цагаан будаагаа өөрсдөө гэрээсээ авч очно. Угаасаа хүүхдүүд ч өглөөд агшаасан будаагаа авч явдаг юм.

Нэг өдөр нь миний ажилгүй байдаг өдөр таарсан тул их л баярлав. Хэ хэ. Учир нь ойрд бага зулзага өвдөж амрах гээд л чөлөө их аваад байгаа тул.

Хүүхдүүд ээж аавыгаа хараад л хөөрсөн улс. Цаанаа л нэг додьгор суух. Хөөрхийс минь, бас л нийгэмших гэж байгаа улс болохоор цэцэрлэгтээ бүлтгэнэдэг л байх даа тэ. Хаа очиж эндхийн багш нар хүүхдэд ширүүлж чадахгүй ээ.

Эцэг эхийн гомдол гэж айхтар юм байна, сүүлийн үед сургууль цэцэрлэгийн багш нар гэж өрөвдөлтэй улс байх. Сурагчдаа олигтой ч загнаж чадахгүй. Хэрэв тэгээд загнаад, гар хүрчих юм бол бөөн асуудал үүсгээд эцэг эх нь дээгүүр доогуур гүйгээд байна.

Том зулзагыгаа цэцэрлэгт байхад нэг л их улсын ажилтай хүн цэцэрлэгээс зохиодог иймэрхүү арга хэмжээнд бага оролцож байж. Харин сургуульд ордог жил нь улсын ажлаа өгсөн тул завтай хүн хэнхэг гэгч нь оролцож иржээ.

Үдийн хоолны амт сулавтар амттай, ногоо голцуу. Цэцэрлэгт сарын хоолныхоо цэсийг гаргаад эцэг эхүүдэд хүргүүлдэг юм. Ерөнхийдөө тухайн өдөр ямар хоол иддэгийг эцэг эх мэдээд байна гэсэн үг.

Ямар нэгэн хүнсний зүйлээс харшилдаг бол тэр тухай нь цэцэрлэгт хүүхдээ анх цэцэрлэгт ороход нь мэдэгдсэн байдаг тул харшилдаг ногоо нь гардаг өдөр өөрсдөө гэрээсээ бэлдэж ирэх, нэг бол цэцэрлэг нь тухайн хүүхдэд зориулж өөр цэс гаргах гэх мэтээр зохицуулаад явдаг юм билээ.

Японын цэцэрлэгт хүүхэд нь явдаг хүн байвал иймэрхүү арга хэмжээнд нь нэг удаа ч болов цаг зав гаргаад оролцоод үзээрэй гэж хэлэх байна.
Ангид нь хадаастай зураг. Хоолонд нь орсон ногоонууд энэ 3 өнгөний аль хэсэгт хамрагддаг тухай ярилцдаг гэсэн.
Нэг, хоёрдугаар хоол. Шар савтай нь авч явсан агшаасан будаа. Ягаан цэцэг болохоор ээж аав нар сууна шүү гэсэн тэмдэг. Том хүн гээд хоолны поорц нэлээд их, хүүхдүүдийнх хариугүй жоохоон. Ккк. Тэр цаана харагдаж байгаа жижиг тавагтай нь.

Нэмж иддэг ч хүүхэд байхад, арай чүү цагтаа амжиж иддэг ч хүүхэд байна. Бага зулзага ерөнхийдөө их удаан иддэг, бага ч иддэг юм. Хоцрох талдаа, өнөөдөр харин цагтаа идэж дуусгасан. Бодвол ээжийгээ хараад онгирсон байх.

Хоолондоо элсэн чихэр хийгээд байдаг нь сонин. Хэ хэ. Эхэндээ ч идэж чаддаггүй байж. Одоо бол идчихнэ. Гэхдээ гэртээ хоол хийхдээ элсэн чихэр хийхгүй. Ер нь авч тавьдаг ч үгүй. Өнөөдрийн энэ хоолны хийх аргыг нь өгсөн. Элсэн чихэр хийнэ гэж бичсэн л харагдана лээ.

Tuesday, October 18, 2016

Зам

2002 оны Болор цомын эзэн. Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир

Зам

Энэ миний цорын ганцхан зам
Хувьхан заяаны зам
Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Амьдарлын бөгтөр шар давааны
Ар өврөөс нь тодорч бүдгэрсэн зам
Айлын бараа, хүний хүсэл дуудсан
Андуутай, үнэнтэй алаг зам-Миний зам
Уулын үер, уруйн усанд эвдэгдсэн нэхэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад, хагацлын гунигт донсолсон донхолтой
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн
Униарт мушгиа хавцал дээр ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам
Тосон ирэх он жил дотроо том том үхэр чулуутай
Түүнийг нь би түлхэж гарах зам
Тодорч наашилсан алсдаа солонго татсан гэгээн бараатай
Утгын болор үрлийг би хүлхэж туулах зм
Навч цэцгийн үндэс хөөсөн хуртай, үрийг нь сэгсэрсэн салхитай хорвоод
Нараар миний дуу мэтгэж, ухаарлын мод тарьж яваа зам
Намуухан дорнын хүмүүн цэцгэлсэн одот тэнгэрийн доор
Нагал шаргал өнгө тунаруулж, ухааны зандан ханхлуулж яваа зам
Миний зам аа
Хажуу бургасанд гөрөөс янзагалж, асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж, зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд
Тал санаашран намрын тэнгэр уйлагнаж, тогоруу буцсан энэ замд
Тавилан заяаны харгуй дагаж, ноход хуцсан энэ замд
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч, үрийн баяр хөтөлж хамт алхав
Салхины буруу зүүдэнэд аавыгаа орхиж, нулимс хамт асгав
Санаа алдаж түүхийн буурал овоонд хадаг хамт зүүв
Санаж сэрэхүйн мананд цагийн урсгалаас ижийгээн дотроо хамт нуув аа
Алгадаад нисгэдэг ижийтэй шувууны үр жаргалтай энэ замаас
Амин сүмбэр уулын өсгүүр дээрээс гурван хүүн зам салаалав
Амьдрал мөрний хөх усан элээж урссан энэ замаас
Алагхан хорвоогийн өнгөн дундуур гурван дуун зам салаалав
Дэлхийн дулаахан энгэр Монголын уудам говь дундуур салхи татуулж яваа зам
Дээрх гүн тэнгэр, эрхэс оддын чөлөөгөөр дуу татуулж яваа зам
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
Сүү татуулан гэрэлтэх цорын ганц тод зам
Энэ миний хувьхан заяаны зам аа.

2002 он.

Ингэж шүлэг унших чинь монгол хэлний минь хичээл болох дог шүү. Бас хуулж бичих чинь зөв бичгийн дүрэмд ч хэрэгтэй юм.

Monday, October 17, 2016

Япон хурим

За их л сүрлэг болдог юм байна.

Би чинь хуриманд их цөөхөн орсон хүн шүү дээ. Ер нь оролцож байгаагүй юм байна аа. Урилгыг бол жил бүр л хүлээж авна. Хамаатан садангууд минь үржээд л байна. Заримыг нь танихгүй ээ. Хүүхдүүд нь томроод л гэрлээд, үр хүүхэдтэй болоод гээд л.

Ингэхэд би өөрөө ч хурим хийгээгүй. Өдрийн сайныг хараад батлуулаад л өнгөрсөн.

Анх удаагаа японд хуриманд уригдаж оролцов. Урилга бол хэд хэдийг авч байсан ч оролцож амжаагүй юм. Энэ удаад их л зориг гаргаад явахаар шийдсэн.

Нэлээд олон сарын өмнө хуримын урилга шуудангаар бидэнд ирсэн. Бид оролцож чадах эсэхээ, хэдүүлээ оролцох тухай, ерөөлийн үгээ бичээд, тусгай асуултанд хариулаад буцаад илгээнэ.

Асуулт: идээд харшилдаг хүнсний зүйл бий юу? Хэрэв харшилтай бол тухайн хүнсний зүйлээ бичээд явуулдаг юм байна.

Нэлээд дотно хүн байсан тул юу өмсөх, юун дээр анхаарах гээд л урьдчилан асуусан. Би нь кимоно зээлж өмссөн. Хүмүүс зохиж буйг нь гайхаад байсан. Кимоно сонгож өмссөндөө сүүлд олзуурхсан. Яагаад гэхээр? Бандгар маань нэг их мэдэгдэхгүй. Ккк.

Даашинз өмссөн бол ч энд тэндээ бондойгоод хэцүү байх байсан биз?

Өглөөд эртлэн сүмд очиж ёслол үйлдсэн. Лам үг хэлээд л, тэг ингэ гээд явдаг юм билээ. Ирсэн хүмүүст бурхны идээ гэж архи амсуулсан. Уруулаа хүргээд л болоо. Угаасаа балга хүрэхгүй л архи байсан. Нэг тийм жижигхээн таваг шиг юманд хийж өгдөг юм билээ.

Андгай тангарагаа өгсний дараагаар наана сууж байсан сүйт бүсгүй нөгөө талд буюу хархүүгийнхээ талд очоод сууна. Нэг ёсондоо ингээд  нөгөө талын хүн боллоо гэдгийн илэрхийлэл юм дагуу даа.

Дараагаар нь гадаа дурсгалын зураг татуулсан.

Дараагаар нь үдэшлэг болох ресторан? луугаа явна.

Сүйт хархүү, бүсгүйн хоёр талаасаа оролцох хүнийхээ тоог тэнцүүлдэг юм билээ, ерөнхийдөө. Ирсэн зочид үүдэнд хүлээн авч буй газар нэрээ, гэрийн хаягаа бичдэг юм билээ. Тэгээд бэлэг болгож боож ирсэн гоёмсог дугтуйтай мөнгөө өгнө. Мэдээж дугтуйн дээр нэрээ бичнэ.

Манайхан шиг хадаг бариад л гэрлэж буй хоёрт заавал өөрсдөд нь өгнө гэдэггүй юм билээ.

Хуримынхаа үдэшлэгийг хийж буй газрын хүн хөтлөөд явчихдаг юм билээ. Хундаганы үгийг сугалаад таарсан нэг хүн хэдсэн. Хүүхний талын найзынх нь нөхөр байсан.

Тэгээд л ерөнхийдөө хөтлөгч удирдаад явчихна. Одоо ингэнэ тэгнэ гээд л. Ирсэн хүн болгон үг хэлнэ гэж байдаггүй юм билээ. Урьдчилаад дэвшүүлсэн мэндчилгээг дэлгэцэн дээр гаргасан. Энэ нь цаг их хэмнэдэг бололтой. Бүх зүйл цаг нартай, яг таг байдаг энэ япон хүмүүст.

Дунд нь ганц нэг урлагийн үзүүлбэр байсан. Хүүхний төрсөн ах гитартай хөгжөөнтэй дуу дуулсан.

Төгсгөлд нь хоёр ээж аав гарч ирээд, ээжүүддээ солилцож цэцгийн баглаа өгсөн. Ингэхдээ өнөөдрийг хүртэл маш их баярлалаа энээ тэрээгээ хэлсэн.

Ээж аавыг нь төлөөлж хархүүгийн аав үг хэлсэн.

Тарах цаг болоод гадаа үүдэнд гэрлэж буй хоёр, хоёр ээж аав нь зогсоод зочдоо гаргаж өгнө. Цаг зав гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа гэх мэтээр талархсанаа л хэлээд зогсоно. Зочид дахин дахин аз жарга, сайн сайхныг хүснэ.

Холоос ирсэн зочид галт тэрэгний цаг боллоо, буцах минь гээд л гоёоныхоо хувцсаа солиод галт тэрэгний буудал руу жирийлгэчихдэг юм билээ.

Зочдыг буцахад нь бяцхан гарын бэлэг өгсөн. Жаахан хүүхдүүдэд ууттай амттан өгсөн.

Анх ороод суухад хүн болгонд хөөрхөн захидал байсан. Гараараа бичсэн, тухайн хүнд зориулж бичсэн. Хоёр зулзагат минь хүртэл бичсэн, манай хоёр уншаад л баясаад суусан.
Хоол ирэхийн өмнө. Энэ ногоон модыг хосууд захиалж хийлгээд өөрсдөө чимсэн гэсэн. Харихдаа авч хариарай гээд том зулзага дурлаад аваад ирсэн. Одоо манай гэрийг чимээд л байж байна.
За тэгээд иймэрхүү том тавган дээр жоохон жоохон хоол гарч ирнэ. Их иддэг эрэгтэй хүмүүст бол цадахааргүй.
Ийм зутан шөлөнд дуртай гэж юүхэв би. Энэ хоёр зүрх бол талх байсан.
Будаан дээр загас. Хажуугаар нь жижигхэн талхнууд цугт нь өгч байсан.
Энэ махаа идэж чадаагүй. Яасан гэхээр? Инээдтэй. Кимоно өмсөхөөр бүсийг нь овоо чангахан бүсэлдэг юм. Өглөө эртээ гэгч нь өмссөн байсан болохоор өглөөний цай ч олигтой уугаагүй байлаа. Тэгээд өдөр энэ хоолнуудыг идээд хажуугаар нь пийво, улаан дарс, хундаганы шампанск гээд л уугаад байсан чинь бие маань дүүрээд тэлээд ирнэ дээ. Тэгээд дотор жаахан сонин болоод хоол идмээргүй болоод явчихсан. Энэ сүүлд гарсан махтай хоолоо хань ижилдээ өгсчихсөн. Ккк

Хуримын бялуугаа харин идсэн шүү. Угаасаа амттан бол хүүхнүүдийн хувьд тусгай ходоодтой байдаг тул. Хи хи.

Ингээд л олон хоног яригдсан хуримын үдэшлэг 14 цаг гэхэд л дууссан. Ёстой том арга хэмжээний ард гарсан. Санаа амраад л сууж байна. Ганц нэг зураг хараад л эргэн дурсаад.

Кимонтой зургаа ижий аавдаа явуулаад л. Жаахан хүүхэд бол хөөрхөн даашинз өмсдөг юм билээ. Том зулзага бас даашинз өмссөн. Дүрэмт хувцастайгаа ч оролцож болдог гэсэн. Энд ер нь тиймэрхүү зүйлд өнөөх үнэтэй гэгч нь авсан дүрэмт хувцас олон зүйлийг хааж өгдөг юм билээ. Их амар. Даанч том зулзага дугуйлан гээд л хагас бүтэн сайнгүй дүрэмт хувцас өмсдөг болохоор арай өөр юм өмсмөөр байна гээд  даашинз өмссөн. Хүн болгон л дунд сургуулийн хүүхэд гэж харагдахгүй байна, их том болжээ л гээд байсан.

Монголд ч хурим ерөнхийдөө төстэй байх тэ. Хааяадаа нүүр номоос зураг харж байхад их л сүртэй тэмдэглэдэг болсон шиг санагдсан. Зарим нэг сүйт бүсгүйчүүд нь хэт жижиг сажиг зүйлд санаа тавиад эргэн тойрныхоо хүмүүст төвөг уддаг л гэж дуулсан. Хэ хэ.

Хоёр зулзага маань бас томроод хуримаа хийхдээ элдэв ааш гаргах байх даа? Одооноос л яана даа гэж бодоод л сууж байна . Хэ хэ. Эцэст нь тэгээд охиныхоо талд ороод бөндөгнөөд л гүйх байх даа ээж бол.

Sunday, October 16, 2016

Дарангуйлалын хаан оршино

2004 оны Болор цомын эзэн. Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт яруу найрагч Жамсрангийн Баяржаргал

Дарангуйлалын хаан оршино

Гарагс дундын солирын нислэг мандуулах
Гадаад далайг задлах үүсгэл, хий мананцар
Газраас тэнгэрийг тэлүүрдэн улайсган төөнөх
Гал түймрийн ухааныг би дарлах болно

Ангарагийн хөрснөө турадасаар сийлэгдэн чулуужсан
Агаарын хүрээлэнгээс халисан шинэ сонгодог үзэгдэл
Аварга эрхэс биетийг хий шингэнээр төлөвшүүлэн тогтоох
Амин усны чанарыг би дарлах болно

Дөрвөн цагийн боловсролоор нас, насанд багшлах
Дөмөн хүлэг атугай онгоцны хурд үл гүйцэх
Хаан суудал, үхэшгүй мөнхийн гүвэлзээ
Ханагар уул, сарьдагийн ухааныг би дарлах болно

Ерхөг, хиагны ганхаа энгийн сайхны гэрчлэл
Есөн гарагийн минь тэгш өндөрлөгийн төлөөлөл
Ертөнцийн орчих хүйс, хязгааргүй их эргэлт
Ембүү хээр талын ухааныг би дарлах болно

Наран орчлогд цэнхэр нөмрөгөөр гангарсан
Ная, зуун сая жилээр өвгөрч залуужих
Эрдэнийн зайд огторгуйн уруулаас ойчсон индранил
Эртний гүн хагалбарт эх дэлхийн ухааныг би дарлах болно

Од мичидийн нөлөөлөл дор нас, сэтгэл устгагдан үгүйрэвч
Олон олон пуужин, дагуулыг газрын таталцлаас чөлөөлсөн
Хүйс хувиргаж, цахим төхөөрөг бүтээж, бурхад чөтгөрүүдээ төрүүлсэн
Хүн төрөлхтний гүн ухааныг би дарлах болно.

Thursday, October 13, 2016

Шөнийн онгоц

2003 оны Болор цомын эзэн. Дэлхийн урлаг соёлын Академийн болон Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай

Шөнийн онгоц

Гэнэ сэрэггүй цочин
Гэгээн харанхуй тэнгэр рүү нүд зүглэв
Гэрлэн мөрөн агаараар урсах шиг
Дотор загатнуулсан хурц туяа-бороо харц урхидав
Онгоц
Харанхуй шөнийн тэнгэрээс
Халим шиг аварга онгоц
Сансраас үг чирэн ирэх шиг
Салхиараа модод залбируулан шунгаж
Буудалд газардаж харагдав
Би ч ялгаагүй, хэзээ нэг
Гэгээн-харанхуй тэнгэрээс
Гэнэт, шөнийн онгоц шиг газардаж
Жигүүрээ хумина
"Урианхай наснаас..." гэсэн
Үүл нүүх мэт үгс
Харанхуй шөнийн тэнгэрээс бууж буй
Халим шиг том онгоцны улас-улас асах гэрэл шиг
Тэнгэр цуулан тарна
Жижигхэн зай бараагнуулах
Жирийн мэдээний үг бүр
Цагийн завсаргүй ургасан
Цагаан уул-Амьдралын минь
Үнийг зарлан "лацадсан"
Үнэний тамга дэрлэн үлдэнэ
Би
Хэмжээнд харгалздаг орой зайд
Хэт шөнөдөөд
Буудалд бууснаас бус
Тэнгэрт олсон зайгаа шахуулж
Тэнхээ, түлшээ замд барснаас газардаж буй бус
Шөнийн онгоц
Түр буудаллаад эргэж ниснэ
Түлшний минь чанар нээгдээгүйгээс
Нэрлэж би эс чадна
Хурдад морьдын эргээнд
Туурайнаас нь нисэх хайрга шиг амьдралын
Хуй салхины алгадалт шиг зовлонг
Хүүхдийн хэл зайрмаг долоох шиг амтлан
Цаг нь түлхэгдээгүй
Дуу нь зохиогдоогүй
Ирээдүйн инээдэнд "хайрлуулахаар" ниснэ
Суух гэж уралдагсдыг багтаах гэж
Суудлынхаа дотоод нягтыг чигжсээр
Хоосонд тэлж буй орчлонгийн
Хорох нь ховор зайнаас халиад
Ус, гал хилгүй сүлэлдэх
Учир зүйн рязгаар руу мултарч
Дэлхийгээсээ дэндүү алсад дэлбэрч
Харагдахгүй удахаа ч магад
Гэвч
Гэгээн харанхуйн зүг нууцалсан
"Хар хайрцаг" минь бүтэн
Хайр, үнэнээ оршоосон шүлгүүдийг минь эгшиглүүлэн
Ижий мэлмийт эх орноос минь төөрөлгүй
Ишиг, хургадынхаа бэлчээрт
Бор шувуу шиг буунаа...

Хуулж бичих шүлэг минь удахгүй дуусна. Хэ хэ

Wednesday, October 12, 2016

Сүүн шүд ба

За өнөөдөр бага зулзагын цэцэрлэгт болсон сургалт. Ахлах ангийн хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд зориулсан сургалт.

Шүдний эмч болон сувилагч нарыг урьж яриа хийлгэнэ. Эхлээд шүдний эмч яриа хийсэн. 6 настангуудын өсөлт хөгжилтөд гарах өөрчлөлт. Түүн дотроо амны хөндийн өөрчлөлтийн тухай онцлоод, сүүн шүд нь унаад эхэлсэн хүүхдүүдийн гарыг өргүүлж, том хүн болж байгаад баяр хүргэсэн.

Бага зулзага ч бас доод хоёр үүдэн шүд нь уначихсан байгаа. Бас хөдлөөд эхэлчихсэн хэд хэдэн шүд байгаа.

За тэгээд сүүн шүд унаад шинээр ургах байнгын шүд чинь их чухал шүү, хорхойтоод уначихвал дахин ургахгүй шүү, оройд шүдээ сайтар угааж унтаж байгаарай гээд л хүүхдүүдэд ойлгомжтой гэгч нь тайлбарлаж өгөв.

Сувилагч нар ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэхээр хүүхдүүдийн өмнө гарч ирээд тусгай үзүүлэн үзүүлээд шүд угаах дараалал, анхаарах зүйл зэргийг хэлж өгөөд дараа нь ам хэл зэрэг оролцсон хөгжөөнт тоглоом зааж өгч хамтдаа тоглосон.

Тэгээд хүүхдүүдийн шүдийг улаан бодисоор будаж өгөөд эхлээд хүүхдүүдээр өөрсдөөр нь угаалгасан. Угааж дуусаад усаар зайлахад үлдсэн улаан хэсгийг анхааруулж хэлээд тэр хэсгийг нь цугласэн ээжүүд нь угааж өгсөн. Ганц нэг аав ирсэн байсан.

Хүүхдүүд шүдээ өөрөө угаахдаа маш муу угаадаг тул ээжүүд аавууд оройд заавал давхар угааж өгч байх хэрэгтэйг онцолсон.

Эмч нэг зүйл онцлон хэлсэн нь "Дээхэн үед хорхойтой шүдтэй хүүхдийн эцэг эхийг буруутгадаг, залхуу хойрго ээж гэж хэлдэг байсан. Сүүлийн үед ингэж ээжүүдийг ад шоо үзэх асуудал байхгүй болсон ч ямартай ч хүүхэд өөрөө шүдээ сайн гүйцэт угааж чаддаг болтол нь оройд заавал угааж өгч байгаарай".

Хотын захиргааны эрүүл ахуйн газраас гаргасан шүдний эрүүл ахуйн гарын авлагыг тарааж өгсөн. Маш ойлгомжтой, хүүхэд хараад ч ойлгогдохоор зураг хөрөгтэй гарын авлага байсан. Байнгын шүд ургаж эхэлснээс хойш 8020 гэдэг хөдөлгөөний тухай ч тайлбарласан байв.

Энэ 8020 хөдөлгөөний тухай нэлээд дээхэн бичиж байсан санагдана. 80 нас хүртлээ өөрийн байнгын 20 шүдтэйгээ байх гэсэн хөдөлгөөн.

Мөн хүүхдэд өгөх амттаны тухай, хэдий хэмжээтэй, хэдий хугацааны зайтайгаар өгөх тухай ч хэлж өгсөн.

Бага зулзага сүүлийн үед чихэр идэх нь ихсээд, тавгийн чихрээ хүмүүст тараагаад гэртээ нэг ч чихэр байлгахгүй байхыг эрмэлзэж байгаа. Муухай байна уу? Бусад хүмүүсийн шүд өвдөг гээд өгчихдөг. Хэ хэ. Уучлаарай, манайхаас чихэр авсан улсууд минь ээ.

Гэх мэтчилэн бага насны хүүхдийн эрүүл мэнд нь ганцхан эцэг эхийн асуудал биш, тухайн орон нутгийн, тухайн хотын, тухайн улсын маш чухал асуудал байдаг юм байна. Хамтдаа анхаараад явдаг юм байна.

Friday, October 07, 2016

Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс

2013 оны Болор цомын эзэн. Монголын зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Моломжамц

Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс

Хорвоо дээр би ирж байснаа ч санах шиг алсад тэмүүлэн буйгаа ч тунгаах шиг
Хувьхан заяа тэнгэрээс тольдон намрын бороо цонхны цаана ч бас
Сантын минь талд ч хөшиглөж байх шиг
Хорин жилийн тэртээд үлдсэн, аль эсвэл намайг үлдээсэн эмгийн минь дуу ч сэтгэлд хүүрнэн байх шиг
Хоног өдрүүдийг туулсан залуугийн мөр, шаргалхан хавтаст ном дотор биед минь сэрчигнэн буйг ч хуудас хуудсаар нь уншиж суунам
Зүсэрч байгаа бороо өнөөх л миний дотор буй гэнэхэн насны минь бүлэг дуртадгалууд
Хэдэн мянган үсэгний цаана нуугдах багын амрагийн дуртмал царай, зангирмал үгс, уйлсан нулимс
Зүйлийн хорвоод төөрүүлсэн олон зам, түүний дундаас миний олж чадсанаа гайхах нэг л үнэн бодомж
Хэзээ ба хожим дахин олоход хэтийдсэн бүдэг дэнлүүт үдшүүдээ ч гайхан бахдаж байна
Этнэ миний дотор буй тэр л хуудсууд зарим нь их тод, зарим нь хэт бүдэг, урсаж балартсан
Энэ намрыг л ганцхан давж чадаадүгүйрэн хийсч одох нь их юм
Энэ миний сэтгэлд буй сүүлчийнхээ хүчээр тодроод сарнин урсаж буй дурсамж бүхнээ би
Эцэнгэр намрын бороот салхи, тогоруудын гэрэлт хүзүүнд зүүн уйтгарлан үлдэж буйгаа ч ойлгох юм
Миний дотор шувуу шиг бууж ааль юугаа дэлгэсэн мартагдахын аргагүй хонгорхон охинд ч
Миний багадаа унадаг байсан хайртай хүлгийн минь тунгалаг нүдэнд ч
Дэндүү багад минь одсон ч энхрий дотно хайрлан ширтдэг байсан ээжийн минь хөрөгт ч
Хэзээ ба хожим дахин ингэж учрахгүйн тулд л би зүүгдэн уймардаг ч байж болох юм
Этгээд намрын бороо цонхон цаана сэтгэл уйлан элэглэвч
Эгэл нандин дурсамж дурсамж бүхнийг минь салхиараа хийсгэн үгүйрүүлэвч
Эх нутгийн минь аглагт хэвтэх норсон чулуудын болор гэрэл бүхэн цугаар
Хэзээ ба хожмын минь зүгт уйтгарлашгүйн хүчээр сацарнам бус уу даа.

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...

2012 оны Болор цомын эзэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Норовын Гантулга

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хичнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганирхалын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог бардамналын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн энэхэн замбуулинд багтаж ядахад
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт нялх янзага шиг бохирон унадаг даа
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир нүдийг минь дахин цэлмэхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад зүрх минь уулсын зүг хэдийнэ алсарч оддог
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа аялгуут долгионоос мэдэрлэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асаах ид шидийн наран бөмбөлөг цээжинд минь буйг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...

Wednesday, October 05, 2016

Шинэ сар

За ингээд нэгэн шинэ сар эхэлчихэв ээ гэж. Тун удахгүй он гарах нь дээ. Дахиад л нэг жил өнгөрөх нь.

Шинэ сараа тун завгүй угтав, манайхан.

Монголоос нэгэн арга хэмжээнд оролцох гэж ирсэн элэг нэгтнүүддээ хагас өдрийн орчуулга хийв.

Төрсөн сэтгэгдэл гадаад харилцааг "гуйлга гуйх" гэж хүлээж авдгаа одоо болих болоогүй л байгаа юм байх даа...

Дотор нь анх удаагаа уулзаж байж улаан цайм гуйлга гуйгаад байх хүн байх юм. Дунд нь миний бөгс улайгаад суух юм. Гээд худлаа орчуулалтай биш.

Ер нь ийш тийшээ дарга нар айлчлаад ирлээ гэвэл та нар минь нэг их юм бодоод хэрэггүй шүү, гуйлга гуйх гэж л яваа юм гэхэд хилсдэхгүй.

Өмсөж зүүсэн, эдлэж хэрэглэж байгаагаасаа ичээд сүйд болдог юм байж. Амьтан хүн муу хэлнэ гээд л өр тавьж байгаад баяраа тэмдэглэдэг, өр тавьж байгаад гангалдаг хүмүүс шүү дээ бид чинь.

Тийм нэрэлхүү зантай байж гуйлга гуйх болохоороо ичих булчирхай нь хаа нэгтээ нуугдчихдаг юм байна.

Танилцаад нэлээд дотно болсон үедээ бол бас өөр хэрэг. Тэгтэл өнөөдөр дөнгөж уулзаад тийм юм хэрэгтэй байна, өнөө маргаашгүй гүйцэлдүүлж өгвөл сайна байна гэх.

Бас ч гэж хүссэн мэдээллээ төвөггүйхэн олж авдаг болчихсон өнөө цагт япон хүмүүстэй харьцахдаа хэрхэн хандах, юун дээр анхаарлаа хандуулах, нэрийн хуудсаа хэрхэн тараах гэх мэт зүйлийг мэдээд авчихад нэг их цаг орохгүй л байх.

За ёстой хэдхэн цаг л юм даа гэж бодоод тэвчээд л ажлаа дуусгалаа.

Хувьсгалын ажил нэг иймэрхүү.

Хувийн ажил гэвэл бага зулзага минь төгөлдөр хуур сурч эхлээд 3 сар болж байна. Тайлан тоглолтоо хийв. Богинохон боловч нэлээд хэцүү ая сонгочихоод тэрийгээ алдалгүй дарж сурах гэж нэлээд л юм болов.

Тайлан болдог өдрөө үдээс өмнөх тайзан дээрх сургуулилалт дээрээ алдаж, өөрөө түүндээ их л санаа нь зовов. Анх удаагаа том тайзан дээр гараад, гэрэлтүүлэг энэ тэр нь сүрлэг санагдаад сандарсан байх л  даа үр минь.

Яг тоглолтон дээрээ харин дажгүй л дараад, даваад гарчихлаа. Шинээр сурч эхлээд удаагүй бага насныхан дуу дуулав. Эвтэйхэн л дуулав.

Том хүүхдүүд нь мундаг мундаг сонгодог ая ч дарж байна, япон аяаа ч дарж байна.

Ээж аниа хоёр зураг дарж бичлэг хийгээстэй. Аав нь ажилтай байж таараад, сүүлд зураг бичлэгийг нь л үзсэн.

Тоглолтоо дуусгаад цэцэг, бяцхан дурсгалын зүйл гардаж аваад бөөн л баяр.

Энэ хагас бүтэн сайнд бас нэг том арга хэмжээтэй. Хувийн. Бичнэ ээ. Түр баяртай.