Wednesday, November 30, 2016

Баяр дээрх худалдаа

Тоотой хэдэн зүйл л авсан. Хоёр ном. Нэг үсний боолт. Нэг түлхүүрийн оосор.Энэ оосор гэхдээ монгол биш. Япон эмээ зарж байсан. Том зулзагын хийсэн худалдаа. Ярьж байгаад хямдруулж авснаа л гайхаад байсан. Учир нь ээж нь жаахан үглээ талдаа болохоор. Яг хэрэгтэй юм уу? Төстэй зүйл байдаг биз дээ? бла бла гээд л. Тийм болохоор нэг их харсан болгоноо авна гээд байдаггүй юм. Түхүүрийн оосор ч биш юм дагуу даа. Энд охид цүнхнээсээ бас элдэв гоёл их зүүнэ ээ. Ёолкны мод шиг л.Том зулзага ч цүнхнээсээ зүүсэн харагдсан.
Аниа нь дүүдээ авч өгсөн үсний боолт. Гэрийн бүсгүйчүүд ийм ягаан өнгөнд дуртай болохоор, бас хямдхан 100 иен гэж байсан болохоор их өглөгч сэтгэл гаргаж авч өгсөн. Хэ хэ. Монгол бүтээгдэхүүн шүү. Хөөрхөн байгаа биз? Би бас их таалсан. Чадвал хийж сурна даа.
Энэ, номын худалдаанаас нь худалдаж авсан ном. Зарж байсан нүдээрээ инээгээд нүд нь нээх хөөрхөн алга болчихдог шинэ танил эгч санал болгоод. Уншиж эхлээгүй ээ, урд нь монголоос захиж авсан номоо ч сөхөж харж амжаагүй л явна.

Бас тэр нүдээрээ инээсэн эгчийн санал болгосон номыг худалдаж авсан. Өөрийнх нь бичиж хэвлүүлсэн ном. Миний хувьд цоо шинэ салбар байсан тул авахаар шийдсэн. Өөрийн мэдлэгийн санг баяжуулах зорилготой. тэр номныхоо зургийг авч амжаагүй байна. Дараа зураг хөрөгтэй нь ямар салбарын ном болох тухай бичнэ ээ за.
Баяр үдээс хойш 3 цаг хүртэл байсан. Тараад манай энд ахлах сургууль төгсөөд Киото хотын нэгэн их сургуульд орсон залуутай уулзаж оройн хоол идэж, шар айраг шимсэн. Мань залуу 10 сард 20 хүрч шар айраг шимж болно гэсэн албан ёсны насанд хүрчээ. Бид төрсөн өдрийн баяр хүргэе гээд л ууцгаав. Уух шалтаг? Хэ хэ.
Би сүүлийн үед улаан дарсанд дурлаад. Энд тэнд уух л боломж гарвал улаан дарсаа захиалж шимж энэ тэр. Өршөөгтий. Хэ хэ.

За за ингээд л явсаар байгаад идэж ууснаа яриад эхлэх нь. Түр баяртай.

Sunday, November 27, 2016

Намрын баяр

Японд байдаг хүмүүс бүгд мэднэ дээ. Жил бүрийн хавар Токио хотод хаврын баяр гэж болдгийг.

Би нэг ч удаа очиж үзэж байгаагүй. Учир нь манайхаас хол. Ихээ зардал гаргаад идэж уух гэж явж төвдөхгүй л байгаад байдаг хэрэг.

Харин саяхнаас Осака хотод намрын баяр гэж зохиодог болсон юм. Зайны хувьд гайгүй л дээ.

Уг баяруудын гол зорилго бол япон хүмүүст эх орноо сурталчлах.

Энэ жил их л зориг гарган байж очиж үзэхээр болсон юм. Угтаа энд байдаг нэгэн монгол гэр бүлийнхэн хамтдаа явах уу? Хурдны замын төлбөр, бинзений мөнгөө хувааж төлөөд гэж санал гаргасан юм.

Тэгсэн жаахан хүүхэдтай айл, явж чадахгүй гэдгээ хэлээд, бид явах уу? болих уу? гэж эргэлзэж эргэлзэж явахаар болсон.

Бас ч зүгээргүй, олон жил уулзаагүй Осака хотод амьдардаг япон танилаа уруу татсан. Угаасаа ч баярын зорилго нь япон хүмүүст эх орноо сурталчлах юм чинь.

Арга хэмжээ бүтэн сайнд, бид хагас сайны орой гэрээсээ гарсан. Бүгд хагас сайнд албаа дуусгаад л догдолсон хүмүүс гараад давхилаа. Хаа очиж Осака хот нэлээд ойртсон байна, манайхаас. Тэр нь бид нүүж ойртсон гэсэн үг биш шүү. Зам нь сайжраад, хурдны зам хүрээгээ тэлсэн гэсэн үг.

За тэгээд 10-д жил уулзаагүй хөгшидтэй уулзаад, шөнө дөл болтол уув. Монгол явсан тухайгаа, биднийг том зулзагаа жаахан байхад гэрт нь ирж байсан тухай, ирээд удаагүй байсан том зулзага минь японы идэж уух зүйлд дасаагүй, хэл ус нь зүгшрээгүй байсан тухай гээд л өчигдөр юм шиг л тодхон гэж ярих юм.

Тэгсэн бид тийм ч сайн санадаггүй ээ. Хэ хэ. Хүний газар ахуй амьдралаа бодоод, их л олон зүйлд санаа зовоод, хичээгээд гэх мэтээр зүтгэж яваад мартчихсан байна гэж өөрсдийгөө зөвтгөөд л дуусах шив.

Шөнө орой болтол ууж, ярьж суусан бид өглөө аажуу уужуу боссон. Баярынхаа нээлтийг үзээгүй. Консул нээж үг хэлсэн байх, сонсож амжаагүй.

Японы нийт нутгаар шахуу бороотой. Намрын баяр тухайн болно гэж байсан хүрээлэнгийнхээ теннисний төвийн байранд болсон. Нарийнхан урт коридорт. Ямар олон монголчууд байдаг юм бэ энэ японд чинь. Хэ хэ. Бид эндээ хэдхээн хүн харсаар байгаад дасчихсан байна лээ. Олон элэг нэгттэйгээ таарсан чинь жаахан ичих ч шиг. Ккк

Монголоороо мэндчилэх үү? япон хэлээр мэндчилэх үү? Тухайн үедээ бас тэрүүхэн тэндээ хэл ам эвлэж өгөхгүй л байсан.

За тэгээд олон ч таньдаг хүмүүстэйгээ таарлаа. Хүүе хаая болоод л уузлалдав. Шинээр сайхан сайхан хүмүүстэй ч танилцав. Ирж очихоор болцгоов.

Тэнгэр хангай хуртай байсан тул хүмүүс бага цугласан байх. Монголтой ямар нэгэн байдлаар холбоотой байдаг, сэтгэл зүрхээрээ сонирхдог япон хүмүүс ирсэн байсан. Тэгээд л монголчууд их ирсэн байв.

Зарим нэг танил маань шамбааралдаад жаахан тийм байлаа тэ? гэсэн. Би хариуд нь
-Хүүе, ингэж шамбааралдсаныхаа ачаар чи бид төөрсөөр төрөлдөө гэгчээр таараад байна. Тэгээгүй гадаа болсон бол бие биенийгээ олж уулзаж чадахгүй, шинэ танилтайгаа ч учрахгүй шдэ.
-Нээрээ тийм шүү.

Цуг дагуулж ирсэн хоёр хөгшнөө өөрсдийгөө саатуулж байгаарай, гээд бид өөрсдийгөө баярлуулаад алга болж өгсөн. Хэ хэ. Баярын үеэр зарагдаж буй монгол бараануудаас тэднийг бас аваарай гэж шахаад л. Хэ хэ.

Өөрсдөө бас ганц нэг худалдаа хийсэн. Дараагийн бичлэгт хийсэн худалдаагаа танилцуулна аа.

Миний хувийн бодол монгол бараа борлуулах лангуу  ихтэй байлаа. Яг тийм эх орноо сурталчлах булан жаахан бага санагдсан. Бууз хуушуур боорцог зарж байсан нь дорхноо дуусчихаад байсан. Өвөр монголчууд хийж зарж байсан байхаа. Хэлэхээ мартаж, өвөр монголчууд бас зөндөө ирсэн байсан. Шөлтэй хоол бас байсан.

Үнэнийг хэлэхэд боорцог миний хийж зардгийг гүйцээгүй. За хийсэн хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж байна аа, олон тоотой хийхээр бас хэцүү л дээ, ойлгоод байгаам.

Хуушуур нэг тийм жижигхээн хөөрхөн хэлбэртэй, бас хуушуур хийж зарах бол ийм жижиг хийвэл олныг шараад орлого сайтай байх юм байна гэж бодсон. Зүгээр явахгүй шүү дээ би чинь. Ямар нэгэн санаа оноо олж харахыг л хичээнэ. Ккк

Консулын үнэгүй зөвлөгөө өгнө гэж байсан. Санасандаа хүртэл зөвлөгөө авч чадаагүй, миний асуултанд маш муу хариулсан. Консулын үнэгүй   зөвлөгөө өгнө гэж байсан хэрнээ ямар ч танилцуулах гарын авлага байхгүй.

Миний бодлоор бол нийтлэг гардаг асуултанд бэлдээд, эд нэг тийм хавтсанд хийсэн материал гаргаж ирээд л танилцуулдаг даа тэрэн шиг бүрдүүлэх ёстой баримтуудын жагсаалтыг хэвлээд бэлдээд, түүнийхээ дагуу иргэддээ зөвлөгөө өгдөг бол тэ. Цав цагаан цаас нэгийг гаргаж ирж тавиад хүүхдийн гэж ганц үг бичсэнээ, ээрч муурч нөгөө юу гэж хариулаад л болоо.

Консулын цахим хуудсанд нь дэлгэрэнгүй тайлбар байдаггүй болохоор л дэлгэрүүлж асуух гэсэн хэрэг л дээ. Бараг би өөрөө энд тэндээс асууж судласныхаа ачаар дэлгэрэнгүй мэдээд байх шиг байсан шүү.

За бас нэг ажигласан зүйл, соёлын ялгаа?

Энд иймэрхүү арга хэмжээнд хотын дарга гэх мэт томчууд нь лангуу болгон дээр очоод бөхөлзөөд, амжилт хүсээд л явдаг юм билээ. Нэлээд хэдэн жилийн өмнө, хотын дарга хуушуурнаас минь ирж аваад амттайг нь гайхаж бөхийж байсан юм. Энд томрох тусам хөнгөн шингэн байх ёстой гэж үздэг шиг билээ.

Харин манайхны томчууд гэрийн хойморт суучихаад суудлаасаа нэг ч өндийдөггүй. Иргэд нь л хөөрхийс өөрсдөө явж очиж мэнд мэдэж байсан. Хань ижил хөөрөгтэйхөө явсан болохоор тамхилж харагдсан. Монголд томрох тусмаа лагс болох ёстой гэж үздэг?

За за гэхдээ л эх хэлээрээ шаагилдсан зугаатай өдөр байлаа. Дээл хантаазаар гоёсон багачууд хөөрхөн гэж. Бага зулзага бас дээлтэй явсан. Эхэндээ ичээд гадуурх хувцсаа тайлахгүй л байсан болохоос.

Friday, November 25, 2016

Нэр нь тодроогүй баатрууд

1984, 1993, 1997 она Болор цомын эзэн. Монгол улсын ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн яруу найрагч Дөнгөтийн Цоодол

Нэр нь тодроогүй баатрууд


Нэр нь тодроогүй баатрууд минь Та нар
Нэлэнхүй энэ хорвоод яасан олон юм бэ
Бичих нэргүй, оноосон хөшөө ч үгүй
Биднээс чухам хичнээн нь үүрд буцсан юм бэ.

Дорнод Монголын талын даруухан булшин дээр
Домогт эздийн нь нэр алга байлаа
Долгилох олны хөлтэй Кремлийн хөшөөн дээр
Дор хаяад ганц ч нэр үгүй байлаа

Ханагар дэлхийн энд тэнд
Хал үзсэн Европын төгөл дунд
Дунд чинь босгосон хөшөөн дээр
Дуурсах нэрийг чинь "Нэргүй" гэж бичсэн байлаа

Догшин ялалтын сүлд та нарыг дурсахдаа
Догдолж хөшөөинй чинь өмнө очих бүрдээ
Нүд бүрхсэн нулимсаа нэвт
Нүүр цайраагий чинь би сайн хардаг шүү

Исгэрэх сумнаас амьдыгаа хааж унаад
Ирээгүй цэрэг ирснээсээ лав доргүй
Үлдэх нэрээ биш үлдэгсдээ гэсээр
Үрэгдсэний гавъяа яасан ч багагүй

Байлдагч байхдаа аль нэг нэртэй явснаа
Баатар болчихоод одоо нэргүй болцгоох гэж үү
Хэмжээгүй жаргалтай суухдаа бид
Хэн түүнийг нь өгснийг мэдэхгүй явцгаах гэж үү

Далай тэнгисээс гол горхи олон
Даруухан одод нар сарнаас олон
Дайчид та нар алдарсшсанаасаа олон
Дархан алдарт чинь насан туршаа мэхийе

Та нарыг нэргүй гэж бид ярьж
Тавих цэцгээ дунд чинь өргөж байвч
Орчлонд та нар шиг нэртэй нь хэн бэ?
он жилийг тоохгүй урт настай нь хэн байна

Энэ хорвоод ургах цэцэг болгон
Энгэр дээр чинь ярайх та нарын одон
Элж хотойхгүй ертөнцийн хамаг улс
Эгнэгт сүндэрлэх та нарын хөшөө

Тариа ханхалсан талын шар салхи
Тасарна гэж үгүй та нарын амьсгал
Бух чулуу гижигдэн уулын өндрөөс
Бууж яваа горхи та нарын догшин цус

Бум түмэн айлд шоволзох улаан гал
Булиглаж байгаа та нарын халуун зүрх
Өнө үүрд ингэж амьдрахыг чинь мэдээд
Өнөө хүртэл дайснууд та нараас айдаг

Аль эрт та нарт ялагдсаныхаа өшөөг
Амьд мэнд яваа надаас авах гэдэг
Нэргүй баатар гэж байхгүй баатар л гэж бий
Нэг хэсэгхэн нь ялгаагүй олны гаюъяа бий

Хэцүү тулаанд та нар түрүүлж орсон
Хэрэг гарвал би шилийг чинь дарж орно
Тулаанд та нар дахиад л ялна
Тугаа шороодоогүй үнэний цэргээрээ үлдэнэ.

1984

Wednesday, November 23, 2016

Боорцог минь ээ, баяжсан нь

За уламжлалт бичлэг.

Жил бүр боорцог хийж зараад баяжаад байдаг даа. Тэрэндээ оролцчихоод, баяжчихаад, малийчихаад, энэ бичлэгээ оруулж байна. Хэ хэ.

Найрамдлын нийгэмлэг гэж байдаг гэж байсан даа. Монголын минь төлөө зүрх нь цохилдог хэдэн хөгшчүүлийн цуглаан.

Тэд жамц давсаа зарж, би боорцгоо зарсан. Монгол доонац гэж ирээд л. Ккк.
-Хөөх, гонзгой доонац байдаг юм байна, амт нь ямар вэ?
-Өө, дэлхий хавтгай болчихоод байгаа өнөө үед ямар ч хэлбэртэй доонац байж болно шдээ, амтыг нь идэж үзэж байж л мэднэ дээ.

Миний хариулт тэднийг хэлэх үггүй болгоод худалдаж авахаас өөр аргагүй болгож байгаа биз дээ. Хэ хэ.

Өглөө эртлэн босч гурилаа зуурав. Энэ жил хөөх болов уу? яах бол? гэж сэтгэлээ бага зовоосон. Шууд л сүүгээр зуурсан. Түрүү жил усаар бас сүүгээр гэж хоёр янзаар зуурсан юм.

Нээрээ тарагаар зуурч үзсэн чинь хатуудуу? аргуудуу? болсон болохоор зуураагүй, учир нь зарах учир. Анхнаас нь амттайхан хийхгүй бол борлогдохгүй шүү дээ.

Энэ жилийн онцлог бол долоо хоногийн тэг дунд нь буюу лхагва гарагийн нийтийн амралтын өдөр тохиосон тул хань ижлээ дайчилсан. Монгол оюутан маань хувийн? ажилтай тул ирж амжаагүй.

Хань ижлийн доонац зарах арга нь бас л хөөрхөн.
-Японы мэргэжлийн сүмо дахь Хакүхо, Харүмафүжи, Какүрюү зэрэг аваргуудын идэж өссөн боорцог шүү. Сүүтэй цай үнэгүй дагалдана.

Ингээд л цагаан хоолой шиг чанга дуугаар сурталчилчихаар хүмүүс шуурна биз дээ. Бараг л япон бөхчүүддээ идүүлэх юмсан гэх нь холгүй л байлаа. Ккк

Дан ганц наймаа хийгээд байхгүй л дээ. 10 хэдэн жилийн өмнө нутгаасаа гарахдаа л хийлгэж ирсэн хөх дээлээ өмсөөд л дүүриймаадаад зогсоно. Энэ жил монгол бичиг бичүүлсэн. Хүмүүс Монгол гэж хичээнгүйлэн бичээд л авч харьцгаасан.
Тусгай зориулалтын цагаан цаасан дээр бичээд, ийм хатуу цаасан дээр наана. Далбааныхаа өнгийг сонгосон. Хүмүүс хэл амыг минь сугалчих гээд унана гээд толь бичгээ аваад очсон. Нэг их хэл амаа сугалуулаагүй ээ, ашгүй.
Ингэж наана гэсэн үг. Нэг япон хүний бичлэг. Би арай  гоё бичнэ ээ. Хэ хэ. Хичээж л байна, гоё бичдэг болох гэж, бас түг таг хийлгүй уншдаг болох гэж.

За нэг иймэрхүү. Ойрдоо маш их завгүй байна аа. Зав зайгаараа бичнэ ээ. Түр баяртай.

Өө, тийм. Орлогоо юунд зарснаа хэлээгүй байна. Бага зулзагын цэцэрлэгээс ирдэг сар бүрийн зурагны төлбөр, номны мөнгө, эцэг эхийн зөвлөлийн сарын хураамжийг төлсөн. Төгөлдөр хуурынхаа сарын төлбөрийг төлсөн. Хань ижилдээ тусалсан гээд гарын мөнгө өгсөн. Ха ха. Өөрт минь жаахан л үлдсэн. Чамлахаар чанга атгаад, 12 сард үсний боолтоо зарна даа, чадвал. Нээрээ сая үсний боолт зарж чадаагүй, 4хөн ширхэг л байсан. Тэгэхээр нь авч явсангүй.

Жинхнээсээ түр баяртай.

Tuesday, November 15, 2016

Модны баяр

Хотын харъяа модны баяр гэж болов. Том зулзага албатай, хань ижил нэг тийш явсан байсан тул бага зулзагаа дагуулаад л гараад алхав.

Хаягдал модоор хөөрхөн сандал хийдэг арга хэмжээ байдаг юм. Бид хоёр хоцорчихсон. Жил бүр зохиогддог болохоор хүмүүс ихээ эрт ирээд дугаарлаад, дуусчихдаг юм байна. Ирэх жил андаж байгаад эрт очиж үнэгүй модон сандалтай болно доо.

Манайд хоёр ч тийм хөөрхөн жижигхэн модон сандал байдаг юм. Нэгийг нь бүр энд анх ирж байхдаа санаандгүй нэг иймэрхүү арга хэмжээтэй таараад, хань ижил том зулзага бид 3 хийж байлаа.

Манайхаар орж гардаг байсан сүмо банди нар хааяа суугаад л, зарим нэг том биетэйг нь
-Өө, хүүхдийн сандал эвдчихнэ
гээд суулгадагүй байлаа шүү дээ. Хэ хэ.

Багыгаа төрсний дараагаар бас нэгийг хийж байлаа. Энэ удаагийнх нь түшлэггүй. Бага зулзага энэ хоёр модон сандалд наадаг цаас наагаад л, хуулаад л гэх мэтээр эдлэнэ шүү дээ. Одоо ч томроод тэгж наахаа больсон.

Гэнэт энэ тухай бичсэн шиг санагдаад явчихлаа, уншиж байсан бол соори шүү.

Хотынхоо нэг гудамжийг бүтэн ашиглана. Замын хөдөлгөөнийг зогсоогоод, замын голд элдэв лангуу энэ тэр байна.

Бага насны хүүхдүүдэд зориулж шаараар амьтан хийж тараана.

Замын голд нэг эмээ зурагт ном уншиж өгнө. Бага зулзага хэд хэдэн ном дуустал нь сонссон. Би жаахан уйдаастай, хэхэ.

Цэцэрлэгийн эрэгтэй багш нарын дуу хуурын тоглолт болно.

Арга хэмжээний төгсгөлд хүүхдүүдэд цэцгийн үр, томчуудад 2 янзын модны үрсэлгээ тараасан. Түрүүлж ирсэн 300 хүнд л өгнө. Гэхдээ нэг л модны үрсэлгээ 300 гэж бодохоор нийтдээ 600-г тараасан болж байна.

Мөн элдэв идэш уушны худалдаа ч байна. Дандаа юм болгон үнэгүй байна гэж юу байхав. Хотын захиргаа дампуурч дуусна биз дээ, энэ чинь одоо.

Хавар цэцгийн баяр болдог юм байна, агуулга нь яг адил, цэцгийн үр, цэцгийн үрсэлгээ л тараадаг болохоос...
10-д жилийн өмнөх сандал. Яагаад шуналтаад байгаа вэ гэхээр, хааяа жаахан  хүүхэдтэй хүмүүс ирэхээр сандал хүрэлцэхгүй, дээрээс нь бага зулзага сандлаа харамлаж давхиад. Хүүхэд л болсон хойно, өөр сандалд суучих гэхээр заавал хоорондоо адил сандал дээр сууна гэж урвайцгаагаад гээд олон шалтаг байна өө.
Хийдэг хүмүүс нь их л гялалзуур хийнэ гээч. Хүүхдүүдийн ямар өнгөнд дуртайг, ямар амьтан хийлгэхийг асууж ирээд л хийнэ. Сурчихмаар зүйлийн нэг. Хааяа бас өөрөө энд тэнд сайн дурын ажил хийнгээ тарааж өгвөл тэ.

Monday, November 14, 2016

Боулинг

Уламжлалт бичлэг.

Хорооноос зохиодог боулинг тэмцээн. Хань ижил баян ходоодоор шалгарсан. Би тэгэхээр ямар цохьдог нь ойлгомжтой байна уу? Ямартай ч хань ижлээсээ өндөр оноотой байсан байх нь. Хэ хэ.

Энэ жилийн дэвшилтэт нэг зүйл бол бага зулзага жаахан хүүхдүүдэд зориулсан гулсуур хэрэглээгүй. Өөрөө шиднэ гэж зөрүүдлэж байгаад, сагс тоглоход яана гэдэг билээ? Тэр шидэлтээр шидэж тоглов. Аан саналаа, коршонкдох? Ккк

Том зулзага яахав, өнөөх л дугуйландаа. Өмнөөс нь ядарчих юм зүгээр. Гэхдээ хааяадаа бас өнөөх хөгжим энэ тэрээ гэртээ авчирч үлээгээд байхыг бодоход өөрөө дуртай ч байх шиг.

Бага насны хүүхдүүд нэг үе тоглосон. Сургуулийн насны хүүхдүүд болон томчууд хоёр үе тоглосон.

Бүгдийг нь цохиж унагаах  ч аая бас л урамтай гэж юүхэв. Миний цохиолт уг нь яг л сайхан голоор нь өнхрөөд байгаа ч хүч дутагдаад байна гэж баян ходоодоор шалгарсан хань ижил зөвлөгөө айлдаад байсан чинь. Хэ хэ.

Бүх тамирчдад уух юм, амттан бэлдэж тараасан. Спорт хариуцсан дарга нээж үг хэлсэн. Бүх оролцогчдод бэлэгтэй. Хүүхдүүдэд дэвтэр, харандаа. Томчуудад саранрапп гээд хүнсний зүйл ороодог уут өгсөн. Амьдралд хамгийн ойр, хамгийн хэрэгтэй зүйл байлаа тэр нь.

Нэг ийм бүтээгдэхүүн байдаг даа. Хань ижил бид хоёр нэг нэгийг авсан гэхээр манайх хэсэгтээ л үүнийг худалдаж авахгүй гэсэн үг. Гоё хэмнэлт байна уу? Хэ хэ. Доллар авах гээд л мөнгөө тоолж байх хооронд төгрөг нь хүрэхээ байж байгаа өнөө үед.

Бага зулзагат өгсөн дэвтэр чинь бас нэг хэмнэлт шүү дээ. Энд тэнд хааяа ажилдаа дагуулаад явахад хажуудаа, нэг бол танхимын хамгийн ард зураг зуруулаад суулгачихад тэр дэвтэр асар өндөр үүрэгтэй тул.

Гэх мэтчилэн 11 сар асар хэмнэлттэй бас хөгжилтэй, хажуугаар нь бас бус зарлагатай л  өрнөж байна.

Sunday, November 13, 2016

Өвөөд захих нь

Охидтойгоо ширээ тойрч суугаад оригами хийнэ ээ заримдаа. Бага зулзага хамт оригами хийе гээд шалаад суучихна шүү дээ.

Тэгээд санта өвөө, цаа буга хийж байх хоорондоо энэ жил өвөөдөө юу захих тухайгаа ярилцлаа.
Ээж тэнд
-Эртхэн хүслээ хэлж байгаарай даа. Санта өвөө чинь 12 сард дэлхийн олон хүүхдийн хүслийг биелүүлэх гээд түмэн завгүй болоод, та 2-ыг мартчихаж магадгүй шүү.
Дүү
-Би бөмбөр, хийл захина аа.
Аниа
-Би хувцас захина аа.

Аниагийн хүслийг ч яахав, ойлгож байгаа. Дунд сургуульд ороод дүрэмт хувцаснаас салахаа байсан хүн. Хагас, бүтэн сайнд хүртэл дүрэмт хувцсаа өмсөөд л гараад алхдаг хүн. Хувийн хувцас нь цөөдөөд, хааяа орж гарахад өмсөх хувцас олдохгүй байх шиг байгаа юм.

Дүүгийн хүсэл жаахан ахдаад байна аа, манай гэрийн төсөвт. Хэ хэ. Тоглоомон бөмбөр, хийл аваад бэлэглэчих гэхээр, жаахан томроод ирэхээр тэр нь гэрт хөглөрөөд хаях хэцүү, байх хэцүү болчихно. Жинхэнэ бөмбөр, хийл гэхээр дийлдэхгүй үнэтэй гэж бодоод л.

Бас ч гэж хугацаа байгаа тул бодно доо. Санта өвөөгийн сэтгэл зүрх хаашаа ч эргэх юм билээ тийм ээ. Ккк.
Эх оронд минь цас ороод л хүндхэн өвөл болох сурагтай. Суугуул нутагт минь бас цас их орно гэсэн. Үүдэн дэх цасаа арилгах гэж л жаахан хэцүү шүү. Аан тийм, бас гого гутал өтсөлтгүй, нойтон цас ордог тул.

Охид ч яахав тэнд цас орлоо гэхээр энд ч ороосой, цасан өвгөн хийж тоглоно оо гээд л хөөрсөн улс.

Уншигч олон түмэн минь бас шинэ жил, бэлэг сэлт гээд догдлоод л байна уу?

Thursday, November 10, 2016

Эрч хүч авав

За өнөөдрөөс эхлээд ажлаа умалзуулаад өгнө өө.

Яасан гэхээр морин хуурын тоглолт үзээд ээ. Сэтгэл нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан болоод сэргээд ирдэг юм.

Дан ганц морин хуурын тоглолт биш, чуулга гэдэг утгаараа юм юм л байлаа. Ятга, их хуур, дунд хуур, эвэр бүрээ, бөмбөр гэх мэт.

Би сонсгол муутай ч хоёр зулзагынхаа ачаар урлагийн мэдрэмж минь дээшлэх янзтай байгаа шүү. Хэ хэ

Тараад монгол хүмүүстэйгээ дурсгалын зураг татуулж чадсангүй. Зохион байгуулж байгаа хүмүүс нь тийм үйлчилгээ үзүүлсэнгүй бидэнд.

40-д монгол урлагийн хүмүүс байсан. Бүгд гарч ирж зогсох нь хаашаа юм, дөрөв таван хүн дээлтэйгээ гарч ирээд зогссон бол сайхан байх байлаа.

Цагаан дээл гоё санагдсан. Бас энэ урлагийнхан өмсөөд байдаг цагаан ээтэн гуталтай болох юмсан гэж мөрөөдөв.

Шарав, Жанцанноров гээд л мундаг хүмүүсийн аяуудыг сонслоо. Алтайн магтаалаа сонслоо. Энэ Алтайн магтаалыг сонсохоор олон жилийн өмнөх ажлын минь нэгээхэн дүр зураг нүдний өмнүүр жирэлзэж өнгөрдөг юм.

Энэ зураг дээрх эмэгтэй, тэрний доор гарсан байгаа эрэгтэй хоёр нь дуурийн дуучин юм байна. Их л олон цол гуншинтай юм билээ. Дуурийн дуу дуулсан.

Хамгийн доор зураг нь гарсан дуучин монгол ардын дуу дуулсан.

Тэр дээр зураг нь байгаа нөхөр бол удирдаач Төвшинсайхан гэсэн.

Бас үзэгчид дотор анхны ерөнхийлөгч Очирбат гэргийн хамт сууж байсан. Хөтлөгч танилцуулж, анхны ерөнхийлөгч суудал дээрээ босч мэндчилэн, цугласан олон алга ташив.

Том зулзага хувьсгалын ажилтай байсан тул үзээгүй. Бага зулзагаа сургуулийн сурагч гэж хэлээд билет авч орсон. Учи нь сургуулийн өмнөх насны хүүхэд уйлж дуулаад байдаг тул, бас нэг шалтгаан нь жаахан хүүхэд оройн цагаар олон нийтийн хөл ихтэй газраар хамаагүй явж болохгүй.

Бага зулзагатаа 6 настай, 1-р анги гэж үг зааж зааж өгсөн. Хэ хэ. Нэг инээдтэй нь тоглолт дуусаад, миний нэг танил хэдтэй билээ гэж асуусан чинь юу гэж хэлэх билээ? гээд ээж рүүгээ хараад байсан.
-Одоо үнэнээ хэлж болно оо, үр минь.
-За.

Тоглолт дууссаны дараагаар монголчуудыгаа гарч ирэх болов уу гэж жаахан харж  байгаад гарч ирэхгүй болохоор нь урд нь цаг болзоод оройн хоол хамтдаа иднэ гэж төлөвлөсөн хүмүүстэйгээ явж хоол идэж шар айраг шимэв.

2 цаг гаран явж гэртээ харих замдаа бага зулзага бид хоёр тас үсэрсэн байлаа гэж.

Тоглолт сайхан болсон, гурав ч дахиулсан.

Wednesday, November 09, 2016

Урлагийн үзлэг

Уламжлалт бичлэг.

Том зулзагын сургуулийн урлагийн үзлэг. Би л урлагийн үзлэг гээд байгаа болохоос ерөнхийдөө сурагчдын тайлан юм даг уу даа.

Эртээд дүү нь гарч дуулсан хотынхоо хамгийн том тайзан дээр тайлангаа тавина.

Өдрийн хоолоо бэлдэж аваад л явна. Нэг сурагч эх хэлээрээ зохион бичлэгээ уншина, нэг сурагч англи хэлээр зохион бичлэг уншина. Үлээврийнхэн гурван ая тоглоно. Дахиулъяа гэсээр байгаад нэг ая нэмж тоглосон. За тэгээд анги ангиараа урлагийн үзүүлбэртэй. Найрал дуу, багш нарын найрал дуу.

Зургийн аппарат, видео камер гээд л ээж би чинь ямар олон гартай юм бэ? Хэ хэ. Хүн ч тэгээд үр хүүхдийнхээ аль сайн сайхан дүр зургийг зурагт хальснаа буулгачих гээд л үзэж тарах юм даа тэ.

Өглөө нь өдрийн хоолонд нь дуртай юм гээд пицца хийж өгсөн. Өгсөн ч гэж дээ, том зулзага бараг ихэнхийг нь өөрөө л хийсэн.

Нээрээ би нь пицца хийж сурав. Ёстой амархан юм байна лээ шд тэ. Цуйван энэ тэрээ шиг их гурил зуурахгүй, элдэхгүй.

Хамт жигнэх материалаа л хэрчээд бэлдчихсэн байхад ерөнхийдөө бараг болчихож байгаа юм.

Урд нь мундаг гэрийн эзэгтэй нарыг гэртээ пицца хийж идсэн гэхээр нь ёстой мундагийг нь гайхаад, би ч сайн ээж, сайн хань биш юм байна даа гээд л сэтгэлээр унадаг байлаа шд. Хэ хэ.

Тэгээд дээр нэг монгол айлын минь эхнэр шинэ маамаатай болоод, бид эргэж очиход пиццагаар дайлуулсан юм. Тэгээд л ийм жаахан маамаатай, нялх биетэй ээж ийм мундаг байхад би чадах л ёстой доо гээд ханцуй шамлаад л дайрсан.

Нетээс хийх арга, орц зэргийг нь хайж хэвлэж гаргаж ирээд л, зориг шулуудаад хийж үзсэн чинь магтуулсан. Рестораны пиццанаас ялгагдах юм алга, ёстой амттай байна гээд л манай хэд амаа олохгүй л идсэн юм.

Тэгэхээр нь өөртөө итгэх итгэл минь нэмэгдээд, дараа зочдоо дайлнаа гэж урам орсон.

Тэрнээс наана хэд хэд хийж, гартаа оруулах хэрэгтэй байсан тул охиныхоо өдрийн хоолонд пицца хийсэн нь тэр.

Урлагийн үзлэг ярьж байснаа нэгэт идэх юм яриад унадаг гэнэ ээ. Би ер нь яг япон хүн шиг болж байна шүү тэ. Юм л бол идэж ууснаа ярьж байдаг.

Эртээдийн хуримнаар кимоно өмссөн зургийг минь хүмүүс яг л япон хүүхэн шиг гарч гэсэн. Бас зогсохдоо хөл мөлөө аягүй маажгий зогсдог болсон байна лээ. Яана аа одоо?

Урлагийн үзлэг гоё болсон шүү. Сүртэй, зохион байгуулалт сайтай, хагас цэрэгжилтийн маягтай гээд л байнга эндээ бичдэг зүйлүүд тэнд бүрэн утгаараа хэрэгжээстэй.

Ингэж эд багаас нь иргэнээ бэлддэг юм байна. Ингэж улс эх орон нь хөгждөг юм байна. Гэж бодогдоно. Монголын арван хоёр жилийн сурагчдыг авчирч нэг үзүүлэх юмсан гэж бодогдоно. Том зулзага минь ядарч байгаа даа гэж бодогдоно. Монголын хүүхдүүд жаргал нь дэндсэн юм аа гэж бодогдоно, учир нь яг одоо амралт нь эхэлчихсэн байна. Япончууд үнэн амрах дургүй улс юм аа гэж бодогдоно. Энэ олон бодлуудын дотор өөрийн 11 сарын ажлаа бодож санаа зовно.

Элдэв бодол толгойд эргэлдэнэ...

Tuesday, November 08, 2016

Хотын урлагийн наадам

Хотын хэмжээний урлагийн наадам болов. 10 сарын 31-нд. Энэ наадам гэхдээ цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүдийн хамтарсан урлагийн үзлэг маягийн зүйл.

Нийт 47 цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүд оролцсон. Үдээс өмнө л болоод өнгөрөв. Нэг номерыг 3 цэцэрлэг хамтдаа тоглодог юм билээ.

Жишээ нь бага зулзагын анги өөр хоёр цэцэрлэгийн хүүхдүүдтэй хамт тайзан дээр дуулсан.

Цагаан подволк, хар юм уу хар хөх өнгийн богино өмд, цагаан оймс, гутал бол энгийн л өдөр тутмын гутлаа л өмсөнө гэсэн болохоор бид наана нь ийм ч хувцас тийм ч хувцас гэж гүйсэнгүй. Их амар.

Яг тайзан дээр гарсан чинь хүзүүнд нь улаан банданаг нээх хөөрхөн донжийг нь олоод зүүгээд өгчихөж. Сүр ороод, хөөрхөн харагддаг юм билээ. Нөгөө хоёр цэцэрлэгийн хүүхдүүд нэг нь ногоон өнгийн, нөгөөх нь цэнхэр өнгийн банданагаар ижилсүүлсэн байв.

Эд нарын ийм их энгийн зүйлээр гоёод, энгийн байж чадаад байдагт дуртай гэж юүхэв би. Яг юунд мөнгөө үрэх ёстойг мэддэгт, тэгж үрж чаддаг нь бас гайхмаар, бишэрмээр, суралцмаар.

За тэгээд бусад цэцэрлэгүүд гурав гурваараа тайзан дээр тус тус бэлдсэн бүжиг, ардын бүжиг, дуу гэх мэт танилцуулсан.

Хүүхдүүд тайзан дээр гарах бэлтгэлээ хийж байх хооронд багш нар бас урлагийн номер үзүүлдэг юм байна. Энгийн хувцастай л гарч ирээд дуулна, ардын бүжгээ харин тусгай бүжгийн хувцсаа өмссөн байсан.

Машины зогсоол, хүүхдийнхээ тоглолтыг үзэхээр ирсэн эмээ өвөө, ээж аав, ах эгч нарыг суудалд нь газарчлах гэх мэт ажлыг багш нар гүйцэтгэнэ. Бүгд цагаан цамц, подволкоор ижилссэн байсан.

Хүүхдүүдийн үзүүлбэр дуусахаар ээж аавд нь хүлээлгээд өгчихнө. Үргэлжлүүлээд хүүхдүүдтэйгээ хамт үзэж болно, харьж болно чөлөөтэй юм билээ.

Бид нэгэнт ирсэн юм чинь гээд ганц нэг үзүүлбэр үзсэн. Түрүү жил бага зулзагын ангийн багш байсан, цагийн сайханд харж явсан эрэгтэй багш нь багш нарын хоор дууны бүрэлдэхүүнд явж байсан. Аппаратаараа татаж ирээд л бага зулзага бид хоёр жаал харж баясав. Хэ хэ.

Том зулзага бас цэцэрлэгт байхдаа бүжиглэсэн юм байна лээ. Нэг тийм үндэснийх нь бүжиг гээд. Тухайн үед блог бичдэг байлуу яалаа, блог хөтөлдөг байсан бол зоолттой эндээ бичсэн л байх ёстой доо тэ. Хайх гэснээ залхуу хүрэв.

За энэ урлагийн наадам бүтэн сайн өдөр болсон нь их юм, маргааш ажлын өдөр том зулзагын сургуулийн урлагийн үзлэг. Би нь ажлаасаа чөлөө авчихсан. Бүтэн өдрийн арга хэмжээ болно. За энэ тухай тусад нь бичнэ ээ.

Гэх мэтчилэн олон л арга хэмжээнд оролцож, үзэж харж 11 сарыг үдэх янзтай. Өөртөө амжилт, та бүхэндээ амжилт...

Sunday, November 06, 2016

11 сар, шинэ бүтээлэг

Аягүй түгшүүртэй бичлэг оруулснаа алга болсонд уучлаарай. Хэ хэ

11 сар гарчихав аа хөөрхий. Дэлгүүр хоршоо гэсэн нийтийн газрууд сүлд модоо засаад, саа, сүлд модны тоглоом энэ тэр зараад бидний сэтгэл хөдлөөд, ёолкоо засах уу гэсэн улс байна.

Сая өнгөрдөг бүтэн сайнд золтой л засчихсангүй. Арай эрт биз дээ энэ чинь одоо. Ядаж 12 сар гараг ээ л гэлээ.

Бодоод байсан бидний ганц догдолдог, өргөн дэлгэр биш ч тэмдэглэдэг баяр шинэ жил болоод удаж байна өө. Наадам, цагаан сараар мэдээж догдолдог ч шинэ жилийн баяр шиг тэмдэглэдэг нь ховор юм байна.

Яагаад шинэ жилээр бусад монгол баяр шиг догдлоод л өнгөрөхгүй тэмдэглэдэг вэ гэхээр энд бас Хмас гээд сүлд мод энэ тэр засдаг болохоор тэр юм байна гэж нээлт хийсэн. Хэ хэ.

Наадам, цагаан сараар энд ямар ч баярын уур амьсгал байдаггүй, бүгд л үл мэдэгч ажилдаа улайрсан хүмүүс байдаг болохоор бид ч бас ажилтай байх нь их.

Олон жил мөрөөдсөн ширээний бүтээлгээ авсан. Шинэ жилтэй холбоотой бүтээлэг. Энд тэнд айлын баярын ширээг харахаар тийм бүтээлэг их гоёмсог санагдаад, худалдаж авах юмсан гэж боддог байлаа.
Голынх нь нарийн бүтээлэг бас их хөөрхөн байсан. Би олж хараагүй байсан. Энэ жилдээ авахгүй ээ. Хэ хэ.

Шинэ жилийн баярыг хэрхэн яаж, хаана хэнтэй тэмдэглэх минь одоогоор шийдэгдээгүй л байна. Найз нөхөд олонтой хүн чинь их л олон найзууд яах уу? ийх үү? ирэх үү? очих уу? гэцгээсэн улс л байна.

Түмэн олон монголчууд минь ч гэсэн зөв боловсон сайхан тэмдэглээрэй. Архиа бага ууж дарсаа шимэн ууцгаая.

Гэснээс улаан винонд дурласан шүү. Ккк