Tuesday, January 31, 2017

Агаа

Дүү маань, бага зулзагат монгол үг зааж байна аа. Утасны наана цаанаас.

-Агаа гэж юу гэсэн үг билээ.
Бага зулзага бодож бодож

-Сүмо?

Бодоод байсан чинь манайд сүмо банди нар хааяа ирдэг юм. Тэд нарыг бага зулзага агаа л гэж дууддаг. Тэгээд л агаа гэдэг үг нь сүмо гэж ойлгосон байх нь. Хэ хэ.

Ямартай ч монгол үгийн сан нь нэгээр нэмэгдсэн.

Уулзсан хүн болгон л монгол хэлээ заа гэх. Сэтгэлдээ бол заагаад заагаад явчихад байгаа юм. Үйлдэл дээр арай өөр. Хэт албадаад байж боломгүй, хэт зөнд нь орхиж боломгүй.

Өдөр тутмынхаа ярианд, тоглох тоглоом наадгай зэрэгт нь монгол үгээ түлхүү хэрэглэх гэж оролдоно.

Гэсэн хэдий ч гэртээ бидэнтэй хамт эх хэлээрээ ярих цаг нь богинодоод байх юм. Цэцэрлэгт өнгөрөөх цаг нь урт.

Хагас сайнд ажил гарахаар аль болох дагуулаад явах сонирхолтой ч, япончуудын хувь хувьсгалаа холих дургүй зэрэг шалтгаанаас болоод аргагүйн эрхэнд цэцэрлэгт нь өгнө.

Энэ хагас сайнд бас л цэцэрлэгтээ явна. Бүтэн сайнд л гэртээ өнжих нь. Эх хэлээрээ ярих, сонсох цаг маш богино...

Гадаадад суудаг монголчуудын бас нэгээхэн толгойны өвчин шүү, энэ эх хэлээ сурах.

Ээж хүний хүчин зүтгэл л ихээхэн шаардах эд шиг байгаа юм. Хичээнэ ээ...

Monday, January 30, 2017

Цагаан сар

Цас цас гэж бичээд алга болчихсон уу? Хэ хэ.

Манай цас 3 хоногтоо жаахан хэцүү байсаан. Орж гарахад хэцүү, хальтаргаа гулгаа ихтэй, 10-хан минут явдаг газраа 1 цаг гаран яьж хүрч очно гээд л.

Монголд байгаа та нартайгаа харьцуулахад юу ч биш л дээ. Хэдхээн хоноод л хайлчихдаг тул.

Монголд мэдээгээр гарсан гэсэн. Ойрын хэдэн жил ороогүй цас орсон гэж. Би зурагт бараг үзэхгүй байгаа тул элдэв мэдээ мэдээллээс хол байлаа.

За тэр ч яахав. Сая хагас сайнд хятадын цагаан сараар нэг газар очоод монголынхоо цагаан сарын тухай танилцуулсан.
Бэлэн амсуулж болохоор нь хорхой ааруул таваглаад сүүтэй цай чанаж тавьсан.

Хорхой ааруул авчирч өгсөн болон өгч явуулсан найз, найз эгч нартаа их баярлалаа. Та нарынхаа ачаар бас нэгэн даваагаа амжилттай даваад гарлаа.

Дугуй хэлбэртэй ааруулыг их эртээ өгч явуулсан юм. Бага зулзагаасаа харамлах гэж нэлээд юм болсоон. Бага зулзага аарооф идмээр байна гэж нэхээд л. Аарооф гэж ааруулыг хэлж байгаа юм шүү. Хэ хэ. Дуудлага нь нэг иймэрхүү сонсогдоод. Засах гэж үзэж л байна. Бага багаар хэллэг нь сайжирч байгаа.

Япон хүмүүс ааруулыг минь идэж чадахгүй л дээ. Пүү паа болоод идээгүй. Яахав амсахын хувьд бол амссан. Арга ч үгүй биз дээ, ямар багаасаа идэж өссөн биш.

Би ч эдний зарим нэг зүйлийг идэж чадахгүй, одоо ч. Тийм болохоор буруу өгөлтгүй.

Гэх мэтээр бага багаар танилцуулаад яваад байхад яваандаа эд ч дасаад идэж сурах байх тэ. Хэ хэ. Тэгвэл ааруул оруулж ирж зарах юм шүү. Ккк.

Энэ хагас сайнд бас нэг хороон дээр очиж яриатай. Хүүхдүүд голцуу цуглах байх. Ямар болсон тухай нь эндээ бичнэ ээ. Амжилт хүсье.

Гэснээс би ийм үйлдвэрийн хорхой аарууланд нэг их дуртай биш л дээ. Хэт нялуун амтагдаад байдаг юм. Чихэргүй ааруул л гоё тэ. Энэ удаад япон хүмүүст амсуулах юм чинь гээд албаар ийм чихэртэйг захьсан чинь өнөөдүүл маань ч нэг их идэж сүйд болоогүй.

Хатуу ааруул дэвтээж байгаад мэрэх ч ээдээ бас сайхан шүү...

Monday, January 23, 2017

Цас цас цас

Урд орой нь хав хар байснаа өглөө сэрээд харахад цав цагаан.
Нэг тийм хөвсөлзсөн, зөөлөн цас. Яг л ийм цасаар цасан өвгөн хийгээд, цасаар байлдаад л гүйж баймаар.
Даанч бид ажилтай албатай улс яахав. Гэснээс бага зулзага бид хоёр амарч байгаа л  даа. Яасан гэхээр ханиад хүрсэн. 5 хоног амрах ёстой. Хагас бүтэн сайн таарч, миний ажлаасаа чөлөө авах өдрийн тоо хоёроор багассан. Сайн охин. Хэ хэ.
Том зулзагаа албанд нь хүргэж өгөх гэж явахдаа дарсан зураг. 15 минут явдаг газар хэдэн ч минут явав? Маш болгоомжтой явахгүй бол халтиргаа ихтэй.
Зайрмаг юм уу хайшаа юм. Хэ хэ. Машиныхаа цасыг буулгана гэдэг маш том ажил шүү дээ. Энд тэнд л машиныхаа цасыг арилгасан хүмүүс. Урт урт усны гутал өмссөн.

Хойд нутгаараа бүр ч их цастай байх шиг байна. Дээврийнхээ цасыг буулгах гэж байгаад даруулчихлаа гэх настай хүмүүс.

Бага зулзагын ханиад эдгэрээд, орж гардаг болохоор аав нь цугтаа цасаар тоглоноо гэсэн. Би ганц нэг зураг дарах байх даа.  Хайлчихгүй л бол. Хайлахдаа ч хурдан шүү дээ.

Friday, January 20, 2017

Шинэ санаа

Та нарын гэрт нэи ийм лааз байдаг гэж бодож байна. Ялангуяа гадаадад амьдардаг бол гарцаагүй байх л ёстой. Хэ хэ.
Хүний газар их хааныхаа хөрөгтэй шилийг хаяхад хэцүү байдаг гээд л нэг хэсэг их бичигэдсэн дээ. Яг л тэрэн шиг, энэ лаазыг хаяхад бас л их зүрх зориг хэрэгтэй.

Тэгээд би зүрх зориг хүрэхгүй, ингээд нэгэн мэргэн санаа олж байсан минь энэ. Нэхмэлийнхээ зүүг хийх. Хос зүүнүүдээ хийнэ гэсэн үг. Дэгээ зүүнүүдээ өөр уутанд хадгалаастай.

Монголд элэгтэй уулын хэд маань ийм лаазыг яаж ашигладаг гээч. Таглаанд нь нүх гаргаад задгай мөнгө цуглуулдаг сав болгосон байсан. Хамгийн том 500 иений мөнгөн тэмдэгт орох нүх гаргаад л болоо. Хөөрхөн шийдэл байна уу?

Би дараа ийм лаазтай болохоороо бас тэгж ашиглана гэж бодож байгаа. Дүүртлээ овоо хэдэн жил болно оо доо тэ. Тэсэхгүй наана нь онгойлгоод байхгүй л бол. Дүүрээд онгойлгоход маш их хуримтлал үүссэн байх байхдаа тэ.

Одоо гол нь дахин ийм лаазтай архи бэлгэнд авахаа хүлээх. Хэ хэ.

Ингэхэд хэд хоног архи зарахыг хориглосон гэсэн тэ. Хорио тавигдахаар юм үзээгүй юм шиг дайраад байв  аа, ухаантайхан байна шүү.

Угтаа идээний дээж архиа маш л зөв хэрэглээд явбал эм юм байгаамшд.

Энэ архинаас болж ямар сайхан хүмүүс хорвоогоос эрт хальж байна, амьдралаа алдаж байна? гээд л яриад хэлээд барахгүй.

Ар араасаа баяр ундардаг сарууд. Зөөлөн сайхан дарс, шар айраг гэх мэтийг хэрэглээд сурчихвал ч хэрэгтэй дээ. Би эндээс үглээд л байгаа, үгийг минь авах хүмүүс цөөхөн л дөө.

Гандан буурахгүй, ад болтлоо л үглэнэ дээ, хэхэ.

Wednesday, January 18, 2017

Өглөгч хөрш

Нэг тийм өглөгч хөрштэй болсон шд. Хэ хэ.

Нэг бодлын сайхан, нэг бодлын санаа зовоостой.
Нэлээд дээр үүнийг хийсэн гээд үүдэнд тавьчихаад явсан байсан. Би зураг авахдаа ёроолыг нь авчихсан байна лээ. Хэ хэ. Хулууны кекс. Нялуун биш, тун аятайхан амттай байсан.
Үүнийг өчигдөр өгөөд. Бас их хөөрхөн, энэ хэв болох цаас маасыг нь авна аа даа. Эд иймэрхүү зүйлдээ дуртай гэж юүхэв.

Би одоогоор иймэрхүү зүйлд хоббигүй тул шаал дэмий юманд мөнгө үрж байх юм гэж бодоостой. Ккк

Бас байсгээд л өөрөө тарьсан гээд ногооноосоо өгнө. Цагаан лууван, брокколи өгсөн.

Найз өвөө эмээ нар уралдаад л тарьсан ногооноосоо өгдөг юм их хөөрхөн. Энэ өвөл цагаан лууван лав худалдаж авсангүй. Өгөхгүй удахаар нь нэхэх нь холгүй. Нэхэхгүй л дээ. Хэ хэ. Талархаад баршгүй.

Бялуу хийж сурна аа гээд л яваа. Энэ жилийн томоохон зорилтын нэг болгоно оо. Өнгөрдөг жил пицца хийж сурсан юм. Зураг орууллуу? Оруулаагүй бол хэлээрэй.

Sunday, January 15, 2017

Үдэх

Хүн үдэж гаргаж өгөх бас л сэтгэл сонин болгодог эд байна шүү.

Тэртээ олон жилийн өмнө ижий аав, дүү нараараа үдээлээд л нисч байхдаа үдээд үлдэж буй хүмүүсийн сэтгэлийг яахан мэдрэх билээ.

Энэ сард хоёр ч хүн үдлээ.

Нэг нь яагаав өнөөх шавь маань. Канбож улс руу ниссэн. 2 жил ажиллаад ирнэ. ЖАЙКА-н сайн дурын ахмад ажилтнаар. Энэ удаад эхнэртэйгээ хоёулаа явсан.

Монгол явахад нь оймс нэхээд л өгч байлаа. Энэ удаад юу өгөхөө мэдэхгүй л яваад л байлаа. Тэгсэн ашгүй сүмо хуанли гартаа оруулж аваад, энэ хуанлиг л өгье. Очоод бас эх орноо санагалзахаараа хэдэн сүмо бөхөө харж эрч хүч аваг гэж бодоод.

Эх орноо санахдаа харна гэснээс талыг нь шахуу гадаад бөх, тэгээд дийлэнх нь монгол бөхчүүд эзэлчихээр ямар олиг байхав. Хэ хэ.

Ядаж монголд байсан үеэ дурсан санаад одоо байгаа улсдаа хичээж ажиллах байх тэ. Хи хи

Нөгөөх нэг үдэж гаргаж өгсөн хүн нь ажлын газрын маань Морокко нөхөртэй хүүхэн. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэгчээр нөхрийнхөө нутгийг зорихоор одсон.

Гэрээс нь аваад галт тэрэгний буудал хүргэж өгөх ёстой байв. Лалын шашинт хүмүүс бас их хэцүү юм аа л гэж бодогдож байгаа юм. Хүүхнүүд нь уртаа гонжролдсон юбка өмсөхөөр шатаар бууж өгсөхөд нэлээд төвөгтэй юм. Нүүж суухад, ачаа бараагаа зөөхөд хэрэггүй эдийн нэг шиг санагдах.

Толгойдоо заавал нэг даавуу зүүх юм. Хүүхдүүдээ эхнэрүүд нь л харах юм. Аав нь бараг тэврэхгүй юм. Тэвэрдэг л байх л даа, яг тэр өдөр ганц нэг шашин нэгт улсууд нь ирж үлдээж буй гал тогооны хэрэгсэл энэ тэрээс нь авахаа аваад, үлдсэнийг нь бусад хэрэгтэй гэсэн оюутнуудад өгнө гээд ачсан юм. Тэр хооронд миний ажигласан зүйл энэ.

Идэж уух зүйл нь ч хязгаартай. Уг нь үдэж өгөнгөө гэртээ урьж монгол хоол хийж өгөх санаатай байсан ч амжсангүй. Бидний иддэг үхэр гахайн махыг идэхгүй, заавал тусгай мөргөл үйлдэж махалсан үхрийн мах иддэг гээд. Дээрээс нь бидний цаг зав таарч өгсөнгүй.

Загас, тахианы мах бол иддэг л юм байна. Гэм нь монгол хоолонд би тахианы татсан мах ашиглаж үзээгүй тул, зориглон хийж зүрхэлсэнгүй.

За тэгээд л буудалд нь хүргэж өгөөд автобусанд нь суулгаад, хөдөлтөл нь бага зулзага хань ижил бид гурав хүлээгээд, гараа даллаад зогссон. Хөөрхий минь ажлын газрын бүсгүй уйлаад л. Тэдний охин нь манай багатай чацуу тул тэр хоёр жаал тоглож амжсан. Охин нь тоож байгаа ч зүйл алга. Нөхөр нь гэж өндөөр залуу бушуухан шиг л нутаг буцахын түүс байсан байх. Хэ хэ.

Мороккод ирээрэй гэсэн. Би хэзээ нэгэн цагт очно оо, бас Франц очиж үзнэ ээ гэсэн. Учир нь нөхрийнх нь ах францад байдаг гэсэн. Өөрсдөө ч хойшид Мороккодоо амьдрах уу? Францад амьдрах уу? сайн шийдээгүй байгаа гэсэн.

Нэг нартай сайхан өдөр Францад хэдэн өдөр амрангаа далимд нь Морокко орчихоод явж байна гээд блогтоо бичиж суухын ерөөл дэвшүүлье.

Бас шавийгаа Канбожид байх хугацаанд очоод үзчих юмсаан гэж мөрөөдөөд л сууж байна.

Friday, January 13, 2017

Дахин нэг бүтээл

Тэсэхгүй цаг гаргаад сүлжээд тавьчихлаа. Угтаа хийх өөр ажил байгаад л байдаг юм.
Суурь нь сонингоороо. Анхны бүтээлээ хатуу цаасан суурьтай хийж байсан бол энэ удаагийн бүтээлээ ёроолоос нь эхлээд сонингийнхоо цаасаар сүлжсэн.
Нэгэнд нь хөглөрөөд байсан скочнуудаа хийв. Нэгэнд нь гялгар уут углаад 00-ын өрөөнд хогийн сав болгож тавив.

Бас л хараахан будаж амжаагүй байна. Нэг нартай сайхан өдөр дэлгүүр хэснэ дээ гэж бодоод л явна. Орж амждаггүй.

Юмхнаар юм хийх юмсан гэдэг санаатай болчихсон. Жаахан хатуудуу, барьц сайтай жижиг цаасан хайрцаг байвал хаяхгүй дотор нь янз бүрийн жижиг сажиг зүйл их хийнэ.

Нэг хэсэг лаазан хайрцаг их цуглуулдаг байлаа. Нүүж суухдаа зарим муудсаныг нь хаячихсан. Гол нь доторх хэрэгтэй хэрэггүй гэсэн зүйлээ янзлахдаа хаясан.

Бас архины шилийг гоё зүсч байгаад стакан хийсэн зураг нүүр номоор яваад байсан даа. Тэрийг хийж сурмаар байна аа. Хэ хэ. Монгол архиныхаа шилийг ганц нэгийг нь тэгж орхивол өвөрмөц бөгөөд эх орны минь бас нэгэн сурталчилгаа болох юм даа тэ. Судалнаа. Хи хи

Судалсан л даа, судалдаг л даа гэдэг үг моодонд ороод байгаа юм дагуу даа.

Thursday, January 12, 2017

2017 оныг хамтдаа

Энэ жилийг хамтдаа туулах дэвтэр минь. хөөрхөн байгаа биз? Хэ хэ.
Бүр өнгөрдөг жилийн 11 сараас л наддаа бэлэг болж ирсэн. Шинэ он гарахыг тэсэн ядан хүлээсэн дэвтэр минь.

Одоогоор өдөр судар нь тодорхой болсон нэлээд хэдэн сарын дараах ажлаа биччихлээ.

Нимгэн дэвтэртээ энэ жил уншсан сэтгэл сэргээсэн сайх үгсийг, мөн чухал үйл явдлаасаа бичнэ.

Наадаг цааснууд нь төрсөн өдөр болон тэмдэглэлт өдрүүдээ тэмдэглэж үлдээх, сануулах зориготой. Мөн хийсэн бүтээсэн ажлуудаа ч тэмдэглэн наана.

Амралтын өдрүүд ч дуусч ажил, сургууль, цэцэрлэг жигдрэх талдаа.

Харин эх оронд минь баярууд үргэлжлэнэ. Жил бүр бухимддаг зүйлийн нэг. Тэмдэглэж болно, арай л сүр тэмдэглээд байх юм.

За тэр ч яахав. Хэт үглэвэл өөрөө загнуулна. Хэ хэ.

Гэснээс бидний хэлэн монголчууд нийлж цагаан сараа хийнэ гэсэн. Эртнээс байр саваа захиалахгүй бол...

Хэрхэн яаж тэмдэглэснээ бичнэ ээ. Наана нь бас хэд хэдэн арга хэмжээтэй.

Амжилт...

Wednesday, January 11, 2017

Зүйр үгийн ном

Ийм ном уншаад. Зүйр үгийн ном. "Хэн ч мэдэхгүй дэлхийн зүйр үг".

Дэлхийн, олон улсын гэдэг үг харах л юм бол сөхөж хардаг гэж байгаа. Тэр дэлхийн, олон улс дотор нь Монгол гэдэг зургаахан үсэг байх нь уу үгүй юу? гэж.

Манай Тэмүжин өвөө "Мон" гэдэг үг л харагдвал заавал сөхөж хардаг, эргэж хардаг гэдэг шиг.

Заримдаа хүссэн зургаахан үсэг минь байхгүй ээ. Сэтгэл нэг л гонсгор болно.
Энэ удаад харин зургаан үсгээ олж харсан. Бүр зүйр үгтэй. Гоё уу?

"Бурхан өршөө бутын чинээ сахал урга". Бүтнээрээ ингэж хэлдэг юм байна шүү дээ.

Би бол "Бурхан өршөө, буянтай айлын бэр болоорой", "Бурхан өршөө бух бензтэй айлын хүргэн болоорой" гэж л сонсож байсан юм байна. Хэ хэ. 

Ө үсэгтэй фонт байхгүй байсан бололтой. О үсгээр бичигдчихэж.

Хөөрхөн зурагтай байна уу? Хэ хэ.

Утгыг нь бас тайлбарласан байна. Та нар минь бол тайлбарлуулалтгүй биз дээ.

Орчин үед бутын чинээ сахал урга гэдэг хэсэг нь бараг хэрэглэгддэггүй гэжээ.

Бас нэг иймрхүү зүйр үгтэй хүүхэд багачуудад зориулсан ном байдаг юм, ажил дээр. Тэр номыг танилцуулсан эсэхээ санахгүй байна.

Нэг завандаа танилцуулна аа. Тэвчээртэй хүлээгээрэй...

Нэг хэсэг зүйр үг гэдэг буландаа их л бичдэг байж. Их ч гэж дээ, зургаахан бичлэг л байна. Хэ хэ. Сүүлийн хэдэн жил ерөөсөө зүйр үг оруулаагүй байна билээ. Сэргээнэ ээ гэсэн бодолтой л яваа. Амжилт өөртөө...

Tuesday, January 10, 2017

Өргөн дэлгэр төрсөн өдөр

Энэ жил санаандгүй байж байгаад төрсөн өдрөө өргөн дэлгэр бужигнаж тэмдэглэв.

Осака хотоос нэг коохай найз гэр бүлээрээ, Кобэ хотоос нэг коохай найз охинтойгоо яг төрсөн өдрөөр минь манайд айлчлан ирэв.

Догдлоод л хоол унд бэлдэж гүйв. Гэхдээ үдээс өмнө, үдээс хойш хувийн ажлаа амжуулж гүйсээр, төрсөн өдрийн зоог маань жаахан оройтсон. Зочид минь миний цагт тааруулаад аажуу уужуу ирсэн тулдаа л аврагдлаа. Хэ хэ.

Эдний хэлдгээр бол агаар уншиж байна гэсэн үг.

Шөнөжин ярьж суув. Үүрийн 4? цаг байна уу даа дөхөж байхад л унтацгаав. Хүүхдүүд бас биднийг дагаж бужигнаад, биесээ харж хөөрөөд унтаж өгдөггүй. Биднээс жаахан л эрт унтацгаасан байх.

Маргааш нь үд болтол унтаад, гэнэт ухаан орсон улс холоос ирсэн зочиддоо санд мэнд цайг нь уулгаад мужаа танилцуулах минь гээд дагуулж гарсан. 2 газраар орсон. Ил захидал шиг гарсан байна гэж зургаа харж хөөрцгөөсөн. Хэ хэ.

Би тоглоод л төрсөн өдрийн шинийн хоёрон гэж ирээд л идэж уув. Зочид минь их том бялуутай ирсэн тул түүнийгээ одоо ч идэж дуусгаагүй л байна. Хэ хэ.

Найзууд буцсаны маргааш өдөр нь насанд хүрсний баяр гээд нийтийн амралтын өдөр байсан тул бас л үд болтол унтав. Хэ хэ. Өглөөний цайнд бялуу, өдрийн хоол бялуу. Сүүлдээ төрсөн өдрийн шинийн гурван юм чинь сайхан банштай цай хийж ууцгаая гээд банштай цай хийж уув.
Банштай цай хийж идэх болгондоо ээжийнхээ, эмээгийнхээ гарын банштай цайг уух юмсан гэж ярилцана бид. Аяа бас л сайхан амттай шүү...
За энэ одоо ч идэж дуусаагүй байгаа бялуу маань. Их томоо. Бид бас бялуу бэлдсэн байсан тул эхний өдөр тэрийгээ идээд л цадчихаж байгаа юм. Дараагийн өдрөөс нь үүнийгээ идэж эхэлсэн ч бардаггүй. Ямар сайндаа найзуудыгаа ирж бялуугаа идэж дуусга гэж байхав. Хэ хэ.

Гэснээс одоо ингээд төрсөн өдөр ар араасаа цуврана. Ер нь бол 12 сараас л эхэлдэг юм. Ойрхон ойрхон болно. Хол байгаа тулдаа л нэг юм... Хэ хэ.

2 сард газар дээрх ганц эрэгтэй дүүгийн минь төрсөн өдөр. Монголд байгаа болохоор мэнд хүргэж дуу дуулж өгөөд л болно. Ккк.

3 сараас яагаав түрүү жил бага зулзага гурав нэг зургаа гэж байгаад хөрш айлын эмээгээс бэлэг авсныг санаж байгаа биз дээ. Гэх мэтчилэн л үргэлжлэнэ дээ.

Нэг их бондойчилгүйхэн шиг даваад гарчих юм сан. Гэснээс сүүлийн 2 сар баярын сар гээд идэж уусаар байгаад овоо л хөөрхөн бондойгооский.

Анужин сэнпай-хаа хэлснээр мацаг барьдаг юм билүү?

Жич: сэнпай- ахлах ангийн, коохай-доод ангийн.

Бага сургуульд орох бэлтгэл 4

Дахиад л дугтуйтай захидал ирж.

2 сарын тэдэнд сургуульд элсэн ороход зориулсан яриатай тул хүрэлцэн ирнэ. үү.

Дараах бичиг цааснуудыг бөглөөд тухайн өдөр үүдэнд хүлээн авч буй хүмүүст энэ дугтуйнд хийгээд өгөөрэй. Дотор нь дугтуй хийсэн байна.

Бага сургуульд элсэн орох хүүхдээ дагуулж ирээрэй. Хэрэв хүүхэд тань ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаас ирж амжихгүй бол сургуулийн холбогдох албанд мэдэгдээрэй.

Машины зогсоол цөөхөн тул ойрхон байдаг бол алхаж ирэхийг хүсч байна. Ажлаасаа бүтэн өдрийн чөлөө авах уу? тал өдрийн чөлөө авах уу гээд бодоод л байж байна.

Сургууль дотор өмсөх улавчтайгаа ирээрэй. Монгол тавчикаа аваад л явдаг юм.

Хүйтний эрч сулраагүй байх тул дулаахан хувцастай ирээрэй. Заал нь хүйтэн байх нь их тул ийм тайлбар бичсэн байх.

Хичээлийн хэрэгслийг зарах тул үнийн хуудсыг харж байгаад аль болох хариулт мөнгө энэ тэр гэхгүй мөнгөө тааруулж ирэхийг хүсч байна. Хэрэв тааруулж ирэлгүй хариулт мөнгө төгрөг гэх юм бол цаг их авна, янз бүрийн будлиан үүсэх магадлалтай тул та бүхнийг сэтгэл гарган оролцоно гэж найдаж байна.

Хоолны мөнгө болон бас бус зардлын шижлүүлэг хийж байх банкны дансны дугаараа хавсралт хуудсанд бөглөж, тухайн өдөр холбогдох хүмүүст өгөөрэй. Энэ мөнгө нь сар бүрийн 26-нд таны заасан банкнаас татагдаж байх болно.


Ийм ийм хичээлийн хэрэгслийн худалдаа явагдана. Хэрэв ах, эгчийнх нь хэрэглэж байсан хэрэгсэл байвал түүнийгээ ашиглаж болно. Том зулзага хэрэглэж байсан зүйлсийг хайж гаргаж ирнэ гэдэг том ажилтай болов. Миний мэдэж байгаагаар хэд хэдэн үнэтэй зүйлийг нь ашгүй худалдаж авахгүйгээр өнгөрөх юм шиг байна лээ. Зарим нэг нь хуучраад шинээр худалдаж авахгүй бол гэсэн юм байж магад.

За нэг иймэрхүү агуулгатай дугтуй ирсэн дээ. 2 сард болох арга хэмжээг ийм эртнээс мэдэгдэж байгаа нь эцэг эхүүд ажлаа зохицуулаг гэсэн үүднээс. Би маргааш очиж чөлөөгөө эртхэн бичүүлнэ дээ.

Бага зулзагатаа болон өөртөө амжилт...

Thursday, January 05, 2017

Шинэ оролдлого

Он гарахаас өмнө эхлүүлээд орхисон байсан зүйлээ сэтгэл зүрх шулуудан хийж дуусгав.
Зураг хараад юу хийх гэж сэтгэл зүрх минь шулуудсаныг ойлгосон биз дээ. Хэ хэ.

Нэг сагс худалдаж авсан жинь жаахан үнэтэй санагдаад, дахиж авахгүй ээ, өөрөө хийх минь гээд л бодоод яваад байлаа.

Тэр худалдаж авсныгаа том зулзагатаа юм хумаа хий гээд өгсөн байсан юм. Худалдаж авсан болохоор мэдээж гоё л доо, миний энэ хийснээс.
Ийм хэлбэртэй болтлоо хэцүү юм билээ. Гулжийгаад, буруу зөв сүлжээд гээд л.
Жаахан шантраад оноос өмнө дуусгаж чадаагүй орхичихсон юм.
Өргөн нь нэг иймэрхүү.
Анхны бүтээл болохоор мэдээж нэг ижил хэмжээтэй болоогүй. Өнцгүүд нь ч сэтгэлд хүрсэнгүй.

Сүлжээд дуусгачихлаа, хүчээр шахуу.

Хагас сайнд манайд холоос зочин гэнэт ирэхээр болоод, юун сонин хуйлаад сууж байх, гэрээ цэвэрлэх минь болоод, хурдан үүнийг дуусгахгүй бол гэрээр нэг сонингийн цаас хөглөрөөд байсан юм.  Хэ хэ.

Одоо ч баахан хуйлсан сонин. Нэг завандаа дугуй хэлбэртэй сагс нэхнэ гээд төлөвлөсөн байгаа.

Будаж  барьж амжсангүй. Будвал өнгө ороод дажгүй болох байх аа. Хөглөрөөд байсан гялгар уутнуудаа хийгээд, шкафныхаа зай ашиглалтыг сайжруулах санаатай.

Дүгнэлт: Ингээд сүлжээд тавиад байж болохоор санагдсан. Гэхдээ жаахан хатуу сүлжиж сурах. Энэ жаахан сул талдаа, гулжийж магад яваандаа.

Нүүр номоос олж хараад анх хийх санаа төрсөн. тайлбар нь жаахан дутуу санагдсан. А, Б-гүй зааж өгдөг бол гоё оо тэ.

Гэхдээ л гандан буурахгүй, англи хэлээр нэг хайж, япон хэлээр нэг хайж үзээд , суралцаад л явна.

Дараа илүү гоёыг, чанартайг хийхээрээ зураг орууламз.

Баярлалаа ба зорилт

Саяхан аяга халуун кофе хийж суугаад хуучин бичлэгүүдээ уншлаа.

Зарим нэг сэтгэгдлүүдийг эргэж харлаа. Сайхан урмын үгээр мялаасан нь их. Баярлаж явдаг шүү. Магадгүй уншигч олон та нарынхаа урмын үгээр өдий олон жил энэ блог гээчийг тасралтгүй бичиж байгаа байх.

Мэдээж дандаа магтуулна гэж юу байхав. Үе үе загнаад, шүүмжлээд, үг үсгийн алдааг минь засаад гардаг уншигч ч байна. Та нартаа ч баяралаа.

Энэ жил ч та нарынхаа урмын, шүүмжилсэн, эгдүүцсэн, загнасан зэрэг сэтгэгдлийг тэсэн ядан хүлээнгээ блогоо бичихээ амлаж байна.

Ямар том амлалт өгчихөв дөө. Хи хи.

Хоёрхон жишээ авах уу? Гол нь бичигдээд удаагүй, шинэхэн дээрээ байгаа сэтгэгдлүүд...

Нэгэн уншигч маань "ийм аугаа оронд амьдарч байж, үсний боолт моолт гэж аар саар юм ярьж бичиж сэтгэнэв дээ" гэж ээ.

Аар саархан зүйлээс л эхлэнэ шүү дээ. Жижиг зүйлсээ мэдэхгүй байж хэт том зүйл сэтгээд, ярихаар амжилтанд хүрэхгүй, буцаад жижиг рүүгээ орох хэрэг гарах бус уу?

Бас нэгэн уншигч "хань ижил гээд байх юм, хоёр нөхөртэй юм уу хаашаа юм. Зүгээр л хань гээч" гэсэн.

Хэ хэ. Энэ хоёр үгийг хамтад нь хэрэглэх тохиолдол их биз дээ?  Хоршоо үг. Ганц тоон дээр хэрэглэнэ. Юу билээ гэж бодоод нүүр номын нээлттэй бүлэгт орж асууж хүртэл үзлээ шүү дээ.

Мөн "би монгол хүн гэж цээжээ дэлдчихээд дандаа монголоо шүүмжлэх юм" гэж.

Нэг хэсэг их шүүмжилдэг байсаан. Сүүлийн үед больсон. Аль болох ялгаатай тал, сайн сайхан тал, төр засаг хараад байлгүй хэрэгжүүлчихэж болмоор тал зэргийг нь бичих гэж хичээдэг болсон. Санаа авах ганц нэг хүн санаа аваасай гэж.

Хоёрхон шижээ гээд гурвыг биччихлээ.

Гэх мэтээр блог нь миний мэдлэгт ихээхэн тус нэмэр болдог тул, эх хэлээрээ бичих чадвараа сайжруулахын тулд, бусад мундаг блогчидтой  мөр зэрэгцэн алхахын тулд гээд блогтоо хайртай шүү, бичээд байна аа...

 Бусад блогчид минь ч бичээд байгаарай, тэр бүр сэтгэгдэл бичиж амждаггүй ч уншаад л явдаг шүү.

Wednesday, January 04, 2017

Амралтаараа 2

Цагаан сар тул хүүхдүүд их баяртай, сэтгэл хангалуун байдаг юм байна.

Жишээ нь манай хоёр зулзага энэ жил нэлээд хэлэн хүнээс цагаан сарын бэлэг авсан. Дугтуйтай мөнгө.
Дунд болон ахлах сургуулийн хүүхдүүдэд 3000-5000 иенийн ханштай өгдөг юм.Цэцэрлэгийн болон бага сургуулийнханд 1000-3000 иен.

Мэдээж хэлбэлзэнэ. Бага зулзага анх удаагаа 5000 иений дугтуйтай бэлэг авсан. Ээждээ хадгалуулсан. Ээж нь яг хадгална, эргээд буцааж өгнө гэж ам тангарагаа өгсөн.

Том зулзага бол хэн хэдийг өгсөн тухайгаа мэдэгдчихээд л өөрөө хадгална гэсэн.

-Ээжид мөнгөө өгөхгүй ээ, хаширсан хүн.

Үүнийг дүү нь сонсоод одоохондоо монгол хэлнийх нь үгийн санд хашрах гэдэг үг байхгүй болохоор мэдэхгүй л байна.

Дээрээс нь одоогоор ээжийнхээ улаан фен юм болохоор.

Дугтуй бол янз янзаараа байна. Зураг нь шүү дээ. Хэмжээ нь ихэвчлэн жижиг. Японд байдаг хүмүүс бол мэдэх байх. Мөн иенээ нугалахгүйгээр хийдэг гонзгой нарийн дугтуй ч байдаг юм билээ.
Охидод өгөх гэж байгаа бол нэг иймэрхүү зурагтай байх нь элбэг. Энэ бол зүгээр л нэг жишээ шүү. Би яг энэ хүүхэлдэйн киног гардаг жил худалдаж авч байлаа. Хэрэглэж дуусгаагүй байгаа юм байна. Ихэвчлэн бандитай айлаар хэссэн гэсэн үг. Хэ хэ.
За банди нарынх бол нэг иймэрхүү. Хүүхэлдэйн баатрын зурагтай нь их байдаг юм билээ. Хөвгүүдийн ертөнцийг одоогоор сайн мэдэхгүй учир. Хараад байх нь ээ бас л их өвөрмөц ертөнц юм билээ. Хэ хэ.

Ингэж өгөхдөө дугтуйн дээрээ тухайн хүүхдийнхээ нэрийг нь бичнэ. Заримдаа нэрийг нь бичээгүй тохиолдол ч байна.

Нэрийг нь бичээгүй уутыг аваад хадгалчихдаг юм. Хэ хэ. Дараа жил өөр айлын хүүхдэд өгөх хэрэг гарах үедээ хэрэглэх гэж. Бас заавал цагаан сар энэ тэр гэхгүй, хааяа хүүхдэд бэлэг өгөх, номын дэлгүүрээс ном худалдаж авах эрхийн каарт өгөх үедээ ашигладаг юм.

Надад ингэж хүүхдэдээ мөнгө өгөх нь их таалагддаг. Цагаан сараараа шүү дээ. Хүүхэд мөнгөө цуглуулж байгаад өөрт таалагдсан, авах гэж хүсч байсан зүйлээ л худалдаж авдаг болохоор.

Том зулзага нэг үүргэвч, нэг түрийвч авсан, одоогоор. Хэрэв ингэж мөнгө цуглаагүй бол би яагаад ч авч өгөхөөргүй үүргэвчийг өөрийнхөө мөнгөөр худалдаж авчихаад сэтгэл ханамж 100 хувь байна лээ.

Бага зулзага одоогоор ямар ч худалдаа хийгээгүй байна. Аниагийнхаа бараг хэрэглэдэггүй байсан монгол түрийвчийг өөрийн болгож аваад, түүндээ мөнгөө хийгээд бас л сэтгэл ханамж 100 хувь.

Ээж охидынхоо сэтгэнл хангалуун инээмсэглэлийг хараад сэтгэл ханамж 100 хувь. Хэ хэ.  Үртэй хүний жаргалаа гэж...

Monday, January 02, 2017

Амралтаараа

1 сарын 1-нд цагаан сарын шинийн нэгэн гээд явчихдаг юм. Хэд хоног амрана, сайхан.

Энэ жилийнхаа амралтаар ууландаа л ирж амарлаа. Олуулаа бужигнаад, ууж идээд сайхан байна өө.

Эрчүүд шөнийн цанын бааз яваад, хүүхнүүд нь кино театр явж кино үзсэн.

Бага зулзага бид хоёр хүүхэлдэйн кино үзээд, том зулзага айлын эхнэртэй хамт том хүний кино үзэх төлөвлөгөөтэй байсан чинь.

Бага зулзага аниагийнхаа үзэх киног үзмээр байна гэж урвайгаад аниатайгаа шаал өөр кино үзсэн.

Би айлынхаа эхнэртэй нь том хүнийхээ киног үзлээ шд. Хэ хэ.

Том хүний гэхээр аймаар кино төсөөлөөд байв аа. Хүүхэлдэйн биш киног бага зулзага тэгж хэлээд байгаа юм. Угтаа бол зүгээр л уран сайхны кино шүү.
Бага зулзагатайгаа үүнийг үзнэ гэж байсан юм. Нэлээд хүчээ аваад байсан кино уг нь.
Бага зулзага урвайж байгаад аниатайгаа хамт үзсэн кино. Харри Поттерийн шинэ цуврал гэсэн. Гэхдээ Харри энэ тэр гардаггүй гэсэн.
Ээжийн үзсэн уран сайхны кино. Гол дүрийнх нь жүжигчин энд гараагүй байна аа. Бас л сайхан залуу бий. Дахин дурлааский. Тоглосон киног нь үзэх болгондоо л дурладаг юм.
Окада Жюничи гэдэг. Гоё гоё дүрд тоглоно оо. Мужик дүрд.Нүд хөмсөг болсон гоё залуу байгаа биз дээ. Нетээс хайгаад зургийг нь үзээрэй.

Дурлаж мурлаад л шинэ оноо сайхан угтаж байна аа. Хи хи...

Sunday, January 01, 2017

Шинэхэн оны мэнд

Эрхэм олон уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе. 2017 ондоо амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх байцгааж, эрч хүчтэй өнгөрөөхийг хүсч байна.

Интернэтээр их олон гоё мэндчилгээний үг яваад байсан. Ганц нэгийг нь хуулж авлаа. Ирэх жилийн мэндчилгээндээ ашиглана. Цагаа тулахаар олддоггүй юм  билээ.
Шинэ он гарлаа, бая хүргэе. гэж байгаа юм.

Бага зулзагын цэцэрлэг нь эртээд цоо шинэ ийм мэндчилгээний карт хүүхэд бүрт өгөөд, хаяг бичих нүүрэнд л өгөх хүнийхээ хаягийг бичээрэй, нүүрэнд нь хүүхдүүд өөрсдөө мэндчилгээ бичнэ гэж байсан юм.

Бид уг нь монгол дахь эмээ өвөөгийнхөө хаягийг бичмээр байсан ч олон улс руу явуулахад төлбөр нь арай өндөр тул цэцэрлэгийн захиргаанд төвөг удаад яахав гээд больчихсон. Хэ хэ.

Тэгээд байнга л очиж төвөг уддаг уулынхаа эмээ өвөөгийнхөө хаягийг бичсэн.

1 сарын 1-нд ч бид өөрдсөө ууланд он гаргаж байгаа тул энэ мэндчилгээг нь харах боломж олдоод. Хайр хүрээд эндээ бас оруулж байна.

Хоосон байсан нүүрийг ингэж чимсэн байна. Тахиа жил гарч буй гэдэг утгаар дэгдээхэйний зураг зурсан байна.
Энэ жил их цастай байна гээд цаг уурынхан биднийг айлгаад байсан чинь цас орж шальсангүй ээ.

Ууланд харин багахан цас орж. Багахан цасаар бага зулзага тоглож нар нь гарч байна. Хөөрхөн жижигхэн цасан өвгөн хийсэн.

Нүүр номдоо найз нөхөддөө мэндчилгээ дэвшүүлж энэ зургаар гоёсон.

Үг олдож  үхэр холдох нь. 2017 он та бүхний минь хувьд олз омог ихтэй, сурлага хөдөлмөрийн амжилт ихтэй, эрүүл энх, аз жаргал бялхсан сайхан жил байх болтугай.