Friday, July 20, 2018

Амьд шүү

Гого бялууны зураг оруулаад алга болчихсон уу? Хэ хэ.

Нэг хэсэг бороогоор шаагисан. Баруун бүсийн Япон нэлээд хэцүүхэн байдалтай л байна. Суугуул нутаг маань  бас баруундаа орно. Энд тэнд мэр сэр хөрсний гулгалт үүссэн. Азаар хүн амьтны гарз хохирол алга.

Урагшаагаа Окаяма, Хирошима, Эхимэ гэх мэт нутгаар айхтар сүрхий юм болж. Бурхан минь.

Олон ч хүний амийг аваад явчихлаа. Дотор нь настай хүмүүс голцуу, бага насныхан голцуу өртөх юм. Нэг гэр бүлийн 2 хүүхэд ээжтэйгээ хамт нурж орж ирсэн хөрсөнд даруулаад амиа алдсан мэдээ уншаад сэтгэл сонин болов, хэсэгтээ л...

Сэргээн босгох ажил өрнөж байгаа ч, урсаж ирсэн ахуйн элдэв хог хяагдал, шороогоо цэвэрлэх их ажил, мөн олдохгүй байгаа хүмүүсээ хайх ажилд нухлуулж байна.

Энд тэндээс хандив, сайн дурынхан ч их ирж байна.

Ядаж байхад сүүлийн 2 долоо хоног халуун гэж юүхэв байна.  35-40 хэм хүрч халаад, бас л нийт нутгаар нарны хордлого? болж талийчихаад байна. Чиба гэдэг мужид бага сургуулийн нэг хүүхэд нас барав. Бөөн л асуудал үүсч байна.

Сургууль цэцэрлэгүүдийн зуны амралтыг наашлшшлмаар байна, нийтийг хамарсан арга хэмжээ зохиомооргүй байна, айркондэшн суурьлуулж өгмөөр юм энэ гээд л ярилцаад байна.

Миний хувьд бороонд гайгүйхэн шиг өнгөрлөө. Гэхдээ ирэх долоо хоног ажлаар явахад минь бага зэрэг нөлөөлж байна. Яаж гэхээр 2 л дамждаг байсан галт тэргээ 4 дамжиж очно. Төмөр зам хөрсний нуралтад өртсөн тул, их л тойрч байж очно.

Наадмын өмнөхөн нэг монгол айлтай хуушуур, боорцог хийж идсэн. Хүүхдүүдээ хамт тоглуулсан. 11-нд багахаан хуушуур хийж идэв. Нүүр номоор нэг хуушуурны зураг харсан хүн чинь тэсэлгүй л хар халуунд хуушуур хайрлаа.

Гэх мэтчилэн есөн жор нь бүрдсэн суугуул нутагтаа халуунд хөлсөө урсагасан шиг л амьдарч байна даа.

Монголоор нэг зугаалсан хүмүүс. Ижий аав минь бас яаж дутахав. Зугаалж зугаалж ирсэн. Утас шөрмөс нь холбогдохгүй санасан гэж. Ашгүй нэг харьж ирж хот хөдөөгийн таньдаг таньдаггүй хамаатнуудынхаа сонин сайханг жаал сонсов. Энх тунх, ажил амьдралдаа зүтгээд л дор бүрнээ сайхан л байна гэнэ. Овойж оцойтол баяжих гээд хэрэггүй ээ, гол нь эрүүл саруул, бага ч гэсэн цалинтай л байвал болох нь тэр гэж боддог болсон. Нас ахиж буйн шинж ээ...

Одоо дахиад чилийсэн 1 долоо хоног 40  хүрч хална гэсэн. Яажшуухан давж гарах вэ?

Та бүхэндээ бас амжилт хүсье ээ.

Monday, July 09, 2018

Бялууны зураг

Түрүүчийн бичлэг их урт  болсон, та нар ойлгож уншиж чадсан уу? Хэ хэ.
Мелон жимсийг жижиг халбагаар ухаж аваад, хальсан дотор нь крем хийгээд, дээрээс нь ухаж авсан мелон жимсээ хийчихсэн байсан. Бас л сэтгэж байгаа юм шүү.   

Том, бага хоёр зулзага энэ мелон жимсэнд нэг их дуртай биш болохоор ээж л ихэнхийг нь идсэн.

Дараа харжээ суухад дурсамжтай юм даа. Ингэж бичиж оруулахгүй бол яг ямар арга хэмжээ болоод, үүнийг идсэн билээ? гэж бодох байх тэ?

Бага зулзагынхаа нэг хөөрхөн паянгийн ачаар идсэн юм шүү. Тэр тухай түрүүчийн бичлэгт...

Бодлоо. Хойшид манайхаар орж гарах япон хүүхдүүдийг маш гярхай ажиглан, нэг л илүү хөдөлгөөн хийвэл сургууль руу утасдаж, ээж рүү нь утасдаж, сүрийг бадруулна аа.

Тэр цэцэрлэгийн насны охины ээж бол нэлээд ааштай байрын санагдсан. Тэрэнд найз нөхөд ховор байх аа.

Зөөлөн нь хатуугаа гэж аав минь захьдаг юм. Дөвчигнөж дөвчигнөж, эргээд бодохоор шаал дэмий сүр бадруулсан байх тохиолдол байдаг болохоор, би аль болох тайван байхыг хичээдэг ч, чадахгүй үе бий бий.

Хүүхдүүд биднийг их л олон зүйлд ухааруулж, сургаж, баярлуулж, гомдоох юм даа тэ. Бид ч багадаа ээж аавдаа их л төвөг удсан байх даа. Уучлаарай. Хайртай шүү...

Бүх ээж аавуудад ирээдүйн хойч үеээ өсгөх, хүмүүжүүлэх их аянд нь амжлт хүсье ээ.

Sunday, July 08, 2018

Зулзага минь дээ

Багахан зулзага минь нэг хэрэт тариад аа. Хи хи.

Одоо бол ээжийн уур гараад, эргээд өмөөрөх янзтай. Аав нь бол өмөөрөөд давхицан л даа.

Хичээлээсээ тарж ирээд л гадаа тоглодог юм. Нартай сайхан өдөр бол би ч гадаа тоглуулах дуртай. Тэгэхгүй бол зурагт шагайгаад  байдаг болохоор.

Нэг өдөр 18 цаг жаахан өнгөрөөд орж ирлээ. Зун цагт гадаа тоглох цаг 18 цаг хүртэл байдаг юм. Цаг болонгуут ая явна. Учиргүй тоглож байсан хүүхдүүд тал тал тийшээ тараад л алга болно. Их дуулгавартай, гэртээ харьж байгаа нь тэр.

Гаднаас орж ирээд, 00 орчихоод, гараа угааж байсан чинь хонх дуугарав. Ихэвчлэн цуг тоглоод байдаг ангийнх нь охины ээж зогсож байна.

-Та охиноосоо болсон явдлын талаар сонсов уу?
-Үгүй, охин дөнгөж сая орж ирээд л байж байна. Яасан.
-2 дугаар ангийн хүүхэд гэхээргүй үйлдэл гаргаад, танай охин.
-Яагаа вэ?
-Цэцэрлэгийн хүүхдийг хашлаганы ханан дээр тэнэг гэж бичээд.
-Юу? Охин минь уу?
-Тийм, танай охин эхэлж бичээд, тэгээд манай охин дуурайж дагаж бичээд.
-Өө, яана аа? Тэгсэн үү? Очиж уучлал гуйя даа, тэр тэнэг гэж бичүүлсэн охиноос.

Замдаа тэр ээж тэгж байна аа?
-Бичүүлсэн охины ээж сургууль руу нь утасдаж хэлсэн, би бас утасдсан. Өөр лүү чинь  багш нь утасдах байх.
-Өө тийм үү? Дотроо бол сүртэй шд, манийг багад өчнөөн л сонин сонин юм биччихсэн л байдаг байсан шд гэж бодоостой.

Уур л хүрээд л явчихсан. Багыгаа загнаад, дагуулж очоод, 90 хэм тонгойлгож байгаад л уучлал хүсэв. Бага зулзага надад загнуулаад, таван салааны амт үзчихсэн хүн чинь уйлаад л, уучлал гуйв.
-Би дахиж тэгэхгүй ээ? Би өөрөө тэнэг юм аа, уучлаарай.

Би бүр гайхав. Сонин? заагаад өгчихсөн юм шиг, нээх том хүн шиг уучлалт гуйхаар нь.

Өнөөх цементэн ханыг нь хальт гараараа хусаж үзэв. Бага зэрэг арилсан л даа, тухайн үедээ.

Бас тэсэлгүй хамт бичсэн охинд хэлэв.
-Чи жинхэнэ найз л юм бол дагаад, дуурайгаад бичих биш, буруу юм хийж байхад нь болиулах хэрэгтэй шд. Тэгснээ тэр л түрүүлж бичсэн гэж нэгэн лүүгээ чихээд байхдаа яадаг юм?

За тэгээд л ууртай хүн охиноо дагуулаад харив. Хань ижил ирсэн байв. Зүлгүүр энэ тэр олоод, очиж хусаад ир гээд хамт явуулав.

Хань ижил тэнд очоод бас тэнэг гэж бичүүлсэн хүүхдээс уучлал гуйсан байгаа юм. Тэгсэн хамт бичилцсэн охины ээж нь гарч ирснээ учиргүй бага зулзага руу минь дайраад байсан гэсэн. Тэгээд хань ижил бас тэсэлгүй, уур нь хүрээд, охиноо харьж байг гэж явуулчихаад, тэр хамт бичилцсэн охины ээжтэй үзэлцээд авсан гэсэн. Тэд нэг байранд юм билээ.

Үзэлцээд авна гэхээр учиргүй гар мар хүрэхгүй шүү дээ. Хэ хэ.
-Чи яагаад, өөрийн чинь охин хамт бичээ биз дээ? Яагаад, учиргүй миний охин луу ганцааран луу нь дайраад байгаа юм?
-Танай охин түрүүлж бичээд. Манайх зүгээр л дуурайж бичсэн.
-Өө, ямар сонин юм? Бичсэн бол бичсэн шд. Би хүүхдээ өмөөрч байгаа юм биш, буруу зүйл хийвэл мэдээж загнана. 2 хүүхэд байхад нэгийг нь илүү загнаад байгаад чинь уур хүрч байна...
-Тэгж ярьвал танай охин манай гэрт байсан чихэрнээс нууцаар авч идээд. Би тухайн үед нь загнаад, дараа хэлээд аваарай гэж хэлсэн.
-Хэдэн чихэр идсэн юм?
-Ганцыг идсэн. Хүүхдээ хайраар дүүрэн өсгө.
-Тэрийгээ чамаар заалгахгүй ээ.

Ха ха. Нэг ийм яриа болсон гэнэ. За тэр чихэрний яриаг би анх удаа сонсож байгаа болохоор бас бага зулзагатаа уурлав шд.

-Айлд орж тоглож болохгүй, гадаах цэцэрлэгтээ л тогло. Хүн чихэр энэ тэр өгвөл авч болохгүй. Мэдэв үү?
-За, ойлголоо... Нулимсаа татна.

Багш руу нь утасдаж хэлэв.
-Бичүүлсэн охиноос уучлал гуйгаад ирсэн. Охиныгоо ч зөндөө загнасан. Тоосыг нь бага зэрэг гөвсөн. Харин нэг юм хэлэхэд, тэр цуг бичсэн охин чухам л найз гэж хамт тоглодог юм байж, хамт хэрэг тарьчихаад би зүгээр л дагаж дуурайсан, С л хамгийн эхэнд бичсэн гэж нэгэн лүүгээ чихээд байхдаа яадаг юм? Жинхэнэ найз нөхөд ямар байх ёстой талаар сургууль дээр нь бас зааж өгмөөр юм. Бла ла.
-За ойлголоо. Хурдан шуурхай очиж уучлал гуйсанд баярлалаа.

Орой нь жаахан тайвширсан улсууд хоорондоо япончуудаа жаахан муулав шд.
-Амьдрал мэдэхгүй ёстой тэнэг юмнууд чинь...
-Жалга довноосоо гарч үзээгүй, ахархан бодолтой мангар юмнууд...
-Жаахан хүүхдэд нэг тийм үе байдаг шд, хүний юм гоё харагдаад, заримдаа хусчих гээд байдгийг мэддэггүй? Нэг л их илүү хөдөлгөөн хийдэггүй хүүхэдтэй юм шиг балай юмнууд...
-Уут дүүрэн чихэр бариад аваачаад өгчихмөөр юм бэ?

Хэ хэ. Ганц нэг гайгүй дотно байдаг япон хүмүүстэйгээ ярианыхаа явцад хэлж гомдоллов. -Танай энэ япончууд дотор бас сонин гарууд байх юм тэ? Тэд маань яахав.
-Тийм сүр болох зүйл биш л байх юм? Хүүхдүүд л болсон хойно есөн шидийн юм сэтгээд хийгээд явдаг шд. Одоо харин зарим нэг ийм сүржин ээжүүд их бболоод байгаа гэж ярих юм билээ?

Маргааш нь хамт бичсэн охины ээж бялуу авчирч өгсөн. Би дэлгүүр гарсан хойгуур ирсэн байсан. Тэгээд ч угаасаа тэр тэнэг гээд бичүүлсэн цэцэрлэгийн насны охинд нэг хөөрхөн чоко өгнө гээд бэлдсэн байсныгаа бариад, хажуугаар нь хамт бичсэн охинд бас нэг жижиг чоко бариад л хаалгыг нь тогшлоо.

-Өчигдөр уучлаарай, сэтгэлийн хөөрлөө барьж дийлэлгүй танай С охиныг илүү загнасанд.
-Өө, яах гэсэн юм?
-Зүгээр зүгээр, урдных шигээ найз хэвээрээ тоглоод явбал тийм ээ?
-Харин тийм ээ.

За нэг иймэрхүү сүржин юм болов. Бага зулзагынхаа буянаар нэг өвөрмөц бялуу идэв шд, нэр орой. Хи хи.

Ямар сургамж авав гэхээр? Занг нь сайн мэдэхгүй айлд орохгүй байх, хааяадаа цуг гарч хараа хяналтан дороо тоглуулах. Өөрийн бага насных шигээ болож болохгүй нь.

Дур хүрвэл бялууны зураг оруулна аа...

Monday, July 02, 2018

Амьд явахын төлөөх тэмцэл

Аяа бас л аймаар түүх.
Аймаар улс.
Аймаар сонголт
Айхтар тэмцэл...

Нэлээд хэдэн жилийн өмнө дэлхий нийтээр шуугисан даа. Би одоо л номыг нь уншиж эхэлж байна. Дуусаагүй л дээ.

Тээр жил "Атаархах эрхгүй" гэдэг номыг уншаад бас сэтгэл сонин болж байсан шүү. Хойд Солонгосын үнэн дүр төрх.

Нүүр номоор яваад байсан даа, манай 80-д оныхны ганц гайгүй яваа залуугийн удирдаж буй улс, ард түмэн...

Пак Ёнми охины тухай мэдэх байх өө тийм ээ? Би их хожуу л унших гэж байгаа болохоос.

Төрсөн нутаг Хойд Солонгосоосоо дүрвэж, амьдрахын тулд бас л тэмцэж ирсэн. Амьд явахын тулд ингэж тэмцдэг юм байна шүү дээ. Тэгэхэд хааяа нэг муу хар юмны араас үхэн хатан гүйгээд, бүтэлгүйдээд, агшиндаад байдаг охид нэг уншвал тийм ээ.

Еэ бас л яаж Хойд Солонгост очоод төрчихөөгүй юм...

Одоо төр засаг минь жаахан сэтгэл гаргаад ажиллачихвал миний Монгол уг нь баялагтай, аз жаргалтай орон юм байгаа юмсан.

Хэдэн ханаж цадахаа мэдэхээ байчихсан дарга нарын л чин сэтгэл мэдэх гээд  байх юм.

Боддог юм. Тэдний үр хүүхэд аавыгаа, ээжийгээ буруу зүйл хийгээд байхад жаахан загнаад, уурлаад явахад яадаг байна аа тэ?

Тархины тураалыг бичсэн Аяко хэлдсэн байдаг даа. Аав ээжийнхээ хахуульны мөнгөөр гадаадад сураад, ичих ч үгүй яваад байдаг гэж...

Би бол үр хүүхдээ хойшид толгой бардам, ээж ааваараа бахархаад яваасай гэж л хүсдэг. Өөрөө ч ээж ааваараа бахархдаг. Хэдийгээр хоёр иддэг тансаг өсөөгүй ч, бидэнд амьдралын ухааныг ихээр хайрласан. Хүнд тусархаг зан нь өвлөгдсөн. Эргэж хариу нэхэлгүй зөндөө л хүмүүст өөрийн чадах зүйлээрээ тусалсан байдаг.

За за юу ярьж байлаа? Ном, Хойд Солонгос. Ямартай ч уншина гэж төлөвлөсөн байсныгаа эхлүүллээ. Энэ сардаа амжаад дуусгахыг хичээнэ ээ. Ажлын газрын нэг хүүхэн "аймар ном" гэсэн. Сэтгэл эмзэглүүлсэн зүйл ихээр гарна, сэтгэл зүйгээ бэлдээд л уншина даа.

Ярилцлага нь нэт, юүтүбээр их байдаг юм шиг байна лээ. Хэрэв номыг нь унших боломжгүй бол бэлэнчлээд, олж үзээрэй...

Өөртөө амжилт,  мөн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, талархаж амьдрана аа.

Sunday, July 01, 2018

7 сар гарчихлөө

Ямар ч хурдан юм. 7 сар гарчихлөө.
Энд тэнд наадмын гоёл гэсэн л зар харагдах болж.
Монголчууд та нар ганган шүү, цоглог шүү, зоослог шүү.
Жил бүрийн наадмаар дээлээ сольж өмсөөд л.
Хуучин дээлээ яадаг вэ? Асуух гээд л яваад байдаг байлаа.

Би уртаашаа өргөөшөө хоёрхон дээлтэй байсныгаа нэгийг нь актлаад. Оронд нэг шинэ дээлтэй болсон. Тэрийгээ 12-ны өдөр өмсөөд л гарна даа. Хэ хэ. Өмсөөд гарахгүй ээ, хар халуунд юун дээл. Зүгээр л цүнхэлж аваад гарна. Нэгэн бага сургууль дээрх танилцуулга хичээлд өмсөж орно. Хар халуунд урсаж өгөх байх аа? Халшраад л байна шүү.

Халуунд дээл өмсөхөөр хөлс баас гоожоод, үнэр танар шингээд, дараа нь дээлээ арчлах гэж аяа бас л...

11-нд ажилтай, 12-нд ажилтай, 13-нд ажилтай. За за наадмын өдрүүдэд бүгдэд нь ажилтай. 14, 15-нд амрана аа амрана. Тэгэхээрээ хуушуур хийж идэх санаа байна. Халууцаад залхуурч ч магад. Гараад л сайхан наадмын хуушуурыг голж шилж байгаад идэх юмсан. Хэдэн жил ч наадмын хуушуур идсэнгүй вэ дээ? Яг ориг нар сар гэрэлтсэн хуушуурыг ориг наадмын талбай дээрээс идээгүй удаж байна гэсэн үг шүү. Түүнээс нар сар гэрэлтсэн хуушуур энд хэд хэдэн удаа идсээн идсэн.

Сүүлийн үед ганц нэг хүмүүстэй хэг ёг хийсэн. Би хүнд хэлэх үгийг нь заасан болж, өөртэйгөө адилхан байлгах гэж хэт чармайсан болж буруудсан. Одооноос загас шиг дуугай байхаар шийдсэн. Чадахгүй ээ туучий чинь. Хи хи. Бүр болохгүй бол эндээ л сараачихаас, хүнд заачих гээд байвал. Уншигч олон та нар алгасаад явчихна биз?

7 сарын онцлог гэвэл сургуулийн амралт эхлэнэ, болоогүй ээ, сүүлээр. Би бас сүүлээр мужаасаа гарч ажиллана. Мөн  Монголоос танилцах дадлагаар 10 жилийн сурагчид ирнэ. Тэд нартай ганц нэг өдөр тулж ажиллана.

Ээлжит жүжгээ үзнэ, бага зулзага бид хоёр.
Үсчинд захиалга өгсөн. Жилдээ ганц удаа үсчин орж байна. Ургаад, арзайгаад ирэхээр нь сайхан годогонуулаад боочихно. Ямар сайндаа нэг монгол эгч томоос том охинтой гэсэн чинь гайхаад байсан. Чи өөрөө жоохон биз дээ? гээд. Тийм ээ би өндөр намаараа жоохоон жоохон. Хэ хэ.

Өө бас нэг газар очиж монгол хоол хийнэ. Хань ижлийн найз эмээ гуйгаад аа. Гэснээс хань ижил эмээ найз олонтой, би өвөө найз олонтой. Энэ одоо ариун явдал уу ч гэх шиг. Ккк

Бага зулзагын монгол хэл гайгүй сайжраад. Сайжраад ч гэж дээ, өөрөөсөө ярих гээд байдаг болсон байна лээ. Дуудлага энэ тэр бол мэдээж гадны хүн шиг л дээ. Уулзаж учирдаг хүмүүс минь битий шоолоорой, харин ч мундаг гээд байгаарай. Плийз шүү.

Өө тийм, саяхан бага зулзага гайхал минь нэг хэрэг мандуулаад, дараа бичимз... Сүр л юм боллоо. Жалга довноосоо гараагүй япон хүн, амьдрал мэдэхгүй япон хүн байна цаана чинь бас. Энэ олон хүн дотор тийм ээ?