Monday, March 30, 2015

Зузаан ном

Уншаад дуусгачихлаа. Хүмүүс магтаад л шагшаад л байсан даа, салахгүй уншлаа энэ тэр гээд л. Хэтэрхий сайхан гээд төсөөлчихсөн байсан чинь яг ч санаанд хүртэл гоё байсангүй. Жаахан нуршуу ч юм шиг. Гэхдээ сонирхолтой байсан шүү. Бас болоогүй ээ дараагийнх нь дугаарыг захьчихсан. Тэсэн ядан хүлээнэ. Хэ хэ
Бас л олон Вангерийг тогтоох гэж хэл ам сугалчих гээд. Байнга өнөөх гэр бүлийнх нь ургийн бичгийг сөхөж хардаг гэж байгаа. Хэ хэ

Гэхдээ байна шдээ, хааяа боддог юм, ийм аймар хэрцгий хэрэг гардаг, ялангуяа эмэгтэйчүүд, охидыг ингэж зэрлэгээр ...х, тарчлаах гэсэн агуулгатай ном зохиол товхимол, кино бага хэвлэгдэж гарч байгаасай, гарсан ч тэрнийг бүү уншаасай, бүү үзээсэй гэж боддог, өөрөө ч бага уншихыг боддог. Ялангуяа зодоон цохион, алан хядалттай кино үзэх дургүй. Бага байхын л тэр цуврал гэмт хэрэгтэй, мөрдөгчтэй ном нэг хэсэг их дэлгэрсэн дээ, тэрийг ч тоож уншдаггүй байлаа. Харин "Муу ёр 666" уншдаг байсан.

Энд нэг сайхан нь хамаа намаагүй кино тэр бүр гарахгүй. За тэгээд тэр дундаа эрэгтэй хүмүүс бол бараг уншаад, үзээд хэрэггүй. Сонирхоод ч юм уу, санамсартай санамсаргүй ямар нэгэн байдлаар эмэгтэйчүүдийг тодорхой хэмжээгээр дарамтлах гэж үзнэ дээ гэж боддог.
Дэлхийн хаа нэгтээ ингэж зовж шаналсан эмэгтэйчүүд байгаад сэтгэл эмзэглээд байдаг юм. Охидтой болоод ч тэр үү.

Жич: Биби сан, зургийг чинь ашигласанд гомэн нэ. Өөрөө дарахаас залхуурав. Хэ хэ.

Нүсэр бэлтгэл

Дунд сургуулиас нь урьдчлан мэдэгдсэн өдөр очиж хичээлийнхээ хэрэгслийг худалдаж авлаа. Үүнд:
1. Тамирын хувцас. Ханцуйтай цамц, өмд, зун өмсөх богино өмд гэсэн 3 зүйлийг хэмжээгээ өгөөд захиалга өглөө. Нээлтийнхээ өдөр гардаж авдаг гэнэ. Цагаан өнгийн подволкыг харин 2 ээлжийг авлаа.
2. Сургууль дотроо өмсөх углааш. Энэ нь энд ихэвчлэн 00-ын өрөөнд байдаг шиг сонин тавчик гээд л том зулзага жаахан дургүй байсан. Хэ хэ. Тэгэхээр нь би "за эд нар аливаа зүйлсийг судлахдаа сайн, ямар нэгэн байдлаар ашигтай болоод л ийм тавчик өмсгөж байгаа биз" л гэлээ.
3. Тамирын пүүз. Дотор зааланд өмсөх тул цагаан өнгөтэй.  Энэ нь үндэснийх нь бренд болох Мизүногийнх.
4. Гадаа тамирын хичээл хийх үедээ, мөн сургуульдаа ирж очихдоо өмсөх пүүз. Энэ бас мизүно.
5. Пүүзээ хийх уут. Сургуулийх нь нэр бичээстэй.
6. Жижиг гар цүнх. Ганц л тасалгаатай. Түүндээ бодвол тамирынх хувцас энэ тэрээ хийх юм болов уу даа.
7. Усны хувцас. Үүнийг 6 сард захиалгыг нь авдаг гэнэ. Урьдчилан хэмжээгээ шийдлээ.
Дээрх зүйлсийг сургууль дээр нь тухайн зүйлсийг зардаг газрууд ирж шууд худалдаа хийдэг юм байна.
8. Нэрээ бичиж тамирынхаа цагаан подволк дээр наах 2 ширхэг нимгэн даавуу бас худалдаж авна. Хэ хэ.

Тусдаа дор бүрнээ бэлтгэх зүйлд дүрэмт хувцас. Пиджак, юбка, жилетка. Зөвхөн энэ 3 хос гэхэд д монгол мөнгөөр бараг сая төгрөг гараад явчихаж байгаа юм. Дээрээс нь ханцуйтай цагаан срочкон цамц 2 ширхэг. Нэгийг нь дүрэмт хувцасаа авсан дэлгүүр нь бэлэглэсэн. Зун 6 сард зуны юбка, богино ханцуйтай цамц худалдаж авна. Мэдээж үнэ нь тусдаа.

Ном дэвтрээ хийх цүнхээ өөрсдөө дэлгүүрээс нь очиж худалдаж авна. Бас л хөөрхөн үнэтэй юм билээ. Хэ хэ. Хэд хэдэн төрөлтэй. Үнэ нь ерөнхийдөө ойролцоо.

За тэгээд хүүхэд чинь хэрвээ дунд сургуульд орох гэж байгаа бол эртнээс хуримтал үүсгэх хэрэгтэй. Жижиг сажиг зардал их гардаг юм байна.

Ингээд бүгд ив ижилхэн цүнх барина. Ив ижилхэн гутал, пүүз өмсөнө. Ив ижилихэн тамирын хувцас өмсөнө. Үүнийг ерөнхийдөө зөв гэж бодож байгаа. Тэгэхгүй бол охидууд л гэхэд гоёж гоодох гээд байдаг болчихдог юм байна. Гоёж гоодоход анхаарал нь яваад хичээл номдоо шамдахгүй бол гэдэг үүднээс нь ингээд дүрэм журамд оруулаад өгөх нь их зүгээр.

Жишээ нь гэхэд дээрх 8 зүйлийг худалдаж авах гээд л сургууль дээр явж байсан чинь чихэндээ аймар том цагираг ээмэг зүүчихсэн, гял цал өнгийн цүнхтэй охин ээжтэйгээ явж байсан. Би нь охидынхоо чихийг цоолохгүй л яваад байгаа. Тэртэй тэргүй цоолох бол амархан. Чихээ цоолсоноосоо болоод дунд сургуульд дээд ангийнхаа болон үеийнхэндээ ямар нэгэн байдлаар шоглуулвал төвөг гэж бодоод байгаа. Тэгээд ч энэ чинь бас эдийн засагт ч хэмнэлттэй. Яагаад гээч, хүүхэд өөрт нь хэдэн төгрөгтэй болбол хөөрхөн бал харандаа гэхгүй ээмэг гээд л авна. Энд тэнд явж байхдаа ээмэг бөгжин дээр нүд нь тусаж л байдаг юм. Би бол тоохгүй ээ. Тэртэй тэргүй зүүх нас чинь ирнэ гээд.

Залуу нас өөрөө тэднийг чимнэ.

За юу ярьж байлаа? Аан тийм, сурах бичгийг нээлтийн өдөр тарааж өгөх байх. Дунд сургуулийн 3 жил албан буюу суурь боловсрол тул ихэнхи сурах бичиг үнэгүй. Ганц нэг сурах бичгийг худалдаж авна. Ингэхдээ номын дэлгүүр гэх мэтээр хайгаад явахгүй. Сургууль нь тавьж өгөөд төлбөрийг нь эцэг эх төлнө.

Дардаг балын харандаа хэрэглэж болдог гэнэ. Бага сургуульд дүрмээрээ бол үзүүрлэдэг балын харандаа хэрэглэнэ. 5, 6-р ангид ороод архагшаад ирэхээрээ эхнээсээ дүрэм зөрчөөд дардаг балын харандаа хэрэглээд явчихдаг юм билээ.

Дэвтрийг яадагийг нь мэдэхгүй л байна. Өөрсдөө явж худалдаж авах нь уу? Сургууль дээр нь зарж байх нь уу? Мэдэхээрээ хэлнэ ээ.

Аавдаа хэлсэн чинь
-Наадах чинь дөнгөж эхлэл нь. Хойшид бол үүнээс ч илүү зүйл шаардана та нараас.
гэсэн. Хэ хэ. Би бодохдоо багадаа ийм зүйл шаардаж байгаагүй шиг л санагдаад. Хэ хэ. Гэхдээ худлаа, шаардаж байсан юм байна. Цэцэрлэгтээ ч билүү? Цасан охин болно палаж хийж өг гээд ээж маань тюль хөшгөөрөө хийж өгч байсан гэсэн. Хэ хэ. Өөр зөндөө бий. Дараа боломж гарахаар бичнэ ээ.

Thursday, March 26, 2015

Урлан

Уран бүтээлээ туурвиад л байгаа шүү. Нүүр номдоо оруулчихаад байгаан уг нь. Гэхдээ бас блогтоо оруулахгүй бол гомдчих байх муу блог минь гэж айгаад. Хэхэ
Аяганы суурь.
Бид гэхдээ лааныхаа стакан дор тавьж хэрэглэж байгаа. Нэг бондгор утас хүнээс авсан байсныгаа ашиглаж хийсэн болно. Ганцхан болохоор том зүйл нэхэж хүрэлцэхгүй. Аяганы суурь бол 4 ширхэг нэхсэн.
Цэцэг
Охиныхоо төгсөлтийн баяраар энгэртээ зүүх цэцэг худалдаж авах уу? болих уу? гэж эргэлзэж байхад ажлынхан маань
-Мундаг юм чинь нэхчихээч ээ. Худалдаж авах гэхээр үнэтэй шдээ.
-Харин тийм ээ. Дараа нь бас хадгалах газар олдохгүй төвөг болох гээд байдаг. Нээрээ нэхэж үзье байз.
гээд нэхсэн чинь нэг иймэрхүү. 2 янзыг нэхэж үзээд. Жаахан жижигхэн болчихоод болдоггүй. Тэгсгээд орхичихсон. Зүүгээгүй. Тэгж байгаад нэг зүйлд ашигланаа. Тэр үедээ дахин зураг орууламз. Энгэрийн зүүлтийг худалдаа хийсэн нэг дэлгүүр үнэгүй өгөөд. Хэ хэ.
Цэцэг
Нөгөө нэг нэхсэн цэцэг нь. Уг нь их хөөрхөн. Гэм нь жаахан жижигхэн. Тэгж байгаад томыг нэхэж үзнэ ээ.
За ойрд номоо ч уншаад, ажлаа ч хийгээд, урлангаа ч арвижуулаад, эхнэр болон ээжийнхээ үүргийг ч гүйцэтгээд л байж байна. Хэ хэ.
Дараагийн бүтээлээ танилцуултал түр баяртай. Гэхдээ өөр чиглэлээр блогоо бичих тул байнгын уншигчид минь санаа зоволтгүй шүү. :)

Wednesday, March 25, 2015

Танилаг

гэдэг бренд мэдэх үү? Саяхан нүүр номоор богино хэмжээний нэвтрүүлэг нь явсан юм. Тэгсэн би нь саяхан номыг нь олж уншаад. Бүгдийг нь уншиж амжаагүй. Эх оронд минь ажиллаж амьдардаг нэгэн япон хүүхний тухай түрүүлж уншчихаад блогтоо. Бусад оронд ажилладагыг нь дараа л уншина даа. Хэ хэ.

Уг ном нь дэлхийн өнцөг буланд япон улсынхаа нэрийг гаргаад, мөн ажиллаж амьдардаг улсынхаа сайн сайнхны төлөө, мөн энэхүү номыг уншсанаар япондоо хийх юм аа олж ядсан, мөрөөдөлгүй, гадаадад гарч ажиллах сонирхолтой ч хэрхэхээ мэдэхгүй байгаа гээд л олон хүмүүст санаа аваасай гэсэн үүднээс гаргасан ном. Цуврал болгоод хэд хэдэн ном байгаа. Тэр болгонд мэдээж өөр өөр улсад ажилладаг бүсгүйчүүд гарна.

 Танилаг компанийг үүсгэн байгуулагч Сүзүки гэдэг 36 настай хүүхэн ноолууран бүтээгдэхүүн урладаг. Цахим хаяг нь: http://www.tanilag.com/. Монгол хэлээр алга байх шиг байна. Сайн ухаж амжсангүй. Ямартай ч ажлын байр бий болгоод, улсын минь хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаад нь баяртай байна. Өөрт нь ч гэсэн ашигтай шүү дээ, хэхэ.
Япондоо ч бас бүтээгдэхүүнээсээ гаргадаг гэнэ. Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой. Мундаг хүмүүс хорвоогоор нэг байх юм. Тэдний тухай олж уншаад байгаа би ч гэсэн мундаг болчих юмсан. Хэ хэ. Миний блогийг уншигч танд ч бас мундаг байхын ерөөл хүсье.

Ямартай ч эх оронд минь бөөн бөөн боломж хөрвөөд байгааг гадныхан олж харчихаад байх юм тэ. Бид нь өөрсдөө олж харах юмсан...

Их битгий хий, бага битгий хий, өдөр бүр хий

Төгсөлтийн арга хэмжээ болсны маргаашнаас эхлээд амарчихсан. Одоо 4 сард дунд сургуулийн хичээлийн нээлт болно. Тэр болтол том зулзага амарч байна. Зүгээр ч нэг амраачихгүй юм. Дунд сургуулиас нь бага ангийнх нь багшаар дамжуулж даалгавар гэж ирдэг юм байна. Надтай хамт манай ажил дээр ирээд л сууна. Яг л албан хаагч шиг. Мэдээж хүүхэд л юм чинь залханаа даа, тэр үедээ манга буюу комик авч уншаад л. Хаа нэгтээ биеийнхээ чилээг гаргаж ойр зуур алхаад л.
Гэрт нь ганцааранг нь үлдээхээсээ бас айгаад байдаг болсон. Учир нь японд ч сүүлийн үед сонин сонин аймшигтай хэрэг их гардаг болсон. Мөн зурагт энэ тэр үзээд даалгавраа хийхгүй явдал их гарна. Тэгээд л дагуулаад явж байна. Хаа очиж манай ажил хагас номын сан тул, гадаад оюутан ихтэй тул хичээл хийгээд суухад харин ч нэг чөлөөтэй. Ажлынхан ч сүйд болно, гэм нь магтаад унахаар нь жаахан хэцүү хэхэ.
Өдөр нь хооллох гэж нэг асуудал гарч ирнэ. Өөр шигээ ажил амжуулангаа хальт мулт хооллохгүйг хичээгээд, хаа нэгтээ дуртай газар нь хоолонд орж эрхлүүлнэ. Түрийвч нимгэрээстэй. Хэ хэ.
Хичээл нь хурдан эхлээсэй, гэснээс энэ дунд сургуульд чинь их хэцүү гэж дуулдаад байна. Дээд доод ангийн ялгаа, ах захын зааг гэж их ширүүхэн зүйлтэй тулгарлдаг гэнэ. Тэрнээсээ үүдээд ижимэ гээж дээрэлхэх үйл ажиллагаа бүрэн утгаараа хэрэгжиж эхэлдэг гэнэ дээ. Санаа зовоостой. Хэвлэл мэдээллээс сонсоод байхнээ, их л зэвүүн цаанаа л нэг хорон байдаг юм шиг байна лээ. За энэ талаар дараа л болоё. Бодохоор л санаа зовоод, тэглээ гээд  ямар сургуульд явуулахгүй байлтай биш.
Нээрээ захирал багшийг хальт таних юм билээ. Таарвал сүйд болох байх даа, нэг бол танихгүй царайлж ч магад. Зарим япон хүмүүс тэгдэг юм. Т1. Хэхэ

За гарчигтаа яагаад ийм сүрхий ишлэл бичсэн бэ гэхээр, энэ японд хүүхдийг багаас нь юм хийж сургадаг юм шиг байна. Юм хийнэ гэдэг нь хичээл хийж, ямарваа нэг зүйлийг уйгагүй нухаж сургадаг юм байна. Мэдээж бүх хүүхэд тэгж сурахгүй л байх л даа. Ерөнхийдөө олонх ингэж махарч сурах байх. Яаж байна гэхээр, анги дэвшээд өөр ертөнцтэй танилцаж эхлэх тэднийг даалагавар хий гээд япон хэл, тоо, бие даалт гэсэн сэдвээр өдөрт тэдэн хуудас гээд заагаад өгчихөж. Тэгээд тэрийгээ яг л багшийн хэлснээр хийх гээд үзэх юм. Би бол хурдхан шиг бүгдийг нь гялалзуулчихаад бусад өдөр нь тааваараа сайхан таахалзмаар. Хэ хэ.
Тэгсэн том зулзага тэгдэггүй ээ. Харин ч эсрэгээрээ өдөрт хийх гэсэн хувиа хийхгүй үлдээчих гээд байна. Ямартаа ч юу ч хийхгүй өдөр гэж байхгүй. Тэгэхээр л энэ өдөр бүр хий гэдэг үг биелэлээ олоод байх шиг...

Friday, March 20, 2015

Төгсчихлөө ба зохион байгуулалт 3

Сурагчид төгсөлтийн үгээ тайзан дээрээс хэлээд дуусахад эцэг эхчүүдийг босно уу гэж хэлнэ. Эцэг эхчүүд босоход хүүхдүүд ээж аавдаа 6 жилийн турш биднийг дэмжиж байсанд баярлалаа гэж хэлнэ.

Мөн багш нар босоод, бүгд тайз руу харан зогсоод төгсөж буй сурагчдадаа хандан дуу дуулж өгнө. Мэдээж их гоё үгтэй, төгсөлтийн агуулгад тохирсон дууг хоолой салган гээд л маш чадварлаг дуулж өгсөн. Дуу хөгжмийн багш нь төгөлдөр хуураа дарна.

Хамгийн сүүлд төгсөгч сурагчид заалнаас гарахад урдах бичлэгт бичсэнчлэн 5-р ангийн сурагчид өнөөх цэцгэн аркаа барьж зогсоод, төгсөгчид түүн дундуур алхаад л хүмүүс алга ташин үднэ. Хамгийн сүүлд анги даасан багш нар алхаж гараад үүдэнд очсоныхоо дараа эргэж харан бүгдэд ёслоно.

За ингээд бүгд гарсны дараагаар эцэг эхчүүдийг хүүхдийнхээ ангид очихыг зарлана. Хүүхдийнхээ анги руу явцгаана.

Ангид анги даасан багш сүүлчийн хичээлээ заана. Самбарт баярын мэндчилгээний үг, цаасаар хийсэн цэцэг гээд л баярын уур амьсгал оруулаад зурсан, чимэглэсэн байсан.

Багш хүүхэд нэг бүрт хандан үг хэлсэн. Сүүлийн хичээлээ ингэж та нарт нэг бүрчлэн хэлэх гэсэн үгээ хэлээд дуусгамаар байна гээд.
-..., би бол их сайхан сэтгэлтэй, сувилагч болрх мөрөөдлөө заавал биелүүлээрэй.
-..., чи хөл бөмбөгийн тамирчин болно гэсэн тэ. Шантралгүй заавал хүссэнээрээ хөл бөмбөгийн тамирчин болоорой.
-..., япон бол чиний хувьд их жижигхэн улс, гадаадад гарч ажиллана гэдэг мөрөөдлөө заавал биелүүлээрэй. Том зулзагат хэлсэн үг.

Эцэг эхийн зөвлөлөөс бэлдсэн цэцгийн баглаа, бяцхан дурсгалын зүйл гардуулахад багш нь уйлсан, хөөрхий минь. Өөрөө 18 жилийн өмнө тус бага сургуулийг төгссөн юм билээ.

За тэгээд тарах болсон бие биенийгээ хараад хөөрсөн хүүхдүүд чинь мөд тарах шинж алга. Энд тэнд зураг даруулаастай. Хүүхдүүдэд гар утас болон хичээлийн хэрэгслээс гадна эд зүйлс авч явахыг хорьдог тул бүгд л ээж аавыгаа дуудаж зураг авахуулаастай.

За эндээс миний сэтгэлд хамгийн сайхан санагдсан зүйл эхлэнэ.
Эхний анги гараад явчихаж. Том зулзагын ангийг ангиасаа гараад доошоо буухыг нь 3-р бүлгийх нь хүлээгээд зогсож байна. Бид цуваад л шатаар доош буусан чинь

Вааув. Шатны хоёр талаар, коридорын хоёр талаар бусад бага ангийнх нь сурагчид, багш нар эгнэн зогсоод алга ташаад л үдэж өгч байна. Ингэж доошоо шатаар буухдаа шууд нэг шатаар доошоо буухгүйгээр сөөлжиж буусан. Тэр тоолонд давхар болгон, шат болгонд тус давхарт хичээллэдэг хүүхдүүд зогсчихсон алга ташаастай. Зарим нь гартаа дугтуйтай захидал барьчихсан. Өөрийнхөө хүндэлж явдаг сэнпай?-даа гардуулж өгдөг юм байна. Ингээд үдүүлээд явж байхдаа 1-р ангид нь дааж авсан багш, 2-р ангид нь дааж байсан, 3-р ангид нь дааж байсан багш нартай нь таараад л баярласан талархсанаа хэлээд л, багш нар нь баяр хүргээд л их сайхан санагдсан.

За үүдэнд гараад бас салж хагацаж чадахгүй ээ. Энд тэнд зураг даруулаад л. Үүдэнд, үүдний коридорт тусгайлан бэлдсэн цэцгийн баглаа, чимэглэсэн самбарын өмнө ээлжилж зургаа татуулаастай.

Фракц фракцаараа явж үдийн хоол иддэг юм билээ. Уг нь бол ангиараа багштайгаа нэг газар орж өдрийн хоол иддэг гэсэн. Гэхдээ энэ жил сургуулиас нь багш нарыг тэгж явахыг нь хорьсон бололтой. Бүтэн сайн өдөр хувийн шугамаар уулзалдаж нэг газар үдийн хоол идэхээр болсон. Даанч би нь төрд хэрэгтэй зайран болохоороо хотоосоо жаахан зайтай хөдөө тосгонд очиж бууз, ногоотой шөл хэрхэн хийх талаар сургалттай. Нээрээ хонь жил гарснаас хойш гурилан дээр суучихсан юм шиг, энд тэнд очиж гурилтай хоол хийгээд байгаа. Хэ хэ Тийм учраас аав нь охидоо дагуулаад л явна.

Мөд тарах болоогүй ээ, хүүхдүүд чинь гоё хувцастай, үсээ гоё засуулаад хөөрхөн дээрээ тавиастайгаа мэдэрчихсэн улсууд явж наадаг зураг татуулая гээд хөөрөөд яваад өгнө. Ээж аавынх нь аль нэгэн завтай нь дагаастай. Хүүхдийн төлөө за гэж хэлцгээн, чимээгүй л мөнгийг нь төлсгээд дагаастай. Хэ хэ.

Сэнпай гэдэг нь ахлах гэсэн утгатай. Сургууль соёлд бол дээд ангийнхан, дээд курсынхэн. Ажил албанд бол ахмад, түрүүлж ажилд орсон туршлагатай ажилтан гэдэг утгатай. Японд маш өргөн хэрэглэдэг үг.

За ингээд том зулзагаа төгсгөх том үүрэгт ажил өндөрлөв.
4 сард дунд сургуулийн элсэлтийн арга хэмжээний тухай бичимз.

Төгсчихлөө ба зохион байгуулалт 2

Эцэг эхчүүд болон цугласан зочдод арга хэмжээний хөтөлбөрийг тараана. Анх ирэхэд л үүдэнд өгч байсан.

За бүгд суулдаа эзлэсэний дараа хөтлөгч багш зарлаад явна. Бүгд босч зогсож байгаад төрийн дууллаа дуулна. Дараагаар нь сургуулийнхаа сүлд дуугаа дуулна. Дуулж дуусаад бүгд суусны дараагаар захирал багш тайзан дээр гарна. Индэрийн ард зогсоод хүүхэд нэг бүрийн нэрийг хэлж төгсөлтийн гэрчилгээг нь гардуулна. За бас ингэж гардуулж өгөх, гардаж авахдаа их л учир жанцантай гэж байгаа. Энийгээ бүр хэдэн өдрийн өмнөөс бэлддэг гэсэн. Яаж алхаж тайзан дээр гарах, яаж буух, тайзны аль талаас гарах, аль талаас буух гэх мэт.

Хэдэн өдрийн өмнөөс бэлдсэн байх тул хүүхдүүд хэлүүлээд байхгүй. 6-р ангийн 1-р бүлгийн сурагчдаас цагаан толгойн үсгийн дарааллаараа тайзан дээр нэг нэгээрээ гаран байраа эзлэн зогсоно. Тэгэхэд нь анги даасан багш нь нэрийг нь дуудахад "За" гэж хэлээд алхаж очин захирал багшийнхаа өмнө очиж зогсоно. Захирал багш хамгийн анхны хүүхдийн гэрчилгээг бүтнээр нь уншиж, тус сургуулийн хэд дэх төгсөлт болох тоог нь нэр устай нь хэлнэ. Гардаж авахдаа эхлээд баруун гараараа гэрчилгээгээ барин дараа нь зүүн гараа хүргэн, хоёр гартаа гэрчилгээгээ барьсан чигтээ дээш өргөн ёслоно. Ингэж ёслож байх хооронд тайзны доор, тайзны дээр хүүхдүүд чимээгүйхэн босч байраа эзлэнэ. Нэг хүүхэд тайзан дээрээс бууж байхад нэг нь гарч байна. 2 дахь хүүхдээс эхлэн харьцангуй товчоор нэрийг нь тоотой нь л хэлээд явсан. Гэх мэтээр нийт төгсөж буй 95 сурагчдынхаа нэр усыг, тоотой нь захирал багш уншиж хэлсэн. Хамгийн сүүлийн сурагч дээр гэрчилгээг нь бүтнээр нь уншиж дуусгасан.

Сурагчид суудлаасаа босоод тайзан дээр гарахын өмнө хүрэлцэн ирсэн зочдод мэхийн ёслоно. Тайзан дээр гарсны дараа тайзны голд өлгөөстэй төрийн далбаандаа мэхийн ёслоно. Гэрчилгээгээ гардан авчихаад гарч ирсэн талынхаа эсрэг тал руу буухдаа тэр талд сууж багш нартаа мэхийн ёслоно. Зүгээ өөрчлөн эргэх үедээ өнцөг гарган их л сүртэй эргэнэ. Яг л цэрэг хүн эргэж байгаа мэт.

Мөн үг хэлэхээр тайзан дээр гарч буй багш нар, томчууд бас цугласан олонд мэхийн ёслоно. Төрийн далбаандаа мэхийнэ.
Их л сүртэй. Алхаа гишгээ нь нэг тийм ямар ч илүү хөдөлгөөн байхгүй, яг л цэрэгээ цэрэг. Элдэв илүү хөдөлгөөн нэг ч байхгүй. Илүү сул үг нэг ч хэлэхгүй.

Бүх сурагчид гэрчилгээгээ гардаж авсны дараагаар захирал багш үг хэлнэ. Дараагаар нь хүрэлцэн ирсэн зочдыг төлөөлж эцэг эхийн зөвлөлийн тэргүүн үг хэлнэ. Үүний дараагаар бүх сурагчид босч байгаад тус бүр урьдчилан бэлдсэн дуугаа дуулна. 1-5-р ангийнхан тусдаа нэг дуу, 6-р ангийнхан тусдаа нэг дуу дуулна.

Дууны дараагаар төгсөж буй 6-р ангийнхан тайзан дээр гарна. Төгсөлтийн үгээ хэлнэ. Мэдээж урьдчлан бэлдэж цээжилсэн үгээ ээлжлэн хэлнэ. Ингэхдээ нэг хүүхэд урт урт мэндчилгээний үг хэлэхгүй. Тодорхой нэг агуулгаар бэлдээл тэрийгээ хувааж аваад нэг хүүхэд нэг өгүүлбэр ч юм уу, хэдэн үг хэлээд дараагийнх нь үргэлжлүүлнэ.

Нэг инээдтэй бөгөөд эгдүүтэй нь явцын дунд 1-5-р ангийн сурагчдыг бос гээд л команд өгөх юм аа. Тэр тоолонд өнөөдүүл нь их л сурмаг гэгч нь сүр сар гэж босоод л сүр сар гээд л сууна. Нэг ч сандал нааш нь цааш нь хөдөлгөж байгаа юм байхгүй шүү. Худалч хүнд хойд солонгосын цэргийн арми ч юм уу, нэг тийм сургуулилт бүхий арми шиг л. Яг миний өмнө 1-р ангийнхан суусан байсан. Тэр их удаан цагийн суултад мэдээж тэдний анхаарал сулраад л, хөдөлгөөн нь ихсээд л, хоорондоо шивэр авир гэх нь ч ихсээд л ирнэ. Жаахан юм чинь аргагүй шүү дээ. Тэрийг нь мэдсэн юм шиг л бос гээд л команд ирэхээр тэд нар нээх хөөрхөн яг л түрүүн бичсэн шиг сүр сар гэж босч суугаад л. Хэ хэ. Эгдүү хүрээд байгаа юм чинь.

Хэт урт бичлэг болчихлоо. Үргэлжлэлийг дараагийн бичлэгт.

Төгсчихлөө ба зохион байгуулалт

Зохион байгуулалтынх нь талаар бичнэ ээ. Жаахан сөрөг талаас нь ойлговол хагас цэрэгжилтийн маягтай. Хэ хэ
Би нь аливаа зүйлийн сайн талыг нь олж харахыг хичээдэг тулдаа л үнэн зохион байгуулалт сайтай юм аа л гэж харсан.

10 цагаас эхлэх арга хэмжээнд 9 цагаас эхлэн хүлээн авна. Үүдэнд анги ангиар нь нэрсийн жагсаалт байна. Ирсэн нь нэрээ дугуйлна. 5-р ангийн сурагчид гол үүрэг гүйцэтгэнэ. Учир нь ирэх жил тэдний төгсөх ээлж. Урьдчилан мэдэж авна гэсэн үг. Бүр жилийн өмнөөс. Мөн ямар хувцастай ирдэг, эцэг эх нь ямар хувцастай ирэх талаар мэдээлэл аваад тухайн үед гэрийнхэндээ мэдээлнэ. Хэт өөр хувцастай байвал хүүхэддээ ч тухайн ээж аавд ч эвгүй тийм үү?
Эхнээс нь ирсэн эцэг эх, сурагчдадаа багш нар нь үүдэнд зогсох нь зогсоод баяр хүргэе гээд л угтана. Мөн зохион байгуулж буй 5-р ангийн сурагчид, ер нь таарсан хүн болгон баяр хүргэе гээд л бөхөлзөнө. Бид хариу бөхөлзөнө. Хэ хэ.
Цугласан хүмүүст зориулан тусгай танхим гаргаж өгнө. Арга хэмжээ нь тамирын зааландаа болно. Ирэнгүүтэээ шууд зааланд яваад орчихгүй. Хэн нэгэн хариуцсан багш ирж газарчлах хүртэл тусгайлан гаргаж өгсөн өрөөнд эцэг эхчүүд бие биендээ баяр хүргээд л, хүүхдүүд нь ямар хурдан том болчихвоо, цаг хугацаа гэж асар хурдан юм аа гэсэн мэндчилгээний үгс солилцоод л зогсдог юм билээ.
Эхлэх цагаас 5 минутын өмнө хариуцсан багш ирж тэр шатаар доош ураадаад зааланд орцгооно уу гэнэ. Зааланд ороход хамгийн хойно эцэг эхчүүдэд зориулсан сандал өрөөстэй. Тэнд л сууна. Гол хэсэгт нь 1-5-р ангийн сурагчид суух сандал. Тайзны өмнө хэсэгт төгсөж буй 6-р ангийн сурагчид суух сандал анги ангиар нь жаахан зай гарган өрөөстэй. Заалны 2 захад нэгэнд нь багш нарын сандал, нөгөө талд нь орон нутгийн ахмад сайн дурынхан болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын ганц нэг гишүүн. Тэр хавийн цэцэрлэгийн эрхлэгч, бас бус мундаг тодотголтой хүмүүс. Эцэг эхийн зөвлөлийн дарга гэсэн зочдын суух сандал.
Эцэг эхчүүдийг яваад ороход 1-5-р ангийнхан бүгд суудлаа эзэлсэн байсан. Биднийг суусны дараагаар зочид орж ирж суудлаа эзлэв. Тэрний дараагаар төгсөх ангийн сурагчид орж ирнэ гэж зарлаад л хүмүүс алга ташин угтав.
Ингэж орж ирэхдээ бас их учир жанцантай. Хоёр хоёроороо орж ирнэ. Ингэж орж ирэхэд нь 5-р ангийн сурагчид цаасан цэцгээр чимэглэсэн нум хэлбэрийн арк бэлдсэн түүнийгээ барин өргөж зогссон байна. Тэрхүү нуман доогуур гарч алхана. Эхлээд анги удирсан багш нар нь орж ирээд л, араас нь анги ангиараа ээлжлэн сурагчид орж ирнэ. Хүмүүс алга ташаастай, хамгийн сүүлийн сурагч алхаж ороод байраа эзэлтэл.

Авууштай нь яагаад 1-5-р ангийн сурагчид бүгд орж үздэг вэ гэхээр төгсөн буй хүүхдийнхээ зургийг авах гээд ээж аавууд нь завгүй тул алга ташиж завдахгүй дээ, тийм үү. Тэгэхээр цугласан бусад сурагчид алга ташсаар л байна. Мөн ах эгч нарыгаа харан "би ч гэсэн тэдэн жилийн дараа ингээд л төгсөнө дөө" гэж эрч хүч, үлгэр дууриал авна.

За арга хэмжээ дуусах хүртэл бичих гэхээр их урт болох гээд байна. Өнөөдөр ингээд өндөрлөе. Үргэлжилнэ.

Thursday, March 19, 2015

Төгсчихлөө ба хувцаслалт

За ингээд том зулзага минь бага сургуулиа амжилттай төгслөө. 6 жилийн хугацаанд ээж аавынхаа чихийг нэг их халууцалгүйгээр төгссөнд баяртай байна өө.
Ажлын шугамаар энд тэнд явахдаа японд сурдаг гадаад хүүхдүүдийн тухай бага сага сонсож л байлаа. Мэдээж амжилттай сайн сурдаг нь ч байна, ээж аавынхаа чихнээс хонх уядаг нь ч байна.
Ээж аав нар энд тэнд уйлаад л, би нь байхгүй ээ, уйлж буй хүмүүсийг харж гайхаад л хэхэ. Би нь яг ийм хэрэгтэй үед уйлдаггүй сонин. Тэгснээ бусдынхаар бол шаал хэрэггүй зүйлд уйлдаг гэсэн. Хэ хэ

Эцэг эхүүдийн хувцаслалт нь ерөнхийдөө бараандуу өнгийн хувцас. Учир нь төгсөөд бүгд үүрнээсээ нисэн одно гэдэг утгаараа. Бага сургуулиа төгсөөд ихэнхи нь нэг дунд сургуульд орох ч ганц нэг хүүхдүүд гэр нь нүүж байгаа, ээж аавын ажлын шаардлагаар хаа нэгтээ өөр хот руу шилжиж байгаа гээд өөр газар луу шилжих нь ч байна. Тийм болохоор салан одоцгоож буй гэдэг утгаараа хар бараан өнгийн хувцас өмсдөг гэсэн. Дунд нь мэдээж цайвар өнгийн хувцас өмссөн ганц нэг хүн байсан. Бас үндэснийхээ хувцас кимоног өмссөн 5 ээж байсан. Тэдгээрийн хүүхдүүд бас кимоно өмссөн байв.
Аавууд костюмтай ирсэн байсан. Өнгөний хувьд хар бараан голцуу, саарал гэх мэт өнгийнхийг өмссөн ч аав байна лээ. Мэдээж гартаа камер, зургийн аппарат бариастай. Хань ижил 8 гартай байсан болоосой гэсэн. Хэ хэ.
Ээжүүд нь юбка пиджакны хослол түлхүү өмссөн байна лээ. Кимоно өмсдөг ээжүүд бас байдаг юм билээ. Өмд өмссөн нь байсан. даашинз, дээрээс нь пиджак өмсөх нь ч элбэг.  Бас нэг зүйл: ээжүүд энгэртээ цагаан, яагаан гээд л цэцэг зүүсэн байсан. Англиар нь corsage монголоор хажаас гэнэ ээ. Хэ хэ. Шинэ үг мэдэж авав. Мөн хүзүүний зүүлт нь ихэвчлэн сувдан зүүлт зүүсэн байна. Ер нь энд сувдан ээмэг бөгжийг их хэрэглэнэ. Оршуулга, хурим, төгсөлт, элсэлт гээд л элдэв арга хэмжээнд их зүүдэг. Нэгийг худалдаад авчихсан байхад илүүдэхгүй санагдсан. Аан тийм, бас гартаа нэг жижигдүү цүнх барьсан байх нь элбэг байсан. За энэ нь брэнд байх тохиолдол их байдаг юм билээ. Би нь болохоор монголд нэг найзынхаа өгсөн монгол арьсаар, монгол хийцийнхээ нэг жижигхэн цүнхийг үүрчихсэн. Хэ хэ. Хаана ч явсан үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ ээ. Их дэлгүүрийн 5 давхарт билүү байдаг бэлэг дурсгалын тасагт зарагддаг цүнх. Их хөөрхөн. Далимдуулаад найздаа баярлалаа, бэлэглэсэн цүнхийг нь нь байнга хэрэглэдэг шүү, Том зулзагатаа хааяа зээлдүүлдэг гэж байгаа. Юу бичиж байлаа? ккк. Аан тийм, хажуугаар нь бас нэг даавуун тор барьчих юм. Энэ япон хүүхнүүдийн гартаа нээг олон юм барих дуртайг нь гайхаад байдаг юм. Ядаргаатай санагддаггүй юм байх даа. Хэхэ
Эцэг эхийн үсний засалт энгийн. Өдөр тутмаараа л байх нь элбэг. Кимоно өмссөн ээжүүд хувцаслалтаа дагаад янзлуулсан харагдсан.
Ер нь бол төгсөлтийн баяраар төгсөж буй хүүхдүүд гол дүр учраас хүүхдүүдээсээ илүү гарч гангалж, ялгарах ёсгүй гэж үзнэ.

Сурагчдын хувцаслалт нь охидууд юбка, цагаан цамц, пиджак, эрвээхий тууз, хар тирко юм уу эсвэл хар урт оймс. Хослол нь заавал хос байх албагүй, ихэвчлэн өөр өөр өнгийн хослол өмссөн харагдана лээ. Банди нар их энгийн. Костюмны өмд, цагаан цамц, хар хөх эсвэл цайвар өнгийн майк гээд л болоо. Их амар юм эрэгтэй хүүхэд чинь хэхэ.

Өглөө сургуульдаа очиход нь сурагчдын энгэрт шар цэцэг зүүж өгсөн.
.
За тэгээд өглөө эртлэн босч зулзагынхаа үсийг ороож өглөө. Ихэнхи охидууд үсчин энэ тэрд үсээ янзлуулдаг гэсэн. Ээж бол худалч хүнд 10хан минут л өөртөө зарсан дөө. Дээрээс нь хань ижил гэж нэг эрэгтэй хүүхдийнхээ зангиа энэ тэрийг харж өгнө, бага зулзагаа цэцэрлэгт нь явуулах бэлтгэлийг нь хийнэ гээд түмэн завгүй байлаа. Гэхдээ мэдээж бүх зүйлээ ганцаараа хийхгүй л дээ. Амаараа бол их ажил амжуулж хань ижил, том зулзага, бага зулзага гэсэн 3 цэрэгтээ хийх ёстой зүйлийг нь хэлж командлана. Хэ хэ.

Бусад зохион байгуулалт зэргийг дараагийн бичлэгт...

Friday, March 13, 2015

Дурсамж хуудас

Жилийн эцэс болоод сургууль цэцэрлэг, албан газрууд тайлан тооцоо гээд л завгүй байна.

Өнөөдөр бага зулзага албанаасаа "Дурсамж" гээд биччихсэн томоос том ууттай ирсэн. Дотор нь 2014 онд ангидаа хийсэн уран бүтээлийг нь хийсэн байна. Том зулзага ч бас ингэж авчирдаг байсан. Эмээд нь өгч явуулахыг нь явуулаад, далд хийхийг нь хийсэн санагдана. Бага зулзагынхаа бүтээлийг бас хадгална даа. Том болохоор нь өгнө. Ичих байх даа. Хэ хэ

Мэдээж ямарваа нэг бүтээлээ туурвихад нь багш нь тусалсан байгаа шүү. Түүнээс ийм уран, гоё хийнэ гэж байхгүй дэг. Гэртээ хийж байгааг нь харахад. Мэдээж нүүрэн дээр нь вуав, миний зулзага нь яасан мундаг юм бэ? гэж магтана. Одооны хүүхдүүд магтаалд үнэн дуртай гэж юүхэв. Магтахгүй бол хошуу нь цорвойж ирээд л уурлана шүү дээ. ккк

4 сараас анги дэвшинэ. Багш нь бас өөрчлөгдөнө. Японд 4 сард ажил, хичээлийн шинэ жил байдаг гэж мэдэж байгаа биз дээ? Би нь байсгээд л ингэж бичдэг дээ.

Дурсамж. Урт үстэй болохыг мөрөөдсөн хүн бий.

Усан будгаар зурсан. "Хавч болон загас" гэдэг зураг гэнэ.
Ирэх жилийн бүтээлтэй харьцуулна аа. Хэр ахицтай, хөгждөг юм байна гэж харая байз. Хэ хэ.

Thursday, March 12, 2015

Нэг хөөрхөн ном

За бас нэг хөөрхөн дурсамжтай ном. Багадаа Гена матар гээд л дуулдаг, сонсдог байлаа. Одоо ч мартаад, үг нь санаанд орохгүй байна билээ. Ая нь хальт мулт л санаанд. Мэдээж юүтүб-с хайхад гарч ирнэ л дээ.
2 зулзагатаа оросын хүүхэлдэйн киноны баатар, ээж аав хоёр нь багадаа их үздэг байлаа гэж ирээд л уншиж өгсөн. Том зулзага ч яахав, томроод зурагт ном нээх тоохоо больсон. Бага минь л амтархан уншуулсан.

Энд оросын "Манжингийн үлгэр"-ийг хүн болгон мэддэг, номын сан болгонд байдаг юм. Харин "Алтан загасны үлгэр"-ийг тэр бүр мэддэггүй юм билээ. Орос оронд дуртай, сонирхдог ганц нэг хүмүүс мэднэ ээ мэднэ. "Өнхрүүш"-ийг хаана билээ дээ олж харсан санагдаад байна. Хайж уншихыг хичээнэ ээ.

Хожсон

1 сард мэндчилгээ захидал бие бие рүүгээ илгээдэг гэж бичиж байсан даа. Тэр нь бас сугалаатай байдаг юм. Сүүлийн хоёр тоо ижил, сүүлийн дөрвөн тоо ижил, бүх тоонууд адил гээд. Надад энэ жил марк таарлаа. 2 жилийн өмнө бас марк таарч байсан. Нэлээд хэд шүү. Энэ жил нэг л ил захидлын сүүлийн хоёр тоо ижил байсан. Тухайн жилийнхээ жилтэй марк. Чамлахаар чанга атгана шүү. Хэрэг нь заавал гардаг юм. Өнөөдөр шуудангаас очиж аваад. 6 оронтой тоо байна аа даа. Тэрний сүүлийн 27 гэдэг нь таарсан гэсэн үг.
82 иенийх, 52 иенийх. Хөөрхөн болохоор нь бас хайрлаад хадгалмаар санагдана. Нээрээ ховор төрлийнх марк сүүлд нь их үнэтэй зарагддаг гэсэн, дуудлага худалдаагаар. Цуглуулдаг хүмүүс их байдаг гэсэн. Багадаа хальт марк цуглуулдаг байсан, гэхдээ тийм ч идэвхитэй биш. Бас тэмдэг цуглуулдаг байлаа. Одоо ч хаана байдаг юм бол доо тэр тэмдэг нь, марк нь. Тараад алга болсон байх дөө...

Wednesday, March 11, 2015

3.11

Өнөөдөр чинь 3 сарын 11. Цүнамигаас хойш 4 жил өнгөрч.

Ажил дээр өглөөд сонин гарчиглаж ажлын холбоотой мэдээ мэдээлэл, зарлалыг түүж хувилаад бусад ажилчид цаг завтай үеэрээ гүйлгэн харахад бэлэн болгодог юм. Халуун кофе уунгаа сонин гарчиглах нь ажлын минь эхлэл. Япон хэлний хичээл болно, наддаа.

Түрүүчийн долоо хоногоос эхлэн цүнамигийн талаар, цүнамид хайрт хань, энхрий бяцхан үрсээ, ачлалт буурал ээж аавыгаа алдсан хүмүүсийн өнөөгийн байдлын талаар цуврал болгон нийтэлж эхэлсэн. Уншихаар сэтгэл сонин болоод байдаг болохоор уншихгүйг хичээх авч өөрийн мэдэлгүй л уншчихсан сууж байна. Одоо болтол олдоогүй хүн ч байна.

Өнөөдөр, гэр бүлийнхээ 4 гишүүнийг цүнамид алдчихсан залуугийн тухай байсан. Ээжийгээ, эхнэрийгээ, тухайн үед 9-тэй байсан том охиныгоо, 8-тай байсан хүүгээ, 3-тай байсан бага охиноо. Бүгдийх нь цогцосыг эгнүүлээд тавьчихсан байхыг хараад эхэр татан уйлсан, хэдэн өдөр уйлсан, гэрээсээ ч гаралгүй хөнжлөөрөө толгойгоо бүтээчихээд л уйлна. Амьд үлдсэндээ харамсана, араас нь явчихая гэхээр тэд нар нь уурлаад, бидний хувийг хүртээд амьдар гэж загнаад гэж зүүдлэгдэнэ. Бусдад ямар нэгэн сайн үйл хийх хэрэгтэй гээд найзынхаа санал болгосон ажилд орон бага багаар гадагш гаран, амьтан хүнтэй ярьж хөөрөн нийгэмтэйгээ харьцаж байна.

Бас нэг залуу: 2 хүүхдээ алдчихсан. Хүүхдүүдээ хамгаалж чадаагүй муу аав амьд яваад хэрэг байна уу гэж өөрөөсөө их олон удаа асуусан. 1 жилийн дараа дахин хүүхэдтэй болсон. Ахынх нь цэцэрлэгт орохоороо хэрэглэх гэж бэлдсэн цүнхийг бариад л өөдөөс малийтлаа инээх охиноо хараад би амьдрах хэрэгтэй, охиныхоо төлөө, хэзээ нэгэн цагт дээд тэнгэрт халихдаа тэнд хүлээж буй хүүхдүүддээ хэлэх үгтэй байх хэрэгтэй гээд сэтгэлээ чангалаад, бага багаар хичээж л байна.

Иймэрхүү агуулгатай нийтлэлүүд уншаад л нулимс цийлэгнээд суух. Нүдэнд бол шууд л хоёр зулзага минь л бууна. Ид хөөрхөн дээр нь байгаа үрсээ алдсан гэж бодохоор л хэцүү...

Цуйван

Нэгэн шавь минь айлчлан ирээд ээ. Би чинь монгол япон шавьтай мундаг багш хөөн. Ккк

Тээр жил монголоос арван жилийн сурагчид, оюутнууд гээд л 100 гаран хүн ирж байлаа. 4 бүлэгт хуваагдаад, нэг монгол нэг япон орчуулагч хуваарилаад японы 4 бүс нутагт аялсан юм. Хүүхдүүд биднийг багш аа гэж дуудаад л, бид нарт хальт загнуулаад л. Гэхдээ их сайхан дурсамжтай явсан юм даг. Бүгд харьсныхаа дараа багшаа таныг монголд ирэхэд чинь бид үлээвэр найрал хөгжимтэй угтана гээд л, нээх хөөрхөн.

Тэд нар маань эхнээсээ их сургуульд орох нь ороод, төгсөх нь төгсөөд амьдралын их далайд хөл тавьцгааж байна. Нэг хэсэг нь одоо ч багшаа багшаа гээд л холбоотой, үнэн хөөрхөн. Зарим нь сурлагадаа шамдаад, залуу насныхаа мартагдашгүй сайхан дурсамжаа бүтээх гэж шамдаад одоохондоо холбоо барьж амжихгүй байгаа нь ч бий. Тэгж байгаад бүгд холбогдох байгаа. Хэ хэ
Хүсэл мөрөөдөл, зорилгодоо хөтлөгдөөд япон улсад ирж суралцаж буй шавь нараас минь эхнээсээ манайд айлчлан ирээд. Би нь хоёр өдөр шавьдаа үйлчилж монгол хоол хийж дайлав. Аминдаа шинэ соргог зүйлээр дайлчих санаатай. Бууцайтай гурил зуурч цуйван хийж өгөв. Ийм ногоон өнгөтэй болно. Хэ хэ.
Жигнээд гаргаад ирэхэд нэг иймэрхүү.
Зуураад элдэж байхад нэг иймэрхүү.
Болсны дараах зургийг харахад байцаа зэрэг ногоо нь сайн ялгагдахгүй байсан. Аминдаа амтат чинжүү, мөөг гээд л ногоотой цуйван шүү. Хэ хэ
Тэгсэн шавь охин 20 хүрээгүй гээд уусангүй ээ, насанд хүрээгүй юм чинь одоо шахаад байлтай биш. Ккк.Өөрөө л дарс шимж улаа бутраад л суув. Тэр үеийн сайхан дурсамжаа сэдрээж, манарсгээд л...

Sunday, March 08, 2015

Баяр сайхан уу?

Эмэгтэйчүүдийн баяр болоод өнгөрлөө. Энд ч тэмдэглэхгүй л дээ. Тэмдэглэсэн ч сүр болохгүй, чимээгүйхэн л байх байх. Бид ч тэрэнд нь дасаад ямар ч баярыг чимээгүйхэн шиг, гэр зуур, гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэнэ.
Харин өчигдөр манай энд суралцдаг сүмо банди нар гэнэтийн бэлэг барив. Хонх дуугарав Хань ижил үүдээ нээв.
-Өө та онгойлгох юм уу?
-Өө л дөө, тийм билүү?
-Б эгчээ нааш ир л дээ.
-Ороо чээ, яагаад үүдэнд зогсоод байгаа юм бэ?
гээд л яваад очсон чинь, нээх хөөрхөн ягаахан өнгөтэй зүрхэн хэлбэртэй бялуу барьчихаад үүдэнд бөөнөөрөө багтаж ядаад л. Хэ хэ. Гардаж авч байх үед нэг нь бас зурагчин хийчих юм аа. Ккк. Ямар ч гарсан юм бүү мэд. За байгаагаараа л бандайгаад гарсан биз.
Хань ижилтэй хальт хуйвалдсан юм даг уу даа, янз нь.

Жаахан шүүмжлэх үү?
Манай монголчууд яахав хэт туйлшрах дуртай юм болохоороо их л өргөн тэмдэглэсэн байх. Тийм ч сураг дуулдсан. Угтаа бол архидаж, болсон болоогүй цол өргөмжлөл гардуулж байхаар эрхийнхээ төлөө тэмцдэг, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэсэн сүрхий сүрхий нэртэй газрууд нь ард  иргэдэд үйл ажиллагааныхаа тухай тайлан гаргадаг өдөр байгаасай. Зүгээр л энд тэндхийн тайзан дээр бололцоотой, ганган, олны анхааралд өртөх дуртай, за өөр чинь юу билээ, аан тийм цол өргөмжлөлд дуртай хэдэн хүүхнүүд, авгай нарын бие биенийгээ хошгоруулсан, бие биендээ төмөр зүүж өгсөн өдөр байлгамааргүй.
Энд тэнд тэгж тайлагнадаг, халамж хамгаалалт хэрэгтэй байгаа эмэгтэйчүүдтэй тулж ажилладаг газар байдгийг үгүйсгэхгүй л дээ. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр наргиж цэнгэсэн нь, бие биенийгээ хошгоруулсан нь цацагдаад, гадаадад байдаг бид нарт тэр бүр үнэн зөв, бодит мэдээлэл хүрэх нь хомс юм.

За за ганц баяраа тохиолдуулдаад юу ч гээд биччихэв. Хэ хэ Ямартаа ч блог бичдэг, уншдаг бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.

Thursday, March 05, 2015

Санаж байна уу?

Багадаа уншдаг байлаа. Сүүлийн үед японд бас орос үлгэрийг орчуулж зурагт ном болгон гаргах нь их болж. Ажлынхан ч их авна аа. Би нь шинэ ном бүртгэдэг тул, хамгийн эхний уншигч нь өөрөө болчихдог болохоос. Гэхдээ бүх номныхоо биш л даа. Зарим нь миний мэдэхгүй хэлээр бичигдсэн байна. Уншиж, мэддэг байсан ч болоосой гэж үе үе бодогдох ч сурахгүй юм дөө.

Хааяа орой бага зулзагатаа ном уншиж өгөхөөсөө залхуураад маша ба баавгайг үзүүлчихдэг юм.
Энэ удаад номыг нь уншиж өгөв. Багадаа уншдаг байсан минь санагдаад л гоё байлаа.

Бага зулзага орой бүр заавал ном уншуулж байж санаа нь амрана шүү дээ. Бид 3 нь хааяа бие бие рүүгээ паслаад л байдаг болохоос. Гэхдээ л ээж нь уншиж таардаг юм дөө, ихэнхидээ. Ээж ч өөрөө  унших дуртай гэж байгаа, ингэж чанга дуугаар уншина гэдэг бол хэл сурч буй хүнд нэг хэлбэрийн сургалт болдог тул. Дуудлага сайжирдаг.

Хамгийн давуу тал нь хүүхэд томроод өөрөө уншдаг болохоороо номонд дурлана. Үглүүлж дуулуулалгүй ном тэврээд суудаг болно.

Дараагийн бичлэгт бас нэг хөөрхөн ном танилцуулна аа.

Хонин хоол

За өнөөдөр бага зулзагын цэцэрлэг нь төгсөх ангийнхаа хүүхдүүдийг гаргаж өгөх зорилготойгоор нөхөрсөг зугаалга хийв.
Мэдээж 7 хоногийн өмнөөс өдөр судар, цаг нар, хэрэгтэй гэсэн зүйлээ бичгээр мэдэгдэнэ. Хамгийн гол ажил бол өдрийн хоолыг нь бэлдэж өгөх. Дээхэн нэг би нь хүүхэлдэйн киноны Шён хонийг дуурайлгаад хийж өгч явуулж байсан юм. Тэгсэн өчигдөр орой албанаас нь авсан чинь хонин хоол хийж өгөөрэй гэж захиалгаа өгсөөр л ангиасаа гарч ирсэн.

За тэгээд гэрийн бусад гишүүд эртлэн босч хонин хоолоо хийлээ дээ. Хэ хэ. Аав нь сосиск, өндөг энэ тэрээ шараад л. Аав нь сосискоо зүгээр ч нэг шарахгүй ээ. Наймаалж болгож шарна. Даанч тэрнийх зургийг дараагүй байна. Хэ хэ. Дараа заавал зураг авна аа. Ээж нь бусад аар шаархан зүйлийг нь бэлдээд л. Алчуур, амны цаас, дэвсэж суух дэвсгэр, цай гээд л. Аниа нь далайн байцааг ингэж хайчилж өгсөн.
Сүүлийн үед би нь гэрийнхээ туслах тогооч болоод байгаа. Амталгаа зэрэг зүйлийг хань ижил, том зулзага хоёр л хийнэ шүү дээ. Наддаа бол их амар хэхэ. Аймаар залхуу гэнэ ээ. Кккк

За энэ хонин хоол бол их амархан нь. Хэ хэ. Жигнэсэн будаагаа саванд нь хийж байгаад далайн байцаагаа хайчилж наагаад, бяслагаар нүдний цагааныг, толгой дээрх үсийг хийнэ. Нетэд тэгж байсан л даа. Гэхдээ би нь бяслаг авахаа мартаад, өндөгөөр орлуулчихсан. Хэ хэ.
Энэ япон ээжүүд ямар мундаг гэж бодож байна. Ёстой хөөрхөн хөөрхөн хоол бэлдэж өгнө. Харахад хөөрхөн. Даанч хийхэд хэцүү юм билээ. Энэ тухай бас л тусгай ном зардаг юм билээ. Тэгж байгаад, төсөвөө харж байгаад авахыг хичээнэ ээ.
Ер нь ингэж хийхээр хүүхдүүд нь амтархан иддэг л гэнэ, дургуй ногоогоо ээжийнхээ сэтгэлийг бодоод иддэг гэж үздэг юм билээ. Бага зулзага ч үлдээсэн байсан л даа, жаахан салатыг нь. Дараа заавал иднээ гэж ам гарсан. Учир нь ингэж үлдээх юм дахин хийж өгөхгүй гэж айлгаад. Хэхэ. Яваандаа иддэг болох байгаа л гэж найдахаас.

Tuesday, March 03, 2015

Цаг хугацаа

гэж ямар хурдан байна вэ. Бага зулзага минь энэ сар 4 хүрнэ. Өнөөдөр цэцэрлэгт нь тухайн сард төрсөн хүүхдүүддээ зориулж төрсөн өдрийн баяр хийсэн гээд бөөн баяр л хүн байна. Мөн 3 сарын 3 бол охидын баяр. Охидтой айл гэртээ тусгай япон хүүхэлдэй гаргаж засдаг. Баяр нь дуусахаар хураана. Тэр баяраа хамтатгаад тэмдэглэсэн гэнэ. Мөн хүүхдүүд өөрсдөө тийм хүүхэлдэй хийснийгээ гэртээ авч ирсэн.
Багш нь хэлж байна. Өнөөдөр асуултанд их сайн хариулж, багш хүүхдүүд алга ташаад л сүрхий байсан.
-Тийм үү? Ямар асуулт вэ?
-Том болоод юу болох вэ? гэсэн чинь "ДВД зардаг хүн болно. Яагаад? Яагаад гэвэл хүмүүст ДВД тараадаг тул" гэсэн. Бас би Фрозенд дуртай гэсэн.
гэв. Уг нь бага минь гүнж болно гээд байдаг юм гэртээ. Хэ хэ. Тэгсэн тайзан дээр олны өмнө шал өөр хариулт хэлсэн байгаа юм даа. Гүнж болно гээд хэлчихвэл шоолуулна гэдгээ мэдсэн юм байх даа, золиг чинь. Ккк
4хөн насалж байж ээждээ их олон юм үзүүлчихсэн гэж байгаа, аниагаа бодвол. Түргэний машинд суугаад үзчихсэн. Яагаав өнөө хамартаа шүр оруулаад. Хэ хэ. Бас уушгиндаа самар оруулаад авсан. Ээж нь өөрийгөө зүхээд л эмнэлэгт хэвтээд амжсан. Савлууран дээрээс унаад хамраа хугалчаагүй нэг юм гайгүй өнгөрсөн. Аниагаа бодвол их л эмнэлэг домлого гэж явсан. Төрснийх нь дараа визийг нь хугацаанд нь мэдүүлээгүйгээс болж харласан. Хэ хэ. Мэдэх хүмүүс сонсоод инээд нь хүрнэ дээ.
Гээд л бас бус паагт зөндөө бий. Тэгж байгаад цаг хугацаа өнгөрөхөөр бичимз. Одоо бас нэг инээдтэй паагттай л сууж байгаа, бүүр дараа дураа хүрэхээр бичимз. Кккк

Монгол хэл гэж паг л хүн байна. Уг нь гэртээ бол аль болох эх хэлээрээ ярих гэж оролдох юм. Байдаггүй шүү. 10 хүртэл тоолно. Дөрөвийг яаж ийгээд л алгасаад байна. Ө эгшиг япон хэлэнд байдаггүй болохоор тэгдэг юм болов уу. Одоо өөрөө 4 хүрч байгааг нь далимдуулж хэлж сургах санаатай байна. Гэхдээ өвөө гэж хэлж чаддаг. Дагаж ганц нэг үг хэлнэ, яг л япон хүн монголоор ярьж байгаа шиг аялгатай хэлнэ. Хэ хэ.

Зураг их хөөрхөн зурдаг болж байна. Хайч бариад цаасыг жижиг жижиг хайчлаад сурчихсан байна билээ.

Хэл яриа гэж хэлэмгий доломгой гэж юүхэв. Тарни заагаад өгчихсөн гэж байгаа. Эмээ өвөөтэйгөө утсаар ярихдаа тарниа уншиж өгч өнөөдүүлээ умруулна. Хэхэ

Гэх мэтээр хүүхэд чинь төрөөд гараад ирэхээрээ цагаар өсчихдөг юм байна шүү.

Г.

Аюурзана ахын ном. Ах гэчихэж ээ. Ккк. Гэхдээ оюутан байхдаа л 2×2 буюу суут жаран сэтгэгч, Дурлалгүй ертөнцийн блюз гээд л уран бүтээлтэй нь танилцаж байлаа. Тухайн үедээ мэдээж ямар сонин бичдэг хүн бэ л гэж бодож байлаа. Ойлгож хүлээн авахад нэг тийм хэцүү ч гэх юм уу, нэгэн хэвшмэл зүйл уншаад сурчихсан үе байлаа шүү дээ. Одоо харин хааяа нэг зохиолыг нь шимтэн уншдаг болсон. Нэг тийм далд ертөнц, далд ухамсарыг мэдрүүлээд байдаг юм. Сүүлд найзын минь бэлэглэсэн энэхүү Цагаан хар улаан нь таалагдлаа.
Нэлээд хэдэн номыг нь авч уншсан байна шүү, ингэхэд.

Жангар хайлахыг сонсох юмсан гэж бодов. Бага ястангууд их л авъяас билэгтэй улс байжээ гэж бодогдоод байгаа сүүлийн үед. Бодвол буриад, торгууд, халимаг гээд ястангуудын тухай ихээхэн ярьж бичигдэх болсонтой холбоотой байх даа.
Мөн залуучууд бид ядаж өөрсдийн 3 үеээ мэддэг байвал гэж бодох. Би гэхэд өвөө нараа мэдэхгүй, эмээ нараа хальт мултхан л мэднэ.
Бас эх орны минь хамаг сайн сайхан зүйл, үнэт зүйлс энд бичигдсэн шиг шуналтай хэн нэгний гараар урагшаа хойшоо, баруунтаа зүүнтээ гараад явчихдаг бол хэцүүеэ. Яваад л байгаа л даа. Гэхдээ үүнд итгэмээргүй санагдаад...

Монгол номоо уншаад бараг дууслаа. Одоо нэг зузаан орчуулгын ном байгаа. Мөд уншиж эхлэхгүй ээ. Наана нь номын сангаас зээлсэн баахан япон номоо дуусгана. Хугацаа нь хэтрээд талийж өгсөн. 3 сард хувь хувьсгалын ажил ихтэй байх юм билээ, тэгээд ч...