Sunday, May 31, 2015

Fabulous Women 2

За бичлэгээ үргэлжлүүлэе. 25 -г сонгосон байгаа шүү дээ тэ. Тэдгээрийнхээ тухай товчхон оруулав. Дэлгэрэнгүй мэдмээр байвал нетээс хайхад гараах ирэх байх.

1. Oprah Gail Winfrey. За энэ хүнийг манайхан ч сайн мэддэг тийм үү. Япончууд тэр бүр мэддэггүй гэсэн. Өдгөө 61 настай гэнэ. Обамаг ерөнхийлөгчөр сонгогдоход асар нөлөөлсөн гэж үздэг. Учир нь түүний хөтөлдөг Oprah Winfrey show нэвтрүүлгийг долоо хоног тутам 42 сая хүн үздэг гэж бодохоор асар их тоо. Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг. Зөвхөн урлагийн болон загварын сэтгүүл л үзээд байх биш бас хүний амьдралд хэрэг болох ном, хувь хүний намтар зэргийг уншиж бай гэж зөвлөхийн сацуу түүний санал болгосон ном маргааш нь гэхэд л 1 сая хүртэл зарагдаж байсан.  Хамгийн гол нь тэрбээр баян байхыг зэрэгцээ маш өглөгч. Хүйсийн дарамтад өртсөн, түүнийгээ зоригтойгоор илчилж тэмцсэн охидод тусалж 11 сая иений хандив, хар шуурга болох Hurricane Katrina-ийн хохирогчдод  1 тэр бум иений хандив, өмнөд африкийн 50 мянган хүүхдэд крисмасын бэлэг хүргүүлэх гээд л хүмүүнлэгийн ажилд ч идэвхитэй. Өөрийн нэвтрүүлгийг үзэхээр ирсэн үзэгчдэд бүгдэд нь шинэ машин бэлэглэсэн гээд л шуугиан тасрахгүй. Мэдээж ийм амжилтанд хүрэх хүртлээ ихээхэн зовлон амссан. 9хөн настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Хэн ч түүнийг тоогоогүй, ээж нь хүртэл. Гэхдээ тэр бууж өгөөгүй. 13 насандаа нэгэн нэртэй ахлах сургуульд урилгаар орно. Тухайн сургуульдаа хамгийн анхны хар арьст хүүхэд байсан. 14 насандаа муу хүмүүстэй найзлан, хүүхэд төрүүлнэ. Хүүхэд нь хоёрхон долоо хоногийн дараа нас барна.
Түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн нэг номтой учирна. "I Know Why the Caged Bird Sings" гээд Maya Angelou-гийн хувийн намтар. Яг л өөртэй нь адил амьдрал туулан, нэрт яриу найрагч болсон түүний номыг уншсанаар, өөрийг нь гэсэн хэн нэг нь сонсоосой гэсэн хүсэлдээ автагдан илтгэлийн тэмцээнд оролцон түрүүлсэн тэрбээр 17 насандаа их сургуульд тэтгэлэгээр элсэн орно. 22 насандаа нутгийнхаа нэгэн телевизэд анхны хар арьст эмэгтэй хөтлөгчөөр орно. 8 жилийн дараа өөрийн нэвтрүүлгээ эхлэнэ.

2. Tyra Banks. Бас л шуугианы эзэн байж чаддаг тэрээр том хөхтэйгөөсөө болоод загвар өмсөгчдийн ертөнцөд нэг их амжилт олсонгүй. Учир нь загвар өмсөгчид бүгд л жижиг хөхтэй, туранхай хүүхнүүд байдаг. Ингээд тэрээр толгойгоороо хоолоо олж идэхээр шийднэ. Харвардад элсэн орно. Хүмүүс түүнийг дүр эсгэн их сургуульд сурч энэ тэр гэж шүүмжилнэ. Шүүмжлэлийг эс тоон сургуулиа онц сайн төгсөнө. America's next top model нэвтрүүлгийг хөтөлж нэрл гарсан бөгөөд бас л шулуухан шудрага, ширүүхэн хэл амтай. Дүрээ хувирган 200 кг жинтэй болж хувцаслан гадуур явж эрчүүд түүнийг бүдүүн, гахай мэт дооглон тохуурхан харах эрчүүд болон нийгмийн олонх жин ихтэй хүмүүсийг хэрхэн ялгаварлан харьцаж байгааг илчлэн олонд харуулна. Загвар өмсөхөө больсон тэрээр нэлээд жин нэмсэн бөгөөд энэ тухай нь папарацид өртөн элдвээрээ хэлүүлэхэдээ ч үл тоон "харин ч секси байгааз дээ, үнс л дээ өгзгийг минь" гэж даапаалан зурагчдын өөдөөс өгзгөө харуулна гэх мэтчилэн шуугиан дэгдээх нь ч их. Өсвөр насандаа хэт туранхай, хүүхэд шиг царайтай гэж үеийнхэндээ дээрэлхүүлдэг байсан гэнэ. Мөн тэрбээр эрийн тэнгэрээр ч тааруухан. Одооных нь найз залуу ч бас л олны танил хэн ч гэчихэв.

3. Kathryn Ann Bigelow. Кино найруулагч. Түүний найруулсан кино нь мар эршүүд. Өөрөө бол загвар өмсөгч шиг бие хаатай. 2009 онд Оскарын шилдэг бүтээл, шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн хоёр урд нь эхнэр нөхөр явсан. Тэр нь James Francis Cameron. Дэлхийд анхны эмэгтэй найруулагчийн Оскар авсан.
Зөндөө л зүйл бичсэн байсан. Би нь кино тэр бүр үзээд байдаггүй, дүрд тоглосон жүжигчдийн нь нэрийг ч бараг мэдэхгүй, за тэр найруулагч энэ тэр бол бүр ч мэдэхгүй болохоор бичих гэсэн залхуурав. Ядаж байхад англи нэрийг японоор бичсэн байгаа тул тэр бүрийх нь англи бичлэгийг нь олж бичих гэж ажил удаад байна. Хэ хэ. Та нар минь өөрсдөө намайгаа бодвол англи хэл мундаг тул өөсрдөө олоод уншихыг бодоорой.

4. Indra K Nooyi. Time сэтгүүлийн "Дэлхийн хамгийн нөлөөтэй 100 хүн"-д сонгогдсон. Forbes сэтгүүлээс гаргасан "Дэлхийд хамгийн хүчтэй эмэгтэй"-гээр шалгарч Hillary Clinton-с дээгүүрт жагссан. Тэрээр багаасаа л өвөрмөц сонголт хийдэг байж. Эмэгтэй хүн тэр бүр сонгоод байдаггүй физик, математикийг сонгох гэх мэт. Хүнтэй суулгахыг хүсэж байсан эцэг эхийнхээ саналаас зөрөн эзийн засгийн чиглэлээр суралцахаар Yale их сургуульд суралцахаар одно. Ээж аав нь уурлан түүнд төлбөр болон амьдрах зардлыг нь өгөхгүй. Суралцахын хажуугаар нь ажил хийж төлбөр болон бас бус зардлаа бүгдийг өөрийн хүчээр бий болгон амжилттай төгсөнө. За сургуулиа төгсчихлөө. Ажил хайх хэрэгтэй болж 50 доллараар авсан костюмаа өмсөөд л ярилцлаганд орно. Гэвч гуталгүй, хөл нүцгэнээсээ болоод ярилцлаганд орох болгондоо унана. Хүчээр ингэж дасаагүй хувцсаа өмсөж байхаар сурсан дассан хувцастайгаа л явах минь гээд энэтхэгээс авч ирсэн сари-тайгаа ярилцаганд орно. Шууд л тэнцэнэ. Үүнээс хойш ажилдаа явахдаа энэтхэг үндэснийх нь хувцас болох сари-гаа л өмсөж явна. PepsiCo компанийн ерөнхий захирал.

5. Ellen DeGeneres. Өдрийн Ellen DeGeneres шоу нэвтрүүлгийн хөтлөгч тэрээр багаасаа л эмэгтэй хүнээс өөр хүн сонирхдоггүй болохоо мэдэрч эхэлсэн. Нийгэм нь ч тийм чөлөөтэй байгаагүй тул үүнийгээ хэнд ч хэлж чадахгүй насанд хүрнэ. Их сургуулиа хаян, ресторанд зөөгч, тоос сорогчны худалдагч гэх мэт олон ажил хийн явсаар 30 насандаа инээдмийн жүжигчин болохоор сэтгэл шулуудна. Түүний хамгийн гол онцлог нь бусад хүнийг муулж ярихгүй байх. Ажлаа алдахаас, ивээн тэтгэгчдээ алдахаас үл айн өөрийгөө лесби гэдгээ зарлана. 2008 онд секси жүжигчин Portia De Rossi-той гэрлэнэ. Өөрөөс нь 15 насаар дүү. Америкт хамгийн өндөр орлоготой эмэгтэйн нэг тэрээр гоо сайхны бүтээгдэхүүн болон анагаах ухааны элдэв туршилтыг амьтад дээр туршихыг эрс эсэргүүцдэг.

За иймэрхүй маягаар тав таваар нь оруулахыг бодно шүү.

Wednesday, May 27, 2015

Цэцэрлэгийн нээлттэй хичээл

Цэцэрлэгийн ээлжит арга хэмжээ. Хагас сайн өдрийн үдээс өмнө болов. Мэдээж олон хоногийн өмнөөс бичгээр мэдэгдэнэ. Өмнөх өдөр нь бас үүднийхээ самбарт бичсэн байсан. Гэрийнхэнд нь хичээлийн агуулга бүхий хэдэн цагт эхлээд хэдэн цагт дуусах тухай, хүүхдүүд нь эцэг эхийн хурал? болж байх хооронд өдрийн хоолтой тул цагаан будаагаа мартаваа гэх мэтчилэн бичсэн хуудсыг харилцах дэвтэрт нь хавчуулсан байна.

4 настангууд зааландаа хөгжөөнт тоглоом тоглосон. Эцэг эхийн баг, хүүхдүүдийн багууд хоорондоо уралдсан. Эхлээд хүүхдүүд үзүүлэн тоглолт хийсэн. Энэ нь дуулж хуурдах биш, хүүхдүүдэд нэг нэг шалны алчуур бариулаад заалаа уралдаж зүлгэсэн. Хэ хэ. Гэхдээ энэ нь шал угаана гэсэн үг биш. Дөрвөн хөллөөд уралдах, нэг ёсондоо тэр бүр ашиглаад байдаггүй булчин шөрмөсөө ажиллуулна гэсэн үг.

За дараагийн тэмцээн нь машин болж уралдах. Би нь энэ тэмцээнд нь эцэх эхийн төлөөлөл болж орсон. Барианд хүрэх гэж бас л махийсан. Шалан дээр хөлөө жийж сууна. Гартаа нэг тийм цагираг бариад үрүүл хийнэ. Тэгээд зөвхөн хөл, бөгсөөрөө урагшилна. Хэ хэ. Хүүхдүүд бол мундаг хурдан давхиж байгаа юм. Өдөр бүр тэгж хөдөлж байдаг учраас. Харин томчууд яасан? Барианд хүрэх үгээ хэлж байна, сүүлдээ гараа тулж урагшлаад л ккк.

Сүүлд нь хүүхдүүд хоолоо идэхээр анги руугаа явцгаан, ээж аавууд нь үлдэж тойрог болж сууна. Ангийн багш нь өөрийгөө хальт танилцуулан, 4 настны Сараана цэцэг бүлэг нь нийт тэдэн хүүхэдтэй, өдөр бүр сэргэлэн цовоо ингэж тэгж тоглоод гэж яриаг эхлүүлнэ. Дараагаар нь цугласан эцэх эхүүд хэний ээж аав болохоо хэлээд хүүхдийнхээ чадахгүй байгаа зүйлийг хэлж, санаа зовж буйгаа хэлнэ. Бусад айлын хүүхдүүд ямар байдаг, хэрхэн харьцах талаа зөвлөгөө хүснэ.

Төгсгөлд нь ангийн багш нь нийтлэг санаа зовоосон асуудлын талаар багахаан зөвлөгөө өгнө.
Ихэнх айлуудад тохиолддог нийтлэг асуудал.

1. Хоол. Хооллолт.
Жишээ нь бага зулзага минь хоол идэх гэж л бас бөөн сүр болно шүү дээ. Дуртай зүйлсээ бол нэхэж идчихээд л, дургүй зүйлээ загнаад ч идэхгүй. Онгироож байж идүүлнэ, Аав нь уралдаж иднэ гэх мэт. Хэ хэ. Мөн хоолны үеэр их ярих, босч явах, би хажууд нь байвал намайгаа налж унах. Халбагадаад өг гэж эрхлэх гээд л.
Тэгсэн ийм асуудал ер нь айл бүрт байдаг юм байна. Цэцэрлэгтээ бол бүгд хачин сайн томоотой иддэг гэнэ дээ. Багшийн зөвлөгөө нь "мэдээж хүн гадаах орчинд нэг өөрөөр биеэ авч явдаг, гэртээ бас арай өөр царай гаргадаг. Гэхдээ тэр чигт нь орхих биш бага багаар хэлж ярьж ойлгуулах. Бас ч гэж хэлж ярихад ойлгох насан дээрээ ирчихсэн тул."

2. 00 орохдоо ганцаараа явах дургүй, хүндэрсний дараагаар заавал хэн нэгнээр арчуулдаг. Би нь ч одоо арчиж өгдөг. Саяхнаас харин коршонк биш 00 ордог болсон. Би ч энэнд нэг их санаа зовохгүй л байгаа. Жаахан л хугацаа шаарддаг болохоос яваандаа чаддаг болох биз дээ.

3. Үг, хэллэг. Ялангуяа эрэгтэй хүүхдийн ээжүүд их санаа зовдог бололтой. Охидыг бодвол орой хэлд ордог ч хэлж ярьж байгаа үг хэллэг нь бас л овоо гарууд байдаг бололтой. Бөгс баас, хөөе, тэнэг мангар ч гэдэг юм уу? гээд л арай л бүдүүлэг үг хэрэглэх гээд байдаг гэнэ. Бага зулзага ч бас нэг хэсэг тийм байсан. Бөгс бандааш яасан яасан ч билээ? Өөрсдийнхөө хэмжээнд сонирхолтой, инээдтэй үг хэрэглэсэн царайтай их л додьгор байдаг байлаа. Одоо харин эргэн тойрон нь болохгүй гэж тууштай хэлсний дүнд гайгүй болсон.

4. Охидын хувцаслалт. Өглөөд юбка өмсөнө гээд л үзэж тардаг гэнэ дээ. Уг нь аль болох өмсүүлэхгүй байх гэж үздэг. Учир нь гүйж харайж тоглоход тээртэй, урагдаж барьвал охид өөрсдөө их том шоконд ордог гээд л.

5. Өөр чинь юу билээ? Мартав. Толгой дохиод л сонсож суусан чинь. Аан тийм, цэцэрлэгтээ хийсэн янз бүрийн уран бүтээл нь гэрээр нэг болоод, хаях гэхээр уурладаг. Бусад ээжүүдийг ямар арга хэмжээ авдаг талаар нэг ээж асууж байсан. Би бол нууцаар хаядаг. Хэ хэ. Зургийг нь авч хадгалж байгаад л. Яг энэ талаар зөвлөгөө өгч амжаагүй, багш нь. Цаг хүрээгүй.

6 сард ганцаарчилсан уулзалттай, тэр үед хэлж амжаагүй зүйлээ аминчлан асууж болно гэсэн. Одооноос асуултаа бэлдэнэ дээ.

Жич: Зураг оруулах гэсэн болохгүй байна. Дараа оруулахыг бодно оо.

Monday, May 25, 2015

Удахгүй баяр болно 2

Эртээд хогны талаар бичсэн дээ. Энэ удаад бэлэгний талаар. Уг нь бол хүмүүс луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй л дээ. Гэхдээ л лаа идээд байхаар нь зүгээр хараад ч юм уу, сонсоод ч юм уу сууж чадахгүй байна. Лууван бол ч яахав, сайн ид л гэхээс. Хэ хэ

Саяхан нүүр номд хүүхдэдээ өгөх бэлэгний талаар бичсэн байсан. Мэдээж шүүмжлэлтэй хандсан нийтлэл. Хүүхдийн нүдийг хуурч "өвчин" худалдаж авч өгөх үү? гэсэн гарчигтай нийтлэл. http://news.gogo.mn/r/162523 Орж уншаарай. Би ч зөв гэж бодож байгаа. Бэлэгний санаанууд бас байсан.

Гаднаас нь харахад нэг л их гял цал, шажигнасан гоё бэлэг. Доторх нь бол яаая бас л нил хор. Хор гэдэг нь чихэр, амттанг хэлж байгаа юм шүү. Би хүүхэддээ тоож авч өгдөггүй зүйлс л харагдаж байна лээ.

Таргалуулдаг, шүд хорхойтуулдаг. Идчихээд хөдөлгөөнтэй байхад л болно шд, шүдээ угаахад л болно шд гэж хэлэх хүн байх байх л даа. Гэхдээ л тэр бүр шүдээ угаагаад байдаг нь хэр вэ? Тэр бүр идсэн ууснаа шингээгээд гүйж харайгаад хөдлөөд байдаг нь хэр вэ? гээд бодоод үзэхэд л...

Мэдээж охид минь амттанд дуртай, хүүхэд л болсон хойно. Гэхдээ ээж авахгүй бол нэхээд байхгүй. Ундаа бол бүр уухгүй. Би ундаа авч тавьдаггүй. Ус л ууна. Хааяа нэг цай ууна. Хань ижил хааяа цай цай гээд сүүтэй цай ууна. Би нь өөрөө кофегоо ууна. Бага зулзага сүү ууна.

Ээжүүд бид л янз бүрийн зүйл авахгүй бол гэртээ хүүхэд янз бүрийн зүйл нэхэж уйлахгүй, уурлахгүй байх тийм үү. Харин гадуур явж байхад  ээж аав яав л гэж гээд хүүхэд янз бүрийн амттан нэхэх гээд байдаг даа. Бага зулзага ч гэнэт гэдэс нь өлсөнө, ам нь цангана. Усных нь саванд ус хийгээд л авч явна. Ам цангаад гэнгүүт нь усаа уу гээд л хэлчихнэ.

Мэдээж байнга ийм хатуу ширүүн биш л дээ. Хааяадаа зайрмаг авч өгнө. Ундаа авч өгнө.

Манайх гэхдээ аниа нь тестнийх нь оноо өндөр байвал шагнаад зайрмаг авч иддэг. Хэ хэ. Дүү нь далимдуулж ам хамар нь нил зайрмаг болоод л идэж өгнө. Өөрөө гавъяа байгуулчихсан юм шиг л.

Хөөрхөн хөөрхөн бэлэгний санаа зөндөө байгаа даа. Би нь энэ жил монголын хүүхдийн баяраар юу авч өгдөг билээ? гэж бодоод л байгаа.

1. Эмээ өвөө нь монголд  төрсөн өдрөөр нь хадгаламжинд нь мөнгө хийж өгсөн. Энэ бас том бэлэг шүү. Хүн ер нь бага ч байсан хамаагүй мөнгөн хуримтлалтай байх нь зөв. Ийш тийшээ аялахдаа, ямар нэгэн томоохон худалдаа хийхэд гээд л мөнгө дутна уу гэхээс илүүдэхгүй тийм үү?

2. Ном. Хүүхэд номонд нэг номонд дурлахаараа ном авч өгөх тоолонд баярладаг юм билээ. Сүүлийн үед авч өгөх нь цөөрсөн л дөө. Учир нь номын сангаас зээлээд уншчихдаг тул.

3. ДВД. Энэ жил нэлээд хэдийг худалдаж авч бэлэглэсэн юм байна. Өөрсдийнх нь дуртай Walt Disney-гийн  Big Hero, Beaty and the Beast хоёрыг л лав авсан.

Одоо 101 гөлөг-ийг үзэх юмсан, авах юмсан гээд л байна лээ, аниа нь. Бага зулзага ч яахав одоохондоо аниагаа дуурайсгээд л явж байдаг болохоор дуртай байх байх. Авч өгвөл дунд нь л аваад өгчихнө. Яагаад вэ гэвэл энд баярын уур амьсгал байхгүй байх учир, эргэн тойрныхны нөлөөлөлд автахгүй гэсэн үг.
Харин ч монголын баяр, японы баяр гээд хоёр зэрэг баярлачих гээд байдаг улс.

4. Үсний боолт, хавчаар, кошлок, оймс, хөөрхөн хэлбэр дүрстэй бал, саатай бал, гоё зурагтай дэвтэр, жааз, альбом, уруул өнгөлөгч гэх мэт зөндөө л байна. Өдөр тутам хэрэглэдэг бал дэвтрээс нь арай өөр, өвөрмөц байхад л тэд чинь баярлаад л явчихна.

 Би нь өөрөө охидтой болохоор дан охидын л бэлэг санал болгодог гэнэ ээ.  Охин хүүхэд жижиг сажиг зүйлд дуртай байдаг даа. Тэдний нүдийг хуурах амархан шүү дээ. Хэ хэ

Хөвгүүд жаахан хэцүү юм билээ шүү. Хэ хэ. Машин, буу, өрдөг тоглоом...

Sunday, May 24, 2015

Блог андууд минь дээ

Хаана явна аа тэр минь ч билүү чи минь ч билүү нэг дуу байдаг даа. Нэг киноны дуу.
Тэрэн шиг зарим нэг блог андууд минь хаа явдаг юм бол доо. Хааяа даа нэг очсон газрынхаа сонинг дуулгаж бай л даа.

Амралтын өдрийг ч хэлэх үү, хальт сүмо харангаа блогоо жаахан ухав. Саатан уншдаг блог хэсгээ жаахан янзлав. Янзлав ч гэж дээ, дараад орж болохгүй нэрсийг устгачихлаа. 2007, 2008 онд чин эд хүчээ авч байсан үе юм байна. Яваандаа сулраад, одоо тоотой хэдхээн л блог байна. Банжиг-т нэлээд хэдэн блогчид бий. Би нэг их орж уншаад байдаггүй юм. Хүүхдүүд голцуу байдаг болов уу гэж бодоод. Яриа хөөрөө нийлэхгүй ч юм шиг санагдаад. Хэ хэ.

За тэгээд 45 нэрсийг устгав. Дараад орох гэхээр болохгүй байсан тул. Уучлаарай. дахин бичээд сэргээвэл манайхаар нэг шагайчихаарай. Гуйж байна. За тэгээд орж болохгүй байгаа хэрнээ урд нь хөөрхөн бичээд байдаг байсан Тэлмэн, Муланка хоёроо хасчихаж чадсангүй. Энэ Дамдаа байна, хаана явдаг юм байгаа юм. Америкынхаа сонин хачин, солио гажигийг бичээд байдаг байсан чинь бүр хаагаад алга болж. Бас хасчихаж чадсангүй.

Шинээр гарч ирсэн блогийг ганц нэгийг тэмдэглэж авлаа. Өшөө намайг тэмдэглээрэй гэсэн хүн байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Нэг олж уншчихаад хөөрхөн санагдаад дараа нь хайгаад олохгүй тохиолдол бас байна аа.

За тэгээд архагуудаас цөөхөн хүн үлджээ. Бүгд твиттер, нүүрном гээд алга болсон дог оо. Уг нь нэг л зүйлдээ үнэнч байвал тэ. Хэ хэ.

Уншиж болж байгааг нь тэр чигтээ үлдээчихлээ. Олон жил таг болсон ч гэсэн. Хуучин бичлэгүүд нь сонирхолтой санагдаад.

Saturday, May 23, 2015

Хар шөл

Ууланд авирдаг баатар минь сайн яваад хариад ирсэн. Гэм нь ханиад хүрээский. Өнөөх гайхал томуу. Ирснийхээ маргааш нь хичээлдээ яваагүй, ажлаа тарж ирээд үзүүлсэн чинь хариу нь тэгж гарлаа.

Халуурч эхлэснээс хойш 5 хоног амрана. Хагас, бүтэн сайн ороод 3 дахиас албандаа явна. Ийм томуу ханиад хүрээд амарвал хичээл тасалсанд тооцдоггүй гэсэн. Бусад төрлийн ханиад хүрээд амарвал тэгээд л хичээлээ тасалсанд тооцдог гэнэ.

Анги даасан багш нь тэр өдрийн хичээлийн агуулга бүхий хуудас авчирч шуудангийн хайрцганд маань хийгээд явсан байсан. Эзгүй байж таараад.

Эмийн сангаас эмээ авах зуураа сургууль руу нь утасдаж хэллээ. Ирэх 3 дахь өдрөөс хичээлдээ явах нь ээ гээд л. Тэгсэн өө зүгээр зүгээр, сайн амраад, хурдан эдгээрэй гэж байна. Ангийн багш нь эзгүй байсан тул хэл дамжуулж өгөхийг хүсээд, бас дугуйлангийн багшид нь ч хэл хүргэхийг хүслээ.

Тэгсэн хагас сайнд анги даасан багш нь залгаж байна.
-Бие нь зүгээр үү? Халуун нь буусан уу? Сургуулийн сургалтын албанд хичээлд явж болно гэсэн зөвшөөрлийн бичгийг үлдээчихнэ, та нэг завандаа ирээд авчихаарай.

Халуун нь буусан ч 5 хоног заавал амрах ёстой, дээрээс нь сургуулиасаа хичээлдээ явж болно гэсэн зөвшөөрлийн бичиг авч эмчээрээ тамга даруулж, түүнийгээ сургуульдаа аваачиж өгч байж хичээлдээ явдаг юм.

Хичээлд яваагүй өдрийнх нь хичээлийн агуулга бүхий хуудас цаасыг хүүхдэд хүргүүлээд, амарсан хүүхэд хичээлээсээ хоцрохгүй байх талаар нь ихээхэн анхаардаг юм байна. Бага сургуульд ч бас адил л байсан л даа. Суурь боловсрол гэдэг утгаараа дунд сургуульд ч гэсэн хариуцлага өндөр байдаг шиг байна.

За байз юу билээ? Гарчигнаасаа хазайсан байх чинь.

Үзүүлчихээд харьж явсан том зулзага:
-Ээж ээ?
-Яасан миний том зулзага?
-Таныг яг ийм томуу тусчихаад хэвтэж байхад аав танд нэг тийм гоё сармистай шөл хийж өгсөн дөө. Тийм шөл уумаар байна.
-Хар шөл үү? За аавд нь хэлчихье.
гэснээ ээж шууд аав руу нь залгаад л
-Хань ижлээ, том зулзагаа үзүүлчихлээ. А төрлийн томуу байна гэнэ ээ. Тэгээд том зулзага нь аавынхаа гарын хар шөлийг уумаар байна гэнэ ээ. Хайр нь сайхан үхрийн мах авч хариад бэлдээд байж байя.
Ээж бол тэнд эмчид үзүүлээд эм танг нь авчихсан ихээхэн гавъяатай хүн утасдаж байгаа байхгүй юу. Хэ хэ.

Тэгээд л хань ижил том зулзагатаа сармистай сайхан хар шөл хийж өгөөд, би нь тэрнээс нь буудаад. Ойрд хар шөл уугаагүй, хар хөлс гарч байна лээ.

Бид чинь энд үхрийн мах ховор иднэ. Голцуу тахиа, гахай, загас голцуу иднэ. Хааяадаа бас уулынхныхаа ачаар зэрлэг гахайн мах идчихнэ ээ болоогүй. Тэр нь ангийн юм гэсэндээ амттэй гэж юүхэв. Голцуу монгол хоол хийх үедээ л үхрийн мах авна. Бас монголд байдаг шиг идэш энэ тэр гэж бэлдэхгүй, тухайн өдөр өдрийнхөө махыг нь худалдаж авч иднэ шүү дээ. Тийм болохоор хар шөл уусан чинь сайхан байна лээ. Хонины мах тун ховрын бараа шүү дээ, нээрээ. Төв газар бол хонины мах зардаг тусгай дэлгүүр хоршоо байдаг гэсэн байх шүү. Бид хааяа захиалж авч иднэ ээ. Тун ховор доо.

Friday, May 22, 2015

Fabulous women

За урдны бичлэгийн үргэлжлэл. Уг номонд 55 бүсгүйчүүдийг багтаасан байгаа. Гэхдээ бүгдийх нь намтрыг эхнээс авахуулаад дуустал нь бичээгүй бөгөөд, их сонирхолтой байдлаар зохиогч өөрийн үзэл бодлоо тусган бичсэн нь ихэд таалагдав. Богинохон танилцуулга бүхий.

Мэдээж 55-уулангий нь энд бичнэ гэж байхгүй. Би нь ч бас өөрт таалагдсан эмэгтэйгээсээ түүж бичнэ шүү. Япончууд тэр бүр мэддэггүй хүмүүс ч бий гэсэн. Жүжигчид нэлээд хэд байсан ч эндээ өөр төрлийн, өөр салбарын, өөрийн мэдэхгүй хүмүүсээсээ түүж орууллаа. Дараах 26 хүний тухай зохиогчийн богинохон танилцуулгыг бүр богиносгоод бичнэ ээ. Өнөөдөртөө зөвхөн нэрийг нь л бичлээ.

Бага зулзага гадаа гарая гээд суулгадагүй ээ.

1. Oprah Gail Winfrey
2. Tyra Banks
3. Kathryn Ann Bigelow
4. Indra K. Nooyi
5. Ellen DeGeneres
6. Elizabeth Warren
7. Vera Wang
8. Elizabeth Edwards
9. Amy Chua
10. Margaret Woodward
11. Ursula Burns
12. Bette Anne Waters
13. Liz Murray
14. Kayla Harrison
15. Marissa Mayer
16. Hope Solo
17. Marie Colvin
18. Jann Luu
19.Grace Mnrray Hopper
20. Rosa Parks
21. Gabrielle Dee Giffords
22. Michiko Kakutani
23. Temple Grandin
24. Piper Kerman
25. Antoinette Tuff
26. lizzie Velasques

Хаа газрын эмэгтэйчүүд бид бол тэнгэрээс заяасан сэтгэлийн тэнхээтэй, авъяастай, мундаг, уян, уран, мэдрэмжтэй, өөр юу билээ. Магтах гэсэн монгол хэлээ мартав ч гэх шиг. Хэхэ.

Эрчүүд та нар бол биднийг зүгээр л тахин шүтэж явах хэрэгтэй. Тэгэж чадахгүй бол дэлхийгээс зайлаарай. Хаха. Нүүр номоос нэг ийм шинэ "дэлхийгээс зайлаарай" гэсэн хэллэг сурсан юм аа, тэрийгээ ашиглах боломж олдохгүй байсан. Харин ашгүй эндээ бичих завшаан тохиов. Ккк

Бас шинэ англи үгтэй болсон. Fabulous. Гол нь хэд хоногийн дараа хоолтойгоо холиод мартчихгүйхэн шиг л байх...

Thursday, May 21, 2015

Америкийн мундаг эмэгтэйчүүд

За энэ удаагийн ном маань мундаг эмэгтэйчүүдийн тухай. Ойрд жаахан жендерээр өвчлөх гээд байгааг хэлэх үү, шууд л зээлчихлээ. Хэ хэ

Зохиогч номондоо 55 эмэгтэйг сонгон оруулж, тэдгээрийн нийгэмд нөлөөлж буй мундаг үйл ажиллаагаа, амьдралын хэв маягын тухай бичсэн байна.

Өөрөө эхнэрээ даган америкт ирсэн. Эхнэр нь докторт сурах гэж ирсэн. Хүүхэд нь төрөөд америкийн иргэж болсон тул тэндээ нэлээд удахаар шийдсэн. Нийтдээ 15 жил амьдарч байна. Ингэхдээ эхнэрээ ажилд нь үдчихээд, хүүхдээ сургуульд нь явуулчихаад өөрөө гэртээ.

Гэртээ мэдээж гэдсээ илээд хэвтэхгүй. Бичгийн ширээндээ тухалж аваад америкийн кино ертөнцийн тухай японы нэгэн сэтгүүлд нийтлэл бичиж өгнө. Энэ нь түүний ажил.

Иймэрхүү гэртээ ажлаа хийдэг нөхрүүд олон байдаг, Жишээ нь хөршүүдээс нь гэхэд л үл хөдлөх хөрөнгийн газар ажилладаг эхнэрээ ажилд нь үдчихээд, өөрөө студидээ ажиллана. Гражаа засаж тохижуулаад бяцхан студи болгочихсон. Түүндээ өөрийн дуу оруулсан бичлэгүүдээ засварлана. Учир нь тэрбээр дуу оруулагч жүжигчин.

Бас нэг хөрш нь бага сургуулийн захирал эхнэрээ ажилд нь үдчихээд өөрөө ногоо тарих ажилдаа ханцуй шамлан орно. Учир нь тэрбээр химийн янз бүрийн бодис хэрэглэлгүйгээр органик ногоо тарьдаг.

Гэх мэтчилэн америкт нөхрөөсөө өндөр цалинтай, орлоготой эхнэрүүд олон. Бүр 40 хувьд хүрээд байгаа.

За үүний нэг шалтгаан нь техникийн, нарийн мэргэжилтэн, удирдах албан тушаалтан, бизнес эрхлэгч эмэгтэй хүмүүсийн тоо өссөнтэй холбоотой.

Нөгөө нэг шалтгаан нь эмэгтэйчүүд өндөр боловсрол эзэмших явдал. Ингэхдээ эмэгтэйчүүд маань эхлээд ажилд орон, хэдэн жил ажиллаж сургалтын төлбөрөө хуримтлуулж байгаад эргэн сурах тохиолдол элбэг.

Мөн ингэж сурчихаад эргэн ажил хайхад тийм ч хүндрэлтэй байхаа больсон.

Glass ceiling гэдэг ойлголт бага багаар арилж байна. Энэ нь ажилд ороход нас заах, хүүхэдтэй эсэх түүнээс нь хамаараад ажилд авах авахгүйгээ шийдэх тухай хуульчилж зааж өгсөн ч тэр бүр эмэгтэйчүүд дээшилж дэвших нь ховор байсан. Үүнийг glass ceiling гэж нэрлэдэг бөгөөд сүүлийн үед эмэгтэйчүүд харьцангуй боловсорч энэхүү хуучинсаг үзлийг халахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.

Өдгөө америкт аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх албанд 43 хувь нь эмэгтэйчүүд, удирдах албан тушаал(захирал)-д 14 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг.

Ерөнхийлөгч Обама ч гэсэн өөрийн засгийн газраа бүрдүүлэхдээ эмэгтэйчүүдийг олноор нь багтаа оруулсан.
Хэн хэн ч гэчихэв дээ, зөндөө л хүний нэр, албан тушаалтай нь бичсэн байсан.

Эмэгтэйчүүдийн янз бүрийн хэлбэрийн тэмцлийн үр дүнд өнөөгийн америкийг бүтээгдсэн гэхэд хилсдэхгүй.

Японы хувьд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 11,1 байдгаараа солонгостой адил бөгөөд хөгжингүй орнууддаа хамгийн доогуурт жагсана.

Тухайн орны хөгжих эсэх нь "Эмэгтэйчүүдийнхээ байр суурь"-д хэрхэн хандаж байгаагаараа тодорхойлогдоно. Эмэгтэйчүүд өндөр боловсрол эзэмшин, эмэтгэйчүүд тэгш эрхтэйгээр аливаа үйлд оролцдог улс хөгжих нь даамжиггүй ээ.

Дээхэн би нь бас нэг хүний блогоос ингэж уншиж байлаа.
Монголд эмэгтэйчүүд нь маш идэвхитэй, монгол орныг хэн авч явж байна? Эмэгтэйчүүд нь л авч явж байна. Монгол эмэгтэй бол маш дайчин, шинийг эрэлхийлсэн, аливаа зүйлийг мэдчих юмсан гэдэг хүслээр чих зөөлөнтэй, маш чадварлаг гээд зөндөө магтсан байсан. Япон хүн шүү тэгэж магтсан байсан.
Эсрэгээрээ эрчүүд нь залхуу, чих хатуу, худлаа пээдгэр, наанаа их цэцэн мэргэн үгтэй, ажил хэрэгт тэр нь биелэх нь ховор, бүдүүлэг, нэг л их ажил хийж гэрээ тэжээж байгаа нэртэй...

Японд миний ажигласан бас нэг зүйл бол: энд сурахаар ирэгсдийн ихэнхийг нь хүүхнүүд эзлэнэ. Тэдэн дунд гэр бүлтэй хүмүүс ч их. Бүгдийг амжуулаад байдаг мундаг улс.

Түрүү жил энд 3 долоо хоноийг сургалтаар 6 хүүхэд ирсэн. Бүгд л охид. Хариуцсан япон хүмүүс яагаад нэг ч хөвгүүн байхгүй байна аа? гээд л гайхаад байсан. Тэгсэн гол ажлыг нь даадаг, би нь хааяа шөргөөцөлдчихдөг гээд байдаг хувийн ааш жаахан тийм ч ажилдаа мундаг нэгэн эмээ тэгсэн шүү дээ:
-Монгол эрчүүд хичээл хийх дургүй юм чинь, яаж тэнцдэг юм? Бөхөө л барилдаад байж байдаг юм, нэг бол бөхөө үзэж малийгаад л сууж байдаг юм чинь. Монгол бөх дээрээс нь сүмо нэмэгдээд бүр ч хийх юмгүй болсон. гэж авсан. Ха ха

Хүүтэй болбол хичээлээр л шахаад байхаас, хэхэ. Эдэнд монгол эрчүүд бүгд тийм биш гэж харуулая л даа. Тийм ээ.

За за ном танилцуулах гэсэн биш далийсан байна. Ямар ямар бүсгүйчүүдийн тухай оруулсныг дараагийин бичлэгт...

Wednesday, May 20, 2015

Ууланд авирахаар арилж өгсөн

Том зулзага өнөө өглөө эртээ гэгч нь чухам ууланд авирчихаад ирнэ гээд гараад алга болсон.

Дунд сургуулийн бүх 1-р ангийнхан анги даасан багш нартайгаа, бас бус хариуцсан багштайгаа автобусаар мужийнхаа хамгийн өндөрт тооцогдох ууланд гарч нэг хоночихоод ирнэ. Ихэнх дунд сургуульд байдаг арга хэмжээ байх аа. 3-р ангид орохоороо бүр хол зугаалганд явдаг гэсэн.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр уламжлалт арга хэмжээгээ танилцуулангаа 5 сард хонуутаар явна. Төлбөртэй, дүрэмт хувцас энээ тэрээ гээд зардал ихтэй байхад чинь бас мөнгө нэхэх учир түмэнтээ хүлцэл өчье гээд л захирал багшаас авахуулаад л хариуцсан багш нар ам нээх болгондоо л хэлсэн. Эртнээс сэтгэл зүйн бэлтгэл хийж байгаа нь тэр. Би нь дотроо мэдсээр байгаа юм байж тэгээд жаахан азнаж байгаад явахад яадаг юм гэж бодоод байгаа хэрнээ ил гаргаж хэлэхгүй л байлаа. Хэ хэ.

За тэгээд эд чинь зохион байгуулалт сайтай юм болохоороо их олон хоногийн өмнөөс хэрэгтэй зүйлсийн жагсаалт гаргаад ар гэрт нь хүргүүлнэ. Том зулзага далимдуулж нэг цагаан подволк авахуулсан юм байна шүү, нээрээ. Түүнээс тамирынхаа хувцсыг өмсчихнө, сургуульдаа өмсдөг пүүзтэйгээ явчихна. Амар. Цүнхний хувьд хоёр цүнхтэй явсан. Нэг том, нэг жижиг үүргэвч. Ууланд гарахдаа жижиг үүргэвчтэйгээ явна. Том цүнхээ буудалдаа бусад ачаатайгаа орхино.

Сургуулийн зүгээс заасан зүйлсээс өөр зүйл авч явж болохгүй.
-Өглөө цүнхийг нь шалгадаг гэсэн, ээж ээ. Арай дэндсэн зүйл биш үү?
-Тэгж та нарыг айлгаж байгаа биз дээ, тэгэхгүй бол та нар юу ч аваад явчих юм билээ.
-Тийм юм болов уу?
Нэг иймэрхүү харилцан яриа болсон. Бас л чанга байна уу. Гэхдээ чанга нь дээр гэж бодож байгаа.

Өглөө гэрээсээ 6:30-д гарсан. Бид хоёр чинь 5 цагт босч өнөөх өдрийн хоол бэнтогоо хийлээ. Энэ удаад янз бүрийн баатрын дүрст бэнто энэ тэр гэж сүр болоогүй, хэхэ.

Нэг найз нь ирээд хонх дараад л,
-Явчихаад ирье, ээж ээ
гээд л гараад явсан. Дараахан нь мартсан зүйлийг нь өгөх гэж ээж нь сандарч гаран, араас нь гүйцэж очоод л өгөв. Харьцангүй бие даасан гээд хааяа тоодоггүй юм. Хүүхдээ гэж, мартаж л байгаа юм. Гарцаагүй л ээжийн нүд, үглээ хоёр хэрэг болоод байх юм даа гэж.

За тэгээд өдөр нь буудалдаа оччихоод, бэнтогоо идчихээд ууландаа гарах юм гэсэн. Маргааш нь үдээс өмнө сургалттай юм даг уу даа. Яг юуных нь бүү мэд, мэдэлгүй л явуулчихлаа. Хайнга ээж байна уу, хэхэ.

Удахгүй баяр болно

Хэдхэн хоноод л эх үрсийн баяр болно. Баяр болох сайхан ч...

Талбайгаар дүүрэн хог болох байх даа гэж эмзэглээд. Гялгар уут кармаалж гараад идэж уусан хогоо хийхэд болохгүй юм байхгүй дээ. Гол нь хувь хүмүүсийн ухамсар.

Энд цэцэрлэгт байхаас нь ийш тийшээ зугаалгаар явахдаа хог хийх гялгар уут авч ирэхийг хүүхдүүдэд хэлж, заадаг, шаарддаг. Манай бага 4 настай. Эртээд зугаалганд явахдаа
-Ээж ээ, хогны уут хийсэн үү?
гэж байхав дээ.
Ингэж эд нар багаасаа хоггүй орчинг бүрдүүлэх тал дээр ухамсар сууж ирдэг. Үүнийг томчууд нь зааж сургаад, үлгэрлэдэг.

Гэтэл манайд томчууд нь өөрсдөө хогоо хээв нэг хаяад явчихлаар яалтай ч билээ. Томчуудыг бас багад нь зааж сургаагүй, тэдгээр томчуудыг бас багад нь сургаагүй?

Соц нийгмийн үед бас ч замбараатай байсан юм шиг ээ. Адаглаад хогоо хаядаггүй байсан санагдах юм.

Ардчилал гэдгээ арай д өөрөөл хүлээж аваад, шууд эмх замбараагүй байдал үүсгэчихсэн тэ...

Нэлээд дээр монголд олон жил үйл ажиллагаа явуулсан мундаг газрын нэг хүн хэлж байсан юм. Өөрийнх нь судалгааны үр дүнд олж авсан монголчуудын тухай:

-Монголчууд хашаа хороо, гэр доторхоо л гоёод байдаг. Гэрээсээ нэг алхам, хашаанаасаа гараа л бол шууд минийх биш гэсэн үзэлтэйгээр бохирдуулж ирдэг. Орцоор нь ороход аймар үнэр танартай, хогтой байранд ороод л за энд ч ядруухан, хэцүүхэн, нэг бодлын боловсрол хүмүүжил муутай л хүмүүс амьдардаг байх гэж боддог. Гэтэл эсрэгээрээ хачин тансаг айл, их дээд сургууль төгссөн боловсролтой, ганган хүмүүс угтаж авдаг.
Гэр хорооллын хашааны гаднах бас л аймар. Харанхуй шөнө явахад хэцүү.

Нус цэрээ их хаяна. Бүр сэжиг хүрмээр. Хуурай сэрүүн орон болохоороо л болдог байх даа, манайх шиг халуун оронд бол хэзээний янз бүрийн халдварт өвчин гараад хэцүүеэ.

Нэгэндээ шаардлага тавихгүй, зүгээр л харж байдаг. Бла бла.

Өөр юу гээд байлаа даа. Миний дэргэд миний монголчуудыг өнөө хэдэн япончууддаа муулаад л байсан. Өмөөрөх гэхээр бас болохгүй, хэцүү байсөөн.

Тэгээд л янз бүрийн хог могтой сэдэв гарахаар эмзэг гэж юүхэв, миний энэ сэтгэл.

Бяцхаан уриалга шүү. Монголд байгаа уншигчид минь хогоо гадаа ил задгай хаяхаа больцгооё тэгэх үү. Та нар минь хаядаггүй байж магад, хаяж байгаа нэгэн байвал шаардлага тавиарай. Дор бүрнээ л хэрэгжүүлээд байвал тийм ээ.  Надаар л дутав гэж биш, надаар дутна, би хогоо хаяхгүй байвал намайг дуурайгаад хаяхгүй хүн гарч ирнэ шүү дээ гэж бодон бодон хогоо л хаяхгүй байцгаая.

Хол байдаг болохоор гараад хогноос түүлцээд цэвэрлээд байж чадахгүй ч ингээд чаддагаар нь блогтоо бичвэл нэг ч гэсэн хүн уншаад цааш нь түгээх байхдаа л гэж бодов.

Sunday, May 17, 2015

Алмааз эрдэнээс илүү

"Алмааз эрдэнээс илүү
Энх тайвныг л хүснэм"
гэдэг ном уншиж дуусав. Ёоо хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Агуулга бол үнэн сэтгэл эмзэглүүлэм. Уншиж эхлээд л шууд монголд төрсөндөө баярлана.

Дэлхийд хамгийн үнэтэй, чанартай, гоёмсог  алмааз эрдэнэ олборлодог баруун африкийн баруун өмнөд хэсэгт Атлантын далайтай хиллэдэг Republic of Sierra Leone гэдэг улс. Английн колони байсан. 1961 онд тусгаар тогтносон. 10 гаруй жил үргэлжилсэн дотоодын дайны улмаас дэлхийд хүн амын наслалт нь хамгийн бага. Дундаж наслалт 46.
1992 оноос дотоодын зөрчил нь эхэлж 10 гаран жил нэг улсын нэг үндэстэй хоорондоо дайтсан. Ингэж дайтахдаа засгаа эсэргүүцдэг нэг ёсондоо дайсны тал яасан гэхээр хүүхдүүдийг барьж аваачин цэрэг болгон дайчлана. 10-16 насны голцуу хүүхдүүд гэнэт гэрээсээ баригдаж яваад цэрэг болно. Ээж аав нь явуулахгүй гэвэл нүдэн дээр нь ээж аавыг нь алчихаад л чирээд явчихдаг. Тэгээд л шууд буу бариулаад хээрийн сургууль гээч юманд гаргаад хүн алах сургуулилалтаа хийж эхлэнэ. Энэхүү хээрийн сургууль нь маш хүнд. Гэхдээ хүүхдүүд хурдан сурдаг, алуулахгүйн тулд. За тэгээд бэлтгэгдсэн хүүхэд цэрэгүүд алан хядах ажиллагаандаа орно. Яагаад хүүхдийг цэрэг болгон дайчилдаг вэ гэхээр хэд хэдэн давуу талтай. Тэдгээрийг бууг нь нуугаад явуулчихад хэн ч сэжиглэдэггүй. Тиймээс дайснаа? амархан олзолдог, алдаг. Мөн томчуудыг бодвол хөнгөн шаламгай тул дайсны суманд өртөх нь бага. Тагнуулчаар ажиллуулах нь их. Гэх мэт.

За ингээд энэ сөрөг бүлэглэл нь өөрсдийгөө санхүүжүүлэх хэрэг гарнаа даа. Тэгээд алмааз эрдэнийн ашгаар бүлэглэлийнхээ эрч хүчийг зузаатгах. Засгийн газрын мэдэлд байдаг алмааз эрдэнийн уурхай?-д ажилладаг байсан ажилчдыг ар гэрийнх нь хамт алан хядаад, нэг бол тахир дутуу болгоод хаячихдаг байсан. Бүлэглэлийн нэр нь Revolutionary United Front буюу товчлоод RUF. Нетээс хайхад гараад ирэх байх. Сонирхвол олж уншина биз дээ.

Яаж тахир дутуу болгодог вэ гэхээр гар хөлийг нь тасдаад тасдаад, хэрчээд хэрчээд явчихдаг. Бүр 3, 4-хөн настай жаахан хүүхдүүдийг хүртэл шүү.

Аймар байгаа биз дээ. Байгалийн баялаг нэг бодлын ашигтай ч дээр нь сууж байгаа дарга нар ухаантайхан шиг байхгүй бол ард иргэдийн дунд иймэрхүү хөдөлгөөн өрнөөд байдал яаж ч эргэж мэдэхээр.

За тэгээд энэ номд гардаг гол баатрын нэгэн хөвгүүн. Айлын ганц хүү. Ногоо тарин аж төрдөг байж. Нэг л өдөр өнөөх RUF-хөн орж ирээд л хүүг аваад явна гэсэн. Мэдээж ээж аав нь хүүг минь битгий авч яв л даа гэж амь тэмцэн гуйна. Тэгсэн өнөөдүүл нь хүүгийн нүдэн дээр алчихаад хүүг авч яван цэрэг болно. Хүү нэг л өдөр сиймхий хайн тэднээс зугтана. Хэдэн тосгон луу дайрч хэдэн хүн алсан нь тоолоод баршгүй. Тэгэхгүй л бол өөрөө алуулах учраас. Номын хавтсны зураг дээрх хүү. Нүднийх нь доорх сорви байна шүү дээ. Өөрөө сахал хусагчаар зүсч арьсан дороо хар тамхи хийн мансуурдаг байсан. Тэгж мансуурахаар шууд л хүн алмаар болоод ирдэг. Ер нь бүх цэрэг хүүхдүүд тэгж л цэргийнхээ үүргийг гүйцэтгэдэг.

Зугатааж гараад янз бүрийн тусламжийн төвүүдэд ирдэг. Энэ үеээс бас л тэднийг том шалгуур хүлээж байдаг. Хар тамхинд донтсон байх нь элбэг тул, тэрнээс нь ангижруулах гэдэг маш чухал бөгөөд цаг, хүч хөдөлмөр шаарддаг. Ийм үед нь 24 цагийн турш хянаж байхгүй  бол болдоггүй. Хүүхдээсээ болоод хурдан эдгэдэг нь ч байна, маш удаан эдгэх нь ч байна. Тэд хааяа нууцаар зүгээр тамхи татдаг. Гэхдээ тэднийг хорьдоггүй. Тэр айхтар зүйлээс ангижрах гэж тэмцэж байгаа тэдэнд бага зэргийг хугацаа л өгөх шаардлагатай гэж үздэг.

Сургуульд яван, хоорондоо тоглон, зурагт үзэн, ном уншин, хоорондоо чөлөөтэй ярилцах гэх мэт өдөр тутмын энгийн үйлдэл л маш чухал. Төвдөө янз бүрийн арга хэмжээ зохиох нь их. Учир нь тэдэнд цэрэг явсан, хүн алсан гэсэн айдаст мөчүүдийг нь мартагнуулж, ирээдүйгээ шинээр харах хүсэл эрмэлзлэл төрүүлэх нь чухал.

Төвөөс зугатаад буцаад цэрэг болчих хүүхэд ч мэр сэр байдаг. Учир нь мэдээ орох цагаас нь эхлээд л буу бариулчихсан учир тэд буунаас өөр зүйл мэдэхгүй, хүн алахаас өөр зүйл мэдэхгүй болчихсон байдаг.

За энэ номыг бичсэн хүн нь Готоо Кэнжи гэдэг хүн. Сэтгүүлч. Африкийн олон орноор явж бидний мэдэхгүй олон зүйлийг дэлхий нийтэд таниулах гэсэн эрмэлзлэлтэй байсан. Байсан гэдэг нь 2014 оны 10 сарын сүүлээр Ислам улс японы 2 иргэнийг барьцаалаад, маш их хэмжээний доллар нэхэж байснаа эцсийн шатандаа энэ оны 1 сард алчихсан. Тэрний нэг нь Готоо Кэнжи. Хэд хэдэн ном гаргасан. Манай ажилд тэдгээрээс нь мэр сэр бий. Уншина гээд товлочихсон байгаа.

Эцэст нь алмааз эрдэнэ худалдаж авахгүй ээ. Хэ хэ. Би нь авчихвал тэнд африкийн хаа нэгтээ хэн нэгэн жаал, бүсгүйчүүд миний тэр худалдаад авчихсан өчүүхэн алмаазыг нөхөх гээд бас л хүнд хэцүү байдалд орно шүү дээ. Миний авах гэснийг хэн нэг нь аваг. Өчүүхэн гэдэг нь би нь мэдээж том үнэтэйгээс нь авч чадахгүй шүү дээ, хэмжээндээ таарсан хөөрхөн жижигхэн бөгж ч юм уу, ээмэг ч юм уу, хүзүүний зүүлт ч юм уу авна даа гэж боддог байсан юм.

Хань ижил бэлэг гээд худалдаад аваад өгчихвөл авнаа, дуртай нь аргагүй, Өөрөө бол худалдаж авахгүй ээ. Хэ хэ.

Та нар минь ч гэсэн ямарваа нэгэн үнэт эрдэнэ авахдаа тэдний цаана ямар их бэрхшээл зовлон нуугдаж байдаг бол гэж бодож байгаарай. Худалдаж аваад хэрэггүй гэж бол хэлэхгүй л дээ. Хэ хэ

Saturday, May 16, 2015

Аргагүй л дуртай юм даа

Энэ охид нээрээ гүнжтэй кинонд аргагүй л дуртай юм даа. Манай хоёр том жижиггүй л гүнжид дуртай.
Үзээд л байна, үзээд л байна. Ханана гэж алга аа. Сүүлийн үед "Үзэсгэлэнт охин ба Жонон"-г үзээд ухаан алга. Хэд ч үзэв. Би нь бас цугтаа үзнэ ээ. Багадаа үлгэрийг нь их уншдаг байсан даа гэж. Их үнэтэй юм ДВД нь. Өөрөөсөө нарийлдаг хэрнээ охиддоо хааяа нэг далим гаргаж авч өгөөд байгаа. Саяхан том зулзага өөрийнхөө мөнгөөр "Үзэсгэлэнт охин ба Жонон"-г авсан. Тэгээд л бид чинь хааяа үзнэ. Өнөөдөр ч бага зулзагатайгаа үзээд авлаа, ханахгүй. Гор нь гарсаан, хогоо гаргаж асгахаа мартчихсан байна лээ. Хэ хэ. Уг нь хогны машин ирэхэд ая яваад л мэдэгддэг байхгүй юу. Хүүхэлдэйн кино үзэж байгаад сонсоогүй байсан. Энд чинь хогны машин ирдэг тусгай өдөртэй. 7 хоногт хоёр ирнэ. Шатдаг хог нь. Шатдаггүй хог ачдаг машин нэг л өдөр ирнэ.
Өөр хэд хэдэн двд бий. Цуглуулга нь ч овоо болох шинжтэй. Дараагийн зорилго нь "101 гөлөг" билүү? Тэрийг авна аа гэчихсэн явж байна лээ.
Уг нь янз бүрийн баяраар ном л өгдөг байсан чинь сүүлдээ ч двд болж байх шиг байна шүү. Санаа ч гэж байна аа байна, адтай охидод минь. Хэ хэ.

Өө би нь юүтүбээс дууг нь орууллаа гэсэн болохгүй байна. Та нар минь өөрсдөө олоод сонсохыг бодоорой.

Friday, May 15, 2015

Бага зулзага

Ойрд бага зулзагынхаа ярьж хэлж буйгаас бичээгүй юм байна. Хамгийн сүүлд хэзээ бичсэн юм бол доо. 1 жилийн өмнө байх аа.

Японоор чөлөөтэй ярьдаг болсон. Эргээд биднийгээ загнаад байдаг болсон. Тэг л дээ, ингэ л дээ, тэг гээд байхад, ингэ гээд байхад. Бла бла

Хааяа өөрийг нь тоохгүй байвал урвайж ирснээ
-Хорвоод хүн болоод төрөөд ирж байхад намайг тоосонгүй.
гэж авдаг юм даа. Мэл гайхав.

Нэлээд хэд хоногийн дараа бас л бид нь тоохгүй янзтай байсан юм болов уу даа.
-Хорвоод амьдрахын тулд хүн болж төрөөд та нар дээр ирчихээд байхад хэн ч намайг тоож тоглохгүй юм аа.
гээд урвайгаад суучихав. Бид нь бас л алдаагаа ухамсарлаад бүгд тойрч суугаад тоож тоглов.

Үе үе гэнэт их айхтар үг хэрэглэнэ. Өөр чинь юу гээд байлаа даа, би ч бараг хэрэглэж мэдэхгүй үг хэлээд намайгаа маданд оруулаад байсан.

Сүүлийн үед "Би найрагч" гэдэг хүүхдийн дууг сонсоод, би найрагч гэж дуулаад байгаа.

Монголоор бага сага ойлгоод байгаа. Аминдаа монгол хэл ойлгодог болгочих гээд үзэж тарах юм.

Хайчийг чөлөөтэй хэрэглэдэг болсон. Будаж сурцгаая номноос будсаныхаа дараагаар дагуулж хайчлаад тавьчихдаг болсон. Яг л зураасын дагуу хайчлаад байна лээ.

Үс нь овоо ургаад хоёр талд нь сөөсийлгөөд боочихдог болсон. Тэрэндээ их дуртай байгаа. Бушуухан урт ургаасай л гэсэн хүн байна. Гэхдээ халимаг үс зохиод байгаа.

Чингис хааны зургийг өвөө гээд заагаад өгчихсөн юм. Хэ хэ. Бүр багаас нь л. Тэгсэн одоо энд тэнд Чингис хааны зураг байх юм бол миний өвөө гээд хашгична шүү дээ.

Монгол гэдэг үгийг зурагт энэ тэрээр сонсчихвол нүд нь том болж ирээд л монгорү гэнэ ээ гэж ирээд л сүйд болно.

Том том цаасан дээр зургаа зурсаар л. Тэрийгээ хэнд өгдөг юм билээ гээд л гэрийнхээ бусад гишүүдийг дугаарлачихна. Мэдээж хамгийн түрүүнд ээж. Заримдаа ээж нь гэнэдээд хогийн уут руу хийж байгаад баригдаад, загнуулна.
-Сэтгэл гаргаад зурж өгч байхад. гээд уйлна.
Одоо хашраад нууцаар ажлынхаа цаасны хогонд аваачиж хаяна. Ингэхдээ мэдээж зургийг нь дарна. Түүнээс зурсан болгоныг нь хадгална гэвэл бүтэхгүй. Хангалттай цаасанд дарагдаастай айл чинь.

3 тарни цээжилчихсэн. Хааяа монгол руу эмээ өвөө нартайгаа ярихаар тарниа уншиж коко авдаг нь хэвээрээ.
Таньдаг нэг эгч маань
-Та нар монголоос хол байгаа ч ямартай ч хийморийн санг бол охиноороо тавиулчихаад байгаа л юм байна гэсэн. Үнэн үнэн. Хэ хэ

Ганц нэг дуу дуулахдаа дохионы хэл оролцуулж дуулаад байсан юм. Яг анги дааж явсан багш нь дохионы хэл сонирхоод хүүхдүүддээ зааж өгөөд байгаа юм билээ. Сүрхий байгаа биз. Цэцэрлэгийн багш нарынх нь чадварын талаар дараа тусад бичнэ ээ.

Номонд их дуртай. Оройд ном уншуулдаг хэвээрээ. Ер нь л энд тэнд явж байхдаа ном уншуулна. Гол нь энд чинь энд тэндхийн хүлээлгийн танхим хүүхдээ дагуулаад явж буй ээж нарт зориулаад хүүхдийн номын булантай байх нь хэвийн үзэгдэл юм даа.

Гэх мэтчилэн нэг л мэдэхэд өсөөд, хөгжөөд яваад байх юм. Өдөр тутмынхаа ажилд дарагдаад тэр бүр анзаарахгүй л байгаа болохоос.

Thursday, May 14, 2015

Хөдөлмөрийнхөө хөлсөнд ном

авсан шүү дээ. Өвөл нэг майк нэхсэнийг санаж байгаа биз дээ. Тэрнийхээ хөлсөнд ном захиад авчихлаа. Уншаад ч дуусчихлаа. Дараа бас нэг ботийг нь олж уншина даа.
За уншсан хүмүүс их байдаг тул нэг их тайлбар хийхгүй ээ. Ямар ч байсан дайснаа дараад дархан цолоо мандуулаад төгссөнд баяртай байгаа.

Баахан гадаад нэрс уншихад бас л хэцүү болсон байна шүү. Яахав урдны ботид гардаг хэдийхээ нэрийг бол гайгүй тогтоочихсон. Шинээр гарч ирж байгаа гийгүүлэгч олноороо орсон гадагад үгийг хэлэхэд нэг л эвлэж өгөхөө байсан байна. Нүдээрээ гүйлгээд уншихаар болж л байгаа л даа. Хэ хэ. Хаа нэгтээ амандаа уншихаар сонин сонин.

За үлдсэнийг нь дараа дахин нэг майк нэхээд хөлсөндөө авчих юмсан тэ гэж мөрөөдөөд л. Хэ хэ. Майк ч юм уу, өөр зүйл байсан ч болно. Захиалга авна аа. Хөлсөнд нь ном захина. Хэ хэ

Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ямар ихээр зөрчигдөж байдаг юм бэ? Энэ номд ч гэсэн уншихад аймар зүйл их бичигдсэн. Хэдхэн хүрээллийн, хэдхэн хүмүүсийн эрх ашгийн төлөө эмэгтэйчүүд, хүүхдүүд яасан ч их зовлон амсдаг юм бэ?

Манай монголд ч бас сүүлийн үед хүний санаанд оромгүй хэрэг, хүчирхийлэл их гарах болж дээ. Яана даа гэж бодоод л уншина. Заримыг нь уншихгүй ээ. Сэтгэл нэг хэсэгтээ л өвдөөд зулзагануудын минь царай харагдаад хэцүү байдаг юм.

3-хан сая хүнтэй монголчууд минь гадны хүмүүсийн муу муухайг дуурайж яах юм бэ? Хэдийгээр амьдрал хэцүү байгаа ч бяцхан үрсээ тамлах, эмэгтэйчүүдээ хүчирхийлэх ямар хэрэг байна аа. Амьддаа бие биесээ хайрлая л даа. Өвөг дээдсийнхээ айлдсан сургааль үгсийг маань мэт амандаа уншаад л ухаантайхан, уужуухан байцгаая л даа.

Ёс зүйтэй байя л даа. Ёс зүй гэдэг нэвтрүүлэг гараад байсан, миний хувьд ёс зүй гэдэг нь хувь хүн дор бүрнээ л ухамсартай, ухаантай, уужуу, хүлээцтэй, хариуцлагатай байхыг л хэлнэ дээ.

Saturday, May 09, 2015

Жендерийн тухай

Яасан байх нь уу? Жендерийн тухай яриа хийгээд. Хэ хэ

Монголын эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцооны тухай, байр суурийн тухай өөрийн мэддэг хүрээнд хэдхээн хүнд яриа хийгээд ирлээ.

Ер нь энэ талаарх бодит мэдээлэл их хомс байдаг юм байна. Монголд ном товхимол байдаг байх л даа. Гадаадад байгаа хүмүүс нетээс л хайх учир хүссэн мэдээллээ нэлээд чармайж байж олж авдаг юм байна. Гол нь хугацаа их шаардах юм. Тэгээд уншиж судлана, тухайн хэл дээрээ өөрийн болгож ярина гэдэг их л хэцүү ажил байв.

Монгол эмэгтэйчүүд дайчин, их олон зүйлийг нуруун дээрээ үүрч явдагийг мэддэг ч, албан тушаал ахих тусам эмэгтэйчүүдийн оролцоо багасдаг, их дээд сургуулийн оюутнуудын дийлэнхийг охидууд эзэлдэг ч эргээд өндөр цалинтай ажилд орох нь бага, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг ч тэрийгээ цагдаагийн болон холбогдох байгууллагад мэдэгддэггүй, нуун өнгөрүүлдэг, эртнээс уламжлагдаж ирсэн гэрийн ажил болон хүүхэд асрах ажлыг эмэгтэйчүүд л хийх ёстой гэдэг үзэл өнөөг хүртэл оршсоор байгаа, ялангуяа хөдөө орон нутагт энэ үзэгдэл түгээмэл байдаг байна.

За тэгээд яриад байвал их л олон асуудал гарч ирнэ.

Мөн их сүртэй сүртэй нэртэй байгууллагууд их байна. Мундаг мундаг зорилтууд тавин ажилладаг юм байна. Хугацаа тулсан байсныг ч хэлэх үү тодорхой тайлан маягийн зүйл олж авч чадсангүй. Гонсгор байгаа. Зав гарган хайж үзнэ ээ.

Төр захиргааны хэмжээнд жендерийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц дутмаг байдаг, харин төрийн бус байгууллага олон байдаг. Тэдгээртэй хамтран ажилладаг гэнэ. Яг яаж?

Япон ч гэсэн эртнээсээ эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ хараад л, гэрийн ажлаа хийгээд л, хооло хийгээд л байж байх ёстой гэдэг ойлголт түгээмэл. Үүнийгээ засан залруулж, эмэгтэйчүүд гэсэн мундаг ажиллах хүчнээ нийгэмд оролцуулах тал дээр сүүлийн хэдэн жил ихээхэн анхаарч байгаа. Мэдээж хугацаа шаардагдана.

Гол нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүмүүсийн уламжлалт сэтгэл зүйг өөрчлөх. Хүүхдээ багаас нь уян хатан хүмүүжүүлэх. Жишээ нь эрэгтэй хүүхэд хоол хийх ёсгүй, аяга угаах ёсгүй гэж хүмүүжүүлэх бус, эсрэгээр нь юм юманд оролцуулдаг байх. Охиудуудаа ч багаас нь зөв хүмүүжүүлэх?

Монгол эрчүүдээ ерөнхийд нь магтаж ирээд л ярьсан шүү. Та нар минь хичээгээрэй. Хэ хэ
Хань ижлээсээ жишээ авч байгаад л ярив. Жишээ нь намайг эзгүйд хоолоо хийчихдэг, хүүхдээ харчихдаг, завтай үедээ гэрийн ажлаа ч хийчихдэг гээд л.

Япон зарим нөхрүүд яадаг гээч? Эхнэр нь ажил нь оройтоод 8, 9 цаг гээд харьж ирэхэд хоол оо хийх нь битгий хэл бэлдээ ч үгүй байдаг гэсэн. Зурагт хараад л ангайгаад сууж байдаг гэсэн шүү. Тэгээд эхнэр нь адилхан ажил хийж ирчихээд дахиад л гэртээ үнэ хөлсгүй, нэр хүндгүй ажлаа хийнэ. Хэцүү еэ, би нь лав тэсэхгүй ээ.

Өөрийнхөө хэмжээнд цоо шинэ сэдвээр бурж бурж ирсэндээ сэтгэл өндөр байгаа ч гэм нь энэ удаагийнх хугацаа маш богино байсан тул нэг их сайн илтгэл болж чадаагүй. Хүмүүс ойлгомжтой, сонирхолтой байсан гэж хэлсэн ч хувьдаа би нь чамлалттай байгаа. Энэ далимыг ашиглаад хайж хэвлэж авсан материалаа дахин дахин, ойр ойрхон уншиж а б-гүй өөрийн болгохыг хичээнэ ээ.

Дандаа бага насны хүүхдүүдийн өмнө гарч амархаан зүйл ярьж байдаг надад хааяа ингээд иймэрхүү томчуудын өмнө гарч тэдний хүссэн зүйлээр яриа хийх зүгээр санагдав. Ядаж би өөрөө энд тэндээс хайж уншиж, асууж сураглаж мэдээлэлтэй болно. Түүнийхээ зэрэгцээгээр үгийн баялаг минь ч нэмэгдэнэ.

Sunday, May 03, 2015

Хөөрхөн санаанууд

Дээр зугаалж явахдаа харсан юм.
Сандал
Хөөрхөн байгаа биз. Имй бөөрөнхийн төмөртэйгөө бэхлээд хадчихсан байсан. Хүүхдүүд Нүхээр нь орж гарч тоглоод, арай жижигхэн маамаа нар доогуур нь шагайж, нуугдаж тоглож энэ тэр.
Модон тоглоом
Авсаархан хөөрхөн. Нэг байшингийн буланг ашиглаад хийчихсэн. Наана нь ээж аавууд хүүхдээ хараад л сууж байна. Тэр суудаг сандал нь доорх зураг.
Түшлэгтэй сандал
Бас л өвөрмөц хийцтэй байгаа биз. Урт сандал мөртлөө дундуураа бас тусгаарлагдчихна. Хэ хэ.
Гэх мэт энд тэнд явахдаа өлөн нүдтэй гэж юүхэв би чинь. Хэ хэ. Хөөрхөн санагдсан зүйлийнхээ зургийг байнга дараастай. Зарим нэг хүмүүст хэрэг болдог байх гэж найднам.

Амралтаар

Том зулзагынхаа дугуйлангийн ач гавъяагаар амралтын өдөр орж гарах минь багасч байх шиг байна даа. Энд алтан долоо хоног гээч амралтын өдөр эхэлчихсэн. Гадуур хөл хөдөлгөөн ихтэй байх шиг байна. Ганц байдаг малл-даа орсон чинь юу вэ, пиг хүн. Хагас бүтэн сайн нийлээд нийт 5 өдрийн амралтнаас 2-ыг нь л бид уул явж агаар салхинд гарж өнгөрөөнө.

Хань ижил зүгээр сууж байхаар ажиллаж байх минь гээд ажилтай. Жижиг зулзага бид хоёр гэр зуур юу эсийг хийхэв. Зурав, хайчлав, будав, инээв, уйлав, муудалцав, сайдав.
Будааны ороомог
Нэг зураг зураад тэрэндээ нэр өгнө. Зургийг нь дар гэж шална. Миний утас, нүүр ном бага зулзагын уран бүтээлийн зургаар дүүрсэн.
Аниа нь
Сүүлийн үед үсэг дуурайж бичээд байгаа. Гэм нь Буруу зөрүү биччихээд тэрэндээ уурлаад, уурласан уураа гэрийнхэндээ гаргаад байна. Хэ хэ. Шарандаа бичсэнээ ураад хаячихна бас.

Гэснээс их том яриатай болж байна. Хэн зааж өгсөн бэ гэмээр үг өгүүлбэр, хэлц маш их хэрэглэж биднийг заримдаа байдал оруулаад л.
Ярианаас нь дараа бичнэ ээ.

Friday, May 01, 2015

Ха ха, өөрийгөө гайхаад л

8 хүн байна аа. Маш идэвхитэй, маш мундаг. Нэг нь би.
Бас бие биендээ амь өгч тус болно. Онгоц, галт тэргээр туслана. Хэ хэ. Юу хэлээд байгааг минь мэддэг нэг нь таачихав уу?

Канди Краш. Нэлээд дээшээ ахиад ирсэн чинь 8 л хүн үзээд байна. Би нь заримдаа тэд нараасаа өндөр оноо авч энэ тэр. Гэхдээ надаас бусад 7 нь бүр аль хэдийнээ надад харагдахгүй болтлоо талийгаад дээшээ яваад өгсөн л дөө. Би нь хааяа нэг завтай үедээ хүү хаа гэж орж тоглоод амиа дуусангуут хэсэгтээ тоглохгүй.

Устгах гэхээр хайран сайхан 620 үе. Одоо яг 620 хүрчихээд байна л даа. Хэ хэ. Хүмүүс сонсоод ухаан алдахаа дөхнө. Дээрх 7 хүнд бол юу ч биш л дээ. Хэд хүрэх нь үү гэж харах гээд л байгаа юм даг уу даа, миний энэ сэтгэл.

Өөрийгөө бас гайхаад байгаа. Яагаад ингээд энэ канди краш, блог хоёрыг идэвхитэй нь аргагүй оролдоод байна аа гэж. Тоглоом наадгайд жаахан тааруу. Багадаа даалуу, шагай няслахаас өөрийг бол нэг их чаддаггүй байлаа шүү дээ.

Ямартай ч хэд дэх үе хүртлээ тоглох нуу, харж л байхаас. Мөлхөж явтал дээрх 7 хүний хэн нэгнийг нь гүйцэх байгаа. Ха ха. Энэ бичлэгийг олоод уншчихвал гүйцэгдэхгүй гээд бүр дээшээ талийж өгөх юм болов уу? Эсрэгээрээ.

Нэлээд хэдэн сарын дараа хэд дэх үе хүрснээ эндээ бичнэ ээ. Хэ хэ