Wednesday, May 27, 2009

Хөөрхөн дуу

Нэг хөөрхөн нэвтрүүлэг байдгын. Жоохоон жоохоон хүүхдүүд ээжээсээ анхныхаа даалгаврыг аваад дэлгүүр энэ тэр явж худалдаа хийдэг. Ганц дэлгүүр ч биш л дээ, аав, өвөө эмээдээ юм хүргэж өгөх энэ тэр гээд л. Анх удаагаа ганцаараа юм уу эсвэл дүүтэйгээ хамт явдын. Замдаа их хөглөнөө. Бүдэрч унаад уйлна, ээжийгээ нэхнэ, эргэж буцна гээд л. Яг тэр үеэр нь энэ дуу явдын.

Tuesday, May 26, 2009

Дурсгалын альбом

Цэцэрлэгийн төгсгөлтөөр их дуулагддаг. Охин минь цэцэрлэгээ төгсөхдөө ангиараа дуулсан. Дундуур нь бүгд нэг нэг өгүүлбэр хэлсэн. Ээжүүд нь сонсоод л уйлаад байсан.
Нээрээ л дурсамж болж үлдсэн зүйл их байнаа. Бид гурав энэ дууг сонсохоороо тэгэхэд тэгж байж билээ, ингэхэд ингэж байж билээ гэж ярилцдаг гэж байгаа.

Sunday, May 24, 2009

Аялал






Сүүлийн 2 бичлэгний зураг ална ч гээд байгаамуу аврана ч гээд байгаамуу гээч нь болчиж, япон хэл мэдэхгүй хүмүүст. Энэ удаад 5 сарын эхээр аялсан газрынхаа зурагнаас танилцуулъя. 5 сарын 4, 5, 6-нд энд баахан баярынх нь өдөр болоод амарсан юм. 2, 3-ныхаа хагас бүтэн сайнг оруулбал их л урт амарчихаж байгаам л даа. Урт амралт өгч авалцахдаа дургүй япончуудын хувьд бол. Нээрээ энэ япончууд амрах дургүй улс шүү. Ажил ажил ажил гэдэг үг л байдаг юм шиг байгаам үгсийн санд нь. 7 хоногийн амралт авах гэж бараг ажлаасаа халагдах нь холгүй юм болдын байна лээ. Жилд цалинтай амралт байгууллага, компаниасаа шалтгаалаад өөр өөр. Жишээ нь 20 хоног байлаа гэхэд тэрийгээ манайхан шиг нэг дор авахгүй, авая гэсэн ч өгөхгүй л дээ. Бүр нэг хүндэтгэх шалтгаантай үед л 7 хоногийн амралт өгдөг гэсэн. За даа тэгээд японы нийгэм ч ажил ажил гэдгээсээ болоод их стресстэй нийгэм дээ, наашаа ирэх гэж дурладаг хүмүүс мэдэж байхад илүүдэхгүй шүү.
Одоо үндсэн сэдэв...Тояма муж. Байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, уул ус нь жигдэрсэн сайхан газар өө. Халуун рашаан, амтат далайн бүтээгдэхүүн гээд л. Энд бид 3-ын онцлон зорьж очсон нь Татэяма уул. Далайн төвшнөөс ойролцоогоор 3000 метрт орших энэ ууланд өвөлдөө цас их унана. Тэрийгээ маш ашигтайгаар аялал жуулчлалдаа ашигладаг. 4 сарын дундуураас 5 сарын сүүл хүртэл жуулчдын тоо тасардаггүй. Зурагнаас хараад л яагаад гэдэг нь ойлгомжтой. Уулынхаа ойролцоох сумд? нэрийг нь санадаггүй ээ тусгай автобусны зогсоолд машинаа тавьчаад автобусаар явсан. Бас өөр нэг маршрут байдаг гэсэн. Тэр нь ливтээр явдаг гэсэн. Хамгийн ойрхон галт тэрэгний буудлаас тусгай ливтэнд сууж явна, миний бодлоор агаараар явдаг нь болов уу гэж бодооб байгаам, явж үзсэн хүн байвал хэлээрэй. Автобусанд аймаар халуун, охин бинь бүх хувцсаа тайчих нь холгүй байсан чинь ууландаа их хүйтэн, хөлдөж үхэхээ шахсан. Өвлийн хувцсаа бүгдийг нь далд хийчихсэн, гаргаж ирэхээсээ залхуураад ганц нэгхэн зузаан цамц аваад явсан чинь буруудсан. Хойшид явъя гэж бодож буй хүмүүст захихад дүн өвлөөр өмсдөг хувцастайгаа яваарай гэж зөвлөе. За тэгээд олон таван үггүйгээр зургаа үзнэ үү.
Зураг 1: Тояма мужийн захиргааны байрны урд талбайд байрлах цаг. Ихэнх мужуудад нь байдаг юм шиг санагдсан. Манай энд болохоор вокзалын хойно байдаг юм.
зураг 2, 3, 4 : Өнөөх цастай уул маань. Автобус замаар нь явж байгаа зураг байдаггүй ээ, уг нь голд нь автобус байвал их сүртэй харагддаг юм билээ.
Зураг 5: Японы ихэнх ийм жуулчид ихээр ирдэг газар нь бэлэг дурсгалын зүйл зарж байх нь элбэг. Тухайн газрынхаа брэнд бүтээгдэхүүн байдаг. Янзан бүрийн идэж уух юм ихтэй дээ.

Friday, May 22, 2009

Номоо уншаад л



Ажлынхаа газрын номноос нэг нэгээр нь уншаад байдаг юм билүү гэж бодоод. 4 ангийн сурагчдад зориулсан японы зохиолчдын зохиол, гадны зохиолчдын зохиол, үлгэр багтсан нэг ном зээлж аваад уншив аа. Ханз бараг ороогүй мөртлөө тэр бүр хэрэглэгддэгүй үг хэллэг ихтэй ном байлаа гэж. Тэгээд 1 дүгээр ангийн сурагчдад зориулсан номноос нь эхлэхээр шийдээд уншиж байгаа нь энэ. Тэгсэн охин минь зэрэгцээд уншаад байдаг. Удахгүй охиноо гүйцэхгүй болох юм шиг байнаа. Охин минь номонд дуртай болж байгаад дотроо баяртай л байна. Томроод уншихаа байчих вий гэж бас бодоостой. Хүүхэд байнга өөрчлөгдөж байдаг хойно, багадаа ном уншдаггүй хүүхэд томроод номноос салахаа байдаг, багадаа их уншдаг байсан хүүхэд томроод огт уншихаа байдаг гээд л чих дэлсээд байх юм. Хүүхэд төрүүлж өсгөх амархан, харин хүн болгож хүмүүжүүлэх хэцүү гэдэг дээ.
Сэдвээсээ далийв...

Wednesday, May 13, 2009

Хүндэтгэлийн хэллэг


Япон хэлийг анх үзэж эхлээд шантарч байж билээ. Арзайсан сэрийсэн баахан зураас, дөрвөлжин баахан ханз, дээрээс нь ядаж байхад хүндэтгэлийн хэллэг гээд л. Ямар гээч хэлийг сонгочиховоо гэж бодох үе ч байлаа шд. Одоо ч тэр хүндэтгэлийн хэллэгийг хэрэглэх гэж хэл ам сугарчих шахнаа, нэг үеэ бодвол овоо чихний бөглөөс ч гараад, зарим нэг хүндэтгэлийн хэллэгийг хэрэглэхэд хэл ам орооцолдоод байхгүй болсон гэж өөрийгөө бодоод байгаам. Тэгтэл бас л болоогүй байгаам байнаа. Энэ номыг уншаад л мэдлээ шд. Сүүлийн үед залуус нь хүндэтгэлийн хэллэг хэрэглэж мэдэхээ байсан, ажил дээр гараад үг хэллэгэн дээрээсээ болж харилцагч, дарга түшмэлдээ донгодуулдаг болсон гээд л ярихыг сонсож байсан л даа. Тэгээд тийм залуустаа зориулж гаргасан ном шиг санагдсан. Япон хэл сонирхогч над мэтийн улсуудад бас зүгээр юмуу гэж бодов...Ганц нэг жишээ оруулах гэсэн залхуу хүрэв.
Дараа бас нэг "өврийн" номоо танилцуулнаа.

Saturday, May 09, 2009

いとし子よ (Энхрий үр мниь)


4 сард уншиж дууссан ном. Зохиолч нь Нагаи Такаши (永井 隆). 1908 онд Шиманэ муж Мацүэ хотод төрсөн. Дунд сургуулиа төгстлөө Мацүэ хотод төгссөн. Нагасаки мужийн анагаахын их сургуульд элсэн орсноор түүнд Нагасаки хотын хүндэт иргэн болох замыг нээж өгсөн. Багадаа хөдөлгөөнд ямар ч эвсэл байхгүй хүүхдүүдэд шоглуулж өгссөн тэрээр тухайн үедээ япончууд дундаа өндөрт ордог байж. 171 см-ын өндөртэй тэрээр оюутан ахуй цагтаа сагсан бөмбөгийн секцэд явдаг байсан ба тухайн үед сагсан бөмбөг гээч нь тэр болгон хичээллээд байдаг спорт биш байжээ. Ихэнх нь хятадаас ирсэн гадаад оюутнууд хичээллэдэг байсан гэнэ. Баруун японд байнга тэргүүлдэг хүчтэй баг байсан гэнэ. Эхнэр нь католик шашинтай хүн байсан тул Такаши ч католик шашинд татагдсан байна. Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртөхөд тэнд байсан ба эхнэр нь нас барна. Азаар 2 хүүхдээ хотоос зайдуу хөдөө уул руу явуулсан байдаг.
Шёова эзэн хаантай уулзаж байсан, Нагасаки хотын хүндэт иргэн, католик шашныг дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Ромын Папын тусгай төлөөлөгч эргэж ирж байсан гээд л цол гуншин ихтэй нэгэн.
Олон жил туяа судлалаар явсан тэрээр 1945 онл цусны хорт хавдар тусаж, 3хан жилийн настай гэдгээ мэднэ. Гэвч 7 жил амьдарсан байна. 1951 оны 5 сарын 1нд 43 насандаа таалал төгсчээ.
Нэлээд хэдэн зохиол туурвисан.
Энэ номын агуулга: Өөрийн 2 хүүхэддээ айлдсан сургаалиуд багтсан. Түүнийгээ өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, бага нас, эцэг эх зэрэг хүмүүсээр жишээ авч бичсэн болно.
1. ...Өдрийн 24 цагийг хүснэгт болгоод хуваах. Ямар цагт юу хийдгээ өнгөөр ялгаж будах. Жишээ нь унтах цагийг хараар будна. Амралтын цагийг саарал, тоглох цагийг ногоон, хичээл сургалтын цагийг улаанаар гэх мэт. Тэгээд тухайн өдрийн хийсэн зүйлээ өнгөөр ялгаад үзэхэд будагдаагүй цагаан хэсэг үлдэнээ дээ. Тэр бол таны дэмий өнгөрүүлж буй цаг юм. Жишээ нь хичээлийн танхимд сууж буй хэдий ч сэтгэл санаа чинь огт өөр зүгт байвал тэр таны дэмий өнгөрүүлж буй цагийн тоонд орно. Энэхүү хүснэгтийг хөтлөөд дэмий өнгөрүүлж буй цагаа багасгавал таны сурлагад болон амьдралд маш том нөлөө үзүүлэх болно...
2. ...Зайлшгүй хүсэл мөрөөдөлтэй байх. Тэрхүү мөрөөдөл чинь үзэсгэлэнтэй байх хэрэгтэй, том байх хэрэгтэй, өндөр байх хэрэгтэй, зөв байх хэрэгтэй, шинэлэг байх хэрэгтэй...
3. ...Дайснаа хайрлах, бүх ихээр хайрлах. Хайрын ертөнцөд дайсан гэж үгүй, дайсангүй бол дайн гэж үгүй...
4. ...Нэг хүн ганцаараа бол өчүүхэн. Харин мөрөөдлөө биелүүлж чадвал аугаа. Энхрий үр минь тийм л мөрөөдөлтэй бай...
5. ...Эмч хүн хааяа өвчтөн болох.Өвдөх гэдгийг мэдэрсэн цагт тэр чамд ихээхэн сургамж болно. Хэдэн зуун ном уншаад ч өвдөлтийг мэдрэхгүй. Тийм болохоор өвдөж үзээгүй эмч өвчтөнөө бүр илүү өвтгөх болно...
6. ...Энхрий үр минь ээ, нэгэн мэргэжлийг чадварлаг эзэмших. Харин хоёр юм уу гурван төрлийн сонирхлын журмаар ямар нэгэн зүйл эзэмш. Тэр нь цэлмэг өдөр бусадтайгаа хөгжилдөөд өнгөрөөчих ямар нэгэн спорт, бороотой өдөр гэртээ ганцаараа суугаад цагийг өнгөрөөчих ямар нэгэн урлал. Энэ 2 төрлөөс нэг нэгийг сонгоод сонирх, ба суралц...

гэх мэт сургаалиуд их байнаа, хэрэгжүүлж чаддаг бол ч... Юмыг яаж мэдэхэв уншигч андууд дунд чандлан мөрдөх сүрхий нэгэн байж магад гэж бодном...

Friday, May 08, 2009

Эмээ

Эмээгээ дурссанаа найзынхаа хүсэлтээр сийрүүлэв.

Эмээ маань намайг их сургуульд байхад өөд болсон. Хорвоо дээр 98 жил амьдрахдаа 3 охин төрүүлж өсгөсний хамгийн бага нь миний ээж. Бага охынхоо төрүүлсэн 9 хүүхдийн ихэнхийг өөрөө гардаж өсгөсөн байхаа. Миний дүүг төрөх үед эмээгийн нас өндөр болсон байсан учраас амьдралдаа өсгөж өндийлгөсөн хамгийн сүүлчийн хүн нь би болж таарч байна. Эмээ маань амьдралдаа хүн л бүтээхээс өөрийг бараг хийгээгүй байхдаа. Нэг том гуутай бурхнаас өөр өв хөрөнгөгүй л хүн байсан даав Бага байхдаа би эмээтэйгээ даам тоглодог байсан. Эмээ даам мэдэхгүй л дээ, зүгээр би дэргэд нь даамаа өрөөд л өөрөө өөртэйгөө тоглоно. Тэхдээ заримдаа эмээ хожино, ихэнхдээ би хожино. Эмээгээ бид "эмээж" гэж дууддаг байсан. Хааяаа хааяаа чихэр нууж өгдөг байсан, намайг ээжид зодуулахаар өмөөрч уйлдаг байсан, надтай л хуучилж сэтгэлийн зугаагаа гаргадаг байсан эмээгээ дурсалгүй удаж дээ. Хаана төрснийг нь, хэний гэдэг овогтой байсныг нь ч одоо санахгүй байна, муу үр юм даа би. Төмөрбаатарын гэдэг байсан шиг санаж байна. Эмээг нутгийнхан нь "Буянаа эдэлдэг гуай" гэж авгайлдаг байв. Амьдралдаа заавал бүтээх ёстой 3 зүйлийн нэгийг нь бүтээсэн үгүйг мэдэхгүй юм, нэгийг нь харин бүтээгээгүй гэдгийг би баттай мэдэж байна. Мод тарих, үр удмаа үлдээх, ном бүтээх гурвыг л яриад байна л даа. Юу гэхээр эмээж үсэг мэддэггүй хүн байсан учраас ном бүтээгээгүй л байж таарах нь л дээ.
Бичээд дурсаад байвал юм санаанд ороод байх юм шиг байнаа. Нэг зүйлийг товчхон бичээд дуусгая. Эмээж бурхан шашинг дээд зэргээр шүтдэг хүн байсан. Өдөрт 3 удаа заавал бурхандаа мөргөнө, амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл ийм л байсан. Сүүний дээжээр цацал өргөнө, байнга эрхи эргүүлнэ. Их шамбалын орон Утай гүмбэмийг хоёронтаа зорьж буян хийсэн гээд боддоо.Eznis, MIAT, KOREAN, AIR, AIR CHINA, Монголын төмөр замын алинаар нь ч зорчоогүй. Зүгээр л явган явсан. Нэг удаагийнхад нь найз эмэгтэйтэйгээ, дараагийн удаад гав ганцаараа. Барагцаалбал талдаа 2000 орчим км байгаа байхаа. 4000 км газрыг хоёр удаа туулна гэдэг асар их сүсэг бишрэл, аугаа их тэвчээр байгаа биз. Тэр үед баян хүмүүс үхэр тэрэг, тэмээн тэргээр ядаг байж л дээ. Тийм хүмүүсийг бараадаад л явдаг байсан гэсэн. Зарим сайн хүмүүс тэргэн дээрээ суулгадаг л байсан байлгүй. Ямар ч байсан тэрэгнээс хоцрохгүйн тулд 2 гараа уяад унтаагаараа шахуу дагаад сажилдаг байсан гэсэн. Тэгэхгүй бол унтаад хоцроно, чоно нохойн хоол болно. Гутал тэсэхгүй учраас голдуу л хөл нүцгэн явна. Ингэж явдаг байсан гээд нээг их юм бодолгүй ярих эмээгийнхээ яриаг тэр үед ойшоолгүй сонсдог байснаа бодохоор ичмээр. Үнэхээр хэцүү тавилан байгаа биз. Юуны төлөө, яах гэж ингэж зовж байсан байнаа гэж гайхаж байна уу. Ээжийнхээ болон өөрийнхөө ужиг өвчинг эдгээх гэж, нүгэл хилэнцээ наминчлах гэж л тэр орныг үзээд мөргөөд ирвэл үхэшгүй мөнхийн хутгийг олчих юс шиг бодож явсан байхдаа. Зайлуул даа муу эмээ минь...

Эмээгээ дурсан санахад тусалсан Бямбаа чамд маш их баярлалаа.

PS: Нэгэн найзын минь эмээгийнхээ тухай бичсэн дурсамж. Зорилгодоо туйлын үнэнч эмээ байжээ...