Wednesday, June 28, 2017

Бэлэг авах сайхан шүү

Монголоос сэтгэл гарган өөрөө урлаж өгч явуулсан бэлэг. Маш их баярлалаа. Мундаг шүү. Ажил үйлсэд нь амжилт хүсье найзууд минь.
Багахан зулзагын минь зурсан зургийг ингээд амьлуулчихсан. Эзэн нь харчихаад
-Өө, өөр гоё зураг өгмөөр байна аа...
гэж хэсэг аашлав. Хэ хэ.

Хань ижил бидэн хоёр болохоор өхөөрдөөд, дурсамжтай гоё гээд таалаад л байгаа. Таардаг бол ээж нь ч хааяа өмсчихөөр. Хэ хэ.

Гэхдээ бэлэг өгөх бүр ч сайхан тэ. Нэг их үнэтэй бэлэг өгч чаддагүй ч тухайн хүнийнхээ царайг, дуртай зүйлийг сэтгэлдээ дүрслэн байж бэлдэх ч урамтай шүү.

Жаахан дүү нартаа аль болох чихэр өгөхгүйг хичээж, сэтгэхүйд нь, хичээлд нь хэрэгтэй зүйл хайж явахдаа би өөрөө ч шинэ соргог зүйл олж мэдэж, шинэ санааг олж хардаг шүү. Баярлалаа.

Мөн үргэлж сэтгэлээрээ сайхан сайхан ном өгч явуулдаг О дүү найздаа баярлалаа. Чи шүү.

Та нарынхаа сэтгэлийн сайхан бэлэг, урмын сайхан үг, андын сайхан сэтгэлээс харь газарт эрч хүч авч, улам хичээх юм шүү гэж урам зориг ордог шүү.

Нэг гоё номыг бэлгэнд авангуутаа уншаад дуусчихсан. Тэгж байгаад бичнэ ээ.

Өглөөний уншлага маань шавьтайгаа хичээлгүй үед эрчимтэй явагдаж байна. Хичээлтэй үед арай л амжихгүй байгаа.

Бүгдэд нь сурлагын, ажлын амжилт хүсье.

Thursday, June 22, 2017

Монгол ахуй минь ээ

Ийм гоё номтой болсон шүү дээ. Ёстой сайхан мэдрэмж төрөөд л, юу захих вэ гэж асуухаар нь.

Яг манай энд биш, бүр Токиод ирэх хүн тэгж асуухаар өөрийн эрхгүй баясал төрөөд, шуудан энэ тэр гэж төвөг удна гэдгээ мэдсээр байж захиж энэ тэр.

Дараахан нь манай нутгаар айлчлан ирсэн нэг эгч бас бэлэглээд. Тэрийг дүүдээ бэлэглэчихсэн.

Уншаад эхэлсэн, сайхан байна. Жаахан хожуу л эхэллээ. Өвөл авч байсан байх нь, доорх бүтээлгийг харахад.

Хот газар өссөн надад зарим нэг зүйл нь сонин содон байлаа. Харин зарим нэг зүйл нь эмээгийн минь, ээж аавын минь, хамаатны ах эгч нарын минь ярьж хэлдэг, захьдаг, хөөрөлддөг зүйлс ч байна.

Сүүлийн үеийн хот газар өсч буй залуус, хотынх ч гэлтгүй аймгийн болон сумын төвд өсч торниж буй залуус ч унших хэрэгтэй ном гэж дүгнэлээ.

Мөн ахмад үеийнхнийхээ сургааль үгсийг чихний чийр гэж бус чихний чимэг гэж хүлээж авч байх нь зүйтэй юм даа гэж бодогдож байна. Багадаа бол эмээгийн үглэх, ээжийн үглэх бол чихэнд чийртэй л санагддаг байж дээ. Хэ хэ.

Одоо өөрөө охиддоо бас үглээд чийр болоод л явж байна. Яахав, хэзээ нэгэн цагт ээж шигээ ингээд л ухаажаад суух байх даа.

Сонин содон үг хэллэгийг дор бүр нь тайлбарласан байсан нь дээхний сайхан ном зохиол уншиж байгаа юм шиг дотно байлаа.

Өөрт шинэ бөгөөд анх удаагаа сонсож, уншиж буй үгээ дараагийн бичлэгт оруулна аа. Одоогоор дуусаагүй байгаа, дуусахаараа нэг мөсөн л бичье.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

Wednesday, June 21, 2017

Гого амт 2

За энэ бас нэг гого амт нь шүү.
Бид ээж аавынхаа тарьсан чацарганыг захиж авчруулаад хааяадаа чанаж уудаг юм. Бага зулзага чацагран гэж хэлээд хайр хүргэнэ.

Том зулзага болохоор уухгүй. Хааяа загнаж байгаад ганц нэг балгуулна.

Угтаа ориг жимсээ авчраад, чанаж уух нь хамгийн эрүүл гэж бодоод иймэрхүү жүүс нэг их захиад байдаггүй л дээ. Савтай ундааг нь бас хааяа бэлгэнд аваад, өвөл халуун устай найруулж уух ч ээдээ бас нэгэн жаргал шүү дээ.

Гэснээс би чацарганыг ажлаар цугтаа монгол явж байсан эмээдээ бэлэглэдэг. Их дуртай авна. Хоолны технологич хүн тул төрөл бүрийн амталгаанд ашигладаг юм билээ. Энэ жил ч бас өгнө дээ.

Оронд нь эмээ эндэхийнхээ яг өөрийнх нь амьдардаг тосгонд тариалсан жимсээрээ дайлна. Заримдаа махаар дайлуулна. Махчин монголчууд гэж мэддэг болохоор. Хэ хэ.

Дараа нэг монгол явбал ажлынхандаа авчирч бэлэглэнэ ээ.

Monday, June 19, 2017

Мундаг хүн

Санаандгүй мундаг хүний тухай ном олж уншаад. Олоод ч гэж дээ, нэгэн залуугаас зээлээд. Сургуулийнх нь тухай түүх, үүсгэн байгуулагч, захирал багш нь дурсамж болгож бичсэн ном.

Шинэ Монгол сургууль гэж сонсоогүй хүн байхгүй байх тийм ээ.

Монгол харихаараа охидоо тэр сургуульд өгчихгүй юу гэж зөвлөдөг байлаа. Сонсох нь ээ, их л босго өндөртэй сургууль гэсэн.

Галбадрах багш хэрхэн японд суралцсан, хэрхэн сургуулиа үүсгэн байгуулсан, олон сайхан хүмүүсийн тусламж, туслалцааг хэрхэн хүртэж байсан, ямар бэрхшээлүүдтэй тулгаран түүнийгээ даван туулсан зэргийг нэг бүрчлэн, газар ус, хүмүүсийн нэр усыг ч нэг бүрчлэн дурсан бичсэн байна лээ.

Япон хүмүүсийн тухай, япон орны тухай аль болох сайн сайхан чанарыг нь олж харахыг хичээдэг Галбадрах багш үнэхээр мундаг гэж хэлэх ч багадхаар хүн байна шүү.

Шинэ Монгол сургуулийг төгссөн хэд хэдэн залуусыг танина. Бүгд л мундаг, сэтгэлгээ сайтай, хөдөлгөөнтэй, хөгжөөнтэй, нэг тийм өвөрмөц. Хэ хэ.

Аргагүй л Галбадрах багшийн шавь нар болохоороо юм байна гэж бодов. Багш өөрөө үнэхээрийн мундаг, хань ижил, үр хүүхдүүд нь хүртэл үнэхээрийн мундаг юм аа. Биширч байна. Өөртэйгээ нэг харьцуулав. Би бол хажууд нь өчүүхэн өчүүхэн. Хи хи. Хичээнэ ээ.

Гурван хэсэг газарт хэвлэлийн алдаа гарсан байлаа. Бүхэл бүтэн нэг нүүр цагаараад, ямар ч зүйл хэвлэгдээгүй байсан. Тэгэхээр зарим нэг дурсамж хэсгийг уншаагүй үлдсэн гэсэн үг.
Дээхэн нэг ярилцлагыг нь уншиж байсан юм. Сайхан ярилцлага байсан. Би өөрөө япон нутагт усыг нь ууж ёсыг нь дагаж яваа хүний хувьд санал нийлэх зүйл их байж билээ.
Галбадрах багшийн туулсан бэрхшээлийн хажууд миний одоогийн хааяахан тохиолдох бэрхшээл бол юу ч биш юм байна. Зүгээр л аз жаргал юм байна гэж ойлгов. Үглээд, гомдоллоод байлгүйхэн шиг л явах минь. Хэ хэ.

Бүлэг болгоны эхэнд бичигдсэн байсан онч үгс бас л сайхан санагдаад блогтоо бичиж үлдээхээр шийдэв.
  • Дурсамжийн галт шилэнд холын юмс томорч харагддаг. Жонн Андайк
  • Амьдралдаа хийсэн хамгийн чухал аялал бол замдаа сайхан хүмүүстэй учирсан тэр аялал юм. Хэнри Бои
  • Тэд намайг алхаж зүрхлээгүй замд хөтөлж, газарчилж өгсөн гавъяатай хүмүүс. Маяа В.Пател
  • Би бурханаас хайрласан бэлэг шиг сайхан найзуудтай гэдгээ мэдэж авсан. Тэд надад тус хүргэснийхээ хариуг хэзээ ч нэхэхгүй ч, би өөрийгөө үргэлж өртэй гэж боддог. Франсис Фармер
  • Ганцаараа бид маш багыг, харин хамтдаа бид агуу ихийг бүтээж чадна. Хэллэн Келлер
  • Дурсамж үүрд үргэлжилдэг, бас хэзээ ч алга болдоггүй. Сайн нөхөд зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байж, хэзээ ч баяртай гэж хэлдэггүй. Мэлина Киампус
Төгсгөлд нь илүүц байж магадгүй ч Шинэ Монгол сургуулийн төгсөгчид, суралцаж буй сурагчид та бүхэн мундаг багшийнхаа болон сайхан сэтгэлтэй япон монгол олон сайхан хүмүүсийн итгэлийг дааж, сайн хүн, сайн боловсон хүчин болцгоож, эх орондоо ихийг бүтээгээрэй гэж хүсье.

Би ч хичээхийг хичээнэ ээ. Бүгдэд нь амжилт.

Гого амт

Монголоос ирсэн бэлгэн дотор минь байсан. Амт гэж сайхан байна аа.

Сүүлийн үед юм юм л хийх гэж оролддог болж, хийдэг болж тэ. Захиж байна аа, хааяа даа. Байнга бол хэцүү, боломж ч ховор байх,

Ер нь байгаа газрынхаа хүнсийг эрүүлээс нь сонгоод л идээд явах ёстой юм шиг байгаа юм. Монголд байгаа бол монголын хөрсөнд ургасан ногоо цагаа, Японд байгаа бол японыхыг гэх мэтээр.

Багын нэгэн дурсамж санаанаас гардаггүй юм. Нэг их том шилэнд аньс дарчихсан. Тэр нь далд хийгээстэй. Нууцаар идэх гэж бас л инээдтэй зүйл их болдог байж билээ.
Ил байвал нэг дор бүгдийг нь идчих гээд байдаг байсан байхдаа, бид. Тэгээд л ээж минь аргаа барахдаа нууж, түгжиж байж ажилдаа явдаг байсан байх. Ээж аавыг ажилдаа явсан хойгуур бид ч буулгаж өгдөг байлаа даа, харин ч. Харьж ирэхийг нь дөхүүлээд хачин эвтэй найртай улс гэрээ цэмцийлгээд, өөрсдөө цомбойгоод сууж байдаг байв шд.

Монголоос нэг зүйл ирэхэд л ингэж бага нас зэргээ дурсаад байдаг болж. Нас ахиж буйнх юм болов уу? Гэрээ санаад тэр юм болов уу?

Дээрх зурган дээрх аньсны өтгөрүүлсэн жүүс. Дажгүй амттай байсан. Өөрөөсөө харамлаад, нарийлаад хааяа л нэг ууж байна. Дотроо аравхан ширхэгтэй тул дорхноо дуусчих гээд байна л даа. Хэ хэ.

Үнэ нь хэд гэдэг юм бол доо?

Ямартай ч нэг захих зүйлтэй болсондоо олзуурхав. Япон хүмүүст бэлгэнд авчирсан ч дажгүй санагдав.

Гэснээс аньс жимсээрээ цай хийж уух сайхан амттай болдог гэж мацагтан монголчуудын бүлгээс сонссон шүү. Ууж үзсэн хүн сэтгэгдлээ бичээрэй. Хэ хэ.

Бүгдэд нь шинэ долоо хоногийн амжилт хүсье.

Friday, June 16, 2017

Ээлжит нээлттэй хичээл

Бага сургуулийн ээлжит нээлттэй хичээл. Энэ удаагийнх найз нөхөдтэйгээ хэрхэн харьцах, хэрхэн хамтдаа тоглох гэсэн сэдвээр оров.

Ка нэг хэсэг хүүхдүүд хамтдаа тоглож байлаа гэж үзье. Тэдэнтэй хэрхэн нийлж тоглох тухай. Сүүлийн үед хэсэг хүүхэд тоглож байхад дараагаар нь ирсэн хүүхэд хамтдаа тоглож чадахгүй болсон, өнөөдүүл нь ч элсүүлэхгүй, хоорондоо л тоглоод байдаг гэж яригдаад, бичигдээд байгаа.

Үүнийг эвтэйхэн шийдэхийн тулд сүүлдэж ирсэн нь хамтдаа тоглож болох уу гэж зоригтойгоор, чанга дуугаар хэлж чаддаг байх. Өнөөдүүл нь "өө тэг тэг, хамтдаа тоглоё" гэж уриалгахан хүлээж авдаг байх.

Гэсэн хичээл орсон. Сүүлийн үеийн хүүхдүүд их эмзэг болчихсон, зүрх зориггүй болчихсон гэх мэтээр их ч яригдаж байна, бичигдэж байгаа тул ийм хичээл орсон гэсэн.

Хоёр дахь арга хэмжээ нь тусгай мэргэжлийн хүн ирж яриа хийлгэдэг. Энэ удаад эх баригч урьж яриа хийлгэв. Их сонирхолтой байсан. Ганц нэг санаж байгаагаасаа энд сийрүүлбэл.

Хүүхдээ анх төрж байсан үеийг эргэн нэг дурсдаа, тэр үеээ бид үе үе мартчихаад хүүхдээ супер болгох гээд л загнаад, үглээд, зодоод байдаг. Дөнгөж төрсөн үед нь бол бидний чин сэтгэлийн үг бол "Эрүүл саруул ээждээ аавдаа төрж, хүн болж ирсэнд баярлалаа" байдаг шүү дээ гэсэн. Нээрээ л тийм дээ гэж бодов.

Ялангуяа сүүлийн үед нүүр номоор их л юм харагдах юм, сонсогдох юм. Заримдаа зүрх шимшрээд үзэж чадахгүй ч тохиолдол байна.

Хүүхэл төрөх үйл явцын тухай хүүхэлдээ гэх мэт үзүүлэн ашиглаж байгаад тайлбарласан.

Дараагийн арга хэмжээ нь нийт 1 дүгээр ангийнхны цуглаан. Багш нар нь эцэг эхүүдэд зураг хөрөг үзүүлэн, шинэхэн сурагчид юун дээр голлон анхаарч, юун дээр голлон хичээж байгаа тухай ярьсан.

Төгсгөлийн арга хэмжээ нь бүлэг бүлгээрээ хуралдсан. Цөөхөн ээжүүд ирсэн. Заримдаа ч танхай ээж байдаг л юм байна энд чинь бодов. Хэ хэ.

Анги дээрээ хэрхэн хичээлд оролцдог тухай ярьсан. Нэг инээдтэй нь хүүхдүүд багшдаа их наалддаг гэнэ. Гүйж ирээд л ээждээ наалддаг шиг наалддаг, их хөөрхөн. Гэсэн багш нь. Тэрэн дунд бага зулзагын нэр цохогдсон.

Дотроо ээж бол нярай юм, нялзрай юм гэж өхөөрдөн суув. Ккк. Айлын жаахан маамаа нарын хажууд дэнхийсэн л юм байна лээ, эртээд жаахан маамаатай тоглосон чинь. Хэ хэ.

Гэх мэтчилэн бага зулзага шинэ сурагч болоод 2 сар хагасыг ардаа үдэв. Дунд нь хоолой нь өвдөж халуураад амарсан. Бага зэрэг бүлээрч нэг өдөр амарсан.

Ер нь жаахан ядардаг юм байна. Ачаалал нэмэгдээд ирэхээр. Зурагт бага үзүүлж, аль болох гадаа авч гарч байгаа. Тэгээд оройдоо эрт унтуулах. Мөн чихэр гэх мэт амттан бага өгч, хоолыг нь сайн идүүлэх.

Хичээнэ ээ ээж нь. Та нартаа ч амжилт...

Tuesday, June 13, 2017

Сурагчдын хамтарсан концерт

Том зулзагын дугуйлангийнхан хотынхоо бусад сурагчдын хамт тоглолт хийсэн. Энэ жилдээ гурав дахь удаагаа оролцож байна.

Ахлах сургуульд орохоороо үргэлжлүүлэн явах эсэх нь тодорхойгүй тул энэ жилийнх сүүлчийнх ч байж магад. Дунд сургуульд байхдаа оролцох сүүлчийн концерт.

Монголоос түр хугацаагаар ирсэн байгаа танил ах үзчихээд мундагийг нь гайхсан. Нэг ийм бүрэлдэхүүн монголд очоод авъяаслаг монголчуудад оролцвол шууд түрүүлнэ гэсэн. Хэ хэ.
Бага зулзага ядраад, бага зэрэг бүлээнтэй байсан тул ээжтэйгээ хамт гэр зуур амрав. Аав нь танил ахтай хамт үзчихээд ирсэн.

Том зулзага нээрээ төгөлдөр хуурынхаа хичээлийг сэргээж эхэлсэн. 4 дүгээр сараас дүүгийнхээ багш дээр хичээллэж байна. Тэгээд төгөлдөр хуурынх нь багшийн хэд хэдэн шавь энэ удаагийн концертонд оролцож байгаа юм байна.

Дунд сургуулийн 3 дугаар анги буюу 9 дүгээр ангийнханд ийм цэцэг бэлдэж тавьсан байсан. Хөөрхөн сэтгэгдэл бүхий карттай.

Ингэж бичихдээ дүүг нь бас мартаагүй байна лээ. Бага зулзага хэвтэж байсан болохоор
-Яагаад надад баяр хүргэж байгаа юм бэ?
-Мундаг аниатай болохоор нь...
гэж ээж аргалав. Хэ хэ.

Том зулзагын томоохон ажлууд нэг нэгээрээ дуусч л байна. Ээжийн бас томоохон ажил шүү дээ эдгээр чинь. Ээж байна гэдэг үр хүүхдийнхээ ажилд хамт догдолдог болчихдог байна. Үүрнээсээ нисээд явчихаар аяндаа холдох байх дөө гэж.

Monday, June 12, 2017

Хөтөч болох гэж буй хүмүүст

6 дугаар сарын ном. Ер нь долоо хоногт нэг ном гэж томрохгүй ээ. Ядаж сардаа л нэг ном уншаад байвал болох нь тэр.

Энэ удаагийн ном маань хөтөч орчуулагч нарт, мөн хөтөч орчуулагч болох гэж буй хүмүүст зориулсан ном.

Тэртээ олон жилийн өмнө би нэг сургалтанд сууж байлаа. Шалгалт энэ тэр өгөөд, тэнцээд ч байлуу? Тэнцээгүй ч билүү? Мартчихаж.

Ер нь хэцүү хэцүү, их олон төрлийн зүйл мэддэг байх хэрэгтэй. Түүх, шастирын тухай мэдлэг мэдээлэл, уран сайхны мэдрэмж, хошин шогийн мэдрэмж, хөдөөтэй гадаатай байх хэрэгтэй гээд л. Мөн бие бялдрын хувьд ч эрүүл, цоглог, нүүрний баясгалантай байх...

Дээрээс нь эх хэлнийхээ болон гадаадын аль нэг хэлийг төгс? эзэмшсэн байх ёстой.

Бас элдэв хорхой шавьж хараад орилоод чарлаад байдаггүй байх. За энэ миний хувийн бодол шүү. Учир нь тийм хүмүүс их байдаг юм билээ. Хэ хэ.

Мэдээж айлгүй л яахав, дотор арзайлгүй л яахав, гэхдээ дагуулж яваа жуулчдадаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж, төлөв л байх ёстой байх. Тийм үү?

Гээд л хөтөч хүнээс маш олон авъяас шаардана. Тэр тухай жишээ болгоод, ганц нэг маршрутын тухай оруулж танилцуулсан байсан.

Япон гэх мэт хөл хөдөлгөөн ихтэй газар бол жуулчдаа төөрч, будлихаас болгоомжлох. Цаг сайн барих, жуулчдынхаа сэтгэл санааг болон тав тухыг алдагдуулахгүй байх.

Энэ бүгдийг эзэмшихийн тулд туршлага, мөн идэвхи санаачлага чухал гэсэн байна. Үнэн үнэн.

Хөтөч болоход өгдөг шалгалтны цаг хугацаа зэргийг дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байв. Хэл бүр дээр мэдээж цаг хугацаа нь өөр.

Мөн хөтөч хүмүүсийн санал сэтгэгдлээс оруулсан байна. Бэрхшээлүүдээс дурдсан байна.

Хүн дагуулаад хөтөч хийгээд явах хэцүү үе байдаг шүү тэ. Сурсан мэдсэн минь гавихгүй, газар орон мэдэхгүй, туршлага бага зэрэг минь нөлөөлөөд олигтой хөтөч хийж чаддаггүй юм.

Монголоос зорин ирсэн найз нөхдөдөө сайтар хөтөч хийхийн төлөө хичээнэ ээ. Зочид, жуулчдынхаа сэтгэлд хүрсэн сайхан хөтөч хийхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэсэн байсан шүү.

Хөтөч болох гэж байгаа залуустаа ч мөн амжилт хүсье.

Sunday, June 11, 2017

Даам

Бага зулзагатайгаа саяхан даам нүүхийг суралцаж эхлэв. Даамыг бол ээж аав минь жилийн өмнө өгч явуулсан юм. Нэгэн шалтгаанаар өөр мужид хагас жил хадгалагдав, манайд иртлээ. Манайд ирснийхээ дараагаар хагас жил гаран хадгалагдав. Хэ хэ.
"Би чамд хайртай" дээр гардаг шиг л юм болж байна даа, одоохондоо. Мөн сонирхлыг нь бууруулчихгүйн тулд албаар хожигдож өгч байна. Хэ хэ.

Өдөр бүрээ байг гэхэд долоо хоногт нэг удаа тоглож байна даа. Зав зай нь яах нь уу?

Гэхдээ амжилттай, даам нүүх гэдэг үг зааж өгөв. Одоогоор даам гэдэг үгээ л цээжилсэн байна. Нүүх гэдэг нь дуудлага нь жаахан хэцүү байгаад байх шиг. Тэгээд бодохоор л эх хэлний минь дуудлага гэж хатуу шүү тэ.

Япон хүмүүс сурахад хэцүү хэл шүү л гээд байдаг юм. Бага зулзага бас л сурах гэж бөөн юм болно. Сүүлдээ төвөгшөөгөөд, таг болно. Яадаг юм билээ.

Яадаг юм билээ ч гэж дээ, ядаж зундаа нэг харьчихаад л баймаар. Тэгвэл дорхноо л сайжирна даа. Даанч энэ МИАТ гэж ноёнтны үнэ хаданд гарчих юм. Гэрээрээ харьчихаад ирэхийн тулд овоо хэдэн жил хурааж цуглуулах шаардлага гарч байна.

Гадаадад байдаг иргэдээ овойж оцойтлоо баяжчихсан гэж ташаа боддогоо больчихмоор.

Даам ярьж явснаа хадуурдаг гэнэ ээ. Багадаа даам ч тоглоно, даалуу ч тоглоно, шагай ч няслана, сайхан байж дээ. Ухаалаг утас энэ тэр байхгүй.

Одоо залуухан гэр бүлийн нэг том асуудал хүүхдүүдээ ухаалаг утаснаас холдуулах юм шиг байна.

Томчууд нь өөрсдөө хүүхдийнхээ нүдэн дээр ухаалаг утас барилгүй, хоорондоо даам тоглоод нэг үзээрэй. Хүүхдүүд чинь сонирхох байх шүү. Заавал даам шатрын дугуйланд явуулах шаардлагагүй байх өө. Өөрсдөө л бага зэрэг тоглож мэддэг байхад л болчих юм шүү дээ.

Бүгдэд нь амжилт хүсье. Би ч бас хичээнэ ээ...

Saturday, June 10, 2017

Хөөрхөн ном

6 дугаар сарын хөөрхөн ном. Дэлхий дээрх ээжүүд аавууд хүүхдээ хэрхэн тэвэрдэг, үүрдэг тухай. Хэрхэн тэврэх ч гэж дээ, ерөнхийдөө бүгд хоорондоо адилхан ч, тэврэхийн тулд, үүрэхийн тулд хэрэглэж буй зүйл нь бага зэрэг ялгаатай байсан.

Яахав ихэнх нь даавуу хэрэглэдэг юм билээ. Зарим нэг улс үндэстэн энэ зурагны голын шиг хувцас нь тусгай зориулалтын байх жишээтэй.

Томыгоо зүгээр л хоёр гараараа тэвэрдэг байлаа. Тухайн үед одоогийнх шиг элдэв зүйл, санаа оноо ч гэж байсангүй. Ганц нэг гэрийнхээ ажлыг амжуулахдаа ташаан дээрээ суулгаж тэврээд л нэг гараараа амжуулдаг байв.

Багыгаа хүзүүгээ даадаг болоход нь урдаа энгэртээ тэврэх зориулалтай даавуун зүйл? ганц нэг ашиглаж байсан. Гэхдээ нэг их удаан хэрэглээгүй. Дэмий авч уу? гэж бодогдохоор. Учир нь дорхноо л томроод хэрэглэхээ байчихаж байгаа юм.

Заримдаа боддог юм, одооны залуухан ээж нар мэдээлэл их сайтай, тийм ч авах юмсан, ийм ч юм авах юмсан гэх болжээ, нэг их удаах хэрэглэгдэхгүй юмаар юугаа хийнэ ээ гээд хэлчихмээр. Хэ хэ.

Гэхдээ дүү мүү нь гарахад бас хэрэглэх болохоор худалдаж авсан даа ч яахав дээ. Тэ.

Японд их үүрдэг юм билээ. Яслийн анги нь бас багш нар нь нэг нэг хүүхэд үүрчихээд л, арай томуудтай нь тоглонгоо хамаг ажлаа амжуулдаг юм билээ. Тусгай үүрдэг хормогч шиг зүйл байдаг юм. Япон эмээ нар, ээж нар бас хоол ундаа хийхдээ ингэж их үүрдэг. Ингэх нь хоёр гар нь чөлөөтөй, хоол моолоо хийхэд хачин их тустай байдаг.

Гэснээс энэ номонд манайхны орныхоо хөлнөөс уячихдаг тухай оруулсан бол сонин байх байсан даа гэж бодоод амжив. Хи хи. Бид багыгаа бас ганц нэг уяж байсан шд, орчин үеийн ээжид таалагдахгүй л байх даа тэ. Ккк. Ямартай ч элдэв аюултай юм руу орчихно гэхгүй амар байж билээ.

За тэгээд өөрт амраараа, өөрийн хүслээрээ тэврээд, үүрээд ажлаа амжуулаад, гялалзаад байгаарай ээжүүд аавууд минь.

Thursday, June 08, 2017

Сонсголын бэрхшээлтэй хүмүүст...

Өнгөрдөг бүтэн сайнд сонсголын бэрхшээлтэй нийт 30 иргэдэд эх орныхоо тухай ярьж хөөрөв.

Повер пойнт ашиглалгүйгээр ярьж өгөхийг хүссэн тул, нэлээд олон зураг хөрөг хэвлэж бэлдэх гээд л ажил ихтэй байлаа.

Миний ярьсныг дохионы хэлний орчуулагч? орчуулна. Би аль болох удаан тайван ярихыг хичээсэн. Учир нь Тэмүжин өвөө минь миний нэг яриан дээр суучихаад бага зэрэг удаан темптэй ярь гэж зөвлөснийг санан санан л ярилаа.

Наана нь бас хальт өөрөө дохионы хэлээр ганц нэг мэндчилгээний үг сурав. Хүрэлцэн ирсэн зочид минь их баяртай хүлээж авсан. Алга ташилтаар намайгаа мялаасан.

За тэгээд л далбаа, ганц нэг хүүхэлдэй, нэлээд хэдэн ном, тоглоомон гэр, шагай зэргээ тэврээд л явсан. Эдгээр зүйлс минь л яриаг минь баяжуулж, хөгжөөж, их тус болдог юм.

Мөн хэдэн сүмочид минь байна. Эндээс мэргэжлийн сүмод орсон ганц нэг дүү нарынхаа өгсөн банзүкэг гайхуулж бардамнана аа. Дараа чадвал ганц нэг аваргын банзүкэнээс олж авахыг хичээнэ ээ. Олдох болов уу даа өчүүхэн надад. Хи хи.

Нэг бэрхшээлтэй зүйл нь олон зурагнаасаа зургаа хайж олох гэж жаахан сандарсан. Мэдээж ганц нэгийг нь энд тэнд хадсан байсан л даа.

Ярьж байх явцад агуулгад нь таарсан зургаа олох гэж л сандарч байхгүй юу? Дээрээс нь дээлтэй байсныг хэлэх үү халууцаад.

Гэснээс одоо байгаа хоёр дээлээ жаахан муудаад, солих болбол торго энэ тэр гэхгүй зүгээр л дан тэрлэг хийлгэж өмсөнө гэж бодоод байгаа.

Бүтэн хоёр цаг гаран, дундаа нэг завсарлагатай. Орчуулагч нарт минь зарим нэгэн үг, хэллэг минь хэцүү байсан, самбарт бичих, дүрсэлж үзүүлэх гэх мэтээр ойлголцсон.

Сонсголын бэрхшээлтэй иргэд бүгд онц сурлагатан уу гэхээр бас тийм биш, дунд нь олон шалтгаанаар дохионы хэлдээ тааруу хүмүүс байдаг юм билээ.

Сэтгэлийн хөдлөл нь ил тод, өвөрмөц ертөнц юм шиг ээ.

Дээлтэйгээ унждаг ээмэг зүүж явдаг юм, энэ удаад зүүгээгүй. Учир нь тэдгээр хүмүүсийн сэтгэл зүрх эмзэг байдаг гэсэн болохоор, их ганган харагдаад, гомдоочих байх гэж бодоод.

Ярианы төгсгөлд нийгэмлэгийн дарга нь монгол хоолны сургалт явуулмаар байна, та завтай биз дээ? гэсэн.
-Завтай, завтай, дуртайяа зааж өгнө өө
л гэлээ. Хугацаа нь хаа байсын, ирэх жилийн 2 сард. Гэхдээ л цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх байх даа. Нэг мэдэхэд одоо ямар хоол хийж хуйхаа маажна аа гээд л явж байх байх даа тэ.

Өөртөө болон та бүхэндээ амжилт хүсье өө.

Шинэ цэс

Хэд хоногийн өмнөөс нэг ийм шинэ цэстэй болоод. Гэрийн бусад гишүүд их амтархан идэж байна. Харахад жаахан тийм ч, харлаад.
Амархан ч юм. Хэд хэд хийгээд, гартаа оруулаад авсан. Хойшид хийж идэж байна аа. Би өөрөө энэ ногоонд дуртай, их сонин. Тийм болохоор худалдаж авчихаад, ганцаараа шахуу л иднэ. Хэ хэ.

Өнгөрдөг жил бас хаш ногооны нэг цэстэй болоод байсан даа. Тэрийгээ тэрнээс хойш нэг их хийж идээгүй. Учир нь улирал нь дуусангуут л худалдаж авдаггүй юм. Тухайн улиралд гарч байгаа ногооноос л худалдаж авч идэхийг хичээдэг болж.

Би нэг их хоол голоод байдаггүй л дээ. Янзан бүрийн амьтны махыг идэж л орхино, есөн жорын ногоог амтархан иднэ.

Гэхдээ тарваганы мах идэж чадахгүй юм байна. Хэ хэ.

Бас эдний зарим нэг үндэснийх нь амттан зэрэгт нэг их дуртай биш.

Дараа өөр шинэ цэстэй болохоороо оруулна аа.

Та нар ч бас шинэ цэстэй болохоороо бичлэг оруулаарай, хийж сурахыг хичээнэ ээ.

Амжилт хүсье.

Saturday, June 03, 2017

Гүзээлзгэнэ

Хагас сайнд гүзээлзгэнэ түүв. Бага зулзага бид хоёр ажлын минь хоёр хүүхэнтэй.

Хань ижил, том зулзага хоёр албатай тул яваагүй. Ямар сайхан юм? гээд л байсан.
Ийм хүлэмжүүд зөндөө байна. Бид дөрвүүлээ нэг бүтэн хүлэмжийг эзлэнхэн түүлээ. За ёстой ямар цөөхөн юм бэ, цадах юм уу ухааны юм бодсон байхгүй юу. Хэ хэ. Тэгсэн хэдхэнг идээд л гэдэс дүүрээд ирдэг байна шд. Бага зулзага бол гуравхан ширхэгийг л идсэн байх. Төлсөн мөнгөө бодохоор охиндоо овоо идүүлчихмээр байдаг. Ккк.

30 минут нь том хүн 1500 иен. Хүүхэд 800 иен. Гэснээс сүүлийн үед хүлэмжид ингэж газрын хөрснөөс дээш тариалдаг болсон гэсэн. Учир нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилготойгоор.
Навч нь цэцэг нь иймэрхүү.
Ийм улаанаас нь түүж иднэ. Хэрхэн түүж идэх тухай орохоос өмнө зааж өгсөн. Мөн энэ газар янз бүрийн химийн бордоо, хор хэрэглээгүй учраас түүгээд л шууд идэж болдог. Тийм утгаараа хүн ч их байсан. Ихэвчлэн эмэгтэйчүүд их харагдсан. Жимс жимсгэнэд дуртайгаараа л тэр байх даа тэ.

Гүзээлзгэнийг амтархан идэх арга нь байна шдээ, навчыг нь авч байгаад навч байсан бөгснөөс нь хазаж иднэ. Хамгийн сүүлд үзээр хэсэг болох чихэрлэг амттайг хэсгийг нь иднэ. Тэгвэл гүзээлзгэнэ их амттай байдаг гэсэн шүү. Би бол үзүүрээс нь эхэлж идээд байдаг байсан.
Ингэж түүж байгаад л зөндөөг идсээн. Худалч хүнд жилийнхээ гүзээлзгэнийг идчихсэн байх аа. Цуг явсан хятад ажилчин маань бас тэгсэн.

Ирэх жил дахин явцгаана гэсэн. Бас наана нь блүбэрри идэхээр явцгаана. Ингэхэд блүбэрри жимсийг монголоор юу гэдэг билээ? Би заримдаа нэрс, заримдаа алирс гэж орчуулаад байдаг юм. Зөв үү? Буруу юу.

Thursday, June 01, 2017

Ээлжит жүжиг

Бага зулзага бид хоёр ээлжит жүжгээ үзээд. Хөөрхөн гэж юүхэв, сонирхолтой гэж юүхэв.
За энэ зурган дээр байгаа хөөрхөн чихмэл тоглоомууд их ид шидтэй. Нэг том болоод, нэг жижиг болоод л хүүхэд томчуудыг хөөрхөн инээлгээд, баясгаж чадаад байна.

Хоёрхон хүн амилуулна, манайхаар бол настайд тооцогдохоор эмээ өвөө. Хи хи.

Гэхдээ энд эмээ өвөө нарын нийгэм дэх үүрэг бас л том шүү. Жишээ нь хорооныхоо сайн дурын үйл ажиллагаа, сурагчдын хичээлдээ явах цаг, тарах цагаар хийдэг сайн дурын үйл ажиллагаа гээд л тоочоод байвал их.

Манайхан болохоор тэтгэвэрт гарахаар нь хүний тооноос хасчихдаг гээд байдаг тэ. Хааяа л нэг ахмадын өдрөөр хүлээж авах, сонгууль дөхөхөөр нэг тоодог гээд л.

За тэгээд л эмээ өвөө хоёр маань хоолойгоо амьтны дүр бүр дээр өөрчлөөд л, их сүрхий. Тайзны засал чимэглэл ч их энгийн, гарын доорх материал ашигласан. Болдог бол монголд урьж аваачаад тоглуулахсан гэж бодсон шүү.

Бага зулзага бид хоёрын улиралд нэг үздэг жүжгүүд бүгд их хөөрхөн. Санаа авахаар зүйл их байдаг юм.

Та бүхэн ч гэсэн иймэрхүү жүжиг байвал жижиг юм, эмээ өвөөгийн тоглосон, нэрд гараагүй хүмүүсийн тоглосон, энэ тэр гэлтгүй үзэхийг хичээж байгаарай. Заавал том том тайзан дээрх мэргэжлийн хүмүүсийн үнэтэй тоглолт үзнэ гэлгүйгээр...

Мартах гэж байна, бүгдэд нь эх үрсийн баярын мэнд хүргэе. Баяраа сайхан тэмдэглээрэй.