Monday, June 19, 2017

Мундаг хүн

Санаандгүй мундаг хүний тухай ном олж уншаад. Олоод ч гэж дээ, нэгэн залуугаас зээлээд. Сургуулийнх нь тухай түүх, үүсгэн байгуулагч, захирал багш нь дурсамж болгож бичсэн ном.

Шинэ Монгол сургууль гэж сонсоогүй хүн байхгүй байх тийм ээ.

Монгол харихаараа охидоо тэр сургуульд өгчихгүй юу гэж зөвлөдөг байлаа. Сонсох нь ээ, их л босго өндөртэй сургууль гэсэн.

Галбадрах багш хэрхэн японд суралцсан, хэрхэн сургуулиа үүсгэн байгуулсан, олон сайхан хүмүүсийн тусламж, туслалцааг хэрхэн хүртэж байсан, ямар бэрхшээлүүдтэй тулгаран түүнийгээ даван туулсан зэргийг нэг бүрчлэн, газар ус, хүмүүсийн нэр усыг ч нэг бүрчлэн дурсан бичсэн байна лээ.

Япон хүмүүсийн тухай, япон орны тухай аль болох сайн сайхан чанарыг нь олж харахыг хичээдэг Галбадрах багш үнэхээр мундаг гэж хэлэх ч багадхаар хүн байна шүү.

Шинэ Монгол сургуулийг төгссөн хэд хэдэн залуусыг танина. Бүгд л мундаг, сэтгэлгээ сайтай, хөдөлгөөнтэй, хөгжөөнтэй, нэг тийм өвөрмөц. Хэ хэ.

Аргагүй л Галбадрах багшийн шавь нар болохоороо юм байна гэж бодов. Багш өөрөө үнэхээрийн мундаг, хань ижил, үр хүүхдүүд нь хүртэл үнэхээрийн мундаг юм аа. Биширч байна. Өөртэйгээ нэг харьцуулав. Би бол хажууд нь өчүүхэн өчүүхэн. Хи хи. Хичээнэ ээ.

Гурван хэсэг газарт хэвлэлийн алдаа гарсан байлаа. Бүхэл бүтэн нэг нүүр цагаараад, ямар ч зүйл хэвлэгдээгүй байсан. Тэгэхээр зарим нэг дурсамж хэсгийг уншаагүй үлдсэн гэсэн үг.
Дээхэн нэг ярилцлагыг нь уншиж байсан юм. Сайхан ярилцлага байсан. Би өөрөө япон нутагт усыг нь ууж ёсыг нь дагаж яваа хүний хувьд санал нийлэх зүйл их байж билээ.
Галбадрах багшийн туулсан бэрхшээлийн хажууд миний одоогийн хааяахан тохиолдох бэрхшээл бол юу ч биш юм байна. Зүгээр л аз жаргал юм байна гэж ойлгов. Үглээд, гомдоллоод байлгүйхэн шиг л явах минь. Хэ хэ.

Бүлэг болгоны эхэнд бичигдсэн байсан онч үгс бас л сайхан санагдаад блогтоо бичиж үлдээхээр шийдэв.
  • Дурсамжийн галт шилэнд холын юмс томорч харагддаг. Жонн Андайк
  • Амьдралдаа хийсэн хамгийн чухал аялал бол замдаа сайхан хүмүүстэй учирсан тэр аялал юм. Хэнри Бои
  • Тэд намайг алхаж зүрхлээгүй замд хөтөлж, газарчилж өгсөн гавъяатай хүмүүс. Маяа В.Пател
  • Би бурханаас хайрласан бэлэг шиг сайхан найзуудтай гэдгээ мэдэж авсан. Тэд надад тус хүргэснийхээ хариуг хэзээ ч нэхэхгүй ч, би өөрийгөө үргэлж өртэй гэж боддог. Франсис Фармер
  • Ганцаараа бид маш багыг, харин хамтдаа бид агуу ихийг бүтээж чадна. Хэллэн Келлер
  • Дурсамж үүрд үргэлжилдэг, бас хэзээ ч алга болдоггүй. Сайн нөхөд зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байж, хэзээ ч баяртай гэж хэлдэггүй. Мэлина Киампус
Төгсгөлд нь илүүц байж магадгүй ч Шинэ Монгол сургуулийн төгсөгчид, суралцаж буй сурагчид та бүхэн мундаг багшийнхаа болон сайхан сэтгэлтэй япон монгол олон сайхан хүмүүсийн итгэлийг дааж, сайн хүн, сайн боловсон хүчин болцгоож, эх орондоо ихийг бүтээгээрэй гэж хүсье.

Би ч хичээхийг хичээнэ ээ. Бүгдэд нь амжилт.

2 comments:

  1. Anonymous6:41 AM

    nar ni yapon bh ni ee.

    ReplyDelete
  2. tiim. nar ni jpn.

    ReplyDelete