Wednesday, July 19, 2017

Оройтсон наадам

Оройтсон ч наадмын мэнд ээ.
Энэ жилийн минь наадам жаахан оройтлоо. Ажлын өдөр ч таарсныг хэлэх үү? Юун хуушууртай манатай.

Харин сая хагас бүтэн сайны амралтыг тааруулж бид хөдөө уул яваад. Нэг дэх өдөр нь ч энд далайн өдөр гээд амралт таарсан тул наадмынхаа хуушуурыг хийж идэв.

Хөдөөнийхөө хэдийг бас баярын уур амьсгал оруулаад, сашими буюу түүхий загас магастай наадав. Хэ хэ.

Тэгж байгаад бас бус хүмүүстэй хуушаар хийд идэхээр тохирсон. Тэрнээс наана нэг газар хуушуур, цуйван хийж зарах гэдэг том ажилтай. Энэ талаараа дэлгэрэнгүй бичнэ ээ.

Түр баяртай. Бүгдэд нь халууныг амжилттай даван туулахыг хүсье. Ялангуяа японд байгаа хүмүүст. Айхтар халж байгаам шүү.

Monday, July 17, 2017

Өөрийн паян

Дандаа хүний паян бичдэг, хүний мууд дуртай золиг шүү би.

Энэ удаад өөрийнхөө паянг бичих үү. Инээдтэй, хүнд ч хэлэмгүй л золиг л доо. Гэхдээ яахав, хожим дурсаж суухад хөгжилтэй.
Энэ зураг дээрх гайхлыг авах гэж зогсож байгаад галт тэрэгнээсээ хоцорчихсон. Хэ хэ. Цагаа андуурсан байна лээ. 5-хан минутын хойно гэж андуураад, билетээ шалгуулсан чинь
-Хөдлөх гэж байна шдээ, хурдлаач.
-Болоогүй шдээ.
-Хурдал хурдал.

Гүйгээд гарсан чинь байхгүй ээ, дөнгөж сая хөдөллөө гэдэг юм даа.

Тэгээд л шууд дараагийн арга хэмжээнд орсон. Яаж хурдан харих? Яагаад хурдан харих хэрэгтэй байсан бэ гэхээр нэг мужик хятад найзтай юм. Тэрний маань ээж нь ирчихсэн овоо хэд хоночихсон. Нутаг буцахаасаа өмнө намайг дайлна гээд, бидний цаг боломж тэгж таараад, би галт тэрэгнээс буунгуутаа л тэднийд очихоор төлөвлөсөн байлаа.

Ийм хүндэтгэх шалтгаантай байсан тул одоо яана аа? хоцорчихлоо гэж паанигтаад, гуниглах цаг огтхон ч гараагүй, гаргаагүй гэх юм уу даа. Одоо бодоод байсан чинь бас л сүрхий түргэн шуурхай хөдөлж шүү гэж өөрийгөө үнэлээд байгаа. Ха ха.

Хань ижил шоолоод, хоцорчихоод бас өөрийгөө үнэлээд байдаг гээд. Дээрх гайхлаас болсон гэвэл бүр татаад унах байх даа.

Мэдээж яг товлосон цагтаа бол амжаагүй л дээ. Гэхдээ хамгийн хурдан хүрч болохоор цагт амжсан. Ингэхийн тулд хэд хэдэн дамжлага дамжсан.  Нэмэлт төлбөр төлсөн.

Сургамж: Хойшид дамжин өнгөрөх үедээ ямар ч дуртай зүйл минь байсан хараагүй юм шиг өнгөрөх. Цагаа яг таг сайн харж байх.

Олон дамжлаганыхаа сүүлийн галт тэргэнд явж байхдаа мэдээж өөрийнхөө мангарыг жаал гайхав. Хэ хэ. Гэхдээ нэг хүнээс нэг жижиг ном бэлгэнд авсан байсныгаа уншаад, сэтгэлээр уналт харьцангуй бага.

Дээрээс нь галт тэрэгнээс буунгуутаа л айлд уригдаад, сайхан амттай хоолоор дайлуулсан хүн чинь паянгаа мартах шахсан байна.

Гэснээс гэрийнхнээсээ айгаад дуртай гайхлыгаа ганцаараа бага багаар нь идэж дуусгасан. Хи хи

Saturday, July 15, 2017

Бага зулзагын паян

Багахан зулзага минь ээжийн эзгүйд жаахан паянтай.

Яасан гэхээр? Юм аа их мартаж байсан гэнэ. Тооныхоо хичээлийн нэг картыг олохгүй, надтай яриад л бөөн сүр болов. Би ч ээжийгээ санаад хэцүү байгаа байх гээд, тэр дор нь багш руу нь залгаад сүр болов.

Харилцах дэвтэрт нь бичиж, ээж нь утасдаж, олдохгүй бол ирэх долоо хоногоос очихоороо захиалъя гэж байсан карт нь олдсон.

Хаанаас гээч? Диван дээрх олбогны доороос. Ха ха.

Үүнээс гадна, байсгээд л нэг дэвтрээ мартана, нэг бол номоо мартана. Уг нь аав аниа хоёр нь шалгаад, хэлээд л байдаг гэсэн. Тэгсэн хэрнээ л мартааский.

Ээж гэдэг хүн гэртээ яар их үүрэгтэйг сая л мэдлээ гэхгүй юу? Манайхан ч мэдэрэхийн дээдээр мэдэрсэн.

Урд нь цөөхөн хоногоор л явдаг байсан хүн энэ удаад хоёр долоо хоногоор алга болчихсон юм чинь аргагүй аргагүй. Хэ хэ.

Оройд манай хэд усандаа орох, эрт унтаж барих гээд л завгүй тул оройд залгаж төвдөлгүй, өглөө эрт залгадаг гэж байгаа. Нойрмог хүн л ээжийгээ санаад байна аа, хурдан уулзмаар байна аа л гэнэ.

Томхон зулзага бол тоож байгаа ч зүйл алга. Дунд нь аавдаа хэд загнуулж, ээждээ холоос утсаар нэг загнуулж авсан. Хэ хэ.

Эцэстээ бага зулзагын юмаа мартдаг нь ээжийн буруу болж таарсан. Ээж ажил ажил гэж гүйгээд, гэрээ мартсан Гэсэр болсон тул айлдсан.

Алдаагаа хүлээн зөвшөөрч байна аа. Хи хи

Тун удахгүй долоо хоногоор шахуу бас явна шд, яадаг юм билээ?

Thursday, July 13, 2017

Байгалийн үзэсгэлэн

Энд тэнд явахадаа байгалийнх нь үзэсгэлэнг бас магтан сайшаахаа мартахгүй ээ. Мөн эх орноороо ингээд нэг сайхан аялах юмсан гэж бодогдоно. Гэхдээ хайртай хүмүүстэйгээ, ажлаар бол дэмий. Сэтгэл санаа тогтож өгдөггүй юм.
Токүшима мужийн Нарүто хот Хёого мужийн Аважи хотын заагт байдаг гүүрэн дээрээс авсан зураг.
Гүүрнээс буугаад онгоцоор явж байх үедээ дарсан зураг. Угтаа эргүүлгийг нь харах гэж байсан боловч дэргэдээсээ сайн харагддаггүй юм билээ. Номхон далай, Сэто дотоод? тэнгис хоёр уулзахаараа ингэж эргүүлэг үүсгэдэг гэсэн.
Хэсэг газар цайраад байна аа даа. Тэр чинь угтаа бол эргүүлэг. Зураг дарах гэхээр л хоцорчихоод байсан. Мэргэжлийн хүн л эгзгийг нь тааруулж дарах байх.

Мөн энэ эргүүлэг нь цаг нартай үзэгдэнэ. Цагийг нь тааруулж очихгүй бол харж чадахгүй.

Буянтай хүмүүсийн буянаар үзэх юмсан гэж бодож байсан газраа үзлээ. Энэ жилийн үзэх ёстой шинэ газрын минь нэг. Далай багшийнхаа сургаалийг биелүүлж байгаа юм л даа амьхандаа. Хэ хэ.

Ажил минь харин ид дундаа явж байсан үе. Үүнийг үзчихээд 2 хэсэгт хуваагдаад, би өөр муж руу хүмүүсээ аваад явсан даа.

Очсон газрынхаа сонинг дараагийн бичлэгт.

Wednesday, July 12, 2017

Амттанд нугасгүй ээ гэж

Явсан газрынхаа амттангаас бас сонирхоод амжиж байна өө өнөөх чинь.
Энэ Starbucks coffee гайхлын амттан. Цаг их орой байсан тул коофий уусангүй. Хаах цаг нь болчихоод, хөөгдөж гараад, буудалдаа ирж үргэлжлүүлсэн гэж байгаа, буу халалтаа. Маргаашийн ажил хальт толгойд бодогдоостой. Хи хи
За энэ  бол Эхимэ гэдэг мужийн томоохон худалдааны төвд. Шикокү гэдэг бүсдээ хамгийн томд ордог гэсэн. Нээрээ л их том юм билээ. Дан хүүхнүүд явж байсныг хэлэх үү,  нэг иймэрхүү амттангаар өөрсдийгөө дайлж аваад, тал тал тийшээ бутраад алга болсон.

Би ганц нэг хүүхнүүдийг нь бараадаад явж байснаа тэд нарыгаа ч алдаад, бага зулзагатаа бэлэг болгож хоёр гага л авах шив дээ. Ажлын нэг хэсэг болохоор юун худалдаа мудалдаа. Бас л маргаашийнхаа ажлыг бодон бодон явав.
Энэ дээрх амттаныг идэхээр суухад ширээн дээр байсан элсэн чихэр. Савлагаа нь хөөрхөн санагдаад зургийг нь дарсан. Түүнээс би элсэн чихэр иддэггүй юм. Идэхээ болиод удаж байна өө. Харин хоолонд, элдэв амттанд хольчихсоныг бол идчихэж байна гэсэн үг.

Аминдаа элсэн чихэрний орцгүй зүйлийг л худалдаж авах сонирхолтой ч, тиймэрхүү зүйл ер нь л ховор шүү.

Толгойгоо хааяа ингэж цэнэглэхэд яахав даа тэ. Хи хи. Бүгдэд нь амжилт хүсье.

Санажээ блог оо

Их идэвхитэй бичдэг хүн алга болсонд гайхав уу та хэд минь.

Нэгэн ажлаар өөр мужид явж байгаад ирлээ. Их ч юм үзлээ, их ч зүйл сурлаа. Өөрийгөө ч голдгоороо голлоо. Хойшид хичээнэ ээ гэж боддогоороо л бодолоо. Хэ хэ.

Явсан газрынхаа ганц нэг сонин сайхангаас дуулган зураг оруулж байна.
За энэ Токүшима мужийн буюу аймгийн Бизан гэдэг ууланд байдаг хайрын баталгааг илэрхийлсэн самбар. Хосууд ирж хайр сэтгэлээ бат бөх байгаасай гэж ингэж түгжээ зүүнэ. Монголоор бичсэн байгаа биз?

Учир нь одоо бяраараа ид гайхуулж буй Хакүхо аваргын гэргий нь энэ нутгийн хүн бөлгөө. 69 дэх аварга Хакүхо Шёо-Саёко гэж бичээстэй. Мөн цоож нь ч хадаастай байдаг юм билээ.
Уулын орой дээрээс нэг хотын өнгө төрх нэг иймэрхүү. Суугуул нутгийнхаа гэрээ санасан шигээ л алсын бараа ширтэж зогсов.

Энэ ууланд хоёр дахиа гарч байна. Урд нь найзындаа зочилж ирэхдээ нэг гараад бас л иймэрхүү зураг хөрөг оруулж байсан байх.
Найзууддаа эрхэлж дайлуулсан нутгийн хоол. Манайхны хэлдгээр рамён. Эндхийн хэллэгээр раамэн. Хажууд нь шарсан будаа, шарсан банш.
Ээжийг ажилтай гадуур гүйж байхад хөршийн хэдэн эмээ нар манай хэдийг эргэж тойрч, нэг эмээ нь карэ буюу карри өгсөн байсан. Гэрийнхний минь цагийг их л хэмнэж өгч байгаа юм.

Үргэлжилнэ...

Wednesday, July 05, 2017

Гэрээсээ хол

Ажлаар гэрээсээ хол явна өө.

Би ажилдаа гялалзаад л, гэрийнхэн тэнд албандаа бажигадаад л.

Хөгтэй, хөгжилтэй, баярламаар, уйлмаар, гомдмоор зүйл их болж байна дөө.

Эхнээс нь дурдвал ээжийг эзгүйд хамгийн их санаж, бэтгэрч, яг л одоо уулзмаар байна гэж нулимс цийлэгнүүлж ирээд л уяраадаг хүн нэг байна. Мэдээж бага зулзага.

Ээжийгээ эзгүйд эд хэцүүдэж байгаа гээд, хоол бэлдчихээд, ирж аваарай гэж утасддаг ганц нэг хүн байна. Мэдээж хөршийн хэдэн хөгшчүүл.

Жаахан уур хүргээд, очиж байгаад чамайг даа гэсэн нэг хүн байна. Мэдээж том зулзага.

Эзгүйд минь гадаа гарч эр, дотор орж эм болж байгаа нэг хүн байна. Мэдээж хань ижил. Хааяа нэг залгаж сонин сайхангаа ярилцаад, охидынхоо тухай хов зөөгөөд л. Хэ хэ.

Юм чаддагүйдээ, юм сураагүйдээ, залхуурдагтаа, шалтаг тоочдогтоо гомдож, уйлмаар болж байгаа нэг хүн байна. Мэдээж би өөрөө. Буянтай хүмүүсийн ачаар их л зүйл сурч, үзэж харж, олон сайхан хүнтэй танилцаж, идэж ууж байна.

Энэ тухайгаа суугуул нутагтаа харьж байгаад ганц нэгээр нь бичнэ ээ. Зураг хөрөг оруулаад л. Тэвчээртэй хүлээгээрэй.

Сэтгэл догдлуулдаг наадмын хуушуур бүхий шинэ сар эхэлчихлээ. Бүгдэд нь амжилт хүсье ээ. Мөн өөртөө ч амжилт.

Tuesday, July 04, 2017

Нэрс түүсэн нь

Бага зулзага бид хоёрын ээлжит жимс түүлт. Энэ жил хоёр дахь удаагийнх. Өнгөрдөг жил түүж идээд. Илүү гарсныгаа худалдаж авна.

Гүзээлзгэнийг бодвол жижиг юм болохоор овоо идүүлнэ. Хэ хэ. Худалдаж авахад ч урамтай, их ирнэ. Ккк.

Хөлдөөгөөд, үе үе бусад жимс энэ тэртэй хольж идэхэд зүгээр байдаг юм. Удаан ч хадгална.

Бид үе үе банана хөлдөөж байгаад дараа нь тэрийгээ тусгай төхөөрөмжөөр машиндаад зайрмаг? хийж иддэг юм. Тэрэндээ хөлдөөсөн нэрсээ хольж машиндана. Амт гэж сайхан ч бага зулзага, хань ижил хоёр тийм ч дуртай биш. Жаахныг л иднэ.

Илчлэг ихтэй, таргалчихна гэж айгаад байнга хийж иддэггүй л болохоос. Хэ хэ.

Би нээрээ дэлгүүрийн зайрмагнаас татгалзаад овоо хэдэн сар болж байна. Ганц зайрмаг ч биш ер нь л амттан шимттэнгээс жаахан зайгаа авах гээд хичээж л байна. Нэг хэсэг чинь байнга л хэвээстэй байлаа. Одоо бол хааяа нэг хэвдэг болсон.

Өөртөө амжилт, мөн та нартаа ч амжилт хүсье.

Зураг хөрөг аваагүй байна. Мөн ажлаар өөр газар яваа тул, ингэж бичээд хадгалж орхисныгоо тэр чигт нь оруулчихлаа. Түүх болж үлдэж учир. Удахгүй сонин ихтэй бичлэг шахна аа. Түр баяртай.

Wednesday, June 28, 2017

Бэлэг авах сайхан шүү

Монголоос сэтгэл гарган өөрөө урлаж өгч явуулсан бэлэг. Маш их баярлалаа. Мундаг шүү. Ажил үйлсэд нь амжилт хүсье найзууд минь.
Багахан зулзагын минь зурсан зургийг ингээд амьлуулчихсан. Эзэн нь харчихаад
-Өө, өөр гоё зураг өгмөөр байна аа...
гэж хэсэг аашлав. Хэ хэ.

Хань ижил бидэн хоёр болохоор өхөөрдөөд, дурсамжтай гоё гээд таалаад л байгаа. Таардаг бол ээж нь ч хааяа өмсчихөөр. Хэ хэ.

Гэхдээ бэлэг өгөх бүр ч сайхан тэ. Нэг их үнэтэй бэлэг өгч чаддагүй ч тухайн хүнийнхээ царайг, дуртай зүйлийг сэтгэлдээ дүрслэн байж бэлдэх ч урамтай шүү.

Жаахан дүү нартаа аль болох чихэр өгөхгүйг хичээж, сэтгэхүйд нь, хичээлд нь хэрэгтэй зүйл хайж явахдаа би өөрөө ч шинэ соргог зүйл олж мэдэж, шинэ санааг олж хардаг шүү. Баярлалаа.

Мөн үргэлж сэтгэлээрээ сайхан сайхан ном өгч явуулдаг О дүү найздаа баярлалаа. Чи шүү.

Та нарынхаа сэтгэлийн сайхан бэлэг, урмын сайхан үг, андын сайхан сэтгэлээс харь газарт эрч хүч авч, улам хичээх юм шүү гэж урам зориг ордог шүү.

Нэг гоё номыг бэлгэнд авангуутаа уншаад дуусчихсан. Тэгж байгаад бичнэ ээ.

Өглөөний уншлага маань шавьтайгаа хичээлгүй үед эрчимтэй явагдаж байна. Хичээлтэй үед арай л амжихгүй байгаа.

Бүгдэд нь сурлагын, ажлын амжилт хүсье.

Thursday, June 22, 2017

Монгол ахуй минь ээ

Ийм гоё номтой болсон шүү дээ. Ёстой сайхан мэдрэмж төрөөд л, юу захих вэ гэж асуухаар нь.

Яг манай энд биш, бүр Токиод ирэх хүн тэгж асуухаар өөрийн эрхгүй баясал төрөөд, шуудан энэ тэр гэж төвөг удна гэдгээ мэдсээр байж захиж энэ тэр.

Дараахан нь манай нутгаар айлчлан ирсэн нэг эгч бас бэлэглээд. Тэрийг дүүдээ бэлэглэчихсэн.

Уншаад эхэлсэн, сайхан байна. Жаахан хожуу л эхэллээ. Өвөл авч байсан байх нь, доорх бүтээлгийг харахад.

Хот газар өссөн надад зарим нэг зүйл нь сонин содон байлаа. Харин зарим нэг зүйл нь эмээгийн минь, ээж аавын минь, хамаатны ах эгч нарын минь ярьж хэлдэг, захьдаг, хөөрөлддөг зүйлс ч байна.

Сүүлийн үеийн хот газар өсч буй залуус, хотынх ч гэлтгүй аймгийн болон сумын төвд өсч торниж буй залуус ч унших хэрэгтэй ном гэж дүгнэлээ.

Мөн ахмад үеийнхнийхээ сургааль үгсийг чихний чийр гэж бус чихний чимэг гэж хүлээж авч байх нь зүйтэй юм даа гэж бодогдож байна. Багадаа бол эмээгийн үглэх,, ээжийн үглэх бол чихэнд чийртэй л санагддаг байж дээ. Хэ хэ.

Одоо өөрөө охиддоо бас үглээд чийр болоод л явж байна. Яахав, хэзээ нэгэн цагт ээж шигээ ингээд л ухаажаад суух байх даа.

Сонин содон үг хэллэгийг дор бүр нь тайлбарласан байсан нь дээхний сайхан ном зохиол уншиж байгаа юм шиг дотно байлаа.

Өөрт шинэ бөгөөд анх удаагаа сонсож, уншиж буй үгээ дараагийн бичлэгт оруулна аа. Одоогоор дуусаагүй байгаа, дуусахаараа нэг мөсөн л бичье.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

Wednesday, June 21, 2017

Гого амт 2

За энэ бас нэг гого амт нь шүү.
Бид ээж аавынхаа тарьсан чацарганыг захиж авчруулаад хааяадаа чанаж уудаг юм. Бага зулзага чацагран гэж хэлээд хайр хүргэнэ.

Том зулзага болохоор уухгүй. Хааяа загнаж байгаад ганц нэг балгуулна.

Угтаа ориг жимсээ авчраад, чанаж уух нь хамгийн эрүүл гэж бодоод иймэрхүү жүүс нэг их захиад байдаггүй л дээ. Савтай ундааг нь бас хааяа бэлгэнд аваад, өвөл халуун устай найруулж уух ч ээдээ бас нэгэн жаргал шүү дээ.

Гэснээс би чацарганыг ажлаар цугтаа монгол явж байсан эмээдээ бэлэглэдэг. Их дуртай авна. Хоолны технологич хүн тул төрөл бүрийн амталгаанд ашигладаг юм билээ. Энэ жил ч бас өгнө дээ.

Оронд нь эмээ эндэхийнхээ яг өөрийнх нь амьдардаг тосгонд тариалсан жимсээрээ дайлна. Заримдаа махаар дайлуулна. Махчин монголчууд гэж мэддэг болохоор. Хэ хэ.

Дараа нэг монгол явбал ажлынхандаа авчирч бэлэглэнэ ээ.

Monday, June 19, 2017

Мундаг хүн

Санаандгүй мундаг хүний тухай ном олж уншаад. Олоод ч гэж дээ, нэгэн залуугаас зээлээд. Сургуулийнх нь тухай түүх, үүсгэн байгуулагч, захирал багш нь дурсамж болгож бичсэн ном.

Шинэ Монгол сургууль гэж сонсоогүй хүн байхгүй байх тийм ээ.

Монгол харихаараа охидоо тэр сургуульд өгчихгүй юу гэж зөвлөдөг байлаа. Сонсох нь ээ, их л босго өндөртэй сургууль гэсэн.

Галбадрах багш хэрхэн японд суралцсан, хэрхэн сургуулиа үүсгэн байгуулсан, олон сайхан хүмүүсийн тусламж, туслалцааг хэрхэн хүртэж байсан, ямар бэрхшээлүүдтэй тулгаран түүнийгээ даван туулсан зэргийг нэг бүрчлэн, газар ус, хүмүүсийн нэр усыг ч нэг бүрчлэн дурсан бичсэн байна лээ.

Япон хүмүүсийн тухай, япон орны тухай аль болох сайн сайхан чанарыг нь олж харахыг хичээдэг Галбадрах багш үнэхээр мундаг гэж хэлэх ч багадхаар хүн байна шүү.

Шинэ Монгол сургуулийг төгссөн хэд хэдэн залуусыг танина. Бүгд л мундаг, сэтгэлгээ сайтай, хөдөлгөөнтэй, хөгжөөнтэй, нэг тийм өвөрмөц. Хэ хэ.

Аргагүй л Галбадрах багшийн шавь нар болохоороо юм байна гэж бодов. Багш өөрөө үнэхээрийн мундаг, хань ижил, үр хүүхдүүд нь хүртэл үнэхээрийн мундаг юм аа. Биширч байна. Өөртэйгээ нэг харьцуулав. Би бол хажууд нь өчүүхэн өчүүхэн. Хи хи. Хичээнэ ээ.

Гурван хэсэг газарт хэвлэлийн алдаа гарсан байлаа. Бүхэл бүтэн нэг нүүр цагаараад, ямар ч зүйл хэвлэгдээгүй байсан. Тэгэхээр зарим нэг дурсамж хэсгийг уншаагүй үлдсэн гэсэн үг.
Дээхэн нэг ярилцлагыг нь уншиж байсан юм. Сайхан ярилцлага байсан. Би өөрөө япон нутагт усыг нь ууж ёсыг нь дагаж яваа хүний хувьд санал нийлэх зүйл их байж билээ.
Галбадрах багшийн туулсан бэрхшээлийн хажууд миний одоогийн хааяахан тохиолдох бэрхшээл бол юу ч биш юм байна. Зүгээр л аз жаргал юм байна гэж ойлгов. Үглээд, гомдоллоод байлгүйхэн шиг л явах минь. Хэ хэ.

Бүлэг болгоны эхэнд бичигдсэн байсан онч үгс бас л сайхан санагдаад блогтоо бичиж үлдээхээр шийдэв.
  • Дурсамжийн галт шилэнд холын юмс томорч харагддаг. Жонн Андайк
  • Амьдралдаа хийсэн хамгийн чухал аялал бол замдаа сайхан хүмүүстэй учирсан тэр аялал юм. Хэнри Бои
  • Тэд намайг алхаж зүрхлээгүй замд хөтөлж, газарчилж өгсөн гавъяатай хүмүүс. Маяа В.Пател
  • Би бурханаас хайрласан бэлэг шиг сайхан найзуудтай гэдгээ мэдэж авсан. Тэд надад тус хүргэснийхээ хариуг хэзээ ч нэхэхгүй ч, би өөрийгөө үргэлж өртэй гэж боддог. Франсис Фармер
  • Ганцаараа бид маш багыг, харин хамтдаа бид агуу ихийг бүтээж чадна. Хэллэн Келлер
  • Дурсамж үүрд үргэлжилдэг, бас хэзээ ч алга болдоггүй. Сайн нөхөд зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байж, хэзээ ч баяртай гэж хэлдэггүй. Мэлина Киампус
Төгсгөлд нь илүүц байж магадгүй ч Шинэ Монгол сургуулийн төгсөгчид, суралцаж буй сурагчид та бүхэн мундаг багшийнхаа болон сайхан сэтгэлтэй япон монгол олон сайхан хүмүүсийн итгэлийг дааж, сайн хүн, сайн боловсон хүчин болцгоож, эх орондоо ихийг бүтээгээрэй гэж хүсье.

Би ч хичээхийг хичээнэ ээ. Бүгдэд нь амжилт.

Гого амт

Монголоос ирсэн бэлгэн дотор минь байсан. Амт гэж сайхан байна аа.

Сүүлийн үед юм юм л хийх гэж оролддог болж, хийдэг болж тэ. Захиж байна аа, хааяа даа. Байнга бол хэцүү, боломж ч ховор байх,

Ер нь байгаа газрынхаа хүнсийг эрүүлээс нь сонгоод л идээд явах ёстой юм шиг байгаа юм. Монголд байгаа бол монголын хөрсөнд ургасан ногоо цагаа, Японд байгаа бол японыхыг гэх мэтээр.

Багын нэгэн дурсамж санаанаас гардаггүй юм. Нэг их том шилэнд аньс дарчихсан. Тэр нь далд хийгээстэй. Нууцаар идэх гэж бас л инээдтэй зүйл их болдог байж билээ.
Ил байвал нэг дор бүгдийг нь идчих гээд байдаг байсан байхдаа, бид. Тэгээд л ээж минь аргаа барахдаа нууж, түгжиж байж ажилдаа явдаг байсан байх. Ээж аавыг ажилдаа явсан хойгуур бид ч буулгаж өгдөг байлаа даа, харин ч. Харьж ирэхийг нь дөхүүлээд хачин эвтэй найртай улс гэрээ цэмцийлгээд, өөрсдөө цомбойгоод сууж байдаг байв шд.

Монголоос нэг зүйл ирэхэд л ингэж бага нас зэргээ дурсаад байдаг болж. Нас ахиж буйнх юм болов уу? Гэрээ санаад тэр юм болов уу?

Дээрх зурган дээрх аньсны өтгөрүүлсэн жүүс. Дажгүй амттай байсан. Өөрөөсөө харамлаад, нарийлаад хааяа л нэг ууж байна. Дотроо аравхан ширхэгтэй тул дорхноо дуусчих гээд байна л даа. Хэ хэ.

Үнэ нь хэд гэдэг юм бол доо?

Ямартай ч нэг захих зүйлтэй болсондоо олзуурхав. Япон хүмүүст бэлгэнд авчирсан ч дажгүй санагдав.

Гэснээс аньс жимсээрээ цай хийж уух сайхан амттай болдог гэж мацагтан монголчуудын бүлгээс сонссон шүү. Ууж үзсэн хүн сэтгэгдлээ бичээрэй. Хэ хэ.

Бүгдэд нь шинэ долоо хоногийн амжилт хүсье.

Friday, June 16, 2017

Ээлжит нээлттэй хичээл

Бага сургуулийн ээлжит нээлттэй хичээл. Энэ удаагийнх найз нөхөдтэйгээ хэрхэн харьцах, хэрхэн хамтдаа тоглох гэсэн сэдвээр оров.

Ка нэг хэсэг хүүхдүүд хамтдаа тоглож байлаа гэж үзье. Тэдэнтэй хэрхэн нийлж тоглох тухай. Сүүлийн үед хэсэг хүүхэд тоглож байхад дараагаар нь ирсэн хүүхэд хамтдаа тоглож чадахгүй болсон, өнөөдүүл нь ч элсүүлэхгүй, хоорондоо л тоглоод байдаг гэж яригдаад, бичигдээд байгаа.

Үүнийг эвтэйхэн шийдэхийн тулд сүүлдэж ирсэн нь хамтдаа тоглож болох уу гэж зоригтойгоор, чанга дуугаар хэлж чаддаг байх. Өнөөдүүл нь "өө тэг тэг, хамтдаа тоглоё" гэж уриалгахан хүлээж авдаг байх.

Гэсэн хичээл орсон. Сүүлийн үеийн хүүхдүүд их эмзэг болчихсон, зүрх зориггүй болчихсон гэх мэтээр их ч яригдаж байна, бичигдэж байгаа тул ийм хичээл орсон гэсэн.

Хоёр дахь арга хэмжээ нь тусгай мэргэжлийн хүн ирж яриа хийлгэдэг. Энэ удаад эх баригч урьж яриа хийлгэв. Их сонирхолтой байсан. Ганц нэг санаж байгаагаасаа энд сийрүүлбэл.

Хүүхдээ анх төрж байсан үеийг эргэн нэг дурсдаа, тэр үеээ бид үе үе мартчихаад хүүхдээ супер болгох гээд л загнаад, үглээд, зодоод байдаг. Дөнгөж төрсөн үед нь бол бидний чин сэтгэлийн үг бол "Эрүүл саруул ээждээ аавдаа төрж, хүн болж ирсэнд баярлалаа" байдаг шүү дээ гэсэн. Нээрээ л тийм дээ гэж бодов.

Ялангуяа сүүлийн үед нүүр номоор их л юм харагдах юм, сонсогдох юм. Заримдаа зүрх шимшрээд үзэж чадахгүй ч тохиолдол байна.

Хүүхэл төрөх үйл явцын тухай хүүхэлдээ гэх мэт үзүүлэн ашиглаж байгаад тайлбарласан.

Дараагийн арга хэмжээ нь нийт 1 дүгээр ангийнхны цуглаан. Багш нар нь эцэг эхүүдэд зураг хөрөг үзүүлэн, шинэхэн сурагчид юун дээр голлон анхаарч, юун дээр голлон хичээж байгаа тухай ярьсан.

Төгсгөлийн арга хэмжээ нь бүлэг бүлгээрээ хуралдсан. Цөөхөн ээжүүд ирсэн. Заримдаа ч танхай ээж байдаг л юм байна энд чинь бодов. Хэ хэ.

Анги дээрээ хэрхэн хичээлд оролцдог тухай ярьсан. Нэг инээдтэй нь хүүхдүүд багшдаа их наалддаг гэнэ. Гүйж ирээд л ээждээ наалддаг шиг наалддаг, их хөөрхөн. Гэсэн багш нь. Тэрэн дунд бага зулзагын нэр цохогдсон.

Дотроо ээж бол нярай юм, нялзрай юм гэж өхөөрдөн суув. Ккк. Айлын жаахан маамаа нарын хажууд дэнхийсэн л юм байна лээ, эртээд жаахан маамаатай тоглосон чинь. Хэ хэ.

Гэх мэтчилэн бага зулзага шинэ сурагч болоод 2 сар хагасыг ардаа үдэв. Дунд нь хоолой нь өвдөж халуураад амарсан. Бага зэрэг бүлээрч нэг өдөр амарсан.

Ер нь жаахан ядардаг юм байна. Ачаалал нэмэгдээд ирэхээр. Зурагт бага үзүүлж, аль болох гадаа авч гарч байгаа. Тэгээд оройдоо эрт унтуулах. Мөн чихэр гэх мэт амттан бага өгч, хоолыг нь сайн идүүлэх.

Хичээнэ ээ ээж нь. Та нартаа ч амжилт...

Tuesday, June 13, 2017

Сурагчдын хамтарсан концерт

Том зулзагын дугуйлангийнхан хотынхоо бусад сурагчдын хамт тоглолт хийсэн. Энэ жилдээ гурав дахь удаагаа оролцож байна.

Ахлах сургуульд орохоороо үргэлжлүүлэн явах эсэх нь тодорхойгүй тул энэ жилийнх сүүлчийнх ч байж магад. Дунд сургуульд байхдаа оролцох сүүлчийн концерт.

Монголоос түр хугацаагаар ирсэн байгаа танил ах үзчихээд мундагийг нь гайхсан. Нэг ийм бүрэлдэхүүн монголд очоод авъяаслаг монголчуудад оролцвол шууд түрүүлнэ гэсэн. Хэ хэ.
Бага зулзага ядраад, бага зэрэг бүлээнтэй байсан тул ээжтэйгээ хамт гэр зуур амрав. Аав нь танил ахтай хамт үзчихээд ирсэн.

Том зулзага нээрээ төгөлдөр хуурынхаа хичээлийг сэргээж эхэлсэн. 4 дүгээр сараас дүүгийнхээ багш дээр хичээллэж байна. Тэгээд төгөлдөр хуурынх нь багшийн хэд хэдэн шавь энэ удаагийн концертонд оролцож байгаа юм байна.

Дунд сургуулийн 3 дугаар анги буюу 9 дүгээр ангийнханд ийм цэцэг бэлдэж тавьсан байсан. Хөөрхөн сэтгэгдэл бүхий карттай.

Ингэж бичихдээ дүүг нь бас мартаагүй байна лээ. Бага зулзага хэвтэж байсан болохоор
-Яагаад надад баяр хүргэж байгаа юм бэ?
-Мундаг аниатай болохоор нь...
гэж ээж аргалав. Хэ хэ.

Том зулзагын томоохон ажлууд нэг нэгээрээ дуусч л байна. Ээжийн бас томоохон ажил шүү дээ эдгээр чинь. Ээж байна гэдэг үр хүүхдийнхээ ажилд хамт догдолдог болчихдог байна. Үүрнээсээ нисээд явчихаар аяандаа холдох байх дөө гэж.

Monday, June 12, 2017

Хөтөч болох гэж буй хүмүүст

6 дугаар сарын ном. Ер нь долоо хоногт нэг ном гэж томрохгүй ээ. Ядаж сардаа л нэг ном уншаад байвал болох нь тэр.

Энэ удаагийн ном маань хөтөч орчуулагч нарт, мөн хөтөч орчуулагч болох гэж буй хүмүүст зориулсан ном.

Тэртээ олон жилийн өмнө би нэг сургалтанд сууж байлаа. Шалгалт энэ тэр өгөөд, тэнцээд ч байлуу? Тэнцээгүй ч билүү? Мартчихаж.

Ер нь хэцүү хэцүү, их олон төрлийн зүйл мэддэг байх хэрэгтэй. Түүх, шастирын тухай мэдлэг мэдээлэл, уран сайхны мэдрэмж, хошин шогийн мэдрэмж, хөдөөтэй гадаатай байх хэрэгтэй гээд л. Мөн бие бялдрын хувьд ч эрүүл, цоглог, нүүрний баясгалантай байх...

Дээрээс нь эх хэлнийхээ болон гадаадын аль нэг хэлийг төгс? эзэмшсэн байх ёстой.

Бас элдэв хорхой шавьж хараад орилоод чарлаад байдаггүй байх. За энэ миний хувийн бодол шүү. Учир нь тийм хүмүүс их байдаг юм билээ. Хэ хэ.

Мэдээж айлгүй л яахав, дотор арзайлгүй л яахав, гэхдээ дагуулж яваа жуулчдадаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж, төлөв л байх ёстой байх. Тийм үү?

Гээд л хөтөч хүнээс маш олон авъяас шаардана. Тэр тухай жишээ болгоод, ганц нэг маршрутын тухай оруулж танилцуулсан байсан.

Япон гэх мэт хөл хөдөлгөөн ихтэй газар бол жуулчдаа төөрч, будлихаас болгоомжлох. Цаг сайн барих, жуулчдынхаа сэтгэл санааг болон тав тухыг алдагдуулахгүй байх.

Энэ бүгдийг эзэмшихийн тулд туршлага, мөн идэвхи санаачлага чухал гэсэн байна. Үнэн үнэн.

Хөтөч болоход өгдөг шалгалтны цаг хугацаа зэргийг дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байв. Хэл бүр дээр мэдээж цаг хугацаа нь өөр.

Мөн хөтөч хүмүүсийн санал сэтгэгдлээс оруулсан байна. Бэрхшээлүүдээс дурдсан байна.

Хүн дагуулаад хөтөч хийгээд явах хэцүү үе байдаг шүү тэ. Сурсан мэдсэн минь гавихгүй, газар орон мэдэхгүй, туршлага бага зэрэг минь нөлөөлөөд олигтой хөтөч чаддаггүй юм.

Монголоос зорин ирсэн найз нөхдөдөө сайтар хөтөч хийхийн төлөө хичээнэ ээ. Зочид, жуулчдынхаа сэтгэлд хүрсэн сайхан хөтөч хийхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэсэн байсан шүү.

Хөтөч болох гэж байгаа залуустаа ч мөн амжилт хүсье.

Sunday, June 11, 2017

Даам

Бага зулзагатайгаа саяхан даам нүүхийг суралцаж эхлэв. Даамыг бол ээж аав минь жилийн өмнө өгч явуулсан юм. Нэгэн шалтгаанаар өөр мужид хагас жил хадгалагдав, манайд иртлээ. Манайд ирснийхээ дараагаар хагас жил гаран хадгалагдав. Хэ хэ.
"Би чамд хайртай" дээр гардаг шиг л юм болж байна даа, одоохондоо. Мөн сонирхлыг нь бууруулчихгүйн тулд албаар хожигдож өгч байна. Хэ хэ.

Өдөр бүрээ байг гэхэд долоо хоногт нэг удаа тоглож байна даа. Зав зай нь яах нь уу?

Гэхдээ амжилттай, даам нүүх гэдэг үг зааж өгөв. Одоогоор даам гэдэг үгээ л цээжилсэн байна. Нүүх гэдэг нь дуудлага нь жаахан хэцүү байгаад байх шиг. Тэгээд бодохоор л эх хэлний минь дуудлага гэж хатуу шүү тэ.

Япон хүмүүс сурахад хэцүү хэл шүү л гээд байдаг юм. Бага зулзага бас л сурах гэж бөөн юм болно. Сүүлдээ төвөгшөөгөөд, таг болно. Яадаг юм билээ.

Яадаг юм билээ ч гэж дээ, ядаж зундаа нэг харьчихаад л баймаар. Тэгвэл дорхноо л сайжирна даа. Даанч энэ МИАТ гэж ноёнтны үнэ хаданд гарчих юм. Гэрээрээ харьчихаад ирэхийн тулд овоо хэдэн жил хурааж цуглуулах шаардлага гарч байна.

Гадаадад байдаг иргэдээ овойж оцойтлоо баяжчихсан гэж ташаа боддогоо больчихмоор.

Даам ярьж явснаа хадуурдаг гэнэ ээ. Багадаа даам ч тоглоно, даалуу ч тоглоно, шагай ч няслана, сайхан байж дээ. Ухаалаг утас энэ тэр байхгүй.

Одоо залуухан гэр бүлийн нэг том асуудал хүүхдүүдээ ухаалаг утаснаас холдуулах юм шиг байна.

Томчууд нь өөрсдөө хүүхдийнхээ нүдэн дээр ухаалаг утас барилгүй, хоорондоо даам тоглоод нэг үзээрэй. Хүүхдүүд чинь сонирхох байх шүү. Заавал даам шатрын дугуйланд явуулах шаардлагагүй байх өө. Өөрсдөө л бага зэрэг тоглож мэддэг байхад л болчих юм шүү дээ.

Бүгдэд нь амжилт хүсье. Би ч бас хичээнэ ээ...

Saturday, June 10, 2017

Хөөрхөн ном

6 дугаар сарын хөөрхөн ном. Дэлхий дээрх ээжүүд аавууд хүүхдээ хэрхэн тэвэрдэг, үүрдэг тухай. Хэрхэн тэврэх ч гэж дээ, ерөнхийдөө бүгд хоорондоо адилхан ч, тэврэхийн тулд, үүрэхийн тулд хэрэглэж буй зүйл нь бага зэрэг ялгаатай байсан.

Яахав ихэнх нь даавуу хэрэглэдэг юм билээ. Зарим нэг улс үндэстэн энэ зурагны голын шиг хувцас нь тусгай зориулалтын байх жишээтэй.

Томыгоо зүгээр л хоёр гараараа тэвэрдэг байлаа. Тухайн үед одоогийнх шиг элдэв зүйл, санаа оноо ч гэж байсангүй. Ганц нэг гэрийнхээ ажлыг амжуулахдаа ташаан дээрээ суулгаж тэврээд л нэг гараараа амжуулдаг байв.

Багыгаа хүзүүгээ даадаг болоход нь урдаа энгэртээ тэврэх зориулалтай даавуун зүйл? ганц нэг ашиглаж байсан. Гэхдээ нэг их удаан хэрэглээгүй. Дэмий авч уу? гэж бодогдохоор. Учир нь дорхноо л томроод хэрэглэхээ байчихаж байгаа юм.

Заримдаа боддог юм, одооны залуухан ээж нар мэдээлэл их сайтай, тийм ч авах юмсан, ийм ч юм авах юмсан гэх болжээ, нэг их удаах хэрэглэгдэхгүй юмаар юугаа хийнэ ээ гээд хэлчихмээр. Хэ хэ.

Гэхдээ дүү мүү нь гарахад бас хэрэглэх болохоор худалдаж авсан даа ч яахав дээ. Тэ.

Японд их үүрдэг юм билээ. Яслийн анги нь бас багш нар нь нэг нэг хүүхэд үүрчихээд л, арай томуудтай нь тоглонгоо хамаг ажлаа амжуулдаг юм билээ. Тусгай үүрдэг хормогч шиг зүйл байдаг юм. Япон эмээ нар, ээж нар бас хоол ундаа хийхдээ ингэж их үүрдэг. Ингэх нь хоёр гар нь чөлөөтөй, хоол моолоо хийхэд хачин их тустай байдаг.

Гэснээс энэ номонд манайхны орныхоо хөлнөөс уячихдаг тухай оруулсан бол сонин байх байсан даа гэж бодоод амжив. Хи хи. Бид багыгаа бас ганц нэг уяж байсан шд, орчин үеийн ээжид таалагдахгүй л байх даа тэ. Ккк. Ямартай ч элдэв аюултай юм руу орчихно гэхгүй амар байж билээ.

За тэгээд өөрт амраараа, өөрийн хүслээрээ тэврээд, үүрээд ажлаа амжуулаад, гялалзаад байгаарай ээжүүд аавууд минь.

Thursday, June 08, 2017

Сонсголын бэрхшээлтэй хүмүүст...

Өнгөрдөг бүтэн сайнд сонсголын бэрхшээлтэй нийт 30 иргэдэд эх орныхоо тухай ярьж хөөрөв.

Повер пойнт ашиглалгүйгээр ярьж өгөхийг хүссэн тул, нэлээд олон зураг хөрөг хэвлэж бэлдэх гээд л ажил ихтэй байлаа.

Миний ярьсныг дохионы хэлний орчуулагч? орчуулна. Би аль болох удаан тайван ярихыг хичээсэн. Учир нь Тэмүжин өвөө минь миний нэг яриан дээр суучихаад бага зэрэг удаан темптэй ярь гэж зөвлөснийг санан санан л ярилаа.

Наана нь бас хальт өөрөө дохионы хэлээр ганц нэг мэндчилгээний үг сурав. Хүрэлцэн ирсэн зочид минь их баяртай хүлээж авсан. Алга ташилтаар намайгаа мялаасан.

За тэгээд л далбаа, ганц нэг хүүхэлдэй, нэлээд хэдэн ном, тоглоомон гэр, шагай зэргээ тэврээд л явсан. Эдгээр зүйлс минь л яриаг минь баяжуулж, хөгжөөж, их тус болдог юм.

Мөн хэдэн сүмочид минь байна. Эндээс мэргэжлийн сүмод орсон ганц нэг дүү нарынхаа өгсөн банзүкэг гайхуулж бардамнана аа. Дараа чадвал ганц нэг аваргын банзүкэнээс олж авахыг хичээнэ ээ. Олдох болов уу даа өчүүхэн надад. Хи хи.

Нэг бэрхшээлтэй зүйл нь олон зурагнаасаа зургаа хайж олох гэж жаахан сандарсан. Мэдээж ганц нэгийг нь энд тэнд хадсан байсан л даа.

Ярьж байх явцад агуулгад нь таарсан зургаа олох гэж л сандарч байхгүй юу? Дээрээс нь дээлтэй байсныг хэлэх үү халууцаад.

Гэснээс одоо байгаа хоёр дээлээ жаахан муудаад, солих болбол торго энэ тэр гэхгүй зүгээр л дан тэрлэг хийлгэж өмсөнө гэж бодоод байгаа.

Бүтэн хоёр цаг гаран, дундаа нэг завсарлагатай. Орчуулагч нарт минь зарим нэгэн үг, хэллэг минь хэцүү байсан, самбарт бичих, дүрсэлж үзүүлэх гэх мэтээр ойлголцсон.

Сонсголын бэрхшээлтэй иргэд бүгд онц сурлагатан уу гэхээр бас тийм биш, дунд нь олон шалтгаанаар дохионы хэлдээ тааруу хүмүүс байдаг юм билээ.

Сэтгэлийн хөдлөл нь ил тод, өвөрмөц ертөнц юм шиг ээ.

Дээлтэйгээ унждаг ээмэг зүүж явдаг юм, энэ удаад зүүгээгүй. Учир нь тэдгээр хүмүүсийн сэтгэл зүрх эмзэг байдаг гэсэн болохоор, их ганган харагдаад, гомдоочих байх гэж бодоод.

Ярианы төгсгөлд нийгэмлэгийн дарга нь монгол хоолны сургалт явуулмаар байна, та завтай биз дээ? гэсэн.
-Завтай, завтай, дуртайяа зааж өгнө өө
л гэлээ. Хугацаа нь хаа байсын, ирэх жилийн 2 сард. Гэхдээ л цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх байх даа. Нэг мэдэхэд одоо ямар хоол хийж хуйхаа маажна аа гээд л явж байх байх даа тэ.

Өөртөө болон та бүхэндээ амжилт хүсье өө.

Шинэ цэс

Хэд хоногийн өмнөөс нэг ийм шинэ цэстэй болоод. Гэрийн бусад гишүүд их амтархан идэж байна. Харахад жаахан тийм ч, харлаад.
Амархан ч юм. Хэд хэд хийгээд, гартаа оруулаад авсан. Хойшид хийж идэж байна аа. Би өөрөө энэ ногоонд дуртай, их сонин. Тийм болохоор худалдаж авчихаад, ганцаараа шахуу л иднэ. Хэ хэ.

Өнгөрдөг жил бас хаш ногооны нэг цэстэй болоод байсан даа. Тэрийгээ тэрнээс хойш нэг их хийж идээгүй. Учир нь улирал нь дуусангуут л худалдаж авдаггүй юм. Тухайн улиралд гарч байгаа ногооноос л худалдаж авч идэхийг хичээдэг болж.

Би нэг их хоол голоод байдаггүй л дээ. Янзан бүрийн амьтны махыг идэж л орхино, есөн жорын ногоог амтархан иднэ.

Гэхдээ тарваганы мах идэж чадахгүй юм байна. Хэ хэ.

Бас эдний зарим нэг үндэснийх нь амттан зэрэгт нэг их дуртай биш.

Дараа өөр шинэ цэстэй болохоороо оруулна аа.

Та нар ч бас шинэ цэстэй болохоороо бичлэг оруулаарай, хийж сурахыг хичээнэ ээ.

Амжилт хүсье.

Saturday, June 03, 2017

Гүзээлзгэнэ

Хагас сайнд гүзээлзгэнэ түүв. Бага зулзага бид хоёр ажлын минь хоёр хүүхэнтэй.

Хань ижил, том зулзага хоёр албатай тул яваагүй. Ямар сайхан юм? гээд л байсан.
Ийм хүлэмжүүд зөндөө байна. Бид дөрвүүлээ нэг бүтэн хүлэмжийг эзлэнхэн түүлээ. За ёстой ямар цөөхөн юм бэ, цадах юм уу ухааны юм бодсон байхгүй юу. Хэ хэ. Тэгсэн хэдхэнг идээд л гэдэс дүүрээд ирдэг байна шд. Бага зулзага бол гуравхан ширхэгийг л идсэн байх. Төлсөн мөнгөө бодохоор охиндоо овоо идүүлчихмээр байдаг. Ккк.

30 минут нь том хүн 1500 иен. Хүүхэд 800 иен. Гэснээс сүүлийн үед хүлэмжид ингэж газрын хөрснөөс дээш тариалдаг болсон гэсэн. Учир нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилготойгоор.
Навч нь цэцэг нь иймэрхүү.
Ийм улаанаас нь түүж иднэ. Хэрхэн түүж идэх тухай орохоос өмнө зааж өгсөн. Мөн энэ газар янз бүрийн химийн бордоо, хор хэрэглээгүй учраас түүгээд л шууд идэж болдог. Тийм утгаараа хүн ч их байсан. Ихэвчлэн эмэгтэйчүүд их харагдсан. Жимс жимсгэнэд дуртайгаараа л тэр байх даа тэ.

Гүзээлзгэнийг амтархан идэх арга нь байна шдээ, навчыг нь авч байгаад навч байсан бөгснөөс нь хазаж иднэ. Хамгийн сүүлд үзээр хэсэг болох чихэрлэг амттайг хэсгийг нь иднэ. Тэгвэл гүзээлзгэнэ их амттай байдаг гэсэн шүү. Би бол үзүүрээс нь эхэлж идээд байдаг байсан.
Ингэж түүж байгаад л зөндөөг идсээн. Худалч хүнд жилийнхээ гүзээлзгэнийг идчихсэн байх аа. Цуг явсан хятад ажилчин маань бас тэгсэн.

Ирэх жил дахин явцгаана гэсэн. Бас наана нь блүбэрри идэхээр явцгаана. Ингэхэд блүбэрри жимсийг монголоор юу гэдэг билээ? Би заримдаа нэрс, заримдаа алирс гэж орчуулаад байдаг юм. Зөв үү? Буруу юу.

Thursday, June 01, 2017

Ээлжит жүжиг

Бага зулзага бид хоёр ээлжит жүжгээ үзээд. Хөөрхөн гэж юүхэв, сонирхолтой гэж юүхэв.
За энэ зурган дээр байгаа хөөрхөн чихмэл тоглоомууд их ид шидтэй. Нэг том болоод, нэг жижиг болоод л хүүхэд томчуудыг хөөрхөн инээлгээд, баясгаж чадаад байна.

Хоёрхон хүн амилуулна, манайхаар бол настайд тооцогдохоор эмээ өвөө. Хи хи.

Гэхдээ энд эмээ өвөө нарын нийгэм дэх үүрэг бас л том шүү. Жишээ нь хорооныхоо сайн дурын үйл ажиллагаа, сурагчдын хичээлдээ явах цаг, тарах цагаар хийдэг сайн дурын үйл ажиллагаа гээд л тоочоод байвал их.

Манайхан болохоор тэтгэвэрт гарахаар нь хүний тооноос хасчихдаг гээд байдаг тэ. Хааяа л нэг ахмадын өдрөөр хүлээж авах, сонгууль дөхөхөөр нэг тоодог гээд л.

За тэгээд л эмээ өвөө хоёр маань хоолойгоо амьтны дүр бүр дээр өөрчлөөд л, их сүрхий. Тайзны засал чимэглэл ч их энгийн, гарын доорх материал ашигласан. Болдог бол монголд урьж аваачаад тоглуулахсан гэж бодсон шүү.

Бага зулзага бид хоёрын улиралд нэг үздэг жүжгүүд бүгд их хөөрхөн. Санаа авахаар зүйл их байдаг юм.

Та бүхэн ч гэсэн иймэрхүү жүжиг байвал жижиг юм, эмээ өвөөгийн тоглосон, нэрд гараагүй хүмүүсийн тоглосон, энэ тэр гэлтгүй үзэхийг хичээж байгаарай. Заавал том том тайзан дээрх мэргэжлийн хүмүүсийн үнэтэй тоглолт үзнэ гэлгүйгээр...

Мартах гэж байна, бүгдэд нь эх үрсийн баярын мэнд хүргэе. Баяраа сайхан тэмдэглээрэй.

Wednesday, May 31, 2017

Гэрийн даалгавар

Багахан зулзагынхаа гэрийн даалгаврыг чухам ямаршуу зүйл байдаг вэ гэдгийг эндээ тэмдэглэж үлдээх гээд...
Ийм хувилсан цаас тарааж өгч байна. Одоогоор хирагана үсгээ нэг нэгээр нь бичиж байна.

Цэцэрлэгт байхдаа уншаад сурчихсан болохоор энэ удаагийн даалгавар нь үсгээ бичих дарааллаар нь зөв, цэвэр бичиж сурах. Мөн хажууд нь байгаа зургийг будаж болно, будахгүй ч байж болно.

За энэ ЦҮ үсэг. Тогоруу, зун, өрдөг модон тоглоом гэдэгт ордог байх нь. Баруун гар талын хүснэгтэнд ангиа, овог нэрээ бичнэ.

Унших даалгавар дээр өдөр бүр нэг үсэг нүдэлж бичих даалгавар нэмэгдээд, даалгавраа хийгээч ээ гэж үглэх минь нэгээр нэмэгдэж байна даа гэж.

Аниа нь гоё бичдэг гээд л магтуулдаг байлаа. Дүү нь дуурайх байх аа. Хэ хэ. Ээж л тэгж хүсч байна даа. Хи хи.

Гэснээс ганц нэг багш тааралдаад аниатайгаа ёстой адилхан юм байна гэдэг гэсэн. Хэ хэ. Ганц нэг л багш үлдсэн байх, аниаг нь сурч байх үеийн. Учир нь өнөөх шилжилт хөдөлгөөнөөр шилжээд явчихдаг тул.

За ингээд л олон үсэг, олон ханзтай үзэж тарах нь дээ, ээж ч мөн адил хоцрохгүйг хичээнэ дээ.

Та нарынхаа сурлагад ажил үйлсэд ч амжилт хүсье.

Tuesday, May 30, 2017

Хөөрхөн ном

Бас л сэтгэж байгаа юм шүү.



Томхон зулзага дээр үед айлын хоёр хүүхдийн зургийг бас яг иймэрхүү дан А үсгээр зурж өгөөд өнөөдүүл минь бөөн баяр. Жаазлаад өлгөчихсөн байдаг юм. Нэлээд олон жилийн өмнө л дөө.


Хоёр хүүхдийн нүүр царайных нь онцлог зэргийг хөөрхөн гаргаж өгсөн байсан. Одоо ч очихдоо харах их сайхан, охиноороо бахархаад л, өөрийн эрхгүй инээмсэглэл тодордог юм.


Энэ ном бас тийм. Гэхдээ нэгхэн үсэг биш, бүх үсэгнүүдийг зурагт оролцуулчихсан. Жишээ нь охины нэг нүдийг ХА үсгээр, нөгөө нэг нүд хамар хоёрыг НА үсгээр, амыг Ко үсгээр зурсан байна.


Гэх мэтчилэн үсгээр зураг зурсан. Номоо уншихаас гадна хүүхэд үсэг нүдлэхэд нь дажгүй дасгал болж өгнө.


Шинэ долоо хоногт нь амжилт хүсье.

Sunday, May 28, 2017

Сарнай ба амттан

Том зулзага дурлаад худалдаж авсан мини сарнай. Анх жижигхээн байсан чинь дээшээ ургаад л байгаа. Бас хэдхээн сарнай байсан чинь үржээд, бараг жилийн дөрвөн улирал цэцэглээд хагдраад, цэцэглээд хагдраад гээд явчихдаг юм билээ. Их гоёмсог. Жаахан шунаад өөр ягаан өнгийхийг авдаг юм билүү гэж бодоод байгаа. Хэ хэ. Өөрөө арчлахгүй байж шүү.
Энэ эртээд ажлынхаа нэг хүүхэнтэй, солонгосоос ирсэн нэг дадлагажигч хүүхэнтэй бага зулзага бид хоёр зугаалсан үед идсэн бялуу. Дээрх цэцгийг нь идэж болно. Хэ хэ. Энд ер нь галуу шувууны махнаас гадна цэцэг навч бас идчихээд л байна. Хи хи.
Ажлын газрынханд минь бэлэглэсэн солонгос чоко. Дотроо хатаасан гүзээлзгэнэтэй. Хайрцган дотроо гурван янзын амттай. Олон ширхэгтэй, би гэрийнхэндээ бас амсуулаад амжчихсан. Хэ хэ. Манайхан угаасаа заримдаа манай гэрийн гишүүдийг бас мартдаггүй нь уярмаар. Охид минь дараагаар нь нэхээд байгаа юм биш үүе?
-Ээж ээ, өнөөх гого чоко чинь дуусчихсан уу?
-Дуусчихсаан, хөөрхөн үрс минь.
Бас л ажлынханд минь хэн нэг нь авчирч өгсөн чоко. Хавай-нх. Дотроо хан боргоцой орсон. Гэхдээ дээрх гүзээлзгэнэтэйг бол гүйцэхгүй юм билээ.
Мөн л ажлынханд минь бэлэглэсэн. Токиогийн бэлэг. Таргалчихна гэдэг мөнхийн сэдэвтэй би ч ганцхан ширхэгийг л амссан. Хэ хэ.
Ингээд л би бондгор хэвээрээ, хэвээрээ ч гэж дээ улам л бондойчих гээд байдаг юм шүү дээ. Нэг хэсэг өөрийнхөө хувийг гэртээ авчраад л гэрийнхэндээ өгөөд л мундаг байсан чинь байхгүй ээ. Монголын хууль гурав хоног гээч л болсон. Хи хи.



Цаашид улам бондойчихгүйг хичээгээд, өөрөө өөртөө амжилт...

Friday, May 26, 2017

Бага сургуулийн сонин хачингаас

Мартаагүй дээрээ бичих гээд...

1. Бичих гэрийн даалгавар өгч эхэлсэн. Хирагана үсгээ нэг нэгээр нь бичүүлж байна. Багахан зулзага минь гялс мялс биччихээд л нэг бол гадаа тоглох, нэг бол зурагт үзэх гэж зүтгээд. Гадаа тоглох нь ч яахав, 200 хувь санал нийлээд бараг л хөөж гаргаад байгаа.

Сургуульд орсноор ойр хавийнхаа нэг сургуулийнхаа хүүхдүүдтэй танилцаад, ганцаараа орж гараад гүйдэг болсон. Ээжид мөн ч амар байна. Тэр хоолонд хоолоо хийнэ, нэг бол хэсэг амарна.

2. Сургууль дээр нь нийт сурагчдыг хамарсан эрүүл мэндийн үзлэг явагдсан. Дунд сургуульд бас адил. Саяхан зүрхний бичлэг хийсэн үзлэг нь хэвийн гэж гарсан. Шүдний үзлэг, харааны үзлэг, мөн шээсний шинжилгээ авсан. Гэр гэрт нь жижигхээн тусгай сав өгч явуулаад өглөөнийх нь шээсийг хийж авчрана.

3. Сургуулийнхаа номын сангаас ном зээлж эхэлсэн. Эртээд гурван ном зээлж ирсэн. Гэрийн ном улам л хөглөрөх шинжтэй. Одоогоор 5 номын сангаас зээлж ирсэн ном гэрээр нэг хөглөрөөстэй. Дунд сургуулийн, бага сургуулийн, хотын, мужийн, манай ажлын гээд таван номын сан.

Нэг удаад зээлэхдээ 3 ном зээлдэг юм байна, нэг дүгээр ангийнхан. Баасан гараг бүр зээлсэн номоо хийх уутаа авч яваад, өдөр нь номоо зээлээд авчрана. Даваа гарагт буцаана.

4. Ямар нэг арга хэмжээ зохиосны дараагаар тэр талаараа хүүхэд бүрийн гэрт зураг бүхий цаас хүргүүлнэ. Саяхан тамирын өдөрлөгийн тухай бичсэн нэг нүүр цаас ирсэн. Сурагчид бүгд маш идэвхитэй сайн оролцсон энэ тэр гээд л.

Гэснээс тамирын өдөрлөг дууссаны маргааш нь хичээл ороход багш нь ингэж асуусан гэсэн сурагчдаасаа.
-Тамирынхаа өдөрлөгт мундаг оролцсон гэж гэрийнхэндээ магтуулсан хүүхэд гараа өргөөрэй.
-Би, би, би...

Багахан зулзага гараа өргөсөн гэсэн. Хэ хэ. Угаасаа буухиа гүйлтэнд дөрвүүлээ гүйсэн чинь түрээлээд. Нүдэндээ ч итгэсэнгүй ээж бол. Хи хи. Турьхаан юм байгаа юм. Биеийн тамир буюу хөдөлгөөндөө жаахан тааруу... Харин зурах, хайчлах, наах, будах, нугалах гэх мэт зүйлд бол дуртай л даа. Үүнийг нь хөгжүүлэнгээ, бага зэрэг гүйж харайх гээд биеийн тамиртай найзлуулчих юмсан.

Гэхдээ энд бага дунд сургуулийн биеийн тамир гэж маш идэвхитэй, маш эрчимтэй явагддаг. Учир нь бие хаа эрүүл саруул байж хүүхэд сурлагадаа шамдана, хичээнэ, сурах тэмүүлэлтэй байна гэж ярьдаг, бичдэг улс.

Саяхан болсон нээлттэй хичээл дээр ч захирал багш нь энэ тухай маш тодорхой ярьж хэлж ярьж өгсөн.

Ямар сайндаа шинэхэн шавь минь
-Монголд би биеийн тамирын хичээлд хамгийн дуртай байсан чинь энд ирээд биеийн тамирын хичээлд үнэн дургүй болж байна аа, гүйлгээд байна гүйлгээд л байна.
гэсэн.

5. Удахгүй бассейных нь хичээл эхлэнэ. Усны хувцасны захиалга явагдсан. Бид эгчийнх нь өмсөж байсан усных нь хувцсыг өмсүүлж үзсэн болж байна лээ. Хэ хэ. Энэ ээж үнэн танхай ээж байна уу? Уут нь бас байгаа. Хайж олоогүй л байна, хаа нэгтээ харагдсан, үүнийг биччихээд хайж олно доо.

Гэх мэтчилэн томхон багахан хоёр зулзагынхаа, нэг хань ижлийнхээ, ажлынхаа, гэрийнхээ хооронд эргэлдээд л өдөр хоног асар хурдан өнгөрч байна даа гэж...

Thursday, May 25, 2017

Бага сургууль дахь тамирын өдөрлөг

Миний нэг ажилтай давхцаад, би ч үнэнээ хэлээд л ажлаасаа чөлөө авлаа. Миний оронд өөр монгол хүн оролцоно. Амжилт хүсье.

Бас хотын нийтийн цэвэрлэгээтэй давхцаад. Гэхдээ энэ цэвэрлэгээ нь хар үүрээр гарч гудамжаа цэвэрлэнэ. Энэ цэвэрлэгээнд оролцохгүй бол араар нь муулдаг гэсэн. Хэ хэ. Би ч тоотой орж байсан болохоор зөндөө муулуулсан байх өө. Хи хи.

Яах вэ дээ, мэдэхгүйгээсээ болж оролцдоггүй, ажилтайгаасаа болоод оролцдоггүй, мартамхайгаасаа болоод оролцдоггүй гээд л шалтаг их байна өө. Хойшид яаж ийгээд л цэвэрлэгээнд гарч байхыг хичээнэ дээ.

Цэвэрлэгээ ч гэж дээ, бараг хоггүй хотыг чинь юугий нь цэвэрлэх вэ дээ. Замын хажуугийн өвсийг зулгааж энэ тэр.

Манайхны зурхай дээр байдаг газар шороо хөндөж болохгүй гээд заачихсан бол ч хэцүүдэх зүйлийн нэг дээ. Ккк. Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэгчээр өдөр бүр зурхай харахгүй болохоор амар. Хааяа нэг үс тайрахад сайн өдөр л хардаг юм байна.

Хань ижил цэвэрлэгээндээ гарч, том зулзага бид хоёр тамирын өдөрлөг дээр идэх өдрийн хоолоо бэлдсэн. Том зулзага дугуйлантай учир дүүгийнхээ тамирын өдөрлөгт оролцохгүй.
Тэр цаана харагдаж байгаа цагаан самар байна аа даа, тэр бол хүүхдүүд талбайд орж гарах хаалга. Эцэг эхийн тэмцээнийн үеэр эцэг эхчүүд мөн тэр хаалгаар орж гарна. Дураараа тайлбай дундуур гүйж харайхгүй. Их ухамсартай оролцоно оо. Сүрхий.

Ер нь иргэдийн ухамсар л их чухал зүйл шиг байгаа юм.
4 өнгийн багт хуваагаад, өрсөлдөнө. Улаан цагаан өнгө нь биеийн тамирын хичээлдээ өмсдөг малгайныхаа өнгөөр. Хариун цэнхэр, шар өнгө нь малгайгаа цагаанаар харуулж өмсөөд дээрээс нь цэнхэр, шар өнгийн тууз зүүгээд л болно.

Тусад нь шар цэнхэр өнгийн малгай авч үрэлгэн хандахгүй. Иймэрхүү энгийн шийдэл нь маш их таалагдана.

Талбай нь ийм шороогоороо. Чулуу байхгүй. Хүүхдүүд хамаагүй л шороон дээр сууна. Гол нь тамирынх нь шоорт бөх гэж юүхэв. Боддоо, бид аниагийнх нь шоортыг дүүд нь шилжүүлчихсэн. Цагаан подволкийг нь шилжүүлэх гэсэн чинь суга нь шар байна гээд аав нь
-Авч өг, битий миний охин дээр хэмнээд бай.
гэж лүндэн буулгасан тул аргагүйн эрхэнд шинээр авсан. Аниагийнхыг нь борооны улирал зэргээр угаасан хувцас хатахдаа удаан үед ээлжинд гээд л байж байна. Хэ хэ.

Уг нь минималист болох гэж хичээгээд л байгаа юм, өөрийнхөө хэмжээнд. Гэр бүлийн бусад гишүүдийн эд зүйлс гэж бас л байна аа байна. Яалтай ч билээ.

Тэр асарт уригдасан зочид, багш сурагчид бэлэн байдалтайгаар дараагийнхаа тэмцээнд бэлдээд, шингэн зүйл ууцгаагаад хүлээнэ.

Хэрхэн хөгжөөн дэмжиж байгаагаар нь бас байр эзлүүлдэг тул, асарт хүлээж байгаа сурагчид ээлж ээлжээрээ дуу дуулж, үг хэлж багаа хөгжөөн дэмжинэ.

Өлгөөтэй далбаанууд, талбай дээрх цагаан шугам, асар, сандал ширээ зөөх, бөмбөр гэх мэт хөгжмийг зөөх гээд бүх ажлыг багш нар болон эцэг эхийн зөвлөлийн гишүүд эв найрамдалтайгаар, үнэнчээр, хөнгөн шингэнээр, хариуцлагатайгаар үүрэгт ажлаа гүйцэтгэнэ дээ.

Маш халуун өдөр таарсан. Хөл минь их сонин хэлбэртэйгээр наранд шарагдсихаж. Нүүрээ л хамгаалаад байснаас хөлөө хамгаалаагүй байх юм. Хи хи. Ирэх зунаас нааш зүгээр болохгүй гэсэн. Яадаг юм билээ?

Гэснээс их л халах шинжтэй, давж гарах л байгаа даа.

Бас энэ бага сургуулийн тамирын өдөрлөгийн тухай олон ч жил бичиж байна даа тэ, залхууралгүй уншсанд баярлалаа.

Sunday, May 21, 2017

Нагоя

Энэ Японд Нагоя гэж нэг хот байна аа. Айчи мужийн төв хот. Мужийн захиргаа байрладаг хот.

Тэр хотынхноос найз нөхдөөр минь олон сайхан залуус тодроод байна аа. Хэ хэ.

Эртээд энд байж байгаад Нагоя хот руу явсан эгч ирээд явсан. Нагоя хотынхоо болон Нагоя их сургуулийнхаа амттангаас бэлэглэсэн гэж байсан даа.

Энэ удаад мундаг коохай найз ажлаар ирээд, манайхаар ороод гарсан. Бас л амттай сайхан нутгийнхаа идээнээс бэлэглэсэн. Бид амаа олохгүй л идлээ. Хэ хэ.

Нэгэн шавь минь бас сураад л яваа тэнд. Хэдэн жилийн өмнө манайд ирээд л, бид чавганы дарсаараа дайлах гэсэн чинь насанд хүрээгүй байсан шд, золиг чинь. Хэ хэ. Энэ удаад уулзвал эрүүл энхийн төлөө хундага тулгана аа. Аймаар уудаг гэж ойлгогдохоор л бичих юм тэ би. Энд чинь ер нь хүмүүс тааруулаад уучихдаг болохоор их амар.

Бид тэгж байгаад нэг Нагоя явна байгаа гээд л ярилцаад байна. Яг хэдийд явахаа хэлж мэдэхгүй л байна.

Найз нөхдийнхөө амьдардаг газартай ойрхон үзээд харчихаар аятайхан аялал жуулчлалын газар хайж байгаад, орохыг хичээнэ ээ.

Олон сайхан найз нөхөдтэйгөө уулзахаар нэг л нартай өдөр гараад жирийнэ дээ. Та хэд минь тэвчээртэй хүлээж байгаарай. Хэ хэ. Суугуул нутгийнхаа идээний дээжээс аваад л очно.
Ийм хайрцагтай, мэдээж энэ хайрцаг нь гадуураа бэлэгний цаасаар боосон. тухайн муж, хот, сумынхаа нэр бүхий ч юм уу? онцлог шинжийг харуулсан цаасаар боож тавих нь хэвийн үзэгдэл. Тэр цаас нь өнгийн цаас байвал бид бас бяцхаан зүйлд ашиглачихна аа. Ер нь шууд хогийн сав руу чулуудахгүй л гэж үзнэ шүү дээ. Кино энэ тэр дээр гардаг шиг бэлэгний гаднах цаасыг хайш яайш ураад л хаядаг дүр зураг байдаг даа. Би бол тийм биш, аль болох эвтэйхэн, уралгүй задлана. Дараагаар нь тэр цаасаа охидтойгоо хамт хийх гар урлалдаа ашигладаг юм.
Дотроо ийм гоё олон ширхэгтэй. Хэ хэ. Мэдээж цөөхөн ширхэгээр савласан нь ч бий. Ажилчдынхаа тоогоор, зочлох айлынхаа гишүүдийн тооноос хамаараад л дотроо цөөн тоотойгоос авах уу? олон тоотойгоос авах уу гэдгээ шийднэ.

Манайх цөөхөн ажилчидтай тул ихэвчлэн цөөн тоотойг л авдаг.

Бас энэ цаасан хайрцгийг нь хэр бат бөх байна гэдгээс нь шалтгаалаад япончууд бас их олон зүйлд ашигладаг. Жишээ нь манайх оригами-нуудаа хийж тавьдаг. Охидынхоо элдэв жижиг сажиг "үнэт эрдэнэс"-ийг хийдэг гэх мэт. Хэ хэ.

Жаахан далийгаад явчихаж, за энэ Нагоя хотод зөндөө л олон монголчууд сурч, ажиллаж амьдардаг гэж дуулсан. Бүгдийнх нь сурлагад, ажилд амжилт хүсье.

Saturday, May 20, 2017

Ном ба япон хүний зан чанар 2

Номоо уншаад л яваа. Удаан уншиж байна уу? Ийм л болчихоод байна. Хэ хэ.

Япончуудын онцлог зан чанаруудаас нь мартаагүй байгаа дээрээ гээд бичиж байна шүү. Та бүхний япончуудын тухай төсөөлөлд чинь хувь нэмэр болох болтугай...

4. Суурь боловсрол өндөр.

OECD (Organization for Economic Cooperation and Developmen) буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 3 жил тутамд нэг удаа явуулдаг 15 настангуудын суурь боловсролын төвшинг тогтоох PISA(Programme for International Student Assessment)
гэдэг судалгаанд японы сурагчид математикаар эхний 8-т, унших чадвараар эхний 4-т, физикээр эхний 4-т ордог гэнэ. 2012 оны судалгаагаар.

Энэхүү суурь боловсролын өндөр төвшин нь зөвхөн нэг хүрээллийг хамарсан биш улс даяарх нийт сурагчдыг хамарч чаддагт гол ач холбогдол нь оршино.

5. Нийгмийн аливаа дүрэм журмыг чандлан сахьдаг.

Маш том жишээ гэвэл 2011 оны 3 сарын 11-нд болсон газар хөдлөлт, цүнамигийн үеийн дүх зураг. Тэр айхтар гамшигт нэрвэгдчихээд байж дэлгүүрт, бинзен клонкын газарт яс дугаарлаад зогсох япон хүмүүс. Энэхүү зураглал дэлхий нийтэд цацагдахад Америк, Ёвропын олон орнууд биширсэн гэж байгаа.

Их яригдсан даа тэ. Тэгтэл манайхан далимдуулж нутаг буцах гээд, онгоцны буудлаар нэг хөгөө чирсэн гэж шивэр авир гэх юм билээ. Ганц манайхан ч биш, хятадууд бас тэрүүгээр нэг шуугисан гэдэг

6. Хэрэглэхэд хялбар, загвар хоёрыг хослуулж чаддаг.

Жишээ болгож японы бичгийн хэрэгслийг хэлэх байна. Бал, дэвтэр гээд л.

Би ч бичгийн хэрэгсэлд дуртай, эдний. Анх оюутан байхад япон хүнээс бал, балын харандаа бэлгэнд аваад л их баярлаж билээ. Бал нь удаан дуусдаг байсан. Манай гэрийнхэн ч намайг энд ирсний дараагаар бал их захьдаг байлаа. Дүү минь оюутан байсан болохоор, япон бол их гос гардаг, удаан хэрэглэгддэг гээд л дуртай байж билээ. Одоо ч дуртай.

Тийм болохоор одоо ч монгол дахь хүмүүст бэлгэнд бичгийн хэрэгсэл бэлэглэх дуртай.

Мөн япончуудын повер пойнт ашиглаж хийсэн илтгэл, тайлан маш ойлгомжтой байдаг. Өнгөний хослол, график дүрслэл гээд л хүн хараад ойлгогдохоор байдаг.

7. Ангилж ялгахдаа гарамгай.

Үүн дээр бэнто бако буюу үдийн хоолоо хийж авч явдаг савны тухай дуртаж. Гадаад оронд ийм үдийн хоолоо хийж авч явдаг сав дэлгэрч байгаа ч нэг саванд багтааж хийж авч явах биш, олон саванд хийж авч явах нь элбэг. Харин япон хүмүүс жижиг хоолныхоо саванд үдийн хоолоо ногоо, будаа, мах загасаар нь чадварлаг гэгч нь ангилаад, ялгаад хийчихдэг.

За энэ бол тун үнэний ортой. Би бас тэгж чаддаггүй. Нэг л төвөгтэй санагдаад байдаг юм. Угаасаа гал тогооны ажлаас дөлсхийдэг болохоор ч тэр юм уу? Яваандаа суралцана аа гээд төлөвлөсөн зүйлийн минь нэг. Хэ хэ.

8. Маш жижигхэн зүйлийг ч нямбай хийдэг.

Худалдаа хийгээд, бэлгэнд өгөх юм аа гэвэл маш нямбай гэгч нь боож, чимэглэж өгдөг. Энэ үйлчилгээ нь үнэдээ багтсан байдаг ихэвчлэн. Мэдээж үе үе тусдаа төлбөртэй байх тохиолдол байна. Ийм үйлчилгээ гадаад орнуудад тун ховор үзэгдэл.

Мөн аливаа бичиг цаас, ажил дээр ч жижиг гэлтгүй нямбай ханддаг.

9. Аливаа зүйлийг урьдчилан харахдаа гаргууд.

Аливаа хурал цуглаан, арга хэмжээ зохиохдоо зочид төлөөлөгчид тэгэх болов уу? ингэх болов уу? гэж төсөөлөн, урьдчилан бэлдсэн байдаг. А төлөвлөгөөгөөр зохион байгуулна, хэрэв ямар нэгэн өөрчлөлт орвол Б төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж зайлшгүй бэлдсэн байдаг.

Мөн үйлчилгээний салбарт ч их байдаг. Жишээ нь жижигхээн хоолны газар орсон ч үйлчлүүлэгчийн ам нь цангаж байгаа гэж үзэн захиалга авахаас өмнө хүйтэн ус, цай авчирч өгдөг.

Гэх мэтээр гадаадад гарч ажиллахад япон хүмүүсийн эзэмшсэн чанарууд нь тэдний олон улсад үнэлэгдэх зэмсэг нь болж өгдөг.

Бидний монголчууд бас аливаа орчинд дасан зохицохдоо сайн, юмыг амархан сурдаг гээд л онцлогтой чанаруудтай даа. Тэрийгээ улам өнгөлөөд, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд гялалзаад байж дээ.

Амжилт хүсье...

Номын тэмдэглэл үргэлжиж ч магад, үгүй ч байж магад...

Friday, May 19, 2017

Ном ба япон хүний онцлог чанар

Зээлсэн номоо уншиж дуусгах сарын аян амжилттай явагдаж байна аа.

Учир нь бага зулзага бага сургуульд орсноор өглөө 7:30 гэхэд гэрээсээ гарна. Би цуглах газарт нь хүргэж өгөөд ирэхэд 7:45 хавьцаа болно.

Тэгээд том зулзага гарч явна.

Гэртээ ганцаараа үлдэнэ. Шинэхэн шавьтайгаа хичээллэх хуваарьтай бол эрт гарна. Хэрэв тийм хуваарьгүй бол өөрийн үндсэн ажил эхэлтэл ганц цагийн чөлөө гарна гэсэн үг.

Тэр цагаа элдэв жаран чавганцынхаа ажилд зарцуулаад дуусдаг байсныгаа больж ном уншихадаа зарах санаатай. Одоогоор гурав дахь хоногтоо явж байна.

Оршил урт болчихлоо. Хэ хэ.

Энэ удаагийн ном бас л их сонирхолтой ном байна. Япон хэл мэддэг хүмүүс хараад шууд унших сонирхол төрнө гэж бодож байна. Мөхөс миний орчуулгаар "Дэлхийн хэмжээнд ажилладаг хүн болох"? гэдэг гарчигтай.

Зохиогч Тажима Майко нь НҮБ-ын WFP-т ажилладаг япон хүн. 2014 онд хэвлэгдсэн ном байна шүү. Тэгэхээр одоо ажил нь солигдсон ч байж магад.

Ажлын хүрээнд дэлхийн 7 улсад ажиллаж амьдарч байсан. Нийт 60 гаран улсын иргэдтэй
ажлын шугамаар уулзаж учирч байсан.

Уншиж дуусаагүй байгаа ч мартаагүй байгаа дээрээ түүний бичсэн япон хүний давуу зан чанар, талуудыг эндээ бичиж тэмдэглэхээр шийдээд. Тэгэхгүй бол уншиж дуусчихаад бичих гэхээр зарим нэг зүйлийг орхигдуулах гээд байдаг юм.

1. Цагийг маш сайн баримталдаг.

Аливаа уулзалт цуглаан, хурал зэрэг эхлэхийн дор хаяж 10 минутын өмнө ирэх нь хэвийн үзэгдэл, нийгмийн хүний зайлшгүй үүрэг гэж үздэг тал нь дэлхийд гарч ажилладаг япон хүмүүсийн давуу тад болж өгдөг.

Цаг баримталдаг хүнд хүмүүс итгэл үзүүлдэг.

Цаг барьдаггүй орны тухай ганц нэг жишээ дурджээ.

Үүнд би Монголд 2 жил ажилласан шавийнхаа хэлснийг санаад. Монгол ажилчид нь өглөө ч тэр, өдөр цайндаа явихчаад ч тэр хэзээ ч цагтаа цуглаж байгаагүй. Өдөр цайны цагаар яг 13 цагтаа хүрч ирэхэд хэн ч ирээгүй, би дор хаяж 30 минут, тэгээд л 1 цаг, 1 цаг 30 минут хүлээдэг байлаа. Сүүлдээ тэд санаа зовсон уу? яасан? надад түлхүүрээ өгөөд, би ч цагтаа ирээд л өрөөндөө ажлаа хийгээд сууж байдаг байлаа. Тэд ч  над руу яаралгүй цайгаа уучихаад ирдэг байлаа. Гэж тоглоом шоглоом болгож ярих.

2. Ажлаа дуустал нь хариуцлагатай хийж гүйцэтгэдэг.

Яон хүмүүстэй ажиллахад их амар байдаг гэж их сонсдог. Ажлаа хугацаанд нь гаргаж өгдөг. Зарим орны хүмүүст эцсийн хугацаа тэдэнд шүү гээд заачихаад байхад л хээв нэг хэдэн өдрөөр хоцордог. Шалтгаан нь товч бөгөөд тодорхой, өөр ажилтай байгаад амжсангүй.
Мөн дуусгах ёстой ажил нь байсаар байтал тараад явчихдаг, тэгэхэд япончууд ажлаа цаг хугацаанд нь дуусгах гээд илүү цагаар сунаж ажиллаад яс л хугцаандаа амжуулах нь биширмээр.

Хэ хэ. За энэ бас бидэнд ч бий тэ. Урдны ажилдаа монголчуудтай их харьцдаг байхдаа эхэндээ ч гэнэдээд яг л цагийг нь үнэнчээр хэлдэг байсан бол сүүлдээ хашраад ганц нэг өдрийн запастай хэлдэг болж билээ. Мөн цагтаа цуглаарай гэж цаг хэлэхдээ дор хаяж 10 минутын запасатай хэлдэг гэж байгаа. Хэ хэ.

3. Элдэв хэрүүл маргаанаас зайлсхийдэг.

Дуугаа өндөрсгөөд л, өөрийн сэтгэлийн хөдлөлөө дарж чадахаа байх зүйл ажлын байран дээр тэр бүр гаргадаггүй. Өөрийн үзэл бодлоо хэт дөвийлгөн бусдад тулгаад байдаггүй. Элдэв ааш гаргаж цуг ажиллаж буй багийнхаа уур амьсгалыг эвдээд байдаггүй.
Ажил дээр нь хоёр хүн маргалдаад, бараг хэрэлдээд, барьцалдаж авах нь холгүй байсан ч чимээгүй пс-гээ ширтээд, ажилдаа анхаарлаа төвлөрүүлж байгаа мэт дүр үзүүлдэг. Энэ нь нэг ёсондоо хэн нэгнийг нь өмөөрч, байдлыг улам хурцатгах биш, харин ч намжихыг нь хүлээдэгт гол шалтгаан нь байдаг. Мөн нийтийн эрх ашгийг өмнөө тавьдаг.

За энэ чанар өнөөх эдний багаар ажиллах ур чадвар гээч зүйл нь шүү дээ. Эдний ажлын байрны зар дээр багаар ажиллах чадвартай гэдэг заалт байдаггүй, учир нь ихэнхи хүмүүст энэ чадварыг бүр багаас нь суулгасан байдаг.

Гэх мэтээр бичиж. Үргэлжилнэ...

Tuesday, May 16, 2017

Ном ба сайн дурынхан

За энэ тав дугаар сард номоо уншиж дуусгах сарын аян зохиохоор шийдсэн.

Японд уншихгүй байж ном цуглуулж өрж тавьдаг цүндокү гэж хэллэг байдаг юм. Би энэ хэллэгт яг тохироод байна.

Уншиж эхлээ ч үгүй байж монголоос ном захиад, хань ижилдээ загнуулаад байна. Хэ хэ.

Гэрт байгаа номыг болохоор "за яахав, байж л байх юм чинь, номын сангийн номыг л түрүүлж уншиж дуусгах минь." гэж номын сан ороод л, өөрийн мэдэлгүй дахиад л зээлчихээд, гэдэг үйлдэл давтагдаад.

Сая уншиж дуусгасан ном хөөрхөн, гол нь хөнгөхөн. Сайн дурын үйл ажиллагаанд оролцож, өөрийн ертөнцийг харах үзлээ өөрчилсөн таван бүсгүйн тухай. Тухай ч гэж дээ, хувийн амьдралынх нь тухай биш, хэрхэн яаж яваад сайн дурын үйл ажиллагаанд яваад орчихсон? ямар улсад сайн дурын ажилтнаар очсон? тухай нь товч бөгөөд тодорхой хүүрнэн ярилцсан ном.

Бүгд л миний үеийн, ганц нэг эгч, ганц нэг дүү хүүхнүүд. Оюутан байхдаа, цагийн ажил хийж мөнгөө цуглуулаад, гадагшаа явж галуу шувууны мах идэж, юм үзэж нүд тайлах хүсэл мөрөөдөлтэй байсан.

Хүсэлдээ хөтлөгдөн Азийн буурай хөгжилтэй оронд, ганц нэг хөгжинүй оронд очсон.

Аль 2004 онд хэвлэгдсэн ном гэхээр амласан үеийнх. Одоо тэр буурай орнууд нь хөгжөөд, өөрчлөгдсөн байх тэ.

Монгол гэж гарсангүй. Хэ хэ. Иймэрхүү номд эх орны минь тухай гарч уу? гараасай гэж битүүхэндээ хүснэ ээ. Яаж зүгээр байхав.

Үсэгний хэмжээ хэт жижиг биш, үгийн сонголт хүнд биш тул нэг их удаан уншсангүй. Дорхноо л дуусчихлаа.

Хөгжингүй орны оюутан залууст боломж их байх юм тэ. Монголд ч сүүлийн үед манийхтай харьцуулахад асар их боломж байгаад л байх юм тэ. Зөв ашиглаж чадвал.

Тээр жил оюутан байхдаа скаутын нэг цуглаанд сайн дураараа оролцож билээ. Хүүхдийн зуслан ч явж үзээгүй надад маш содон, хөгжөөнтэй, шинэлэг зүйл байж билээ. Тэрүүхэндээ хөөрхөн дурлалын романстай. Хэ хэ.

Галын наадам дээр дурлахдаа гарамгай охидууд дурлалт залуутайгаа бүжиглэх тактик зохиож мохиогоод л. Хэ хэ.

Сүүлийн үед энэ нүүр ном дээр цацагдсэн шиг хагас шалдан охин нэг бандитай учиргүй үнсэлцээд зогсоод байсан шиг, бас хэдэн хөвгүүд согтуу хэрэлдээд байгаа шиг энэ тэр зүйл болдоггүй л байж. Эсвэл би тэрнээс нь хол явсан юм болов уу?

Гэхдээ 8 дугаар ангиа төгсөхөд бас их инээдэмтэй зүйл болж билээ, хааяа бодохоор инээд хүрээд байдаг юм. Та нарт бас тийм хөгтэй зүйл байдаг л биз дээ?

Оюутан залуустаа хандаж хэлэхэд залуу насандаа хөгжиж цэнгэлгүй л яахав? Гол нь зөв, ариун байх. Мөн нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой гэж хэдэн оймс илүү элээж байгаагынх сургааль айлдчихая. Хи хи.

Бүгдэд нь амжилт хүсье...

Sunday, May 14, 2017

Шинэхэн шавь

Гэснээс саяхнаас шинэхэн шавьтай болов. Гэхдээ монгол. Хөөрхөн банди ирсэн байна, эндхийн нэгэн дунд сургуульд.

Тэгсэн дунд сургууль нь хотынхоо боловсролын газартай зөвлөлдөөд, хотын боловсролын газар нь манай ажилтай зөвлөлдөөд, ажил минь надтайгаа зөвлөлдөөд. Би нь багшаар тодров. Хэ хэ.

Угтаа япон багшаар заалгах гэж байснаа эхний хэдэн сар монгол хүнээр заалгасан нь дээр гэдэг шийдэлд хүрсэн бололтой, дээрх хүмүүс.

Тэгээд л би нь гэнэт шинэхэн хөөрхөн шавьтай болчихсон.

Шавьтайгаа очиж уулзав. Багш нар, захиралтай нь уулзав. Дажгүй сайхан хүмүүс байна. Олзуурхав.

Ирэх долоо хоногоос чармайж хичээнэ дээ. Мэддэг зүйлээ чадлынхаа хирээр зааж өгөөд, мэдэхгүй зүйл гарвал хамтдаа суралцаад л явна даа.

Их сургуульд байхад мундаг багш нар минь бас толь бичигтэйгээ явдаг байж билээ. Төгс мэддэг байх хэцүү, мэдэхгүй зүйл багш нарт нь ч бий, шавь та нартайгаа хамтдаа суралцаад явна шүү дээ.

Гэж хэлж байсан нь миний толгойд баттай хадагдаж. Би ч бас уртаашаа өргөөшөө хэдхэн монгол шавьтайгаа бас л ингэж зузаан толь бичгээ тэврээд л хамтдаа хичээллэдэг байлаа.

Эртээд нэг шавийнхаа ээжээс
-Мэдэхгүй ханз болон үгээ шууд утгыг нь хэлэхгүй, толь бичгээс хар... гэж ирээд л заадаг байсных нь ачаар би овоо хэдэн ханзтай болсон шд.
гэж хүү минь хэлсэн. Гэхийг сонсоод ямар их баярласан гээч. Хэ хэ.

Өөрийн багш нарын надад үлдээсэн энэ л аргаараа заагаад явахад нэг их буруудахгүй бололтой гэж урам авав.

Ажлынхантайгаа зөвлөлдөж нэг хөөрхөн номоор хичээлээ заах болов. Шавь багш хоёрт зориулж цоо шинэ ном бэлдэж өгөв. Номын сандаа бүртгэж аваад, удаан хугацаагаар зээлээд л үзэж тарна даа. Хэ хэ.

Хэдэн сарын байдлыг харж байгаад шавь маань тодорхой хэмжээгээр ойлгодог болоод ирэхээр япон багш орж эхлэнэ. Харин би үргэлжлүүлээд заах эсэхийг сайн мэдэхгүй л байна. Миний үндсэн ажлын цаг завыг харж байгаад л шийдэх байх бид бүхэн.

Шавьдаа болон өөртөө амжилт хүсье.

Хойшид үе үе шавь бид хоёр гэдэг бичлэг бичдэг болох нь. Хэ хэ.

Friday, May 12, 2017

Шавиас захидал ирэв

Нэг шавь өвөө маань сайн дурын ажилтнаар Канбож улсыг зорьсон гэж бичиж байсан даа.

Яваад нэлээд хэдэн сар болов. Сардаа нэг удаа захидал ирүүлнэ. Хөөрхөн. Би догдлоод л уншина. Зурагтай бас.

Би тэр бүрт нь хариу өгч чадахгүй ээ. Нэгтгэж байгаад л бөөнддөг гэж байгаа.

Намайгаа марталгүй ингэж захиа занаа өгдөгт нь баярлаад байдаг юм. Миний япон хэлэнд ч хэрэгтэй. Дунд нь мэдэхгүй үг хэллэг, тэр бүр хэрэглээд байдаггүй хэлц энэ тэр байдаг болохоор емайл хаягаа шалгах бүртээ нэр нь байж байвал инээмсэглэл тодруулаад л өдөртөө эрч хүчтэй байдаг болж.

Хөөрхий муу шавь минь надаас захидал хардаг л байх даа. Одооноос дор бүр нь хариуг нь бичиж байна аа. Хэ хэ.

-Чи минь, ажил төрөл, гэр орон, үр хүүхэд гээд завгүй байдаг тул тэр бүр хариу гээд яах вэ?
гэдэг болохоор тэр үгэнд нь би санаа амарчихаад л яваад байна.

Зарим нэг япон хүмүүс ийм сүрхий мундаг байх юм. Хуучны харилцаагаа хүндэтгэж, цаашид ч үргэлжлүүлэх зорилготой байдаг.

Мэдээж дунд нь тэгсгээд хэрэг нь дууссан бол хэсэгтээ чимээгүй байдаг ганц нэг япон хүмүүс бий бий. Энэ олон хүн дунд сайтай муутай зүйл байлгүй л яахав. Би ч манай монголчуудад ихээхэн ажиглагддаг зан болохоор тоохгүй л дээ.

Ер нь манайхны дунд хэрэгтэй үедээ чухам найзаа, хайраа гэх нь холгүй байж байгаад хэрэг нь дуусахаар таг чиг болдог хүмүүс их тэ. Би ч өөрөө заримдаа удаан холбоогүй байсан хүмүүсээ гэнэт санаад асууж лавлах зүйл зөндөө гарна аа. Хэ хэ. Энэ алдаагаа засахыг хичээдэг ээ.

Уучлаарай та нар минь. Сэтгэлдээ бол байнга л та нарыгаа санаастай шүү.

За бүгдэд нь амжилт.

Thursday, May 11, 2017

Анхны үзэсгэлэн

Том зулзага зургийн дугуйланд яваад нэлээд хэдэн жил болж. Энэ жил дүү нь явж эхлээд.

Тэгсэн ороод сар болов уу үгүй юу багш сурагчдын хамтарсан үзэсгэлэн гаргах болчихоод. Бага зулзага нэг зураг дуусгаж амжсан гэсэн.

Багш нь
-Гайхалтай бүтээлүүд болсон, нэрэлхэлгүйгээр зарлаарай, ирээрэй.
-За, гэрээрээ очно оо.

Угаасаа жил бүр л очдог юм. Зарим жил найз нөхдөө дагуулаад л очно. Энэ жил хань ижил өөр хөтөлбөртэй байсан тул гурван бүсгүй л явлаа.

Өө тэр багшийн зурсан бүтээлүүд бол тансаг, тасархай, өөр юу гээд байдаг билээ? Орчин үеийн хэллэгээр.

Их үнэтэй зарагддаг юм билээ. Ирээдүйд хоёр зулзага минь ингэж бүтээлээ зарах болов уу гэсэн шүү юм бодсон шигээ л нүд сэтгэлээ баясгав.

Багшийнх нь хэлснээр нэрэлхэлгүйлгээр нүүр номдоо зарыг нь оруулав. Хөрш айлын эмээ очиж үзсэн байсан. Дараагаар нь ёстой мундаг, ёстой хөөрхөн зурж гэж магтсан.

Одоо манайд хоёр жаазтай зураг өлгөөстэй байна. Урд жилүүдэд туурвисан аниагийх нь бүтээлийг заримыг нь монгол явуулчихсан, сүүлийн хоёр жилийх нь далд хийгээстэй. Өлгөх газаргүй гэх юм уу? Том зулзага өөрөө бас нэг их дуртай биш, өлгөх. Даруухан зан? эсвэл дургүй? альныг нь мэдэхгүй л байна.

Бага зулзага бол их дуртай, минийхийг хаана өлгөх юм бэ? Энд яг таарах юм байна гэж байгаад морин хуурын минь хажууд өлгүүлсэн.

За та нарынхаа мэлмийг мялааж багынхаа бүтээлээс л орууллаа шүү. Том нь загнаад унана, хэхэ.

Хойшид хоёр хүний бүтээл нэмэгдээд явахаар гэрийн хана минь дүүрээд, зарим нэгээс нь монгол руугаа явуулах хэрэг гарах байх даа.

Ямартай ч охиддоо уран бүтээлийн амжилт хүсье. Ээж нь охидынхоо бүтээлийг яаж ийгээд л энд тэндээ өлгөх газар олно оо олно. Бүр болохгүй бол дуудлага худалдаа явуулна аа. Хи хи. Эмээ өвөө нарын дунд л явуулах байх даа? Би ч ойр тойрныхондоо л наймаа хийж баяждаг хүн дээ гэж. Кккк

Tuesday, May 09, 2017

Анхны гэрийн даалгавар

Олон хоногийн амралт дуусч ажил албууд жигдэрч байна.

Бага зулзага анхныхаа гэрийн даалгаврыг авч ирсэн. Их хөөрхөн даалгавар.

Уран  уншлага. Жижигхээн шүлэг өгөөд, түүнийгээ гэрийнхэндээ уран, чанга, үгээ тод хэлж унших гэсэн даалгавар.

Тэрийг нь ээж аав нь дүгнэж, багшийн бэлдэж өгсөн тусгай хүснэгтийг бөглөнө.

Гурван удаа уншиж өгнө. Тооны далгавараа бас ингэж чанга дугаар уншина.

Нэг сонин нь цагаан толгойгоо заагаагүй байж ийм далгавар өгдөг. Бодвол ихэнх хүүхэд уншиж чаддаг байсан байх.

Бас дэвтрээ тараагаагүй л байна. Тусгай тараах материал дээр бичиж ирээд түүнийгээ гэртээ хадгалж байна.

Багшийн тавьдаг дүн нь улаан балын харандаагаар том цэцэг зураад л болоо.

Сургуульдаа дасах гэж л үзэж тарсан улс байх шиг байна. Номын сантайгаа танилцах, захирал багшийн өрөөгөөр орох, багш нарын өрөөгөөр орж үзэх гээд л.

Өө тийм, удахгүй тамирын өдөрлөг нь болно. Түүндээ бэлдэж өдөр бүр тамирын хичээл орж байна. Бага зулзага тамир талдаа жаахан эв дүй муутай ч хичээж байгаа гэсэн. Ер нь хоёр зулзага минь тамирын хичээлдээ нэг их дуртай биш, тэр тал дээр ээжийгээ дуурайсан юм шиг байгаа юм.

Багш нар бол " Өө хүн болгон бүх зүйлдээ сайн байх албагүй, хүнд чинь чадахгүй зүйл байлгүй яахав, санаа зоволтгүй" гэж хэлдэг тул би ч нэг их санаагаа чилээдэггүй л дээ. Хэ хэ.

Шинэхэн ээжүүд минь бас хүүхдээ супер болгох гээд сэтгэл санаагаа чилээв ээ, хамгийн гол нь эрүүл саруул л байх.

Бүгдэд нь амжилт...

Monday, May 08, 2017

Элсэн бүтээл

Алтан долоо хоногоор ирсэн зочинтойгоо үзсэн. Энэ жилийн сэдэв нь Америк.

10 дахь удаагийнх нь гэж байна. Цаг хугацаа ч хурдан юм даа. Анх гадаа ил талбайд болж байлаа. Тэгсэн одоо бүхэл бүтэн байгууламж бариад элсээр жуулчдыг татаад байна.

Жил бүр сэдвээ сольж, нураагаад л эхнээс нь бүтээнэ. Дэлхийн олон орноос барималч? урьж авчраад хийлгэнэ.

Хэзээ нэгэн цагт Монгол гэсэн сэдвээр хийх л байх даа. Хэ хэ. Тэр өдрийг хүртэл эндээ байж байвал ч гуяа алгадаад л үзэхээр гүйх байх даа.
Түүхэнд нэрээ үлдээсэн ерөнхийлөгчид нь. Би ч ганц нэгийг л мэдэх юм билээ. Том зулзага л тэр тэр гээд бүгдийнх нь нэрийг хэлж өгөөд байсан.
 За энэ бас хэн гэсэн билээ дээ.
 Үүнийг нэг юм мэдээд байгаа юм аа. Хэ хэ.
Угтаа Майкл Жорданыгаа байгаасай гэж бодож, горьдож байсан чинь. Уурандаа эртээдээс хойш нэг Жордан пүүз авах уу байх уу? гэж эргэлзээд байсныгаа очиж авдаг ч юм билүү гэж бодоод. Аваагүй л байна л даа. Хэ хэ. Уур гарчихсан чинь хэд хэдэн пүүзтэйгээ санаад.

Зарим нэг жилийн бүтээлийг үзээгүй алгассан байна лээ. Хойшид чадвал жил бүр үзэж байхыг бодно оо. Их ойрхон юм байгаам манайхаас.

Sunday, May 07, 2017

Самар

Энд нэг япон найз маань самарны амтанд орчихсон.

Монгол явж буй хүнд самар л захиастай. Би тэрнээс нь хааяа хүртээстэй. Хи хи.
Бууз чимхэнгээ самраа цөмөөд л. Эх орны минь амт гэж цаанаа л сайхан шүү.

Зун монгол харьж ирэхдээ самар бэлгэнд өгвөл дуртай байж магад шүү. Мэдээж хүн хүнээсээ л болох байх. Залуучууд лав дурлах байх.

Солонгост бас байдаг гэнэ. Гэхдээ цөмчихснийг худалдаалдаг гэнэ. Солонгос хэл бие даан сурдаг ажлын газрын маань найз дурлаад цөмөөд байсан. Ингэж цөмдөг юм уу? Анх удаагаа л харж байна гээд. Мэдээж нэлээдийг дундуур нь тас хазсан. Хэ хэ.

Япон найз нөхдөд чинь санал болгох гэж энэ бичлэгээ бичив. Амжилт хүсье бүгдэд.

Saturday, May 06, 2017

Ёстой хөөрхөн ном

Бага зулзага бид хоёрын ээлжит хөөрхөн ном.

Явуулын номын сан ирээд, бага зулзага өөрийнхөө карт, ээжийнхээ картыг оролцуулаад хориод ном зээлж ирсэн.

Тэгсэн дотор нь энэ ном. Суугуул нутагт минь уртаашаа өргөөшөө хоёр тэмээ байдгийг ч хэлэх үү? Бага зулзага гарчгийг нь хараад л сонгож зээлсэн байх.

Сүүлд ээждээ уншиж өгсөн чинь гарчигнаас нь эхлээд шууд эх оронтой минь холбоотой ном гэж мэдээд, чих тавин чагнав.

Ёстой хөөрхөн ном. Зураач нь ч эчнээ танил монгол бүсгүй. Хэзээ нэгэн өдөр уулзах завшаан гарвал баярлалаа гэж хэлэх юм шүү. Ажил үйлсэд нь амжилт хүсье. Таньж мэддэг хүн байвал уламжлаарай. Үргэлж талархаж явдаг элэг нэгт нь энд байдаг шүү гээд.

Гарчигнаас нь хараад л ойлгомжтой биз? Ингэ хөөслөөд ботго авахуулж байгаа тухай. Яг энэ тухай баримтат кино байдаг даа. Олон жилийн өмнө үзэж байсан юм. Тэмүжин өвөө минь бичиж өгч байсан санаад. Олж бага зулзагатаа үзүүлнэ дээ.

"Говийн дуу" гэдэг ном.

Говь нутагт хэзээ нэгэн цагт очиж үзнэ дээ.

Эндхийн хэсэг эмээ өвөө нар Говь явсан тухайгаа ярьдаг юм заримдаа. Үлэг гүрвэлийн чулуужсан яс зардаг, намайг худалдаж авах гэсэн чинь хажуунаас тэр гуай хуурамч байх аа наадах чинь, жинхэнэ бол ийм хямдхан зарах уу? гэж хэлээд би авахаа больчихсон.

Бас хөтөч орчуулагчтайгаа энэ талаар маргалдаад бараг л муудах дээрээ тулсан.

Хил гаалиар гаргахгүй, шал дэмий мөнгөний гарз болох вий дээ.

Гэх зэргээр хоорондоо шаагилдаж байснаа хууч хөөрнө өө.

Би ч очиж үзээгүй, бас тэр үлэг гүрвэлийн яс зэргийн талаар А ч үгүй хүн чинь одоо дуугай л байхаас яахав тэ. Хи хи.

За нэг иймэрхүү тав дугаар сарыг ч номтойгоо нөхөрлөөд, байгальтайгаа нөхөрлөөд, ажилтайгаа нөхөрлөөд, за ер нь юм юмтай нөхөрлөөд л өнгөрөөнө дөө. Бүгдэд нь амжилт хүсье.

Friday, May 05, 2017

Алтан долоо хоногоор

Японд сурдаг, ажилладаг, амьдардаг хүмүүсийн хүсэн хүлээдэг сарын нэг бол 5 сар аа гэж.

Учир нь нэлээд олон хоног амарчихдаг юм. Үндсэн хуулийн өдөр, хүүхдийн баяр, ногоожуулалтын? өдөр гээд гурван хоног дарааллаж амарна. Хагас бүтэн сайн өдөртэй дарааллан таарвал тав хоног амарна.

Мөн Токиод Хаврын баяр гээч зүйл болно. Бид нэг ч удаа очиж үзэж байгаагүй, хол учраас.
Нүүр номоор дүүрэн хаврын баярын тухай зураг хөрөг. Хурд хамтлаг ирж тоглож, мэдэж байгаагаас. Сүмочдын зураг хөрөг. Хуушуурны зураг хөрөг гээд л тэргүүлж байна.

Бид энэ жил суугуул нутагтаа даруухан л баярлав. Эхний нэг өдөр нь холоос зочид хар үүрээр орж ирээд, харанхуй болов уу үгүй юу дараагийн хүмүүс минь хүлээж байгаа гээд яваад өгөв.

2 дахь өдөр нь гэр зуур, ганц нэг дэлгүүр орж багахаан хэмжээний худалдаа хийв.

3 дахь өдөр нь хань ижил ажилтай, гурван бүсгүй орой ирэх зочноо хүлээж авахаар бэлтгэж өдрийг өнгөрөөв.

Орой нь зочинтойгоо элдвийг хамж шимэн ярьж, ууж идэв. Цагаан архи хууж үзээгүй гэхээр нь амсуулав. Ёстой бүтэхгүй зүйлийн нэг байна, дахиж амсахгүй шүү гэсэн. Хэ хэ.
-Ямар аймар юм уудын бэ? та нар чинь.
-Харин тийм ээ, үүнийгээ мөс зөсөөр шингэлэхгүй хатуугаар нь ууна гээч.
-Би ч шууд үхэх юм байна.
-Би ч үхчих гээд, уудаггүй юм өө, хааяа л ганц нэг амсана.

Ингээд яг амралтын өдөр дуусав аа гэж.

Хагас сайнд буюу өнөөдөр том зулзага дугуйландаа, шинэ багш ирсэн гээд хачин идэвхитэй байгаа.

Хань ижил ажилдаа.

Бага зулзага бидэн хоёр өглөө хүүхэлдэйн кино үзэв. Өдөр төгөлдөр хуураа давтав. Үдээс хойш төгөлдөр хууртаа явав.

Маргааш буюу бүтэн сайнд том зулзага нэгэн ахлах сургууль дээр очиж сургалтанд сууна. Өглөө эрт хүргэж өгөх ажилтай, орой нь тосож авах ажилтай. Мөн өдрийн хоолыг нь хийхэд тусална. Хэ хэ.

Хань ижил ажил дээр нь ирсэн хоёр монгол хүнийг дагуулж газар үзүүлнэ гэсэн.

Багахан зулзага бид хоёр гэрээ сахиад л үлдэх нь. Гэснээс ирэх долоо хоногт бас нэг хөөрхөн мундаг зочин хүлээж авна. Үсний боолт нэхэж тавих минь. Бас аяга угаагч.

Sunday, April 30, 2017

Цэцгийн баяр

Жил бүр 4 сарын өдийд болдог юм. Хотын төв болох нэгэн гудамжныхаа замын хөдөлгөөнийг зогсоож байгаад баяр болно.

Хотод үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд бяцхан хэмжээний лангуу ажиллуулах нь ажиллуулж, урлагийн үзвэр гаргах нь гаргаж, байгууллагаа сурталчлах нь сурталчилна.

Бага зулзага бид хоёр сүүлийн 3 жил дарааллан явж байна. Нэг шалтгаан нь бага зулзагын цэцэрлэгийн найзууд их таарна. Биесээ харж хөөрөөд, тоглож гүйдэг юм. Бас нэг шалтгаан нь үнэгүй цэцэг болон жимсний модны үрсэлгээ, хүүхдүүдэд цэцгийн үр бэлэглэдэг юм.

Бид хоёр цэцэг сайхан ургасан. Харин нэрсний модныхоо үрсэлгээг үхүүлчихсэн. Энэ жил модны үрсэлгээ тараахгүй, дан цэцэг байсан.

Том зулзага, хань ижил хоёр энэ жил бас л ажилтай, албатай байх тул бага зулзага бид хоёр л явав. Гэхдээ бид хоёрыг гарах гэсээр байтал аниа нь тарж ирэх цаг болчихоор нь нэг мөсөн өдрийн хоолоо идчихээд аниагаа хүлээж байгаад цугтаа явлаа.

Далимд нь ойрхон номын санд зээлсэн номоо буцаан өгч, дахин ном зээлж гээд давхар туулай буудсан шиг явяв.
Явуулын үлгэр уншиж өгдөг эмээ байдаг юм. Бага зулзага тэр эмээгийн үлгэрийг чагнаад суучихав. Гэхдээ энэ сууж байгаа охин бага зулзага биш шүү. Жил бүр энэ арга хэмжээгээр үлгэр уншиж өгдөг. Сайн дурынх. Үүнийг бас их таалдаг даа.

Яг ийм тайз гэх юм уу? модон зүйлийг нэгэн байгууллагад хандаж байгаад монголд ганц нэг цэцэрлэгт бэлэглүүлж байлаа. Түүнийг ажилчид нь дуурайлган хийгээд, анги бүртээ нэг нэг ийм тайзтай болж байсан юм. Одоо ч түүнийгээ ашигладаг байх аа. Цэцэрлэгийн багш нарын ажил үйлсэд амжилт хүсье.
За энэ удахгүй 5 сарын 5-нд болох хүүхдийн баяраараа чимэглэдэг мөрөг загас. Хүүхдийн баяр гэж хуулиндаа заасан байдаг ч энэ мөрөг загасны чимэглэл нь эрэгтэй хүүхдийн ирээдүйг сайн сайхан байгаасай гэж бэлэгддэг.

Хөдөлгөөний дутагдалтай надад сайхан алхалт болов. Нэгэн урт гудамжийг бүтэн нэг тойрчихсон гэж бодохоор.

За нэг амралтын өдөр иймэрхүү.

Ирэх долоо хоногт алтан долоо хоног гээд хэд хоног амарна. Бид ямар ч төлөвлөсөн зүйл алга, гэхдээ холоос зочин ирнэ гэсэн. Хоног тоолоостой.