Sunday, July 23, 2017

Шавь минь уу зэ

Ид халаад, шинэхэн ирсэн шавь минь хэцүүдэж байна.

Ямар халуун юм бэ? гэсээр л угтана шүү дээ.

Аргагүй аргагүй, эхний нэг хоёр жил хэцүүднэ. Туршлагатай хүний үг. Яваандаа дасаад, кондешнд даардаг болно, ханиад хүрдэг болно. Хэ хэ.

Хэл ус нь овоо зүгшрэх хандлагатай байгаа. Ичээд, санаа зовоод амнаасаа бага унагадаг байсан япон үг нь нэмэгдээд л байна. Ганц нэг багш нь өгүүлбэрээр ярьдаг болж байгаа гэж хэлсэн.

Урд нь яахав ганц нэгхэн цээжилсэн үгээ ганц ганцаар нь хэлээд байдаг байсан байх нь.

Бассейныхаа хичээлээр сэлж сурч байгаа гэсэн. Огт сэлж чаддаггүй байлаа шүү дээ.

Зуны амралт нь эхлээд, бид хоёр хэсэгтээ уулзаж амжихгүй. Гэхдээ наана нь яаж ийгээд ганц нэг уулзах байх өө.

Өөртөө болон шавьдаа халууныг амжилттай давахыг хүсье ээ.

Wednesday, July 19, 2017

Оройтсон наадам

Оройтсон ч наадмын мэнд ээ.
Энэ жилийн минь наадам жаахан оройтлоо. Ажлын өдөр ч таарсныг хэлэх үү? Юун хуушууртай манатай.

Харин сая хагас бүтэн сайны амралтыг тааруулж бид хөдөө уул яваад. Нэг дэх өдөр нь ч энд далайн өдөр гээд амралт таарсан тул наадмынхаа хуушуурыг хийж идэв.

Хөдөөнийхөө хэдийг бас баярын уур амьсгал оруулаад, сашими буюу түүхий загас магастай наадав. Хэ хэ.

Тэгж байгаад бас бус хүмүүстэй хуушаар хийж идэхээр тохирсон. Тэрнээс наана нэг газар хуушуур, цуйван хийж зарах гэдэг том ажилтай. Энэ талаараа дэлгэрэнгүй бичнэ ээ.

Түр баяртай. Бүгдэд нь халууныг амжилттай даван туулахыг хүсье. Ялангуяа японд байгаа хүмүүст. Айхтар халж байгаам шүү.

Monday, July 17, 2017

Өөрийн паян

Дандаа хүний паян бичдэг, хүний мууд дуртай золиг шүү би.

Энэ удаад өөрийнхөө паянг бичих үү. Инээдтэй, хүнд ч хэлэмгүй л золиг л доо. Гэхдээ яахав, хожим дурсаж суухад хөгжилтэй.
Энэ зураг дээрх гайхлыг авах гэж зогсож байгаад галт тэрэгнээсээ хоцорчихсон. Хэ хэ. Цагаа андуурсан байна лээ. 5-хан минутын хойно гэж андуураад, билетээ шалгуулсан чинь
-Хөдлөх гэж байна шдээ, хурдлаач.
-Болоогүй шдээ.
-Хурдал хурдал.

Гүйгээд гарсан чинь байхгүй ээ, дөнгөж сая хөдөллөө гэдэг юм даа.

Тэгээд л шууд дараагийн арга хэмжээнд орсон. Яаж хурдан харих? Яагаад хурдан харих хэрэгтэй байсан бэ гэхээр нэг мужик хятад найзтай юм. Тэрний маань ээж нь ирчихсэн овоо хэд хоночихсон. Нутаг буцахаасаа өмнө намайг дайлна гээд, бидний цаг боломж тэгж таараад, би галт тэрэгнээс буунгуутаа л тэднийд очихоор төлөвлөсөн байлаа.

Ийм хүндэтгэх шалтгаантай байсан тул одоо яана аа? хоцорчихлоо гэж паанигтаад, гуниглах цаг огтхон ч гараагүй, гаргаагүй гэх юм уу даа. Одоо бодоод байсан чинь бас л сүрхий түргэн шуурхай хөдөлж шүү гэж өөрийгөө үнэлээд байгаа. Ха ха.

Хань ижил шоолоод, хоцорчихоод бас өөрийгөө үнэлээд байдаг гээд. Дээрх гайхлаас болсон гэвэл бүр татаад унах байх даа.

Мэдээж яг товлосон цагтаа бол амжаагүй л дээ. Гэхдээ хамгийн хурдан хүрч болохоор цагт амжсан. Ингэхийн тулд хэд хэдэн дамжлага дамжсан.  Нэмэлт төлбөр төлсөн.

Сургамж: Хойшид дамжин өнгөрөх үедээ ямар ч дуртай зүйл минь байсан хараагүй юм шиг өнгөрөх. Цагаа яг таг сайн харж байх.

Олон дамжлаганыхаа сүүлийн галт тэргэнд явж байхдаа мэдээж өөрийнхөө мангарыг жаал гайхав. Хэ хэ. Гэхдээ нэг хүнээс нэг жижиг ном бэлгэнд авсан байсныгаа уншаад, сэтгэлээр уналт харьцангуй бага.

Дээрээс нь галт тэрэгнээс буунгуутаа л айлд уригдаад, сайхан амттай хоолоор дайлуулсан хүн чинь паянгаа мартах шахсан байна.

Гэснээс гэрийнхнээсээ айгаад дуртай гайхлыгаа ганцаараа бага багаар нь идэж дуусгасан. Хи хи

Saturday, July 15, 2017

Бага зулзагын паян

Багахан зулзага минь ээжийн эзгүйд жаахан паянтай.

Яасан гэхээр? Юм аа их мартаж байсан гэнэ. Тооныхоо хичээлийн нэг картыг олохгүй, надтай яриад л бөөн сүр болов. Би ч ээжийгээ санаад хэцүү байгаа байх гээд, тэр дор нь багш руу нь залгаад сүр болов.

Харилцах дэвтэрт нь бичиж, ээж нь утасдаж, олдохгүй бол ирэх долоо хоногоос очихоороо захиалъя гэж байсан карт нь олдсон.

Хаанаас гээч? Диван дээрх олбогны доороос. Ха ха.

Үүнээс гадна, байсгээд л нэг дэвтрээ мартана, нэг бол номоо мартана. Уг нь аав аниа хоёр нь шалгаад, хэлээд л байдаг гэсэн. Тэгсэн хэрнээ л мартааский.

Ээж гэдэг хүн гэртээ ямар их үүрэгтэйг сая л мэдлээ гэхгүй юу? Манайхан ч мэдэрэхийн дээдээр мэдэрсэн.

Урд нь цөөхөн хоногоор л явдаг байсан хүн энэ удаад хоёр долоо хоногоор алга болчихсон юм чинь аргагүй аргагүй. Хэ хэ.

Оройд манай хэд усандаа орох, эрт унтаж барих гээд л завгүй тул оройд залгаж төвдөлгүй, өглөө эрт залгадаг гэж байгаа. Нойрмог хүн л ээжийгээ санаад байна аа, хурдан уулзмаар байна аа л гэнэ.

Томхон зулзага бол тоож байгаа ч зүйл алга. Дунд нь аавдаа хэд загнуулж, ээждээ холоос утсаар нэг загнуулж авсан. Хэ хэ.

Эцэстээ бага зулзагын юмаа мартдаг нь ээжийн буруу болж таарсан. Ээж ажил ажил гэж гүйгээд, гэрээ мартсан Гэсэр болсон тул гэж айлдсан.

Алдаагаа хүлээн зөвшөөрч байна аа. Хи хи

Тун удахгүй долоо хоногоор шахуу бас явна шд, яадаг юм билээ?

Thursday, July 13, 2017

Байгалийн үзэсгэлэн

Энд тэнд явахадаа байгалийнх нь үзэсгэлэнг бас магтан сайшаахаа мартахгүй ээ. Мөн эх орноороо ингээд нэг сайхан аялах юмсан гэж бодогдоно. Гэхдээ хайртай хүмүүстэйгээ, ажлаар бол дэмий. Сэтгэл санаа тогтож өгдөггүй юм.
Токүшима мужийн Нарүто хот Хёого мужийн Аважи хотын заагт байдаг гүүрэн дээрээс авсан зураг.
Гүүрнээс буугаад онгоцоор явж байх үедээ дарсан зураг. Угтаа эргүүлгийг нь харах гэж байсан боловч дэргэдээсээ сайн харагддаггүй юм билээ. Номхон далай, Сэто дотоод? тэнгис хоёр уулзахаараа ингэж эргүүлэг үүсгэдэг гэсэн.
Хэсэг газар цайраад байна аа даа. Тэр чинь угтаа бол эргүүлэг. Зураг дарах гэхээр л хоцорчихоод байсан. Мэргэжлийн хүн л эгзгийг нь тааруулж дарах байх.

Мөн энэ эргүүлэг нь цаг нартай үзэгдэнэ. Цагийг нь тааруулж очихгүй бол харж чадахгүй.

Буянтай хүмүүсийн буянаар үзэх юмсан гэж бодож байсан газраа үзлээ. Энэ жилийн үзэх ёстой шинэ газрын минь нэг. Далай багшийнхаа сургаалийг биелүүлж байгаа юм л даа амьхандаа. Хэ хэ.

Ажил минь харин ид дундаа явж байсан үе. Үүнийг үзчихээд 2 хэсэгт хуваагдаад, би өөр муж руу хүмүүсээ аваад явсан даа.

Очсон газрынхаа сонинг дараагийн бичлэгт.

Wednesday, July 12, 2017

Амттанд нугасгүй ээ гэж

Явсан газрынхаа амттангаас бас сонирхоод амжиж байна өө өнөөх чинь.
Энэ Starbucks coffee гайхлын амттан. Цаг их орой байсан тул коофий уусангүй. Хаах цаг нь болчихоод, хөөгдөж гараад, буудалдаа ирж үргэлжлүүлсэн гэж байгаа, буу халалтаа. Маргаашийн ажил хальт толгойд бодогдоостой. Хи хи
За энэ  бол Эхимэ гэдэг мужийн томоохон худалдааны төвд. Шикокү гэдэг бүсдээ хамгийн томд ордог гэсэн. Нээрээ л их том юм билээ. Дан хүүхнүүд явж байсныг хэлэх үү,  нэг иймэрхүү амттангаар өөрсдийгөө дайлж аваад, тал тал тийшээ бутраад алга болсон.

Би ганц нэг хүүхнүүдийг нь бараадаад явж байснаа тэд нарыгаа ч алдаад, бага зулзагатаа бэлэг болгож хоёр гага л авах шив дээ. Ажлын нэг хэсэг болохоор юун худалдаа мудалдаа. Бас л маргаашийнхаа ажлыг бодон бодон явав.
Энэ дээрх амттаныг идэхээр суухад ширээн дээр байсан элсэн чихэр. Савлагаа нь хөөрхөн санагдаад зургийг нь дарсан. Түүнээс би элсэн чихэр иддэггүй юм. Идэхээ болиод удаж байна өө. Харин хоолонд, элдэв амттанд хольчихсоныг бол идчихэж байна гэсэн үг.

Аминдаа элсэн чихэрний орцгүй зүйлийг л худалдаж авах сонирхолтой ч, тиймэрхүү зүйл ер нь л ховор шүү.

Толгойгоо хааяа ингэж цэнэглэхэд яахав даа тэ. Хи хи. Бүгдэд нь амжилт хүсье.

Санажээ блог оо

Их идэвхитэй бичдэг хүн алга болсонд гайхав уу та хэд минь.

Нэгэн ажлаар өөр мужид явж байгаад ирлээ. Их ч юм үзлээ, их ч зүйл сурлаа. Өөрийгөө ч голдгоороо голлоо. Хойшид хичээнэ ээ гэж боддогоороо л бодлоо. Хэ хэ.

Явсан газрынхаа ганц нэг сонин сайхангаас дуулган зураг оруулж байна.
За энэ Токүшима мужийн буюу аймгийн Бизан гэдэг ууланд байдаг хайрын баталгааг илэрхийлсэн самбар. Хосууд ирж хайр сэтгэлээ бат бөх байгаасай гэж ингэж түгжээ зүүнэ. Монголоор бичсэн байгаа биз?

Учир нь одоо бяраараа ид гайхуулж буй Хакүхо аваргын гэргий нь энэ нутгийн хүн бөлгөө. 69 дэх аварга Хакүхо Шёо-Саёко гэж бичээстэй. Мөн цоож нь ч хадаастай байдаг юм билээ.
Уулын орой дээрээс нэг хотын өнгө төрх нэг иймэрхүү. Суугуул нутгийнхаа гэрээ санасан шигээ л алсын бараа ширтэж зогсов.

Энэ ууланд хоёр дахиа гарч байна. Урд нь найзындаа зочилж ирэхдээ нэг гараад бас л иймэрхүү зураг хөрөг оруулж байсан байх.
Найзууддаа эрхэлж дайлуулсан нутгийн хоол. Манайхны хэлдгээр рамён. Эндхийн хэллэгээр раамэн. Хажууд нь шарсан будаа, шарсан банш.
Ээжийг ажилтай гадуур гүйж байхад хөршийн хэдэн эмээ нар манай хэдийг эргэж тойрч, нэг эмээ нь карэ буюу карри өгсөн байсан. Гэрийнхний минь цагийг их л хэмнэж өгч байгаа юм.

Үргэлжилнэ...

Wednesday, July 05, 2017

Гэрээсээ хол

Ажлаар гэрээсээ хол явна өө.

Би ажилдаа гялалзаад л, гэрийнхэн тэнд албандаа бажигадаад л.

Хөгтэй, хөгжилтэй, баярламаар, уйлмаар, гомдмоор зүйл их болж байна дөө.

Эхнээс нь дурдвал ээжийг эзгүйд хамгийн их санаж, бэтгэрч, яг л одоо уулзмаар байна гэж нулимс цийлэгнүүлж ирээд л уяраадаг хүн нэг байна. Мэдээж бага зулзага.

Ээжийгээ эзгүйд эд хэцүүдэж байгаа гээд, хоол бэлдчихээд, ирж аваарай гэж утасддаг ганц нэг хүн байна. Мэдээж хөршийн хэдэн хөгшчүүл.

Жаахан уур хүргээд, очиж байгаад чамайг даа гэсэн нэг хүн байна. Мэдээж том зулзага.

Эзгүйд минь гадаа гарч эр, дотор орж эм болж байгаа нэг хүн байна. Мэдээж хань ижил. Хааяа нэг залгаж сонин сайхангаа ярилцаад, охидынхоо тухай хов зөөгөөд л. Хэ хэ.

Юм чаддагүйдээ, юм сураагүйдээ, залхуурдагтаа, шалтаг тоочдогтоо гомдож, уйлмаар болж байгаа нэг хүн байна. Мэдээж би өөрөө. Буянтай хүмүүсийн ачаар их л зүйл сурч, үзэж харж, олон сайхан хүнтэй танилцаж, идэж ууж байна.

Энэ тухайгаа суугуул нутагтаа харьж байгаад ганц нэгээр нь бичнэ ээ. Зураг хөрөг оруулаад л. Тэвчээртэй хүлээгээрэй.

Сэтгэл догдлуулдаг наадмын хуушуур бүхий шинэ сар эхэлчихлээ. Бүгдэд нь амжилт хүсье ээ. Мөн өөртөө ч амжилт.

Tuesday, July 04, 2017

Нэрс түүсэн нь

Бага зулзага бид хоёрын ээлжит жимс түүлт. Энэ жил хоёр дахь удаагийнх. Өнгөрдөг жил түүж идээд. Илүү гарсныгаа худалдаж авна.

Гүзээлзгэнийг бодвол жижиг юм болохоор овоо идүүлнэ. Хэ хэ. Худалдаж авахад ч урамтай, их ирнэ. Ккк.

Хөлдөөгөөд, үе үе бусад жимс энэ тэртэй хольж идэхэд зүгээр байдаг юм. Удаан ч хадгална.

Бид үе үе банана хөлдөөж байгаад дараа нь тэрийгээ тусгай төхөөрөмжөөр машиндаад зайрмаг? хийж иддэг юм. Тэрэндээ хөлдөөсөн нэрсээ хольж машиндана. Амт гэж сайхан ч бага зулзага, хань ижил хоёр тийм ч дуртай биш. Жаахныг л иднэ.

Илчлэг ихтэй, таргалчихна гэж айгаад байнга хийж иддэггүй л болохоос. Хэ хэ.

Би нээрээ дэлгүүрийн зайрмагнаас татгалзаад овоо хэдэн сар болж байна. Ганц зайрмаг ч биш ер нь л амттан шимттэнгээс жаахан зайгаа авах гээд хичээж л байна. Нэг хэсэг чинь байнга л хэвээстэй байлаа. Одоо бол хааяа нэг хэвдэг болсон.

Өөртөө амжилт, мөн та нартаа ч амжилт хүсье.

Зураг хөрөг аваагүй байна. Мөн ажлаар өөр газар яваа тул, ингэж бичээд хадгалж орхисныгоо тэр чигт нь оруулчихлаа. Түүх болж үлдэж учир. Удахгүй сонин ихтэй бичлэг шахна аа. Түр баяртай.