Saturday, September 30, 2017

Ахлах сургуульд орох бэлтгэл

За том зулзагын ахлах сургуульд орох бэлтгэл ажлын тухай бичнэ ээ, амласан ёсоороо.

Дунд сургуулийн 3-р анги буюу манайхаар 9-р ангид ороход нь ерөнхийдөө ахлах сургуульд элсэн орох тухай яригдаад эхлэнэ. 8 сарын дундуур зохиогддог элдэв уралдаан тэмцээн дуусангуут 9-р ангийнхны дугуйлан секц дуусна.

7 сард хэд хэдэн ахлах сургуулийн нээлттэй өдөр гэж болсон. Сурагчид найз нөхдөөрөө яваад үзэж танилцдаг юм билээ. Эцэг эх нь ажлынхаа зав зайгаар бас очиж танилцана.

Би монгол явах жил гэх мэт давхцаад нэг л ахлах сургуулийн нээлттэй өдөрт очсон. Тэр нь миний явуулах гээд байгаа ахлах сургууль. Улсынх, гэртэй хамгийн ойрхон нь гэдэг шалтгаанаар. Хэ хэ.

Тэр нь аз таарч улсын сургууль дотроо хамгийн нэр хүндтэй, сургалтын чанар сайтай нь болж таарсан.

Том зулзага харин эсрэгээрээ, хичээл хичээл гээд ямар ч дурсамжгүй 10 жилээ үдэх онцгүй шдээ, дараагийн 2-т жагсдаг нь хөгжилтэй, дурсамжтай байдаг гэсэн. Гээд л байгаа. Тэр 2-т жагсдаг нь жаахан зайтай, дугуйгаар явна.

Тийм болохоор эцэг эх л болсон хойно санаа зовоод байгаа юм. Заримдаа энд чинь айхтар айхтар автын осол их гарна. Мөн зүрх шимширмээр гэмт хэрэг ч гарна. Охин хүүхдийг сайн хянаж байхгүй бол гэж бодоод...

Сая өнгөрдөг пүрэв, баасан гарагт сургууль дээр нь хотын бүх ахлах сургуулийн нэг нэг багш нар ирж сургуулиа танилцуулсан. Би баасан гарагт нь үдээс өмнө ажлаасаа чөлөө авч байгаад л очиж сонссон.

Өөр өөрсдийн сургуулийнхаа давуу тал, онцлог чанар, зорилго, их дээд сургуульд дэвшин суралцагсдын хувь гэх мэт зүйлийг товч танилцуулаад, танилцуулгаа тарааж өгдөг юм байна.

Нэг улсын, нэг хувийн сургуульд шалгалт өгөх эрхтэй. Хувийн сургуульд 2 сургуулийг тоочиглочихсон байгаа. Гэм нь төлбөр өндөр юм.

Ээж болохоор их дээд сургуульд тэртэй тэргүй аятайхан сургууль сонгоод, биднээс хол суралцах тул зардал их гарна, тийм болохоор 10 жилээ улсын сургуульд түмний олон хүүхэдтэй суралц гэсэн зарчимтай л байна.

Ямар ч байсан дунд сургуулиас нь албан ёсоор явуулдаг арга хэмжээ нь одоогоор иймэрхүү. Яваандаа багш сурагч эцэг эх хоорондын ярилцлага энэ тэр гээд л болдог гэсэн. Цаг тухайн үед нь бичээд явна аа.

Том зулзагатаа болон өөртөө амжилт.

Ажуруг

Уншиж дуусгав. Сонирхолтой л байлаа.

Дээхэн үеийн монгол нэрс бас л хэл ам сугалчих гээд байх юм аа тэ. Их сонин сонин нэр гарав.

Орчин үед чинь сонин содон нэр түгээмэл болсныг ч хэлэх үү? Дараа маамаалбал энэ нэр ямар бол гэж бодож үзэж ч байх шиг. Хэ хэ.

Роман юм болохоороо бас дуртай хайр дурлал минь гараад, хальт өөрийгөө голд дүрд оруулан уншлаа шд. Хи хи.

Хаад ямар ч олон хатан буулгадаг юм, ямар ч олон хүүхэдтэй болдог юм. Заримдаа өмнөөс нь санаа зовж энэ тэр. Яаж өсгөнө өө, тэжээнэ ээ гэж. Ха ха.

Нэг бодлын тэр их дайн тулаанд нэг хүү нь амиа алдахад дараагийнх нь үлдэх тул олон хүүхэдтэй байхаас өөр аргагүй. Нөгөө талаас тэр олон хөвгүүд нь бүгд л хаан ширээнд суучих санаатай өөр хоорондоо тэрсэлдээд байх нь бас үнэн шаналгаатай юм.

Ойрд хатдын тухай ном уншаад байгааг хэлэх үү, явж явж өнөөгийн моодонд ороод байгаа "Амжилттай яваа эр хүний ард мундаг бүсгүй хүн байдаг" гэдэг л яг таг таараад байх шиг.

Ихэнх хатад, хунтайж, ноёд, түшмэдүүд бүгд л хатан байна уу? гүнж байна уу? татвар эм байна уу? шивэгчин байна уу? ямар нэгэн бүсгүйн ятгалаг, арга мэх, овжин залинд автахдаа ч амархан байж.

1260 онд төрсөн. Чингис хааны 5 дахь үеийн удам. Хайду хааны ганц охин. Мөн хурдан морь унахдаа эрэмгий, нум сум харвахдаа ч гарамгай байсан гэнэ.

Бүсгүйчүүд бид ч бас л элдэвтэй хүмүүс юм тийм үү? Ккк. Хатан ухаанаа байг гэхэд гэргий ухаан гаргаад л явах юм шүү. Өөртөө ч, мөн та нартаа ч амжилт хүсье өө.

Мөн Францын эрдэмтэн Франсуа Питис де Ла Крой гээч хүний шилдэг бүтээлийнх нь нэг нь Хотулан гүнжийн тухай түүхээс санаа аван бичсэн Турандот гэдэг зохиол байдаг гэнэ. Франц хэлтэй хүмүүс уншихыг бодоорой.

Tuesday, September 26, 2017

Торхтой цэцэг

Хэд хоног зочидтой байлаа. Хамтдаа улаан дарсны үйлдвэр орсон. Жижигхээн хөөрхөн газар.

Өөрийн муждаа тариалсан усан үзмээрээ улаан цагаан вино хийнэ.

Бид жаахан оройтож очсон тул хэрхэн ямар шат дараалалтайгаар дарс гардаг тухай танилцаж чадаагүй. Гол зорилго маань вино хэрхэн бүтдэг тухай мэдэх биш, амталгаа хийх л байсан юм шиг байгаа юм. Ха ха.

Хажуугийнх нь дэлгүүрт орж амталгаа хийсэн. Томчууд бид хэд хэдэн төрлийн дарс амтлав. Багачууд жүүс уусан. Хань ижил жолоо барьсан тул бас жүүс уув.
Дарсны торхонд тарьсан цэцэг. Хөөрхөн санагдаад зураг дарав.
Сүүлийн үед юунд ч хамаагүй л цэцэг ногоо тарьдаг болж тэ. Өвөрмөц санагдсан болгоныхоо зургийг дардаг болсон гэж.
Торх биш ч гэсэн цэцэг нь нүд баясгаад.
Нас ахиад ач гучаа тойруулахаараа цэцэг тарьна л гэчихсэн байгаа. Хэ хэ.

Тийм болохоор эдгээр зурагнууд минь санаа оноо өгөх байх тэ. Гэснээс бас эмээ болтлоо л блогоо бичнэ гэж бодож байгаа. Амжилт хүсээрэй манайхаан. Хи хи.

Monday, September 25, 2017

Гонсгор

Токиогийн метронд суув аа. Араас нэг залуу, хоёр охин орж ирэв ээ.

Монголоор ярьж байна аа. Монгол хүмүүс байна аа.

Би чинь хөдөөний хүн, тэр түм түжигнэж бум бужигнасан газар элэг нэгт хүмүүсээ олж хараад, дээрээс нь бүр нэг метронд суусандаа жаахан хөөрөөд мэнд мэдэв ээ.

-Сайн байцгаана уу?
-Сайн.
-Монголоор ярихаар чинь, мэнд мэдье гээд л
-...

Ингээд л болоо.

Аминдаа сайхан эх хэлээрээ ойр зуурын яриа өрнүүлье гэж бодсон юм. Тэгсэн бүгд л ухаалаг утсаа маажаад намайг тоохгүй юм билээ.

Хөдөөний би сэтгэл гонсгор буцлаа шд. Яг буцаж явахдаа тааралдсаныг ч хэлэх үү?

Харин онгоцондоо монгол ном уншаад сэтгэл санаа минь гайгүй тайвширсаан. Улаан дарс аваад уучихъя гэж бодсоноо машинаар гэртээ харихаа санаад, даруухан гэгчээр алимны жүүс л уув. Хэ хэ.

Хот газрын та нар наад хөндий хүйтэн ааш зангаа эргэж нэг хараарай. Мэдэв үү?

Гэснээс би Улаанбаатарт төрж өссөн хөөн. Бас л ийм зан гаргадаг байсан байх даа, хи хи. Дутагдлаа засаад явчихна аа.

Бүгдэд нь шинэ долоо хоногийн мэнд хүргэе, бас амжилт хүсье.

Thursday, September 21, 2017

Лийр

Суугуул нутгийн нэрийн бүтээгдэхүүн.
Зарим жилдээ ганц нэг найз нөхөд, ганц нэг япон хүнд явуулдаг юм. Жил бүр чадахгүй л дээ.

Маш сайхан шүүслэг, амттай. Явуулсан найз нөхөд амттайг нь шагшин магтдаг юм. Манайд 9 сард айлчлан ирвэл энэ жимсээр дайлна шүү.
Ийм модонд ургадаг. Явцын дунд ингэж ууталдаг. Яг хэдийд ууталдагийг нь мартчихаж. Идэхээ л урьтал болгочихоод байдаг энэ занг уу?

Тухайн улиралдаа хурааж авдаг ногоо, жимс идэх нь их сайн гэсэн байсан.

Жишээ нь өвөл улаан лооль, өргөст хэмх зэрэг ногоог идэх гээд хүчлээд хэрэггүй гэсэн.

Харин оронд нь амтат төмс, алим, мандарин гээд л идэх хэрэгтэй гэсэн шүү.

Зургийг нет гуайгаас зээлэв. Үргэлж элдэв мэдээ мэдээлэл, зураг хөргөөр хангадаг нет гауйдаа талархаж байна өө.

Wednesday, September 20, 2017

Усан үзэм

Жил бүрийн өдийд иддэг юм. Жил хүлээж байгаад л иднэ. Дэлгүүрээс бараг авахгүй. Учир нь уулын хэдийнхээ тарьсан жимсийг идсээр байгаад худадааны жимс идэхээр амтгүй санагддаг болсон байна лээ.
Бас сүүлийн үед улаан дарсанд ороод байгаа. Хэхэ. Ээж аавд минь нууц шүү. Охин нь улаан виночин болж гэж сонсвол санаа нь зовно. Хи хи.

Угтаа бол бие хаанд их сайн гэсэн тийм ээ. Тэгж бодоод л хааяа нэг уух боломж гарвал л винодож байна дөө гэж.

Монголд бас намайгаа эрхлүүлж винодноо гэчихсэн найзууд минь хүлээгээстэй байгаа. Виногоо хадгалаад л байж байгаарай. Удаан хадгалах сайн гээ биз дээ? Хэ хэ

Гэснээс сая хагас сайнд нэг хөөрхөн дүү найз ирээд, бид хар усан борооноор гарч хооллочихоод, харьж ирээд винодсон. Охид шаагилдсан. Бас нэг зугаатай, дурсамжтай өдөр байлаа.

Бүгдэд нь архиан бага ууж, айраг, виногоо сайн уугаарай гэж айлдав...

Tuesday, September 19, 2017

Зугаатай амралт

Долоо хоног маш хурдан өнгөрөх юм. Нэг мэдсэн даваа, нэг мэдсэн бүтэн сайн.

Өнгөрдөг бүтэн сайнд охидын төгөлдөр хуурын тайлан болов.

Том зулзага ч яахав төгөлдөр хуурт дурласан тул, хэлүүлэлтгүй давтаад явсан. 8 настайгаасаа эхлэн суралцаад, багштайгаа учраа ололцохгүй дуртай дургүй явж байснаа дундаас нь 3 жил завсарлаад, энэ 4 сараас дахин эхэлсэн юм. Одоо бол их дуртай, идэвхитэй, сэтгэлээсээ дарж байна.

За бага зулзага. 5 настайгаасаа эхэлсэн. 2 дахь удаагийнх нь тайлан. Давтаачээ гэж их л үглүүлсэн. Одоохондоо төгөлдөр хуурандаа дурлаагүй л байна. Хэ хэ.

За тэгээд бүтэн сайн өдөр ч боллоо. Өглөө эрт тайзан дээрээ гарч сургуульлалт хийлээ. Том төгөлдөр хуур цаанаа л өөр юм аа. Баяжихаараа авна аа л гэчихсэн байгаа. Шинэ мөрөөдөлтэй болсон. Хи хи.

Бага зулзагын дугаар 2-т. Өглөөний сургуульлалт дажгүй байсан хүн чинь жинхэнэ дээрээ алдчихсан. Өөрөө түүндээ нэлээд эмзэглэсэн. Ээж нэг их тоохгүй байгаа. Харин ч өөрт нь том сургамж болсон байх. Сайн давтахгүй бол ингэж олны өмнө шараа болдог юм байна гэж ойлгосон байх аа.

Гонсойлт хэдхээн цаг л үргэлжилсэн. Хүүхэд л болсон хойно, мартчихсан инээж ханиагаад л гүйж явна лээ.

Том зулзага маш сайн байсан. Бага, дунд сургуулийн насныхны хамгийн сүүлд тоглосон. Түүний дараагаар завсарлага таарсан.

Хүн болгон л аниа яасан мундаг юм бэ гэж магтсан. Манай хүн өөрөө, сандраад хөл нь чичрээд байсан гэсэн.
Тарахад нь өгдөг бэлэг. Хөгжмийн дэлгүүрээс авчихдаг юм билээ. Тэр цаана харагдаж байгаа хавтас их хөөрхөн. Ээж жаахан шуналтаж харж зогссон. Хэ хэ.

Энд хоорондоо алчуур их өгч авалцана. Гараа хаа ч явсан угааж байдаг улс тул их хэрэг болдог юм билээ. Би авч гарахаа мартчихаад л байдаг юм.

Monday, September 18, 2017

9 шид нь бүрдсэн...

Ойрд суугуул нутаг минь 9 шид нь бүрдээд байна аа. Ойрд гэлтгүй л шидтэй орон юм аа.

Хойд Солонгост нэг л дөнгүүлчих гээд л, хар салхи нь авч хийсгэчих гээд л, усан бороо нь нэвт шувт норгочих гээд л.

Зурагт тэр бүр үзэхгүй байгаа тул заримдаа чухал чухал мэдээнээс хоцорсгээд л явж байна.

Гэснээс зурагтаа засуулах гээд өгчихсөн. Шинээр авахгүй шүү. Хэмнэнэ шүү.

Иймэрхүү цаг агаар муу үед бага дунд сургууль, мужийн харъяа байгууллагуудаас зохиох арга хэмжээ зогсоно. Томоотой хичээл номоо хийгээд гэр орондоо байгаарай гэж анхааруулна.

Гол ус, далайн эрэг рүү зүглэх хэрэггүй шүү гэж анхааруулна.

Би ч энэ мэт анхааруулга үгийг маш сайн сонсож, биелүүлнэ. Хэ хэ. Аминдаа хайртай гэж юүхэв.

Бороо шаагихаар банштай цай санаанд орно. Багадаа бороотой өдрүүдэд уудаг байсан банштай цай.

Ойрд монгол хоол хийж идсэнгүй. Тэгээд ахмадуудын өдрөөр борцтой тасалсан гурилтай лавшаа хийж идэв. Гуалигмаа болох зорилготой хүн чинь нэмж идэж энэ тэр...

Хамгийн сайхан нь сэрүү ороод, амьсгаа авахтайгаа болж байна. Эсрэгээрээ даараад эхэлсэн. Зузаан хувцсаа гаргаж ирье дөө.

9 шид гэснээс Ид шидийн орон нээлтээ хийчихлээ. Охидынхоо багадаа уншиж байсан номноос ганц нэгийг хандивлана гээд бодоод яваа. Одоогийн миний чадал л тэр байна даа. Маш өчүүхэн ч гэсэн хувь юм даа. Дуслыг хураавал далай...

Умшигч олондоо амжилт хүсье.

Friday, September 15, 2017

Хөршийн холбоо

Хөршийн холбоо гэж бас л айхтар эд шүү тийм ээ.

Багадаа хажуу айлынхаа ах эгчтэй бас л мундаг хөршүүд байлаа. Одоо ч сайхан холбоотой байдаг даа. Даалууддаг байлаа, хөзөрддөг байлаа, шагай нясладаг байлаа.

Хамгийн сайхан нь зовлон жаргалаа хуваалцдаг байлаа. Өсвөр насны бидэнд үе үе хуйвалдаж тусалдаг байлаа. Мөнгө зээлдэг байлаа. Хэ хэ.

Зунжингаа өөрсдийн тарьсан тарвасаа барьж гүйсэн нэгэн хөрш байна. Ганц тарвас ч биш, бас бус ногоо, өөрөө хийсэн гээд мисо гэх мэт өгнө.

Зарим өглөө үүдэнд сэмээрхэн үлдээгээд явчихсан байдаг юм. Хэ хэ
Уржигдар нэгэн ийм кекс хийж өгсөн. Хулуутай. Их гоё зөөлөн. Зөгийн балтай идсэн чинь янзтай.

Зүсэж биш тасдаж идсэн. Хэ хэ.

Том зулзага бид хоёр сармистай мисо-нд нь дуртай. Цагаан будаатай идэхэд амт гэж салахын аргагүй.

Боддог юм, гадаад болохоор минь элдэв зүйл бариад л гүйдэг байх гэж. Түүнээс эд хоорондоо тэгж их хөршийн холбоогоор гагнагдаад сүйд болдоггүй шиг.

Хот газраар бол заримдаа ч хэцүү зүйл их сонсогддог юм. Хүн ихтэй, стресс ихтэй болохоороо тэгдэг байх. Ер нь хэт их хөгжил хүмүүсийг эвддэг юм байна гэж дүгнээд байгаа.

Хөдөө амьдардагтаа баярланам...

Thursday, September 14, 2017

Номын даллагатай зун, намар

Энэ зун бишээ хавраас эхэлсэн юм байна, миний номын даллага. Одоо намартайгаа золгож байна даа.
Хайртай ааваас минь ирсэн ном.
Хань ижил МИАТ дээрээс авсан ном.

Арай өөр зүйл захьсан боловч мартааский байсан. Гэрээс гараад л биднийгээ мартлаа гэж жаахан бангадуулсан хөөрхий минь. Хи хи
Үеэл нь том зулзагат минь өгсөн ном.

Бас нэг ном бий, энд оруулах гэснээ болилоо. Хэ хэ.

Хадам ээж хүүдээ нэг бөхийн тухай ном өгсөн байсан. Нэг их сонирхдоггүй болохоороо зургийг нь аваагүй байна.

Удахгүй бүгдийг нь уншаад мундаг тэмдэглэл орууламз. Хэ хэ.

Ойрдоо уншиж амжилгүй тавиур дээрээ өрөөд л тавиад байгаа. Их кайфтай байгаа. Хи хи. Завтай үедөө бөөндөнө дөө.

Бүгдэд нь амжилт хүсье.

Wednesday, September 13, 2017

Хүүхдийн зуслан дахь ажил

Багадаа хүүхдийн зуслан явж байгаагүй хөөн би.

Оюутан болсон хойноо нэг явж байсан. Сайн дурын ажлаар. 10 жилийн жаахан хүүхдүүдтэй хөгжилтэй, зугаатай, сонирхолтой байж билээ.

Хөөрхөн хөөрхөн үйл явдал болдог юм билээ шд. Дурлал мурлал өрнөөд л. Хэ хэ.

Сүүлийн үед бас сэтгэл сэрдхийлгэсэн зүйл сонсогдохоор санаа зовдог юм. Хэт задгай, хэт танхай, хэт дэврүүн, хэт давлиун, хүмүүжилгүй хүүхэд багачууд олшроод байна уу даа л гэж бодох юм.

За энэ оршил ч яахав. Сая өнгөрдөг хагас бүтэн сайнд манайхаар бол хүүхдийн зуслан маягийн газар очиж сайн дурын ажил хийв. Сайн дурынх ч гэж дээ, хальт цалинтай л даа. Хи хи

Анх удаагаа ээж ааваасаа хол, гэрээсээ өөр газар, таньж мэдэхгүй үеийн хүүхдүүдтэй тоглож, нөхөрлөж цагийг өнгөрөөх гэж ирсэн, бага сургуулийн 3 болон 4 дүгээр ангийн сурагчид.

Эхэндээ жаахан бишүүрхэж байсан ч зуслангийн багш, ажилчдын хүчин чармайлтаар дорхноо л нүүр хагарсан.

Энэ удаагийн нэг гол зорилго бол гадаад хүмүүстэй танилцах, англи хэлээр ойр зуур харилцдаг болох.

Би ч англи хэлтэй хүмүүсийн хажууд А ч үгүй л дээ. Гэхдээ эндхийн бага сургуулийн 3, 4 дүгээр ангийн сурагчдын хажууд А-тайгаа. Хэ хэ.

2 канад, 2 америк хүн байсан. Тэдний яриаг сонсож тархиндаа жаал цочроо өгөв. Дундаас нь ганц нэгхэн л мэддэг үгээ олж сонсов. Ха ха.

Нэг хэсэг их идэвхитэй үг цээжилдэг байсан бол сүүлийн үед байдаггүй ээ. Элдэв л шалтаг тоочиж байна. Энд дурдаад ч яахав. Ичиг ичиг.
Сайхан байгаль дунд оршдог юм гэсэндээ, шийдлүүд нь хөөрхөн.
Ажилчдын оффис өрөөний хаяг. Хөөрхөн санагдаад өөрийн эрхгүй зураг авсан.
Хоёр дахь өдөр гадаа бүлэгт хуваагдаж байгаад хийж идсэн пицца. Амт дажгүй байсан..

Эхний өдөр нь гадаад хүмүүстэйгээ англи дуу дуулж, хөгжөөнт тоглоом тоглож, уул хадаар зугаалж өнжсөн.

Орой нь улсаа танилцуулсан. Нэг зүйл мэдэж авсан нь энэ Канад улс чинь 150 л насалж байгаа залуухан улс байна шд. Нэг канад залуу би монгол найзтай, Улаанбаатарынх гэж хэлсэн. Нөгөө нэг канад нь очихыг хүсдэг мөрөөдлийн орон минь Монгол. Гэм нь билет үнэтэй байна аа, түр хүлээхээр шийдээд одоо удаж байна гэсэн.

Өө билетний хувьд бид ч эх орондоо харьчихаад ирэхээ хойшлуулсаар овоо хэдэн жил болчихоод л байна гэлээ.

Том зулзагынхаа тамирын өдөрлөгт очих ажлаа таслан, улсаа танилцуулсан ажил минь амжилттай өндөрлөө. Овоо хэдэн хүмүүс эх орны минь тухай мэдээлэлтэй болж, очих юмсан гэдэг хүсэл тээсэн бол болох нь тэр дээ.

Tuesday, September 12, 2017

Дунд сургууль дахь сүүлчийн тамирын өдөрлөг

Хагас сайнд болж өндөрлөв.

Аав ажилтай, ээж бас хэнхэгээрээ ажилтай. Том зулзага ганцаараа л явав.

Ээж нь гэхдээ сэтгэл санаа охинтойгоо цуг байсан шүү.

Хажуугийн мужид, хоногоор ажилтай явсан тул хий дэмий л санаа зовохоос цаашгүй л байлаа.

Амжилттай болж өндөрлөсөн гэнэ. Баг нь хожигдсон гэсэн. Угаасаа ч том зулзага тамирын хичээл талдаа гоц гойд биш л дээ. Мэдээж тэр том сургуулиа тойроод гүйлгэхэд нь гүйнэ. Бассейныхаа хичээлд орчихно.

Эндхийн бага, дунд сургуулийн тамирын хичээл их сайн орно. Ямар сайндаа монголд байхдаа тамирын хичээлдээ дуртай байсан шавь маань энд ирээд хамгийн дургүй хичээл нь тамир болж хувирахав дээ.

Дунд сургууль буюу манайхаар 9-р ангиа төгсөхөд нэг нэг алхмаар ойртоод л явна.  Дүнгээр нь жагсаагаад ийм тийм ахлах сургуульд шалгалт өгвөл дээр байх, энэ чиглэлийнх нь чамд тохирох байх гээд багш сурагч эцэг эх хоорондоо хэд хэд уулзалдаад ярилцдаг гэсэн.

7, 8 сард хэд хэдэн ахлах сургуулийн нээлттэй танилцуулга өдөрт очиж сургуультайгаа танилцдаг юм билээ. Би хамгийн ойр нэг улсын сургууль л орж үзсэн. Алхаад яваад оччихно, дугуйтай ч явчихна, улсынх болохоор төлбөр нь ч хямд гээд давуу талтай.

Мөн хамгийн гол шалгуур нь тухайн сургуулиас их дээд сургуульд элсэн суралцсагдын хувь. Нэг ёсондоо сургалтын чанарыг хардаг юм билээ. Хүүхдүүд өөрсдийнхөө хүсэл, зорилго, ар гэрийн байдал, хол ойр гээд л олон зүйлээс нь харж байгаад л сургуулиа сонгодог бололтой.

Энэ талаар дэлгэрэнгүй бичээд явна аа.

Том зулзагатаа болон өөртөө амжилт...

Sunday, September 10, 2017

Нэг хөөрхөн яриа

Саяхан хань ижил бас ажлаар эх орондоо очоод ирэв ээ.

Аавыгаа явсан орой бага зулзага
-Гоё юм өө, та хоёр ээлжилж монгол яваад л. Аавын оронд би л явах байсан юм.
-Миний охин орчуулга хийж чадах билүү?
-Чадна шдээ.
-Тийм үү?
-Би морожин идье гээд л орчуулчихна шд.
-Захирал нь морожин идэхгүй шдээ.
-Хүн юм чинь нэг удаадаа бол идэж л таараа.

Гэсэн хэхэ.

Хэзээ нэгэн цагт монгол очиж эмээ өвөөдөө очихдоо монгол хэлээ мэддэг байх гэж хаая бид хоёр хэлний хичээл хийдэг юм.

Эхлээд дуртай зүйлсээс нь эхлээд яваа л даа. Зайрмаг, чоко, мах, бууз, хуушуур, бантан идье гээд л.

Ерөнхийдөө сонсоод бол ойлгоод байдаг юм. Үг нь хүндрээд явчихвал ойлгохгүй. Заримдаа бас таана, юу гэсэн үг билээ гэж асууна.

Ямартай ч бага зулзага монголдоо өлсөхгүй л юм билээ. Эмээгээсээ гарынх нь хоолыг нэхэж байгаад хийлгээд идчихнэ. Өвөөгөөсөө дуртай зүйлээ нэхэж байгаад худалдаж аваад идчихнэ. Хи хи.

Ирэх жил шинэ нисэх ашиглалтанд ороод, онгоцнй тийз жаахан хямдраад, бид нэг эх орондоо сайхан амрах завшаан тохиох байгаа. Тэгвэл ч бага зулзагын монгол хэл ч ус цас болох байх өө.

Thursday, September 07, 2017

Хамаг ...гаргаж хаяна аа

Бас нэг хөөрхөн найзтайгаа уулзаж амжаагүй ирсэн юм. Тэгсэн араас бэлэг минь ирээд. Хэ хэ.

Хэдэн найзууддаа, ээж аавдаа, ах эгчдээ, дүү нартаа эрхэлж, номныхоо нэрийг хэлээ зажилж хэлээд л авдаг болчихсон би. Муу зан их сууж байна аа.

Энэ хүүхний тухай хэдэн жилийн өмнөөс Японд шуугисэн юм. Жижигхээн хүүхэн байдаг, яг л над шиг. Хи хи. Би гэхдээ өргөөшөө жаахан хөвсгөр юм байна. Хо хо.

Хавтасны арын үгийг уншаад л хамаг новшоо гаргаж хаяхаар шийдсэн. Уншиж эхлээ ч үгүй байж.

Зурагтаар харж байсан болохоор ерөнхийд нь гадарлаад, хальт гадарласнаараа л гаргаж хаях гэж зүтгээд байсан нь тэр байх. Хи хи.

Уншиж үзээд арай цэгцтэй, дараалалтайгаар ханцуй шамлан орох ёстой гэдгээ ухаарав.

Ганц нэг хэрэгтэй хэрэггүй цааснаасаа салж байгаа. Их зоригтойгоор хаяж эхэлсэн. Бас бус зүйлийг бас хаях, эмхлэх, цэгцлэх, хүнд өгөх, монгол явуулах гээд л бодоод явдаг зүйл бол их л байна.

Уншиж дуусаад ухаарсан зүйлээсээ бичнэ ээ. Та нар минь ч гэсэн элдэв хэрэггүй зүйлд шуналгүй, эмх цэгцтэй болцгоогоорой.

Бүгдэд нь амжилт хүсье.

Wednesday, September 06, 2017

Сахиуст хангайн нууц

Аюурзана ахын ном. Гуай гэхээр залуу хүнд зохимжгүй санагадаад хамгийн аятайхнаар нь ах гэлээ. Болгоогтун.

Хэд хэдэн зохиолоос нь уншиж байсан. Шүгдэн, Бөөгийн домог зэргээ бол гүйцэхгүй л санагдсан.

Гэхдээ хүн гээч бол сэтгэлийн амьтан юм болохоор юуг шүтэж, юунаас цэрвэж, юунд итгэж, юунд үл итгэснээрээ л хорвоог бардаг бололтой.

Хараалын тухай цахим ертөнцөөс нэлээд хэд уншиж байсан болохоор, аливаа амьтан хүнтэй эвтэй л байхыг хичээдэг дээ.

Гэхдээ бас хэт хий зүйлд итгээд, мухар сүсэгтээ автаад, амьдралаа зорилгогүй, баяр хөөргүй, байнгын сэтгэлийн шаналалд өнгрөүүлж байх юм аа гол дүр маань.

Өмнөөс нь ямар сонин өөдрөг бус юм бэ? Ямар хачин зүйлд хэт итгээд байна аа? гэж халаглах үе зөндөө байлаа.

Пүрэв гүн Ягаандарь хэмээх үзэсгэлэнт хүүхэнд дурлаад, ханьлаад, сүүлд нь түүнийгээ алдаад. Тэр бүртээ л өвөг дээдэст нь хүрсэн хараал өөрөөс нь ч салахгүй байна гэдэгт баттай итгээд, амьд ч юм шиг, амьгүй ч юм шиг амьдрал...

Хэрэв ингэж өвөг дээдэст хүрсэн хараал үр хойчид нь хүртэл нөлөөлдөг бол "Үр минь үлдэх хорвоод зөв зөөлөн л явах юмсан" юутай бодууштай...

Мөн хангай дэлхийгээ л хайрлаж, хамгаалж явах ёстой юм болов уу л гэж боддог болсон сүүлийн үед. Нутаг нутгаа дагаад хүн зоных нь зан ааш, итгэл, сүсэг өөр өөр байх юм тийм ээ?

Үйл явдлыг нь та бүхэн боломжтой бол авч уншина биз дээ.

Үргэлж өвөрмөц содон бүтээлээр уншигч олныхоо мэлмийг мялааж байдагт баярлалаа, гялайлаа.

Tuesday, September 05, 2017

Цэцгэн титэм

Энгийн хэрнээ нууцлаг хүн шиг санагдаад байгаа энэ Пүрэвмаа.

Сахиусан тэнгэрүүдийг эхэлж уншаад үйл явдлыг нь ойлгох гэж сандарсныг эс тооцвол.

Үйл явдлаас нь хальт бичих гэсэн
болилоо. Хэ хэ

Ямартай ч гоё ном бэлэглэсэн найздаа баярлалаа. Дахин найздаа эрхлээд ном захина шүү.

Намайгаа эрхлүүлдэг найз нөхөд, ээж аав, ах эгч, дүү нартаа баярлаж байна өө.

Эр хүний дотор эмээл хазаартай морь багдтаг гэдэг дээ. Эмэгтэй хүний дотор бол хорвоо тэр чигээрээ л багтана тэгвэл мэдэв үү?

Гаднаа уяхан зөөлөн, чамин хэрнээ дотроо хорвоогийн сайхан муухайг бүхэлд нь багтаачихсан байх юм энэ гол дүр.

Дэргэдээ өөрийг нь гээд хамгаа зориулдаг хүмүүсээ гомдоогоод байгаад нь үе үе бухимдал төрөх хэдий ч, үе үе өрөвдсөөр, үе үе ойлгосоор л зохиолоо дуусгалаа.

Дараа Манго жимстэй цайг нь олж ууна аа. Хэ хэ.

Monday, September 04, 2017

Гараа амжилттай

Уламжлалт бичлэг.

Сургууль явж улсаа танилцуулах ажил. Гараагаа амжилттай эхлэв.

12 сарын сүүл хүртэл нэлээд хэдэн бага сургууль явна. Жил бүр явдаг тул арга барилаа гартаа оруулаад авчихсан. Ажлынхан маань
-Чи минь мундаг тул санаа зовдоггүй шүү, биднийг авардаг шүү.
Гээд, урам орсон гэж юүхэв.

Эднийг ингээд хэлэхээр би чинь улам хөөрөөд л бэлтгэлээ сайн базааж аваад явна шүү дээ. Сая монголоос хоёр малгай авчирсан. Нийтдээ дөрвөн малгайтай болж авсан. Сурагчид өмсөж зургаа авахуулдаг юм. Их сонирхдог юм.

Өөрийнхаа улаан, цэнхэр хоёр дээлээ нэг солино доо гэж бодоод л яваа. Их нимгэн тэрлэгтэй болох мөрөөдөлтэй байгаа. Хэ хэ.

Бас бүжигчид өмсдөг цагаан гутал. Тэгээд энд ардын бүжиг бүжнэ. Хи хи. Худлаа худлаа.

Гэхдээ л 10 жилд байхдаа хальт бүжиглэдэг л байлаа. Одоо гэртээ хэд давтчихвал дорхноо л биелээд унах байх шүү тийм ээ. Ккк

Дараа нэг тухтай монгол явахаараа л дээрх зүйлүүдийг гүйцэлдүүлнэ гэж бодоод байгаа.

Түрүү жил нээрээ нэг шинэ зүйл танилцуулаад байна гэсэн дээ. Тэр нь хуучин монгол бичиг минь байсан юм аа. Хэллүү энэ тухайгаа.

Учиргүй дуржиганатал уншаад, гялалзтал доош нь бичээд явахгүй тул, амар. Үүнийхээ ачаар бага зэрэг сэргээж авсан шүү дээ. Ойрд сөхөж хараагүй, одооноос дахин нэг сөхнө дөө.

Хичээлийн шинэ жил эхэлсэн та бүхэндээ ч өндөр амжилт хүсье. Өөртөө бол мэдээж өндрөөс өндөр амжилт хүсэв.

Sunday, September 03, 2017

Сахиусан тэнгэрүүд

Огт уншиж байгаагүй зохиолчийнхоо номноос хөөрхөн найздаа захиж байгаад л авч ирсэн.

Ачаа ихдээд байдаг, хэдэн номоо л үлдээлгүй бүгдийг нь авчирсан даа.

Тэгээд л одоо наддаа л гого блогтоо бичиж сууна.

Зарим нэг хүмүүс шиг гоё тэмдэглэл бичиж чадахгүй ч ядаж уншсанаа мартахгүй гэж л зураг оруулдаг болоод удаж байна аа гэж.

Бас нэг тийм өвөрмөц бичлэгтэй юм билээ. Бас нэг номтой нь хольж хутгаад, үйл явдлыг нь хойно урд нь оруулж, учрыг нь олж унших гэж бас л хөөрхөн толгой ажиллана. Хэ хэ. Буруу дарааллаар эхэлчихсэн юм шиг байгаан хоёр номоо.

Өнөө үеийн охидын бодол санааг нэвт шувт харж, сэтгэл зүрхэн дотор орчихсон яваад байгаа юм шиг санагдана үе үе.

Эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлж буй хүний дотоод мэдрэмжтэй ч үе үе тулгарна.

Гол дүрд заримдаа өөрийгөө орлуулж бодно. Заримдаа өрөвдөнө, заримдаа уур хүрнэ, заримдаа хайр хүрнэ.

Эмэгтэйчүүдийн эрх бас л их зөрчигдөх юм аа тэ. Өөрөө би охидтой хүн заримдаа их л олон зүйлд санаа минь зовно.

Гэсэн хэдий ч аль болох л сайн сайхан зүйлийн тухай л бодохыг хичээнэ дээ.

Үсээ ингэж тайрч, засуулдаг юм билүү гэж бодсон шүү, үнэнгээсээ. Зохих болов уу? Яах бол?

Бүх охид, бүсгүйчүүддээ амжилт...

Бага зулзагын яриа

Бага зулзага томроод, яриа нь хүртэл томроод. Нэг орой хичээлээ хийгээд сууж байснаа

-Ээж ээ, ингэхэд би хэнтэй суух юм бэ?
-Хайртай хүнтэйгээ л сууна шүү дээ.
-Биш ээ, монгол хүнтэй суух юм уу? Япон хүнтэй суух юм уу?
-Мэдэхгүй шдээ. Миний охин өөрөө л мэднэ шдээ.
-Сүмотой суувал яах уу?
-Харин л дээ.

Энд хар нялхаараа сүмо гэж хэлд орсон нэг хүү байдаг юм. Монгол. Хааяа тоглодог юм. Бодвол тэр хүүг л хэлж байгаа байх. Хэхэ.

Хүүхэд гэж бодолтгүй эд чинь том болохоороо би аль улсынх нь хүнтэй суух ёстой юм болоо гэж боддог юм шиг байна шүү.

Тухайн үеийн тэнгэр л мэдэх хэрэг байх даа тэ.

Friday, September 01, 2017

Самар хатан

Бодон бодон аавдаа захьсан байсан чинь хүн бэлэглээд, нэгийг нь дүүдээ өгсөн.

Сүүлийн үед ийм эмэгтэйчүүдийн тухай нийгэмд, түүхэнд чухал байр суурь эзэлдэг байсан тухай ном уншаад, эмэгтэй хүнийхээ хувьд эрч хүч авдаг болсон.

15-р зууны эхэн үе. Алтан ургийн угсаа залгамжлагч Элбэг нигүүлсэгч хаан хайрт охин Самар гүнжээ хүнд өгөхөөр харийн нутагт мордуулаад байсан ч удалгүй түүнийг буцаан авч ирэх зарлиг буулгаснаар энэ романы үйл явдал эхлэнэ.

Хайртай дуртай хүнтэйгээ гэрлэхээр явж байснаа аавын зарлигаар хайргүй хүнтэйгээ суун, түүнийхээ хүүхдийг гарган,  улс эх орныхоо төлөө зүтгэнэ гээд л асар их хүнд ачааг үүрдэг байж дээ.

Өнөөгийн нийгэмд амьдарч буй эмэгчтэйчүүд ч их л ачаа үүрж байгаа даа тэ.

Ингээд л хадуурах гээд байдаг юм. Хэ хэ.

Хатдаар дамжуулж эмэгтэйчүүдийг магтан дуулсан энэ мэт ном олноор гарч байгаад туйлаас баярлаж байна аа. Зохиолчийн цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

Би ч бас энүүхэн блогтоо зохиолч нь учраас хичээнэ ээ. Хэ хэ.

За тэгээд гол үйл явдал нь гэвэл та нар минь өөрсдөө боломж гарвал олоод уншаарай.

Гэснээс энэ эрчүүд хүсэл тачаалаа барьж баймаар юм. Явж явж Элбэг хаан чинь хүсэл тачаалаасаа болоод л хайртай охиноо хайргүй хүнд өгөх болчихсон юм билээ. Энэ романаас харахад. Яг түүхийг нь би сайн мэдэхгүй л дээ.

Ямартай ч эмэгтэйчүүд Монгол түмнийхээ төлөө амь нас, хайр сэтгэлээ золин байж тэмцэж ирснийг ойлгуулсан, ухааруулсан сайхан роман байлаа.

Бүх уншигчдадаа амжилт шүү.