Thursday, May 31, 2018

Баяр болох гэж байна шдээ?

6 сар гарчихав өө. Эх үрсийн баяр болж байхад гэрээ мартсан Гэсэр ажилтай гадуур. Өөрөө бол үнэн кайфтай байгөө.

Ингээд 6 сарынхаа цэцэгний зургийг оруулж байна аа. Жаахан эрт л оруулчихлаа тийм ээ?
Нара мужийн захиргааны байрны дээвэр дээрх цэцэг. Миний амьдардаг суугуул нутгийг минь бодвол мундаг байртай юм билээ.
Нара мужийн захиргааны дээвэр дээрх зүлэгт талбай. Хосууд мосууд болзоод сууж байх жишээний. 
Нэгэн айлын гадаах цэцэг. Зам дагаад алхаж явахдаа таарсан юм. 

Ингэхэд эх үрсийн баяр болж байна. Би монголчуудтайгаа хамт яваа болохоор баярын уур амьсгал маш өндөртэй байгаа. Тэнд хань ижил юун монголын баяр, буцалсан цай шиг явж байхад гэсэн. Ккк. 

Wednesday, May 30, 2018

Монгол чоко

Хүн өгөөд өө. Гялайлаа гээд хоёр гараа тосоод л авав. Чоконоос гарах хэтийн зорилготой хүн чинь байдаггүй ээ.
Гараа тосох шалтгаан нь эх орноос минь ирсэн, эх орны минь амт гээд л явчихна шүү дээ. Ккк
Архи бас адил шд. Ер нь буцаахгүй шүү. Худлаа худлаа тоглосон юм. Архиараа юу хийдгийг байнгын уншигч болон найз нөхөд, ээж аав минь мэдэж байгаа дөө.
Чоконоос гарах хэтийн зорилгоо умарталгүй, учиргүй их иддэг байснаа болиод, ёс юм гээд жаахныг амсаад л болоо. Мундаг уу? Мундаг. Сүрхий юу? Сүрхий. Хэ хэ.
Бас ийм төрөл байдаг юм байна.

Амт ерөнхийдөө гайгүй. Учиргүй амттай гэж бол хэлэхгүй л дээ. Би чинь сүүлийн хэдэн жил какао ихтэй чоко иддэг болсон болохоор эндхийн ч иймэрхүү жимстэй, сүүтэйгээс иддэггүй юм.

Бас нэг амжилтаа хэлэх үү? Зайрмаг идэхээ болиод удаж байгаа. Хааяа нэг энд тэндхийн хоолны амттанд гарч ирдэг жижигхээн хэмжээний зайрмагийг л иддэг. Нэг хэсэг чинь гэртээ авч хураачихаад л иддэг байлаа шүү дээ. Одоо бол авч тавихаа байсан. Ингэхээр идэх ч хүсэл төрдөггүй юм билээ. Хаа нэгтээ охиддоо урамшуулал болгож авч өгдөг болсон.

Та нар ч бас чадна шүү. Хэмнэлттэй шүү. Эрүүл мэндэд сайн шүү.
Юун олон юм хэлдгийн, ганцыг л хэлээч тэ? Ккк
Амжилт хүсье...

Tuesday, May 29, 2018

Тамирын өдөрлөг

Санасан уу? Намайгаа, таг байхаар. Хэ хэ.  За энэ уламжлалт бичлэг шүү.
Бага зулзагынх. Томилолтоор явах хугацаатай давхцаад, ээж ирэхгүй юм уу энэ тэр гээд л гомдоллоод байсан чинь ашгүй, маргааш өглөө нь эртээ галт тэргэнд суух болоод бүгд л бөөн баяр. Хэрээ бороо орж таарвал сунгаад, ирэх долоо хоногийн бүтэн сайнд болох байлаа. Азтай, азтай.

Харин ээж ажилдаа санаа зовоостой. Ямар хүмүүс ирэх бол? Хэр хэцүү бол? Чадах болов уу?

Жил бүр л боддог юм, зулзагууд минь биеийн тамирт ер нь гавихгүй улс шүү, яаж дуурайхаараа ингэж дандаа мууг нь дуурайдаг байна аа гэж. Хи хи.

Харин унших, бичих, дуулах, хуурдах, хайчлах, зурах тал даар ээжийнхээ талын эмээг, аавынхаа талын өвөөг дуурайсан юм шиг байна лээ...

Өглөө эртлэн босоод өнөөх айхтар бэнтогоо сүр бадруулж хийцгээгээд л аваад гарлаа. Эгч нь яваагүй ээ. Хичээл номоо хийх минь л гэсэн.

Багадаа дүүгээ панаалдаж зугатах гэж бас л бөөн тактик зохиодог байлаа шд. Дагаад салдаггүй байлаа шд.

Харин энд бол тиймэрхүү зүйл нэг их гардаггүй бололтой. Тус бүрдээ, дор бүрнээ өөрсдийн хийх ёстой зүйлээ, хиймээр байгаа зүйлээ хийгээд явцгаадаг бололтой.

Тамирын өдөрлөг. Агуулгын хувьд ерөнхийдөө жил бүрийнх адил. Онцлог нь хүүхэд нь хэрхэн хөгжиж дэвшсэн байна, юуг чаддаг болсон байна зэрэг л гол зүйл.
Бага зулзага ингэхэд дээс үсэрч сурсан саяхнаас. Чаддагүй байлаа. Бид ч нэг их хүчилж заадаггүй байлаа. Яваандаа сурчихна дөө гээд. Хүүхэд бүр бүгдийг чаддаг байх албагүй гэж үздэг хүн л дээ би.Тийм биз дээ?

Яахав, чаддаг бол мэдээж сайн л даа. Өө тийм, дугуй унаж сурсан юм байна, нэг дүгээр ангид байхдаа. Энэ тухай бичлүү? Яалаа? Санадаггүй ээ.
Тэмцээний явцад ингээд сурагчдыг хөл нүцгэн гаргачихдаг хөтөлбөр байдаг юм. Багш нар нь бас дагаад л хөл нүцгэн, хөнгөн шингэн гэгч нь дагаад л гүйчихнэ шүү дээ.

Бүтэн өдрийн арга хэмжээ арай хийж дуусав. Зулзагын шар өнгийн баг тасархай оноогоор түрүүлэв. Сэтгэл нь хөөрсөн нэг хүн, тарж ирээд л шууд гадаа, тэр их энерги хаанаас гараад байдаг байна аа тэ? Энэ хүүхэд гэдэг ертөнц.

Бүгдэд нь амжилт шүү. Би ажилдаа ирчихсээн, юм үзэж нүд тайлаад л гүйж явна. Одоохондоо цоглог байгаа. Хи хи.

Thursday, May 24, 2018

Цэцэгс 2

6 сард яахав дээ гээд цэцэгний зураг ахиу орууллаа шүү. Хэ хэ.
Ажлын газар байрлах байшингийн 1 давхарт. Үе үе солигдоод явдаг юм билээ.
Нэг жижигхээн сумын нэг жижигхээн толгодын тохижилт. Арын цаас нь хүүхдүүд зурсан зураг байсан. Цэцэрлэгийн насных болов уу?

Нэрийг нь үл мэдэх цэцэгс. Байгаль орчныг чимэхээс гадна хүмүүний сэтгэлийг их л баясгах юм даа. 

Шинэ долоо хоногт нь, ер нь бүх л долоо хоногт нь амжилт хүсье ээ.

Wednesday, May 23, 2018

Ээлжит жүжиг

Хөөрхөн, сонирхолтой байлаа. Энэ удаад аавтайгаа хамт явсаан, бага зулзага бидэн хоёр.
Хар хар хувцастай жүжигчид маань хүүхэлдэйн баатрыгаа маш сайн амьлуулах юм өө.
Тайзны засал энэ тэрийг нэг их сүр болголгүй, шийдчихэж байна л даа. Театрын мэргэжилтэй хүмүүс үзсэн бол санаа авах зүйл ихтэй байлаа. 

Би яахав, худлаа л гоё сайхныг нь л гайхахаас өөр зүйл чадахгүй юм дөө. 

Ингээд үзээд яваад байвал ирээдүйд бага зулзага жүжигчин ч болох юм билүү тэ? Хэ хэ. Гэхдээ боддог юм, олны танил байх ч хэцүү дөө гэж. Зүгээр л нэг "хүн" байвал л болох нь тэр...

Хүүхэд хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт шүү...

Tuesday, May 22, 2018

Ажиллана чиг амжуулна чиг

Ажлаа хийнгээ өөрийгөө зугаацуулаад амжчихна аа цаадах чинь.

Гадаад дотоодын зочдод зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээ. Би узэелээр энэ тухай зарлангаа жаахан цаг гарангуут гараад л гүйчихэж байгаа юм.

Кимоно өмссөн эмээ өвөө нар хөнгөн шингэн гэж юүхэв, донжтой гэгч нь алхаж ирээд л зөөнө. Манайхны гуанз ресторан зэрэгт үйлчилдэг залуухан охид хөвгүүдээс ч хурдан шаламгай.
Цайны өмнө ирдэг амттан. Бурам гэх юм уу даа. Би нэг их дуртай биш л дээ. Тэгсэн зөөж ирсэн өвөө энэ үзэсгэлэнтэй бүсгүйг сарнайн хэлбэртэй амттанаар дайлъя гэхээр нь хөөрөөд идчихсэн. Хи хи.
Уламжлалт ногоон цай. Гэм нь хариугүй жаахныг хийж өгнө өө. Сайхан мэлтэлзүүлээд хийгээд өгчихгүй тэ, манайхан шиг. Гэхдээ ингэж бага багаар уух нэг тийм учир жанцан байдаг гэсэн. Харин нэмж болдог.
Хэсэг байзнасны дараа бидний хэдэн орчуулж буй хүмүүсийг ногоон цайгаар дайлна аа гээд нэг эмээ бас зөөж авчраад. Түрүүн уучихсан гэж хэлэлгүй, нэмээд л уучихлаа. Харин эмээ намайг үзэсгэлэнтэй гэж магтаагүй тул амттанг нь идээгүй. Хи хи. Хажуудаа суусан тайвань хүүхэнд өгчихсөн.
За энэ цайны ёслолын үеэр заавал байдаг япон дүр зураг. Энэ цаасан хананы цаагуур л орж гараад нахилзаад байна шүү дээ.
Гэх мэтчилэн хагас бүтэн сайныг ч ажиллаад байгаа ч юм шиг, амраад байгаа ч юм шиг л өнгөрөөв.

Ирэх шинэ долоо хоногт нь амжилт. Миний нохойн дуу ойртоод л...

Monday, May 21, 2018

Шавийн яриа

Монгол шавь маань хөөрхөөн. Хи хи. Ингэсийн.

-Багшаа би ном уншиж байгаа.
-Өө тийм үү? Сайн байна, дараа багшдаа зээлээрэй.
-За.

Нэг л итгэлгүй хэллээ.

-Юу гэдэг ном бэ?
-Балжингарав билүү? Балжингарам билүү? Балжингарамын зун гэдэг нэртэй байхаа.
-Уншиж байгаа номынхоо нэрийг тогтоодоггүй юм уу?
-Хэ хэ

Хэд хоногийн дараа
-Өнөөх номоо уншаад дуусчихсан уу?
-Тэгсэн.
-Зээлэхгүй юм уу?
-Юу л даа багшаа...
-Юу?
-Том хүний юм гардаг юм аа. Танд өгөхөөсөө ичээд. Та намайг яасан хачин юм уншдаг юм гэж бодно шд:
-Ха ха. Чи хүүхэд байж яагаад том хүний ном уншаад байгаа юм?
-Гэхдээ тийм ч их том хүний юм гардаггүй л дээ. Зүгээр л та буруугаар бодчих байх гэж санаа зовоод л.
-Зүгээр зүгээр. Угаасаа хүүхдүүд тиймэрхүү зүйлийг ном, сонин сэтгүүл, зурагтаас л мэдэж авдаг биз дээ? Учиргүй ээж ааваасаа асуугаад байдаггүй биз дээ? Багш нь ойлгож байна. Номоо л хурдан авчирч өгөөрэй.
-За. Ёх санаа амарлаа.

Хөөрхөн байгаа биз дээ? Тэгж байгаад тэр номоо авч уншихаар нь яг яаж том хүний юм гардгийг нь хэлнэ ээ за? Хи хи.

Saturday, May 19, 2018

Даахины найр

Нэг жаахан охины даахины найранд уригдаад, айлд хоол буудна гэхээр л баяр төрөөд. Найр болох өдрийг хуруу тоолон л хүлээлээ. Хэ хэ.

Ямар бэлэг өгөх үү? гээд л бас догдоллоо. Сүртэй үнэтэй бэлэг өгөөгүй л дээ. Хэ хэ. Боломжоороо, сэтгэлээрээ л бэлэгээ бэлдлээ.

Халзан болсныгоо нэг их тоохгүй байх шиг байна лээ. Хөөрхөн толгой гарсан байсан.

Хусах уу? Яах уу? гэж тээнэглэздэг залуу гэр бүл их болсон байна лээ. Би бол шууд л хусчихөө л гэж хэлдэг. Хэ хэ.

Яахав мухар сүсэг энэ тэр гэж хэлэх хүн ч бий л дээ. Би ч өөрөө тийм их сүсэгтэй хүн ч биш. Тэгсэн хэрнээ л хүүхдийнхээ ирээдүйг бодохоор эх хүний совингоороо л эртнээсээ уламжлаад ирчихсэн заншлаа дагахаас өөр аргагүй л болчихоод байдаг юм.

Би ч охидынхоо даахийг энэ ёс заншил нь ондоо арлын оронд үргээсэн. Үргээсэндээ ч сэтгэл хангалуун байгаа. Үүнийхээ ачаар тухайн үед цэцэрлэгийн олон маамаануудад, тэдний ээж аавуудад монгол заншлаа танилцуулж чадсан. Тэдгээрийн биднийг харах нүд бахархсан, хүндэтгэсэн харцаар солигдсон гээд л олон давуу талтай байсан шүү.

Охид минь тухайн үедээ мэдээж халзан болсондоо гонсгор байсан ч, өдрөөс өдөрт ургах үсээ хараад баярлаад л, халзан толгойнынхоо ачаар найз нөхөд нь нэмэгдээд л, даахьны найранд ирсэн зочдоос гого бэлэг аваад л. Одоо бол мартчихсан л явна. Хааяа бага зулзагаа цаашлуулж дахиад хусчихуу? гэхээр
-Үхэж байсан ч хусуулахгүй...
л гэдэг. хэ хэ.

За тэгээд та нар минь өөрсдөө мэлмий ухаандаа тунгаана биз дээ. Амжилт хүсье...

Thursday, May 17, 2018

Цэцэгс

За монголын минь ахан дүүс та нар минь жилийн 4 улирлыг нэг өдөр үзээд л байж байна уу? Хэ хэ.

Саяхан найз дүүтэйгээ чаталсан чинь, Улаанбаатартаа нэг өдөр дөрвөн улиралаа үзчихээд сууж байна гэсэн.

Манай энд огцом халж эхлэв. Бүх нэмэх 30 хүрсэн газрууд ч байна. Гэнэт ингэж халах чинь балай эд байна. Өмсөх хувцас олддоггүй. Бондойгоод байгаа газруудаа нуух гэсээр байтал ингэж огцом зун болчихов өө хөөрхий.

За тэр ч яахав угтаа би сардаа яаж ийгээд нэг цэцэгний зураг оруулж байна аа гэж шийдсэн юм. Явж явж байгаль дэлхийн зураг, цэцэг навчны зураг их сэтгэл сэргээдэг юм байна шд. Нэгэн нээлт.Хэ хэ. Энд тэнд явахдаа гого цэцэг тааралдвал өөрийн эрхгүй хоёр гар маань ухаалаг утас луугаа явдаг болсон байна лээ.
Хөрш эмээгийн үүдний гутлын тавиур дээрх цэцэг. Нэг өдөр бид хоёр үүдэндд нь зогсож буу халаад.

Гэснээс энэ япон хүмүүс гэртээ тэр бүр оруулахгүй шүү. Үүдэндээ хэдэн цаг ч хамаагүй зогсоод чалччихна. Эхэндээ тэнэг мангарыг нь гайхаж, сонин содонгоор нь хэлдэг байлөө.

Одоо өөрөө ч энэ занд сурсан. Ха ха. Гэхдээ манайхан бол яалт ч үгүй монгол айл байгаад байх шиг. Зүгээр л түүгээр өнгөрч байгаа хүнийг дуудах нь холгүй. Ккк.

За энэ цэцгэн хүрээ даруухан, хөөрхөн байгаа биз? Хи хи.
Хэзээ хаана зураг дарсан юм бүү мэд ээ. Ямартай ч гар утсанд минь явж байна. Сонин сонин цэцэг их байх юм тэ. Нэрийг нь ч үл мэдэх. 
Охид минь тарьдаг Асагао. Энэ цэцэг их олон янз өнгө байдаг юм билээ. Хөрснийхөө шүлтлэг чанараас шалтгаалаад гоёмсог өнгө ихтэй. Эмээдээ үрийг нь их өгч явуулна аа. Өөсрдөө түүсэн үрээ, захиандаа хийчихдэг юм. Эмээ нь тэнд хашаагаа чимж олны нүдийг баясгадаг.

Нэлээд хэдэн жилийн өмнө дарсан зураг. Суугуул мужид минь нэг үзэсгэлэн болсон юм. Гэрийн гадаах цэцэрлэгийн тохижилтын тухай. Их л чаминаар гадаахаа засна аа энэ япончууд чинь. Хулгай зэлгий ховор, цаг агаар нь дулаахан, усалгаа сайтай болохоор хүссэн болгон нь л ургаад байх шиг. 

Манайхан хашаа гээд том том модоо жаахан намсгаад, элдэв мод цэцэг тарьж тохижуулдаг бол тийм ээ? Мөрөөдөх л юм даа. 

Жаахан сэтгэл л дутдаг юм болов уу? гэж боддог шд. За за монголоосоо хол байж битгий олон юм цух гэж хэлдэг хүмүүс байдаг юм. Ингэсгээд өндөрлөе. Хи хи. 

Жич. Тэр цух гэдгийг тонгоруулаад уншихаарай...

Ингэхэд долоо хоног ямар хурдаг өнгөрөөд байна аа. Миний явах хугацаа дөхөөд, би толгой өвдөөд эхэлсэн шүү, хэт их санаа зоволтоос болоод. Ккк

Tuesday, May 15, 2018

Өөдрөг үзэл

Өөрийгөө гайгүй өөдрөг үзэлтэй гэж боддог юм. Гэхдээ амьдралд юу эс тохиолдохов, амьдрал баян гэдэг утгаар нь хааяадаа гутранги үзэл давамгайлах гээд байдаг талтай.

Саяын алтан долоо хоногоор ийш тийшээ явахдаа цүнхлээд, ганц нэгийг уншиж дуусгалаа, ийм жижиг номнуудаасаа.

Ном унших ажил минь хэд хоног завсарлах байх. Сарын сүүлээр ажлаар өөр муж явах тул. Анх удаагаа гардаж хийх тул сэтгэл санаа нэлээд зовоостой. Сандраастай, тэвдээстай, айгаастай.

Ар гэрийнхэндээ бас сэтгэлээ чилээгээстэй. Эзгүйд минь дуусчихвий гээд воок, савангаас авахуулаад хэрэгтэй зүйлсээ бэлдэж байна.

Хүнс ч яахав, өөрсдөө худалдаад авчихна. Будаа мах нь л байж байхад, ганц нэг ногоог бол хань ижил ажлаа тарахдаа аваад ирнэ, чадна. Хэ хэ.

Ном ярьж байсан хүн...

Учиргүй өөдрөг үзлийг сурталчлаад, өөдрөг үзэлтэй бай гээд сургаад унах юм байх гэсэн чинь огтоос тийм зүйл байсангүй. Эсрэгээрээ энэ барууны улс чинь дээхэн үедээ ямар ч замбараагүй байсан юм бэ дээ?

Яаж тэр үед нь тэнд очоод төрчихөлгүй, монголдоо "Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрөв өө би" гэж бодон бодон уншив.

Кандид гээч энэ нөхөр үнэн үйлийн үртэй. Хэдийдээ үйлдсэн үйлийн үрээ ингэж эдэлж яваа юм гэж бодохоор. Их л зовлон зүдгүүр амсах ч яаж ийгээд л амьд яваад байна. Үгүй тэгээд үхчихвэл зохиол дуусчихна тийм үү?

Европууд хоорондоо их ч дайтаж, түүний хэрээр хамгийн ихээр хохирдог нь эмс охид, хүүхэд хөгшчүүл...

Энэ номд бас тэр тухай гарна. Гол баатар Кандид их зовлон туулна аа, хөөрхий. Тэр бүртээ ухаараад ухаараад явчихна. Амьд үлдэнэ ээ, азтай гар. Хэ хэ.

Бүгдэд нь амжилт хүсье...

Sunday, May 13, 2018

Баяраараа

13-ны амралтаар ээжийн баяр тохиов шд. Бороотой өдөр таараад, орж гарсангүй ээ.

Гэртээ банш шарж идээд, өмхийрч ногоороод л өнгөрөөв. Хэ хэ. Огт юу ч хийгээгүй биш л дээ. Ном уншсан юм байна.
Ээ дээ энэ эрчүүд үү? Зураг авмаар байдаг, ингээд хамаа намаагүй таваглачихсан байх юм аа. Хэ хэ. Уг нь энэ баншийг ихэвчлэн 6 ширхэгээр нь гонзгой тавганд тавагладаг юм, хоолны газруудад. 

Япон банш. Гурил зуурч элдсэнгүй, бэлэн гурил авчраад чимхчихлээ. Уг нь ажил хөнгөлөөд их зүгээр л юм билээ. Татсан махаа элдэв ногоотойгоо хольж амтдаад, чимхээд, шараад, идлээ. Дараа бууз чимхэж үзнэ ээ. Цэцгэн бууз л чимхэж болох байх. 
Бага зулзага хөрш эмээгийн гадаанаас түүж ирсэн цэцэг. Чухам хайчлаад л байсан чинь гурван хэсэгт хуваагаад ширээгээ чимжээ. Торон цэцэг гэдэг нэртэй гэсэн. Яг жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй л байна. Хорооноосоо үр авчраад тарьсан, зөндөө байгаа тул зулгаагаад, ширээгээ чим гээд, түүсэн юм. 

Энэ улаан зүрхэн хүрээ жаахан тод байна аа тийм ээ? Нүүр номд оруулахад янз бүрийн хүрээ байдаг юм байна шдээ. Саяхнаас л мэдлээ. Заримдаа ч энэ хөгжилтэй хөл нийлүүлж алхах гэж бас зүдрэх бололтой дог шүү. 

Баяр юм чинь гээд час улаан зүрхээр чимчихлэхээ, хэтэрхий янаг харагдаад болдоггүй. Өөрчлөх гэсэн захлуу хүрэв. Дараагийн бичлэгийн зургийг арай өөр хүрээтэй орууламз...

Бүгдэд нь шинэ долоо хоногийн амжилт хүсье...

Нээлттэй хичээл

Ахлах сургуулийн нээлттэй хичээл.
Гаднаасаа нэг иймэрхүү. Уулын хормойд байдаг юм. 

Бага дунд сургуулийн нэгэн адил эхний хэсэгт эцэг эх багшийн зөвлөлийн тайлан тооцоо, тухайн хичээлийн жилд явуулах арга хэмжээ гэх мэт зүйлийг яриад явчихна. 

Хоёр дахь хэсэгт гаднаас хүн урьж яриа хийнэ. Энэ удаагийнх нь Осака хотоос нэгэн сургуулийн багшийг урьсан байсан. Ярианы агуулга их дээд сургуульд хэрхэн элсэн орох тухай, хэрхэн шалгалтанд бэлдэх тухай, их дээд сургуулиа хэрхэн сонгох тухай гээд л илт төвшин өндөрсөөд явчихаж байгаа юм. 

Гэснээс том зулзагыг их сургуулийн конкурс өгөх үеэр тогтолцоо нь өөрчлөгдөнө. Санаа зовоод л суугаа. 

Гурав дахь хэсэг нь сурагчдын нээлтэй хичээл. Геометр байсан байх аа? Мэдэхгүй, сонсож байгаагүй япон хэл л урсаад байсан. Хэ хэ. Жаахан уйтгартай юм билээ? Мэдэхгүй, чадахгүй зүйл чинь. 

Дөрөв дэх хэсэг нь ангийн хурал. Анги даасан багшийн яриа, орлогч багшийн танилцуулга, эцэг эхүүд бас нэрээ хэлээд хүүхдийнхээ тухай ганц нэг зүйл ярина. 

Нэг жилийн хугацаанд баахан л шалгалт өгдөг юм байна. Хэзээ хэзээ ч гэчихэв. Жилийн хөтөлбөр гарсан байсан. Тэрнээс нь ээжийн гадуур ажилтай үед юу юу давхцах нь уу? л гэж харав. Өөр ч юу харахав, үнэхээр бас л эрс хүндрээд ирэх юм билээ...

Мөн хэд хэдэн их дээд сургуулийн урьдчилсан шалгалт өгч үзэх юм гэсэн. Болоогүй ээ тэр нь төлбөртэй...

Хүүхэд томрох тусам түрийвчээ л зузаатгах ёстой юм шиг байна шд, ээж аавууд бол?

Багыгаа томортол мөнгө хураана даа гэж бодсон чинь тэрнээс наана эгч нь бүгдийг нь хэрэглэчих юм шиг байна. Ажилд орохоор нь дүүгээ хариуц гээд үүрэгдчихээр гайгүй болох ч юм уу?

Гэх мэтчилэн ургуулан бодоод л сууна дөө.

Бүгдэд нь эрүүл энх, амжилт хүсье өө...

Friday, May 11, 2018

Хагас сайн

Хагас сайн өдөр гэсэн том зулзага
-Яагаад хагас сайн өдөр гэж?
-Дээхэн бямба гарагт гахас ажиллаг  байсан юм аа, тэгээд л.

Японд бас тийм байсан гэж хууччуул нь ярих юм билээ. Ер нь монголын тухай сонсохоороо хагас зуун жилийн өмнө манайх бас тийм л байсан гэцгээдэг юм.

Миний, миний ч гэж дээ хоёр зулзага болон миний хагас сайн өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

5 дахь өдрийн орой зурагтаар гадны кино гардаг юм. Сонирхолтой бол тэрийг үзээд жаахан орой унтана. Хааяадаа охиддоо зайрмаг авч өгнө. Хань ижилтэйгээ гашуун юм ууна. Хи хи.
Айраг. Амьтан хүнээс харамлан байж, хааяадаа нэг гаргаж ирэн шимэн байж уудаг юм. Хэ хэ. Дуусах гээд байна аа. Яаж энд авчирдаг вэ?  Хаая нэг монгол явахаараа гэрийнхэндээ хэлж бэлдүүлээд, хөлдөөгөөд, зузаан хувцас эсвэл алчууранд сайтар ороож аваад, гялгар уутанд хийгээд л чемодандаа хийнэ дээ. Өдөртөө нисээд ирдэг тул гайгүй, сайхан зайрмагтаад л ирсэн байдаг юм. За энэ бол шууд нислэгт хамааралтай шүү. Солонгос, Хятадаар дамжаад, хонож өнжих бол сайтар тооцоолох шаардлагатай. Дамжих байсан ч ачаагаа япондоо авна гэсэн үед бол зүгээр.
 
Чөмөгний яс хаяж байгаад л борцтой будаатай шөл хийсэн юм. Нэмж идэх үед ингээд будаатай хуурга болчихдог тэ. Хэ хэ. Бага байхад ийм будаатай шөлөнд дургүй байж билээ. Лаглайсан будаа гээд л. Тэгсэн энд идсэн чинь салахын аргагүй байна лээ шд. Хэ хэ.
Хаа нэгтээ үзвэр ший үзнэ. Голынх нь төгөлдөр хуурч. Өнөө хоёр нь дуучин. Дээхний зохиолын дуу, хүүхдийн дууг дуулсан. Орилсон чарласан юм сонсож байснаас л дээр юм билээ. Хэ хэ. Зүгээр нэг гарч ирээд дуулчихгүй. Төгөлдөр хуурч өвөө нь тухайн дууны хөгжмийн зохиолчийн тухай, шүлгийг нь бичсэн хүний тухай сонирхолтой яриа хийсэн. Бага зулзага л жаахан уйтгартай байсан байх. Дууг нь болохоор дагаж дуулаад л хөл гар нь хөдлөөд их эвсэлтэй найган ганхаад байна лээ, суудал дээрээ. 

За тэгээд ингэж орж гарахгүй үедээ бага зулзага даалгавраа хий, төгөлдөр хуураа давт, гэртээ бүгээд байлгүй гадаа гарч тогло гэж үглүүлэн, нэг муудаж нэг сайдаж өнгөрөөнө өө бидэн хоёр чинь. 

Том зулзага бол хичээлээ хийгээд л, хааяа нэгхэн идэх юм эргүүлчихээд л...

Ээж маш богино хугацаанд гэрийн ажлыг хам хум хийсэн болчихоод номоо тэврээд сууна. 

4 цагаас нь төгөлдөр хуураа 30 минут заалгачихаад, ойрхон байдаг номын сан орчихоод, харих замдаа дэлгүүр орж хүнсээ авчихаад, харьж ирж хоолоо хийнэ. Хань ижлээ, аавыгаа тарж ирэхийг хүлээнэ. 

Харьж ирэхээр нь гэр дүүрээд л явчихна. Бага зулзага бага зэрэг ноолоостой. Одоо ч томроод ноолох нь багасаад л байна. 

Монголдоо байсан бол ч эмээ өвөө нарынхаа орж хоол буудаад л, ах эгч дүү нарынхаараа орж хоол буудаад л, найз нөхөдтэйгөө уулзаж гашуун юм хугаслаад л бас л зугаатай байх байсан даа гэж боддог юм.

Энд тэр бүр айлын хоол буудаж чадахгүй юм өө. Санаа нь бол сайхан айл хэсээд л сайхан хоол буудаад л явчихмаар. Хэ хэ. Дандаа хоол л ярьж явдаг нөхөр үү би чинь. Ер нь энэ хүн гээч гуай идэх гэж амьдардаг уу? Амьдрах гэж иддэг үү? Хариултын сонголт таны гaрт ооё...

Thursday, May 10, 2018

Үдийн хоол

Олон жил бодож явсан газраараа орж үдийн хоол идээд.

Яадаг газар вэ? гэхээр хотын захиргааны нэг буланд байдаг юм.

Ямар хүмүүс ажилладаг вэ? гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг юм. Яг гардаж ажиллуулдаг эсэхийг мэдэхгүй ч, тэдний урласан бяцхаан гар хийцийн зүйлс, жижиг жижиг талх, жигнэмэг гэх хүнсний бүтээгдэхүүн, тэгээд бяцхаан хэмжээний хоолны газар.

Би хааяа талх, жигнэмэгээс нь худалдаж авдаг байсан ч хооллож байсангүй. Саяхан сэтгэл шулуудаад хооллов. Хямд, аятайхан амттай юм билээ. Хүн ч тасардаггүй юм билээ.
Ингээд 400 иен. Хямд байгаа биз? Миний дуртай окономияки гэдэг хоол. Махчилаад орчуулбал дуртай зүйлсээ хамж шарах? Хэ хэ. Хажууд нь хөөрхөн жижигхээн аягатай мисо шөл, жижиг будаа. Надад бол арай л их поорцтой санагдаад. Гэхдээ гүрийгээд идсээн. 

Варианы шилтэйд дотор нь загас хөвөөстэй. Нэг тийм жижигхээн загас байдаг даа. Мичнос? Ха ха. Бага байхад загас тэжээдэг байсан хамаатан ах нарын хэлээд байдаг байсан нэрийг санахгүй байна аа. Загас нь болохоор маш танил...

Цонхны цаана харагдах моддын баруухантаа ажлын байр минь бий. Хэд хоног бороотой хүйтэн байсан, яг энэ зургийг дарах үед сайхан цэлмээд ирсэн. Би азтай. Хи хи.

Гол хэлэх гэсэн санаа минь? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хот нь, муж нь, улс нь ингээд маш бодитойгоор харж үзээд, дэмжээд, туслаад явчихдаг юм шиг байна. Яг яаж гэдэг нарийн тогтолцоог нь сайн мэдэхгүй л дээ. Мэддэг болохоороо эндээ бичнэ ээ...

Та нартаа бас аз хийморийг хүсье өө.

Wednesday, May 09, 2018

Яа?

Энэ онгоцны тийзний үнэ гэж айхтар тэнгэрт хадсан зүйл байх юм аа тэ?

Бид бол гэрээрээ аль хэдийн сэтгэл санаагаа шулуутгаад, зун нэг харьж ирдэг юм уу? гэснээ больчихсон байгаа л даа.

Харин дунд сургуульдаа монгол явж байсан нэгэн япон охин, их сургуулийнхаа шугамаар зун монгол явчихаад ирэх юм гэнэ. Онгоцныхоо тийзийг өөрсдөө гаргах ёстой гэнэ. Тэгээд л намайгаа монгол юм болохоор асууж ирэв ээ.

Би ч дотроо тэнгэрт хадчихсан байгаа өнөөх нь гэж бодсон хэрнээ л асууж сураглаж өглөө. 8 сарын тийз бараг 3 сая төгрөг байна. Тэгээд л бодов, 4 хүнийх нийлээд 12 сар төгрөг. Хөөрхөн бизнес эрхлэх хөрөнгө үү үгүй юу?

Хань ижил сонсчихоод дээр үеийн юм яриад байх юм? Одоо чинь 12 сая төгрөгөөр юм хийнэ гэж лөөлөө байхөө? л гэсэн. Толгой дохиод л өнгөрлөө.

12 сая төгрөг чинь их мөнгө биз дээ? Ямар нэгэн юм хийе гэвэл болно биз дээ? Хэ хэ.

Яг юу хийх үү? гэхээр бас толгойд орж ирэхгүй л байна л даа. Банкинд хийж хүүг нь идэх. Даанч тэр 12 сая маань бэлэн биш л дээ. Ха ха.

За юу ярьж байлаа?

Өнөөх япон охин маань нүдээ аниад явахаар л боллоо, хөөрхий минь. Бээжингээр нь арай хямд юм. Солонгосоор дамжих нь тамтаггүй ээ.

Гэснээс хэд хоногийн өмнө энэ монгол солонгос хоёр чинь хуйвалдаад үнээ тэнгэрт хадаачихсан юм гэж сонссон. Үнэний ортой байх шүү.

Эндхийн мэдээгээр korean air компаний дэд захирал хүүхэн ажилтнаа онгоцонд өгдөг самарыг ууттай нь тавьлаа гэж уурлан өвдөг сөгдүүлсэн, үйлчилгээ хариуцсан ажилтныг загнаж онгоцноос буулгасан гэх мэт асуудлаас болоод бөөн л шуугиан дэгдээсэн шд.

Бүр "самар гүнж" энэ тэр гээд хочтой болчихсоон явж байна лээ. Саяхан бас дүү хүүхэн нь яаачихсан гэчихэв ээ. Ус цацсан хэрэгт орсон?...

Гэх мэтчилэн хараад байхад энэ солонгос монголчууд яачихсан улс байдаг байна аа? Үнэ мүнээ жаахан газартай ойртуулмаар байх юм. Хөөрхий муу ард иргэд нь хохирч дуусах юм...

Санахын жаргалаа эдлээд л ажил албандаа хичээе дөө.

Tuesday, May 08, 2018

Эмнэлэг домнолого

Суугуул мужид минь монголоос эмчлүүлэх гэж хүн ирсэн байгаа юм.

Бид монгол хоол цайгаа бариад л эргэж очлоо. Монголоороо, хэхэ. Түүнээс энд хүн эргэхдээ хоол цай гэдэггүй болохоор.

Жаал ярьж суулаа. Монголдоо жил тойрон эмнэлгээр явсан улсуудын яриа.

  • Монголд эмч нарын, сувилагч нарын, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа улсуудад сэтгэл гээч юм их дутагддаг. Их ааштай, ууртай. Хүн ялгаж харьцана. Мөнгө их харна. Эмнэлгийн үйлчилгээ авах гэж дугтуйтай мөнгийг байнга л бэлэн байлгахгүй бол үнэндээ өвчтөнгүүд бол хүн биш. 

  • Тоног төхөөрөмж нь муу, хагас зуун жилээр хоцроод байх шиг. Худалч хүнд ганц бүтэн төхөөрөмж байхгүй.

  • Ядуу иргэд бол үнэн өрөвдөлтэй, эмч нарынхаа аясаар, тэдний өөдөөс юм ч хэлж чадахгүй, олигтойхон шаардлага ч тавьж чадахгүй. Ар гэрийнхэн нь жаахан цор цор гэчихвэл эсрэгээсээ өвчтэй хүнийг нь дарамтлаад эхлэнэ. 

  • Сахиурын өрөөнд хулгай их гарна. Зайлуул хөдөөнөөс ирсэн улс юм аа их алдана. Хулгайчид хүний анхаарал жаахан зүйл дээр сарнихыг андахгүй. Маш сурмаг авна. 

Хааяа ээж аавыгаа эмнэлгээр яваад үзүүлж харуулаачээ гэхээр өөдөөс завгүй байна аа, оо дараалал нь дийлдэхгүй хэцүү гээд л их олон шалтаг тоочдог байхгүй юу. 

Дээрх яриаг чангаж суухдаа, зайлуул хөгшид минь насаараа л улсдаа зүтгэчихээд, эмнэлэгт сэтгэл санаа тайван үзүүлээд гарчихаж ч чадахгүй. Эсрэгээрээ эмнэлгийнхний ааш араншинд гомдоод, зүрх л савлаад, бие муудчих гээд л явдаггүй байхдаа гэж бодов. 

Бидний хэдэн монголчууд зөндөө л сайн муухайгаа ярилцсөөн. Мууллаа гэж загнах хүн байж магадгүй л дээ. Муулах биш, бодит байдал л ийм байна гэсэн. 

Ер нь монголд өвдөж болохгүй, тэгвэл тэгээд хамаг байдгаа барна, эдгэх биш улам хүндрээд л дуусах байх гэсэн. 

Эрүүл л байх минь...

Цалин нь бага юм чинь авахаас яадаг юм гэх хүн бий л байх. Гэхдээ л та нар чинь тангараг өргөсөн улс шүү дээ, эмч нар минь, сувилагч нар минь, эмнэлгийнхэн минь ээ...

Monday, May 07, 2018

Шинэ оролдлого

Бага зулзагаа бассейнд бүртгүүлээд, 1 сарын урьдчилсан сургалтад хамруулахаар зориг шулуудаад.

Нэгдүгээр ангид ороход нь л явуулна гэж байсан чинь, хичээлдээ дасаг, зургийн дугуйлан, төгөлдөр хуур зэрэгт явдаг тул жаахан харзная даа гээд яваад байсан чинь цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөөд, 2 дугаар ангид орчихож.

Нүүрээ угаана гэж ёстой халтуурддаг юм, Хэ хэ. Худалч хүнд долоовор хуруугаа норгож байснаа нүдээ арчиж нуухаа аваад л болоо. Ккк.

Усанд орохдоо нүд рүү нь ус орчихлоо, саван орчихлоо гээд л бөөн асуудал үүснэ. Тийм болохоор нь аавтай нь хамт оруулчихдаг гэж байгаа. Хи хи.

Анхны өдөр нь өнөөдөр. Зугаатай, хөгжилтэй байсан гэсээр гарч ирсэн. Багш нь эелдэг гэж юүхэв гэсэн. Ээж наана нь миний үр чинь ийм тийм, анхаараарай гээд захичихаж байгааг зулзага минь мэдээгүй л дээ.

Одоо ахиад гурван удаа явна. Долоо хоногт нэг л удаа. Олон явдаг нь ч бий л дээ. Гол нь хүүхэд ядрана. Усанд сэлэх чинь их энерги зардаг юм гэсэн.

Ингээд ээжийн ажил нэгээр нэмэгдээд явчихна. Хүргэж өгнө, очиж авна. Жаахан томроод ирэхээрээ өөрөө явчихна л даа, уг нь. Тэр болтол жаахан л гүрийчихвэл...

Аниа нь явж байгаад дунд ангид ороод, сарын найз майз нь ирээд, жаахан дургүй болчихоод, тэгээд л явахаа байсан даа. Бага зулзага бас л тэгэх байх, тэр болтол ядаж сэлж сураг дээ. Юун төлөө далайн эрэг дээрх хотод амьдардаг билээ?

Амжилт хүсье...

Sunday, May 06, 2018

Унш унш бас дахин унш

Та нар амралтаараа ийм олон ном уншиж байсан уу?

Би багадаа Лениний музейн хойхон талд байдаг жижигхээн номын санд их ном уншдаг байлаа. Ардчилал хөгжөөд тэр номын сан маань ажиллахаа болиод, тэгээд л ер нь номын сан орно гэдэг тоотойхон болсон доо.

Нацагдоржийн нэрэмжит номын сангаар хэд хэд орсон. Төв номын сан орж үзлүү? Яалаа? Санахгүй байна өө.

Тийм болохоор л эндхийн номын сангаар атаархлын харц шидлэнгээ л үйлчлүүлдэг юм. Хэ хэ. Нүүлгээд л эх орондоо авааччих юмсан тийм ээ.

Бага зулзага бид 2 номын сан орохоороо хоёулангийн минь шунал хөдлөөд давхчихна аа. 2 долоо хоногийн хугацаатай зээлдэг учир, өдөрт нэг ном гэж тооцоолдог ч нэг мэдсэн 30, 40-р нь зээлчихсэн л явдаг юм.

Нэг хүн картаараа 12, өөр нэг номын сан 15 ном зээлж авч болдог. Өөөрийнхөө, ээж аавынхаа картаар зээлээд л ийм их болгочихно.

Гайхуулж байгаа юм биш шүү. Хотын захиргаа, мужийн захиргаа нь ард иргэдээ багаас нь номтой нөхөрлүүлэх юм аа. Бүр бодлогодоо тусгаад өгчихсөн.

Жишээ нь бага насны хүүхдүүдэд ном сайн уншиж өгч бай, ном уншиж өгөх аавуудыг магтаад л, номын сангуудад сайн дураар ном уншиж өгөх аавуудыг бүртгэж сардаа хоёр удаа ном уншуулна. Аав нар хүүхэддээ ном уншиж өгөх нь маш үр дүнтэй гэж сонссон юм байна. Тэгээд л эд нар ажил ажил гэж гүйгээд, гэртээ ховор үзэгдэх, нэг бол хүүхдийнхээ хүмүүжилд бага оролцдог аавуудыг аль болох гэрийн ажилд оролцуулах гэж үзэж тарна аа.

Мөн гадаад хэлээр ном сонсоцгооё, гэдэг арга хэмжээ ч зохионо. Хотдоо амьдарч буй гадаад иргэдийг гуйж англи хэлээр, орос хэлээр, герман хэлээр нь зурагт ном уншиж өгдөг юм. Нэг удаадаа тийм ч олон хүн цуглуулдаггүй юм билээ. 10-аад жаахан маамаанууд ээж аавынхаа аль нэгтэй гэж бодохоор 20-иод хүн цуглана.

Нэг нартай сайхан өдөр монгол хэлээрээ ном уншиж өгнө дөө гэж бодоод байгаа шд, энэ арга хэмжээнд. Хэ хэ. Хааяа бага сургуульд уншиж өгдөг л дөө, монгол хэл гэж ямар дуулдлагатай, аялагатай хэл болохыг сурагчдад сонирхуулах журмаар.

Гэх мэт үйлчилгээнүүд нь таалагдана гэж юүхэв. Таалдаг зүйлс ихтэй болохоороо монгол буцъя гэж яарахгүй байх шиг. Одоо ч хэзээ ирэх вэ? гэсэн хүмүүст болоогүй ээ гээд шулуухан хэлчихдэг юм...

Мэдэхгүй юм даа, эргэн тойрны хүмүүсээс маань эхнээсээ ажлаа хаях нь хаяад, чөлөө авах нь чөлөө аваад солонгос яваад байхад. Бид очоод заал өшиглөх болчихно шдээ гэж хэлээд л амыг нь таглаад байгаа. Хэ хэ.

Ингээд л хадуураад байдаг юм. За яахав олон жилийн дараа уншиж байхад энэ өдрийн сэтгэлийн угт байсан бодлууд, санаанууд минь ийм байжээ гэж мэдэх болохоор, 10 хуруу минь тухайн үед юу бичиж байна, тэр чигээр нь үлдээхээс...

Гэснээс Монголд Аз хур номын дэлгүүр хүүхдүүдэд ном уншиж өгдөг арга хэмжээ явуулдаг гэж уншиж байсан юм, нүүр номноос. Их олзуурхууштай шүү. Одоо дүүрэг хороонууд бас нэг иймэрхүү арга хэмжээ зохиодог болчихвол тийм ээ. Мөн бага сургуулиуд...

Цэцэрлэг, сургууль гээд хүүхдийн байгууллагад ажилладаг та нартаа ажлын амжилт хүсье ээ. Монголын минь ирээдүй та нарын гарт шүү...

Saturday, May 05, 2018

Элдэв

Ганц нэг зураг оруулах уу?
Сүши болон сашимитай хамт идээд байдаг васаби гэж байдаг даа. Тэр чинь оригоороо ийм хэлбэртэй байдаг юм. Үрж иддэг. Энэ тийм ч халуун ногоотой биш, аятайхан амттай байсан. Уулынхан маань ингэж оригоор нь хүнээс авч, өөрсдөө үрж байгаад, элдэв хоолтойгоо хольж идээд байпаг юм. Заавал түүхий загас энэ тэр гэлтгүй. Эртээд бид хуушууртайгаа идсэн чинь дажгүй тохирч байсан. 
Яг одоо суугуул мужийн хотын үзэмж нэг ийм цэцгээр өнгө нэмж алаглаад сайхан байна аа. Цүцүжи гэдэг цэцэг. Тэрэлж гэдэг орчуулга л олсон. Мэддэг мундагууд нь хэлж өгөөрэй. 
Ажлын газрын ойролцоо. Дулаахан өдөр хоолоо гадаа идвэл гоё санагдсан. Тэгж байгаад халахаас нь өмнө бэнтогоо авч гараад хотынхоо өнгө үзэмжийг гайхсан шигээ л хооллоно оо.
Өглөө бүр энэ модтой мэндчилж байгаа. Нэг тийм хөөрхөн цагаан өнгийн цэцэг гаргаад л ганханхан угтдаг юм. Ажилдаа орохын өмнөх сэтгэл минь хэлэхийн аргагүй сайхан болоод явчихна шүү дээ. Тарахдаа бас баяртай, маргааш уулзана аа гэж хэлээд сална бид хоёр чинь. 

Алтан долоо хоног дуусах гээд байдаг, яах уу? Битгий дуусаасай гэж залбирaхаас. Хэ хэ. 

Friday, May 04, 2018

Жижиг ном

Амралтаараа уншсан жижигхэн ном. Япон зохиол л доо. Япон хэлтэй улс бол андахгүй. Би ч их хожуу уншиж байгаа хүн.

Түрүү жил бөөндөж авсан жижигхэн номнуудаасаа уншиж эхэлсэн. Цүнхлээд явахад амар юм билээ.

Энэ япончууд яагаад номыг ингэж жижиг хэвлээд байдгийн учрыг одоо л ойлголоо гэхгүй юу. Хэ хэ.

Бодоод байсан, боргол уухаараа хажуугаар нь заавал чоко идэх гээд байдаг болсон байна лээ.

Том зулзагатайгаа энэ номны талаар хөөрөлдөв. Би япон хэлээр нь уншаагүй, зулзага монгол хэлээр нь уншаагүй.

-Нацүмэгийн зохиолууд надад таалагддаггүй юм өө.
-Тийм үү?
-Тэрэнд орох нь ээ Акүтагавагийн зохиолууд сонирхолтой шд, ээж ээ.

Ингэхэд энэ ээж дээрх хоёрын зохиолуудаас барагтай л уншаагүй байх юм. Одооноос уншина аа. Яаж ийгээд. Японы сонгодгуудаас ховор л уншсан байна. Энэ ариун явдал уу? Ккк.

Агуулгын хувьд та нар япон хэлтэй нь япон хэлээр, монгол хэлтэнгүүд нь монголоороо уншчихаарай. Би энд нуршихгүй ээ.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай...


Thursday, May 03, 2018

Зугаалга

Том зулзагын шалгалт шүүлэг гээд бид хэд уул руугаа явж чадаагүй уджээ.

Энэ амралтаар явж ирэв. Ёстой сайхан байлаа. Гэртээ ээж аав дээрээ очоод, эрхлээд ирсэн шигээ л сайхан.

Хоол цай юу хийх билээ? Хоолны ямар материал дутуу билээ? гэж сэтгэлээ чилээхгүй, дуртай зүйлээ хийгээд, өмхийрч ногоорч байгаад л ирэв. Хэ хэ. Ганц нэг номын ард гарав.

Мөн хаврын улиралаар иддэг уулын ногооны тэнпүра-г захиалж байгаад л идэж идэж ирэв.

Уулаасаа ингээд өвс, цэцэг түүж ирээд л тэнпүра хийгээд идчихээд байна. Манайхны хаврын яргуй энэ тэр иддэг шиг. Амттай гэж юүхэв. Гэртээ хийж иддэгүй юм.
Яаж зүгээр байхав, тэднийхээ дуртай монгол хоолийг хийж өгөв. Амттай байсөөн. Монгол хүн юм болохоороо монгол хоол цаанаа л нэг өег. 
Зугаалга гэсэн гарчигтай тул ядаж ийм нэг зураг оруулая даа. Шиманэ муж. Хурдны зам дээр түр буудаллаж зайрмаг идэх үедээ дарсан юм. Би ч яахав зайрмагнаас гарчихсан хүн. Тараг уусан. Хэ хэ.

Одоо алтан долоо хоног нь эхэлчихсэн, хүмүүс ийш тийшээ аялаад сайхан л байх шиг байна. Бид том зулзагынхаа аясаар гэр  зуур. Гэхдээ огт зүгээр байхгүй ээ, ганц нэг хүн гэртээ уриастай. 

Та нар минь долоо хоногоо амжилттай өнгөрөөгөөрэй. Битгий туйлширч нисэж мисээрэй. Энд тэнд л хогийн шүүр бариад ниссэн улс, нэг бол хөөрсөн улс. Хэ хэ.