Monday, May 28, 2012

Өөрийгөө яая гэж байж

нэг ийм юм тэвэрчихээд хариугүй алхах гээд л хөлөө зөөгөөд байна. Нэг мэдэхэд л гүйчих байх даа бага зулзага минь. Үүнийгээ энгэртээ тэврээд бүйвээлчихнээ. Доош харуулж байгаад тон тон гэнээ. Энд хүүхдээ унтуулахдаа тон тон гэж хэлээд, нуруугий нь ч юм уу, цээжийг нь зөөлөн цохидог юм. Ингэж унтуулахдаа дээрээс нь ойрхон байгаа нусны алчуур зэргийг нөмөргөчихсөн харагдана лээ. Охидуудаа гэж, ийм л хар багаасаа ээж болох бэлтгэлээ хийгээд эхлэх юм даа. Тэгэхэд хөвгүүд яаж байна? Уг нь бас охидууд шиг хар багаасаа халамжтай сайн аав болох бэлтгэл хийвэл тээ? хэхэ Гэснээс сүүлийн үед японд цэцэрлэгийн багш нарын дунд эрэгтэй багш их байх болсон гэж бичиж байсан санагдана. Жишээ нь охины цэцэрлэгт гэхэд л 4 эрэгтэй багш байна шдэ. Яг охины ангид нэг эрэгтэй багш нь байнаа. Япон үнээний хээ бүхий хормогч өмсчихөөд л хүүхдүүдтэйгээ мундаг харьцана шүү дээ. Үс мүс нь буржгараа, тэндээ л өөрийн гэсэн стильтэй. Хүүхдүүд ч багшдаа их сайн юм шиг байна лээ. Эмэгтэй багш нараас цаанаа л нэг өөр байгаад байгаам. Жишээ нь томыг цэцэрлэгт байхад байсан эрэгтэй багш нь гитар тоглоноо, янз бүрийн арга хэмжээн дээр гитараа дараад л хөөрхөн хөгжөөж байгаам чинь. За манайд эрэгтэй цэцэрлэгийн багш байвал яах бол? Та нар юу гэж бодож байна. Би хувьдаа их таалж байгаа. Ажил мэргэжилд чинь хүйсийн ялгаа ховор болоод байна шүү дээ цаана чинь...

Friday, May 25, 2012

Охины дуртай дуу

Би ч бас дурлаад байгаа.

Tuesday, May 22, 2012

За өнөөдөр

ээлжит биеийн тамирын өдөрлөг болоод. Томын сургууль. Энэ тухай урд нь бичиж байсан болохоор энэ удаад ганц нэг зураг л орууллаа.
Өө тийм нэг соргог зүйл гэвэл 1 дүгээр ангид нэг тэргэнцэртэй хүүхэд элсэн орсон байна лээ. Тэр хүүхдээ ч алаг үзэлгүй биеийн тамирынхаа өдөрлөгт оролцуулж байсан. Хариуцсан багш нь түрээд л хүүхдүүдийг гүйх үед нь хамт гүйнэ, шийдэнд бөмбөг оруулах үед газраас бөмбөгийг нь авч өгнө гээд л бүх төрөлд оролцсон.
Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуульд явуулах нь ихсэж байгаа юм шиг байна лээ. Бүр цэцэрлэгт хүртэл байдаг. Ингэснээр эрүүл саруул хүмүүс нийгэмд ийм хүмүүс байдаг юм шүү, тэдэнтэй хүн ёсоор хандаж харьцах хэрэгтэй, тэдэнд бидний жижиг гэлтгүй ямар нэгэн тусламж хэрэгтэй байдаг юм шүү гэдгийг хүүхэд байхаасаа суралцана. Заавал тэгэх ёстой, ингэх ёстой гэж заалгах биш өдөр тутмын амьдралаасаа суралцаад явах сайна талтай гэсэн. Японд тэргэнцэртэй хүмүүс энэ тэнд чөлөөтэй явах болоцоог хангаж өгсөн байдаг юм билээ. Энгийн жишээ гэхэд л дэлгүүр хоршоо, албан байгууллагат довжоо гэж бараг байхгүй, байсан ч тэргэнцэртэй хүнд зориулсан зам байна. Охины ярианаас тэдний сургууль тухайн хүүхдийг чөлөөтэй орж гарахад нь зориулж коридор, 00- өрөө зэргээ бага сага өөрчилсөн гэсэн.
Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль байна. Би бүр тийм сургуульд очиж монголынхоо талаар танилцуулж хамт шагай тоглож байсан. Эхэндээ жаахан эвгүй байдаг л юм билээ, сүүлдээ хэд хэдэн удаа очоод уулзаад ирэхээр тоохоо болиод энгийн хүмүүстэй харьцаж байгаам шиг болоод ирсэн. Тэгэхээр ийм хүмүүсээ нийгэмд чөлөөтэй оролцуулах нь их үр дүнтэй юм байна даа гэж бодсон.

Saturday, May 19, 2012

Би дуртай

кофе уух. Тэгсэн энэ ундны чинь цаана асар том асуудал нуугдаж байдаг юм байна шүү дээ, журмын нөхөд өө. Ядуурал, дарангуйлал, боолчлол, баяжилт. Орчин үед бол үгээгүй ядуурал гэсэн асуудлууд байнга дагаж явдаг юм байна.
1558 онд Африк тивээс хар арьстан хүмүүсийг Бразильд аваачин худалдан боолчилж хүнд хүчир ажил хийлгэдэг байсан ба түүний дотор асар хүнд дарамттай нь кофений тариалалт дээр ажиллах. Бразилийн Bahia мужийн Pelourinho талбайд анх боолчдын худалдсан газар. Тухайн үедээ сахар, тамхи зэргийг тариалахад боолчдын үүрэг асар их байсан.
1850 онд Америкт боолчлолын эсрэг хөдөлгөөн өрнөж энэ нь Бразильд нөлөөлж 1888онд боолчид чөлөөлөгдөж эрх чөлөөт хүмүүс болсон байна. Боолчлол нь 300 жил үргэлжилсэн байгаам.
1908 оны 6 сарын 18-нд 791 япон хүн Бразилийн Santos боомтод бууж байсан. Кофены талбайд өндөр цалинтайгаар ажиллах гэрээтэй байж. Португал, Герман, Итали зэрэг орны хүмүүс ч байсан. Энэ гэнэн мөрөөдөл байсан гэдэг. Боолчлолын систем устаж үгүй болсон ч кофен талбай дээрх ажил бол асар хүнд бөгөөд их тэсвэр тэвчээр шаардсан ажил байжээ. Одооч хэвээр. Цалин хөлс ч бага.
За гол сэдэв рүүгээ оръё. Кофе тариалдаг нэлээд хэдэн орон байдаг. Англи орон нь Sri Lankā-г колоничилж байсан байгаам. Цай тариалалтаараа дэлхийд дээгүүрт ордог. Португал, Голланд улсын колонид байж байгаад сүүлд 1832 онд Английн колонид бүрэн шилжсэн. 1948 оны 2 сарын 4-нд сая нэг юм Английн колониос ангижирч тусгаар улс болсон. Уг нь Sri Lankā-д кофе тариалдаг байж байгаад яг ямар шалтгаанаар цай тариалдаг болсныг бүү мэд. Гэхдээ л цаанаа нэг учирай байх, түүхийн эх сурвалжуудад ховор тэмдэглэгдсэн байдаг. Номыг бичигч эх нутагтаа байгалийн гаралтай цэвэр кофены газар нээх сонирхолдоо хөтлөгдөн хэд хэдэн удаа Бразиль болон Sri Lankā орно.
Кофенд 3 төрөл байдаг. Арабика буурцагных, энэ нь амт үнэр сайхантай дээд зэрэглэлийн кофе болдог. Робста буурцагных, энэ нь инстант болон лаазтай кофенд л хэрэглэдэг. Рибэрка буурцагных, энэ нь худалдаанд гардаггүй.
Японд Fair trade гэдэг үгийг сонсох болсон нь 2002 оноос. Энэ үгний нарийн утга учир нь нетэд тодорхой байдаг гэж бодож байна. Сонирхсон хүмүүс хайгаад олж уншаарай. Миний ойлгосноор "шударга худалдаа". Энэхүү шудрага худалдааг явуулдаг газар хэр олон байдаг эсэх нь эргэлзээтэй. Энэ ойлголт бол үйлдвэрлэгчид, тариаланчид зэрэг хүмүүсээс шууд худалдан авах, дунд нь ямар нэгэн зууч байхгүйгээр худалдаа явуулах гэсэн ойлголт. Ингэснээр хэтэрхий бага орлого бүхий үйлдвэрлэгчид, тариаланчдад бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдах, эргээд тэр нь тэд нарт гэрэл гэгээ, ирээдүйдээ итгэл итгэл төрүүлдэг сайн талтай. Хамгийн гол нь тэднийг ядуурлаас гаргана. Худалдан авч буй хүмүүст чашигтай. Зуучлагчдад сул мөнгө өгөхгүй. Үйлдвэрлэгчдэдээ шууд шаардлага тавих боломж олдоно гэх мэтчилэн.
Номыг бичигч маань Sri Lankā-д кофе тариалдаг хүмүүсээс худалдан авч тэднийг ядуурлаас гаргах сайн санаа өвөрлөн өөрийн зардлаар ирж очин газраа, хүмүүсээ судална. Сүүлдээ тухайн орны хүмүүсийн үндэсний зан чанар, өөрийнх нь санхүүний байдал зэргээс болоод мөрөөдлөө орхихын даваан дээр ЖАЙКА-тай учирна. ЖАЙКА-н тусламжтайгаар төсөл хэрэгжүүлж Sri Lankā-н уулын мухар дахь кофе тариалдаг иргэдийн сайн сайхны төлөө ажиллана.
Япон нь кофе хэрэглээгээрээ 3-т ордог гэнэ.
Энэ номд бичигдсэн нэгэн өгүүлбэрийг оруулмаар санагдаад
Хойд зүгийн хэрэглэгч, өмнөд зүгийн үйлдвэрлэгчид
Хойд зүгийн мөлжигч хүмүүс, өмнөд зүгийн ядуучууд
Хойд зүгийн саагчид, өмнөд зүгийн боолчлогчид гэдэг үг. Бодоод байсан үнэн юм билээ.
За нэг иймэрхүү ихийг мэдүүлсэн ном байлаа. Кофегоо уухдаа тэдгээр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлээд аль болох асгаж цутгалгүй хэхэ, дээдлэн хүндэтгэж ууж байна аа. Ер нь аливаа бүтээгдэхүүний ард хэн нэгний нөр их хүч хөдөлмөр, хөлс шингэсэн байдаг гэдгийг мэдрээд, нандигнан зөв зохистой, тааруулж хэрэглэх нь зүйтэй юм аа.

Tuesday, May 15, 2012

Шавийн яриа

Миний нэг шавь монгол явсан юм ажлаар. Би энд явахаас өмнө монгол хэл заадаг байсан юм, хэлж байсан билүү? Миний заах ч гэж дээ. Монгол хэл заана гэдэг чинь бас хэцүү л юм билээ.
Долоо хоногт нэг удаа скайпаар ярьж санал бодлоо хэлдэг юм. Хоол нь жаахан таарахгүй, таарахгүй ч гэж дээ уг нь бол гүрийгээд идээд л байгаа гэсэн. Гэм нь их давстай хоол идэцгээх юм аа монгол хүмүүс гэж байна лээ хөөрхий минь. Сүүлийн үед гэртээ япон амттай хоол хийж иддэг болж байгаа гэсэн. Их хүйтэн юм аа монгол, цаг агаар нь эрс тэс юм аа, өдөр нь жигтэйхэн халж байснаа оройд нь хүйтэн болчих юм аа гээд л ярьж өгнө шүү дээ.
Хүүхнүүд нь их ганган юм аа, өндөр өсгийт түрийтэй гутал, мини банзал өмсөөд л. Зун болохоор хөл гар нь улам л ил гараад бүр ч дур булаам болдог гэж надад нэг хүн хэлсэн гэж авсан шд ккк. Бодвол бас нэлээд хэдэн жилийн өмнө монголд очсон япон нь хэлсэн байх даа.
Их хуурай, өглөө угаагаад тавьсан хувцас орой нь хатчихсан байх юм, бүр өрөөндөө тохоод тавьсан хувцас шүү гэж ирээд л ялгаатай талыг нь хэлнээ. Гэхдээ одоо овоо дасаад байгаа гэсэн. Эхэндээ траншейны нүх таглаагүй байгаа энэ тэрийг хараад аюултай шүү дээ энэ чинь гэж боддог байсан зүйлдээ дасаад хараад нээх юм бодохоо байж байгаа гэсөөн. Яг л бидэн шиг, бид ч эхэндээ энд ирээд бүх юм нь л өөр, сонин хачин байсан бол одоо тоохоо байсан зүйл их байгаам чинь.

Monday, May 14, 2012

Самара хатан үргэлжлэл

Түүний хойно эх Самара гүнж Адай хааны дэргэд ирээд хөвгүүнээ буцааж аваачихыг гуйсанд Адай хаан зарлиг буулган Тогооныг Ойрадад нь хүргүүлэв. Тогоон тайжыг нас барсны сүүлээр түүний хөвгүүн Эсэн, дөрвөн Ойрадын ноёдтойгоо холбуулж Чингис хааны хойч үе болох Тайсун хаан хийгээд түүний дүү Агбаржи жонон зэрэг Монголын ноёдыг хороогоод өөрөө хаан суув. Тэр тухай Агбаржи жононгийн хүү Харгуцаг дүүрэн тайж өөрийн нөхөдтэйгөө зугтаж гараад Цагадай хаан улсад хүрч алагдав. Харгуцаг Дүүрэн тайжийн хатан Цэцэг нөхрөөсөө бие давхар үлджээ. Цэцэг бол Эсэн тайжийн охин юм. Эсэн тайж охиноо бие давхар үлдсэнийг мэдээд өөрийн бодлоо гүйцэлдүүлэхээр завдав. Охин Цэцэгээс хүү төрвөл амийг егүүтгээд, охиноо өөр хүнд богтлон өгөх санаатай байв. Харин Самара түүнээс өрсөн гучинцар охиноо зугтаалган эсэн мэнд хүүгээ төрүүлтэл олохооргүй газар нуужээ. Залуу эх хүүхдээ амар тайван төрүүлсэнд хүү мэндэлжээ. Түүний ирээдүйг бэлгэдэн Баянмөнх гэдэг нэр хайрлажээ. Бяцхан хүү Баянмөнхийн өвөг эцэг охиноо ямар хүүхэдтэй болсныг яаралтай мэдэхээр эрлийн баг бүрдүүлэн явуулав. Тэр эрлийн хүмүүст: "Хэрэв охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна" гэсэн харгис хатуу даалгавар өгчээ. Эрлийнхэн явсаар Цэцэгийн байгаа газрыг мэдэж, олж ирэхэд залуу эх энэ хүмүүс ямар зорилгоор ирснийг сайн мэдэж байлаа. Хүүхдийнх нь хүйсийг шалгана гэдгийг тааварласан бүсгүй, тэднээс айсан дүр үзүүлэлгүй ажиг ч үгүй хүүгийн өлгийг задалж өвөр дээрээ аван, тэдний өөдөөс нь харуулан тосчээ. Гэхдээ эх уруугаа хүүгийнхээ өлгийний даавуугаар халхалж, төмсгийг нь салтаан дор арагш татан эрэгтэй хүүхэд гэж мэдэгдэхгүйгээр дарж байгаад шээлгэжээ. Эрлийн багийн ахлагч түүний хүүхдийг сайн харж Эсэнд "охин байна" гэж дуулгажээ. Цэцэг хатны хүүг нэг нас хүрмэгц Самара гүнж өөрийн ордондоо аваачив. Үүнийг сонсоод Эсэн ихэд хорсон алахаар завдав. Эсэн бас "хүү" гэж гадарлах болжээ. Самара хатан түүнийг хуурахын тулд нэгэн зарцын нялх охинтой хамт байлгах болжээ. Хатан эх Самарыг гэрт эрлийн багийн ахлагч ирэхэд хатны өргөөнд байсан нөгөө охин хүүхдийг үзээлэхэд тэрээр нүцгэлж бэлэг эрхтнийг нь сайтар шалгав. Тэгээд Эсэнд "Та яах аргагүй зээ охинтой болсон байна" гэжээ. Гэвч нууц задарч болсон явдлыг шивэр авир ярилцах болжээ. Нэгэн удаа эл хүмүүс бас л ирэв. Хатан нялх хүүгээ хөмөрсөн тогоон дор нууж, дээр нь аргал асган аргалжээ. Гурван жилийн турш Самара хатан бяцхан хүүг нууж, далдалж, хамгаалж халхалсан бөгөөд энэ маягаар хичнээн арга ухаан заль мэх хэрэглээд цаашид удаан үргэлжлэх боломжгүй болсныг ойлгойжээ. Самара хатан Их хааны удмыг залгаж төрсөн гурван настай жаахан хүүгээ өөрийн ач хүү Эсэнгийн захирдаг газраас оргуулан зайлуулж Үнэнч сэтгэлт монголчуудын ивээлд өгөхөөр шийдсэн нь түүний өөрийн овог угсаа, улс үндэстнийхээ төлөө хийж чадах хамгийн сүүлчийн гавъяат үйлс байв. Зорилго нь тун хэцүү бөгөөд аюултай байлаа. Монголд хүүг ямар хувь заяа хүлээж байгаа нь тодорхойгүй байв. Хүүг монголд хүргэх итгэлтэй сайн хүмүүсээр баг бүрдүүлж чадав. Энэ багт Өгөдэй баатар, Хорчины Болой тайж, Сартуулын Баяндай мэргэн, Хохирадын Эсэлэй нар байв. Багийнха өдрийн сайныг товлож хүүг аван мордлоо. Эсэн энэ тухай сонсоод ихэд уурласан боловч нөгөө тадлаар Самара хатны гарсан завшааныг ашиглан түүнийг өөрийн гартаа оруулах боломж гарлаа хэмээн баярлажээ. Эсэн бас нэг баг бүрдүүлэн хойноос нь нэхүүлжээ. Тэд балчир хүүг авч яваа морьтонгуудыг хөөн гүйцэж хүүг булаалдан харвалдав. Эсэнгийн хүмүүсээс хүүг нуухын тулд өлгий ор хийж дотор нь хүүг маш сайн уяад нуужээ. Хүүг олж авчирсан хүмүүст өндөр шагнал амласан учир эрэлд олон хүн оролцсон байна. Эрлийхэн бүхий л газрыг самнан эрсээр хүүгийн байгаа газрыг олохын даваан дээр Самара хатны талын хүмүүсийн нэг тэднээс өрсөн тэр зүг давхив. Эсэнгийхэн ч араас нь давхилдаж, түүнд мориноосоо бууж хүүг авах завдал өгөхгүйгээр тун ойрхон нэхэж ирэв. Одоо зөвхөн хүүгийн нуусан газрын дэргэдүүр мориныхоо хар хурдаар давхин өнгөрөхдөө явдал дундаа бөхийж хүүг өлгийнөөс нь нумныхаа үзүүрээр гогдон авах боломж л үлдээд байлаа. Нумны үзүүр өлгийд хүрч гогдоход өлгийг агаарт өргөж мориныхоо давхих чигт эгц урагш хөөргөн шидэв. Тэгмэгц өлгий газарт унахын алдад аврагч эр гавшгай нь аргагүй тосч барьж аваад хурдаа огт саалгүйгээр Эсэнгийн хүмүүсээс хол тасран давхин оджээ. Хүүг оргуулсан хүмүүс олон хоног аялсны эцэст Самара хатанг хүндэтгэн итгэж явдаг нэгэн сайхан сэтгэлт айлд хүүг даатган өгчээ. Самара хатан энэ тэмцэлд ялсан бөгөөд хожмын нэгэн өдөр агуу их үйлсийн эхлэл болно хэмээн зөн совингоороо итгэсээр энэ явдлаас хойш их удалгүй наян насандаа тэнгэрт хальжээ. Баянмөнх бол 14-16 зууны Монголын их хаан Батмөнхийн эцэг билээ. Самара хатан бол Монголын түүхнээ алдар цуутай Эсэний эмэг эх бөгөөд Батмөнх даян хааны эцэг Баянмөнхийг аварсан гавъяат хүн юм. Монголын түүхэнд маш их гавъятай хатан билээ.

Sunday, May 13, 2012

Монгол хатад

Жак Уэтерфордын "Монгол их хатдын нууц товчоо" гэдэг номыг монгол руу захисан чинь олдохгүй байна гээд ийм нэгэн нимгэн ном өгч явуулсан байсан юм. Захиалга өгөөд орхицон байгаа л гэсэн. Тийм ховор ном уу хүмүүс ээ?
Самара хатан
Самара хатан Хиад аймгийн боржигон овогтон. Эцэг нь Элбэг нигүүлсэгч хаан. Тэрээр Умард Юань улсын 4 үеийн хан байжээ. 1393 онд Элбэг нигүүлсэгч хаан их сууринг залгамжилсны сүүлээр Өлзийт гуа байжийн арганд орж Ойрадын ноён Хуухай Даюуг хилсээр хороожээ. Ийм учир Элбэг нигүүлсэгч хаан Хуухай Даюугийн хүү Батулаг дуудаж: Би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг чинсан болгоё. Чи Ойрадын эзэн Үгчи Хашхагийн хамт дөрвөн Ойрадыг захиртугай. гэж зарлиг болов. Тэгээд Элбэг нигүүлсэгч хаан өөрийн их хатнаас төрсөн Самара нэрт гүнжээ хатан болгон өгсөн ажээ. Тэр үед Ойрадын ноён Үгчи Хашха Батула чинсанд атаархаж Элбэг нигүүлсэгч хаанд дургүйлхэж эхлэв. Батула чинсан ч Элбэг нигүүлсэгч хаанаас эцгийнхээ өшөөг авахыг зорьж байв. Тийнхүү 1401 онд Үгчи Хашха, Батула чинсан хоёул хамсаж дөрвөн Ойрадоо дагуулан Монголыг довтлон ялж Элбэг нигүүлсэгч хааныг хороов. Тэгээд Үгчи Хашха, Өлзийт байжийг хатнаа болгон авчээ. Үүний хойхно 1404 онд Аругтай тайж Үгчи Хашхыг цаазалж, Цагадай хаант улсаас Өлзий Төмөрийг залж авчран хаан өргөмжилж өөрөө тайж болоод цэргийн эрхийг атгав. Үүний улмаас Батула чинсан ямар ч эрхгүй болсон тул харъяат цэргээ авч байлдахаар мордоод Өлзий Төмөр хааныг алсан бөгөөд Аругтай тайжийг амьдаар нь баривчлан авчирчээ. Батула чинсангийн хатан Самара, Ойрадад баривчлагдан ирсэн Өлзийт гуа байжий, Ажай тайж эх хөвүүн хоёр ба Аругтай тайж гурвыг төрхмийн газар Монгол улсдаа нууцаар илгээхээр дутаалгаад:
Эзлэн сууж байсан
Эзэн хаан нь үхэв.
Эртний дөрвөн Ойрад
Эх сүүлээ алдав
Энэ үед хэрвээ
Эртхэн дайлахаар ирвэл
Эзэнгүй олон ардыг
Эрх биш дийлж чадна хэмээн захиж байтал хөвгүүн Багум нь
"Учирсан газар муу боловчөөрийн гэр болно
Уг төрхөм сайн боловч хүний газар болно
Ээж та тэгж хэлбэл эцэг тэнгэр таалах үгүй болно" гэв. Гэвч Самара хатан хөвгүүнийхээ үгийг сонссонгүйгээр тэр гурвыг улсдаа буцаав. Өлзийт гуа байжий, Азай тайж, Арутгай тайж гурвууланг хүрэх үед Адай хаан монгол улсыг эзэлж байв. Тийнхүү тэд гурвуулаа Самара гүнжийн үгийг үлдээлгүй хэлсэнд Адай хаан ихэд баярлав. Тэгээд Адай хаан 1410 онд Өлзийт гуа байжийг хатнаа болгон аваад эзний өмнөөс хаан ширээнд сууж Аругтайг тайж өргөмжлөн манлайд явуулаад өөрөө 10 түмэн шилдэг цэргийг авч дөрвөн Ойрадыг байлдахаар мордов.Энэ чимээг Ойрад, Өөлд, Тайчууд, хойт дөрвөн аймаг сонсоод мөн угтан байлдахаар ирэв. Хоёр этгээдийн цэрэг Зэлмэн ханы дэргэдэх "Бор нохойн зуу" гэдэг газарт золгон байлдаад Адай хаан ихэд дийлж Батула чинсанг цавчин алсан бөгөөдхөвгүүн Багумыг нь амьдаар нь баривчлан авчрав. Азай тайж, эх Өлзийт гуа байжийтайгаа уулзаад: Самара гүнж сайн явдал хийснийг бодож энэ хөвгүүнийг тавибал ямар вэ? гэсэнд Өлзийт гуа байжийг дуугарахаас өмнө Аругтай тайж:
"Араатны зулзагыг тэжээж үл болно
Атаатны үрийг өрөвдөж үл болно" гэв. Энэ үгийг Адай хаан зөвшөөрч Багумыг Аругтай тайжид тушаан өгөв. Үүнд Аругтай тайж ихэд баярлаж: "Энэ өдөр чиний эцэг Батула чинсан намайг арган дор хөмөрч "Аругдай" хэмээн доромжлон дуудаж билээ. Эргэх наран ээлжлэн төр эргэснээр одоо би эцгийнх нь өшөөг хүүгээс нь авах цаг болов" гээд Багумыг тогоон дор хөмрөн "Тогоон" хэмээн нэрийдэж гэртээ аваачин боол болгон зарав. Үргэлжилнэ.

Wednesday, May 09, 2012

Хорвоогоор нэг

мундаг хүмүүс байна шүү. Зохиолч өөрийнхөө тухай бичсэн ном. Уншихад их амар байсан, учир нь ханзных нь хажууд дуудлагыг нь оруулсан байсан ккк. Агуулга нь хувийн амьдралаа бичсэн ч цаанаа л нэгийг бодогдуулсан. Ким Сүрим гэх энэ хүүхэн 1972 онд төрсөн. Нэрнээс ойлгомжтой байх, солонгос хүн. 2 настайд нь ээж аав нь салсан. 4 настайд нь аав нь дагуулж явснаа холын гэх хөдөө тосгон дахь хамаатныдаа аваачиж орхино. Жаахан охин ээжийгээ санаад өдөр бүр уйлна. 6 настайдаа сонсголгүй болно. Үүнд яг юу нөлөөлснийг мэдэхгүй ч сэтгэл санаа их нөлөөлсөн байх гэж хувьдаа бодсон. 12 настайдаа японд ирнэ. Учир нь ээж нь нэг хэсэг алга болсноо япон хүнтэй суугаад японд ирснээр Сүримийн япон дахь амдрал эхэлнэ. Ямар ч хэл мэдэхгүй, дээрээс нь сонсголгүй гээд их л олон бэрхшээлтэй учирна. Тэр бүхнийг давж гарна. Ахлах сургуулиа төгсөөд 1 жилийн хугацаатайгаар англид хэлний курсэд сурна. Тэгэх явцдаа хайр дурлалтай учирна. Буцаж ирээд нэгэн компанид орно. 4 жил гаран ажиллана. Англид танилцсан хайр нь япон хүн байсан учраас араас нь ирж цугтаа амьдарна. Хайр дурлал нь бүтэлгүйтнэ. Гүн шоконд орж 1 жил гаран гэртээ бүгнэ.Гэнэт сэргэж 3 жилийн хугацаатайгаар дэлхийн 30 орноор аялна. Ганцаараа дээрээс нь эмэгтэй хүн байж, бас л их зориг шаардаж байгаам. Аялахдаа хамгийн бэрхшээлтэй, адал явдалтай гэж үзсэн газруудаар явсан байгаам. Цуглуулсан мөнгөө дуустал. Энэ хугацаанд испани хэл сурна. Японд буцаж ирнэ. Ажилд орно. Goldman Sachs компанид ажилд орно. Их л мундаг газар бололтойм. Би ч анх удаагаа л мэдлээ. Хүнтэй сууна, хүүхэдтэй болно. Ажлаасаа гарна. Дахин сэтгэл санааны гүн хямралд орно. Гэртээ бүгнэ. Харин энэ удаагийх нь богино хугацаатай. Өөр ажилд орно. Товчлоод бичвэл нэг иймэрхүү намтартай. Зохиолчийн хэлэх гэсэн гол санаа нь: Мэдээж ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг хэцүү ч тэр нь давуу тал болдог тухай. Өөрөө ч түүнийгээ давуу тал болгон ашиглаж японд дээгүүрт ордог камнаид ажилд орсон. Мөн эрүүл саруул мөртлөө өөртөө итгэлгүй, амьдрал нь утгагүй мэт санагддаг зэрэг хүмүүст зориулж "зориг гарган дэлхий тийш анхаарлаа хандуулж аялалд гараад үз. Янз бүрийн л зүйлтэй учир нь, баян орон ядуу орон, үзэсгэлэнт байгаль, хатуу ширүүн байгаль гээд л." 2 чих нь сонсдоггүй би чадсан байхад эрүүл саруул хүн танд чадахгүй зүйл гэж байхгүй. Мөн номныхоо ашгаас сонсголгүй хүмүүсийн чих болж өгдөг тусгай сургуулилт бүхий нохойн нийгэмлэгт хандивлана гэнэ. Хараагүй хүмүүсийн нүд хараа болж өгдөг нохойны талаар хүмүүс мэдэх нь их ч сонсголгүй хүмүүсийн чих болж өгдөг нохойны талаар тэр бүр мэддэггүй гэнэ. Би ч бас анх удаагаа л сонсож байна. Гэх мэтчилэн мундаг хүмүүс их байнаа, тэднээс суралцах юмсан гэж бодов.

Sunday, May 06, 2012

Амралт

За Их наран улсын олон хоногийн амралтыг гэрээрээ агаар салхинд гарч сайхан өнгөрүүллээ. Эхний 2 өдөр бороо хуртай байсан ч дажгүй ээ. Уулын аманд болохоор нэлээд сэрүүхэн ч агаар сайхантай. Яасан ч хурдан өнгөрдөг юм, ажил алба эхэлчих юм. Нозоорсон улсууд дахиад хэд хоног амарчуул ч амарчихмаар...
Бага минь улам л эгдүүтэй, ааштай болж байна даа. Нохой хараад хов хов гэдэг болсон. Күсай (өмхий) гэхээр хамраа дарж ирээд л инээж байна. 4 сард хэд хоног гэдэс энэ тэр нь өвдөөд жаахан шуугдсан байсан хүн одоо их идэмхий болоод өгөхийн зуурт л чарлаж нэхээд байдаг болсон. Ганц нэг алхаад л суучихаад байна, нэг мэдэхэд гүйх байх даа. Аниагаасаа ээжийгээ харамланаа, аниа нь ч дүүгээ цаашлуулаад л миний ээж гээд л өнөөх нь уурлаж энэ тэр. Ээж бас зүв зүгээр амраагүй ээ, ганц нэг уран бүтээл туурвисан шиг. Дараа зургийг нь оруулнаа.