Sunday, May 06, 2018

Унш унш бас дахин унш

Та нар амралтаараа ийм олон ном уншиж байсан уу?

Би багадаа Лениний музейн хойхон талд байдаг жижигхээн номын санд их ном уншдаг байлаа. Ардчилал хөгжөөд тэр номын сан маань ажиллахаа болиод, тэгээд л ер нь номын сан орно гэдэг тоотойхон болсон доо.

Нацагдоржийн нэрэмжит номын сангаар хэд хэд орсон. Төв номын сан орж үзлүү? Яалаа? Санахгүй байна өө.

Тийм болохоор л эндхийн номын сангаар атаархлын харц шидлэнгээ л үйлчлүүлдэг юм. Хэ хэ. Нүүлгээд л эх орондоо авааччих юмсан тийм ээ.

Бага зулзага бид 2 номын сан орохоороо хоёулангийн минь шунал хөдлөөд давхичихна аа. 2 долоо хоногийн хугацаатай зээлдэг учир, өдөрт нэг ном гэж тооцоолдог ч нэг мэдсэн 30, 40-р нь зээлчихсэн л явдаг юм.

Нэг хүн картаараа 12, өөр нэг номын сан 15 ном зээлж авч болдог. Өөөрийнхөө, ээж аавынхаа картаар зээлээд л ийм их болгочихно.

Гайхуулж байгаа юм биш шүү. Хотын захиргаа, мужийн захиргаа нь ард иргэдээ багаас нь номтой нөхөрлүүлэх юм аа. Бүр бодлогодоо тусгаад өгчихсөн.

Жишээ нь бага насны хүүхдүүдэд ном сайн уншиж өгч бай, ном уншиж өгөх аавуудыг магтаад л, номын сангуудад сайн дураар ном уншиж өгөх аавуудыг бүртгэж сардаа хоёр удаа ном уншуулна. Аав нар хүүхэддээ ном уншиж өгөх нь маш үр дүнтэй гэж сонссон юм байна. Тэгээд л эд нар ажил ажил гэж гүйгээд, гэртээ ховор үзэгдэх, нэг бол хүүхдийнхээ хүмүүжилд бага оролцдог аавуудыг аль болох гэрийн ажилд оролцуулах гэж үзэж тарна аа.

Мөн гадаад хэлээр ном сонсоцгооё, гэдэг арга хэмжээ ч зохионо. Хотдоо амьдарч буй гадаад иргэдийг гуйж англи хэлээр, орос хэлээр, герман хэлээр нь зурагт ном уншиж өгдөг юм. Нэг удаадаа тийм ч олон хүн цуглуулдаггүй юм билээ. 10-аад жаахан маамаанууд ээж аавынхаа аль нэгтэй гэж бодохоор 20-иод хүн цуглана.

Нэг нартай сайхан өдөр монгол хэлээрээ ном уншиж өгнө дөө гэж бодоод байгаа шд, энэ арга хэмжээнд. Хэ хэ. Хааяа бага сургуульд уншиж өгдөг л дөө, монгол хэл гэж ямар дуулдлагатай, аялагатай хэл болохыг сурагчдад сонирхуулах журмаар.

Гэх мэт үйлчилгээнүүд нь таалагдана гэж юүхэв. Таалдаг зүйлс ихтэй болохоороо монгол буцъя гэж яарахгүй байх шиг. Одоо ч хэзээ ирэх вэ? гэсэн хүмүүст болоогүй ээ гээд шулуухан хэлчихдэг юм...

Мэдэхгүй юм даа, эргэн тойрны хүмүүсээс маань эхнээсээ ажлаа хаях нь хаяад, чөлөө авах нь чөлөө аваад солонгос яваад байхад. Бид очоод заал өшиглөх болчихно шдээ гэж хэлээд л амыг нь таглаад байгаа. Хэ хэ.

Ингээд л хадуураад байдаг юм. За яахав олон жилийн дараа уншиж байхад энэ өдрийн сэтгэлийн угт байсан бодлууд, санаанууд минь ийм байжээ гэж мэдэх болохоор, 10 хуруу минь тухайн үед юу бичиж байна, тэр чигээр нь үлдээхээс...

Гэснээс Монголд Аз хур номын дэлгүүр хүүхдүүдэд ном уншиж өгдөг арга хэмжээ явуулдаг гэж уншиж байсан юм, нүүр номноос. Их олзуурхууштай шүү. Одоо дүүрэг хороонууд бас нэг иймэрхүү арга хэмжээ зохиодог болчихвол тийм ээ. Мөн бага сургуулиуд...

Цэцэрлэг, сургууль гээд хүүхдийн байгууллагад ажилладаг та нартаа ажлын амжилт хүсье ээ. Монголын минь ирээдүй та нарын гарт шүү...

No comments:

Post a Comment