Friday, November 24, 2017

Ертөнцийн гоо бүсгүй

Дэвэн дэлхийн шохоорхол-саран гоо бүсгүйн
Дэглий цагаан тогоруу шиг уран гоо бэлхүүс
Даяанч хуваргын мэргэн санааг уралдуулж
Далай ламын урьхан зүүдэнд эргэлдэнэ...
Цэцэг шингэсэн алчуур нь салхинд үелзэн намирахдаа
Цэргийн дарангуйлагчийн төмөр сахилгыг ч хайлуулна
Тэнгэрлиг сайхныг улам ариусгаж цэлмээхээр
Цэнгэг агаар зөвхөн чам руу л тэмүүлнэ...
Автомат бууны сумыг хүхээн дотор нь гацааж
Араатны хурц соёог завжин цаана нь мохоож
Амьтай, амьгүйг халираасан энэ л гоо үзэсгэлэн
Алдарт Нин хааныг шидэт харцаараа уусгаж
Ассирийн эзэнт улсыг дөчин жил захирсан...
Оёоргүй хүслийг бадраагч өхөөрдөм нэгэн шувуухай
Ойгүй хурц төрхөө гантиг чулуунд шингээж
Оройгүй сүм-Таж Махалын бунхан болж гялалзсан...
Орчлонгийн гоо чамаас хагацахын аргагүй эмээсэндээ л
Ромын Пап хүртэл харцаа буруулан загалмайлсан...
Исламын харгис шүүгч чамайг яллахаар улайрсан ч
Инээмсэглэхийг чинь хараад л тайган болж туялзсан...
Эгнэшгүй сайхан царай чинь эзэн хаадыг тулалдуудж
Эртний Грекийн Трой хотыг эгшин зуур мөхөөсөн ч
Энгүй алдар цуу чинь эгшиг туульсанд мөнхөрсөн...
Хортой алим шиг улаахан гоо үзэсгэлэн чи ...
Хорхой хөдөлгөж, шунал буцалган мишээхүйяа
Хосмолжин санаатай, хохой халаг хүмүүнд бол
Хорвоогийн амар амгаланг мөнхөд үл авчирнам...
Ертөнцийн гоо чиний ялдам өнгөнөөс гэрэвшсэндээ л
Есөн гариг нь алтан нарыг шүтэн тойрч эргэлднэм...
Залуу сайхан ярууслыг тань зуурдын сансарт гацааж
Замбуу тивийн цаг хугацааг мянган жилээр зогсооном...

Б.Ойдов

Жич: хосмолжин гэж яг ямар утгатай үг бол? Мөн хохой халаг хүмүүн ?

No comments:

Post a Comment