Thursday, November 30, 2017

Тэнгэрийн таван нүдэн

Санжийн Пүрэв
Өгүүллэг

Намрын адаг арын шиврээ бороотой нохой өдөр Баясахынд хөл ихтэй, хүүхэд хөгшидгүй бужигнаж байв. Исгэл унагандаа хоргодсон гүү зэл сахин зогсоно. Энэ саруул сэргэлэн дэнжийг Баясах өсөхөөс өтлөхийн жаргалаа эдэлсэн газар гэж хэлж болно. Өвөлдөө өнөтэй, зундаа зулагтай хувьтай хүнд л заяасан нутаг гэлцэн эндхийнхэн магнай тэнэгэр, сэтгэл өөдрөг явдаг бөлгөө.

Баясах өөрийгөө Халхын Өндөр гэгээн Занабазар Богдын ус нутгийг манаж, утаа уугиулж яваа хувьтан хэмээн өөртөө омогшуу, өрөөлд түшигтэй амьдарсаар насны даваан дээр гарч ар, өвөрөө уужуу ухаанаар болгоож яваа амгалан тохьтой буурал. Өдий насны хүнд нутаг нугаас гадна хайрлаж харамлах, бахархан сүслэх юмс бишгүй. Тэр дунд олдохгүй ховроос эхлээд ор тас мартагдан огоорсон юмс ч байна.

Жилийн жилд зуны эхэн сарын бар, намрын адаг сарын нохой өдөрт энэ дэнж дээр Баясахынх ийнхүү хөл хөөр болон хол ойрынхон бужигнаж эрт эдүгээгийн яриа хөөрөө өрнөн их багагүй эрт эдүгээгийн учир явдлыг ухаж мэднэ.

Баясахынд хулаар айраг бялхаж, хундагаар охь мэлтэлзэн эднийхийг гүүгээ тавьж унага тамгалахад ирсэн нутаг усны ахан дүүс хөөрөг зөрүүлэн мэнд амраа айлтгаж инээд баясал дүүрэн байв. Баясах энэ нутагтаа тулгаа тойрч суугаа ачтан буурлын нэг агаад ухаан санаандаа уул шиг ихийг хадгалсан хүн гэж гол усныхан амыг нь дагаж, аяыг нь харна.

Баясах луутай тэнгэр, лустай газрын эзэн гэлтэй цаг нарыг алдалгүй хэлнэ. Хэн бүхэн эрж сурснаа "Баясах Амбаагаас асууна" гэлцэн гүйлдэнэ. Энэ цахир буурал тэргүүнт настан цагтаа бичиг үсэгтэйд тооцогдон баг сумын хооронд баадантай данс бүслээд төрийн хэрэгт зүтгэж явлаа. Идэр залуудаа эр цэргийн албанд бага дарга мөрдөс зүүж байлдах газраа байлдаж ихийг үзсэн амьд домог.

Иймээс Монгол хэмээх баринтагтай судрыг насаараа дээдлэн тэндээс олдохгүйг олж, мартасныг сэргээж явдаг том эрдэм номтон ч Баясахынд хүрэлцэн ирж дотор ухааныг нь уудалдаг гэлцэнэ. Үнэхээр ч түүнийг үзэж хараагүй, дуулж сонсоогүй юмаар ховор, мартаж санахын зовлонгүй гэж олноор магтана. Хүмүүс Баясахыг өөрийгөө умартаж өрөөлд ачлал болохоор мөлхөх нь холгүй мачийдаг өгөөмөр сайхан өтөлж яваа буурлын амьд шастир гэлцэнэ.

Баясах цагтаа нутаг усны олон баатар эрстэй хамт чөлөөлөх дайнд мордон гол гаталж, элс манханд хөлсөө цувуулж, ус бороо, намаг шавар туулан өвөрлөгч нутагт амь тэнцэн явсан гавъяатай. Энэ бүхнээ "Эр цэрэгт мордож, элэг буруу дайсантай эрэгчин эмэгчнээ үзэлцээ л биз, өдийд энэ хэр яваа минь өндөр дээдсийн минь надад үлдээсэн амьд явахын хишиг" гэж дотроо залбирна.

Баясах цэргээс ирж хань бүл, үр ачийн бараа харж олон он жилийг ардаа орхин эдүгээ ачтаны дээд ачтан гэгдэн жаргаж явна. Бага залуудаа адуу малтай ноцолдож дээлийн сугаа урж, дөрөөний суруу сунгаж явсных Арвайн талыг дүүргэсэн биш гэхэд Харлин, Шарлингийн голоор дэл, сүүлээ хуурдсан хэсэг сайхан адууныхаа туурайн тоосыг босгон, туриглах чимээнд хийморь сэргээн уургын уртыг суналзуулах болсон. Түүнийхээ хүчээр Баясах зэллэх унага, уух айрагтай явна. Хэдэн охид, хүүхэд нь ч адуу малаа харахаар магнай тэнийн зовхи сэрвэлзэнэ.

Эднийх нясалсан шагай шиг цахилж буусан ганц хүү, торго гологдом тос даасан тэрсхэн гурван охинтой. Охин хүүхэд айлын өрх татах заяанд төрдөг хойно сум сунгаж, өрх өсгөн айлын хүн болж, харин ганц хүү нь голомт залгах эр хүн гэгдэн бас нэг адуу малтай ноцолдсон хүн аавынхаа шийрийг хатаах болов.

Тэр өдөр Баясахынд ирсэн хол ойрын ахан дүүс цайлж ёс төр гүйцэтгээд морин цагт унагаа тамгалав. Зэл дүүрэн зээрд голцуу унага зөөлөн бороонд жихирч хумбан туураараа газар цавчлан, туриглаж тогтож ядан харагдана.

Баясах эцэг дээдсээс уламжлаж, хоймрын авдартаа хадагт ороон нандигнасан "Таван нүдэн" тамгаа гаргаж эргүүлж тойруулж харснаа сүүгээр мялаан гадаа шиврээ борооноос халхлан асаасан аргалын галд дүрж улайтгав. Энэ тамга их дээрээс олон буянтныг дамжин газар тавиулахгүй өртөөлсөөр Баясахын гар дээр ирсэн хосгүй эрдэнэ бөлгөө.

Баясах энэ жилийн ууган унагаа зэгзэлзүүлэн хөтлөн ирж, хүү ч тамгаа галаас авч баривал "Манай хулагч гүүний унага энэ сайхан морь болно, эх нь зээр шиг хурдан юм... Хойтонгийн наадмаар Шарлингийн хөндийн тоосыг хамаг дааганы мундаан дээр овоолох байлгүй" хэмээн ууган унагаа магтан бахтай хөхөрсөөр хүүдээ,
-Миний хүү ташаа алдаж нялх мал зовоочихов, арай дээхэн тамгал. Адуу мал им тамгаасаа эхлээд хүнд сайхан харагддаг. Унаа морио зөв сайхан эдэлсэн эр хүн олонд хүндтэй. Үүнээс хойш чи л энэ хэдэн адуутай ноцолдоно гэж сануулан, хүү тамгаа унаганы зүүн гуянд хярвас үнэртүүлэн дарлаа. Тэнд байсан улсууд хурайлан, Баясах ууган унаганыхаа хошуу, хондлойг нударгаараа хайрлан шударч хондлойд нь айраг дусаан сүрэгт нь тавилаа.

Үргэлжлэлийг дараагийн бичлэгт...

No comments:

Post a Comment