Monday, November 27, 2017

Сансрын салхинд шивнэх нисэгчийн үг

Санарын салхинд шивнэх нисэгчийн үг
Аяар намдуу цэлмэг тэнгэрт хөөрөхдөө би
Амьдралын төлөөх хүний тэмцлийг сонирхдог
Агуу орчлонгийн нугачаанд будаан чинээ харагдахад
Асар гайхалтай мэдрэмж төрж санааширдаг
Хөвөн цагаан үүлэн дунд умбахдаа би
Хүмүүний орчлонгоос нэгэнтээ тасраад жингүйддэг
Хүрэх алсын гялбаа нүднээ цавчлах тусам
Хүйлэн хөх сансар өөд тэмүүлдэг
Шувуу шиг эрх чөлөөтэй нисч явахдаа би
Шуугиант амьдралын хэмнэлийг нэгэнтээ алдаад уужирдаг
Шунхан улаан нарыг "шүргэх" шахам өнгөрөхдөө
Шурган гал шиг төөнөх халуун илчийг нь мэдэрдэг
Огоот хоосон орчлонгийн чандад дүүлэхдээ би
Орон, зай, цаг хугацааг нэгэнтээ ялаад сэнхэрдэг
Од мичдийн зүг ойртон нягтрах тусам
Омголон хүслийнхээ оргилд хүрээд буцдаг
Өрнө-Дорныг холбосон агаарын дардан замаар
Өнгөт туяа татуулан мянган бээрийг туулдаг
Үүлэн цагаан хөлгөндөө дүүлэн явах тоолондоо
Туулах замын ихэнхийг дуулан дуулан өнгөрөөдөг
Зон олон бужигнаж, хот балгад ярайхад
Донж намбыг нь тааруулж итгэл төгс газарддаг
Зорчигч түмнээ саадгүй зорьсон газарт нь хүргээд
Дотор сэтгэл уужирч, баярын магнай тэнийдэг ээ.

Б.Ойдов

Ингэхэд ойрд шүлэг хуулж бичээгүй юм байна. Соньхон сайхан байлаа.

Дараагийн бичлэгт нэгэн сайхан өгүүллэгийг хуулж оруулна аа. Ажил ч дууссан, гэртээ ч ирсэн, сэтгэл санаа тайван л байна. Худлаа, сүмо мэдээ сонсож бас уур, дургүй зэрэг хүрээд л яваа юм байна.

Өнөөх олон номоо уншиж өгөх юм шүү. Сурсан мэдсэнээ хоолтойгоо холиод идчихэлгүйхэн шинэ онтой золгох юм шүү. Ойрын төлөвлөгөө нэг иймэрхүү, алсын төлөвлөгөө...?

No comments:

Post a Comment