Friday, May 08, 2009

Эмээ

Эмээгээ дурссанаа найзынхаа хүсэлтээр сийрүүлэв.

Эмээ маань намайг их сургуульд байхад өөд болсон. Хорвоо дээр 98 жил амьдрахдаа 3 охин төрүүлж өсгөсний хамгийн бага нь миний ээж. Бага охынхоо төрүүлсэн 9 хүүхдийн ихэнхийг өөрөө гардаж өсгөсөн байхаа. Миний дүүг төрөх үед эмээгийн нас өндөр болсон байсан учраас амьдралдаа өсгөж өндийлгөсөн хамгийн сүүлчийн хүн нь би болж таарч байна. Эмээ маань амьдралдаа хүн л бүтээхээс өөрийг бараг хийгээгүй байхдаа. Нэг том гуутай бурхнаас өөр өв хөрөнгөгүй л хүн байсан даав Бага байхдаа би эмээтэйгээ даам тоглодог байсан. Эмээ даам мэдэхгүй л дээ, зүгээр би дэргэд нь даамаа өрөөд л өөрөө өөртэйгөө тоглоно. Тэхдээ заримдаа эмээ хожино, ихэнхдээ би хожино. Эмээгээ бид "эмээж" гэж дууддаг байсан. Хааяаа хааяаа чихэр нууж өгдөг байсан, намайг ээжид зодуулахаар өмөөрч уйлдаг байсан, надтай л хуучилж сэтгэлийн зугаагаа гаргадаг байсан эмээгээ дурсалгүй удаж дээ. Хаана төрснийг нь, хэний гэдэг овогтой байсныг нь ч одоо санахгүй байна, муу үр юм даа би. Төмөрбаатарын гэдэг байсан шиг санаж байна. Эмээг нутгийнхан нь "Буянаа эдэлдэг гуай" гэж авгайлдаг байв. Амьдралдаа заавал бүтээх ёстой 3 зүйлийн нэгийг нь бүтээсэн үгүйг мэдэхгүй юм, нэгийг нь харин бүтээгээгүй гэдгийг би баттай мэдэж байна. Мод тарих, үр удмаа үлдээх, ном бүтээх гурвыг л яриад байна л даа. Юу гэхээр эмээж үсэг мэддэггүй хүн байсан учраас ном бүтээгээгүй л байж таарах нь л дээ.
Бичээд дурсаад байвал юм санаанд ороод байх юм шиг байнаа. Нэг зүйлийг товчхон бичээд дуусгая. Эмээж бурхан шашинг дээд зэргээр шүтдэг хүн байсан. Өдөрт 3 удаа заавал бурхандаа мөргөнө, амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл ийм л байсан. Сүүний дээжээр цацал өргөнө, байнга эрхи эргүүлнэ. Их шамбалын орон Утай гүмбэмийг хоёронтаа зорьж буян хийсэн гээд боддоо.Eznis, MIAT, KOREAN, AIR, AIR CHINA, Монголын төмөр замын алинаар нь ч зорчоогүй. Зүгээр л явган явсан. Нэг удаагийнхад нь найз эмэгтэйтэйгээ, дараагийн удаад гав ганцаараа. Барагцаалбал талдаа 2000 орчим км байгаа байхаа. 4000 км газрыг хоёр удаа туулна гэдэг асар их сүсэг бишрэл, аугаа их тэвчээр байгаа биз. Тэр үед баян хүмүүс үхэр тэрэг, тэмээн тэргээр ядаг байж л дээ. Тийм хүмүүсийг бараадаад л явдаг байсан гэсэн. Зарим сайн хүмүүс тэргэн дээрээ суулгадаг л байсан байлгүй. Ямар ч байсан тэрэгнээс хоцрохгүйн тулд 2 гараа уяад унтаагаараа шахуу дагаад сажилдаг байсан гэсэн. Тэгэхгүй бол унтаад хоцроно, чоно нохойн хоол болно. Гутал тэсэхгүй учраас голдуу л хөл нүцгэн явна. Ингэж явдаг байсан гээд нээг их юм бодолгүй ярих эмээгийнхээ яриаг тэр үед ойшоолгүй сонсдог байснаа бодохоор ичмээр. Үнэхээр хэцүү тавилан байгаа биз. Юуны төлөө, яах гэж ингэж зовж байсан байнаа гэж гайхаж байна уу. Ээжийнхээ болон өөрийнхөө ужиг өвчинг эдгээх гэж, нүгэл хилэнцээ наминчлах гэж л тэр орныг үзээд мөргөөд ирвэл үхэшгүй мөнхийн хутгийг олчих юс шиг бодож явсан байхдаа. Зайлуул даа муу эмээ минь...

Эмээгээ дурсан санахад тусалсан Бямбаа чамд маш их баярлалаа.

PS: Нэгэн найзын минь эмээгийнхээ тухай бичсэн дурсамж. Зорилгодоо туйлын үнэнч эмээ байжээ...

2 comments:

  1. Бурханд мөргөх чинь их сайн ш д, их буян хурна.

    ReplyDelete
  2. tiim uu, morgoj bnaa, haayadaa.

    ReplyDelete