Wednesday, May 27, 2015

Цэцэрлэгийн нээлттэй хичээл

Цэцэрлэгийн ээлжит арга хэмжээ. Хагас сайн өдрийн үдээс өмнө болов. Мэдээж олон хоногийн өмнөөс бичгээр мэдэгдэнэ. Өмнөх өдөр нь бас үүднийхээ самбарт бичсэн байсан. Гэрийнхэнд нь хичээлийн агуулга бүхий хэдэн цагт эхлээд хэдэн цагт дуусах тухай, хүүхдүүд нь эцэг эхийн хурал? болж байх хооронд өдрийн хоолтой тул цагаан будаагаа мартаваа гэх мэтчилэн бичсэн хуудсыг харилцах дэвтэрт нь хавчуулсан байна.

4 настангууд зааландаа хөгжөөнт тоглоом тоглосон. Эцэг эхийн баг, хүүхдүүдийн багууд хоорондоо уралдсан. Эхлээд хүүхдүүд үзүүлэн тоглолт хийсэн. Энэ нь дуулж хуурдах биш, хүүхдүүдэд нэг нэг шалны алчуур бариулаад заалаа уралдаж зүлгэсэн. Хэ хэ. Гэхдээ энэ нь шал угаана гэсэн үг биш. Дөрвөн хөллөөд уралдах, нэг ёсондоо тэр бүр ашиглаад байдаггүй булчин шөрмөсөө ажиллуулна гэсэн үг.

За дараагийн тэмцээн нь машин болж уралдах. Би нь энэ тэмцээнд нь эцэх эхийн төлөөлөл болж орсон. Барианд хүрэх гэж бас л махийсан. Шалан дээр хөлөө жийж сууна. Гартаа нэг тийм цагираг бариад үрүүл хийнэ. Тэгээд зөвхөн хөл, бөгсөөрөө урагшилна. Хэ хэ. Хүүхдүүд бол мундаг хурдан давхиж байгаа юм. Өдөр бүр тэгж хөдөлж байдаг учраас. Харин томчууд яасан? Барианд хүрэх үгээ хэлж байна, сүүлдээ гараа тулж урагшлаад л ккк.

Сүүлд нь хүүхдүүд хоолоо идэхээр анги руугаа явцгаан, ээж аавууд нь үлдэж тойрог болж сууна. Ангийн багш нь өөрийгөө хальт танилцуулан, 4 настны Сараана цэцэг бүлэг нь нийт тэдэн хүүхэдтэй, өдөр бүр сэргэлэн цовоо ингэж тэгж тоглоод гэж яриаг эхлүүлнэ. Дараагаар нь цугласан эцэх эхүүд хэний ээж аав болохоо хэлээд хүүхдийнхээ чадахгүй байгаа зүйлийг хэлж, санаа зовж буйгаа хэлнэ. Бусад айлын хүүхдүүд ямар байдаг, хэрхэн харьцах талаа зөвлөгөө хүснэ.

Төгсгөлд нь ангийн багш нь нийтлэг санаа зовоосон асуудлын талаар багахаан зөвлөгөө өгнө.
Ихэнх айлуудад тохиолддог нийтлэг асуудал.

1. Хоол. Хооллолт.
Жишээ нь бага зулзага минь хоол идэх гэж л бас бөөн сүр болно шүү дээ. Дуртай зүйлсээ бол нэхэж идчихээд л, дургүй зүйлээ загнаад ч идэхгүй. Онгироож байж идүүлнэ, Аав нь уралдаж иднэ гэх мэт. Хэ хэ. Мөн хоолны үеэр их ярих, босч явах, би хажууд нь байвал намайгаа налж унах. Халбагадаад өг гэж эрхлэх гээд л.
Тэгсэн ийм асуудал ер нь айл бүрт байдаг юм байна. Цэцэрлэгтээ бол бүгд хачин сайн томоотой иддэг гэнэ дээ. Багшийн зөвлөгөө нь "мэдээж хүн гадаах орчинд нэг өөрөөр биеэ авч явдаг, гэртээ бас арай өөр царай гаргадаг. Гэхдээ тэр чигт нь орхих биш бага багаар хэлж ярьж ойлгуулах. Бас ч гэж хэлж ярихад ойлгох насан дээрээ ирчихсэн тул."

2. 00 орохдоо ганцаараа явах дургүй, хүндэрсний дараагаар заавал хэн нэгнээр арчуулдаг. Би нь ч одоо арчиж өгдөг. Саяхнаас харин коршонк биш 00 ордог болсон. Би ч энэнд нэг их санаа зовохгүй л байгаа. Жаахан л хугацаа шаарддаг болохоос яваандаа чаддаг болох биз дээ.

3. Үг, хэллэг. Ялангуяа эрэгтэй хүүхдийн ээжүүд их санаа зовдог бололтой. Охидыг бодвол орой хэлд ордог ч хэлж ярьж байгаа үг хэллэг нь бас л овоо гарууд байдаг бололтой. Бөгс баас, хөөе, тэнэг мангар ч гэдэг юм уу? гээд л арай л бүдүүлэг үг хэрэглэх гээд байдаг гэнэ. Бага зулзага ч бас нэг хэсэг тийм байсан. Бөгс бандааш яасан яасан ч билээ? Өөрсдийнхөө хэмжээнд сонирхолтой, инээдтэй үг хэрэглэсэн царайтай их л додьгор байдаг байлаа. Одоо харин эргэн тойрон нь болохгүй гэж тууштай хэлсний дүнд гайгүй болсон.

4. Охидын хувцаслалт. Өглөөд юбка өмсөнө гээд л үзэж тардаг гэнэ дээ. Уг нь аль болох өмсүүлэхгүй байх гэж үздэг. Учир нь гүйж харайж тоглоход тээртэй, урагдаж барьвал охид өөрсдөө их том шоконд ордог гээд л.

5. Өөр чинь юу билээ? Мартав. Толгой дохиод л сонсож суусан чинь. Аан тийм, цэцэрлэгтээ хийсэн янз бүрийн уран бүтээл нь гэрээр нэг болоод, хаях гэхээр уурладаг. Бусад ээжүүдийг ямар арга хэмжээ авдаг талаар нэг ээж асууж байсан. Би бол нууцаар хаядаг. Хэ хэ. Зургийг нь авч хадгалж байгаад л. Яг энэ талаар зөвлөгөө өгч амжаагүй, багш нь. Цаг хүрээгүй.

6 сард ганцаарчилсан уулзалттай, тэр үед хэлж амжаагүй зүйлээ аминчлан асууж болно гэсэн. Одооноос асуултаа бэлдэнэ дээ.

Жич: Зураг оруулах гэсэн болохгүй байна. Дараа оруулахыг бодно оо.

No comments:

Post a Comment