Thursday, February 08, 2018

Гоймон

Гэртээ харих зам хамгийн зөв зам.
Ажил цагтаа тараагүй, цас ихтэй зэргээс болоод галт тэрэг хойшлоод, хойшлуулаад. Оройн хоолондоо юу зооглох уу? гэж эргэлдэж эргэлдэж гоймонгоо л сонголоо. Хэ хэ.
Болоогүй ээ, хажуугаар нь номоо хараастай. Цаг нэлээд байсан болохоор удаан идсэн гэж байгаа. Хэ хэ. Харин номоо хурдан уншсан. Ганцаараа суугаад ном унших цаг гарахгүй байгаа тул, амтархан, шунан уншсан нь тэр.

Киото хотын галт тэрэгний буудал хүн ч ихтэй гэж юүхэв, том ч гэж юүхэв. Төөрч будлилгүй, галт тэрэгээ олоод суух л хамгийн том зорилго тухайн үедээ.

Харин галт тэргэндээ суугаад авбал хэсэгтээ тайвшраад нэг унтана, нэг сэрнэ, нэг номоо сөхнө, нэг тухайн өдрийнхөө ажлыг эргэн санана, тэгэх байж, ингэх байж нэг тавгүйтнэ, за за хойшид л сургамж болж байна даа гэж нэг тайвширна.

Тэгснээ зулзагууд минь, хань ижил минь хүлээж байгаа даа гэж уужрана. Бүгд л эрүүл саруул байгаад сэтгэл ханамж төрнө, талархана.

Гоймон амттай байсан. Нэг амралтын өдрөөрөө амттайхан гоймон хийж идэх минь гэж бодон галт тэрэгнээсээ бууна. Хүйтнийг гайхаж, гэртээ харих зам хамгийн зөв зам гэж хэлсэн тэр нэгэн суутны чухам үнэн хэлснийг нь биширнэ...

No comments:

Post a Comment