Saturday, January 17, 2009

Хайрын дууль

Ганбатын Ариунбилэг

Намайг нулимсаар уйлахад тэр бүсгүй гунигаар уйлдаг
Намрын моддын навчис шиг зүрх нь шарлан хатдаг
Зайлуул нүдний нь өмнүүр миний аз жаргал зовлон болон урсдаг
Жам ёсыг даган нулимсаа хацартаа зөөлхөн эгшээдэг
Хайртай хүнээ надаас тэр харцаараа л харамладаг
Хайлан уяран тэр бид хөтлөлцөн алхахад атаархдаг
Хоолойдоо зангирсан үгээ хэлж чадахгүй зүрхэндээ шингээдэг
Хором төдий жаргалаар амиа солих юмсан гэж битүүхэн мөрөөддөг
Ганцаараа энэ хорвоог туулна гэхээс тэр айдаггүй
Гал дүрэлзэж сэтгэл шатсан хайр нь унтарна гэхээс л айдаг
Зүрхэндээ уйлсан ч нүдэндээ инээдэг тэр бүсгүй даруухан
Зүүдэндээ жаргасан ч хайрандаа шаналдаг тэр бүсгүй эгэлхэн
Хажуугаар зөрөн өнгөрөхдөө харцаа бууруулдаг
Хархан нүдэндээ гунигаа нуусаар өдөр хоногуудыг өнгөрөөдөг
Өөрийг нь ойлгох хэн ч байхгүйд гомддог ч гэлээ
Өр зүрхнээсээ хайр булгилуулж голоо зогоодог
Өрөвдье гэсэн ч дэндүү хатуудсан тавилан түүнд минь тохиож
Өөр хэнийг ч биш, ганцхан миний залууг хайрлаж
Гутарсан ч гэсэн гунхаагүй тэр бүсгүйгээр би бахархдаг
Гоо үзэсгэлэн тэрэнд минь аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгэдэг.



...Өчигдөр бороо орж, солонго татсан
Өврөөс минь өндийж чи явж, би гунисан
Анхны бүхэн сайхан байсан, ахин дурсахгүй
Ахиад л бороо орно, өнөөдөр солонго татахгүй
Энгэр цээжний будант гуниганд төөрөөд, сэтгэл горьгүй
Эрт эдүгээн гунигт дурсамж сэдрээд, зүрх шанална
Тэвэрт чинь мөнхөрч, хорвоог элээж чадахгүй нь
Тэнгис шиг намуухан байя, зүрх сэтгэлээрээ
Таг шиг уужим байя, зүрх сэтгэлээрээ
Эргэн санаж дурсвал, би дарсыг ууж, сэтгэлээ мартана
Энгүй энэ орчлонд шүлэг тэрлэн, нулимсаа дэрлэн, нарыг үзнэ
Хэзээ ч уулзахгүй, дурсахгүй, санахгүй ээ
Хэтэрхий их хайртай болохоор чи надтай жаргахгүй
Тэнгэртээ дүүлэн бүргэд шиг эрх чөлөөтэй бай
Тийм л их аз жаргал чинийх байх ёстой

No comments: