Friday, February 05, 2010

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: НОЁДЫН ТӨГСГӨЛ

С.Чулуун (Doctor Ph)
Монгол улсын Их сургууль. НШУС

Төрийн эрхэнд орсон хүн зодуулж үхдэг
Бурханы үгэнд орсон хүн өлсөж үхдэг
Монголын эртний үгнээс


Өгүүлэлийн товч утга: Уг өгүүлэлд ХХ зууны эхэн хагаст өрнөсөн харилцаа, ихэнхи улс төрийн зүтгэлтнүүдийн учир битүүлэг үхэл түүнд нөлөөлсөн гадаад хийгээд дотоод хүчин зүйлийн асуудлыг түүхийн архивын баримт бичгүүдэд тулгуурлан тодруулахыг зорьсон болно.
Түлхүүр үг: Ноёд хоорондын зөрчил, учир битүүлэг үхэл, тусгаар тогтнол
Түүхийн шинэ эрин ХХ зууны эхэн болоход Монголчууд өөрийн тусгаар тогтнолын төлөө нэгдэн тэмцэж эхэлсэн юм. Монголын ноёд, лам, язгууртнууд эрхт төр, тусгаар оршихуй, монголчууд бид өөрийн газар шорооныхоо эзэн байх ёстой гэсэн үзэл санааны нэгэт сэтгэлэгт байдалтайгаар нэгдэн тэмсэний дүнд 1911 оны өвөл цагаас Монгол орон харьцангуй бие даан, өөртөө туурга тусгаарласнаа зарлан тунхагласан билээ. Уг түүхэн үйл явдалд биечлэн оролцож, тэргүүлэн удирдсан монголын нөлөө бүхий лам, хар, хэн бүхэн дэмжин сайшааж хамтран зүтгэсэн ч Монгол улс өөртөө тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж төрийн цоо шинэ тогтолцоог бий болгон таван яамыг байгуулж, сайдын сэнтийд хувьсгалын хэрэгт тэргүүлэн оролцсон Ханддорж, Цэрэнчимэд, Чагдаржав зэрэг ноёд тохоон талбигдсаны маргаашнаас эхлээд л хэн хэнийгээ захирах вэ? гэсэн мөчөөрхөл ажиглагдах болсон. Тухайлбал, дотоод хэргийн бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд да лам Цэрэнчимэдийн бусадтай нэр хамталж дээш өргөсөн бичигт:
"...эелэл тааллыг чухал болгон нөгөө дөрвөн яамыг дотоод яаманд бичиг илгээхдээ "өргөн" хэмээн мэдүүлж, харин дотоод яамнаас бусад яаманд "илгээн" хэмээн бичиж явбаас шүүмжлэл үгүй"
хэмээн Богд хаанд мэдүүлж "ёсоор болгуулсан" нь бусад сайдын дургүйцлийг төрүүлэх болсон юм. Энэ үед Хүрээнд сууж асан ерөнхий консул Любагийн Бээжинд мэдэгдсэн цахилгаанд:
"...Хүрээний сайд нарын хооронд сүрхий хурц зөрчил байна, засгийн хамаг эрх мэдлийг да лам тэргүүтэй харчины хэдэн түшмэл гартаа авчээ" хэмээн мэдэгдсэн бол Нийслэл Хүрээнд Буриадын лам Агваандорж В.Котвичид бичсэн захидалдаа:
"...энд да лам дотоод хэргийн министр болоод Хайсан гүн зэрэгтэй болж, энэ хоёр их эрхтэй улс төрийн явдлыг тогтоож хаандаа юу айлтгасан түүгээр болж байна. Энэ нь бусад хаад, ноёдын сэтгэлд тун тааламжгүй юу болох нь болзошгүй гэсэн ба Да лам Хайсан хоёрыг ч олноор зөвлөн зохилдон хэлэлцэх хэрэгтэй гэснийг нь үл хэрэглэнэ" хэмээн бичицгээсэн байна.

Үргэлжилнэ

4 comments:

Soronzon said...

Үргэлжлэл нь хэзээ?

byambaa said...

Soronzon:neg ih udahguig hicheenee.

A.Амарсайхан said...

Яг шимтэх гэж байтал тасарчихдаг гэнэ ээ, хэ хэ

byambaa said...

Амараа ах: уучлаарай. тасалж бичихгүй бол уртдаад байх юмаа. янз бүрийн шалтаг гарч ирээд ширээнээсээ хөндийрчөөд байнаа...