Sunday, February 07, 2010

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: НОЁДЫН ТӨГСГӨЛ

Үргэлжлэл

Энэ нь монголын төрийн ноёд, түшмэдийн хооронд ямар нэг хэмжээгээр засаглалын төлөөх тэмцэл эхнээсээ л ажиглагдах болсныг харуулж байна. 1911-1919 оны хооронд арав хүрээгүй жилийн дотор Монголын төрийг түшиж байсан томоохон улс төрийн зүтгэлтнүүд, хан, лам, ноёдууд тухайлбал:
Түшээт хан Дашням 1912 оны 2 сард, Засагт хан Содномравдан 1912 оны 7 сард, Дотоод яамны дэд сайд Равдан 1913 оны 9 сард, бүгд ерөнхийлөн захирах яамны орлогч сайд Өвөр Монголын харъяат бинт Чин ван Гончигсүрэн 1914 оны 4 сарын 20-нд, Цэргийн яамны анхны сайд эрдэнэ далай ван Гомбосүрэн 1914 оны 5 сард, Дотоод яамны тэргүүн дэд сайд да лам Цэрэнчимэд 1914 оны 7 сард, Сангийн яамны анхны сайд түшээт ван Чагдаржав 1915 оны 7 сард, Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1919 оны 2 сард, мөн оны 7 дугаар сард Ерөнхий сайд эрдэнэ шанзудба Бадамдорж
зэрэг хүмүүс 27-50 гаруй насны хооронд нэн сэжигтэйгээр амь нас нь хохирчээ. Үүнийг архивын баримт бичигт тулгуурлан, учир шалтгааныг нь тодруулан судлах нь ХХ зууны эхэн үеийн улс төрийн амьдралын дүр төрхийн нэгээхэн хэсгийн ямар нэг хэмжээгээр нэхэн тодлон гаргахад туслах нь дамжиггүй. Учир нь Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч ноёдын амь нас ийм ахархан хугацаанд хохирсон нь түүхчдийн анхааралд бага сага төдий өртсөн ч судлаачид ихэвчлэн гадаад хоёр хөршийн зүгээс хайдаг бөгөөд дотоод хүчин зүйлий н тухайд анхааран судалсан нь багавтар юм. Мөн тэдгээр ноёдыг үнэхээр ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс амь насыг нь бүрэлгэв үү?, хэрвээ тийм зорилгоор бол яах гэж, хэний эрх ашгийн үүднээс эсвэл энэ хүмүүс нь залуухан гучин хэдхэн насандаа гэнэт бие барцгаав уу?, ёс жамаараа юу?, гэсэн олон олон хариу нэхсэн асуулт хөрвөнө. Гэхдээ бидний хувьд хэн нь хэнийгээ хорлов гэх зэрэг асуудлыг нэгэнт бүрнээ дотруулж чадахгүй нь ойлгомжтой, гагцхүү эдгээр хүмүүсийн нас барахынхаа өмнөх өөр хоорондын болон бусадтай харилцаж байсан байдал, тэдний амь насыг нь хороох онцгой шалтгаан гарч байсан уу, ямар үхлээр үхэв, энэ бүгд ямар үр дүнд хүргэв гэх зэрэг олон асуудлыг тодруулахыг оролдов.
Анх түрүүн 1911 онд Богд Жибзундамбыг хаан өргөмжлөх тухай санал халхын ноёдын дунд гарахад үндсэн хоёр санал байв. Бадамдорж тэргүүтэй хэсэг ноёд ихэсийн дийлэнх олонхи нь сүсэгтэн олны дунд Богд гэгээний нэр нөлөө ихийг харгалзан улсын хаан болгох, нөгөө хэсэг тухайлбал Ханддорж, шарын талын да лам Цэрэнчимэд нар Богд Жибзундамбыг бус харин Түшээт хан Дашнямыг улсын хаан болгох санал гарч нэлээд зөрөлдсөний эцэст дийлэнхийн санал төдийгүй тухайн үед ард олны дунд богдын нэр нөлөө хүчтэй байсан зэрэг олон хүчин зүйлээс хамаарч Богд Жибзундамбыг хаан ширээнд залах болжээ.

Үргэлжилнэ...

4 comments:

Jagaa said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Oogii said...

Sar shinedee saihan shineleerei

ZAYA said...

Сар шинэдээ сайхан шинэлэж байна уу?

byambaa said...

Та нартаа ч бас сар шинийн халуун мэнд дэвшүүльеээ.