Thursday, February 09, 2012

4 мөртүүд

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын "Зуун найман эрдэнэсийн эрих" богино шүлгийн түүврээс. нэгэн сонин дээр гарсныг нааш нь хайчлаад явуулсан байхаар нь блогтоо чирээд ирлээ.

Яргуй эрт дэлгэрдэг ч
Яаран буцдаг жамтай
Ямаа түүнийг иддэг ч
Яргуй болдоггүй нь тамтай.

Ганцаараа байхдөө өөрийгөө шинж
Гаднаас биш дотроосоо эр
Зүрхний чинь ховдолд бурхан мэндлэх ёстой байтал
Цусны чинь дусалд аалз сэрвэл яана вэ?

Жаахан л халах юм бол архи нь цаашаа чангаана
Жаргалтай юм шиг хэрнээ зовлон болж хувирна
Өчигдөрхөн л цээжинд сэрж байсан арслан
Өглөө нь хулгана болж зүрхэнд орж үхнэ.

Нагаржунайн шүлэг энгийн мөртлөө утгын гүн нь далай мэт
Налиндара хийдийн тэргүүнийг алтадсан мэт болоод нэн гайхамшиг
Найргийг тэгтэл өдгөө цагт хийвсэр үгийн наадам болгоод
Найрагчийн титмийг луус ч болов толгойдоо зүүснийг үзвэл тэд юу гэхсэн бол?

Задгай амьдралаа зөв гэж боддог хүн бий
Задгй амьдралаа эрх чөлөө гэж бодох явдал бий
Задгай явсны үр эцэстээ боловсорч
Задгай өссөн үр хүүхэд нь задгайрч эвдэрнэ.

Алтан нарны гэрэлд атаархаад ер нэмэргүй
Амьтны орчлонг гийгүүлэхдээ алагчлалгүй тусна
Аяганы амсар зуулгахдаа алгасаад ер нэмэргүй
Ам руу орохын цагт хаанд ч харцанд ч адилхан.

Мэрэгч хулгана үндсийг сэндийлсээр аварга царс унах байтал
Мэргэдийн санаа мянган жилийн настай
Мэдэл ихтэнд тавин жилийн хаанчлал хангалуун атал
Мэхийж сүслэм уул усанд зуун жилийн нас юу ч биш.

Цас гэдэг юу юм бэ?
Чиний залуу насыг аван аван цаашаа давхилдаж байгаа морьд юм
Цаг гэж юу юм бэ?
Чамайг залхууран хэвтэхэд чинь эргэн эргэн харж инээмсэглэсээр явчихаж бүсгүй юм.

Жаргаж нэг үзэхсэн гэж хааяа бодох юм
Зовж үлэхсэн гэж бодож үзсэн үү?
Үгүй юм байна шүү
Үнэндээ чухам тийм дээ
Жаргалын хаалгыг тэгвэл юугаар нээдгийг мэдэх үү?
Мэдэхгүй ээ
Мэдэж авахад гэмгүй ээ
Зовлонгийн түлхүүрээр л тэр чинь онгойдог юм.

No comments:

Post a Comment