Thursday, February 09, 2012

4 мөртийн үргэлжлэл

Залуугийн явдлаа хожмоо бодоход ичмээр юм их ээ
Залуугийн явдлаа дотроо тунгаахаар жигшмээр юм олоон
Гэвч чи үүнийгээ өөрөөсөө бодож олсноороо
Гэгээн үүрийн туяаг сэтгэлдээ харвуулж буй нь тэр ээ.

Далай далай давалгаална
Сэтгэлийн минь эрэгт ирж эвхэрнэ
Сэтгэл сэтгэл давалгаална
Далайн эрэгт тулж номхорно.

Бусдын дотор ямар эрдэнэ нуугдаж байгааг
Олж харах сэрэл сэхээгүй хүн
Өөрийн дотор ямар муу юм бугшиж байгааг
онож харах сэрэмж дорой байдаг.

Бүгдийн санаанд таарах хүүхнийг
Бөмбөрцөг дээрээс олно гэвэл
Бүхий л насаараа ганцаараа явна гэж
Бүртгүүлчихээд дараа нь эрвэл таарна.

Ааг сархадын ширээн дээр сэтгэл хөөрөн дарвиад
Алтан намрын зөгий шиг шуугиж байсан нөхдүүд
Алс хожмоо бодоход насны чинь гангар шаазанг
Асгат замын чулуун дээр шидэлж байсан санагдана.

Цэцгийн энэ торгон дэлбээ нэгэн цагт
Цэвэрхэн бүсгүйн уруул ч байсан юм бил үү
Урьдын төрөлдөө чи түүнд дурлаад
Улаан дарс шиг амталж согтсон ч юм бил үү яаран бүү тасд.

Өөрийгөө ихэд бодсон хүн сургааль авна гэж горьдолтгүй
Бусдыг доорд үзсэн хүнээс сайшаал сонсоно гэж саналтгүй
Ёроол цоорхой саванд ус хийлээ ч нэмэргүй
Ерөөл муутай хүнд тус хийлээ ч урамгүй.

Хүний алдаан дээр дөрөөлөхөөсөө өмнө сайныг нь хар
Хүүхний бөгсийг харахаасаа өмнө нүдийг нь хар
Гэм хор хоёрыг сэтгэл дээрээс ялгадаг юм
Гэгээн мунхаг хоёрыг нүдэн дотроос эрдэг юм.

Санчигны минь үзүүрт намар ирсэн ч
Санааны минь үзүүрт хавар айлчилдаг
Зүсний минь өнгөнд үрчлээ нэмсэн ч
Зүрхний угт зун нуугддаг.

Хожмын өдөр орхиод явчих энэ биеийг
Хоолоор тордож торгоор юунд гоёно вэ?
Хоосон дүрсээ толинд хараад баясахын адил
Хорвоод хууртаж өөрийгөө бас хуурч байгаа нь тэр ээ.

No comments:

Post a Comment