Friday, April 20, 2012

Цагаан толгой


Солонгос, Тайланд, Хятад, Англи Кения, Франц, Герман, Орос Япон, Америк, Финьлянд гэсэн 11 орнын цагаан толгой болон тухайн орны ... хэлний сурах бичгийг судлан харьцуулсан ном. Мэдээж улс улсынхаа онцлогийг харуулсан сурах бичгүүдтэй. Эх орныхоо ирээдүйн эзэд болох хүүхдүүддээ юуг зааж, юуг эзэмшүүлэх, хэрхэн хүмүүжүүлэх гээд л улс бүр өөр өөрийн гэсэн онцлог хөтөлбөртэй. Улс эх орондоо эзэн байж чадах эсэх нь багад нь олгосон хүмүүжил, боловсрол тэр дундаа тархинд нэвт шингэх үзэл суртал нь боловсролынх нь хөтөлбөрөөс шууд шалтгаалах учир их анхаарч үздэг нь тодорхой. Тэгээд ч тэдгээртээ тавьж буй найдлага асар өндөр. Тухайн орнуудын онцлогоос ганц нэг жишээ дурдвал 1.Америк: "Хэнд ч боломж бий" гэдэг үзлийг баримталдаг. Арьс өнгө ялгахгүй, нийгмийн гарал үүсэл харгалзахгүйгээр хүн бүрт боломж бий гэдэг санааг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх зорилго бүхий сэдвүүд голчилдог. Энэ ч утгаараа америк мөрөөдлийг биелүүлчих юмсан гэсэн чин зорилт америк хүн бүрт байдаг. Түүхэн бодит хүмүүсийн түүх намтрыг оруулсан байдаг. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд харш гэсэн үзэл санаа их тусгагдсан. 2.Англи: Шүлэг, жүжгийг зохиолд дуртай ард түмэн. Багаас нь дуртай болгон хүмүүжүүлэхийг эрмэлздэг. Хичээлийнхээ танхимд жүжигчилсэн тоглолт хэлбэрээр хичээлээ явуулах нь элбэг. Аргагүй л Шекспирийн нутаг. Английн эрхэмсэг ноёд хатагтай нарыг төрөн гаргахад анхаарлаа хандуулж ирсэн түүхэн хандлага одоо ч тусгалаа алдаагүй. Цахим сурах бичгийг ч хэрэглэх нь элбэг. 3.Франц: Дэлхийн сонгодог бүтээлүүдийн өлгий нутаг. Зарим хичээлүүдэд зориулалтын сурах бичиг байдаггүй. Нэлээд чөлөөтэй байдаг гэнэ. Манга буюу комиккийг ихээр ашигладаг. Бага сургуулийн ахлах ангид багшийн сонголтоор энгийн нэгэн романыг жишээ болгон бүхэл бүтэн хагаж жилийн хичээлийн турш үзэж судлах нь элбэг. Бичгийн цаасны хэмжээтэй зузаан сурах бичиг бүхий хүнд гээчийн цүнх үүрэн сургуульдаа явах нь хэвийн үзэгдэл. 4.Герман: Ажил хөдөлмөрийг эрхэмлэн дээдэлдэг улс. 4 жилийн суурь боловсрол эзэмшсэний дараагаар 5 жилийн сургалт бүхий суурь сургууль?, 6 жилийн сургалт бүхий дадлагын сургууль?, 8 заримдаа 9 жилийн сургалттай гимназийн аль нэгт элсэн орно. Ингэж элсэн суралцахад сурлагын дүн чухал нөлөө үзүүлнэ. Дээр дурдсанаас их сургуульд элсэн суралцах эрх олж авдаг нь зөвхөн гимназ. Бусад хоёр нь манайхаар ТМС-тэй төстэй юм шиг байна. Төгсөөд ажил хийнэ. Бүр сайжирч ур чадвараа дээшлүүлье гэвэл мэргэжлийн сургуульд явна. Энэ ёстой ТМС юм шиг байна. Тод хараар бичсэнийг яг юу гэж орчуулахаа мэддэггүй, утгачилаад орчуулчихлаа. Германд байдаг хүмүүс хэлж өгөөрэй. 5.Финьлянд: Дэлхийд хамгийн дээгүүрт ордог боловсролтой иргэдтэй улс. Урт удаан хугацааны турш Орос, Швед улсын дарангуйлалд байсан, ширүүн байгаль ой модноос өөр байгалийн баялаг энэ тэр гэх зүйлээр хомс учир "Улс оршин тогтнохын түлхүүр нь боловсрол" гэж үздэг. 1917 онд тусгаар тогтносон. Сургуулийн өмнөх боловсролоос их сургуулийн магистр хүртэл үнэ төлбөргүй. Хоцрогдсон гэж үзсэн сурагчдыг анги даасан багш нь эсвэл туслах багш авч үлдэн давтлага хийдэг. 9 жилийн суурь боловсрол эзэмшсэн хэдий ч улиран сурч болдог. Боловсролынх нь суурь бол уншиж ойлгох чадвар гэж үздэг. Сурагчдыг бичиг үсэгт дуртай болгох зорилгоор аль болох сонирхолтой бүтээлүүдийг түүвэрлэн оруулсан байдаг. 6.Орос: Богино өгүүлэг уншаад байвал Достоевскийг уншиж чадахгүй гэж үзэх хүн олон. Мөн аугаа уншигч аугаа бүтээлийг уншина. Зураг энэ тэр багатай үсэг голцуу сурах бичиг их байдаг. ЗХУ задран унасантай холбоотойгоор мэдээж ихээхэн өөрчлөлт хийгдэж байгаа. Сүүлийн үед Их орос улсыг сэргээх зорилгоор орос хэл, орос ёс заншлыг сурталчилан оюутан сурагчдад үзүүлэх тэтгэлэг ч нэмэгдэж буй. 7. Хятад: Япон хүүхдүүд бага сургууль төгсөх үедээ 1006 ханз цээжилсэн байдаг бол хятад хүүхдүүд 3500 ханз үсэг цээжилдэг. Ээ бурхан минь, би хэдийг мэдэх билээ? Зохион бичгийг чухалд тооцдог. Их сургуульд элсэн ороход ч зохион бичлэг зайлшгүй бичих шаардлагатай байдаг. Ингэж тухайн хүүхдийн хэлнийх нь төвшинг тодорхойлдог. Сүүлийн үед гадаад хүний тухай их оруулдаг болсон. Өөрийн эх орны сайн сайхныг суралцахаас гадна гадаад орны ёс заншилтай танилцах шаардлага гарч буй гэдгийг ухамсарласных биз. 8.Солонгос: Азидаа боловрол, англи хэлний чадварыг эзэмшихэд хамгийн ихээр анхаардаг улс. Дундаж цалинтай өрхийн орлогын 3-ны 1 нь хүүхдийх нь боловсролд зарцуулагддаг гэсэн тоо байдаг. Энэ нь хүүхдийн тоо цөөрөлтийн нэг шалтгаан. Хүүхдээ багаас нь англи хэл сургах зорилготойгоор ээж нь хүүхдээ аван англи хэлтэй аль нэг улсад очин аав нь тэр хоёрынхоо зардлыг олох гэж үхэн хатан ажилладаг үе байсан. Номон дээр бичигдээгүй ч Сөүлийн Их сургуульд орохын тулд шөнө дөл болтол хичээлээ давтдаг, ээж нь оройн хоолыг нь бэлдээд л дэмждэг, конкурсны үеэр хотын замын хөдөлгөөнийг түр зогсоож, конкурс өгөхөөр явж буй сурагч давуу эрхтэй байдаг гэж би сонсож байсан. 9.Тайланд: Бурхны орон. Сурах бичигт нь улс орных нь бахархал болсон спортын од зэрэг хүний тухай гарахаасаа илүүтэйгээр хаант улс, хаан, түүний гэр бүл, эртний боловсрол зэрэг зүйлс бичигдсэн байна. Сүм хийдийн тухай ч их бий. Мөн халдварт өвчний тухай тэр дундаа ДОХ-ын талаар дурдсан нь их. Хүүхэд бол ээж аавынхаа ачыг хариулах ёстой. Эцэг эхийнхээ ачийг хариулах тухай яриа ч их бий. 10. Кения: Тусгаар тогтноод өрдөө хагас зуун болж буй. 1963 онд Английн колониос гарч тусгаар улс болсон. 2009 онд америкийн ерөнхийлөгчөр Обама сонгогдсоны маргааш өдрийг Кенияд амралтын өдөр болгон зарласан. Учир нь Обамагийн аав Кения гаралтай хүн. Баян хоосны ялгаа их. Сургуулийн хичээл гэвэл цээжлэх зүйл ихтэй. Шалгалтанд бэлтгэсэн бодлоготой. Шалгалтанд сайн оноо авснаар нь багш нарыг үнэлэх үнэлгээтэй холбоотой гэхэд хилсдэхгүй. Улс эх орных нь нэрт хүмүүсийн тухай сурах бичигт нь ховор. Учир нь тусгаар улс болоод удаагүй. Зэрлэг амьтдын тухай их бичигдсэн байдаг. ДОХ-ын тухай заасан байдаг. ДОХ туссан хүн ч хүн юм. Тэдгээрийг гадуурхаж болохгүй гэж заана. Мөн зарим нутагтаа жил бүр багш нарын 5 хувь нь энэхүү аймшигт өвснөөс болж хорвоог орхидог гэнэ. 11. Япон: Япон хэлний хичээл гэдэггүй. Улсын хэл гэж ярьдаг. Ихэнх оронд орос хэлний, англи хэлний хичээл гэж ярьж бичдэг байхад. Өнөөгийн үндэсний хэлний сурах бичигт сэтгэл хөдөлгөсөн ярианууд их байдаг ч ихэвчлэн амьтдын тухай байдаг. 2006 онд явуулсан судалгаагаар сурагчдын уншиж ойлгох чадвар их доогуур орсон байна. Үүнээс үүдэн хөтөлбөрөө өөрчлөх тухай яригдаж сурах бичгийн хуудасны тоо нэмэгдсэн. Номон дээр байгаагүй ч миний зүгээс нэмэх нь: Улсаас үнэгүй тарааж өгдөг тоотой хэдэн сурах бичиг байдаг. Бусад нэмэлт сурах бичгийг худалдаж авна. Гадуур худалдаанд зарагддаггүй. Сургуулиар дамжиж хүүхдийн гарт очно. Сүүлд эцэг эхээс нь мөнгийг нь хурааж авна. Агуулгын хувьд нээрээ л ихэвчлэн амьтдын тухай байсан. Харин нэг сайхан зүйл нь 3 дугаар ангийн нэгэн сурах бичигт "дэлхий дээрх гэр" гэсэн сэдэв бүхий хэсэгт монгол гэр тодоос тод гарсан байсан. Том минь хэд хоног од болсон. ккк Учир нь самбарын өмнө гарч байгаад л ангийнхаа хүүхдүүдийн асуултанд хариулсан гэсэн. Асуулт нь -Чи гэрт амьдарч үзсэн үү?, -Гэр дулаахан уу? -Хаана бие засдаг вэ? гэх мэт.

4 comments:

Тэмээчин бүсгүй said...

Гоё нийтлэл байна. Манайхан арай л их хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр бѳмбѳггдѳг юм шиг. Гэхдээ туулаад ирсэн гэж бодохоор гайгүй ч юм шиг.

chuups said...

estoi goe medeelel bn

byambaa said...

Баярлалаа. Гоё мэдээлэл дахиж оруулахыг хичээнээ.

Энхзаяа said...

Сонирхолтой бичлэг болжээ :)
Нээрээ 国語 гэдэг Кк
Монголын сургуулын систем ямархуу
гэж судалгаанд орох бол
Намайг 算数 дээр 100 点 авахад гайхаад л байдаг байсан. Сургуулийн захирал нтр магтаал ккк
小学生 байхдаа 中学生ーгийн бодлого боддог байсан
Монголд тэгэхээр хичээлээ сайн заалгаж байжээ гэж боддиийн
Аан бас スーホの白い馬 монголын зохиол сурах бичигт орсон байдгийн байлээ :)