Sunday, June 03, 2012

Дэлхийг аврах долоон япон хүн

гэдэг ном. Дэлхийн өнцөг булан бүрт дэлхийн сайн сайхны төлөө өөрийн биеийг хайрлалгүй тэмцэж буй япон хүмүүсийн төлөөлөл. Тэд бол ширээний ард суучаад цэцэрхдэг хүмүүс биш. Газар дээр нь очиж хөлсөө урсгагч, зааварлагч, удирдагч, үлгэр дууриалал үзүүлэгч. .. Африкийн орнуудад үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг жишээ татан уг номонд оруулсан болно. Тэдгээр орны бүтээн байгуулалтыг, иргэдийнх нь оюун санаа ухамсрыг дээшлүүлэхэд хөгжингүй орныхоо үүрэг гэж үзэн хувь нэмрээ оруулж буй улсуудын нэг. Долоон өөр салбараар ажиллаж буй тэдний ярианаас хальт орууллаа.
1. Ус бол чандмань эрдэнэ. Африкаас эхлээд олон оронд ундны усаа холоос зөөж хэрэглэх тохиолдол их. Энэ ажлыг голцуу хүүхэд, эмэгтэйчүүд л амжуулдаг. Тийм ч учраас тэд өөр ажил эрхлэх боломжгүй, сургуульд сурах боломжгүй, гээ тэдний эрх үнэн боогдмол. Энэхүү ундны асуудлаа шийдчихвэл олон орны эмэгтэйчүүд, хүүхдүүд боловсролтой болж, улс орны хөгжил ч дээшилнэ. Дэлхийд өдөрт ундны усаа зөөхөд 2 цагаас дээш цаг зарцуулдаг хүн байдаг. Сүүлийн жилүүдэд энэ тоо бага зэрэг буурсан.
2. Олон жил дайтахаас өөрийг хийгээгүй, хүмүүс нь буунаас өөр зүйлийг мөрөндөө зүүж үзээгүй орныг улсаа төвхнүүлэхэд нь хувь нэмрээ оруулах. Жишээ нь гэхэд л Судан нь 1956 онд тусгаар тогтнолоо олж авсан. 50 жил дотоодын дайн үргэлжилсэн. Төрсөн цагаасаа л дайн гээч зүйлтэй нүүр учирсан хүмүүс голцуу байдаг. Ийм газарт шинээр улсаа байгуулахад нь зааварчилгаа зөвлөгөө ихээхэн шаардлагатай нь мэдээж.
3. Амь нас, эрүүл мэндийн асуудал. Үүнд эх үрсийн эрүүл мэндийн асуудал ихээхэн чухал. Төрөлтийн хүндрэл, нярайн эндэгдэл нь хэвийн үзэгдэл болчихсон улс орон цөөнгүй. Жишээ нь Канбожид л гэхэд л хүүхэд төрсний дараах 1 сарын дотор нэр өгдөггүй. Учир нь 1 сарын дотор эндэх тохиолдол их. 1 сарыг давчихвал амьдрах боломжтой байж магад гэж үзэн нэр хайрладаг. Эмчийн тоо хүрэлцээгүй, эрт гэрлэлт, мэдлэг боловсрол эзэмших боломж байгаагүй зэргээс маш олон бэрхшээлийг тээж явдаг улс оронд хөгжингүй орны туршлага юу юунаас чухал.
4. Хүнсний асуудал. Дэлхий дээр өлсгөлөнд нэрвэгдэж, амь насаа алдаж буй олон тэр бум хүмүүс бий. Мэдээж тэд нараас шалтгаалахгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр. Цаг уурын бэрхшээл, боловсрол эзэмших боломж байгаагүйгээс хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө тариалах арга зэргийг мэдэхгүй хүмүүст туршлагаасаа хуваалцах, амьдарч буй орчинд нь тохирсон сортыг гаргаж авах гээд л газар дээр нь очиж хөлсөө урсгахыг үүргээ гэж үзнэ. Үр дүн нь мэдээж сайн. Африкт будаа болон хэдэн төрлийн ногоо тариалж, цаг уурт нь тохирсон шинэ сорт гаргаж авсан. Иргэдэд нь зааварлагаа зөвлөгөө өгч дэлгэрүүлж байна.
5. Боловсролын асуудал. Анзаарч байгаа байх, бүх л бэрхшээлтэй асуудлын гол шалтгаан нь боловсролтой шууд бай шууд бус утгаар хамааралтай байгааг. Зүгээр л сургууль бариад өгөх нь яахав, нэг талаасаа тусламж боловч нөгөө талаасаа хангалттай тусламж болж чадахгүй. Хамгийн гол нь хүмүүсийнхээ ухамсарт боловсрол эзэмшвэл амьдрал өөрчлөгдөнө гэдгийг ойлгуулах явдал. Жишээ нь Niger. Бичиг үсэг мэдэхгүй хүмүүсийн тоо хүн амынх нь 72 хувийг эзэлдэг. Эцэг эхчүүдийнх нь ихэнх нь уншиж бичиж мэдэхгүй. Тийм болохоор томчуудаас эхэлж уншиж бичихийг заах. Эхний жилүүдэд бол өндөр боловсрол гэдэг зүйл яригдахгүй. Зөвхөн уншиж бичээ сурчихвал ирээдүй нь асар их боломжоор дүүрэн гэдэг асуудал яригдана.
6. Эдийн засгийн асуудал. Африкийн эдийн засгийг хүчирхэгжүүлэхийн тулд үйлдвэрлэл бий болгох. Үүний тулд хөгжингүй орны хөрөнгө оруулалт шаардлагатай хүчин зүйлийн нэг.
7. Олон улсын хамтын ажиллагаа. ЖАЙКА-гийн тэргүүнээр нэлээд хэдэн жил ажилласан. Энэ жилээс гавъяаныхаа амралтанд гарсан. Нас ч нэлээн өндөр. Энэ хүний ачаар японы цаашлаад дэлхийн анхаарал африк руу чиглэж буй. Дэмжлэг гэдэг талаасаа биш хамтын ажиллагаа гэдэг үүднээс гадаад харилцаа, хүмүүнлэгийн ажлыг хэрэгжүүлэх нь чухал гэж үздэг хүн. Мэдээж их үнэн. Туслалцаа авч буй хүмүүс нь зүгээр л нэг аваад өөрсөө бас хичээхгүй бол утгагүй. Тэгэхээр хамтын ажиллагаа гэдэг үгний цаана асар их ач холбогдол буй нь ойлгомжтой.
За ийм долоон салбарт хичээж буй хүмүүсийн тухай гарна. Салбар бүртээ үнэнч тэдгээр хүмүүсийг эх орондоо аваачаад хаячихмаар хэхэ. Үнэнийг хэлэхэд манайхны дунд ч гадаад харилцааг хөгжингүй орноос саах ёстой гэсэн ойлголттой хүмүүс мэр сэр байдаг л юм. Бас нэг зүйл хэлэхэд монголчууд бид их азтай. Дээдэх нь суудлаа олчихвол бүр ч азтай, тийм үү. Ер нь япончууд хүний нөөц тал дээр их анхаардаг. Хүний нөөц талаас нь туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдаг хүмүүс шиг санагдсан.

No comments:

Post a Comment