Thursday, November 21, 2013

Би монгол хүн

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг
Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдээж надад өгсөн
Өнөр монгол орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Намираа хур нь тэжээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутгаа би
Өөрийн бие шиг хайрлаж
Угаасан тунгалаг мөрнөө би
Эхийн сүү шиг санадаг
Энэ нутагтаа би
Эзэн нь юм
Ирээдүйг түмэнтэйгээ босголцох
Их үүргийг хүлээсэн юм
Хэрэв хүн эх орноо
Хамгаас үнэтэй гэдэг бол
Хээр тал нутгаа
Юунаас ч илүү санадаг бол
Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ төлөө бол
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол
Алтан шороо руугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжээрээ таглаж
Амиа өгөхөөс буцахгүй бол
Энэ хүн монгол хүн
Эх орондоо хайртай хүн
Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр билээ
Би монгол хүн болохоор
Биндэръяа нутгийхнаа төлөө
Бие амь, бүх насаа
Авч байгаа амьсгаагаа
Оргилж байгаа зоригоо
Алины нь ч хайрлалгүй зориулдаг
Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би
Ханагар чөлөөт нутгаа
Харах тусам баясаж байна
Халуун амиа дүйхгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна
Онгирч хөөрсөн сэтгэлээс биш
Оргилсон баярт сэтгэлээс
Орчлон дэлхийн өмнө
Одоо дахиад давтах юм бол
Би монгол хүн болохоор
Нарлаг монгол нутгийнхаа
Найдварт хөгжлийн төлөө
Насаа зориулсан улс аа
Анд найз нөхөдтэйгөө
Алаг бяруу шиг номхон байна гэж
Алалдах дайсан учирвал
Арслан бар шиг догшин байна гэж
Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй
Зүрх сэтгэлээрээ монголжсон
Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс
Зүглэж хэлэхэд бэлэн байна.
 Ч.Чимид

Жич: Шүлгийн эхийг "Бийрбэх"-с авсан болно. Орчуулж өгөхийг хүссэн эмээ минь
-Эхний хэсэгт дуртай. Ялангуяа тэр ээжийн гар, үнсээд буй салхи, унасан ус... гээд л нэг тийм сэтгэл хөдөлгөм.
-Тийм шүү.
-Сүүлийн хэсэг нь жаахан хэцүү юм аа тэ.
Бид хоёр мэдээж элдвийг ярилцана. Аюуш баатрын тухай ч тайлбарлав.
Дүгнэлт нь нэг тийм соц нийгмийн уур амьсгал оруулахгүй бол болдоггүй л байсан байх даа. Дарамттай ч нийгэм байж дээ. Сүүлийн хэсэг ч тухайн цаг үе, нийгмээ магтахгүй бол болохгүй гэсэн үнэр үнэртээд байна...


No comments:

Post a Comment