Friday, October 31, 2014

Эрүүл мэндийн хичээл

Бага  сургуулийн 6-р ангийн ээлжит нээлттэй хичээл. Сэдэв нь "Биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд".
Сурах бичиг, үзүүлэн ашиглан япон хүмүүст ихээхэн тохиолддог өвчлөл, 1 жил дэх нас баралтын тоо, амьдралын зөв хэв маяг гээд л амьдралд ойр зүйлийг хоорондоо ярилцаж байсан.
Багш сурагчдаас:
-Чихэрлэг амттан идэх дуртай хүмүүс гараа өргө дөө.
-Өдөр бүр ундаа, гаазтай ундаа уудаг хүүхэд гараа өргө дөө.
-Өдөр бүр чийпс иддэг хүүхэд гараа өргө дөө.
-Өглөөний цайгаа уудаггүй хүүхэд гараа өргө дөө.
-Гадаа тоглодоггүй хүүхэд гараа өргө дөө.
-Биеийн тамирын хичээлээс гадна биеийн тамираар хичээллэдэггүй хүүхэд гараа өргө дөө.
Өөр нэлээд хэдэн асуулт байсан санадаггүй ээ.
Дээрх асуултыг асуугаад л хүүхдүүд гараа өргөөд л байсан. Дараагаар нь хэрвээ чихэрлэг зүйл хэтрүүлж хэрэглэвэл, давс хэтрүүлж хэрэглэвэл, өөрт тохирсон хөдөлгөөн хийдэггүй бол ийм ийм өвчин тусах магадлалтай, богино наслана гэх мэтээр тайлбарлаж ярилцав.

Би нь их олзуурхсан. Өнөөдрийн хичээлийг. Учир нь том зулзага давстай зүйлд дуртай, шоколатанд дуртай. Хоолныхоо давсыг албаар сул хийхээр хань ижил том зулзага 2 сул байна гээд бусад зүйлээр амтлах гээд байдаг талтай. Тэгээд л ээжийн үглэх ажил эхлэнэ шүү дээ. Одоохондоо юм мэдэгдэхгүй, нас ахиад ирэхээр тэгнэ ингэнэ, зулзагыгаа болохоор эмэгтэй хүн жирэмсэн болохоор чинь илт мэдэгдэнэ бла бла гээд л. Ганцаараа үглээд ад болж байхаар сургуульд ингэж заагаад давхар багш нар нь үглэвэл хичнээн аштайв.

Мөн дунд нь гаднаас мундаг хүн урьж яриа хийлгэдэг гэсэн дээ. Энэ удаад эм зүйч залуугийн яриа байлаа.
Эмийн зөв хэрэглээ, мансууруулах бодис зэргийн талаар ярьсан. Эм зүйчийн тухай ойлголт 1240-д оноос эхлэн гарсан гэнэ.
Тухайн эмнээсээ шалтгаалаад хадгалах хугацаа нь өөр өөр байна. Урд нь ханиад хүрээд эмчид үзүүлж эм бичүүлж аваад, тэр эм нь үлдсэн тохиолдолд дараагийн ханиадандаа аль болох хэрэглэхгүй байх. Ах нь эгч нь энэ эмийг уугаад зүгээр болсон юм чинь дүүд нь гэсэн энийг л уулгачихая гэж болохгүй. Гэх зэрэг зөндөө л зүйл ярилаа.

Мансууруулах бодис. Хар тамхи. Өсвөр насны хүүхдүүд найз нөхдийн шахалтаар, охидууд найз бандийнхаа шахалтаар татаж эхлэх нь элбэг. Түүний дараах хор уршгийн талаар ямар ч ойлголтгүй хэрэглэх нь их. Буруу зам руу орохоос хамгийн их сэргийлж чадах орчин бол гэр бүлийнх нь гишүүд байна. Хар тамхины хор уршгийг сайн ярилцаж эртнээс ойлголт өгч байх. Санаа зовж буй асуудлаа гэрийнхэндээ нуулгүй ярьдаг болгох. Гэр бүлийн гишүүд хоорондын мэдээлэл солилцоо ихээхэн чухал...

Шилжилтийн насан дээрээ яваа учраас эсрэг хүйстнээсээ ичих, сонирхох гэх мэт зан аашийн хувьд бага зэргийн өөрчлөлт ажиглагдаж байгаа гэж анги даасан багш нь хэлж байсан.

No comments:

Post a Comment