Tuesday, June 23, 2015

Хэдэн хөөрхөн ном

Номын сангаас бас цуврал хөөрхөн ном олсон. Балхүүгийн тухай. Одоогоор 6 цуврал л номын санд байсан. Үргэлжлэл байдаг эсэхийг бүү мэд. Та бүхэн монголд хайж үзээрэй.  Гэхдээ энэ орчуулгынх. Их хөөрхөн агуулгатай юм даа гэж бодсон чинь орчуулгынх байсан. Гэхдээ яахав, бага зулзагатаа хэд хоног уншиж өгөх номтой байлаа. Агуулгаас нь хамаараад бага зулзага энийг нь эхлээд уншаад өг гээд л. Богино тул оройд унтахын өмнө уншиж өгөхөд тохиромжтой. Бага насны хүүхдэд үсэг ихтэй урт ном уншиж өгөх дэмий юм билээ. Миний туршлага. Хүүхэд уйдах нь амархан. Уншиж өгч байгаа хүн нь өөрөө бас залхуу нь хүрнэ. Хэ хэ. Зураг ихтэй номыг хааяа зохиогоод ярьчихдаг юм би нь.

Ном байнга уншиж өгөхийн ач тусыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ? Сүүлийн үед бага зулзага тоо бичих гээд байдаг болсон. Зарим нэг тоо буруу харчихсан л тууж явдаг юм. Мөн үсэг нүдэлж эхэлж байна лээ. Манай найзын нэрэнд ордог тийм үсэг байна гэдэг болсон. Хичээл хий гэж шахаж суулгахгүйгээр, хүүхэд өөрөө нүдлээд явдаг. Том зулзага бас яг л ингэж үсэг цээжилсэн. Туршлагатай хүн чинь бага зулзагаа бас л ийм аргаар үсэг нүдлүүлж байна. Хааяа оройдоо залхуу хүрдэгийг эс тооцвол өдөр бүр ном уншиж өгдөг. Ээжийнхээ үгэнд ороод онц байвал шагнаад хоёр ном уншиж өгөх гэх мэт.

Гэхдээ зулзага минь орчин нь япон юм болохоор хирагана үсэг нүдлээд байна аа. Энд бага сургуульд орно гэж үзвэл хирагана нүдлүүлэх буруудах зүйл ч үгүй л дээ. Ингэж бодоод монгол үсэг нүдлүүлэх гэж яарахгүй байна л даа. Гол нь чихэнд нь сонсгож дасгах. Чихний бөглөө онгойно гэж ярьдаг даа. Хэлснийг тодорхой хэмжээгээр ойлгоод байдаг ч сэдэв хүндэрвэл мэдээж ойлгохгүй.

Сүүлийн үед хүүхдийн гайгүй ном гардаг болсон бололтой. Түүнээс ч нэг хэсэг аав нь хүүгээ мангаст өгөөд л, ээжийг нь аав нь зодоод л, тэгсэн хүү нь аавыгаа цохиод алчихдаг нэг ном манайд яваад байсныг би нь эвтэйхэн аргалж цохиод унтуулав гэж уншиж өгч байлаа шүү дээ. Хэ хэ. Унтуулахдаа цохиод байх даа ч яахав дээ тэ. Өөрөөр унших гэхээр зураг нь яах аргагүй цохиод байгаа юм чинь яалтай ч билээ. Ха ха.

No comments:

Post a Comment