Sunday, September 13, 2015

Шинэ оролдлого

Шинэ аргаар оймс нэхэж үзэх гээд эхэлчихсэн чинь, өсгийн дээрээ ирээд гацчихав. Схемийг нь хараад л гайхаад сууж байна.

Яагаад шинэ аргаар нэхэх болсон гэхээр? Би түрийнээс нь эхэлж нэхдэг юм. Харин ёвропууд өлмийнөөс нь эхэлж нэхэх нь түгээмэл байдаг гэнэ.

Өлмийнөөс нь нэхэхийн давуу тал гэвэл өлмийн хэсгийн нэхээс сийрэг биш байдагт оршино.

Түрийнээс эхэлж нэхэхээр өлмий хэсэг дээрээ хасаад явна даа. Тэгж хассан хэсэг нь жаахан онгойгоод? байдаг юм. Жаахан сонин болоод байна даа гэж бодоод л явдаг байсан юм уг нь. Яаж засахаа мэдэхгүй л явлаа.

Бас өсгийний хэсгийн хассан нэхээс жаахан сийрэг болно оо.

Тийм сийрэг нэхээстэй оймс шахаж байсандаа хүлцэл өчье өө, хүмүүс ээ. Хэ хэ. Одоо бас нэлээдийг нэхээд тавьчихсан байгаа. Ккк.

Энэ номыг олж хараад нэхэж үзэхээр сэтгэл шулуудав. Бас ингэж сэтгэл шулуудсан нь бяцхан атаархалтай холбоотой. Хэ хэ.
Ингэсэн юм.

Хотын захиргааны явуулын номын сангийн машин хөгжмөө уянгалуулсаар ирэв. Зээлсэн номоо буцаачихаад бага зулзагатаа шинээр ном зээлэх гээд хараад зогсож байтал нэгэн танил ээж ирснээ, номын санчаас нарийн боов хийх тухай ном байна уу гэж асууснаа, өөрийн сонирхдог номоо нэлээд хэдийг барьчихсан хараад зогсож байна аа. Урд нь том зулзагаасаа сонсож байсан юм.
-Манай тэр найзын ээж нь гэртээ дандаа гоё нарийн боов хийдэг гэсэн.
-Өө тийм үү? Яасан гоё юм бэ?
-Та ч бас хийж болно шүү дээ.
-Өө ээж нь амжихгүй ээ.
гэсэн харилцан яриа өрнөсөн байлаа.

Тэгээд энэ ээжүүд их сүрхий юм аа, хүүхдээ асран хүмүүжүүлэхийн хажуугаар өөрсдийгөө ч хөгжүүлэхээ мартахгүй, өөрийн дуртай зүйлдээ цаг гаргаж чадах юм аа гэж атаархангүй харж байснаа, дээрх ном нүдэнд харагдахаар нь гар өөрийн эрхгүй уг номыг шүүрээд авсан. Хэ хэ.

Орой нь хань ижилдээ хэлсэн чинь шоолж инээснээ
-Атаархсан юм бол тэгээд нарийн боов хийх тухай ном зээлэхгүй яасын?
-Тэрийг чинь хийхэд цаг их орно, материал худалдаж авах хэрэг гарна. Би байгаа утсаа ашиглах гээд л энэ номыг зээлчихлээ.

Барьж авалгүй хэд хонов. Тэгээд сая бүтэн сайнд санаандгүй дэлгэн харж сууснаа гэнэт онгод ороод өлмийнөөс нь нэхээд эхэлчихсэн. Энэ хооронд бас хэд хэдэн удаа хөвсөөн. Шууд чадчихна гэж байхгүй.

Тэгсэн өсгийгөө нэхэх гэсэн юу билээ гээд гацчихсан нь тэр. Номны схемийн дагуу нэхэж байгаа ч утасны нь бүдүүн нарийн өөр, зүүний бүдүүн нарийн өөр, тэрнээсээ шалтгаалаад гогцооны тоо хүртэл өөр тул тоо бодох хэрэг гараад. Тоо бодох гэсэн толгой өвдөөд. Ха ха.

Номон дээр бол гоё гоё хээтэй оймс байна аа. Би нь ч одоохондоо хээ мээ гэхгүй, нэхэх аргаа л гартаа оруулчихмаар байдаг.

Нэхэж дуусаад зураг оруулна аа. Уг нь нэхээд сурчихал амархан гээд бичсэн байна. Сурталаа л удах юм шиг байна.

No comments:

Post a Comment