Monday, October 05, 2015

Тал нутгийн охин

Номын сангаас зээлж авчраад уншив. Өрөвдөлтэй юм аа. Өвөө нь өвчнөөр, ээж нь морьноос унаад, дотуур бэртсэнээ мэдээгүй явсаар хүндрүүлээд  нас барна, хэдэн жилийн дараа тал нутгийн  Пүүжээ охин сургуулиасаа харьж яваад машинд дайруулаад нас барна.

Энэ тухай бичсэн хүн Сэкино Ёшихарү. Дэлхийг тойрон аялна. Фүжи телевизийн The Great Journey хэмээх аялалын тухай баримтат нэвтрүүлгийн гол баатар бөгөөд аялалынхаа явцад монгол Пүүжээ охинтой танилцана. Түүнд өөрийнх нь охинтой насаар чацуу тал нутгийн охин гүн сэтгэгдэл үлдээнэ. Түүнийг ирээдүйд ямар охин болох, ямаршуу том хүн болох тухай нь үргэлжлүүлэн бичих сонирхолтой байсан ч...

Эхний номыг уншаад дуусч байтал Сүхбаатар өвөө харснаа дараагийн энэ номыг унш гэж өгсөн юм. Морь унасан Пүүжээ охины зурагтай номон дээр охины ээж нас барсан тухай л гарна. Пүүжээ дөнгөж бэлтгэл ангид орж байна.

Бас зурагтаар гарсан нэвтрүүлгийг нь бичиж авсан байсныгаа зээлээд, бид гэрээрээ үзэв. Эмээгийнх нь уйлж байгааг хараад л өөрийн эрхгүй нулимс урсаад. Ойр ойрхон хань ижлээ, охиноо, зээгээ алдсан эмээгийн зүрх шимшрэм нулимс...

Бараг арваад жилийн өмнөх үйл явдал. Үеэл нь болох жаал хүү одоо их том залуу болсон байгаа даа. Аниагаа бурхан болсоноос хойш цагдаа болно гэж боддог болсон гэж бичсэн байсан.

Зах зээлд шилжээд удаагүй байх үеийн монгол орны дүрслэл, зураг гээд л, нээрээ л ийм байсан даа гэж эргэн дурсав.

Тэмээгээр говийг хөндлөн гулд туулсан гэж байгаа. Тэмээний тухай бас л сонин сайхан бичсэн байсан. Бас л сүрлэг сайхан амьтан юм билээ...

Ойрдоо сэтгэл санаагаа сонин болгосон ном олж уншаад байгаагаа мэдрээд. Гэхдээ орой нь бага зулзагатаа нээх хөөрхөн хөөрхөн агуулгатай ном уншиж сэтгэлээ жаахан засасгээд л явж байна даа. Хүүхдэд зориулсан хөөрхөн хөөрхөн ном их байх юм аа...

No comments: