Friday, May 13, 2016

Төрөл бүрийн амттан

Японд муж болгон нь өөрийн гэсэн амттантай. Тухайн мужийн нэрийн бүтээгдэхүүн. Ганц ч биш, хэд хэд бий.

Япон үндэсний амттангаас авахуулаад орчин үеийн амттан гээд л арвин баялагтай.

Япон хүмүүс ийш тийшээ явахдаа заавал тухайн газрын амттан гээд авч ирнэ. Сая амралтаараа тийшээ яваад ирлээ. Тийм газар үзлээ. Нутгийн идээ амс гээд л. Ажлын газрын хүнийхээ тоог гаргаж байгаад л олон ширхэгтэйгээс нь авна. Хувийн журмаар өгөх гэж байгаа бол тухайн хүний юунд дуртайг нь мэддэг тул архи дарс, жимч жимсгэнэ, жигнэмэг өгнө.

Манай ажлынхан ийш тийшээ явахдаа бас л авчирч тавина. Үдээс хойш 3 цагийн үед амттан иддэг цаг гээд амттан байвал задлаад иднэ. Авчирсан хүн нь өөрөө бариад даргаасаа эхлээд тарааж өгнө. Явсан газрынхаа сонингоос хальт дуулгана.

Хэрэв ийм амттангаар тасарсан байвал өөр өөрсдөө дуртай амттанаа шүүгээндээ хийчихсэн байдаг юм билээ. Тэгээд л пс-гээ ширтэнгээ ганцаараа л идчихнэ. Хувааж муваана гэсэн ойлголт байхгүй. Хэ хэ.

Би тэр япон үндэснийх нь амттанд нэг их дуртай биш. Манайхан мэддэг тул авчирч ирэх нь цөөхөн. Хэрэв авчирсан тохиолдолд өө яана аа уучлаарай, энэнээс өөр гоё амттан хайж явах зав гараагүй ээ гэнэ. Хөөрхөн. Хэ хэ.

Хариуд нь өө зүгээр зүгээр сэтгэл тань сайхан шүү, баярлалаа гээд л өнгөрнө.

Нэг хэсэг гуалиг болох минь гээд тангараг тавиад л тараасан амттанаа гэртээ авч ирээд байсан чинь хань ижил гайхаад, чиний бүдүүрээд байгаа шалтгаан чинь энэ байсан байна шд. Дандаа ингэж наддаа авчирч ирж бай.

Одоо байхгүй ээ, чимээгүйхэн шиг өөрөө идчихээд, заримдаа л хоёр зулзагатаа барьж ирээд байгаа. Хэ хэ. Ингээд л гуалиг болж чадахгүй байгаа юм даа гэж...

Хааяа даа манайхаар үйлчлүүлдэг гадаад оюутнууд нутгийнхаа идээнээс авчирч өгнө. Хятад оюутан их байдаг тул хятад гэхээр бас дотроо жаахан сэжиглээстэй, тун багыг амсана шүү дээ. Хүн гээч амьтан бас л муухай байгаа юм шүү тэ.

Бразилчууд борголоосоо их бэлэглэнэ. Австрали их нялуун амттай том том шоколат бэлэглэнэ. Хятадууд цай бэлэглэнэ. Тайваньчууд дотроо хан боргоцойтой боов бэлэглэнэ. Тэрэнд том зулзага бид хоёр дуртай гэж юүхэв. Урд нь хамт ажилладаг байсан тайвань хүүхнээ нутаг буцаад ирэх болгонд нь тусдаа захьдаг байж билээ. Ойрд идсэнгүй, бүр амтагдчихлаа. Солонгосчууд давсалсан далайн байцаагаа авчирч өгнө. Бас л дуртай. Сүүлийн үед дэлгүүрүүдээр зарагддаг болсон. Худалдаж аваад идчихдэг болсон амар. Монголчууд уу? Сүүлийн үед алтан говь билүү шоколат авчирдаг болсон. Хааяа монгол явсан япон хүмүүс хаан сүүтэй цай авчирч өгдөг юм.
Энэ Токио явж ирсэн хүн авчирсан. Токио банана гэдэг амттан. Дотроо бананатай. Ийм зүрхтэй байдаг юм байна .

Муурны дүрст жигнэмэг. Хаанахых билээ дээ, харж амжаагүй идчихсэн. Хайрцаг нь хөөрхөн бөөрөнхий хайрцаг байсан. Ажил дээрээ хадгалчихсан байгаа. Харж байгаад хэлнэ ээ. Хэ хэ.
Иватэ гэдэг мужийн амттан. Том зулзагын зургийн дугуйлангийн багш нь алтан долоо хоногоор тийшээ явахдаа авчирсан. Төрсөн нутаг нь гэсэн. Ийм бор аягатай гурвалжин будааны гоймонтой хоолоороо алдартай гэсэн байх аа.

Өөр зөндөө л сонин содон хэлбэртэй, зурагтай, амттай, савлагаатай амттан бий. Идэж үзэхээрээ зураг авч оруулж байна аа хойшид. Яахав муу хүн идсэнээ гэж. Гэхдээ япончууд тувт явсан газрынхаа хоол ундыг ярьдаг юм. Тэгэхээр япончууд бүгд муу хүн? Ккк

Бага байхад Завхан нутгаас ирсэн хамаатнууд маань цагаан дээлт гэдэг хатуу чихэр өгдөг байж билээ. Дуртай байлаа шүү дээ. Гэхдээ л аарууландаа нугасгүй ээ. Япончууд л идэж чаддагүй болохоос. Гэртээ бид хатуу ааруул хүлхэж өгнө шүү дээ. Харин үйлдвэрийн хорхой аарууланд дургүй, чихэртэй болохоо тэр юм болов уу? Ямартай ч гэрийнхэн маань иддэггүй. Гашуун аарууландаа л үнэнч...

No comments:

Post a Comment