Tuesday, March 13, 2018

Хариу ба дахин шалгалт

За том зулзага "конкурсныхаа" хариуг сонслоо. Товлосон өдрийн 12 цагт шалгалтын дугаарыг нь гаргаад хадчихдаг юм байна.

Цугласан олон дугаараа хайж олоод, бөөн баяр хөөр, харуусал болоод шуугилдаад явихчихав. Энд тэнд охидын баярласан орилоон. Ёоо энэ охидууд энд тэнд явахдаа, хөөрөхдөө дуугаа жаахан намсгавал зүгээр юм байна шүү гэж бодов.

Тэртээх олон жилийн өмнө их сургуулийн конкурсныхаа хариуг сонсох гээд ээж аавыгаа их сургуулийн гадаа сойсноо дурсав. Тэнцсэн байсан чинь хөөрхийс минь баярлаад л, нулимс унагаж энэ тэр. Би ч тэр хоёрыгоо баярлуулсандаа урамтай байсөөн.

Яг л тэр дүр зураг энэ өдөр давхцав. Аав ажилтай тул ээж охин хоёр догдлон догдлон дугаараа хайв. Байж байна аа. Том зулзага ч дороо дэвхцээд бөөн баяр. Би ч бөөн баяр.

Хэдэн оноотойгоор тэнцсэнийг нь хэлж өгдөг юм билээ. Биеийн байцаалтаа авч очсон.

Маргааш нь тэнцсэн сурагчдыг дахин шалгаруулж анги хуваарилалт явагдана гэсэн хуудас тараасан байсан. Анги хэл, тоо, япон хэл гэсэн гурван хичээлээр л шалгалт авсан. Дунд сургуулиа төгссөн өдрөөсөө эхлээд л түүндээ бэлдсэн. Тэнцсэн гэдэгтээ итгэлтэй байсан шиг байна лээ, зулзага минь. Бусад хүүхдүүд, төгссөн гээд орой нь бөөнөөрөө хоолонд орно гэж байсан юм билээ.

Тэгсэн манай энэ хотод дунд сургуулийн 3 сурагч амьжиргаа цагаан унаж яваад осол гаргаад, тэвшин дээр нь сууж байсан нэг нь шидэгдэж тэртээ хол үсэрч унаад, нас барчихсан хэрэг гарсан юм. Тэгээд төгсөж буй сурагчдыг бөөнөөрөө, харгалзах хүнгүйгээр орж гарахыг нь хорьсон.

Гэхдээ л хүүхдүүд болсон хойно тэр өдрийн үдээс хойш энд тэнд зөндөө л хүүхдүүд бөөнөөрөө холхиж харагдана лээ.
-Яана аа? Багштай таарчихдаг гэнээ.
-Тийм үү? Хаана явжынаа цаадах чинь.
гэх тэм яриа чих дэлсээд л.  

Бас л бага насаа дурсав. Хичээлээ тарчихаад охидууд бид энд тэнд цуглаж дээс цуврах гэхлээр л багш нар энд тэндээс гарч ирчихээд харь гээд хөөгөөд байдаг байж билээ. Одоо бодоход ухаалаг утас энэ тэр гэхгүй үсэрч харайгаад их л зөв өнгөрчээ, бага нас минь.

Хариугаа сонссоны маргааш өдөр нь сурагчид дахин шалгалт өгч шүүсээ шахуулна, ээж аав нар үдээс хойш сургууль дээр нь очиж түрийвчин дэх байдгаа шавхуулдаг юм билээ. Цагаан цамц, ном сурах бичиг энэ тэрээ худалдаж авна гээд л.

Энэ талаар тусад нь бичих нь зөв байх.

4 comments:

  1. мундаг охинд нь баяр хүргэе

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, хүмүүс мундаг л гээд байгаа. Хэ хэ. Ээжид бол хүүхдээрээ, яагаа ч үгүй л байна. Ккк

      Delete
    2. ээжид бол насаараа л хүүхдээрээ л санагдана л даа угаасаа ккк

      Delete
    3. тэх.насаараа л нялх минь гэж харах бололтой догоо.хэхэ

      Delete