Tuesday, January 22, 2019

Хонин зам

Бага зулзага бид хоёр ээлжит номын сан хэсэлтээрээ нэг хөөрхөн ном зээлж ирсэн.

Бага зулзагын нүд их соргог, Монгол гэсэн үг үсэг, зураг хөрөг гарвал нүд нь гялалзаж ирээд л ээждээ хэлдэг юм. Хайр хүрнэ гэж юүхэв. Шууд л зээлэхээр сагсандаа хийдэг гэж байгаа.
Нэр нь "Хонин зам". Яг оносон орчуулга олж чадахгүй л байна л даа. Эхний өдөр аавдаа уншиж өгсөн. Дараагийн өдөр ээждээ уншиж өгсөн. 

Маргааш нь би шавьдаа уншуулахаар авч явсан. Шавь минь хөдөө өссөн сумын хүүхэд юм болохоор их олзуурхан уншсан. 

Далимд нь багынх нь гэх юм уу? хөдөөх амьдралынх нь тухай жаал сонсов. 4 хүүтэй айлын бага. Ах нартайгаа хонио хяргадаг, хониндоо явдаг байснаа яриад л хөөрхөн. 

-Та мэднэ биз дээ? тэрийг энийг гээд л асууна. Аминдаа намайг хотод өссөн юм болохоор мэдэхгүй гэж боддог байх. Үнэндээ мэдэхгүй, чадахгүй юм их л дээ. Мах идэхдээ л сайн болохоос малчдын амьдралын хүнд хүчрийг тэр бүр сайн мэдэхгүй шүү дээ. 

Гэснээс шавь бид хоёр хичээлээ хийсээр л байгаа. Хэл усандаа сайжирч байгаа л гэж найдаж сууна. Заримдаа бид хоёр ингэж монголынхоо тухай, ээж аавынхаа тухай буу хална. Тэгэхдээ мэдээж дан монголоор ярихгүй, аль болох япон үг оруулж яриулахыг хичээнэ. Ойрд ханз нэлээд түлхүү зааж байгаа. Үзсэн ханзны минь тоо цөөхөн л дөө. 

Нэлээд хэдэн жилийн өмнө хагас жил гаран заасан шавийнхаа дайтай авааччих санаатай. Тэр шавь минь нэлээд сэргэлэн толгой л доо. Хэ хэ. Бас монголд хальт үзэж байсан болохоор нэлээд сайн сурсан. 

Хэл заахад тухайн хүүхдийн унаган зан гэж бас их нөлөөлөх юм тэ. Багш нарын алдрыг биширмуй. Нэг ангийн олон янзын ааш араншинтай хүүхдийн арга эвийг олж сургана гэдэг ч бас л хэцүү ажлын нэг юм. 

Над шиг нэг л хүүхдэд заах гэж нэлээд чармайж байхад за тэр анги даасан, олон хүүхдэд заадаг багш нар бол мундаг мундаг. 

Нэг хөөрхөн номыг тойрон, нэг хөөрхөн номын ачаар эх нутгаасаа хол суугаа бидний хэдэн монголчууд хоорондоо одооны хэллэгээр бол амьд харилцаа үүсгэн, халуун дулаан яриа хөөрөө өрнүүлж, эх нутгаа санагалзан, дурсанхан сайхан байлаа. 

Япон улсад ажиллаж амьдардаг хүмүүс байвал зээлж аваад уншаарай. Хүүхдүүддээ ч бас уншуулаарай. 

Номын цагаан буян дэлгэрэг. 

No comments:

Post a Comment