Friday, February 19, 2010

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: НОЁДЫН ТӨГСГӨЛ

Үргэлжлэл
Хааныг залах их ёслол дээр хаан ширээнд албан ёсоор суух ёстой Дашням "Би бол энэ түвд гаралтай Жибзундамбыг бодвол их Чингис хааны угсааны дотроос хамгийн ахмад нь" хэмээн өрсөлдөх санаа гаргажээ. Гэтэл энэ үед Дашням дөнгөж 26 настай байсан тул ахмад гэдэг үгийг тэрээр ах насны ахмад биш, ахлах тэргүүлэх байр суурьтай гэсэн үүднээс хэлсэн нь илэрхий байна. Удалгүй Богд Жибзундамба хутагт өөрийн ордондоо урин залах үед буюу 1911 оны 2 сард Түшээт хан аймгийн түшээт ханы хошуунаас нийслэл Хүрээнд ирэх үедээ гэнэт бие барсныг "...Түшээт хан Дашнямын биед хуар өвчин тохиолдож эм гүрэм элдвээр шавдан засуулсаар боловч эдгэн чадсангүй нас барлаа" хэмээжээ. Энэ тухай Харбин хотноо хэвлэгддэг "Харбинский вестник" сонинд "...түшээт хан цэцэг өвчнөөр өвчилж үхэв" гэсэн бол оросын академич И.М.Майский "...Түшээт ханыг хорлуулж үхсэн яриа нутгийнхны дунд байна" гэх зэргээр тухайн үедээ олон янзаар тэмдэглэжээ. И.М.Майский бол Түшээт ханыг нас барсны дараахан буюу 1919 оны орчим Эрдэнэ зуу хавиар түүний хошууны нутгаар дайрахдаа дээрх мэдээг нутгийн ардуудын амнаас сонсож тэмдэглэсэн бололтой. Энэ бүгдээс үзэхэд Дашням нь 26-хан насандаа жам ёсоороо таалал болсон бол энэ мэт олон таамаг, мэдээ, яриа гарах нь юу л бол. Ямар нэгэн сэжүүр санагдсан бололтой. Түүнийг нас барсны дараа Богд Жибзундамба хаанаас буулгасан зарлигийн бичигт "...Зарлиг Дашням чингэж бие өнгөрсөн нь үнэхээрийн хөөрхий их л нүгэлтэй тул түүний хойдын буянд сангаас 100 лан мөнгө шагная" хэмээжээ. Юутай ч түшээт ханы үхэл нь зүйгээр бус, гэхдээ манай судлаачдын үздэг шиг орос, хятадын талаас биш харин дотоод хүчин зүйлд хамааруулан үзвэл үнэнд илүү дөхөх нь лавтай бололтой. Үүнээс ердөө хоёрхон сарын дараа халхын дөрвөн ханы нэг Засагт хан Содномравдан гэнэт таалал болжээ. Түүнийг хэрхэн таалал болсон тухай нэгэн сонирхолтой дурдатгалд тулгуурлавал, Гандантэгчилэн хийдийн хамба асан түүхч, Эрдэнэпил агсны дуртагснаар "...1912 оны хавар Засагт хан таалал төгсөв. Нэг өдөр Дашчоймбол дацанд хурал хурж байсан бүх лам нарыг засагт ханы бие муудсан тул аваачиж ном уншуулсан юм. Маргааш өглөө нь засагт ханы харъяат нэгэн ламаас миний асуухад манай хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж очоод, тэнд хор зооглосон юм гэнэ. Тэгээд үнээний сүү уугаад тус болсонгүй нас эцэслэлээ" гэжээ. Энд анхаарал татах нэг зүйл бол түүний өвчнийг эдгэрүүлэхийн тулд сүү хэрэглэсэн нь гайхалтай. Өөрөөр хэлбэл хордсон байж магадгүй гэсэн үүднээс түүнд сүүний эмчилгээ хэрэглэсэн болов уу. Дараагийн нэг анхаарал татах хүн нь Монгол улсын засгийн газрын орлогч сайд Өвөр Монголын харъяат, Бинт Чин ван Гончигсүрэн юм. Тэрээр Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг зориулж ажилласан нэгэн гарцаагүй мөн. 1913 онд да лам Цэрэнчимэдийн хамт Япон улсаас тусламж гуйхаар явсан авч тодорхой хүчин зүйлээс хамаараад бүтэлгүйтсэн юм. Бинт Чин ван Гончигсүрэн Монгол улсын төрийн зарим нэгэн алдаа зүйлд анхаарч шүүмжилж байсан нь ажиглагддаг. Тухайлбал, нас барахынхаа өмнөхөн Цэргийн яамны анхны сайд эрдэнэ далай ван Гомбосүрэнгийн үйл ажиллагаа сул, түүнийг сайжруулан ажиллуулахаар зургаан зүйлээр шүүмжлэн хэлэлцэхийг Богд хаанд айлтган өргөсөн бичиг өнөө хэр архивын дансанд хадгалагдаж байна. Үүнийх нь хариуд далай ван Гомбосүрэн няцаасан хариу барьснаас хэдхэн хоногийн дараа түүнтэй заалдагч Бинт Чин ван Гончигсүрэн гэнэт нас барсан бол төд удалгүй Эрдэнэ далай ван Гомбосүрэн "өвчний учир таалал төгссөн нь" сэжигтэй үхлүүдийн нэг мөн бөгөөд ямар нэгэн хөндлөнгийн этгээд тэдний харилцааны зөрчлийн учигийг овжин ажигласан байна. Сонирхолтой нь яг энэ үед да лам дотоод яамны сайд Цэрэнчимэд баруун хязгаарт томилогдон явах үедээ одоогийн Увс аймгийн нутагт: "хуучин өвчин үгдэрч хөдөлсөн нь замын зуур эмчлүүлэн илааршсангүй боловч зарлигийг хүндэтгэн дагаж хэрхэвч уг хэрэгт хүрэх газарт хүрмой хэмээн хатамжлан явсаар...Дэжээлэн хүрээний газарт буудаллаж эм гүрмээр шаардан шамдаж байсан ч хаван үүссэн ч гайгүй хэмээн хүрэх газарт хүрч улсын зах хязгаарыг үзэж оноосон албаан дуусгаж Богд эзний туйлын таалалд нийцүүлэн чадмой хэмээсээр энэ сарын шинийн долоонд тахиа цагт сайд...улс төрийн албыг дуусгаж чадсан үгүй нь үнэхээрийн хайран нулимс цувруулан дахин дахин гэрээслэн хэлж гэнэт амьсгал татаж насан нөгчив" гэжээ.

Жич: Сар шинийн мэндийг дэвшүүлээд бүх зүйлд амжилт хүсье.

3 comments:

  1. Сонин сайхан өгүүлэл танилцуулж буйд баярлалаа.
    Би Засагт ханы хошууны хүн байгаа юм. Нутгийн хөгшдийн дунд яригддаг байсан аман яриагаар бол Засагт хан зүгээр жам ёсоороо өнгөрөөгүй, Ханы шадар хүмүүс нь болгоомжлоод байсан тул Хүрээнд байсан Ханы хатнаар дамжуулж хор өгсөн гэлцдэг. Энэ хууч яриа ортой л байх нь.
    Ер нь нэг эрх ашгийн сонирхол маш хүчтэй үйлчилсэн мэт харагддаг, тэр үед. Нэг нууц бий л байх даа.

    ReplyDelete
  2. Сар шинэдээ сайхан шинэлсэн үү?
    Энэ өгүүлэл ингээд дуусаж байна уу, үргэлжлэл байгаа юу?
    Би урьд нь мэдэх боловч бүтнээр ньанх удаа өөрийн тань блогоос үзэж байна. Хэрвээ дууссан бол кофидоод авчих уу, айн?

    ReplyDelete
  3. Номинчимэд:зочилсонд баярлалаа, ам яриа оргүй хоосон зүйлээс үүсэхгүй бхаа үнэний хувь бий л байх.


    Соронзон: арай дуусаагүй байгаа. ойрын хугацаанд дуусганаа.

    ReplyDelete