Sunday, March 04, 2012

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд


зориулж цуврал эссэ гарсан юм билээ. Би сая л 15 дахь дугаарыг нь уншиж байна. Бүрэн эхээр нь олж унших юмсан.

"Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар"
Т.Зөнбилэг

Нууцаар мордсон элч нар бас л нууцаар буцаж ирэв. Да лам Цэрэнчимэд 1911 оны 9 сарын 4-нд орос эмчийн дүрээр хүрээнд орж ирсэн байдаг. Харин Ханд чин ван 9 сарын эхээр мөн л Эрэн харуулаар хил давах хошуу нутагтаа орж ирсэн боловч орд өргөөндөө очиж чадсангүй. Энэ сургаар Манжийн амбан Хошой чин ванг хороох гэж туршуул явуулсан мэдээ бий. Академич Ж.Болдбаатар өөрийн номдоо "...Бас Чин Ван М.Ханддоржийн дэргэд алаач хэмээх Бадамжав, Цагаан тохойн цонхир Чойжил, Баянголын Сүрэнхор зэрэг мэргэж бууч анчид харуулд гарч өдөр шөнөгүй сэрэмжилж байв. Гэтэл тэр үед гуйлгачин дүрээр нутгийн айлаар хэсч явсан өрөөсөн нүдтэй хятад хүн Сэлэнгийг биеэр сэлэн гаталж, Цонхлон уулын оройд гарчээ. Түүнийг Чин Ван М.Ханддоржийн харуулууд барьж, нэгжихэд шаахайны улнаас нь жижиг гар буу /шааз буу/, хурц тонгорог гарсан юм гэж тэнд усчин байсан Б.Ёндон /1963 онд/, галч байсан Д.Чойжамц /1971 онд/ нар ярьсныг Булган нутгийн түүх сонирхогч, өндөр настан Г.Магван гуай хичээнгүйлэн тэмдэглэн авсан" гэж бичсэн байдаг. Энэ мэт зовлон зүдгүүрийг туулсан Ханд ван 10 сарын сүүлчээр Их хүрээнд орж ирсэн гэлцдэг. Б.Хайсан Эрхүүгээс нутаг руугаа явах гэсэн боловч дотор газар хөл үймээнтэй байсан болохоор Богдын хүрээнд бас л нуугдаж ирсэн байна. Эх орончил ийн буцаж ирсний дараа халхын Их хүрээнд Монголын тусгаар тогтнолыг бэлтгэх ажил шургуу өрнөв. Одоо мөнөөх "... Иймд шавь нар бид бүхэн яахин хүмүүжвээс сайн болохыг тодорхойгоор айлдахыг хүснэ" гэсэн асуултын хариу бүр ч тодорхой боллоо. Басхүү Богд гэгээний "... Лам би олон монгол шавь нараа цөмийг нэгэн адис авралдаа авсаар бөлгөө. Миний энэ үгийг улам улмаар лам надад мөргөхөөр ирдэг олон монгол шавь нарт нийтээр нэгэн адил сонсговол зохино. Цаг нь болсон" гэх лүндэн улам ч утга төгсөөр тодорч эхэлжээ.
"...Монгол овогтон бүгдээр нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах" гэдэг шинэ уриа хүрээнийхэн улмаар хөдөөнийхний амны уншлага болж, Монгол орон тэр чигтээ асч буй гал мэт дүрэлзэж эхлэв. Манай нэрт судлаач Л.Жамсран гуай "Монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний тухайн үеийн улстөрийн мөрийн хөтөлбөр болсон тэрхүү лүндэнг Их хүрээнд хэсэг ноёд, лам нар хэрхэн хэрэгжүүлэх тухай хуралдан хэлэлцээд монгол төрийн тусгаар тогтнолыг сэргээн эрхлэх хэргийг шууд удирдан эрхлэх байгууллага "Халхын хүрээний бүх хэргийг түр Ерөнхийлөн шийтгэх газар"-ыг ХХБХТЕШХ 1911 оны 11 сарын 30-нд байгуулсан юм"
Ийнхүү улс орон тусгаар тогтнохын төлөө, унаган албат арддаа эрх чөлөө олохын төлөө тэмцэх нь тодорхой болов. Харин тусгаар улсын хаан хэн байх вэ гэдэг тун ноцтой асуудал үндэсний хувьсгалын удирдагчдын өмнө босч ирсэн байна. Мэдээж олонхи язгууртан ноёд, энэ цаг үед ард түмний дунд хамгийн их нэр хүндтэй амьд бурхан мэт шүтэгдсэн Богд ламыгаа хаан ширээнд залъя гэсэн бодолтой явсан байдаг. Харин хүрээний том ноёдын чуулган чуулж уг асуудлыг хэлэлцэхэд өөр саналтай зүтгэлтэнбас байжээ. Хамгийн гайхалтай нь Богдын шадар дотны хүн Да лам Цэрэнчимэд эсрэг саналтай байсан гэлцдэг. Академич Ж.Болдбаатар "... Ноёд ихсийн дийлэнхи олонхи нь сүсэгтэн олныг дунд Богд гэгээний нэр нөлөө их байгааг харгалзан, зарим хүн төвд хүн гэлэгт нь эргэлзэж, Чингисийн алтан ургаас өгрөмжлөг юмсан гэсэн санаатай байсан аж. Түүний дотор Жавзандамба хутагтын ойрын шадар Цэрэнчимэд Да лам орж байсан нь итгэмээргүй байсан боловч бас ч анхааран үзүүштэй мэдээ дурдатгал байдаг" гээд өвгөн партикан үхэр буу хэмээх Ж.Дамдины "Үймээний жил" дурсамж номоос иш татсан байдаг. Үүнд:
Цэрэнчимэд:
-Бид Богд Жавзандамбыг төвд орноос залж авчрахдаа Монголын зөвхөн шарын шашны их багшаар өргөмжлөн авчирснаас бус улс төрийн жолоо бариулах гэж авчраагүй. Жавзандамба бол бурхан шашны хэрэгт хамаарах бус улс төрийн хэрэгт сурч боловсорсон хүн ч биш. Нөгөөтэйгүүр энэ хүн төвд хүн. Төвд бол улс төрийн талаас үзэхэд манай гадаад харь улс орны хүн мөн. Бид харь хүнийг өөрийн улсын эзэн хаанаар өргөмжилж болох уу? Миний бодол Түшээт ханыг улсын эзэн болгох санаатай байна. Түшээт хан бол хэзээнээс Чингисийн ас Гэрсэнз жалайр хунтайжийн удам угсааг хадгалсан бөгөөд бас ч улс төр, цэргийг удирдах чадвартай гэхэд бусад ноёд "Түшээт хан улсыг удирдах чадваргүй" гэж дургүйцсэний хариуд Да лам:
-Тийм онцгой чадваргүй байлаа ч гэсэн монгол хүн л Монголын хаан болох ёстой... гэж хэлсэн гэдэг юм.
Ам дамжсан ч үнэний ортой байж мэдэх энэ үгийг Дотоод яамны сайд агсан Санжаажамцад, Намын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хэлмэгдсэн Гэлэгсэнгэ ярьсан байдаг. Энэ үгийг академич Ж.Болдбаатар гуай "Дам дамаа дурсамж яриа боловч Да ламын зиндааны төр түмнээ бодож хичээнгүйлэн зүтгэсэн улс төрийн зүтгэлтний амнаас гарах л үг" гэж дүгнэсэн байдаг. Юутай ч Халхын хоёд хаан сэнтийд Богд ламыгаа залахаар шийдэн тусгаар төрийн ажилдаа ханцуй шамлан оров. Цаашид хэрэг явдал хэрхэн өрнөхийг дараагийн бүлгээс уншаарай.

No comments:

Post a Comment