Thursday, October 16, 2014

Бэрхшээлтэй хүмүүс

Тэдний төлөө их л зүйл хийдэг бололтой юм, энд.
Сонсголын бэрхшээлтэй, хэлгүй  дүлий хүүхдүүдийн сургуулийн баярыг очиж сонирхов. Сурагчдын хийсэн бүтээлийн танилцуулга байсан. Мөн тэд хоол хийж зарж байсан.
Баяр нь тэдний эцэг эх, ах эгч, дүү, эмээ өвөө нараас эхлээд л жирийн иргэд ч өргөнөөр очиж үзэж танилцах боломжтой. Тэднийг ойлгох, тэднийг дэмжих, тэдэнтэй зэрэгцэн амьдрах гэсэн зорилготой баярыг жил бүр зохиодог.
Мужийн захирагч хүртэл очно. Гэснээс манай эндхийн мужийн захирагч дохионы хэлээр маш сайн ярьдаг гэсэн. Сүүлийн үед дохионы хэлний орчуулга, орчуулагч нар их эрэлт хэрэгцээтэй болсон. Захирагч нь дохионы хэлэнд мундаг болохоор албан хаагчид нь бас дохионы хэл сурахгүй бол болохгүй гээд таньж мэддэг ганц нэг төрийн албан хаагч нар гүрийж байх шиг байсан. Хэ хэ. Би ч бас дутахгүй ганц нэг дохио сурсан.
Бүр бага ангид нь сонсголын бэрхшээлтэй, хараагүй гэх мэт хүмүүсийг урин, тэдний тухай ойлголтыг өгдөг хичээл байдаг юм билээ. Түрүү жил том зулзагын сургууль дээр сонсголгүй, тэрийгээ дагаад хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүн ирж яриа хийж байсан. Бид 2 номын дэлгүүрээс дохионы хэлний ном худалдаж авч байлаа. Хааяадаа нэг сөхөж харж байх гэж тэр.
Өөрсдийнх нь хийсэн хавч.
Мөн цугласан хүмүүс ийм хавч хийж болно. Хань ижил бага зулзагат хийж өгсөн. Бага зулзага хааяа ганцаараа шулганаад л тоглож харагддаг юм.
Бас охидууд нь өөрсдөө хийсэн үсний боолт, аяган доор тавьдаг суурь гээд л зөндөө зүйл зарж байсан.

Улаанбаатарт байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас ч гэж зах зээлтэй юм шиг байгаам. Харин хөдөө орон нутагт амьдардаг бэрхшээлтэй хүмүүст жаахан хэцүү байдаг шиг санагдсан. Их ойрын жишээ бий. Сая хэд хоног цуг байх үедээ л энэ талаар мэдэж авлаа. Олонтой мэдээ солилцох, нийгмийн дунд орох зэрэг асуудалд өөрөөсөө ичээд, санаа зовоод их хойрго байдаг юм билээ. Өөртэй нь адил хүмүүс зөндөө байдаг, тэд ингэж амьдардаг, тэгдэг гэж хэлж ойлгуулж байхгүй бол зөвхөн би л ийм хөгжлийн бэрхшээлтэй гээд сэтгэлээр унах, тэрийгээ дагаад ойр орчмынхоо хүмүүсийг дэглээд байх хандлага байдаг юм байна. Аль болох багаас нь анхаараад, биеийг даалгах тал дээр улсын зүгээс ч тэр, эргэн тойрных нь зүгээс ч тэр анхаарах л ёстой юм шиг...

2 comments:

  1. Охины сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анги байдгийн. Тэргэнцэртэй, ховор өвчтэй, Дауны хам шинжтэй гэх мэт. Энгийн хүүхдүүдтэй зарим хичээл, ихэнх арга хэмжээн дээр хамт байна. Мэдээж тоо, хэлний хичээлүүдийг арай гүйцэхгүй тул тусдаа ордог. Эрүүл хүүхдүүд тэд нарыг ад үзэхгүй, туслаж дэмжээд өөрсдөө дутуу гэж бодохгүй болж хүмүүждэг юм байна лээ. Манай охин лав тийм хүмүүст тус болох гээд л байдгийн. Цэрвэж зугатахгүй.

    ReplyDelete
  2. hamgiin gol ni eruul huuhduud tserveed bdggui boldog shig bgan te, ohinii surguulid bas bdg yum, tergentsertei, huuhduud tureed l tuslaad bgaa haragddag.

    ReplyDelete