Sunday, October 04, 2015

Урлаг уран сайхны сар

10 сарыг энд урлаг уран сайхны сар гэж нэрийдэн, энд тэнд үзэсгэлэн, тоглолт, элдэв арга хэмжээ зохиогдоно. 

Би нь энэ сар түмэн завгүй л байх юм шиг байна. Хотын харъяа олон улсын төв дээр очиж бууз, гурилтай шөл хийнэ.

Хэд хэдэн бага сургууль явах ажилтай. Өнөө К сан маань тухай бүрт нь юу юу хэрэгтэйг хэлж өгөөд л, бид хоёрын гар нийлдэг болохоор ажиллахад ч урамтай.

Хамгийн гол нь сэрүү ороод сайхан байна. Заримдаа бол бүр даарах шинжтэй, гэртээ.

Хувийн амьдрал ойрд нэг хэвийн л байна. Гэснээс бага зулзага нэг орой албанаасаа тарж ирчихээд л ганцаараа гадаа тоглодог баатар болсон чинь.Уйлах нь сонсогдоод л явчихав. Сандраад л гарсан чинь хэсэг хүүхдүүд дагуулчихсан ирж байна. Бага ч уйлаастай. Яасан гэсэн чинь савлаж байсан савлууранд мөргүүлчихэж. Аз болж өнөөх савлуурных нь суултуур нь төмөр биш, резинэн материалтай байж таараад. Цус нөж болсонгүй. Жаахан хавдсан. Хөмсөгнийх нь ойролцоо байсан. Аав нь хүүхэд алахаа шахсан байна гэж нэг дүрсхийснээ гайгүй болсон. Ккк.

Амралтын өдөр аавтайгаа хамт гадаа тоглодог баатар болсон чинь түрникнээс дүүжлэгдэх гэж байгаад бас хажуу бөөрөөрөө унасан гэсэн. Уйлаад байж байсан чинь ангийнх нь харж явдаг хөвгүүн тоглох гэж ирснээр өвдөлт шууд хаа нэгтээ үсэрч алга болоод инээд алдаад гүйгээд явчихсан гэсэн. Орж ирснийх нь дараа би нь хүүхэд алахаа шахаж гэж дүрсхийж хариугаа авав, хань ижлээсээ. Ха ха. Сөрсөн базаа. Ккк

Том зулзага дунд сургуулийнхаа ризмд дасаад хэвшиж л байх шиг байна. Гэм нь тэр цүнхнийх нь хүндийг ээ. Яалтай ч билээ. Багадаа ийм хүнд цүнх үүрдэггүй л байсан даа. Оюутан болоод ганц нэг толь бичиг авч явбал л жаахан хүнд болдог байсан байх.

Урлаг уран сайхан гэснээс зун монгол явсан хэсэг нөхөд гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Өөрсдийн авсан зургаасаа аль гайгүй гарч гэсэн зургаа угаалгаж үзэсгэлэн гаргана. Үнэ төлбөргүй. Мужийнхаа иргэдэд үйл ажиллагаагаа тайлагнахын зэрэгцээ монгол орныг минь сурталчилна. Таньдаг ганц нэг хүмүүс минь ямар болж гээд л үзүүлээд байсан. Магтаад л урам хайрлав. Гэр бүлээрээ очиж үзнэ дээ. Элэг зүрхнээс уяатай байдаг энхрий эх нутгаа сэтгэлдээ нэг сайхан дүрслээд эрч хүч авна аа.

Номоо уншсаар л байгаа. Зав зайтайгаа сайхан нөхөрлөхөөрөө бичлэг орууламз...

2 comments:

  1. Anonymous8:51 PM

    Ter baga zulzaga yasan huurhun yum be, uhuurduud zunduu ineemseglev.

    ReplyDelete
  2. hehe, baga zulzaga cute bnaa, end. hair hurgeed l. teverch avch unseed l...

    ReplyDelete