Saturday, December 19, 2015

Мөрөөдлийн дэвтэр

За энэ удаагийн ном бол "Хүсэл биелэх мөрөөдлийн дэвтэртэй болох нь" гэдэг ном. Өмнөх бичлэг дэх номыг зээлэхдээ цуг зээлсэн болно. Хавтасыг нь хараад л зээлчихсэн. Уншаад үзсэн хөөрхөн ном байна лээ.

Гол санаа:
Дунд, алах ангийнханд зориулсан, ялангуяа охидод зориулсан байв.

Хөөрхөн хавтастай дэвтэртэй болох. Тэр дэвтрээ харахаар л, барихаар л сэтгэл чинь догдолдог байх тийм л хөөрхөн дэвтэр.

Дэвтэртэй болсны дараагийн алхам бол "тэр сургуулийн тэр, тэд дүгээр анги" гэсэн улиг болсон зүйл бичихгүй байх. Өөрийн чинь сэтгэл зүрхэнд нууцхан оршдог зүйлээ бичих. Нэг ёсондоо чи "Эрэн сурвалжлагч" болно гэсэн үг. Аливаа зүйлийг эрэн сурвалжлана гэдэг нь тодорхой зорилготой байдаг. Тийм болохоор чиний сурвалжлага чинь "өөрийн мөрөөдлийн үр"-ийг хайх гэсэн зорилготой байна. Ингэж эрэн сурвалжилж тэмдэглэхдээ жишээ нь
  • улам ихийг мэдэхийг хүссэн зүйл
  • гоё юм аа гэж бодсон зүйл
  • атаархмаар юм аа гэж бодсон зүйл
  • толгойд чинь ямар нэгэн зурс гээд л ороод ирсэн зүйл
  • аятайхан цамцтай болох юмсан
  • сайхан шулуун үстэй болох юмсан
гэх мэт юу ч байж болно. Ингэж бичиж тэмдэглэснийхээ дараа мартчихаж болохгүй. Байна байн сөхөж харж байх.

Мөн өөрийн сайн тал, муу тал зэргийг бичих. Муу талаа аль болох засахыг хичээх.

Хүндэлж явдаг дээд ангийнхаа хүүхдийг хайж олж, түүний сайн талыг дуурайх. Энэ нь нэг сургуулийн хүүхэд ч байж болно, олонд танигдсан урлаг спортын од ч байсан болно.

Ингэж мөрөөдлөө бичин, түүнийгээ биелүүлэх гэж хичээхдээ хэт яарахгүй байх. Мэдээж мөрөөдөл дунд чинь ойрын хугацаанд биелэх зүйл ч байна, ирээдүйд биелэх зүйл ч байна. Тэгэхээр өөрийн сэтгэл санаандаа ачаалал өгч хэт яарахгүй байх нь чухал.

Хүсэл мөрөөдөл чинь биелсэн үед өнгөт балаар тодруулж тэмдэглэх, наадаг цаас наах гэх мэт өөртөө урам өгч байх.

Аливаа хүнд сайн биш зүйл байдаг. Жишээ нь тамиртаа муу ч юм уу, зурахдаа муу ч юм уу. Хүн гэдэг амьтан чинь ингэж чадахгүй зүйлтэй байж байж улам хөгжих юмсан гэж тэмүүлдэг. Бүгдийг чадаад байвал тэр хүн чадалдаа ханаад цааш хөгжихгүй зогсчихдог.

Сэтгэлийг чинь догдлуулсан дэвтэртээ чамд нөлөөлж чадахуйц суут мэргэн үгс, сэтгэлийг чинь сэргээсэн сайхан үгс зэргийг ч мөн бичиж тэмдэглээд харж байх.

Хүчирхэг, хөөрхөн? (сайхан) эмэгтэй болохын тулд хөдөлмөрлөх.

Мөрөөдлийн дэвтрээ сайтар усалж, үргэлжлүүлэх. Дунд нь хаяхгүй байх.

За товчхондоо нэг иймэрхүү. Би эртээд том зулзагатаа нэг хөөрхөн дэвтэр авч өгсөн. Гэхдээ энэ номыг уншихаасаа өмнө. Эцэг эхийн хуралд нь очсон чинь багш нь учиргүй магтаад. Тэгээд орой нь том зулзагаа урамшуулж дуртай зүйлийг нь авч өгсөн нь тэр. Өөртөө бол тийм үнэтэй дэвтэр авахгүй ээ. Ккк

Аан тийм, өдрийн тэмдэглэл хөтлөх зүгээр ч дараа нь хэн нэг нь олоод уншчихвал бас л эвгүй. Учир нь жаахан таалагддаггүй хүн мүнээ хамаа намаагүй бичсэн байдаг шүү дээ. 10 хуруу тэгш хүн гэж байхгүй, тухайн хүнд чи ч гэсэн таалагддаггүй байж магад тийм үү? За энэ сүүлийн хэсэг миний санаа шүү. Номонд ингэж бичигдээгүй байсан шүү. Хэ хэ.

Би ч өдрийн тэмдэглэл хөтөлдөггүй л дээ. Блог л хөтөлдөг. Хэ хэ. Бас өдөр тутмын хуваариа бичдэг, тэр минь эргээд харахд бараг өдрийн тэмдэглэл шахуу байдаг юм.

За өөртөө болон өсвөр насны охидтой уншигчид минь амжилт хүсье. Охидынх нь хүмүүжилд бага ч гэсэн хувь нэмэр болох болтугай.

2 comments:

  1. Манай охин надаас нэг ийм дэвтэр нэхээд байгаа юм. Олон дэвтэртэй болохоор татгалзаад л байгаа. Энэ номыг уншуулчихаад авч өгье гэж бодсон чинь манай ойр хавийн номын санд алгаа.

    ReplyDelete
  2. Uu tiim uu, gazar gazar uur bh yum te. surguulid ni helj zahialbal yah bol? amjilt husey.

    ReplyDelete