Thursday, June 28, 2007

Эрх ба vvрэг

Єчигдєр дадлагаар ирсэн хvн дээрээ очоод багш нартай нь, бас бус хариуцсан хvнтэй нь бvгд тойрч сууж байгаад санал солилцов оо. Дадлагажигчийн маань япон хэл нь урд уулзаж байснаасаа овоо сайжирсан байна лээ. Энэ удаагийн томилолтоор анзаарсан зvйлийнхээ талаар бичье.

Дадлага хийж байгаа газар нь эндхийн ХАА-н коллеж байгаа юм. Дадлагаар ирсэн хvмvvс оюутнуудын дотуур байранд байрладаг юм. Хэдийгээр би монгол дахь оюутнуудын дотуур байрны байр байдлыг сайн мэдэхгvй ч, задгай байдал нь нэлээд давамгай байх гэж боддог. Ялангуяа эрчvvд голдуу байдаг дотуур байр бол манай нєхрийн ярьж байгаагаар бол нэлээд задгай гэсэн. Гэхдээ энэ бол 2000 оны vе. Охидууд голдуу дотуур байр мэдээж цэвэрхэн, эмх журамтай байдаг биз. Эндхийн дотуур байр дvрэм журам ихтэй, ингэж ч болохгvй, тэгж ч болохгvй гэсэн зvйл ихтэй. Эрх чєлєєг дээдэлчихсэн Монгол хvмvvст хэт эрх чєлєєг нь боогоод байгаа юм шиг санагдана. Жишээ нь
1. Дотуур байранд тамхи татаж болохгvй, тамхи татаж болох тусгай газартай. Тэнд нь vнсний сав байдаг.
2. Єглєє 07:30-д єглєєєний ирц бvртгэнэ. Орой мєн 10:30-д ирц бvртгэнэ. Энэ нь єглєє унтах дуртай манай монголчуудад их тээртэй юм шиг байгаа юм.
3. Орой 10:00-т хаалгаа барина. Гадаадаас ирсэн оюутнууд, дадлагажигч нар гадагшаа гарахдаа тусгай хуудсан дээр хаашаа явах гэж байгаа, хэдийд ирэхээ бичнэ. Энэ нь юмыг яaж мэдэхэв ямар нэг юм тохиолдвoл гэж vзсэн vvднээс шаарддаг юм. Yvнийг нь манай монголчууд тэр бvр ойлгохгvй, "долоон булчирхайгаа тооччих юм байна л даа" гэж ундууцах нь элбэг.
4. Мєн оюутнуудад зориулсан интернетийн танхимтай. Тэрэнд гаднаас ямар нэгэн программ энэ тэр install хийж болохгvй, чат ашиглаж болохгvй. Жишээ нь оюутнууд янз бvрийн юм татаж суулгаад тэр нь эргээд оюутнуудын дунд элдэв шуугиан дэгдээх, хооронд нь хагаралдуулах зэрэг зvйл тохиолдож болзошгvй гэсэн vvднээс хориглодог зvйлийх нь нэг юм.
5. Орой 10:00-с хойш утас ашиглаж болохгvй. Учир нь 6 сараар ирсэн гадны хvмvvст гар утас ашиглахыг зєвшєєрдєггvй юм. Утасны компаниуд нь. Бас зєвхєн багш, ажилчдын єрєєнд л утас байдгаас ар гэрээсээ хол байгаа хvмvvст хvндрэлтэй байдаг юм. Заавал тэр єрєєнд орж ярих болчоод. Энэ нь бас манай хvнд тєвєгтэй санагдаад байгаа бололтой. Гэх мэт яриад байвал их байнаа.
Энэ бvгд нь хvний эрх зєрчєєд байгаа мэтээр ойлгогдоод байна. Хvний эрх гэж ярихын хажуугаар бас тухайн хvний vvрэг гэж байна. Харин монголоос ирсэн дадлагажигч нар маань vvргийн талаар тэр бvр дурдахгvй шvv. Ирж очих онгоцныхоо зардлыг даалгаад, дээрээс нь єдрєєр тооцож тэтгэлэг аваад, дадлагад нь хэрэгтэй ном, ажлын хувцас энэ тэрээ авахуулаад, даалгаад, ганц нэг сайхан сэтгэлтэй япон хvмvvсээр газарчлуулаад газар vзээд яваад байж тэр ачыг нь бодоод ядаж хий гэсэн юмыг нь дуугай хийгээд, євєртєлж ирсэн зорилгоо ухамсарлаад юм сураад авъя гэж бодохгvй байгаа нь жаахан харамсалтай.
Ямар ч газар, албан байгууллага, сургууль, дотуур байр гээд бvхий л газар єєрийн гэсэн дотоод журам байна. Тухайн газарт орж хоолыг нь хороож байгаа vvднээс дvрэм, журамд захирагдах ёстой юм шиг.Би энд ирээд 3 жил болж байгаа болохоор дасаад уусаад, зохицчихоод vvрэг гээд яриад байж магад юм. Гэхдээ л хаа нэгтээ гадаад явж vзсэн хvмvvс дvрэм журам ихтэйг нь ойлгоно гэж бодож байна.
Манай монгол албан газруудын ажилчид эрх л яриад байна уу гэхээс vvрэг хариуцлага гэж ярих нь ховор юм шиг санагддаг юм. Ээжийнхээ ажлаар л жишээ авахад ээж маань хєєрхий хэдэн багш нараа аймаар загнана шvv дээ. Ээж маань цэцэрлэгт эрхлэгч хийдэг юм. Би санаа зовоод л... Та чинь яасан аймаар загнадаг юм бэ гэхээр "Тэхгvй яaхав дээ, Санаачлага муутай, дээрээс нь хvний хэлээд даалгаад єгчихсєн юмыг цаг тухайд хийчихгvй, дандаа цагийг нь тулгана, нэг бол тэнэг мангар хvнд юм хийж єгч байгаа юм шиг сэтгэлээр хандана" гэж хэлж байсан юм даг.
За ингээд яриад байвал их л юм байна дєє...
Эцэст нь бvгдээрээ эрх гэж хэлэхийн хажуугаар vvрэг, хариуцлага гэдэг vгийг ч гэсэн хэлдэг болцгооё. Тvvнийгээ ухамсарлацгаая. Ингэснээр бид эмх цэгцтэй болж, амьдрал ч, улс эх орон маань ч хєгжинє шvv дээ.

Tuesday, June 26, 2007

Сvрхий сvрхий ишлэл

Толгой зvтгэл хоёроороо
Мєнгє хийж амьдар
Тоохгvй байгаа нэгнээ
Эргэж хартал амьдар
Амьдар чи амьдар...

Бусдын тухай хов шивнэж суугаа хvнийг бушуухан гэрээсээ хєєж гарга.

Бусармаг явдлыг хараад дуугvй байна гэдэг та тvvнд оролцож байна гэсэн vг.

Хvнлэг байх эсэх нь зєвхєн биднээс єєрсдєєс шалтгаална.

Насаар чинь жаргаана гэж бурхан надад хэлээгvй ч
Насаар чинь зовооно гэж чєтгєр надад шивнээгvй ээ.

Хамгийн ширvvн найзынхаа
Хамгийн сайн найз нь бол оо.

Хvний нvvр харж байгаад хэлж байгаа сайшаалын vгийг
Хараал мэт газар унагаа
Хvний нvд рvv эгцэлж харж байгаад хэлсэн шvvмжлэлийн vгийг
Ерєєл мэт тосч ав
Тэгвэл чи хvн болно
Мишигийн Цэдэндoрж

Єнєєдєр чиний vлдсэн амьдралын эхний єдєр.

Асар их тэвчээрийн цаанаас
Амжилт дєнгєж цухуйж байдаг.

Хайртай хvнтэйгээ маргалдвал зєвхєн єнєєдрийн нєхцєл байдлыг л авч vз.
Єнгєрснийг бvv сєх!

Дундуур шингэнтэй лонх
Дулбалзан гилбэлзэх дуртай
Дутуу мэдлэгтэй хvн
Бусдыг шvvлмжэлх дуртай.

Хvнд магтаал хэлэх дургvй хvн
Єєрєє магтуулах шалтгаангvй байдаг.

Уншихаа боливол сэтгэхээ болино.

Yгийг ажил болгох нь
Ажлыг vг болгохоос бэрх.

Асар сайн хvн уурлавч бурууг хvлээн зєєлрєх
Адаг муу хvн гуйх тутам чангарах.

Цаг хугацаа байхад алтыг хайх хэрэггvй
Алт байсан ч цаг хугацаа олдохгvй.

Цаг хугацаа бол хэмнэгдлээрээ бус алдагдлаараа vнэ цэнэ нь єсдєг эрдэнэ.

Бусдын нэрийг нэг хугалбал єєрийн нэрийг гурав хугална.

Хvнд чи итгэх юм бол
Хvн чамд итгэнэ
Хvнээс чи зугатах юм бол
Хvссэн амьдрал чамаас зугатана.

Monday, June 25, 2007

Япон хэлний хэлбэр болон сэтгэл


Єнгєрдєг баасан гарагт танил япон євєє ажил дээр ирж "Япон хэлний хэлбэр болон сэтгэл"гэдэг нэг ном єгсєн юм. Умш гэнээ. Япон хэл сурахад чинь улам сонирхолтой болж магад гэж байна. За гээд л 2 гардан тосож авлаа. Угаасаа би ном єгсєн хvнд нугасгvй. Хайлаад урсаад... Нээрээ энэ євєє 60 гарчихсан. Тэтгэвэртээ суусан. Будааны бага зэргийн талбайтай, нээрээ намар будаагаа хураахдаа бид 3-ыг дуудаж будаа хураахдаа туслуулна гэсэн. Би будааны vрсэлгээг талбайд суулгаж vзсэн юм. Хурааж vзээгvй. Уухайн тас л єє тэгээрэй, дуудаарай, тэсэн ядан хvлээнээ л гэлээ. Учир нь японы бас л нэг уламжлал шvv дээ. Охинд маань ч сонирхолтой байх байх. Охины маань нэг номон дээр будаа хэрхэн бvтдэг тухай байдаг юм. Тэр номондоо их хайртай. Будаа хурааж vзсэнээр будаа тарихад хичнээн их хvч хєдєлмєр ордог болохыг ойлгож авна... Бaс энэ євєє монголд оронд их элэгтэй. Монголын тухай ярихаар цус нь хєєрдєг гэж байгаа. Монголд байдаг нэг танил япон нь єєрийгєє "Чингис ... "тэрнээс гэж захиа бичдэг юм. Тэгсэн мань євєє "Хоцорчихлоо" гээд харамсаад байгаа нь инээдэмтэй. Тэгээд одоо єєрийгєє Сvхбаатар гэж нэрлэдэг юм. Бид ч Сvхбаатар гэж дуудахаар баярлаад л цус нь хєєрнє шvv дээ.
Амралтийн єдрvvдээр євєєгийнхєє єгсєн номыг хальт харлаа. (хараахан уншиж дуусаaгvй)Бас л єнєє 00-ын єрєє энэ тэр орох завандаа харж байгаа юм. Энэ удаагийн ном уншихад ойлгомжтой, мэддэгvй vг, ханз цєєхєн, урамтай байнаа. Аргагvй л зохиогч нь гадаад оюутантай ажилладаг багш хvн байлаа. Киндайичи гээд 3 vеэрээ япон хэл судалж ирсэн гэр бvл юм байна. Євєє, аав 2 нь судалж байсан зvйл нь бас арай єєр гэж байна. Єєрийн улсын хэлээ гадаад хэл гэж гаднаас харах, тvvний сонирхолтой зvйлийг ухаж гаргаж ирэх зэрэгтээ гаршсан нэгэн бололтой. Тvvний энэхvv ажилд нь гадаад оюутнууд бас их тус болдог гэнэ. Учир нь анх япон хэл vзэж буй гадаад хvмvvс их сонирхолтой асуултууд асуудаг гэнэ. Энэ ч vнэний магадлалтай. Ямартай ч Сvхбаатар євєєгийнхєє ачаар сурч буй япон хэл маань сонирхолтой болох шинжтэй. Уншиж дуусаад бас нэг бичлэг оруулнаа.

Нvнжиг

1990 оны "Шувуун саарал" наадмын тусгай байрын шагналт

1. Yvрээр. Халуун хєнжил хуу татахад уулын сэрvvн цэнгэг агаар намайг тэврэн авна. "Эр хvн шиг эрвэлзэнэ ээ, хє. Морьдоо татах боллоо" гэх Цогоо ахын дуу сонсогдоно. Хэлтгий саран баруун уулын шил дээр очиж, цолмон хєєрчээ. Шvvдэрт ногоонд хєл нvцгэн гvйхэд уулын хvvшид таван алдын аргамжаатай бага зээрд намайг таньж, аяархан vvрсэнэ. Болжмор жиргэж, хєх агийн vнэр vvлэн сvvдэр шиг унана.
2. Наадмын замд. Цогоо ах загалаа хєтлєєд, морин цагаан шvд гарган "Бор борын бялзуухай"-г салхи сэвэлзтэл исгэрнэ. Унаж яваа урт борлог морь нь даага шиг багадаж харагдана. Би шагай зээрдийг хєтєлж, бага зээрд хантайргатай сул дагана. Маргааш яaх бол гэхээс миний зvрх огшин амьсгал дээрдэнэ. "Хvний газар нэрээ хичээнэ. Морьдоосоо нvд салгаж болохгvй" гэж Цогоо ах захина. Наадмын замд явахад газар дэндvv холдож, уулс хэтэрхий томдож vзэгдэнэ.
3. Наадмын 2 дахь єдєр. Инээхийн дон туссан Цогоо ах хоёр зээрдийн хооронд хотонгийн хошуун хусуураа барин гvйж, "хєдєлгє хєдєлгє" гэж бахардан хэлнэ. Би бага зээрдээ хєтлєн тойрон шавсан олны дундуур зай гарган явахад гайхан биширсэн тvмэн харц євдєг чичрvvлнэ. Хоолой арган нvдэнд чийг даана. "Бугатын хоёр зээрд", "Єчигдєр их насанд удаа ташаа тvрvv манлайлсан хоёр загалын дvv морьд юм гэнээ" гэх vгс чихэнд там тум атлаа цээжинд яруу. Монгол эр, хvлэг морь хоёр аз баярын тэнгэр нэгтэй юмсан уу даа.
4. Наадмын нєгєєдєр. Намайг нутгийн улс бараадуулж єгєєд Цогоо ах шагай зээрдээ хєтлєн зам салан давхиж одлоо. Будар будар тоос нь миний цээжинд суунаглана. Аргагvй шvv дээ, миний ах биш юм чинь. "Эрхэлж дагадаг бага зээрд минь танихгvй хvнд хєтлvvлэн хаа газар янцгааж яваа бол" хэмээн санахад дотуур мэгшинэ. Их хоёр загал ч гэсэн дээ. Буга хайрханыхаа мєнх цасан усаар ундаалж єссєн болохоор бусдын газрын ногоо нь хvртэл амнаас унаж байгаа биз. Цогоо ахын тvнтгэр хар тvрийвч ямар vнэртэйг мэддэг болов уу. Уг нь Цогоо ахын л vнэр шvv дээ. Гэртээ харина гэхээс газар дэндvv ойртож, уулс хэтэрхий намсана. Дvv нартаа авсан хайрцаг ёотон хавирга холгоно.
5. Сар єнгєрлєє. "Цэнхэр Цогоогийн азаргатай адууг Цахирын хясаанд аянга ниргэчихэж гэнэ. Юм мєн ч нарийн учиртайяa. Хайран сайхан хурдан удмын адуу. Цэнхэр Цогоод хvлгийн тэнгэр аргагvй л гомдож дээ" гэж хєгшид хєєрєлдєн, буурал толгойгоо сэгсэрнэ. Шагай зээрд нь яасан бол гэж асуух гэвч євгєдєєс дальдарна. Ижилдээ ганц хурдан хvлэг vлдсэн юмсан. Хvлгийн тэнгэр гэдэг нь нvдтэй болов уу, vгvй болов уу гэж бодоход тарвага хошгирч, царцаа шаргин, нохой хуцаж сэтгэл vймvvлнэ.
6. Тэр нэгэн шєнє. Аав, Цогоо ах хоёр халамцуухан ярилцаж суув. Ээжийн цайны ааг ханхлана. Би тоононы даага тэгнэсэн хоёр цагаан одыг ширтэн, алин дээр нь хvлгийн тэнгэр байдаг бол гэж бодно. "Хvний буян худгийн ус хоёр хэмжээтэй дээ" гэж аав хэлнэ. "Яaдаг юм надад мєнгє хэрэгтэй. Нутгийн та нар л намайг ойлгохгvй болохоор би хаачих болж байна. Би уг нь захчины нутгаас нэг хvvхэн босгож ирэх гэсэн юмсан. Сайн ч хvний vр, сайхан ч хvvхэн. Хvний тийм vрийг авчраад би янгиа толхуулж, ямбуу эдлvvлж, адсага унуулахгvй гэсэндээ л гурван морио зарсан юм. Би хvнээ бодох уу, адуу бодох уу" гэж Цогоо ах цээж тvрэхэд уулын чинээ хар сvvдэрт нь унийн толгой vзэгдэхгvй болно.
7. Намайг дахин сэрэхэд. Тооно тэгнэсэн хоёр од хэлтийжээ. "Шагай зээрдэд хичнээн их vнэ хаясан гээч. Гэтэл Борхvv уйлаад салдаггvй. Ерєєсєє эхлээд л загалаа хvнд єгєхєд мэлтэлзvvлж эхэлсэн юм. Аргадаж, аашилж ядлаа. Сvvлдээ бvр дотор эвдрээд... тэгээд шагай зээрдээ аваад vлдсэн юм. Тэгтэл арван найман адууг минь хvйгээр нь аянга ниргэчихсэн мєртєє ганц шагай зээрд зvгээр шvv. Нєгєє хэдийгээ санадаг ч юм уу, адгуусны зєн ч юм уу, адуу захлаад, салж зогсоод нэг л биш байсан юм" гэх Цогоо ахын дуу сонсогдоно. "Эр хvний гундаж, гонсойж явах єдрийн алийг тэр гэхэв дvv минь" гэж аaв сэтгэл засна. Тэгснээ дууллаа.
Талын шар цэцэг нь
Сайхан нарандаа гандана гээд л Цогоо ах, аав хоёр хоолой нийлvvлэн цангинуулахад эрхлэн дагадаг бага зээрдийн минь мэл хар нvд тоонон зайцаар харагдаж, цоргио хонгор янцгаалт нь уулын чанадаас сонсогдов. Ай хєєрхий. Сайхан нарандаа гандах заяатай шар талын цэцэг ээ гэж...
8. Єглєє нь айргаар мялаалгасан юм шиг билэгт цагаан сортой, хана сайхан хавирга, хаан суудал ташаатай шагай зээрд морь манай шузганд уяатай байх юм гэж хэн ч санасангvй. Амгай зуузайд нь алд цэнхэр хадаг зvvгээд орхижээ. Шагай зээрд намайг танив уу, эвшээн тамшаагаад, толгойгоо єгєн маажуулах гэж шєргєєнє. Тэр тоолонд хадаг намирна. Мичид гудайлгаад мордсон Цогоо ах маань хаана дуулж яваа бол гэж санахад дуртмал нарны туяанд уул тал налайвч, тэртээ хєндийн хєх униар хvvхэн хутагтын хєєсєн гучин гурван шаргын тоос уу гэлтэй балартан суунаглана. Бор бор бялзуухай нь босон суун жиргэнэ.
9. Тав хоног єнгєрєв. Цогоо ахыг ятгаж, шагай зээрдийг нь буцаахаар мордсон аавын бараа дурангийн аманд тодорч, тодрох тусмаа томорно. Дэргэтэл хатирах мoрины салхинд шагай зээрдийн зуузайн дахь цэнхэр хадаг дэрвэлзэнэ. Уяан дээр угтсан ээжид хэлсэн vгийг нь сонсвол ирээд буцсаныхаа маргааш Цогоо ах сайхан захчин хvvхнийхээ нутаг руу аймаг дамжаад нvvгээд явчихсан байна гэнэ. Талд таана хэнзэлж, ууланд тошлог хvрэнтэж эхэлсэн тэр цагт орой дээрээ хоёр цохиотой Мєстийн их нуруу, уужим уужим судалтай монгол эмээл шиг эзгvйрч харагдаж билээ.

Далхаагийн Норов

Sunday, June 24, 2007

Амьдрах арга ухаан


Ойрд хувийн болон хувьсгалын ажил ихтэй байлаа. Уг нь єдєр бvр л блогтоо багахан ч гэсэн юм бичиж байна гэж бодож байсан боловч 6 сард яaгаад ч амжсангvй.
Дээр хэлж байсан даа. 1 сар гаран уншиж байгаа ном гэж... Тэрийгээ дуусгалаа. Тэр номны тухай нэгэн архаг бєгєєд сvрхий ном уншдаг блогчны бичлэг дээрээс олж хараад унших сэтгэл тєрсєн юм. Ямар ч байсан уншаад дуусгалаа.
Мэдээж тэр номонд миний мэдэхгvй олон ханз, олон vг байсан боловч тэрнийг ерєєсєє толь бичиг харж шалгаагvй. Анх япон хэл vзэж байхад их идэвхитэй байсан хvн одоо толь бичиг шагайна гэхээр л vстэй толгой арзайх юм аа. Энэ нь online толь бичиг их хэрэглэснээс болсон байх гэж бодоод байгаа. Учир нь google-ийн толь ашигласаар байгаад бvvр муу зан сурчихсан юм шиг байгаа юм. Ном (толь бичиг ) шагайхаа болиод удаж байна єє. Oюутан байхад багш нар цахим толь бичиг ашиглахыг хорьдог байсан юм. Ном шагайж бай гэдэг байлаа. Энэ нь их учир жанцантай гэж байгаа. Ном шагайвал мэдэхгvй нэг vг харахын тулд далимд нь єчнєєн мэддэгvй vг мэдэж авна... Толь бичиг ашиглаж сурна... Ханз нvдлэгдэнэ... гээд л. Цахим толь ашиглахаар жишээ єгvvлбэр гэж байхгvй, мєн цєєхєн vгээр тайлбарласан байдаг болохоор хvнд vлдэц муутай гэж vздэг юм байна лээ. Багш нарыгаа тэгж хэлснээс нь хойш цахим толь авъя гэж бодохоо больсон. За энэ ч яaхав. Уншсан номныхоо талаар хэдэн vг хэлэх гээд л.

Зохиосон хvн нь Инамoри Казvо гээд их л сvрхий хvн юм байна. Энэ хvний талаар мэддэг ч vгvй явлаа. Ном унших ч зvгээр юм аа. Мэддэггvй зvйлийг мэдэхэд тусална. Энийг ч уг нь мэдээд байдаг хэрнээ бас тэр бvр ном уншаад байх боломж гарахаа болиод байх юм.
Номны нэр "Амьдрах арга". Yгчилбэл шvv дээ. Харин би "Амьдрах арга ухаан" гээд орчуулаад байгаа. Хэ хэ. Энэ номны гол утга санаа нь хvн ямарвaa нэгэн юманд бvр чин сэтгэлээсээ хандах. Жишээ нь ажилдаа, єєрийн сонирхсон юмандаа гээд л аливаа нэгэн юманд зvрх сэтгэлээ зориулах. Мєн хvн тодорхой нэгэн байр суурь, єндєрлєгт хvрсэн бол одоо бусдын тєлєє санаа зовох, бусдын сайн сайхны тєлєє сэтгэл зовнин, тэдний тєлєє ямар нэгэн сайн vйл хийх хэрэгтэй гэсэн байлаа. Дунд нь жаахан нуршсан зvйлvvд байсан ч ерєнхий утга санаа нь бол гайхамшигтай. Хvн єдєр тутмынхаа амьдралд би ямар сайн vйл бvтээж чадах вэ, энэ хvнд тус болчих юмсан гэдэг vvднээс хандаж байвал тэр хvний амьдрал сайн сайхан байна. Манайхны "санаа сайн бол заяа сайн" гэдэг vгтэй ер нь их ойролцоо очоод байгаа юм. Зохиогчийн хэрхэн амжилтанд хvрсэн, ажилд орж байх vеийн байдал, тухайн vеийн япон хvмvvсийн сэтгэл зvй, хандлага гээд л их олон юмны талаар байсан ч дээр дурдсан хэн нэгний тєлєє, цаашлаад улс эх орныхоо тєлєє, бvр цаашлаад эх дэлхийнхээ тєлєє ямар нэг сайн vйлс хийж бvтээхийг зорих, хийж буй аливаа юмандаа бvхий л зvрх сэтгэлээ зориулах хэрэгтэй гэсэн санаа нь уншигч надад их таалагдлаа. Залуучуудад их сургамж болох ном байлаа. Энэ номын талаар танилцуулсан эрхэм блогчин танд гялайлаа. (Тэгж байгаад нэрийг нь олж тавьнаа.)

Sunday, June 17, 2007

Охин

1991 оны Шувуун саарал наадмын тусгай байрын шагналт

1. Тэр охин єнєєх л нєхдийн хувьд ойртохын, багш нарын хувьд єєлєхийн аргагvй цэмцгэр, чамбай байдлыг илтгэн сууна. Харц нь ємнєх самбараас vе vе ойн хажуугийн хэлхээтэй араг ясан дээр тусахдаа тэндээс нэгийг эрэх мэт цоргитол ширтэнэ. Ухаан бодол нь vнэхээр л vргэлжийн эрэлд, хорвоод єнгєрvvлсэн 16 насныхаа хоног, цаг бvрийн хойноос нэхэн бэдэрнэм ажээ.
2.Хєгшин аав ээжтэй байснаа там тум санаж байв. Царай зvс нь санаанд бууж єгєхгvй мєртлєє дуу нь харин чихэнд vлдчихсэн байдаг. Тэр нь гэхдээ ААВ нь гэсэн ганцхан vг байсан юм шиг. Даанч тэр аав гэгч ямар хvн байсныг ой ухаанаасаа эрээд эрээд олдоггvй. Харин аавын тухай бодох тусам бас л нэгэн дуу, нэгэн аялгуу гэнэт чихэнд амилах шиг.
3. Ээжийн тухай мэдэх ч, бодох ч юм сэтгэлд нь байсангvй. Тэр нэг єдєр тэр нэг захидал ирээгvй бол тэр чигээрээ л байгаад байх онцын жаргалтай биш ч, онцын зовлонтой ч бас биш нэгэн хэвийн єдєр хоногуудыг vргэлжлvvлсээр ямaр нэгэн сургуульд орох, эсвэл хаа нэгтээ ажил хийх, тэгээд цаг нь болоход хэн нэгэнтэй нийлж хvvхэд тєрvvлэх, єсгєх, єтлєх, атаархмаар биш ч, голмоор ч бас биш нийтлэг амьдралаар амьдарсаар насыг барахад болох л байсан байх. Гэтэл эх нь байж байдаг, байх байхдаа бvр гадаадад байдаг гэх.
4. Гэнэт гарч ирсэн эхийн сураг тvvнийг баярлуулсангvй. Харин гомдол, хорсол оргилов. Гэтэл нэг мэдэхэд хариу биччихсэн байлаа. Удаахь захиа ч дорхноо ирлээ. Эхийн гэмшил ч, баяр ч хязгааргvй бололтой. Амьдралдаа нэг удаа бvдэрсэн, одоо харин сайн яваа гэнэ. Yнэхээр сайн яваа нь харахаас илт. Насан залуу, нvд дvvрэн гоо бvсгvй єєдєєс нь тvvний хувьд хорвоод ийм зvйлс байдаг гэж тєсєєлєхийн аргагvй гял цал байр сууц, эрээн мяраан гудамж чєлєє, шил толин машин дотроос ээлжлэн инээмсэглэнэ.
5. Тэр єдрєєс хойш єнгєрсєн хэдэн сар охины амьдралыг орвонгоор нь эргvvлжээ. Арав дvvргэнэ гэж байсан хvн наймаасаа гарч, анагаахын дундад оржээ. Сангийн vнэгvй, эгэлхэн хувцсыг тайлж хаяд vе vе илгээмжээр ирдэг бас л vнэгvй ч чамин хувцсыг єдєр єдрєєр сольж ємсєнє. Бас захаас нь илvvчилж, гоёх хорхойтой охидод худалдаж мєнгє болгоно. Єглєє бvр сонин гарчиглаж, vдэш бvр мэдээ чагнаж "Цагаачлах эрхийн хууль" хэмээх нэг л vгийг хамаг мэдэхvйгээрээ эрнэ, хvлээнэ.
6. Асрамжийн сургуулиас ирснээ нууж, єєрийгєє гадаадад суудаг баячуулын хvvхэд болгон ойлгуулжээ. Yргэлж дэгжин хувцаслаж, хэнтэй ч vерхэдэггvй, vг дуу цєєтэй тvvний хэлсэнд эргэлзэх ухаан хэнд ч тєрсєнгvй. Харин нэг нь атаархаж єє эрсэн, нєгєє нь зусардаж тал зассан vг унагаад ч хариу олж сонссон нь vгvй. Тэрээр цэмцгэр чамбай байдлаа олсон хэдэн цаастайгаа бат хадгалсаар, хувь заяанаасаа хариугаа авах єдрийг тэсгэлгvй хvлээн байв.
7. Нэг хартал араг ясны гавал нvvрнийх нь ємнє тулаад ирчихсэн эрvvгээ хавшин ангалзаж байх нь тэр. Охин муухай орилсоор босч давхив. Яг тэр vеэр жижvvр євгєн ангийн vvдээр гарч яваад юу гээч болж байгааг харчихжээ. Орж ирээд "Чам шиг нусгайн тоглоом тохуу болохооргvй л эр юм сан даа, дуучин Цэрэнжав гэж дуулсан yy нєхєєр!" гэж дvрсгvйтэгчийг загналаа.
8. Охин араг яснаас нvд салгаж ядан бvлтэгнэнэ. Дуучин Цэрэнжав гэж амандаа шивнэнхэн vе vе санаанд нь орж ирдэг єнєєх дуу чихэнд нь нэрхийтэл уянгалж, бас яг энэ эгшинд харвал араг яс тал талаасаа биежсээр дэгжин хувцасласан цайвардуу царайтай эр болж хувилаад єєдєєс нь дотно харцаар дєлгєєхєн ширтэх мэт. "Цэрэнжав...Цэрэнжавын...тoхиoлдoл уу?" гэж єєрєєсєє асууна.
9. Ирмэг нь эмтэрч, иргэр торгон хээ дээгvvр нь элдэв зураас хигээс гарсан зузаан пянз эргэлдэж, хэсэгхэн зуур хий шуугиснаа "Эр бор харцага"-ын ая хадан, эгшний дараахан эр хvний баргилдуу хоолой хунгэнэлээ. Тэрээр эрчээ аван авсаар чинээндээ тулах мэт болж зогсос хийснээ уулын ар бэлийн євс vзvvрээсээ сор татуулан халиуран хуйларч, налран ханаран давалгаалах адил шуранхайлахын эгшинд "Мєн байна" гэж бvсгvй хvний дуу часхийлээ.
10. Нарангийн энгэрт нэгэн баг хvн хэн нэгнийг оршуулж байлаа. Бvхий л ёс горимоор чимэглэсэн авсыг бvгдээр тойрон зогсчээ. Хагас онгорхой тагийн цаанаас цухуйх тэнгэр мэт цэнхэр хадагаас харц салгахгvй гєлрєх хоёр нvднээс том том цэгээн нулимс бєєн бєєнєєр хацрыг даган бємбєрнє. Дараа нь толгой бєхийн магнайгаа хадагт хvргэн адист хvргэх эгшинд "Хожимдож ирсэн охиноо єршєєгєєрэй аав минь" гэх vгс уухилж цурхирах дуун дотроос ялгаран сонсодвой.

Чинаагийн Галсан

Saturday, June 16, 2007

Бурхан хvсэл

2005 оны Болор цомын эзэн Ж.Мєнхбат

Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
Сэлэнгийн урсгал мэт их хvчийг хурааж
Ерєєлийн хадганд хvслээ ес болгон зангидаж
Есєн тугандаа хvчээ нэг болгон залбирсан
Євгєдийн минь єв
Єргєлийн минь эв
Мандаж гандаж, цэнгэж зовсон эх орноо
Маргааш хайрлана гэвэл орой биш уу, элгэн тvмээн
Хадаг дэлгэсэн гарт чинь эв байна уу гэж
Хаан тєрдєг гэрт чинь эе байна уу гэж
Хасбyy тамганы дардас бvтэн байна уу гэж
Хан тєрийн чинь сvлд босоо байна уу гэж
Бvтэн заяатай Монголын чинь хаяа бvтэн байна уу гэж
Бvvвэйн дуутай гэрт чинь удам ариун байна уу гэж
Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан
Эцэг євгєдийн сvнс биднээс асууж байна
Эрхт тєрийн сvлд биднээс асууж байна
Арга билиг зєрєлдсєн алтан соёмбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хоймор шиг
Ерєєл ерєєлийн нvд тааруулж хvслээ шивнэе
Есєн зоосны нvх тааруулж хvслээ шивнэе
Жадны vзvvрээр Монгол гэдэг нэрийг
Хадны зvг зурагтай нь сийлж vлдээснийг амилуулж хайрла
Тургилж манддаг номхон улаан наран доор
Тулганы гал шиг бадарсан тєрийг минь амилуулж хайрла
Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нєхцєж ирвээс жиргэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зvрхнийхээ чин ганцхан хvслийг
Бyрхан танд шивнэлээ шvv
Бурхан таныг бурхан єршєєг!

Thursday, June 14, 2007

Миний охины паян 2

Анх би хуурайлах болсон чинь зориг хvрдэггvй ээ. Эмнэлэгт байсан болохоор сувьлагч дуудаж хуурайлуулсан. Хэ хэ. Oдоо бодохоор инээд хvрдэг юм. Юунаас нь айсын бол гэж бодоод.
Охин маань жаахандaa тархины даралттай, уйлахаараа их ээрдэг байж билээ. Тийм болохоор аль болох уйлуулахгvйг хичээж, жаахан л авиа гаргангуут нь тэвэрдэг байлаа. Учир нь тархины даралттай хvvхдийг их уйлуулж болохгvй гэж эмч хэлсэн юм. Бас ээрдэг болохоор хамаагvй ээрвэл харвадаг ч гэл vv дээ бvр ч хvн айлгаад хаячихаж байгаа юм.
Хvн болгонд тэврvvлсээр байгаад муу зан сурчихсан юм даг. Баас нь их шингэн ерєєсєє єтгєрч єгєхгvй нэлээд удаж билээ. Ээж маань чийгтэй байшинд байгаад тэгж байгаа байх гэдэг байлаа. Учир нь манайх олуулаа, дээрээс нь хамаатнууд ирж усанд ордог байсан юм. Тэгээд гэр их чийгтэнэ. Тосож шээлгэдэг байлаа. Тэхгvй бол аавых нь авдаг цалин хаанаа ч хvрэхгvй. Памперс гээч юмыг байнга авч чадахгvй. Охин маань ч ємсєх дургvй байсан юм. Аав ээж дээрээ байгаа хэрнээ. Байрны мєнгє тєлєхгvй, идэж уух юмны мєнгє гэхгvй, хааяа л нэг єдрийн од шиг ганц нэг юм гэртээ авч ээж аавыгаа баярлуулдаг байлаа. Ер нь нэмэр болохоосоо нэрмээс болсон нь их дээ. Энэ орон байрны асуудал залуу гэр бvлvvдэд их байх юм аа. Боломжтой нэг нь тусдаа гарч л байдаг л даа. Гэхдээ цєєхєн. ..
Ээж бол охиноо гэртээ харсан, хааяадаа нєхєртєє охиноосоо хэтрэхгvй гэж хэлvvлээд уур хvрдэг байлаа. Хэний хvvхдийг гаргачихаад ингэж хэлvvлээд байгаа билээ гэж бодогдоод... Насаараа тэгж жаран чавганцын гэгдсэн, нэр хvндгvй энэ хvvхэд харах гэдэг ажлыг хийх юм байх даа гэж сэтгэлээр унаж байсан юм даг. Ангийн маань охидууд япон, америк гээд л яваад байдаг. Би ингээд гэртээ гэж боддог vе байлаа. Гэхдээ энэ бодол маань нэг их удаан vргэлжлээгvй ээ. Аавууд хvvхдvvдтэйгээ нэг их тоглоод, харж єгєєд сvйд болохгvй ч гэсэн эхнэрээ чадах ядахаараа хичээж байхад нь амаа хамхиад дуугай байж байх хэрэгтэй шvv. Ирээдvйн ээж аав нараа! Янз бvрийн юм хэлж байж ханиа л гомдоохын нэмэр шvv дээ. Шал єєр юм биччихсэн сууж байна. Охиныхоо тухай гэчихээд...
Oхин маань маханд дуртай. Энэ ч монгол хvний зан байх л даа. Євєє нь хоол хийх болгонд шахуу єєхтэй хавирга чанаж бариулсаар байгаад махчин болгочихсон. Гаднаа хvн орж ирэхээс "дадаа" гээд гараа тосдог байлаа. Євєєгийн сургасан муу зан. Євєє нь єєрєє ажлаасаа ирэх болгондоо сок, алим энэ тэр барьж орж ирсээр байгаад тэр.
Эмээ нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй юм болохоор янз бvрийн vлгэр, дуу шvлэг уншиж єгч шулганасаар байгаад охин маань их эрт хэлд орсон. Эргэн тойронд нь эмэгтэй голдуу хvмvvс байсан болоод ч тэр байж магад. Ямар ч байсан vеийн хvvхдvvдээс эрт хэлд орсон юм даг. Анх аав гэж хэлж сурсан, бас дадаа гэж хэлж сурсан. Нєхєр бид 2 эхэлж аав гэж хэлнэ, ээж гэж хэлнэ гэж хоорондоо ярьдаг байсан юм. Тэгсэн аав гэж хэлдэг байгаа. Тэгсэн ээж маань угаасаа жаахан хvvхдэд ээж гэдэг vг их хэцvv байдаг, тэгээд ч хамгийн хайртай зvйл нь хэлэхэд хэцvv байдаг юм гэж хэлж байсан юм даг. Энэ vнэн байж магад. Хєлд их орой орсон. Их аймхай. Тэр нь євєєгєє болон ээжийгээ дуурайсан. Би ер нь би их аймхай хvн байгаа юм.
Yргэлжлэл бий...

Миний охины паян

Охиныхоо тухай оруулахаар шийдлээ. Хvн гээч амьтан чинь мартамхай юм хойно. Жаахан байхынх нь явдлыг мартаад байх бололтой. Эргээд охиндоо дурсаж ярихад ч хэрэг болно. Охин маань єєрийнхєє жаахан vеийн адал явдлуудаас яриулах дуртай байдаг юм.

Товч намтар: 2002 оны 4 сарын 11-нд тєрсєн. Тєрєх vедээ нэг их удаан євдєж ээжийгээ зовоогоогvй. Жин нь 3 кг 100 гр. Єндєр нь 51 см. Манай аав ээжийг эмээ євєє болгосон хvн нь гээд их эрх. Ямар сайндаа л євєє нь євєє боллоо гэж худалч хvнд 7 хоног архи уусан гэж байгаа. Ээжтэйгээ хааяа янз бvрийн юмнаас болж муудалцах гээд байсан хvн єєрєє ээж болох яг тэр агшинд ээжийгээ vнэхээр их єрєвддєг, улам их хайрладаг юм билээ. Ээжтэйгээ муудалцах нь багассан. Улам л баярлуулах юм сан гэж боддог болсон. Манай ээж биднийг нэг их нялуун эрхлvvлээд байдаггvй хvн чинь эмээ болоод зээгээ vнэн лайтай нялуун эрхлvvлдэг болсон. Манай 2 бие биенийгээ юу гэж дууддаг гээч... Эмээ нь болохоор миний гvнжээ, єєрийгєє гvнж гээд тасархай андуурсан єнєєх нь эрвээхэй эмээ гэж дууддаг. Эмээ нь эрвээхэй шиг дэгж дэрвэсэн хєєрхєн байдаг байх даа. Євєєг бол байгаагаар нь л дуудна шvv дээ. Бvдvvн євєє, халтар євєє. Энэ халтар гэдэг нэр нь бас учиртай. Нэг єдєр євєє нь ажлаасаа ирэхэд охин маань халтайсан юм сууж байсан гэнээ. Тэхээр нь євєє нь єхєєрдєєд халтар Саруулаа гэж л дээ. Тэгсэн охин маань єєдєєс нь халтар євєє гэсэн гэж байгаа. Тэгээд євєє нь єєрєє тvvндээ баярлаад єєрийгєє халтар євєє гэдэг болсон. За тэгээд ээж аав, дvv нарынхаа буянаар аав нь баастай даавуу нэг их угааж зовоогvй. Эмнэлгээс гараад удаагvй байсан юм даг. Манай дvv охины маань баастай даавууг угаав аа. Тэгээд тохоод тавьчихсан байсан юм. Тэгсэн аав нь ажлаасаа орж ирээд тэр угаасан даавууг нь vзчихээд миний охины даавууг дутуу угаасан байна гэж давхиад, єєрєє дахиж угаадаг юм байна. Тэгсэн тэр шар нь яг л арилж харагдана ш дээ. Аавых нь гарын арьс цоорохоо шахаад. Дараа нь манай дvvгээс уучлал гуйгаад ахын дvv сайн угаасан байна, дахиж угааж байгаарай гэдэг юм даа. Сэтгэл гаргаад юмыг нь хийж єгч байхад дуугай л байж байх хэрэгтэй шvv. Ирээдvйн ээж аав нар аа. Бас аавууд охиноо ч юм уу эсвэл анхных нь байсан болоод ч тэр юм уу хvнээс харамладаг юм байна лээ. Манай нєхєр анх манай ээж аав 2 бид 3-ын єрєєнд орж ирээд л охиныг маань хуурайлах гэхээр харамлаад байж билээ. Тэр vед бид аав ээжийнхээ нэг єрєєг эзэгнэдэг байсан юм. Сvvлдээ тоохоо болиод шєнє нь сэрэхээ болино, эмээ євєєд нь аваачаад єгчих гэж хэлнэ, энэ аавууд уу...

Нээх урт юм болох гээд байна. Yргэлжлэлийг дараагийн бичлэгт.

Wednesday, June 13, 2007

Гарчиггvй

Єнєєдєр энд бороо ороод жаахан тиймхэн байна. Эдний борооны улирал эхэлчихсэн. Монголд маань бороо орохоор ногооны vнэр vнэртээд л сайхан байдаг даа. Энд тийм биш. Єдєр болгон шахуу бороо орно, бороо орохоороо улам чийгтэй бvгчим халуун болоод ємхий vнэртэнэ.
За тэр ч яaхав. Амьдрах хvслэн блогийг хєтлєгчийн дvvд нь хандив єргєх асуудал энд тэнд яригдаад явж байна. Монголчууд бид хамтарч нэг юм хийвэл уг нь их сэтгэл гаргаад хийчих гээд байх шиг байна шvv. Би ч дутахгvй энд тэндэх бичлэг дээр нь сэтгэгдэл бичээд гvйгээд байгаа. Мessenger-т байдаг бvх дугаар луугаа тэр охины блогийг явуулчихсан, хандив єргєнє vv гээд хvсчихсэн байгаа.

Блогтоо бичье гэсэн зvйлvvд их байгаа боловч амжихгvй л байна. Бас нэг номыг хэдэн ч сар уншиж байна бvv мэд. Япон хэл дээр юм. Монгол ном байсан бол 1 єдрийн дотор дуусахгvй юy. Гэхдээ сvрхий толь бичиг энэ тэр бариад тэгж их удаад байгаа юм биш л дээ. 00-ын єрєє орохоороо л авч ороод уншаад байгаа хэрэг. Заримдаа мартчихнаа. Охин маань ном уншаад суух гэхээр тоглоё гээд байдаг болохоор. Охиноо тоохгvй байх нь бас хvмvvжил энэ тэрд нь муу нєлєєлнє гээд хажиглаад байхгvй, чадлынхаа хэрээр тоглох гээд vзээд байна. Yлгэрийн ч юм уу, зурагтай номны тухай бич гэвэл ч харин нэг бичиж єгєх бололтой. Оройд нэг ном уншдаг болохоор. Тэндээс нь бас гайгvй юм мэдэж авнаа. Японы дээр vеийн амьдрал, ёс заншил энэ тэр гээд л... Нээрээ эдний 12 жилийн тухай яриа нь их хєєрхєн. Тэгж байгаад орчуулж блогтоо тавинаа.
За цайны цаг дуусч байна. Ажлаа гялалзуулахгvй бол...

Tuesday, June 12, 2007

Эмгэн євгєн хоёр

1991 оны Шувуун саарал наадмын дєтгєєр байрын шагналт

Наадмаар эмгэн, євгєн хоёр хотоо сахин vлджээ. Урд гэрийнхээ эмгэнийг аргал тvvгээд, цvv нь мултарсан тэрэгний дугуй шиг майжигнан ирж явахыг харсан Буд євгєн "Yеийн хvvхнvvд ийм болчих гэж дээ. Сайхан хvvхэн явсансан" гэж гаслан шогшироод баахан тээнэглзсэнээ тосохоор шийдэв. Эмгэн нуруу vvрэн айсуй атигар євгєнийг хараад "Эрийг нас дарнаа гэж, бурхан минь. Ямар жавхаатай эр явлаа даа хєєрхий" гэж харууслаа. Євгєн
-Алив Цэвэлмаа минь. Ингэж яваад л чи нэг мєр сєхрєх хvн дээ. Гаднаа тvлш овоолтоотой байхад...
-Хєдлєхгvй бол энэ зовлого євчин ээрээд амраахгvй ээ. Гэмгvй, та хэрэггvй... Эр хvнээр шээзгий vvрvvлээд нvгэл болно гэв.
Тэд єдрийн уртад ганцаардах сэтгэлээсээ болж бие биенээ хань бараа татна. Эмгэн тос орхисон цай самарч, євгєнийг дуудан орны хажууд бамбай хаяад тухтай цайлцгаав.
-Ай мєн сайхан цай яа. Хvvхдvvд нэг л угаадас шиг юм чанах юм даа. Аргагvй л чиний гарын цай мєн юм даа гэж євгєн хєлс дааварлуулав.
Эмгэн євгєний баярлаж байгаад ч тэр vv, эсвэл гары нь дагаад горьдож байна гэж бодсон уу, нэг юм дутаад байх шиг єндєлзсєнєє "Ээ..." гэж уулгалан мартсанаа санах аятай
-Би танд тогоо тавьж єгье гэх нь тэр. Євгєн дуртай байсан ч
-Цэвэлмаа минь єдрийн хар халуун дээр бас шарагдаад... гэвэл
-Зvгээр ээ, хамаг амьтан наадаж байхад. Эр хvний заяа харих байгаа даа гэв. Эмгэний магнайн vрчлээ тэнийгээд, нуруу нь ганагар болох шиг євгєнд санагдаад залуу цагтаа их жоготой тоглож инээдэг байсан мишээл нь нvд, уруул хоёрт нь ургаад ирэв.
Євгєн шvvрс алдан "Харгиж дээ харгиж. Залуу цагт хонины бэлчээр дээр л тvйвээдэг байж дээ" гэх харууслын гаслант бодолд автав. Цэвэлмаа эмгэн гурван усаар охь нэрмэл авав. Сэтгэл жаргасан євгєн
-Аа мєн галзуу гарчээ. Ясны хєлс бурзайхаар... Yнэрийг нь ээ. Энэ гол усанд сайхан найрладаг байлаа даа. Одоо ч ярьж хєєрєх хvнгvй, хажиглагдах л vлдэж дээ гэлээ. Эмгэн
-Хэлээд яaхав, хэлээд яaхав гэж амыг нь дагуулав. Хєх ногооны хонин зэрэглээ шуулттай хаяанаас ирэлзэн босож, алс хангайн бараа хєхємдєглєнє. Євгєний нvvр халуу дvvгэн минчийж, дотоод хормойгоороо хєлсєє арчиж, бодол нь уясан цэнхэртэж, суудалдаа ганхасийгээд
-Цэвэлмаа гялайлаа хє. Цэвэлмаа... чи залуудаа зvсэнд чинь зvv сvвэлмээр сайхан хvvхэн байж билээ гэхэд эмгэн залуу хvvхэн шиг жуумганав. Буд євгєн "Єєртєє тохирсон жаахан аальгvй эм хvндээ хєгширсєн ч гэсэн хєєрхєн зохидог л юм байна даа" гэж бодоод
-Цэвэлмаа минь намайг архи хараад хэл амаа билvvдэж саймширчихлаа гэж битгий бодоорой. Миний vеийн харцуул бултаараа л нvдээ хужирладаг байсан даа гэхэд Цэвэлмаа эмгэн эртний харгуйн улбаагаар бvдчих шиг
-Та тоож хардаг байсан гэж vv дээ. Гэнэн тэнэгтээ хойноос чинь би нулимсаа мєн ч их залгисан даа гэвэл євгєн цохон дундуураа няслуулах шиг таг чиг мухардаж орхиод духаа баахан илж
-Ийм л сохор хорвоо гэснээ хэл ам нь эвлэхгvй баахан сууж
-Хvн хvнээ vгvйлж, мєрєєсдєг заяатайгаас... Данх цайгаа хувааж, хєлєє хучилцаж явбал... гээд гацчихав. Эмгэн сэтгэлээ онгойлгож, хангиналт шvvрс алдаад
-Хvн амьтны элэг доог болно биз дээ. Бурханы дутаасныг гvйцээхийн хэрэггvй гэдэг дээ гээд дахиж тогоо тавихаар газар тулж босов. Yд хэвийн сvvдэр хэлтийхэд хєхєрч хєвєгнєх дvнжгэр vvл, хоймор ханхалзах Буд євгєн хоёр адилхан харагдана. Євгєн байсхийгээд л
-Элэг доог ий... Эднийг бvтээгvй байхад энэ хорвоод бид эзэн нь байгаагvй гэж vv. Хvн єтлєхєєрєє данснаас хасагдаж, хvн биш болдог юм биз дээ хэмээн гомдол тавина. Эмгэн євгєнийг
-Балга сувс даахаа болио юу даа гэж аргадан бойлж, Будыг залуудаа талийгаачдаа агсамнан алхихад нь бах тав нь ханан бас атаархаж явснаа гэнэт санаад хvн гэдэг их нvгэл vvрч явдаг амьтан юм даа. Хатуу тоглоомтой хорвоо хойно доо гэж бодлоо. Эзэд нь наадамд явсан хот айлыг эмгэн євгєн хоёр сахиж байлаа л.

Жанчивдоржийн Дашзэгвэ

Monday, June 11, 2007

Хандив

Амьдрах хvслэн блогийг уншсанаас хойш сэтгэл нэг л тавгvй болоод байх боллоо. Одоо яaж байгаа бол гэж бодогдоод л, нэгэн хєєрхєн охин уйлж байгаагаар нvдэнд харагдаад л... За миний энэ байдал ч яахав.
Харин тэр охины эгч нь Зоос банкин дахь хуучин дансаа сэргээсэн байна. Сайхан сэтгэлт монголчууддаа нэг єдрийнхєє тамхины мєнгє, хэрэв та таксинд суух гэж байгаа бол автобусанд суугаад хэмнэсэн мєнгєє, хэрэв та амттан авч идэх гэж байгаа бол нэгхэн удаа тvvнийгээ тэвчээд тэр мєнгєє гээд л дор бvрнээ багахан ч гэсэн мєнгє хэмнээд тэр охины дансанд хийцгээвэл ямар вэ. Дуслыг хураавал далай гэдэг шvv дээ. 100 тєгрєг ч байсан хамаагvй, таны сайхан сэтгэлийн ачаар хvнд євчтэй тэр охин эдгэрэх болно.
Энэ тvvний дансны дугаар MNT 2413197095, USD 2413202777 юм байна. Энэ охины талаар мэдэхгvй нэгэндээ хэлж аль болох олон хvнийг хамруулахыг хvсч байна.
Сайн vйлс дэлгэрэх болтугай. Тэр охин заавал эдгэрэх болно.

Saturday, June 09, 2007

Амьдрах хvслэн

Єнєєдєр амралтынхаа єдрєєр шинэ блог уншиж єнжлєє. Та бvхэн ч гэсэн ороод хараадхаарай. http://lovelife.delhii.net/2007/06/ блогийг хєтлєгч бvсгvйгээр бахархаж байна. Учир нь 20 хvрч буй хvнд євчтэй дvvгийнхээ тєлєє єєрийнхєє хvсэл мєрєєдлийг хязгаарлаж, ухаалгаар тэмцэж байгаа тvvгээр бахархахын аргагvй. Зарим vедээ эмч нарыг дотроо хараасаар, зарим vедээ нvдэндээ нулимс мэлтэлзvvлсээр бvх бичлэгийг нь уншиж дуусгалаа. Гэхдээ блог хєтлєгч бvсгvй та миний энэхvv бичлэгийг олж уншаад "єрєвдєж" байна гэж битгий эмзэглээрэй. Єєрийн тань оронд би байсан бол тийм их тэвчээр гаргаж чадах байсан болов уу... Мєн эрхэм блог хєтлєгч анд нартаа энэхvv бvсгvйд туслах ямар нэгэн арга чарга хайцгаая, тvvнд туслах арга зам байвал хэлэлцэцгээе гэж бодоод... Хvнлэг сэтгэл блогт уламжилбал яaх бол... Хvмvvсээ саналаа хэлцгээгээрэй. Сайн vйлс дэлгэрэх болтугай.

Friday, June 08, 2007

Ижий шvлэг

Цyгтаа амийг тусдаа болгож
Цустай хvйг тасдаж хайчлахад
Ижий минь сvv болон
Над руу урсаж эхэлсэн
Ижийдээ би хvv болон
Нар руу ургаж эхэлсэн, харин
Гарын минь сvvдэртэй цуг
Гал самардан
Хєлийн минь сvvдэртэй цуг
Хєє єшигчин
Yхэл надтай ихэр тєрсєн
Yнэрлэх vртэй болсон ижийд
Харамлах зовлон хамт ирсээн
Хариy бvрийгээс харамлахдаа
Хар халзан туулай болгон нууж
Ханиаж бvлээрэхээс харамлахдаа
Халууныг минь биедээ шингээж
Єлгийтэй надад амиа тавьсаар
Єлзийтэй ижий єєрийгєє мартсан
Сvvн мєрєн гэнэт ширгэж
Сvvлчийн дусал нь нулимстай урсаж
Ижий уул євєр дээр нурахад л
Илий орчлонд vхлийг анх vзсэн
Алаг заяанаас
Ардаа нуух эхтэй явсан би
Элэг дэвтээж
Энгэрт асах vртэй болоод
Аминаасаа илvv vрээ хайрлах
Амьтны зєнг биеэрээ амссан
Заяагvй хар нэхлийг бvр таньсан
Замгvй хар vхэлтэй нvvр тулсан
Сvvдэр дагасан энэ vхлээс
Сvv vнэртсэн vрээ ємєєрч
Хаалган дээрээ
Жагарын найман тахил зуруулсан
Халз хоймороо
Жаргалын найман морь тахисан
Чагтага юугаар єлзий утас ороосон
Чандмань бумбаар єлгийн буян хураасан
Ширмэлээ хvртэл насан хээтэй хийсэн
Ширдгээ хvртэл нар зєв тойруулсан
Бойтгондоо хонхтой
Бор халзан туулайгаа
Зvглээд ирэх элээн сvvдрээс харамлан
Зvvн хацартаа нааж
Зvvдэнд хуурах vнэгэн гvйлдээс харамлан
Зvрхэн талдаа нууж
Хоймрын нар дагуулан vрээ єсгєнє
Хиймoрийн сан тавиулан єсгєхдєє л єсгєнє
Yхлийг нь хvртэл нууж чадахгvй ч
Yрээ єстєл нь vхлийг хуурч дєнгєнє!

Дамбын Тєрбат

Wednesday, June 06, 2007

Тахиа

За энэ удаад хамаатныхаа нэгэн ахын тухай бичье.
Тэр ах маань уг нь бол ид л гялалзуулдаг 30 хэдэн насан дээрээ яваа нэгэн. Гэм нь амьдралдаа жаахан алдаад, архинд толгойгоо мэдvvлээд... За энэ хvний хувийн асуудал болохоор дэлгэрэнгvй бичихээ азная.
Тэгсэн саяхан сонсох нээ хашаандаа тахиа тэжээж байгаа сураг дуулдаад. Анхандаа ч чихэндээ итгээгvй. Нэг гэрээс гарахаараа тэнээд алга болчихдог хvн. Хэдэн архины найзууд байдаг юм шиг байгаан. Сайн мэдэхгvй байна л даа тэр талаар нь. Ямар ч байсан айлын бага гээд хэт эрхэлчихсэн. Ялангуяа ээж нь их эрхлvvлчихсэн. Хадаас ч хадаж vзээгvй хvн тахиа тэжээнэ гээд бод доо. Миний сэтгэлд лав буугаагуй юм даг (Ээж нар хvvхдvvдээ хайрлаж байна гээд хэт эрхлvvлээд, юм хум сургахгvй байх шиг. Хайр нь дотроо, хал нь гаднаа байх хэрэгтэй шvv). Тэгсэн тахиа нь єндєглєєд єндгєє хуваагаад. Манай дvvд хvртэл єндєгнийхєє дээжээс нэгийг єгсєн гээд л. За тэгээд сонсоод байх нээ тэжээж байгаа тахиатай нь холбоотой онигоо ч юм шиг юмнууд чих дэлсээд л байгаа.
Жаахан хожуу ухаан орсон ч тэр ах маань хувийн аж ахуй эрхлэх гэж байгаа нь яaмай даа. Єндгєє зараад мєнгє олох нь хаашаа юм, гэхдээ л єєрийгєє болгоод байвал аштай юу даа. Тэгээд ч мах vнэд орж байгаа цагт бол єндєг маш сайн хоол тэжээл болно шvv дээ. 1 ширхэг єндєг 500 грамм ч билvv махтай тэнцэх шим тэжээлтэй байдаг гэж 10 жилд байхад нэг багш маань хэлж байсан юм даг. Бас том том, юм яриад байна гэсээн. Тахиагаа єсгєєд, єдєрт авах єндгєє олон болгоод гээд л...
Ямар ч л байсан ямар ч амьдралын идэвхигvй, архи уудаг байсан ах маань бага ч гэсэн мєрєєдєлтэй болсонд дvv нь дотроо баяртай л байна. Энэ завшааныг ашиглаад та шvv гээд хэлчихье. (Албан ёсны хэллэг болчихов уу яaв?) Уг нь єєрєє нэг хvvтэй, тэр нь 6-р ангид сурдаг. Онц сурдаг, сургуулийнхаа тооны аварга, сая А гарсан гээд л их сэргэлэн байрын жаал хvv байдаг юм. Ах маань та хvvгийнхээ ирээдvйн тєлєє, хvvдээ муу аав байхгvйн тєлєє хичээгээрэй гээд бас блогоор дамжуулаад сэтгэлийнхээ vгийг хэлчихье.
Эцэст нь хэлэхэд хашаанд амьдардаг монголчууддаа газраа ашиглаад ногоо цагаахан тарьчихдаг, ах шиг маань тахиа тэжээсэн ч болно шvv дээ, ямар нэгэн юм эрхэлвэл яасан юм бэ гэж хэлэх гээд л.
PS: баахан хэлэх гэдэг vг хэрэглэчихэж. Sorry

Tuesday, June 05, 2007

Будаа тарив

Єнєєдєр бага сургууль явлаа. Yдээс ємнє 2-р ангийн 2-р бvлгийн ханзны хичээлд цуг сууж дараагаар нь монголын тухай танилцуулга хийв. Ханзны хичээл их сонирхолтой байлаа. Урд нь сонсож байгаагvй шинэ зvйл мэдэж авсан шvv. Зааж буй ханз нь хэдэн жил ханз нухаж байгаагийнх овоо мэддэг ханз байсан ч зурлагын тал дээр бас л анхаарах хэрэгтэй юм байна даа гэж єєртєє сануулав. Оюутан байхдаа гараараа л бичдэг байсан бол энд ирээд гараар бичихээ байсан. За энэ ч яaхав. Гол сэдэвтээ оръё.
Монголынхоо тухай ч яaхав байнга ярьж байдаг юм болохоор... Хvvхдvvдийн зvгээс асуух асуултыг ч ерєнхийд нь мэддэг болчихсон, нэг ёсондоо бага сургууль явах ажилд бол нэлээд гаршaaд байгаа юм. Yдээс хойш нь будаа тарив. Харин энэ удаад будаа тарьсан тухайгаа жаахан бичье. Дээр vед япончууд будаагаа гараар суулгадаг байсан бол одоо vед бvх юм техник болохоор одооны хvvхдvvд тэрхvv уламжлалт зан vйлээ сайн мэдэхгvй болж байна гэдэг vvднээс эдний ихэнх бага дунд сургууль дээр vеийн уаламжлалт зан заншил, соёлоосоо заах тусгай программ байдаг. Тэрний нэг нь энэ удаагийн будаа тарих явдал байлаа. Мэдээж будаагаа тарихдаа урьдчилаад тэр хавийн эмээ євєє, боловсролын байгууллага, сайн дурынхан хамтраад vрсэлгээгээ суулгачихна. Тэгээд хvvхдvvдийг 1-6 ангиар нь ээлжлvvлээд багц багц vрсэлгээ бариулж байгаад л хєл нvцгэн талбай дээр гаргачихаж байна лээ. Будаа гээч юм чинь єєрєє их устай шаварлаг хєрсєнд ургадаг юм болохоор будааны талбай нь шилбэ хvртэл устай, хєрс нь усанд байгаа болохоор шавар шиг л юм билээ. Намар гэхэд уртаас урт ургадаг юм байна лээ. Хvvхдvvд л болсон хойно энэ шавар луу чинь яaж орноо, айгаад байнаа, хорхой явж байна гээд л дор бvрнээ янз бvрээр орилолдоод л байх юм. Эгч наана нь бас тэрvvхэндээ яaж орноо гэж бодсон хэрнээ нэрээ бодоод л дуугай байгаа юм. Уржнан жил бас ингэж будаа тарих арга хэмжээнд оролцож байсны хувьд бас ч гэж туршлагатай л байлаа. 9 сард хураах vед нь бас дуудаж оролцуулна гэсэн. Будаа гэснээс японы будаа их гоё цагаан, агшаасны дараа зєєлєн байдаг юм. Их амттай. Монголд будаанд тос хийж агшаадаг хvмvvс байдаг даа. Тэрэн шиг тос энэ тэр хийж агшаахгvй. Эд нар єглєє, єдєр, орой тувт будаагаа идэх юм билээ. Халуун болохоор сэрvvднэ энэ тэр гэсэн ойлголт байдаггvй байх л даа. Манайхны єглєє, єдєр, орой мах иддэг шиг л. Будаа идээгvй бол хооллосон болохгvй байна гээд л...

Нэг иймэрхvv, миний нэг єдрийн ажил. Гэхдээ єдєр бvр бага сургууль явахгvй л дээ. Сард хэдэн удаа ч гэдэг юм уу.

Sunday, June 03, 2007

Хєєрлийн шvлэг

Тэр vнээн би хєєрvv хvн
Тэнгэр дээр тєрсєн гэж єєрийгєє
Харсаар байтал худлаа хэлж
Халyyрч шvлэглэсэн хvн
Тэргэл цагаан сарыг нь чамайгаа гэж
Бvлээрч шvлэглэсэн хvн
Тэр ч бvv хэл
Бyдант тэнгэрийн танихгvй одыг минийх гэж
Бyлааж шvлэглэсэн хvн, хvлцэл єчмvv
Єчсєн єчєєгvй би дахиад л
Онгирох нь
Єндєр тэнгэрийн vvлс ахиад л
Зангирах нь
Хvлэглэж давхисан морины ам ч
Халах нь
Хvрдэн их дэлхийг мєндєр цохиж
Алах нь
Онгирох юм надад их бий
Хялмаалсан олон од бvхэн миний
Алаг нvднээс аргамжаатай
Хязгааргvй их тоо бvхэн миний
Арван хуруунаас уяатай
Миний
Онгирох
Орон зай ийм
Єєрчилж зогссон газар бvхэнд
Єєрєєс минь vvсдэг
Дєрвєн зvг vзvvргvй
Єндрєєс минь дээшээ
Єсєж vргэлжилсэн
Бoсoo шулуун тєгсгєлгvй
Миний
Хєєрєх
Хєх тэнгэр энэ
Би онгирохдоо
Цэнхэр хорвоогийн уудамд
Шахцалдахгvй тонгочих гэсийм
Цэнгэг усныхаа мандлаас
Шартахгvй залгилах гэсийм аа
Онгирох юм надад их байна
Yгvйрлийн зуднаас
Тvрvvлж нvvгээд
Багширсан сvрэг байна
Yvлэн сvvдрээс хоцорч нvvгээд
Барагдсан бууц байна
Галтай чулуу, устай чулуу, задын чулуу
Газар, далай, тэнгэрийн 3 чулуу
Гурвуулаа над байна
Аяа! Би наанадаж онгиръюу
Талын шуурганаас єрсєн босч
Таанын толгойноос шvvдэр тvvж
Шивээ уурлуулах нь
Аяа! Би наанадаж онгиръюу
Лусын охинтой
Даалуудаж
Луутай тэнгэрт
Yvлvvдэх нь
Ардын дууныхаа
Хє хє нугалааг
Хєх алчуур шиг хийсгэж
Айраг дэмбээ намрынхаа
Алтан дэлбээ найран дээр
Агсан морьтой ханхалзаж
Аяа! Би дахиад л
Шvлэглэх нь
Анхилхан мод ахиад л
Гєлєглєх ньОрчлон хорвоо бас л
Дунших нь
Онгодоор бичсэн шvлгээ би
Унших нь
Уншихгvй гэсэн чинь
Уурласан євгєд
Удмаа залгуулахгvй гэж
Айлгасан юм
Уншихгvй гэсэн чинь
Уйлсан бvсгvй
Урvvлаа єгєхгvй гэж
Тyньсан юм
Онгирохгvй байя гэсэн чинь
Одтой тэнгэр хилэгнэж
Oнгoдoo єгєхгvй гэсэн юм
Онгирохгvй байя гэсэн чинь
Онгод лус дургvйцэж
Oхинoo єгєхгvй гэсэн юм
Тэр vнэн, би хєєрvv хvн
Тэнгэр дээр тєрсєн гэж харсаар байтал худлаа хэлж
Зvтгэж шvлэглэсэн хvн
Тэр ч бvv хэл огт танихгvй бvсгvйг минийх гэж
Гvтгэж шvлэглэсэн хvн
Тэд бvхнээс хvлцэл єчмvv

Б.Доржпалам

Friday, June 01, 2007

ISO

6 сарын 1-ний vдээс хойш ISO -ийн талаарх хичээлд суулаа. Манай хэлтсийн ажилчид vдээс ємнє, vдээс хойш 2 хуваагдаж хичээллэв. Хэлтсийн дарга энэ талаар бидэнд яриа хийлээ. ISO гэдэг нь International Organization for Standardization гэдэг англи vгний товчлол бєгєєд (японоор 国際標準化機構, Монголоор нь оноогоод хэлээд єгєх хvн байвал сайн байна шvv.) сvvлийн хэдэн жил японд их хэрэглэгддэг болоод байгаа юм. Мєн энэ талаар их олон сургалт семинар явагдаж байна. Манай ажилд гэхэд жилд 1 удаа явагдаад байгаа юм. Энэ талаарх хєдєлгєєн єрнvvлээд гарсан vр дvн, ахиц, мєн vр дvн гараагvй хэсгээ дахин нэг харж анхаарч ажиллах талаар ажилчиддаа хэлж ойлгуулах, тэднийг санаачлага гаргаж ажиллах зэргийг уриалдаг. График гаргаад ийм ийм юм нь буурсан, энэ нь нэг их буураагvй байна гээд vзvvлж байна лээ. Хойшид ч бvгдээрээ хvчээ нийлvvлээд дор бvрнээ зvтгэл гаргаж ажиллацагаая гээд л манай дарга урсгаж єгч байна лээ. Захиргааны газар нь тусгай энэ талаар хєтєлбєртэй. Албан хаагчдад нэг нэг жижигхээн дэвтэр тараагаад єгчихсєн. Тэр нь ISO-ийн чиглэл зэргийг бичээд хэвлэчихсэн. Явцын дунд гарсан єєрчлєлт, арга хэмжээ зэргийг хэвлэж єгєєд тэрэн дээр наагаад байнга харж уншиж байх ёстой.
Мэргэжлийн vг хэллэг ихтэй, vг бvрчлэн ойлгоход жаахан хэцvv байсан ч ямар ч байсан тэр хичээл дундаас ойлгож авсан зvйлээ дор сийрvvлье.

  1. 6 сараас 2 зvйлийг эхлэн хэрэгжvvлнэ. 1-рт зангиа зvvхгvйгээр ажилдаа явах. Мєн богино ханцуйтай цамц ємсєж байх. Энэ нь японд зун их халаад сэрvvцvvлэгчийг хэт их ажиллуулсанаар тог их vрэх гэх мэт зардал их гардаг. Тэгээд энэ жил єрєєний хэм 28-аас доош буухгvй гэсэн. Бvтэж, урсаж vхэх байхдаа. Гvрийнэ дээ. 2-рт ажлын цаг дууссан оройн 6 цагийн vед захиргааны байрны тогийг бvхэлд нь унтрааж байх. Зайлшгvй оройн цагаар vлдэж ажиллах шаардлагатай хэлтэс нь тийнхvv гэрэл унтраасны дараа єєрсдєє гэрлээ асааж байх. Урд нь коридор энэ тэр гээд хvн байхгvй газрын гэрэл асаалттай байдаг байсан юм.
  2. Хойшид ч дараах зvйлийг хэрэгжvvлж, хvн бvр дор бvрнээ ухамсарлаж ажиллах. Yvнд цаасан хогоо багасгах. Энэ нь хэрэггvй зvйлсийг хэвлэж гаргахгvй байх. Зайлшгvй хэвлэх шаардлага гарсан тохиолдолд зєвхєн нэг нvvрэнд биш ар євєргvй хэвлэх гэх мэт.
  3. Аль болох цахилгаан шат ашиглахгvй байх. Цахилгаан шатанд бас л хєєрхєн хэмжээний тог vрж байгаа юм. Манай хэлтэс 1 давхарт байж байгаад 4 сараас 6 давхарт нvvж очсон. Би ч энэ 5 сарын хугацаанд цахилгаан шат бараг ашиглаагvй. Учир нь нээх тог хэмнэх гэсэндээ биш л дээ. Хамгийн гол нь турах гэж. Хэ хэ. Єдєрт дор хаяж 3 удаа шатаар дээшээ доошоо явж байх зорилт тавиад байгаа. Yргэлж суугаад PC ширтэж байдаг хvнд бол их дажгvй хєдєлгєєн болно.
  4. Єдрийн цайны цагаар PC, printer зэргээ унтрааж байх. Мєн урт цагаар хурaл цуглаан зэрэгт орох болсон vедээ ч PC-гээ унтрааж байх. Намайг анх ирэхэд л єглєє ажил эхэлтэл (8:30) эрт ирсэн хvмvvс гэрлээ асааж болохгvй, ажил эхэллээ гэсэн ая явахаар бvгд гэрлээ асаадаг байсан юм. Мєн єдєр цайны цаг (12 цаг) болохоор ая яваад л гэрэл унтраана. 13 цагт цайны цаг дуусахаар бас л єнєєх ая чинь яваад л бvгд гэрлээ асаагаад ажлаа эхэлнэ.
  5. PC, TV, printer энэ тэрийг унтраахдаа бvр уг залгуураар нь унтрааж байх. Жишээ нь бид гэртээ зурагтаа унтраахдаа зєвхєн удирдлагаар нь л унтраагаад хаячихдаг даа. Тийм биш, бvр угаар нь салгаж байх. Зєвхєн удирдлагаар нь салгасан тохиолдолд ч тог гvйж явдаг гэнэ шvv.

Гээд л зєндєє байсан л даа. Санаж байгаагаа бичлээ. Энэ бvгдийг зєвхєн албан ажилдаа биш, хувийн ахуй амьдралдаа ч хэрэгжvvлэх хэрэгтэй шvv. Ингэснээр таны єрхийн санхvv, эрvvл мэнд гээд л амьдрал тань эрс дээшлээд л явчихна. Танд ч, эргээд дэлхий нийтэд маш хэрэгцээтэй зvйл болох юм.