Thursday, April 26, 2018

Уураг

Эндхийн цэцэрлэг сургуульд шээсний шинжилгээг жил бүр авна. Бага, дунд сургуульд бол нэлээд дэлгэрэнгүй үзлэгт хамрагдана.

Зүрхний бичлэг, хараа, сонсгол гэх мэт.

Саяхан шээсний шинжилгээ нь уурагтай гэж гараад аа. Нөгөөдөр нь бага зулзага дахин шинжилгээ өг гэсэн гээд хуванцар сав барьчихсан ирсэн. Орой нь анги даасан багш нь залгаад, -Сэтгэлээ битгий чилээгээрэй, хүүхэд жаахан ядрахаар, сэтгэл санаа тавгүй болохоор шээс уурагтай гарах тохиолдол байдаг. Хэрэв дахин шинжилгээгээр уурагтай гарвал эмнэлэгт дэлгэрэнгүй шинжилгээ өгөх байх аа.
-Аан за. Өгөөд явуулъя аа.

Тэгээд л эх хүн болсон хойно санаа зовж эхэллээ. Элдэв өвчин энэ тэрээ л биш байгаасай, бла бла...

Тэгснээ хүүхэд ядрахаар, сэтгэл санаа эвгүйтэхээр гэж хэлснийг нь санаад, ойрд юу боллоо  гэж бодлоо.

Урд өдөр нь загнаад 2 алгадчихсанаа саналаа. Ямар зэрлэг юм бэ гэж бодов оо? Энэ хүүхдүүд чинь зүгээр байхгүй юм. Худлаа хэлнэ, олон дахин хэлүүлнэ, өөдөөс цор цор хийнэ...

Яг яагаад алгадах болсон бэ гэхээр хөмсгөө засчихсан байсан юм аа. Хэ хэ. Зэрлэгээ зулгаачихсан гэх юм уу. Ямартай ч хөмсөг нэг л биш ээ. Үүнийг ээж олж хараагүй ээ, аав нь олж хараад.
-Хүүе хөмсгөө яачихсан юм бэ?

Ингээд л ээжийн үглээ эхлээд. Тэгснээ олон юм давхцуулж ярьж байгаад алгадаад авсан. Одоо бодохоор өрөвдөөд л байгаам. Хи хи. Сахлын хутгаар хуссан гэж байгаа. Нүдээ хатгачихбал яана бла бла. Энэ хүүхдүүд нээрээ...

Монгол дахь дүүдээ хэлсэн чинь хүүхдийн уураг гартал зодоод байхдаа яадаг юм гэж өөрөө би загнуулсаан. Ккк.

Гол нь хүүхдээ ядраахгүй байх шүү. Дараагийнх нь шинжилгээг өгөхдөө маш тайван амгалан байлгаж байгаад, эртхэн унтуулж байгаад л өглөө. Зүгээр гэж гарсан шүү. Хэ хэ.

Нэг иймэрхүү 60 чавганцын ажлаа амжилттай? элдэв паянтай гэгч нь хийгээд л байж байна даа.

Tuesday, April 24, 2018

Цэцэгс

Гар утас минь 6000 гаран зурагтай байна лээ. Ихэнх нь зулзагуудын минь зураг ч дотор нь цэцэгний зураг асар их байна лээ. Нүүр номдоо альбом нээж байгаад хуулав. Блогтоо ч ганц нэгийг нь оруулахаар шийдлээ. 
 Ажлын тасалгаанд. Баяр хүргэж бэлэглэдэг юм билээ. Цахирмаа цэцгийн бас нэг төрөл.
Өнгөрдөг жил гэрийн гадаахыг минь чимсэн цэцэг. Нэрийг нь мэддэггүй ээ. Гэснээс зэрлэгээ зулгаах юмсан. Цэцэггүй, баахан зэрлэг болсон харагдана лээ.
Үүний бас нэрийг нь мэдэхгүй. Өвөрмөц юм билээ.
Нэгэн цэцгийн хүрээлэнд явж байхдаа дарсан байх аа. Бас л нэргүй.
Хотын захиргаанаас зохиодог цэцгийн баярын үеэр. Талбайн голд чимсэн байсан цэцэг. Энэ жил явж чадахааргүй юм билээ.

1000-д зураг байсан л даа. Хэ хэ. 5ханыг оруулдаг гэнэ ээ. Уучил уучил, бага багаар л оруулна аа.

Monday, April 23, 2018

Зузаан ном

Гарчиганд нь дурлаад ийм нэг зузаан ном зээлчихэв ээ, хөөрхий. Хэзээ ч уншиж дуусна гэж зээлж байгаа юм бүү мэд. Заримдаа энэ сэтгэлийн хөөрлийг яалтай билээ? гэж боддог шүү.

Ямартай ч өмнөх үг, гарчгийг нь гүйлгээд амжсан.
1. Aung San Sun Kyi
2. Anita Roddick
3. Mother Teresa
4. Betty Friedan
5. Margaret Thatcher
6. Florence Nightingale
7. Marie Curie
8. Sadako Ogata
9. Wangari Maathai
10. Beate Sirota Cordon
 гэсэн эмэгтэйчүүдийн тухай байна лээ. Та нар хэнийх нь тухай хальт бичүүлмээр байна? Захиалгаа өгч болно шүү. Ганцыг л сонгож бичнэ шүү.

За ямар том амлалт өгчихөв өө? Амждаг байгаа даа? Хэ хэ. Өнөө маргаашдаа амжихгүй байж магад ч улиралдаа багтаагаад, үгүй ээ ядаж жилдээ багтаагаад бичихийг хичээнэ ээ.

Нээрээ "60 цагаан хонь"-д гарсан 5 жилийн төлөвлөгөө гэдэг шиг маш хатуу чанга төлөвлөгөө өөртөө тавьж байдаг юм билүү? Тэгвэл ч дорхноо л хөгжөөд дэвжээд явчих байх даа тэ? Бас л алж байсан байгаа юм шүү. Хөөрхий малчид. Зүдэрсэн байна лээ шүү дээ. Шал өөр номны тухай бичээд явж байна шд.

За энэ номын зохиогч Икэгами Акира гэдэг нь мундаг хөөн. Их олон ном гаргаж байна. Баян ч гэж юүхэв байх аа. Хэ хэ. Ганц нэг нэвтрүүлгийг нь л үзэж байсан. Юу билээ? Ганц нэг номыг нь уншиж байсан ч байж магад. Мартааский. Үг хэллэг нь хэцүү санагдаад байдаг юм. Мөн тэр ханз энэ тэр.

Би ер нь бага зулзагынхаа зурагт номноос л унших дуртай хүн шиг байна лээ шд. Нууцлагдмал өөрийгөө нээгээд байх шиг сүүлийн хэдэн жил...

Ханз манз, мэдэхгүй үг мүг гэхгүй зурагт ном чинь сайхан шүү дээ. Ганц нэг мэдэхгүй үг гарвал зулзагуудаасаа асуучихна. Залхуу хүний шинжүү дээ...

Түр баяртай, шинэ долоо хоногт нь амжилт хүсье.

Sunday, April 22, 2018

Дулаараад л...

Гадаа дулаараад хүмүүс ичээнээсээ гараад байна. Бага зулзага бид хоёр бас ичээнээсээ гарах гээд л. Тэрнээс өмнө ээж нь өвөл хуримтуулсан өөхнөөсөө бага зэргийг хасч авахгүй бол.

Эртээд бүр богино ханцуйтай хүн явж харагдсан. Би тэхэд хавар намрынхаа курткатайгаа л явж байх жишээний. Тайлаад хаячих гэхээр энд тэндээс товойгоод...

За тэр ч яахав. Саяын хагас сайнд хоёр зулзагатайгаа ээлжит зугаалгаа хийв. Морин тойруулгын газар. Хүүхдүүдэд голчлон үйлчилдэг. Мөн аутизмтай хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гээд бас их очдог юм. Мэдээж энгийн хүмүүс ч, хүүхдүүд ч очно.

Эндхийн ажилтнууд, тухайн үеийн сурагчид нийлсэн 20-иод хүн монгол явсан юм. Олон жилийн өмнө өө. Хань ижил цугтаа хэд хоног хөгжилдөж явсных, бид хааяа очиж зузлагуудаа үнэгүй морь унуулдаг юм. Гэхдээ би нэрэлхээд гуйж чаддаггүй л дээ. Хэ хэ.
Зөвхөн нэгээхэн хэсэг талбай нь. Доод талд нь бас нэг ийм хэмжээний талбай, хажууханд нь багахан хэмжээний бас нэг талбай бий.
Энэ удаад морь унах гэж очоогүй л дээ. Орон нутгийн элдэв жижиг хувийн аж ахуй эрхлэгчид цуглаж үйл ажиллагаагаа сурталчлах арга хэмжээ байлаа. Бид тэнд өдрийн хоолоо худалдаж авч идэв.
Хээрийн хоол амттай гэдэг зураг. Би бүхэл үрийн гурилаар хийсэн талх авч идсэн.
Ихэнх цугласан хүмүүс байгальд орчинд ээлтэй, эко, био амьдралаар амьдрахыг хичээдэг, элдэв химийн гаралтай зүйлсээс татгалздаг хүмүүсийн цуглаан гэж хэлж болохоор.

Элдэв химийн бордоо энэ тэр хэрэглээгүй ногоо цагаа, бүхэл үрийн гурил энээ тэрээгээр хийсэн хүнс голцуу байсан. Тэр ч утгаараа ялимгүй үнэтэй талдаа.

Моринд өвс өгсөн шиг, таньдаг хүмүүстэйгээ таарч ярьж хөөрсөн шиг сайхан байлаа. Ажлын газрын нэг хүүхэн, нэг солонгос дадлагажигч хамт явсан. Аяа бас л халах янзтай. Хар халууны улирал эхлэх гээд л дуншаад байна. Тэрнээс өмнө борооны улирал гэж айхтар зүйлийг давж гарахгүй бол горьгүй. Тухайн жилээсээ болоод сар гаран тувт бороо шаагидаг жил ч байна.

Угаасан хувцас хатахгүй, орж гарахад нороостой гээд л . Мөн хааяадаа уртын харайлт харайна аа яаж зүгээр байхав. Хэ хэ. Гэхдээ монголынх шиг биш  л дээ. Нүүр номоор яваад байсан даа. Монголчууд бид чинь үнэн спортлог гээд л. Уртын харайлт, сэлэлт, өөр юу юу байлаа даа. Үнэн шог тэ, иймэрхүү зүйлийг голыг нь олоод шоглоод биччихдэг хүмүүст хэлэхэд "та нар мандтугай" хи хи.
Нэг ийм тахиа байсан. Хот газрын хүүхдүүд чинь амьд амьтны бараа харах нь ховор шд. Бага зулзага өхөөрдөөд л байсан. Багадаа зуслан дээр дэгдээхэй? тэжээдэг баатар болоод л шил мил нунтаглаж өгч байсан санаанд оров. Гэхдээ би тэр шар дэгдээхэйнд дургүй байсөөн. Барихаар л цулцаганаад, дотор эрхтнүүд нь ийш тийшээ гүйгээд байгаа нь мэдрэгдээд, эвгүй гэж юүхэв...

Төгсгөлд нь морины шоу үзсэн. Нэгэн царайлгаа залуу байдаг юм. Тэр моринуудаа хөөрхөн сургачихсан байгаа юм аа. Ухраад, алхаад, шогшоод гээд л,баярлалаа гэж бөхийлгөөд л. Хүүхдүүдийг бол хөөрхөн баясгачихаж байгаа юм. 

Орой нь аавдаа сонин болгоод л ярьсан чинь
-Миний охин морь унасан уу?
-Үгүй ээ, тийм зав байгаагүй ээ.
-Яадаг золигнууд вэ? Миний охинд морь унуулаагүй. Дараа аавтайгаа явж морь унана аа за.
-За, та яг амласан шүү...

Амралтаа сайхан өнгөрөөгөөд, шинэ долоо хоногоо эрч хүчтэй угтаарай. Амжилт шүү...

Saturday, April 21, 2018

Хөршхөн минь дээ

2 айл алгасаад нэг хөрш эмээ өвөө байдаг юм. Эмээ өвөө гээд хэлчихвэл тэд гомдох байх даа. Манайхаар бол эмээ өвөөгийн насны. Харин энд чинь наслалт урт болохоор хэдийгээр тэтгэвэрт гарчихсан ч гэсэн эмээ өвөө гэж дуудахад арай эртдээд байдаг юм л даа.

Монгол хэл мэдэхгүйгээр нь далимдуулж зарим нэг дургүй хүргэсэн хүмүүсийг эмээ өвөө чинь гэчихнэ ээ, болоогүй. Хи хи. Миний дургүй хүрнэ гэж юу байхав дээ. За яахав та нар тэгж л бай, үзүүлээд өгнө өө та нарт гэж хурцлагддаг юм, тэдгээр хүмүүсийн ачаар.

Ингээд л хазайх гээд байдаг юм шүү.

Хөршхөн минь байсгээд л хонх дарна аа. Жоохон жоохон юм барьчихсан л
-Өөрөө хийсэн юм аа, дуртай эсэхийг чинь мэдэхгүй байна л даа, гэхдээ л биед сайн. Идээд үз.

Хоёр гардаж тосож аваад, зургийг хөргийг нь авахаа мартахгүй. Заримдаа мартчихна, заримдаа зулзагууд зураг дарахаас өмнө идчихнэ.

Ингэж блогтоо гайхуулж байгаа мэт бичээд байгаа минь гайхуулж байгаа хэрэг огтоос байхгүй шүү. Олон жилийн дараа уншихад дурсамж сэргээд сайхан байдаг болохоор л ингэж үзэглэдэг байхгүй юу. Ооё, үзэглэдэг энэ тэр гэчихжээ. Үзэг бариагүй маш олон жил болж байж уу? хэ хэ. Балыг бол өдөр бүр барьж байгаа л даа.

Багадаа гар нил чернель явдаг байлаа тийм ээ. Паранпушк гэж нэг сайхан амьтан байлаа. Санаж байна уу? Одооны зарим нэг хүүхдүүд мэдэхгүй л дээ. Хань ижилтэйгээ хааяа энэ тухай ярихаар мэдээж зулзагуудын нүд асуултын тэмдэг болдог юм.

Хөршийн тухай яриа дурсамж яриагаар солигдоод эхэллээ.

Элдэв ногоо, мах зэрэгтэйгаа хамт агшаасан будаа. Шар савтай нь дотроо жимстэй будаагаар хийсэн амттан. Цагаан нь гүзээлзгэнтэй. Хар нь гадил, киви жимстэй. Гүзээлзгэнэтэй нь хоёр байсан чинь бага зулзага хүүе гэхийн зуургүй идсэн бөлгөө.

Бөөрөнхий савтай хар зүйл болохоор надад зориулж хийсэн гэсэн. Би энэ шошны төрлийн нялуун амтанд нь жаахан дургүй юм л даа. Тэгсэн энэ хар шош чинь биед асар сайн гэж байна шд. Нас ахиад ирэхээр тархинын үйл ажиллагаанд чухал үүрэгтэй гэнэ ээ.

Дургүй гээд идэхгүй байх биш, хүний газар биеэ бодоод бага багаар амсаад, дас гэж хөршхөн минь айлдсан. Толгой дохиод л сонсов.

Харин амтыг нь наддаа тааруулсан юм уу? Чихэрлэг амт нь харьцангуй гайгүй санагдаад идэж болмоор юм билээ.

Эд нар хоолондоо элсэн чихэр хийгээд байдагт асар дургүй гэж. Манайх гэдэг айл цагаан элсэн чихэр хэрэглэдэггүй болохоор. Нэг худалдаад авчихбал хэдэн жил ч хадгалж мэдэхээр юм билээ, хэрэглэлгүй.

Гэснээс том зулага өдрийн хоол бэнтогоо авч явахдаа өндөг шарж авч явдаг юм. Тэрэндээ бор элсэн чихэр бага зэргийг хийж харагддаг. Хань ижил бас хийнэ. Би тийм өндөг шарж чадахгүй болохоор амар. Ха ха.

Ээж нар заримдаа чадахгүй зүйлтэй байх хэрэгтэй шүү. Тэгвэл хажуу дахь хүмүүс чинь сураад сураад явчихна. Ээж таны ажил нэгээр багасна. Туршлагатай ээжийн хувьд зөвлөв. Хи хи.

За за хөршийн тухай бичлэг элдэв зүйлээр л баялаг болов. Түр баяртай...

Friday, April 20, 2018

Нээлттэй хичээл

За уламжлалт бичлэг шүү. Мэддэг нэг нь алгасаарай.

Бага зулзагын сургууль үдээс хойш нээлттэй хичээл  хийв. Ажлаасаа чөлөө аваад л жирийлгэлээ.

Иймэрхүү зүйлд чөлөө авахад хаа очиж ажлынхан минь их сайхнаар хүлээж авна аа.
-Үдийн цайгаа уух цаг завтай юм уу? Санаа зоволтгүй эртхэн гараад яваарай.
-За, баярлалаа.

Ингэж хэлэх тусам нь санаа зовно оо. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор иймэрхүү арга хэмжээ их болно. Ирэх сард том зулзагынх бас байгаа. Дөхүүлж байгаад чөлөөгөө авна даа. Наана нь хань ижлийгээ чи яв гэж жаахан айлгана аа. Хэ хэ.

Үгүй ээ ингэж айлгаж болохгүй юм байна. Би өөрөө ирэх сарын сүүлээр бас хэд хоног гэрийн бараа харахгүй. Яг тэр үеэр бага зулзагын тамирын өдөрлөг болох юм билээ. Өнөөдөр бага сургуулийн жилийн хөтөлбөрийг харсан чинь миний явах өдөр судартай давхцсан байх юм. Гэхдээ миний ажил түрүүлж яригдаад шийдсэн гээд л гүрийнэ дээ. Сураагүй юм биш. Хэ хэ.

Хаа очиж гэрийнхэн минь яваад ир л гэдэг юм. Бага зулзага л хааяа
-Та битгий яваа, та гэртээ ирж хонодоггүй ажил хийж яах юм бэ?

Ингэж хэлэхээр нь нулимс цийлэгнээд, өр өвдөнө өө гэж...

Юу ярьж байлаа? Аан тийм нээлттэй хичээл. Ерөнхийдөө болдог зүйл болдгоороо л болж өндөрлөлөө. Нэг онцгой зүйл болсон нь би сугалаагаар РТА гээч эцэг эхийн зөвлөлийн ажилтны заменаар тодроодохлоо.

Энэ нь яадаг вэ гэхээр, сонгогдсон ээж аав нарын төлөөлөл гэнэтийн бөгөөд хүндэтгэх шалтгаан, нэг бол нүүж суугаад явсан тохиолдолд заменаар тодорсон гурван хүнээс нэг нь албан үүргийг нь үргэлжлүүлнэ гэсэн үг.

Яана даа гэж бодоод л сууж байна. Бүгд л байр байрандаа байж байгаасаа гэж залбирахаас даа явж бурхандаа... Хи хи

Орой эрт 9 гэхэд унтаад, өглөө эрт босоод, өглөөний цайгаа уух гэдэг гурван зүйлийг бас  л улиг болтол ярьж байна, сонсож байна. Хэрэгжүүлэхгүй л байгаа болохоос. Хичээлтэй өдрүүдэд бол яаж ийгээд 9:30 гэхэд ихэнхдээ 10 цаг гэхэд орондоо ордог юм.

Амралтын өдөр 11 цаг хүргэчихээд байх юм. Унт гэж үглээд л байдаг юм уг  нь. Багш нар бол уйгагүй л хэлж ярих юм хөөрхийс. Ардын хүүхдийн төлөө ингэж их зүтгэчихээд муу нэртэй гэж юүхэв. Тийм ээ.

Төгсгөлд нь өнөөдрөөс эхлэн тулж ажиллана аа, бага зулзагатайгаа. Том нь яахав, нэг юм өөрийгөө болгоод хичээлээ хийгээд байх шиг байна.

Үр зулзагатай бүх уншигчдадаа амжилт хүсье ээ.

Thursday, April 19, 2018

Уншаад эхэлчихсэн

Монгол номнуудаасаа уншаад эхэлчихсэн.

Харин япон номнуудыг болохоор ажлын газраас зээлсэн хүмүүс буцааж өгөхөд нь эргүүлж харчихаад, заримыг нь зээлж авна, заримыг нь дугаарыг нь тэмдэглэж аваад дараа уншихаар төлөвлөнө. Даанч амжихгүй их удаан явна.

За энэ номын зохиогч өөрийн явсан орнуудынхаа тухай, ажиллаж ирсэн улс орныхоо тухай бичсэн. Ингэхдээ зүгээр нэг аялсан орныхоо тухай биш. Аль л болохгүй байгаа, бүтэхгүй байгаа гэсэн улс руу явсан байх юм.

Тэндээ дайны хөлд үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд, хүүхдэд, ээжүүдэд голцуу тусладаг сайн дурын арга хэмжээнд оролцдог байсан байна.

Rwanda улсад ажилласан тухайгаа, тэнд танилцсан хүмүүсийн тухай, дайны хор уршгийн тухай, алсан талсан тал нь ч, алуулсан талуулсан тал нь сэтгэл санааны асар их хохирол амсдаг тухай бичжээ.

Тэр ч мэдээж.

Номын сүүлийн хэсэгт нэгэн залуутай хийсэн ярилцлага байна. Тэр залуугийн хэлснээр бол гэр бүлээ, эцэг эхээ, дотны нөхдөө гээд хүмүүсээ нүднийхээ өмнө алуулсан ч гэсэн уучлах ёстой гэнэ. Тэгэхгүй бол энэ алаан хядаан, зөрчилдөөн, мөргөлдөөн тасрахгүй.

Бодоод байсан тийм юм байна аа. Уучлаад уучлаад явчих хэрэгтэй юм аа. Хэлэхэд бол амархан  л байна л даа. Өөрийгөө тэдгээр хүмүүсийн оронд тавьж үзэхээр бас яах байсан бол гэж бодогдоно.

Ингээд л уншсан номынхоо дүрд өөрийгөө орлуулж тоглочих гээд байдаг болохоороо л хайр дурлалтай номонд, кинонд дурладаг юм шд.

Улиг болтол бичиж байгаа ч Монголд төрсөн минь дээдийн заяа...

Tuesday, April 17, 2018

Ашиглаач ээ

Аав аа намайг ашиглаач ээ гэдэг шиг л номын санг ашиглаач ээ гэдэг уриатай шд, манай гэр.

Үүнийгээ бусад хүмүүст их тулгана аа. Хүлээж авах нь ч бий, огт тоохгүй нь ч бий.

Сүүлийн үед ингэж үглэхээ багасгаж байгаа. Өөрсдөө л сайн ашиглах минь. Саяын хаврын амралтаар 50 ном зээлж уншив. Ихэнх нь зулзагынх. Ээж 2 л ном уншив. Хэ хэ.

Бага зулзага зузаан ном уншдаг болов. Том зулзага сонгодог уншдаг болов. Ээж л харин бахь байдгаараа л. Сайжралыг олоогүй л байна. Гэхдээ яахав гэлдэрч л явна.

Жаран цагаан хонио хараахан дуусгаагүй байгаа. Хажуугаар нь  бас нэг япон ном бариад авсан.

Нүүр номын элдэв тэмдэглэлийг уншаад, захих ном олдоод байна. Та нарын зүгээс санал болгох ном байвал хэлээрэй. Тэрнээс өмнө бусад номоо дуусгана аа.
Ээжийн уншсан зурагт ном нэг. Чиний бодлоор энхтайван гэж юу вэ гэдэг ном. Мунхаг миний бодлоор дайн дажингүй, эрүүл энх, элэг бүтэн байвал л болох нь тэр дөө. Нэг их олон зүйл хүсээд байхын хэрэггүй ч юм шиг. Эсрэгээ их олон зүйлийг мөрөөдөөд, өөрийгөө болон хорвоог бүхэлд нь өөрчлөөд явчихмаар...
Ээжийн уншсан зурагт ном 2. Дэлхийн нийтэд анхаарлаа хандуулцгаая гэдэг ном. Бага насны хүүхдэд уншуулахад асар хэрэгтэй гэж зөвлөе. 10 орны хүүхдийн ахуй амьдралыг харьцуулсан.
Бага зулзагын нэг удаадаа зээлдэг номын тоо ерөнхийдөө нэг иймэрхүү. 2 уут болдог юм. Ажил номын сантай ойртсоныг хэлэх үү, би өдөрт хоёр ч удаа түүгээр дайраад гарч байгааг ч хэлэх үү, ачаатай тэмээ шиг л явдаг болсон. Номыг нь зөөж. Удахгүй гарын булчин шөрмөс хачин гого болох байхаа. Ерөөл бат оршиг...

Ахлах сургуульд орохоос өмнө даалгавар өгчихдөг юм байна лээ. Хичээл тус бүр дээр. Тэрнийх нь улсын хэл буюу япон хэлний хичээлийн даалгавар нь ном унших. Том зулзага номын сангаас нэг ном худалдаж аваад уншаад эхэлчихэж. Ээж түүнийг нь хэзээ нэгэн цагт уншихаар төлөвлөв.

Зулзагуудаа хараад байхад дүү нь яг л эгчийнхээ замналаар явж байна. Уншиж байгаа ном нь эгч нь багадаа уншиж байсан шиг агуулга бүхий ном. Эгч нь түүнийг харчихаад, нээрээ би уншдаг байсан шд гэж ирээд л хоёулаа яриа нийлэх.

Ээж түүнээс ганц нэгийг нь уншчихмаар санагдавч сачий хүрэхгүй л гүйх.

Энэ мэтчилэн номон дунд эргэлдээд л, номоо хураагаач ээ, дээш нь тавиачээ гэж үглээд л явж байх жишээтэй.

Гэснээс шавьтайгаа энэ хичээлийн жил ч бас хичээллэхээр болсон. Энэ жил бичгийн чадварт нь анхаарна. Сурах бичгээ олж сонгоно том ажилтай яваа юм байна шүү. Өөртөө болон шавьдаа амжилт. Мөн уншигч олондоо амжилт...

Monday, April 16, 2018

Үдэлт ба угталт

2 дугаар дарга өөрчлөгдөв. Шинээр дарга ирэв.

Тэр хоёрыг хамтатгаж үдэлтийн паарти, угталтын паарти хийв.

Хоолны тоо их цөөхөн санагдсан. Амттан гараагүйд жаахан сэтгэлээр унасан ч гуалиг болоход минь хэрэгтэй гэж өөрийгөө тайтгаруулав. Хэ хэ.

Харин уух зүйл ихтэй байлаа. Сурсанаараа улаан дарсаа хэдийг ч захиалаад уучихав? Бас болоогүй ээ чавганы дарс нэгийг, нэг шинэ соргог ундаа нэгийг уув. Нэрийг нь гостуу гар мартчихаж ээ, соори.
Гого салат. Амттай байлаа.
Нэрийг нь үл мэдэх коктейл. Дажгүй л амттай санагдсан. Гэхдээ л улаан дарсыг минь гүйцэх ундаа одоогоор алга аа. Хааяа гэртээ ам цангав гэж ирээд л уудаг болсон. Ха ха. 

Архичин бишээ, виночин болж байгаа шд. Зарим нэг хүмүүс гайхаж байгаа байх даа, үүнийг уншаад. Хи хи. 

Сардаа л нэг ингэж уух завшаан тохиодог юм шдээ. Нэг бол хэдэн сардаа. Худлаа яриад л гэж ганц нэг хүн шоолоод сууж байгаа болов уу? Ккк. 

Юун олон юм боддогийн, нэг л юм бодооч...

Sunday, April 15, 2018

Хичээлийн нээлт

Том зулзагын хичээлийн нээлт болов. Бага болон дунд сургуулиас нэг их ялгаа байхгүй ч тарсны дараагаар сургуулийн гадаа элдэв дугуйлан секцийнхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлан, хөгжимдөх нь хөгжимдөөд, бүжиглэх нь бүжиглээд, дуулах нь дуулаад хөл хөдөлгөөн ихтэй юм билээ.

Том зулзага үлээвэрт орохгүй гэсэн. Хичээлийн хажуугаар тийм зав байхгүй л гэсэн. Гэхдээ огт дугуйлан секцэнд явахгүй бол 3 жил жаахан уйтгартай юм даа гээд чавхдаст хөгжмийн дугуйланд орохоор болж байх шиг байна. Хань ижил бид хоёр хийл хөгжим гого юм даа гээд л, зулзага болохоор морин хийл гэсэн. Энэ хүүхдүүдийн сонирхол гэж заавал ээж ааваасаа зөрөх юм аа нээрээ. Гайхал төрөөд л явж байна. Хэ хэ.

Ажлын өдөр болдог тул ээжүүд нь ихэвчлэн ирсэн харагдана лээ. Ээж аав хоёулаа ирсэн нь ч байсан. Би бол иймэрхүү үед ажлаасаа чөлөө авч чадаж л байвал аль болох цугтаа л явах сонирхолтой гэж...

Харин бага насны хүүхэд харагдаагүй, дүүгээ тэр бүр дагуулж очдоггүй юм билээ. Учир нь жаахан хүүхдийн анхаарал төвлөрөлт богино, удаан хугацаагаар хүүхдийн хөдөлгөөнийг хорих нь бас тийм ч сайн бус, хамгийн том шалтгаан нь албан ёсны үйл ажиллагаанд уйлж дуулаад, өрөмний өт шиг зүгээр суухгүй болохоор хэцүү гэж үздэг шиг санагдсан.

Бага зулзага уг нь эрт тарж ирсэн байсан ч үдээс хойш болсон нээлтийн ажиллагаанд яваагүй. Өөрөө ч явахгүй ээ, гэртээ хүүхэлдэйгээ үзээд сууж байх минь гэсэн. Хүйтэн ч өдөр байлаа, яваагүй нь ч оносон.
Харин тарж ирээд баяраа тэмлэглэж нэр иймэрхүү.
Манай гурав яг адилхан иймийг захиалж идсэн. Гүзээлгэнэд дуртайн шинж. Би манго жимсэнд дуртай шд нээрээ. Гүзээлзгэнэд бас дуртай л даа. 

Яаж ийгээд л нэг тэмдэглэлт өдөр олж ирээд идэж уугаад сууна даа гэж. Энэ хагас, бүтэнд бас л идэж уух ажилтай. Биеийн жин гэдэг л хэцүүдэж гүйцлээ. 

За за эмзэг сэдэв рүүгээ орох нь ингээд өндөрлөе. Бүгдэд нь амжилт хүсье. 

Thursday, April 12, 2018

Том хүүхдийн хэрэгцээ

Хүүхэд томрохоор хэрэгцээ нь ч томроно.

Цүнх, оймс, номын хавтас, ганц нэг бичгийн хэрэгсэл худалдаж авав.

Бага, дунд, ахлах, их сургүүльдаа тэнцээд элсэн ороход нь эргэн тойрных нь бэлэг өгдөг юм байна. Ингэхдээ ихэвчлэн ном худалдаж авах эрхийн каарт, дугтуйтай мөнгө өгнө. Хүүхэд түүгээрээ өөрийн дуртай зүйлээ худадаж авна.

Том зулзага дээр дурдсан зүйлсээ өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Ээж жаахан зайтай байдаг дэлгүүр дагуулж явах л үүрэгтэй. Хэ хэ.

Болоогүй ээ, хажуугаар нь бас үглээстэй.
-Яг хэрэгцээтэй эд мөн үү? , байгаа биз дээ? гэж үе үе сануулна.

Тэрний хүчинд том зулзага яг л хэрэгтэй гэсэн зүйлсээ авсан, цаана нь мөнгө үлдсэн гээд баяртай байна лээ. Хэ хэ.

Ядаж байхад ээжийгээ дуурайсан бичгийн хэрэгсэлд дуртай юм аа золиг чинь. Гого харандаа, бал гээд л ёсөн жорын юм харахаараа шунал нь хөдөлчих юм. Хэ хэ.

Намайг багад бичгийн хэрэгсэл ч тоотой байлаа шд. Гэтэл одоо яаж байна, түм бумаараа...

Тэр болгонд шунал нь хөдлөх юм. Би тэдгээрийг харахаараа хүүхэд насандаа эргэж очмоор санагддаг шд.

Шуналтаад авчихсан зарим нэг зүйлсээ хэрэглэж амжихгүй болохоороо охиддоо өгнө, ганц нэг наадаг цааснаасаа ээждээ явуулна.

Бага сургуульд бол ерөнхийдөө бичгийн хэрэгслийг заачихсан байдаг тул их амар. Элдэв зүйлсэд шунахгүй.

Монголд удахгүй хичээл амрах гэж байхад энд ид эхэлж байдаг, монгол хүүхдүүд та нар азтай шүү, бүхэл бүтэн гурван сар амардаг.

Том зулзага ямар дугуйланд орох вэ, зуны цагаар бага шиг хичээллэдэг юманд орчих юмсан гэчихсэн явж байна лээ.

Бага зулзага, шинэ багш, шинэ найзууд дундаа эргэлдээд, гадаа дулаарч буйг хэлэх үү, гадаа тоглосон хүн л байна.

Бүгдэд нь амжилт...

Tuesday, April 10, 2018

Давуу ба сул тал

Ажлын газар нүүснээр хэд хэдэн давуу тал байгаа. Олзуурхууштай.

1-рт ойрхон банкны салбартай. 10 минут алхаад л төв шуудантай. 5 минут алхаад л хотын захиргаа. Мөн тав алхаад л галт тэрэгний буудалтай. Би хааяа эндээс билет авах шаардлага гардаг тул ойртоод амар болсон. Элдэв ажил хөөцөлдөхөд тун амар болсон шүү.

Өнөөдөр л гэхэд төв шуудан орж төлбөр тооцоо хийчихээд ирсэн.

Хотын захиргааны байрны 2 давхарт хотын номын сан байдаг. Явуулын номын сан буюу автобус ирдэг дээ, тэрний төв нь. Заавал тэр автобусыг хүлээлгүйгээр ном зээлж авдаг болсон. Машиныхаа зогсоол руу ирж очиж байна гээд өдөрт заавал түүгээр хоёр ч удаа дайрдаг болсоных зүгээр байхгүй цүнх дүүрэн номыг бага зулзагатаа зээлж харьдаг болсон.

Гуалиг болох үйл ажиллагаанд минь бага ч атугай нэмэр болох болтугай. Хи хи.

Энд тэндгүй жижиг худалдаа үйлчилгээний газартай. Мөнгө нь л байвал халаасыг минь тэмтэрч өгөхөөр. 10 минут алхаад л хүнсний дэлгүүртэй. Хааяадаа хүнсээ цуглуулчихаад байгаа. Даавуун тор барьчихаад л гүйгээд байна шүү дээ. Ажил хийх гэж ирсэн үү? Хүнс цуглуулах гэж ирсэн үү? Бүү мэд заримдаа ч. Ккк

Сул тал нь гэхээр машины зогсоол жаахан хол. Заавал карт энэ тэр уншуулж байж орж гарна. Тэгэхээр өдрийн цагаар залхуураад машин луугаа явахгүй, ойр хавиар эргэлдээд л, алхаад л байж байна.

Мөн урдныхаасаа талбайн хувьд асар багассан тул орж гарахад үнэн төвөгтэй, гэдэс мэдсээ татаж байж юмны хажуугаар өнгөрөх жишээний. Миний пс-г хэн нэг нь тээр дээд тавцан дээр тавьж энэ тэр. Хагас бүтэн сайнд нь өөр хүн суудаг болохоор. Бас өмчилчихөж болохгүй. Дээр байгаа дэлгэц рүү өнгийж харах гэж хүзүү чилээстэй, нүд гялбаастай. Босоогоороо ажлаа хийх юм уу хаашаа юм? Би ч гандан буурахгүй өглөө ажилдаа ирэхдээ доош нь буулгачихаад л байгаа л даа. Намайг явсны дараагаар хэн нэг нь буцаачихаад байгаа. Хэн гэдгийг нь мэдээд л байгаа.

Хоёрын хооронд тун удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа хүнтэй муудаад яахав гээд асар уужим дотор гаргаад л явж байна. Миний таамгаар тун л удахгүй тэтгэвэртээ суух ёстой. Аавтай минь чацуу юм билээ, тэгэхээр ээж шигээ хүнтэй эвтэй найртай байж байгаад л явуулчих санаатай.

Жаахан ааштайгаараа манай ажилд нэртэй л дээ. Иймэрхүү ааштай хүн байж байж л ажил бас урагштай явдаг тийм ээ. Энэ хүний хүчээр би чинь ажлын цагаар нүүр номоо шагайхгүй байгаа шүү дээ. Хэ хэ.

Давчуу тул урд нь талаар нэг тарж байсан бичгийн хэрэгсэл, цаас гэх мэт элдэв зүйлсээ Конмари-дах шаардлага гарч байгаа. Гэрээ тэгж Конмари-даж амжихгүй яваа би ажлынхаа өөрт оногдсон умгар зайгаа яаж ийгээд эвтэйхэн болгочих гээд л үзэж тарж байна.

Хэрэгтэй хэрэггүй олон зүйлсээ ажлынхаа ганц нэг хүмүүст өгчихсөн. Ха ха. Тэд яаж ашиглана дурын асуудал биз дээ. Хаяна уу, байна уу? Хамаа алга.

Одоо шкафаа нэг янзалчихвал ч. Тэрэн дотор бас их зүйл байна лээ. Тэр чигээр нь хамаад ирсэн болохоор. Дээл, хантааз, оньсон тоглоом, элдэв үг бичсэн цаас гээд л юм юм л харагдана лээ.
Шинэ, "давчуу" газар ирсэн гэж хүмүүс баяр хүргээд. Лол. Гэхдээ цэцэгнүүд нь гоё, сэтгэл баясгаад л. Зураг дарж л хаврын синдромоо гэхүү шинэ газар ирээд дасахгүй байгаа стрессээ гэх үү, тайлж байх шив дээ...

Бүгдэд нь амжилт...

Monday, April 09, 2018

Агаа нарын гарын хоол

Сая бүтэн сайнаар орос агаа нарын гарын хоолыг идэв. Урд орой нь жаахан винодсон би ч шөл уугаад сайхан байлаа.

Энэ орос ах нарын нэг сайхан нь эмэгтэй хүнд хүндлэлтэй харьцах юм өө. Би ч гэртээ байж байж гал тогоогоо гурван харчуулд даатгаад, хөндлөнгөөс хараад л сууж байв. 2 орос ах, нэг монгол ах. Тэр нь хань ижил. Хи хи.
Это вас гэж ирээд л цэцэг гардуулж өглөө. Сэтгэл их хөдөлж байна аа. Тэр бүр цэцэг авдаггүй тул. Ваар байдаггүй ээ, виноны шилэнд хийчихдэг болохоор. Эсвэл жижиг шилэнд . Аминдаа гэрийнхээ тэр бүр хэрэглээд байдаггүй зүйлсийг цөөн байлгах гэж тэр. Цэцгийн ваар авдаг ч юм билүү гэж бодож энэ тэр.
Нэг нь шөлөө хийгээд, нэг энэ чебуреки гэдэг хоолоо дааж аваад л хийсэн.
Шөлний хувьд хэлүүлэлтгүй тийм ээ. Хийх аргыг нь ерөнхийд нь мэдэж авлаа. Дараа өөрөө хийж иднэ ээ. Ижий аавынхаа тарьж ургуулсан хүрэн манжинг ахиухан захиж авчирч байгаад. Энд зардаг л даа, жаахан үнэтэй санагдаад... Бас тэр бүр лангуун дээр харагддаад байдаггүй юм. Азаар энэ удаад лаврын навч, хөлдөөсөн хүрэн манжин жаахан байсан юм. Өөрсдөө бас хүрэн манжингийн амтлагч авчирсан.
Чебуреки. Чимхээгүй л болохоос хуушуур. Гурилаа зуурахдаа тос хийгээд байсан. Тэгээд л сэрээгээр хатгаад хатгаад явчихаж байна лээ. Мөн гурилаа нэг нэгээр нь элдэлгүй, томхон элдэж байгаад аягаар бөөрөнхий хэв оруулж таслаад л болоо. Хэ хэ.
Тосонд хайрсны дараагаар нэг иймэрхүү. Татар хоол гэсэн шүү. Хажуу дахь нь коньяк. 3 харчуул хуваагаад уучихсөөн.
Охидод минь үүнийг. Бас морожин байсан. Манай орос уламжлал, айлд зочлохдоо заавал гэрийн эзэгтэйд цэцэг, гэрийн эзэнд водка, хүүхдүүдэд нь чихэртэй очдог гэж ирээд л бэлгээ өгөөд байсан.

За нэг амралтын өдөр иймэрхүү. Хагас бүтэн алгасалгүй л зочинтой, зочилсон гэх мэтээр өнгөрч байна даа.

Мартах гэж байна, христийнхний улаан өндөгний баяр таараад, дээрх зураг дээр байгаа өндгөө ингэж чимсэн байсан. Шөнө унталгүй л чимсэн гэнэ. Гэм нь арилгахад жаахан төвөгтэй юм билээ. Бас хоорондоо нэг нэг өндөг барьж хагална, хэнийх нь түрүүлж хагарна, тэр нь ялдаг юм гэнэ. Бага зулзагат зугаатай байсан.

Бас нэг зүйл, орос хэл гэж ээрч муураад, ямар ч үггүй болсон байна лээ. Бүр таг шүү. Орос хэл сурах юмсан гэдэг нэг шинэ мөрөөдөл нэмэгдсэн.

Өөртөө амжилт...

Sunday, April 08, 2018

Хичээл эхлэв ээ

Зулзагуудын хичээл эхлэв ээ гэж. Урт удаан хаврын амралт дуусав.

Том зулзага шинэ сургууль, шинэ анги, шинэ багш, шинэ найз нөхөд.

Бага зулзага анги дэвжиж, шинэ найз нөхөд, шинэ багш.

Догдолсон улс л гараад явлаа.

Ингээд дахин нэг жил та бүхэндээ гэхүү, өөртөө гэх үү, блогтоо сургуулийн элдэв арга хэмжээний тухай бичээд явах нь дээ.

Бага сургууль ч яахав ерөнхийдөө ойлгомжтой. Байнгын уншигч нар маань ч мэдэх байх.

Харин ахлах сургуулийн тухай, шинэ соргог зүйл бичих байх гэж найдаад л сууна. Сүүлд уншиж байх нь ээ ч гэсэн. Дурсамж нүдний өмнүүр ундраад л. Сайхан гээч...

Иймэрхүү жижиг сажиг зүйлээ бичээд явахаар, эргэж дурсахад сайхан юм билээ шд. Хэрэв блог бичмээр санагдаад байвал зориглоод бичээрэй гэж зөвлөх байна...

Хичээл эхлэснээр олон давуу тал бас байна аа. Эрт унтаж эрт босцгоох гэж хичээж, хэвийн амьдралдаа орцгоож байна. Амралттай үед нэг сул тал нь орой унтаж өгөхгүй, өглөө сэрж өгөхгүй байх нь олонтаа.

Зун 7 сарын сүүл хүртэл бүгд хичээх үлдлээ дээ. Халууны улирал эхлэнэ гэж бодохоор яаа бас л хөлс асгарах янзтай шүү. Хэ хэ.

Гэснээс энд хичээх гэдэг үгийг их хэрэглэнэ ээ. Чармайх ч юм уу? Өвөр Монголчууд чармайх гэж ярьдаг юм билээ. Би ч хичээх л гэдэг. Тэгэхээр бүгд л хичээцгээе дээ, дор бүрнээ.

Өө тийм, хичээл эхлэхээр энд тэнд хаврын синдром эхэлдэг дээ. Минийх бас бага сагаар илрээд байгаа шүү. Ккк. Хааяа оройдоо нэг хундага улаан вино ууж л синдромоо дарж байна даа. Хо хо.

Saturday, April 07, 2018

Уран бүтээл

Бага зулзагын уран бүтээлээс оруулж ухаалаг утасныхаа зурагнаас цөөлөхөөс. Хэмжээ нь хэт ихдээд, хэцүүдэж байна.

Хийлдэг, шаар шиг байсан бол өдийд дэлбэрэхэд бэлэн байх шиг...

Усан будагтай найзлаад сүрхий байна. Нэг орой ингэж зураад жаазлачихсан. Юун ч бэлэн жааз вэ. Тийм ээ? Ажлын газар нүүхдээ хэрэггүй зүйлсээсээ салахдаа гурван ширхэг жааз өгсөн юм надад. Охидууд чинь уран бүтээлч шүү дээ, чамд хэрэгтэй юм байна гээд, хаяагүй аваад үлдчихсэн байсан.

Цаашаа харж буй ээж.
-Ээж нь юу бодоод зогсож байгаан бол доо?
-Яаж турах вэ? гэж бодож байна.

Гэж авсан. Ха ха. Бараг л мөн дөө. Ээжийн тун ойрын мөрөөдөл, зорилго, амны уншлага юм чинь, арга байжуу?
Энэ даанч жаазанд орсонгүй. Харж зурсан гэсэн.

Хажуугаар нь нэгдүгээр ангийнхаа уран бүтээлийг бүгдийг аваад ирсэн. Гэрээр нэг цаас. Харин тэр цаасыг харж баясаад, хамгийн кайфтай байгаа нь ээж. Учир нь ээж өөрөө ингэж зурж, хийж чадахгүй болохоор.

Удахгүй миний бүтээлийг битий хамаагүй энд тэнд тавиад байгаарай гэж хэлэхээс өмнө ганц нэгийг орууллаа. Хэ хэ.

Friday, April 06, 2018

Эмээд амласан нь

4 сарын 1-нд бас нэгэн амлалтаа амжилттай биелүүлээд ирэв ээ. Аль 1 сард л хэлж байсан юм. Хаа байсан 4 сар гэж бодож байсан чинь, гарчихсан явна. 3 сарын 30-нд эмээ маань утасдаж сануулаагүй бол ч би сакүра модон доор сууж, пийво мийво уусан шиг сакүрадаж байна гэж өөрийгөө төсөөлөөд сууж байсныг яана.

Маш том амлалт гэж байгаа. Хэ хэ.

Хэ хэ. Бууз хуушуур хийх арга хэмжээнд нь гэр бүлээрээ очиж зааж өгнө гэсэн амлалт. 30-д хүн цугласан арга хэмжээ байлаа.

Гэр бүлийг минь дэмждэг нэгэн эмээ байна. Улаан фен манай гэрийн. Хэ хэ. Жил бүр биднийг цуглуулж монгол япон хоол хийж иддэг эмээгийн тухай бичдэг дээ. Тэр эмээ.

За ингээд улсаа сурталчлах соёлын аташше-н үүргээ сайн биелүүллээ, том зулзагатаа бага зэрэг загнууллаа. Яагаад загнуулсан гэхээр

-Ажил тарлаа эртнээс хэлж бариад, тэмдэглэхэд яадаг юм? Ажил давхцуулаад ээж гуай бла бла
-Харин тийм ээ? Ээжийгээ түмэнтээ уучил...
-Та биднийг тэгж загнадаг биз дээ? Энэ удаад боломж гарсан дээр нь таныг нэг загначихая.
-Хэлээд юүхэв ээ? Таг мартсан байна.
-Бид бас таг матрдаг юм шдээ.

Том зулзага нэг багштайгаа хамт тоглолт үзэх ажил нь давхцаад, би цугласан олноос уучлал гуйгаад түрүүлж гарч ирлээ. Хань ижил бага зулзага хоёр аташшегаа хийгээд үлдсэн. Дараа нь сонин сайхан сонссон чинь олоон эмээ хань ижилд минь дурлаад, олоон өвөө бага зулзагат минь дурласан сурагтай. Ха ха.

Хуушуур буузны хувьд мэдээж амттай болсон. Япон хүмүүст тааруулж бага зэрэг ногоо хольдог юм. Энэ удаад хоолны технологич эмээ маань будааны гурил бага зэргийг бэлдсэн байсан. Гурилтай хольж хийсэн, дажгүй л юм билээ. Гэснээс би ойрдоо гурвалжин будааны гурилтай хольж бууз хуушуур, цуйвангаа хийгээд байгаа. Дажгүй.

Гадаадад байдаг бид чинь өөрсдийгөө авч явахаас гадна улсынхаа нэрийг аятайхаан аваад явчих гэж хэрэндээ л их хичээх юм даа. Ганц нэг хүмүүсийг эс тооцвол. Сүүлийн үед энд тэнд монгол хүмүүс их л хэрэг төвөгт орооцолдох болж. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийнх доргино гэж, бид бас сэтгэл санаа сонин болоод явчихдаг юм шд. Та нар минь дор бүрнээ нэрээ бодоорой. Плийз...

2 сард нэлээд ойрхон бас тийм хэрэг гараад. Хэлэх үг олдоогүй ээ. За за гого амлалт бичиж явснаа, юу бичээд унав. Хэ хэ.

Тун удахгүй дахин уулзана гэсэн. Ганц нэг хүн шилжилт хөдөлгөөнөөр буцаад хотдоо ирж байгаа юм. Тэдгээр хүмүүсийг цуглуулаад, манайд хоол хийж идэх юм гэсэн. Хань ижил тэгээд ам гарчихсан байсан шд.

Эсрэг хүйстэндээ үгүй гэж хэлж чадахгүй байна уу даа энэ улсууд. Ха ха. Би Тэмүжин гэх мэт өвөө нартаа үгүй гэж хэлж чаддаггүй шиг. Хи хи.

Манайд ирж байтал зай ч байна гээд явж байтал маргааш очлоо гэх вий дээ, гэр орноо цэвэрлэх минь...

Түр баяртай. Бүгдэд нь хаврын синдромоо яаж ийгээд даваад гараарай гэж хүсье ээ...

Хайлсан нь

Хүний газар, харь японд ингээд өөрийгөө хайлмаг хийнэ гэж төсөөлж байсангүй ээ.

Өнгөрдөг зун монгол явахад найз эгчийн хийж өгсөн хайлмаг ямар амттай байсан гээч. Мөн багадаа иддэг байсан хайлмаг.

Идмээр санагдаад болдоггүй. Хань ижлийг монгол явахад нь зөөхий захиад. Аз таарч ачаа бараагаа шалгуулалгүй ороод ирж. Бөөн баяр.
Анхны ородлого. Тосоо нарийлаад бага шиг хийсэн, дээрээс нь дутуу хайрсан юм шиг байгаа юм. Зураг дээрх шиг аргуудуу болоод.
Хоёр дахь оролдлого. Ээжтэйгээ дүрсээ харан ярьж байгаад хайллаа шд.
-Танай наадах гурил чинь сонин юм байан, тог нь зөөлөн юм байна.
-Магадгүй ээ, галаа жаахан нэмчихье.

Гэж ярилцаад хайллаа. Жинхэнэ хайлмаг боллоо. Шар тос нь хөвөөд. Бага шиг шар тос гаргаад авсан гэж байгаа. Мундаг байгаа биз дээ? Хэ хэ

Дараа дахин зөөхий захина даа гэж бодоод л сууна. Хааяадаа ингэж монгол амтаа мэдэрч хорхойгоо дарах юм даа гэж.

Хоёр зулзага идсэнгүй ээ. Загнаж байж жаахныг амсууллаа. Яваандаа дуртай болох байгаа.

Гэхдээ энэ нь надад завшаантай байлаа. Дээд урууландаа ч хүргэмгүй, дэргэдэх хүндээ ч амсууламгүй ийм амтыг олуулаа идэхээр надад бага л оногдоно биз дээ? Ха ха. Муухай байна уу? Өө яадаг юм, хааяа жаахан өөдгүй зан гаргачихад. Ккк

Хань ижил аргагүй хөдөө гадаа өссөн юм болохоороо дуртай нь аргагүй идсөөн. Хи хи.

За ижий аав, найз нөхөд та нар минь надад зөөхий явуулна гэдэг том ажилтай боллоо доо. Амжилт...

Thursday, April 05, 2018

Сакүрадалт

Энэ жил суугуул нутгийн сакүрадалт цаг агаар аятайхан, хөл хөдөлгөөн ихтэй өрнөж байна.

Бид ч санаандгүй шөнийн сакүра үзэж нүдээ баясгав. Маргааш нь бага зулзатайгаа өдрийн сакүра үзэж, баясав.

Нүүр номоор таньдаг хүмүүс бүгд л сакүрадаж байгаагаа оруулсан байна лээ. Би яаж дутахав.
Суугуул нутгаа дээрээс нь харж байна. Бүр дээрээс харах боломжтой л даа. Хийморийн овооныхоо бүр дээрээс нь.Энэ бол сакүра цэцэг бүхий хормойн хэсэг нь. 

Хань ижил цагаан сарын шинийн нэгэнд гардаг уул. Хийморийн овоо гээд нэрлэчихсэн гэж байгаа түүнийгээ. Хэ хэ. 
Хүмүүс олноороо цугласан байна лээ. Энэ зураг дээрх шиг модон дороо тухлан сууж байгаад л хөгжилдөцгөөнө. Бид энэ жил ингэж сууж чадсангүй ээ. Уг нь цаг агаар аятайхан байсан юмсан. Төрд хэрэгтэй зайран чинь бас нэг эмээд ам алдчихсан байсныгаа мартаад, сакүрадна гээд байсан чинь талаар болсон. 

Юу гэж амласнаа, амлалтаа нэр төртэйгөөр биелүүлснээ дараагийн бичлэгт.
Шөнийн сакүра үзэхээр бол зургийн аппарат сайтай байх хэрэгтэй юм билээ шүү. Бас ухаалаг утсаа маш сайн ажиллуулж мэддэг байх хэрэгтэй шүү. Хэ хэ. Би иймэрхүү зүйлдээ муу тул нэг иймэрхүү л зураг дарав шд. 

За ингээд жил бүрийн уламжлалт бичлэг өндөрлөв. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай...