Эртээд бүр богино ханцуйтай хүн явж харагдсан. Би тэхэд хавар намрынхаа курткатайгаа л явж байх жишээний. Тайлаад хаячих гэхээр энд тэндээс товойгоод...
За тэр ч яахав. Саяын хагас сайнд хоёр зулзагатайгаа ээлжит зугаалгаа хийв. Морин тойруулгын газар. Хүүхдүүдэд голчлон үйлчилдэг. Мөн аутизмтай хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гээд бас их очдог юм. Мэдээж энгийн хүмүүс ч, хүүхдүүд ч очно.
Эндхийн ажилтнууд, тухайн үеийн сурагчид нийлсэн 20-иод хүн монгол явсан юм. Олон жилийн өмнө өө. Хань ижил цугтаа хэд хоног хөгжилдөж явсных, бид хааяа очиж зузлагуудаа үнэгүй морь унуулдаг юм. Гэхдээ би нэрэлхээд гуйж чаддаггүй л дээ. Хэ хэ.
Зөвхөн нэгээхэн хэсэг талбай нь. Доод талд нь бас нэг ийм хэмжээний талбай, хажууханд нь багахан хэмжээний бас нэг талбай бий.
Энэ удаад морь унах гэж очоогүй л дээ. Орон нутгийн элдэв жижиг хувийн аж ахуй эрхлэгчид цуглаж үйл ажиллагаагаа сурталчлах арга хэмжээ байлаа. Бид тэнд өдрийн хоолоо худалдаж авч идэв.
Хээрийн хоол амттай гэдэг зураг. Би бүхэл үрийн гурилаар хийсэн талх авч идсэн.
Ихэнх цугласан хүмүүс байгальд орчинд ээлтэй, эко, био амьдралаар амьдрахыг хичээдэг, элдэв химийн гаралтай зүйлсээс татгалздаг хүмүүсийн цуглаан гэж хэлж болохоор.
Элдэв химийн бордоо энэ тэр хэрэглээгүй ногоо цагаа, бүхэл үрийн гурил энээ тэрээгээр хийсэн хүнс голцуу байсан. Тэр ч утгаараа ялимгүй үнэтэй талдаа.
Моринд өвс өгсөн шиг, таньдаг хүмүүстэйгээ таарч ярьж хөөрсөн шиг сайхан байлаа. Ажлын газрын нэг хүүхэн, нэг солонгос дадлагажигч хамт явсан. Аяа бас л халах янзтай. Хар халууны улирал эхлэх гээд л дуншаад байна. Тэрнээс өмнө борооны улирал гэж айхтар зүйлийг давж гарахгүй бол горьгүй. Тухайн жилээсээ болоод сар гаран тувт бороо шаагидаг жил ч байна.
Угаасан хувцас хатахгүй, орж гарахад нороостой гээд л . Мөн хааяадаа уртын харайлт харайна аа яаж зүгээр байхав. Хэ хэ. Гэхдээ монголынх шиг биш л дээ. Нүүр номоор яваад байсан даа. Монголчууд бид чинь үнэн спортлог гээд л. Уртын харайлт, сэлэлт, өөр юу юу байлаа даа. Үнэн шог тэ, иймэрхүү зүйлийг голыг нь олоод шоглоод биччихдэг хүмүүст хэлэхэд "та нар мандтугай" хи хи.
Нэг ийм тахиа байсан. Хот газрын хүүхдүүд чинь амьд амьтны бараа харах нь ховор шд. Бага зулзага өхөөрдөөд л байсан. Багадаа зуслан дээр дэгдээхэй? тэжээдэг баатар болоод л шил мил нунтаглаж өгч байсан санаанд оров. Гэхдээ би тэр шар дэгдээхэйнд дургүй байсөөн. Барихаар л цулцаганаад, дотор эрхтнүүд нь ийш тийшээ гүйгээд байгаа нь мэдрэгдээд, эвгүй гэж юүхэв...
Төгсгөлд нь морины шоу үзсэн. Нэгэн царайлгаа залуу байдаг юм. Тэр моринуудаа хөөрхөн сургачихсан байгаа юм аа. Ухраад, алхаад, шогшоод гээд л,баярлалаа гэж бөхийлгөөд л. Хүүхдүүдийг бол хөөрхөн баясгачихаж байгаа юм.
Орой нь аавдаа сонин болгоод л ярьсан чинь
-Миний охин морь унасан уу?
-Үгүй ээ, тийм зав байгаагүй ээ.
-Яадаг золигнууд вэ? Миний охинд морь унуулаагүй. Дараа аавтайгаа явж морь унана аа за.
-За, та яг амласан шүү...
Амралтаа сайхан өнгөрөөгөөд, шинэ долоо хоногоо эрч хүчтэй угтаарай. Амжилт шүү...
No comments:
Post a Comment