Tuesday, September 29, 2015

Хувь заяа 2

Өмнөх бичлэгийн үргэлжлэл шүү.

Ритаг 10 настай байхад нь тосгон нь дайнд өртөнө. Нүднийх нь өмнө ээж аав, ах нар нь алагдана. Айснаасаа болоод уйлж ч чадахгүй байгаа хүүхдүүдийг үймээн дэгдээгч цэргүүд дагуулан явна.Тэгээд томчуудтай холилдон дайтахыг тушаана. Сүүлийн үеийн хөнгөн буунууд хүүхэд, охин хүүхэд ч бариад буудахад түүртэхээргүй болчихсныг ч хэлэх үү? Рита ч өөрийнхөө тосгонтой адил тосгодыг дайрсан. Хэрэв тушаалыг дагахгүй бол өөрөө алуулна. Охин хүүхэд дайтахаас гадна цэргүүдийн хоол ундыг бэлтгэх, хувцас хунарыг нь угаах гэх мэт ажлыг хийна. Мөн цэргүүдийн эхнэрийн үүргийг ч гүйцэтгэнэ. 10хан настай Рита ч энэ хувь заяаг туулна. Хэрэв эсэргүүцэх юм бол л алуулна. Ийм байдалтай байсаар үүндээ бүр дасчихсан. Дотоодын дайн дуусч үймээн дэгдээгчид таран бутрах үед Рита 15 нас хүрсэн байна. Мөн эрэгтэй хүүхдийн ээж болсон байна. Үймээн дэгдээчидтэй хамт байлдаж явсан түүнд эргэн тойрных нь чулуудах харц хөндий хүйтэн. Угтаа Рита ч уг дайны хохирогчдын л нэг юм байгаа шд. Дайн түүнээс гэр бүл, сургуульд сурах боломж, төрсөн нутаг гээд бүгдийг булаасан. Дэгж дэрвэх ёстой хөгжөөнт бага насыг нь хүртэл булаачихсан. Хүүхдийнхээ төлөө ажиллах хүсэл их байгаа ч түүнд мэдлэг, мэргэшил байхгүй. Алуулсан ээж аав, ах нарынхаа тухай, өөрийнх нь алсан тосгодын хүмүүсийн дүр төрх нүдэнд харагдаад одоо ч түүний зүрх сэтгэл дагжин чичирсээр...

Хөхөө өвлийн хүйтэнд талдаа 2 цаг алхан сургуульдаа явах бяцхан охин. Эрүүлдээ эелдэг аав. Харин согтохоороо төрөл арилжиж тэс өөр хүн болж хувирдаг аав. Аавыг нь агсамнах болгонд хүүхдүүдээ хамгаалан зогсох ээж. Ээжийнхээ биед үүссэн шарх, сорви, хөх няц болсон булдруу зэргийг харах болгондоо Мария шанална. Түүний амьдарч буй тосгонд эрчүүд нь хүчтэй. Эмэгтэйчүүд эрчүүдийн үгнээс гарна гэж байхгүй. Эрчүүдийн дарамтыг тэсвэрлэн ядуу зүдүү амьдралтай ч хүүхдүүдээ хайрлан өсгөх эмэгтэйчүүд. Эгч нь, ээж нь, эмээ нь, бас тэдний эмээ нь гээд л бүгд адилхан замыг туулсан. 13 настай Марияг ч адил хувь заяа хүлээж байгаа болов уу? Тийм байх ёсгүй. Охидууд сурч боловсорч, мэдлэгтэй болж, зоригтой болбол гэх бодлыг Мария сургуульд явж байж ойлгосон. Түүнийг сургуульд явахыг нь ганц ээж нь л сэтгэл зүрхээрээ дэмждэг. Тав, арван жилийн дараа... Магадгүй Марияг эмээ болох тэр үед цаг үе, нийгэм арайхийж ямар нэгэн зүйлээр өөрчлөгдөж магадгүй л юм.

Сүрлэг давалгаалах далайгаас сувдны хясаа түүх хүүхдүүд. Гэмтэл авах, живэх хүүхдийн тоо тасрахгүй. Гэхдээ л тэр хясааг зарчихвал өдрийн хоолныхоо хэдэн цаасыг олоод байх тул уг ажлыг хаяж чадахгүй. Ава гэрийнхнийхээ төлөө 12 настайдаа сургуулиасаа гарч уг ажлыг эхэлсэн. Нэг өдөр хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг дэмжих сайн дурын байгууллагын хичээлд сууна. Тэр сургалтаар уншиж бичих, тоо бодох, цаашлаад бизнесийн тухай заалгана. Төгсөөд нэгэн оёдлын газар дадлагажигчаар орно. Франц хэлийг ч шамдан суралцана. Одоо тэрээр өөрийн жижиг бизнес эрхэлдэг. Хажуугаар нь хүүхдэд туслах сайн дурын үйл ажиллагаа явуулна. Боломж нь л байх юм бол охид ч эрэгтэй хүүхдээс дутахгүй тэдэнтэй ав адилхан зүйлийг хийж чадна гэж тэр хэлнэ.

Бичлэгээ уг номын төгсгөлд байсан сайхан үгээр дуусгая.

Эрэгтэй хүүхдэд олгох боловсрол нь нэг л хүнд зориулж буй боловсрол. Харин эмэгтэй хүүхдийн боловсрол бол гэр бүлд нь ч зориулагдсан байдаг. Нэг ёсондоо эмэгтэй хүүхэд боловсрол эзэмшинэ гэдэг цаана их олон хүн аврагдаж байдаг гэсэн үг.
Номын төгсгөлд байсан сайхан үгсээр бичлэгээ төгсгөе.

Monday, September 28, 2015

Хувь заяа гэж

Таван орны таван өөр охидын тухай бичсэн ном.

Хуудасны нэг талд орон орны хөөрхөн охидын зураг.

Нэг талд нь таван охидын тус бүрийн амьдрал хувь заяаны тухай бичигдсэн. Богинохон, товчхон, сэтгэлд хүрсэн.

Бас л их зүрх шимширмээр юм аа. Охид минь нүдэнд харагдаад ийм жаахан амьтдыг яасан хэцүү хувь заяа хүлээж байдаг юм бэ гэж бодогдоод л.

Охидтой болохоор охидын зураг хөрөгтэй, тэдний тухай бичсэн зүйл нүдэнд их өртөх юм аа. Ьэгээд уншчихаад л нэг хэсэгтээ сэтгэл сонин явна. Хэ хэ. Том зулзагатаа уншуулна бас.

Нэг банди төрүүлж банди нарын өвөрмөц ертөнцтэй танилцах юм сан. Ха ха. Гэхдээ нэг бандитай шүү дээ. Тэр нь хань ижил. Ккк

Нэг танил япон бүсгүй хоёр бандитай юм. Гэхдээ өөрийгөө гурван бандитай л гэдэг. Нөхрийгөө том банди маань гэдэг юм. Хэ хэ.

Манишя охин энэ хорвоод мэндэлсэн нь их азтай. Учир нь охин хүүхэд гэж мэдэнгүүтээ оборт хийлгэх тохиолдол их байдаг. Эрэгтэй хүүхэд ирээдүйд гэрээ тэжээх гол ажиллах хүч болдог тул ихэнх эцэг эхүүд эрэгтэй хүүхэдтэй болохыг хүсдэг. 3 настайд нь эрэгтэй дүү нь төрснөөр түүний хоол нь дүү аав хоёрынхоо идсэн хоолны үлдэгдлийг л иддэг болсон. Энэтхэгийн хойд нутагт эмэгтэй хүүхэд тураалаар нас барах тохиолдол их байдаг. 5 настайдаа усанд явах ажил эхлэнэ. Тэр жижигхэн бие, жижигхэн толгой дээрээ хувинтай ус тавиад усанд явах бол эмэгтэй хүүхдийн ажил байдаг. 12 настай тэрээр цүнхээ үүрээд хичээлдээ явах эрэгтэй дүүгээ атаархлын харцаар сургуульд нь үднэ. Учир нь сурах бичиг авах мөнгө байхгүй, дүүгийнх нь сурах бичгийг авахад л дөнгөн данган л хүрнэ. Охины ээж аавын ганц хүсч буй зүйл бол гэрлэлт. Урд нь ерөөсөө уулзаж харж байгаагүй, өөрөөсөө зөндөө ах хүнтэй сууна. Хуримын инжинд өгөх мөнгөгүй тул аль болох бага залуу насанд нь гэрлүүлэх нь чухал. Ээж аавынхаа дэргэд эрхэлж баймаар насан дээрээ хүнтэй суугаад, очсон газартаа гэрийн ажилд нухлагдаад, дээрээс нь боловсорч гүйцээгүй бие нь жирэмслэлт, төрөлт зэргийн ачааллыг даахгүй шүү дээ.

12 настай Самита охин сургуульд явдаггүй. Хүсэл байвч боломж байхгүй. Нэгэн өдөр тосгоныхоо захад цөөн хэдэн малаа маллаад байж байтал нэгэн танихгүй ах ирээд, түүнд эелдгээр уух ус өгнө. Усыг нь уусны дараагаар ухаан нь балартаад унаад өгнө. Нүдээ нээгээд харсан чинь хөрш орон Энэтхэгийн нэгэн том хотод байрлах биеэ үнэлэх газарт байна. Өдөрт хэдэн арван үйлчлүүлэгчтэй байна. Яг л шорон гэсэн үг. Хатуу чанга харгалзагчтай. Зугатаах ямар ч боломжгүй. Охины бүх бие хөндүүр. Алхаж ч чадахгүй үе зөндөө гарна. Харанхуй, бүгчим, жижигхээн өрөөнд түгжигдээд 4 жилийн нүүр үзнэ. Бусад өрөөнд хоригдох охидоос их олон охид амиа алдсан. Нэгэн өдөр цагдаагийн байгууллагатай хамтран сайн дурын байгууллагынхан нэгжлэг хийн орж, насанд хүрээгүй охидыг аварна. Самита охин ч 4 жилийн дараагаар эх нутагтаа харина. Гэхдээ түүнтэй хэн ч ам нээж ярихгүй. Яагаад гэвэл энэтхэгт очоод бузартаад ирсэн янхан. Энэ бол түүнд тосгоныхон нь өгсөн үнэлгээ.

За хоёр охины тухай л бичлээ, энэ удаад...

Sunday, September 27, 2015

Бас л франц

Түрүү жил африкаар амьсгалсан нэг үе байсан даа. Энэ удаад францаар амьсгалах юм шиг байна шүү. Хэ хэ.

Япон хүнтэй суусан франц эмэгтэйн хэвлэн гаргасан ном. Яаж яваад япон хүнтэй суучихав, японд хүүхэд төрүүлж өсгөхөд ямар байдаг тухай. Ерөнхийдөө эндхийн цэцэрлэгийн тухай, бага насны хүүхэд өсгөх тухай бичсэн байна.

Би нь ч багыгаа энд төрүүлж байсан болохоор нээрээ л тэгдэг дээ гэсэн зүйл их байна.

Францад өвдөлтгүй төрөх гэдэг ойлголт хэвийн зүйл байдаг гэнэ. Мөн даатгалаасаа бүх юмаа төлөөд явдаг тул төрөхөд зардал нь япон шиг өндөр биш гэнэ.

Хамгийн сонирхолтой санагдсан зүйлээ бичих үү? хэ хэ.

За би их сонсож байсан л даа, энэ тухай. Юу вэ гэхээр, ор дэрний тухай. Ккк

Японд эмэгтэй хүн ээж болохоороо, нөхрөө тоохоо байдаг тухай. Хүүхдэдээ илүү их цаг гаргаад, нөхрийг гаргуунд нь гаргадаг тухай. Хүүхэд төртөл ор хөнжил нь нэг байсан бол, төрсний дараагаар тусдаа ор дэр, хөнжил гудастай болдог тухай. Энэ шалтгаанаас үүдээд япон эрчүүд эхнэрээ араар тавих асуудал их байдаг тухай.

Тэгсэн яг энэ асуудлыг хөндөөд, тэр бол байж боломгүй зүйл. Яаж ийгээд хоорондоо хайраар дүүрэн, гал халуун секс хийж бай гэсэн байна. Франц төдийгүй европын орнуудад бол нөхрөө тусад нь гаргах биш, эсрэгээрээ төрсөн хүүхдэдээ тусад нь ор, бүр өрөө бэлдэж тусад нь гаргадаг. Хоорондоо гал халуунаар үнсэлцэж бай, тэврэлдэж бай энээ тэрээ гээд л бичиж. Хэ хэ.

Бас энэ япончууд хүүхдээ үнсдэггүйг гайхсан байна. Хэ хэ. Үнэн үнэн. Үнсэхээр гайхаад байдаг юм. Гэртээ бол багыгаа барьж аваад л баруун солгойгүй үнсдэг байхгүй юу. Томыгоо үнсдэг үү? гэж үү? Үнсэнэ ээ үнсэнэ. Гэхдээ хааяа л үнсэнэ. Үнсүүлэхгүй юм. Аав нь эртээд үнсэх гэсэн гайхаад, нүд ам нь орой дээрээ гарах шахаад, аав нь уурлаж харагдсан. Хэ хэ.

Франц чинь хайрын орон тул бас л баруун солгойгүй үнсээд, үнсэлцээд явдаг байхаа тээ. Хэ хэ.

Бас нэг наад захын нэг жишээ хэлэх үү? Энд ирснийхээ дараахан залуухан ч байж дээ, хөтлөлцөж явдаг байлаа. Одоо тэгсэн бараг хөтлөлцөхгүй шүү. Дараа нь энд тэнд таарсан улсууд, хоорондоо янаг халуун юм аа бла бла гээд байдаг байлаа. Сүүлдээ хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг, шивэр авир гээд өөр хоорондоо шивэгнээд байгаа нь ядаргаатай санагдаад хөтлөлцөөд л романтик гээч нь алхахаа багасгасан. Огт хөтлөлцөхгүй бол биш, хааяа сугадалцанаа, хэхэ. Одоо харин багыгаа дундаа хийгээд, хөтлөлцөөд гоё.

Өөр чинь, япончуудын хэрхэн багаасаа нийгэмшдаг тухай бичиж. Миний бичээд байдаг тамирын өдөрлөг байна аа даа? Тэр бол японы хамтын нийгмийн хамгийн анхны хэлбэр гэнэ. Үнэн үнэн. Бүр 4 сартай хүүхдийг хүртэл оролцуулаад байсан юм даг. Хэ хэ. Багыгаа 4 сартайд нь өгч байсан болохоор, сайн санаад байна.

Францад бол хувь хүний эрхийг дээдэлдэг, ингэж олноороо бүлгээрээ олон нийтийн арга хэмжээ зохиох нь ховор, зохиосон ч оролцох эсэх нь тухайн хүний л шийдэх асуудал учраас хэн ч оролцсонгүй барьсангүй гэж гомдоллохгүй.

Бас францад эмэгтэй хүн хүүхэд гаргаад эргээд ажилдаа ороход асуудал бага, бэрхшээл бага байдаг гэнэ. Бүр хүүхэд гаргахаасаа өмнө хашиж байсан албан тушаалдаа очих нь хэвийн үзэгдэл гэнэ.

Тэгтэл японд яаж байна? Хүнтэй суугаад л ажлаасаа гарах нь их. Энэ нь ажил болон гэрээ авч явахаа хослуулаад явахад хэцүү учраас, нэг мөсөн л ажлаасаа хөндийрөх нь элбэг байдаг. Сүүлийн үед өөрчлөгдөж байгаа гэж ярьдаг ч, ээ дээ ховор тохиолдол байх шүү.

Багыгаа 4 сартайд нь цэцэрлэгийн яслийн ангид өгчөөд, ажилдаа ороход зарим нэг хүмүүс зоригтой зүрхтэйг минь гайхаж л байлаа. Ажлынхан маань харин ёстой сайхан хүлээж авсан юмдаг. Зүгээр биз дээ? Янз бүрийн бэрхшээл гарвал санаа зоволтгүй хэлээрэй гээд л...

Нээх сайхан амьдралд ойр зүйл уншаад сайхан байлаа. Багыгаа төрүүлж байсан нүдэнд харагдаад л. Хэ хэ.

За тэгээд япончуудын хүн ам цөөрөөд, төрөлт багасаад байгаад санаа нь зовоод, өөрийн зүгээс бага сага зөвлөгөө өгсөн байсан.

Япон ээж нар гэрийнхээ хамаг ачааллыг өөртөө үүрээд байдаг шиг санагддаг юм. Яг л тэр тухай бичсэн байсан. Хааяа даа, супер ээж байх гэж хичээлгүй, урсгалаар нь, зөнгөөр нь аливаа зүйлийг хийж байх. Яадаг юм хааяа даа, аяга шанагаа угаалгүй л унтана бие, хувцас хунараа яадаг юм овоолж байгаад л нэг мөнсөн угаана биз гээд л амьдралд ойр жишээ авсан байсан. Хэ хэ.

Дараагийн унших ном зохиолчийн нөхрийнх нь хэвлэн гаргасан ном. Манга хэлбэрээр юм билээ. Би манганд нэг их дуртай биш, гэхдээ яахав уншина даа.

Saturday, September 26, 2015

Мөнгөн амралтын ганц нэг зураг

Бүгд л дуртай зүйлсээ хийж амрав.
Том зулзага даалгавараа хийж, хааяахан нэг орж гарч.
Бага зулзага, хань ижил хоёр л нар нь гарч сайхан амарсан. Би нь бас их л өгөөжтэй амарсан. Хоёр ч ном умшиж дуусгасан. Нимгэн ном, жирийн ном хэмжээгээрээ шүү. Хэ хэ
Бага зулзагын зурсан дун хорхой. Хүмүүс өхөөрдөөд л, зураг хөргийг нь аваад байхаар ээж бас зураг дарав.
Том зулзага айлын эгчтэй нийлж хийсэн бялуу? Хулууны амттай, ямар билээ нэг өвсний амттай. Зүсээгүй байгаа хоёр болохоор луувангийх. Ёстой гоё амттай, зөндөө идсэн. Хэ хэ. Дараа гэртээ хийцгээх л юм болсон, том зулзага. Хэзээг хэлж мэдэхгүй.
Өөрсдөө тарьсан цэцгээрээ ширээгээ чимээд л их хөөрхөн. Хүүхнүүд бол хараад их баясах юм билээ. Уулга алдаад л, ямар гоёмсог цэцэгс вэ гээд л.

Жижигхээн гуанзны гадаах цэцэг. Ээждээ үзүүлэх гэж дарсан зураг.

Бас морь унасан юм байна. Европ морь, нээх өндөр. Бага зулзага хамгийн түрүүнд гараа өргөөд л мордсон гэж байгаа.  Нэг тойроход л 500 иен.

Өнөөдөр ажилдаа ирсэн чинь овоорсон их ажил, шууд л сэтгэл санаа хямрав. Хэ хэ. Бүтэн сайнд өнөө нэг монгол далбааны зурагтай номын хавчуургаа тараах арга хэмжээтэй. Өөрөө өөртөө амжилт...

Friday, September 25, 2015

Үдэлт

Мөнгөн амралтын эхний өдөр болсон арга хэмжээ. Оруулах гэсээр байтал удав.

Ирэх жил монголд очиж ажиллах жижигхээн шинэ танилыгаа бидний хэсэг хүмүүс үдэж өгөв. Ирэх 1 сард явах хэдий ч наана нь уулзаж амжихгүй тул, завтай сардаа хийж байгаа нь энэ.

Үдээс өмнө бага зулзагын тамирын өдөрлөгтэй байсан тул хуушуур хийж амжихгүй байх гээд байхад л манай өнөө Сүхбаатар өвөө
-Надад хуушуур л сонин байна. Бууз мууз бол идэхгүй шүү.
Туниж муниж манийгаа айлгаад. Явахаасаа өмнө хэдхэн хуушуур хайраад л явлаа шд. Хэ хэ. Хүүхэд хөгшид гэж нээрээ, хүн айлгасан хүмүүс л байх юм аа. Буузаа бас өглөө эртээ гэгч нь босоод л чимхэж хөлдөөсөн гэж байгаа.
Буузаа жигнэх зуур
Би нь нэхсэн оймсоо бас бус зүйлтэй бэлэглэв. Очоод хэрэг болох байх гэж бодоод л. Жишээ нь нэмэх хэмээс шууд хасах 20, 30 хэмд яваад орчих тул, даарах байх гэж бодон сэтгэлээ шингээн нэхсэн оймс гэж байгаа. Хэ хэ.
Бас монголоос бэлгэнд авчирсан байсан ноолууран бээлий өгөв. 

Гэх мэт.

Мөн хүүхэд залуучуудтай хамтарч ажиллах тул монголынхоо хүүхэд залуучуудыг магтан дуулаад, ийм талаа засчихвал бүр л мундаг болно доо гэж санаж бодож явдаг зүйлсээсээ хэлж, тэдэнд минь японы хүнийхээ хувьд ийм ийм сайн чанараасаа зааж өгөөрэй гэж захив. Жишээ нь цаг барих, хийж буй зүйлдээ үнэнч, ажилдаа хариуцлагатай ханддаг гээд л.

Бас нэгэн мундаг шинэ танилтай болсон. Нисгэгч байсан. Одоо тэтгэвэртээ гарсан. Монголд очих асар их сонирхолтой. Яагаад монголд очих гээд сонирхоод байгааг нь сонссон чинь бас л сонин түүх ярьж өгсөн. Бичмээр санагдвал бичнэ ээ.

Хаалтанд нь шавь гитараа бариад л монгол дуу дуулж өгсөн. Хэ хэ. Бас монгол явах хүүхэнд -Энэ дууг сурчихвал ч алзахгүй дээ. Ер нь л монгол япон нэг нэг дуутай явбал зүгээр. Монголчууд найр наадамд дуртай, дуу хууранд дуртай улс. Дуул гээд л шахах байх шүү.
гээд л сургааль айлдаж байсан. Ха ха.

За тэгээд залуухан, дөнгөж сургуулиа төгссөн шинэ танил минь нэг бодлын хурдан явчих юм сан, бүр сэтгэл хөдлөөд сонин мэдрэмж төрөөд байна гэсэн.

Тал талаас нь монгол ийм шүү, тийм шүү гэсэн улс. Хөөрхий минь нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гарсан нь их байхаа. Очоод л бие сэтгэлээрээ мэдрээд ирэхээр болно доо болно.

Зөндөө их амжилт хүсье. Цуг ажиллах монголчууд нь харин сайхан хүмүүс таараасай...

Thursday, September 24, 2015

Тамирын өдөрлөг 2

Энэ удаагийнх нь бага зулзагынх. Үдээс өмнө л арга хэмжээтэй байсан тул, өглөө эрт босч хоол бэлдэхгүй амар байсан. Хэ хэ. Гэхдээ тарж ирээд хуушуур хайрсан юм байна.

Жилээс жилд томрч байгаа болохоор үзүүлбэр нь ч бага багаар шат ахиастай.
Энэ зурагт хорооны оршин суугч эмээ өвөө нартай уралдаж байгаа нь. Яаж уралдсан гэхээр, сагсны шийд шиг уутанд жижиг бөмбөг шидэж гоол оруулах. Эмээ өвөө нарын шийд бол өндөөрт байгаа юм. Хүүхдүүдийнх болохоор тээр доор. Хэ хэ. Цаг дуусахаар бөмбөгөө тоолоод, их гоол оруулсан нь хожно. Хүүхдүүд хожиж харагдсан. Ха ха. Онгироод л дэвхцээд байсан.
Бас аав гэж улаан идэвхи. Эцэг эхийн гүйлтийн тэмцээнд оролцсон. Бас болоогүй ээ, гуйлгаад. Хэ хэ. Оролцож өгнө үү? энэ тэрээ гэж. Хэ хэ.
Хүүхдүүдэд зориулсан талбай тул, жижигхэн. Томчууд гүйхээр эргэлт хэсэг дээр их л хэцүү байх шиг харагдсан. Алхаа нь ойр ойрхон болж энэ тэр. Хэд хэдэн аав нар өнхөрч унаж харагдсан. Тэр тоолонд хүмүүсийн баясаж байгааг. Хөхрөлдөөд л. Өөрсдөө гүйгээгүй байж. Хэ хэ.

Үдээс хойш нь бидний хэсэг хүмүүс цуглаж идэж, уув шд. Энэ тухай тусад нь бичимз.

Мөнгөн амралтаар

Сүүлийн хоёр? жилд байх аа. Энэ мөнгөн амралт гээч зүйл бий болоод. Тун их олзуурхаад байгаа. Олон хоног дарааллан амраад, гэрээрээ сайхан орж гарах тул.

Гэхдээ өнөөх дунд сургуулийн дугуйлан гэж зүйл байна. Нээх сонин дунд нь ганцхан өдөр хичээллэнэ гэж байхаар нь чөлөө авахуулчихсан. Хэ хэ.

Ууландаа очиж амарсан. Усан үзмийг пологттолоо идсэн. Бүгд тархи толгойгоо амраагаад, сэтгэл санаагаа сэргээгээд сайхан амарчихаад ирлээ. Одоо ч ажлыг умалзуулаад өгнө өө. Хэ хэ. Уулын бэлээр жаал алхсан. Хөдөлгөөний дутагдалтай хүн яахав, хоёр өдөр дарааллан  сайхан алхав. Хүн их байна лээ. Залуус гүйгээд л, хөгшид алхаад л. Хэ хэ
Ууланд ирэхээрээ л япон хоолыг төгс төгөлдөрөөр нь идэх юм дөө. Өглөө, өдөр, орой будаа, мисо шөл гээд л.

Гэртээ загас шарж идэхээс жаахан төвөгшөөдөг надад гэрийнхэндээ загас идүүлэх сайхан боломж байлаа. Хэ хэ. Хүний шарж өгсөн загасаар хүүдэгнэчихсэн л болохоос.

Загас шарахаар, дараагийнх нь тостой шүүгээ зэргээ угаах гэж ядаргаатай санагдаад байдаг юм. Бас үнэр танар. Хэ хэ.

Нээрээ нүүр номд "Аягаа угаахдаа далай ламын аягыг угааж байна гэж бодоод л аягаа угаа" гэсэн гарчигтай нэг бичлэг яваад байсан даа. Тэгж бодож угаавал ч аяга угаах ч гүйэ мөн сайхан ажил байх л даа, тэ. Ккк

Тэгсэн хүмүүсийн сэтгэгдэл янз янз байсан. Бүх зүйлд мухар сүсэг орууллаа гээд л. Хэ хэ.

За тэр ч яахав.

Сэрүү ороод, нозоорохгүй сайхан л байна. Удахгүй хүйтрэнэ гэж бодохоос бас л...

Friday, September 18, 2015

5 S үргэлжлэл

Үргэлжлүүлье. Жишээлбэл

Энэ К сан надад хэвлэж өгсөн хуудас. Өөрт нь нэг хувь, цаад хүлээж авах бага сургуульд мэйлээр өгсөн байгаа.

Бага сургууль руу явахдаа явах ёстой өдрөө санд мэнд гараад явахгүй. Наана нь заавал хийж гүйцэтгэх ёстой бэлтгэл ажил байна. Бүр жин тан болгоно. Өмнөх өдөр нь. Дахин дахин нягтална. Ингээд дахин дахин нягтлаад сурчихаар аяндаа хэвшээд, жижиг зүйлийг мартах нь багасдаг санагдсан.

Тухайн сургуулийн зүгээс тухайн улсын юуг нь сонирхож байгаа? Хэд дүгээр ангийн сурагчид болох? Хүүхдийн тоо? Зохион байгуулах анги танхим? Танхим нь хэдэн давхарт байдаг? Хэдэн км? гэсэн зүйлуудийг урьдчилан мэдээд надад хэлнэ. Бүр газрын зургийг нь хэвлээд өгнө.

Анхаарвал зохих зүйлийг улаанаар, тод хараар, цэнхэрээр гээд л тусгайлан тэмдэглэсэн байна.

Цаад сургуулийн хариуцсан багш нартай бол байнга л утсаар, майлээр харилцана.

Дөнгөж ирээд удаагүй хүнд бол маш нарийн зүйлийг хүртэл тусгасан. Эхэндээ ч их гайхна. Хэлээд л болох юмыг заавал ингэж цаасан дээр бичээд хэвлэж өгөөд байхдаа яахав дээ? гэж. Гэхдээ хэлээд өнгөрөхөөр хүн чинь мартдаг юм билээ. Нэгэн төрлийн хариуцлага юм даа.

Би бол заримдаа за яахав, олон жил жил бага сургууль явж байгаа юм чинь гээд хайнга хандах тохиолдол гарна аа. К сан бол үгүй. Үнэнч гэхэд дэндүү үнэнч хандана.

За зураг дээрх цагийг дэлгэрэнгүй орчуулж өгөх үү? Хэ хэ

  • Хамгийн дээр нь арга хэмжээний нэр, он сар, сургуулийн нэр
  • Он сар өдөр, цаг. Сургуульд хүрэх цаг, арга хэмжээ болох цагаас эрт очиж, далбаагаа өлгөх гэх мэт бэлтгэл ажил байгаа тул.
  • Оролцох сурагчдын тоо.
  • Улсаа танилцуулах гадаад хүний овог нэр, хүйс. Хаанаас очиж авах тухай. Орос монгол хоёр орны хүн явсан энэ өдөр.
  • Явцын хөтөлбөр. Гээд хүснэгт байна.
За тэгээд хүснэгтэнд 10:10-т очиж сурагчидтай тоглох өрөөгөө бэлдэнэ. Хаа очиж монгол минь гарт баригдах үзүүлэн ихтэй, бахархмаар. Орос гэхэд л матрёшкагаа өрч тавина гэх мэт. Зураг хөрөг, дээл хантааз, жижиг дурсгалын хүүхэлдэй, зурагт ном зэргээ өрж тавина. Хамгийн сүүлд тухайн өдрийнхөө сэтгэлээн тольдож байгаад л улаан, хөх дээлийнхээ алийг нь өмсөхөө шийднэ. Хэ хэ.

10:40-с үндсэн арга хэмжээ эхэлнэ. Сурагчдын төлөөлөл бид хоёрт зориулж мэндчилгээ дэвшүүлнэ.

10:43-с орос бид хоёр ээлжлэн улсаа танилцууна. Ппт ашиглаад, дэлгэцэн дээр.
Ппт ашиглах тул дэлгэц бэлдэхийг хүсч байна.

11:05-11:30 хүртэл. Группт хуваагдан тус тус бэлдсэн ангид орж монгол оросын тоглоом тоглоно. Би нь шагай няслахыг заана.
...Монголын танхимд хоёр сандал бэлдэхийг хүсч байна. Морин хуур дарж үзэх сурагчдад зориулж.

11:30-11:55 хүртэл. Групп хоорондоо солигдоно. Хоёр багш ангидаа үлдэж, сурагчид ангиа солино.

12:00-с Бүх сурагчид цуглана. Асуулт хариулт, сэтгэгдэл, төгсгөлийн үг хэлэх зэрэг үйл ажиллагаа явагдана.

12:10-т арга хэмжээ өндөрлөнө.

За тэгээд хүснэгтнээс гадна, одоор тодотгож бичсэн зүйл нь гэвэл өрж тавсан зүйлүүдээ буцааж хураагаад, хувцсаа солих зэрэг байгаа тул сургуулиас хөдлөх нь 12:40 минут болно.

За ёстой дэлгэрэнгүй тайлбарлалаа шүү. Энэ бол наад захын нэг жишээ. Яг иймэрхүү хөтөлбөрийг сургууль бүр дээр гаргана. Улсаасаа шалтгаалаад авч явах зүйл, бэлдэх зүйл, анхаарах ёстой зүйл гээд л өөр өөр байна. Тэр бүрт зүтгэл гарган хариуцлагаа ухамсарлан ажилдлана, К сан.

Арга хэмжээ дуусаад ажлын байрандаа ирэхээрээ хэрэг болж магад гэж авч явсан хайч, скоч гэх мэт зүйлсээ буцаагаад байр байранд нь нямбайлан хураана.

За байз өөр юу билээ? Мартсан санасан зүйл байна уу?

Thursday, September 17, 2015

5 S

За энэ үгийг мэддэггүй хүн ховор байх аа? өнөө үед.

Гэхдээ энэ удаад энэ 5 S-н тухай бичихгүй.

Ажлын газрынхаа нэг ажилтны ажилдаа хэрхэн хариуцлагатай ханддаг, хэрхэн зохион байгуулалт сайтай ханддаг талаар бичнэ.

Учир нь 5 S гэдэг нь ийм ийм зүйлийг хэлнэ гэсэн онол цахимд их тавигдсан байдаг юм билээ. Жишээ жаахан ховор байсан.

Ажлынхаа хүнийг К сан гээд явна. К-нь нэрийн эхнийн үсэг, сан гэдэг нь япончууд хэн нэгнийг дуудахдаа тухайн хүний нэрний ард энэ үгийг залгаж хэлдэг. Манайхаар гуай-тай ойролцоо.

К сан нь миний өнөөх бага сургуульд очиж улсаа танилцуулдаг ажлыг хариуцдаг. Өөр хэд хэдэн төрлийн ажлыг давхар хариуцдаг. Энэ удаад зөвхөн надтай хамтарч ажилладаг хэсгээс бичнэ ээ. Учир нь би жил бүр К санаас их олон зүйлийг суралцдаг. Надад тэг ингэ гэж дээрээс хандаж зааварчилдаггүй, өөрийн үйлдлээрээ үлгэр дуурайлал болоод байдаг юм.

Мэдээж ийм ажлыг, тийм ажлыг ингэж тэгж гүйцэлдүүлээд өгөөрэй гэж эелдэгхэн тусламж хүсэх нь бол байна. Өвөрмөц, нарийн арга хэрэглэдэг зүйл байвал заавал өмнө нь ингэж хийнэ, тэгж хийнэ гэж бас зааж өгнө л дөө.

Хотынхоо бүх бага сургуулиудаар явж гадаад соёлтой танилцуулах арга хэмжээнийхээ тухай захирал багш, холбогдох багш нарт танилцуулна. Нэг өдөр бүх бага сургуулиуд руу явахгүй. Үндсэн ажлынхаа цаг зав, гол нь хүлээж авах сургуулийнхныхаа цаг завыг харж байгаад л

-Тэр тэр бага сургууль орчихоод ирнэ, тэдэн цагт иргэж ирнэ.
гэж үлдэж буй ажилчдадаа заавал хэлээд гарна. Энэ тухай бас тусад нь бичдэг цагаан самбар байна. Тухайн өдөр орж гарах хүн байвал тэр тухайгаа заавал бичсэн байна. Энэ бол японы ямар ч албан байгууллагад байдаг зүйл байх гэж бодож байна. Урд нь ажиллаж байсан тамгын газар ч тийм байсан.

Жишээ нь яг эзгүй үед нь К сантай хүн утсаар ярих гээд залгавал үлдсэн ажилчид хаачсан ийснийг нь харилцагчдаа мэдэхгүй гэж хэлэхгүй, ёс алдсан хэрэг болох тул.
-Уучлаарай, одоогоор ингээд тэгээд эзгүй байна, тэдэн цагт харьж ирнэ. Та дамжуулж хэлэх зүйл байвал хэлж үлдээж болно шүү. Нэг бол харьж ирэхээр нь эргээд тан луу залга гэж хэлэх үү?
гээд л их эелдэг ээ, эд чинь.
Мөн амрах тухайгаа ч бичнэ. Тэд дэх өдөр тэдэн цаг амарна, тэдэн өдөр амарна гэж заавал бичнэ. Бусад ажилчид мэдэж байхгүй бол болохгүй тул.

Утас хүлээж авсан хүн заавал энэ тухай тусгай тэмдэглэх цаасан дээр бичиж тэмдэглээд, эзгүй байсан ажилтны ширээн дээр тавина.
Хэн гэдэг хүн ярьсан? Хэдэнд ярьсан? Хэдэн цагт ярьсан? Ямар агуулгатай зүйл ярьсан? Хэн утас хүлээж авсан? гэх мэтийг тэмдэглэсэн байна.

Ерөнхийдөө япончууд ажилдаа их нухацтай хандана. Манайхаар бол жаахан юмыг хүртэл томд, чухалд тооцож хандана. Эхэндээ ядаргаатай санагддаг байсан бол одоо дасаад, эргээд нээрээ л ингэж хандвал дараа дараагийн ажил урагштай, хохирол багатай байна шүү дээ гэж боддог болсон.

Оршил нь их урт болчихлоо. Дараагийн бичлэгт яг жишээ бичнэ ээ. Хэ хэ.

У~р сан заавал уншаарай. Ерөнхийдөө өөрт чинь зориулж бичиж байгаа юм  шүү. Ккк

Monday, September 14, 2015

Хүүхдийн ертөнцөө гэж

Хөөрхөн шүү.

Саяхан би нь нэг уйлаад. Уйлсныг бүү асуу...

Хань ижил, бага зулзага бид 3 ширээ тойроод л сууж байлаа. Би нь тэгээд уйлав. Нулимс урсаад л урсаад л. Ширээн дээр дуслаад л, дуслаад л.

Бага зулзага гайхан харж байснаа
-Том хүнийг уйлдаггүй гэж бодсон чинь, уйлдаг юм уу?
-Уйлалгүй яахав, бяцхан үр минь ээ. (Хань ижил хэлж байна аа. )

Ширээний нөгөө талд сууж байсан хань ижил

-Ээжийнхээ нулимсыг арчиж өг дөө.
гээд надтай ойр сууж байсан бага зулзагат салфетка өгөв. Тэгсэн өнөөх маань миний хацрыг биш ширээн дээр дуссан нулимсыг арчдаг байна шд. Хань ижил бид хоёр наана нь татаад унав. Уйлж байсан хүн чинь, өөрийн эрхгүй инээв. Утсаар яриад, чагнаж байсан эмээ өвөө нь сонсоод бас л татаж унав. Хэ хэ.

-Өө, мангуухай минь ээ, ээжийнхээ нүдийг арчаач ээ.
-За л даа.
гээд чухал царайлаад л миний хацрыг, нүдийг арчсан гэж байгаа.

Бодохоор л хайр хүрээд, өхөөрдөх сэтгэл төрөөд байх юм, энэ бяцхан үрсийн. Өнөөх маань нэг хэсэгтээ ширээ арчдагаа гэж дуудуулах шив. Хэ хэ

Өдөр бүр хайр хүргэсэн үйлдэл хийдэг ч бичихгүй болохоор мартчихаад байх юм.

Sunday, September 13, 2015

Шинэ оролдлого

Шинэ аргаар оймс нэхэж үзэх гээд эхэлчихсэн чинь, өсгийн дээрээ ирээд гацчихав. Схемийг нь хараад л гайхаад сууж байна.

Яагаад шинэ аргаар нэхэх болсон гэхээр? Би түрийнээс нь эхэлж нэхдэг юм. Харин ёвропууд өлмийнөөс нь эхэлж нэхэх нь түгээмэл байдаг гэнэ.

Өлмийнөөс нь нэхэхийн давуу тал гэвэл өлмийн хэсгийн нэхээс сийрэг биш байдагт оршино.

Түрийнээс эхэлж нэхэхээр өлмий хэсэг дээрээ хасаад явна даа. Тэгж хассан хэсэг нь жаахан онгойгоод? байдаг юм. Жаахан сонин болоод байна даа гэж бодоод л явдаг байсан юм уг нь. Яаж засахаа мэдэхгүй л явлаа.

Бас өсгийний хэсгийн хассан нэхээс жаахан сийрэг болно оо.

Тийм сийрэг нэхээстэй оймс шахаж байсандаа хүлцэл өчье өө, хүмүүс ээ. Хэ хэ. Одоо бас нэлээдийг нэхээд тавьчихсан байгаа. Ккк.

Энэ номыг олж хараад нэхэж үзэхээр сэтгэл шулуудав. Бас ингэж сэтгэл шулуудсан нь бяцхан атаархалтай холбоотой. Хэ хэ.
Ингэсэн юм.

Хотын захиргааны явуулын номын сангийн машин хөгжмөө уянгалуулсаар ирэв. Зээлсэн номоо буцаачихаад бага зулзагатаа шинээр ном зээлэх гээд хараад зогсож байтал нэгэн танил ээж ирснээ, номын санчаас нарийн боов хийх тухай ном байна уу гэж асууснаа, өөрийн сонирхдог номоо нэлээд хэдийг барьчихсан хараад зогсож байна аа. Урд нь том зулзагаасаа сонсож байсан юм.
-Манай тэр найзын ээж нь гэртээ дандаа гоё нарийн боов хийдэг гэсэн.
-Өө тийм үү? Яасан гоё юм бэ?
-Та ч бас хийж болно шүү дээ.
-Өө ээж нь амжихгүй ээ.
гэсэн харилцан яриа өрнөсөн байлаа.

Тэгээд энэ ээжүүд их сүрхий юм аа, хүүхдээ асран хүмүүжүүлэхийн хажуугаар өөрсдийгөө ч хөгжүүлэхээ мартахгүй, өөрийн дуртай зүйлдээ цаг гаргаж чадах юм аа гэж атаархангүй харж байснаа, дээрх ном нүдэнд харагдахаар нь гар өөрийн эрхгүй уг номыг шүүрээд авсан. Хэ хэ.

Орой нь хань ижилдээ хэлсэн чинь шоолж инээснээ
-Атаархсан юм бол тэгээд нарийн боов хийх тухай ном зээлэхгүй яасын?
-Тэрийг чинь хийхэд цаг их орно, материал худалдаж авах хэрэг гарна. Би байгаа утсаа ашиглах гээд л энэ номыг зээлчихлээ.

Барьж авалгүй хэд хонов. Тэгээд сая бүтэн сайнд санаандгүй дэлгэн харж сууснаа гэнэт онгод ороод өлмийнөөс нь нэхээд эхэлчихсэн. Энэ хооронд бас хэд хэдэн удаа хөвсөөн. Шууд чадчихна гэж байхгүй.

Тэгсэн өсгийгөө нэхэх гэсэн юу билээ гээд гацчихсан нь тэр. Номны схемийн дагуу нэхэж байгаа ч утасны нь бүдүүн нарийн өөр, зүүний бүдүүн нарийн өөр, тэрнээсээ шалтгаалаад гогцооны тоо хүртэл өөр тул тоо бодох хэрэг гараад. Тоо бодох гэсэн толгой өвдөөд. Ха ха.

Номон дээр бол гоё гоё хээтэй оймс байна аа. Би нь ч одоохондоо хээ мээ гэхгүй, нэхэх аргаа л гартаа оруулчихмаар байдаг.

Нэхэж дуусаад зураг оруулна аа. Уг нь нэхээд сурчихал амархан гээд бичсэн байна. Сурталаа л удах юм шиг байна.

Saturday, September 12, 2015

Монгол ном

Бэлгэнд авсан.
Уг нь нэг хэсэгтээ монголоос ном захихгүй гэж бодож байсан, чадаагүй ээ. Хэ хэ. Бэлэглэсэн хүнд нь маш их баярласан шүү.
Охины номыг оройд унтахад нь уншаад өгчихсөн. Гэм нь баавгайг баагваа гэж хэлээд инээд хүргээд байна. Дахин дахин хэлүүлж засна даа. Ганц нэг монгол үгтэй. Арвижуулаад явах санаатай их л хичээх юм.

Маршакийн үлгэрүүдийг урд нь уншиж өгч байсан юм. Харчихаад дахин уншиж өг гэж шалаад, танил ном нь ирсэн чинь хөөрөөд л байна. Оройд би нь бас хааяа залхуу хүрэх юм аа. Хэ хэ.

Аниаг нь унш гэж хэлээд дийлэхгүй байна. Өөрөө уншвал үг үсэг нь цээжлэгдээд явах байх гэж бодох ч, урдах хичээлээсээ илүү гарахгүй л байна. Бас дээрээс нь баахан япон ном зээлээд ирчихдэг. Тэрийгээ уншмаар болдог гээд л. Гэрт ингээд монгол ном байж байвал нэг л өдөр цоороод бүгдийг нь унших байх гэж горьдоод, найдаад л хүлээж байхаас.

За энэ ээжид ирсэн бэлэг. Уншиж эхлээгүй ээ. Нэг ном эхлээд нэг дор дуустал нь уншиж үзэх юмсан, насан багынх шиг ээ. Үнэн зав олдохгүй байна шүү. Орой л зав гарах юм, даанч тэр нь унтах цаг. Тэгээд л бага зулзагатаа нэг зурагт ном гялс мялс уншиж өгчихөөд шууд унтааский. Нэг мэдсэн өглөө. Хэ хэ.

Их л дажгүй ном гэж цахим ертөнцөөр шуугиад байсан. Тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэж авсан нь аз болсон байна лээ. Гэнэт сайхан сэтгэлтэй найзууд, дүү нар, аав ээж минь ном захих уу? гэж асуудаг юм. Тэр үед нь тулгамдаж самгардахгүй, дэвтрээ нэг сөхөөд л нэрийг нь бичээд, заримдаа бүр цаад хүндээ амар гээд зургийг нь явуулчихна. Хэ хэ. Харин олон ном тэмдэглэсэн байх тул алийг нь захихаа мэдэхгүй, хэсэг тээнэглэзэнэ. Хэ хэ. Бүгдийг нь нэг хүнд захиж бас боломгүй. Ном чинь бас л хөөрхөн үнэтэй эд шүү дээ. Тийм ээ.

Уншиж дуусаад бичлэг оруулна аа.

Яг одоо бас өөр нэг ном уншаад байгаа. Гэснээс унших ном их байна. Гэрээр дүүрэн, багтахаа байгаад машинаар дүүрэн. Ккк. Тоглосон юм аа, гэр гадаа дүүрэн нь ч юу юм, арваад л ном байна. Хэ хэ

Friday, September 11, 2015

Гараа амжилттай

Бага сургууль явах ажлаа амжилттай эхэлсэн шүү.

Анх ч их зураг дардаг байж. Одоо дасаад, зураг хөрөг дараа байчихаж. Муу л юм байгаан. Өдөр бүр шинэлэг зүйлийг олж харах чухал гэж уншиж байлаа.

Сурагчдын тоо ихтэй сургууль байхад нийт тоо нь 30 гаран сурагчидтай ч сургууль байна. Хотын төвийн сургууль байхад хөдөөний, уулын мухарт байх сургууль ч байна. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг юм.

Явах бүртээ атаархана. Нэг сургуулийн байрыг л монголд ачиж аваачаад буулгачих юмсан гэж бодно. Бүх юмтай нь. Бүр багш нартай нь. Хэ хэ

Гадаах талбай, усан бассейн гээд л.

Энэ нэгэн жижиг сургуулийн дуу хөгжмийн ангид байсан ширээнүүд. Хөөрхөн санагдаад зураг дарлаа.

Нээрээ хөх, улаан хор дээл минь жаахан зузаадаад байгаа. Нимгэн, арай өөр өнгийн тэрлэгтэй болох юмсан гэж мөрөөдөөд л байж байна. Ерөөсөө оёдлын машинаа гаргаж ирээд дээл оёлоо. Хэ хэ. Худлаа худлаа.

Ямартай ч гараа минь амжилттай. 12 сарыг дуустал хичээнэ ээ.

Өө нээрээ тийм, боорцог хийж зарахгүй юу гэсэн урилга ирсэн. Жаахан бодох хугацаа өг гээд томорчихсон, хариугаа хэлэх юм байна шүү. Хэ хэ. Түрүү жил бага зулзагын тайлан тоглолт давхцаад, боорцог зарах арга хэмжээнд оролцоогүй юм. Энэ жил шархаа нөхнө өө. Ккк

Sunday, September 06, 2015

Тамирын өдөрлөг 1

9 сарын уламжлалт бичлэг.

Том зулзага дунд сургуульд орсны анх удаагийнх нь тамирын өдөрлөг болж өнгөрөв.

Бага сургуулийнхаас ялгарах онцлог гэвэл мэдээж хүүхдүүд нь дэнхийж байна. Хэ хэ. Эрэгтэй хүүхдүүдийн дуу хоолой бүдүүрч байна.

Хань ижил түрүүлж очоод газар авах гэсэн чинь нэг ч хүн газар аваагүй байна гэнэ. Яахаа мэдэхгүй, хэсэг харж зогссоноо юу ч гэсэн дэвсгэрээ дэвсчихээд ирсэн. Оносон байна лээ.

Бага сургуулийнх шиг эцэг эх, ах дүү, эмээ өвөө нар нь хар үүрээр очиж газар аваад л, бүгд ирж үзээд суудаггүй юм байна. Аавууд ажилтай бол ажилдаа л явдаг юм байна. Хань ижил чөлөө аваад л том зулзагаа дэмжсэн. Хэ хэ.

Ирж үздэггүй ээж аавууд ч байдаг бололтой. Дээхэн үед бол ирж болохгүй шүү та нар гэж хүүхдүүд нь ээж аавдаа томордог байсан гэнэ. Сүүлийн үеэс л хүүхдээ харж баясдаг, хөгжөөн дэмждэг болоод байгаа гэнэ.

Эр эмээрээ хуваагдаад үзүүлбэр үзүүлсэн. Банди нар нь пирамид үүсгээд, охид бүжиглэсэн.

Эцэг эхийн дунд олс татах тэмцээн зохиогдсон.

Багш нар бас нэг үзүүлбэр үзүүлсэн. Эрхлэгч багш нь, захирал багш нь хүртэл оролцсон.

Өдрийн хоолны цагаар бага сургуульд бол сурагчид ээж аавтайгаа цуг сууж иддэг бол дунд сургуулийнхан ангиараа ангидаа орж иддэг юм байна. Бэнто буюу өдрийн хоолоо адилхан гэртээ бэлдэж авч явсан.

Гимнастик хийж байна.
Биеийн тамирт дуртай, дургүй хамаагүй бүгд оролцоно.
Том шорт, усны гутад өмсөөд уралдсан.
Харахад амархан ч цагаа тулахаар хэцүү юм шиг байгаа юм. Өнхөрч унаад байх юм билээ.
Хөвгүүдийн пирамид
Энэ пирамид чинь бас ярвигтай эд шиг байгаа юм. Доор нэг хүүхэд л эвгүй хөдөлөхөд бүгд л тэнцвэрээ алдаад унах жишээтэй. Наана нь их л олон удаа сургуулилалт хийсэн гэсэн.

Гэх мэт. Бие нь энд, харин сэтгэл санаа маань шаал өөр зүгт байсаан...

Wednesday, September 02, 2015

Од болдог сар

8 сарын сүүлээр японд ч хичээл эхлээд жигдэрч эхэлж байна.

Охид минь биеийн тамирынхаа өдөрлөгт бэлдээд тун завгүй байгаа гэсэн. Аниа нь оройд их л ядарсан хүн орж ирнэ. Дүү нь яахав цоглог цоглог. Хэ хэ.

Ээж нь харин од болдог сар. Ганц 9 сар биш л дээ. 10 сард хэдэн бага сургууль, 11 сард мөн хэдэн бага сургууль, ганц нэг хорооны газарт очно.

Сургууль ч яахав. Жаахан хүүхдүүд болохоор, хүнд биш. Зарим нэг сургууль бүр өнөө нэг монгол хүнийг ирүүлмээр байна, түрүү жил ёстой сонирхолтой байсан, мундаг байсан бла бла гэж бүр нэр цохсон юм байх. Ажлынхан минь л тэгж намайгаа хошгоруулаад, би нь баярлаад чадхым чинь чадхым чинь гээд л явахаар болсон. Хэ хэ.

Том зулзагыг минь бага ангийн 5-р ангид байхад нь анги дааж байсан багш хүртэл монгол хүн ирүүлмээр байна гэж надад санал өгсөн гэсэн. Тэр багш нь шилжээд өөр сургуульд багшилж байгаа юм.

Ганц монгол биш өөр олон орны нэр байдаг юм. Сургууль талаас нь өөрсдийн сонирхож буй улсынхаа хүнийг урьж оролцуулдаг юм. Жил бүр очдог бага сургууль ч бий. Сэтгэл хөдлөөд, улам л сонирхолтой байлгах юмсан гэж хичээнэ.

Орой нь эх орноо сурталчлаад гавъяа байгуулсан хүн, хальт хамраа сөхнө. Хэ хэ.

Хорооныхон л жаахан хэцүү, хоол хийнэ. Хэ хэ. Бас томчууд байдаг тул зарим нь надаас илүү эх орныг минь мэдчих гээд байдаг юм.

Мөн нисэх онгоцны буудлынхантай хамтарч ажлаас минь зохиодог "Тэнгэрийн өдөр"-т оролцоно. Ерөнхийдөө онгоц хэрхэн нисдэг? нисгэгчийн кабинет дотор орж үзэх гэсэн арга хэмжээ. Хажуугаар нь манай ажлын нэгээхэн хэсэгтэй танилцах. Манай ажлын байр мужынхаа нисэх буудалд байрладаг юм. Хөдөөний жижигхээн онгоцны буудал тул дуу чимээ нь нүсэр биш, хөл хөдөлгөөн ч цөөхөн.

Далбаагаа танилцуулсан номын хавчуурга хийнэ. Хэдэн жилийн өмнө хийж байсан даа? Санаж байна уу? Зохион байгуулах газар нь, ирэх хүмүүс нь ч бодвол анх удаагаа байх? хүмүүс ирэх тул. Хэ хэ.
Ийм номын хавчуурга. Хэ хэ. Зургийг дээр үеийн бичлэгээсээ чирээд ирлээ. Ар талд нь соёмбын тайлбар нь байгаа.

За өөрөө өөртөө амжилт хүсье. Та бүхэндээ ч гэсэн хичээлийн шинэ жилд нь, ажилд нь амжилт хүсч байна шүү.

Сургуульд явдагтаа баярлацгаая

Санаандгүй хичээлийн шинэ жилтэй сард таарав. Хэ хэ. Уг нь 8  сард оруулах санаатай байсан ч амжсангүй.

"Хэрвээ сургуульд явж чаддагсан бол" гэдэг ном. Готоо Кэнжи гуайн бас нэг ном. Дээхний нэг бичлэгт оруулсан "Алмааз эрдэнээс илүү Энх тайвныг л хүснэм" номын зохиолч. Энэ оны 1 сард барьцаалагдаад алуулчихсан. Ум мани бад мэ хум. Хүсэл зорилго нь агуу хүн байсан.

2009 оны 12 сард хэвлэгдсэн ном, тэгэхээр мэдээлэл нь жаахан дээхнийх. Гэхдээ дэлхийн өөр нэг өнцөг буланд иймэрхүү хүнд хэцүү зовлон бэршээлтэй улс, хүүхдүүд, эмэгтэйчүүд байдаг гэж бодохоор...

Бас тэгээд амь насаа золиод л дэлхий дахинд үнэн бодит мэдээлэл дамжуулах гэж яваа хүмүүст талархах, нөгөө талаар харамсах. Амь насаа алдчихаар ар гэрийнхэн нь хэцүүеэ.

Эдгээр буянтай хүмүүс байхгүй бол, байгаагүй бол би ингээд энэ номыг бас уншаад суухгүй гэж бодохоор...

За гол сэдэв.

30-аас дээш жил дайнтай, дажинтай байсаар, газар нутаг нь, ард иргэд нь туйлдаа хүрсэн орон бол Афганистан. Бод доо, шинээр хүүхэд мэндэллээ, 30 нас хүртлээ дайнаас өөр зүйл мэдэхгүй. Дайн гэж хэлд орох нь холгүй, дайсан гэж хэлд орно гээд бод доо. Аймаар.

Хамгийн их хохирдог нь хүүхэд, эмэгтэйчүүд.

Уг номонд Талибаны засаглалыг дарах гэсэн америкийн бөмбөгдөлтөнд олон олон энгийн иргэдийн орон сууц өртөнө. Америкчууд алдаа гаргаад бөмбөг унагах газраа андуурсан. Тэдний нэг нь Мариам охины гэр бүл. Ээж нь өрх толгойлсон эмэгтэй. Бөмбөгдөлтөнд том хүүгээ алдана. Гэрийнхээ ганц тэжээгч нь байсан. Ээж нь хөл муутай тул тэр бүр ажил олдохгүй. Олдохгүй ч гэж дээ, дайн дуусаад жил ч болоогүй тул ажлын байр гэхээр зүйл байхгүй. Бага хүү нь л одоо тэдний ганц найдвар. Гэхдээ дайнаас өөр зүйл мэдэхгүй тул хөлөө олтол бас л удна. Номын гол баатар охин Мариам сургуульд явж үзээгүй. Охидууд сургуульд явах ёсгүй гэж үздэг Талибанчуудын үзлийн хор уршгаар. Хичээлийн шинэ жилийн нээлтэнд сурах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн очих ч маш олон охидууд цугласан байсан тул НҮБ-с үнэгүй тарааж буй дэвтэр, бал хүрэлцэхгүй дээрээс нь сурагчдын тоо хэтэрсэн тул ангид ч орж чадалгүй буцна.

Гэхдээ ээж нь бас тийм ч дуртай байгаагүй, учир нь зардал их гарна. Одоохондоо өдрийн хоолоо л яаж гэж байгаа учраас.

Хэд хоногийн дараа Гото охиныг сургуульдаа явж байгаа болов уу гэж санаа нь зовон гэрт очно. Гэтэл сургуульдаа яваагүй олон хонож байгааг нь мэднэ. Шалтгаан нь анги даасан эмэгтэй багшийнхаа хэлсэн үгийг буруу ойлгон хичээлдээ явахаа байчихсан байна. Тэр нь
-Жаахан хүүхдүүд сургуульд ирээд хэрэггүй.
Энэ нь "хичээл хийх сонирхолгүй, эрхлэх гэж ирсэн жаахан хүүхдүүдийн цугладаг газар биш, зорилготой сайн сурах хүсэлтэй том хүүхдүүд л ирж сурдаг газар" гээд хэлчихэж. Аминдаа хүүхдүүдийн ухаан санаанд одоо та нар том боллоо, сайн сурах хэрэгтэй гэсэн санаа л байсан гэнэ.

За ингээд захирал багш, эрхлэгч багш, Гото гуай, Мариам, ах нь гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр багахан хурал хийж байж Мариамыг эргэж хичээлдээ орохыг зөвшөөрнө. Эхлээд захирал багш нь хичээлээ дураараа тасалсан, тэгээд ч одоо хоцроод гүйцэхэд хэцүү, ганц хүүхдэд хичээл заах багшийн орон тоо сул зэрэг олон шалтгаанаас сургуулиас гаргах саналтай байна гэж авна. Тэгтэл охин босч очоод л гэртээ байхдаа ч даваж байсан дэвтрээ гаргаж үзүүлэн, тайлбарлаж байж эргээд сургуульдаа явах эрхээ олж авна даа.

За нэг иймэрхүү агуулгатай ном.
Та бүхэн минь Афганистаны тухай мэдмээр байвал гүүглэдчихээрэй. Номноос хуулах гэснээ болилоо. Одоо чинь 2015 он шүү дээ. Хэ хэ

Монголын минь олон олон охидоо, та нар азтай шүү. Элдэв зүйлд шуналгүй, онц сайн сураарай...