Friday, December 28, 2018

Монгол хоолны өдөр

Монголчууд цуглаж идэж уусан даа. Цөөхүүлээ л дээ. Хи хи

Тэр бүр гурил зуураад монгол хоол хийж идээд байдаггүй тул монгол хоолоо хийж идэхээр тохиролцсон. Бууз, хуушуур, цуйван, байцааны салат хийв. Бяслагтай бялуу хийж авчирсныг идсэн. Амттай байсан.

Нэг иймэрхүү ширээ зассан. Даруухан байна уу? Амттан шимттэнээ хүүхдүүдээ хооллож дууссаных нь дараагаар гаргасан. Тэгэхгүй бол хоол идэхгүй, амттан иднэ гээд унана гэж хаширлаад. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ гэж.

Мөн архигүй шинэ жил. Нэг шил улаан вино бол байсан л даа. Уух хүн олдохгүй, арай хийж л дуусгасан. Ккк.

Бялуу, нэг иймэрхүү. Хийх аргыг нь авсан. Хийж иднэ гэчихсэн л яваа. Хэзээ гэдгийг бүү мэд.

Ажил ихтэй бид, нэг өдрийг сайхан л өнгөрүүллээ. 5 гар муушгидлаа. Ширээний теннис тоглоллоо. Шинэ жил гэхээсээ илүү монгол хоолны өдөрлөг минь сайхан, хөгжилтэй байлаа гэж...

Дараа хэзээ уулзалдахыг бүү мэд. Дор бүрнээ л ажил ажил, гэр бүл гэр бүл гээд түмэн завгүй шүү дээ.

Шинэ оноо сайхан угтаарай гэж ерөөе өө.

Wednesday, December 26, 2018

Санта өвөөдөө баярлалаа

Ер нь бол Санта эмээ л хамаг юмыг зохицуулж байгаам шд.

Тэгсэн ч бага зулзага Санта өвөөд баярлалаа гэж мэгж. Хэ хэ.

Бэлгээ авсан. Баярласан. Жуумалзсан. Баяссан хүн л гүйгээд байна үүгээр.

Түүнийг нь томчууд нь харж даган баясах ч бас л аз жаргал юм даа.

2 зүйл хүссэн байсных нь ганцыг л бэлдсэн. Нэг нь нэг их хэрэггүй байсан болохоор. Ха ха. Санта өвөөг завгүй гэдэг утгаар.

Өмнөх өдрүүдэд нь нэг ийм яриа өрнөөд.
-Ээж ээ?
-Өөв, миний зулзага?
-Финлянд хүртэл захиа хэд хонож байж очих уу?
-7 гаран хонох юм болов уу?
-Та миний захиаг явуулсан биз дээ?
-Явуулсаан, бараг хүрчихсэн байхаа.
-Тэгвэл миний захиаг уншаад, хүслийг минь биелүүлэх байгаа?
-Ам мөчид л явуулсан болохоор, ганц нэгийг нь л бэлдэж магадгүй.
-Тийм байх даа? тийм ээ? Тэгвэл ... минь л биелүүлээсэй, нөгөөх нь ч яахав.
-Амжаасай, тийм ээ зулзага минь ээ?

Ийм яриа өрнөснийг далимдуулаад Санта эмээ ганц л зүйлийг нь авсан. Санта өвөө явж худалдаж авсан, гэхдээ. Ккк.

Том зулзагад сүүлд хэрэгтэй зүйлийг нь авч өгөхөөр тохиролцоод, наана нь жижиг зүйлээр аргалсан. Хо хо. Хичээлд нь хэрэгтэй, манайд ч хэрэгтэй зүйл байсан л даа.

Өвөөд ийм цай бэлдэж хоносон. Яндан байхгүй тул цонхныхоо түгжээг онгорхой унтсан. Эртхэн орондоо орохгүй бол гэрэлтэй айлд Санта ирдэггүй юм аа гээд л эрт хэвтсэн боловч сэрвэлзээд унтаж өгдөггүй ээ гайхал зулзага. Ирэх болов уу? Яах бол? гээд л шулганаад л байлаа. Арай хийж унтсаных нь дараагаар бэлэгээ ёолкных нь дор тавьсан.

Тэгсэн нэг хөөрхөн нь шөнө дөл болтол хичээлээ хийж байсан аниа нь бэлдсэн цайг нь ууж, амттанг нь идээд. Нетээс хайж байгаад хариу захиа бичиж үлдээсэн байсан. Англиар бичих гэснээ болиод мэдэхгүй хэлээр бичвэл үнэмшилтэй гэж бодсон гэнэ. Хайр хүрээд. Ойрд байнга л загнаастай том зулзагыгаа хачин ихээр хайрлав шд. Хэ хэ.
Энэ өнөөх уншиж чадахгүй байгаа захиа нь. Аниа нь ч мэдээж уншиж чадахгүй шүү дээ. Дүү нь хөөрхөн маш итгэлтэйгээр үүнийг уншаад орчуулах хүн байхгүй юм уу, ээж ээ? л гээд байгаа. Ёстой хайр хүрмээр байгаа шд. 

Оройд нь хань ижилтэйгээ хөөрхнийг нь гайхаж хоорондоо ярьж хөөрч, инээлдэж байгаа юм. 

Одоо хүн болгонд бэлэгээ гайхуулсан нэг хүн байна. Донжигонотол алхсан нэг хүн байна. Бага зэрэг өсгийтэй гутал байсан юм аа. Хэ хэ.

Чихэр жимс ганцыг ч өгөөгүй. Угаасаа ихдэх гээд байна л даа. Бас нэг амжилт нь бид зул сарын бялуу авч идээгүй. Учир нь эртээд урьдчилаад зайрмаган бялуу идчихсэн, хань ижлийн төрсөн өдрийн бялуу идсэн, монголчуудтайгаа уулзахдаа бяслагтай бялуу идсэн гээд энэ сарын норм хэтрээд байсан юм.

Тэгээд ээж санал гаргаад, манайхан зөвшөөрснөөр энэ жилийн зул сарын баяр даруухан боллоо.

Та бүхэн минь бас шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай...

Tuesday, December 25, 2018

Өвлийн амралтаа гэж

Энэ жил, бага дунд сургуулийн өвлийн амралт хагас бүтэн таараад, овоо хэд хоног амрах юм байна.

Амралт эхлэхээр л манай гэр шууд хөглөрдөг юм. Зулзагууд дуртай зүйлсээ хийнэ гээд, энд тэнд оригами, ном, хайч, цавуу, бийр, цаас гээд л. Нэг бүтээл гараас гартал түүнийгээ тэрүүхэн тэнд нь хураасан болоод л орхидог байхгүй юу.

Хань ижил их үглэнэ ээ. Гэрээ цэвэрлээчээ, юмсаа хураагаачээ гээд л. Хүний урманд гурван бүсгүй нь сонсохгүй ээ. Дуртай зүйлсээ хийж байгаа хүмүүс чинь. Хэ хэ.

Энэ олон олон номынх нь нэгээхэн хэсэг нь. Уншиж дуусаад л дахиад зээлнэ гэсэн дараалал үргэлжлэнэ.
Уран бичлэгийнх нь хичээл. Хичээл ч гэж дээ, номын дэлгүүрээс өөрийн картаараа худалдаж авсан бийр цаас. Бэх хэрэглэхгүй, усанд бийрээ дүрээд л тусгай цаасан дээрээ бичиж дасгал хийнэ. Цаас нь хатахаар энэ бичсэн нь арилна. Тэгэхээр цаасаа дахин ашиглаж болно гэсэн үг. Их дажгүй санагдсан. 

Уртаас урт өвлийн амралтыг яаж ийгээд даван туулна даа. Ээж аавын амралт ч нэг их удахгүй эхлэх гээд л хоног тоолон л сууна. Тэрнээс өмнө ажлийн ёолкоо хүлээгээстэй.

Sunday, December 23, 2018

Шинэ жил

Эхнээсээ шинэ жилийн үдэшлэгүүд болоод, оролцох нь оролцоод л явж байна. Хамгийн их ёолкдож байгаа нь бага зулзага.

Хорооны, хүүхдийн хэлтсийн гээд хоёр ч арга хэмжээнд оролцоод авлаа. Мөн зургийн дугуйланд нь Санта өвөө ирсэн гэсэн. Жижигхэн жижигхэн хөөрхөн бэлэгтэй ирсэн. Ганц нэгээс нь ээждээ, аниадаа, аавдаа өгсөн.

Ээж бол гаднах уутанд нь дурлаж, эвтэйхэн уралгүй нээгээд, эвхэж авдаг гэж байгаа. Дараа хүнд бэлэг өгөхдээ ашиглана шүү дээ.

Маш арвич хямгач байна уу? Хо хо. Тэгэхгүй бол зөвхөн уутанд л гэхэд их янчаан хэрэглэх гээд байна л даа.

Одоо нийлдэг нэг монгол айлтайгаа, ганц нэг сингл хүүхнүүдтэй цуглаж идэж ууна. Хоолныхоо зургийг авч оруулна аа за. Хэ хэ.

Энэ бол бага зулзага ээждээ хийж өгсөн. Би мэндчилгээ бичиж ууталж байгаа юм. Тэр уутандаа хийхээр захиалж нугалууллаа. Уутандаа бас өөрийн нэхсэн аяга угаагчаа хийсэн гэж байгаа.

Яахав зарим нэг монгол хүмүүс голдог л доо. Монголд аяга угаагч хогоороо л байна гэж хэхэ. Сонсоод бас жаахан гомдмор аядаад өө. Дахиж өгөхгүй ээ, тэр хүнд. Яахав хятадаас орж ирсэн порлоноороо угаагаад л явна биз дээ? Алба биш шүү дээ.
Үүн дотор ном худалдаж авах карт байгаа. Хэмжээ нь бага ч гэсэн, сэтгэлийнх юм даа, нэмээд дуртай номоо авна биз тийм ээ?

За та бүхэн бас ёолкоо сайхан тэмдэглээрэй. Бага шиг өр тавиарай, хи хи.

Thursday, December 20, 2018

Амьдралаа өөрчил гэсэн

За нэг ийм ном уншаад эхэлчихсэн. Эхлэхийн хувьд аль эрт эхэлсэн л дээ. Дунд нь шалгалт энэ тэр гээд завсарласан байлаа.

Бараг мартчихсан байсан болохоор дахин эхнээс нь хальт харлаа.

Агуулгын хувьд сүүлийн үед гараад байгаа иймэрхүү төрлийн номнуудтай төстэй. Амжилтанд хүрэхийн тулд яах ёстой? Элдэв саад бэрхшээлийг хэрхэн даван туулах ёстой? Тууштай байх тухай?

Гээд л бичээстэй. Жаахан эртхэн ийм номнуудыг уншсан бол? гэж бодогддог шд. Одоо ч оройтоогүй л гэх байх л даа.

Гэхдээ л, одоо ажил төрөл гээд нэг л амжихгүй ч юм шиг, эсвэл гэр бүлээ нэн тэргүүнд тавиад, би ч яахав гэж бодоод ч юм уу?

60 гарчихаад амжилтанд хүрээд байгаа хүмүүсийн тухай зөндөө л сонсогдоод байгаа. Тийм болохоор 60 нас хүрэхээ хүлээхээс. Ккк. Маш өөдрөг үзэлтэй байна уу? Хо хо.

Уншсан зүйлээ шууд л амьдралд хэрэгжүүлээд явж чаддаг хүмүүст бол хэрэгтэй ном байх өө.

Миний хувьд яахав, нээрээ тийм шүү дээ, за байз энэ тал дээрээ анхаарах юм байна шүү гэсэн санаанууд бол байсан л даа. Сурснаараа өнгийн тодруулагчаар тэмдэглээд л явлаа. Сүүлийн жилүүдэд шууд номон дээрээ тэмдэглэж байгаа. Тусгай дэвтэр энэ тэр дээр бичдэг байсан, залхуу хүрээд больсон. Амжихгүй ч гэх юм уу?

Нас ахихаар нойр гээч зүйлд анхаарал их өгдөг байна шд. Хэ хэ. Эртхэн орондоо ороод бага зулзагаа тэврээд унтах ших жаргал алга өө. Ккк.

Тэгж байгаад л өөрийн амьдралаа өөрчилнө дөө. Хи хи.

Он ч солигдох дөхлөө, ганц нэг номоо амжуулж унших санаатай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

Monday, December 17, 2018

Ээлжит жүжиг

12 сарын ээлжит жүжиг. Нэг ааштай эмээ жүжгийн билет өгдөг юм. Хэ хэ. Ааштайгаараа эндээ байтугай монголд алдартай гэж байгаа. Би үе үе аашлуулчихна аа. Гэхдээ сүүлийн үед гайгүй болоод л байгаа. Нас нь яваад. Тэтгэвэртээ гараад овоо хэдэн жил болчихсон. 90 дөхөж байгаа ээжийгээ асраад л. Ээж нь зайлуул бүр үг ч гарахаа байсан байна лээ.

За тэр ч яахав. Энэ удаагийн жүжиг хөөрхөн байсаан. Ганц энэ удаагийнх ч биш л дээ. Бүгд л хөөрхөн, хүүхдийн сэтгэхүйд таарсан. Томчууд ч баясаад авна. Хүүхдээ баярлаж байхыг хараад ээж аавуудын нүүрэнд инээмсэглэл тодрох юм даа гэж.

Бага насны хүүхдүүдэд зориулсан байсан. Жаахан томхон хүүхдүүдэд сонирхолгүй байсан гэж авсан. Таньдаг хүүхдээс асуусан чинь. Бага зулзага жүжиг, яриа хөөрөөнд дуртай тул сонирхолтой байсан л гэсэн.

Ээжид бас жаахан урт санагдсан л даа, нэг сэдэв. Бага насны хүүхдийн анхаарал тэгж их удаан төвлөрөхгүй тул жаахан маамаанууд энд тэнд уйлж сонсогдоод байсан.

Жүжиг дуусаад жүжгийн гол дүр баавгайн уугаад байсан зөгийн балтай сүүгээр дайлсан, хүүхдүүдийг. Бага зулзага нялуун байсан ч баавгайг бодоод уучихлаа гэсэн. Хи хи.

Ээж бол уугаагүй, чихэртэй цайнд дургүйг ч хэлэх үү.

Дараагийн жүжиг 3 сард. Тэр болтол тэсэн ядан хүлээсэн 2 хүн л байна. Түүнээс өмнө амжуулах ажил их бий. Бичимз...

Уншигч олныхоо ажил үйлс, шинэ оны үдэшлэг зэрэгт амжлт хүсье өө.

Saturday, December 15, 2018

Захиа

Эргэн тойронд минь
-Танайд энэ жил Санта өвөө ирэх үү? Манайд ирэхгүй гэсэн, манайд ирэх л байх даа.

Гэсэн яриа их өрнөж байна аа. Би ч бас танадаад л байгаа. Манай ирэх болов уу? гэж. Санта эмээ л бэлдэнэ л дээ. Өвөө яахав, бэлгэдлийн чанартай, жуумалзаад л сууж байх байх даа.

Тэгээд гатнуул юм болохоороо бага зулзагынхаа Сантад хандаж бичсэн захиаг нь олж уншаад. Зургийг нь гялс дараад, дараа нь нууцаар тухтай уншлаа.

Хөөрхөөн, хайр хүрээд...

Тэгсэн яг юу захих тухай нь алга аа. Тусдаа цаасан дээр бичиж эхэлж байсныг нь би баригдахаасаа айж сандраад дутуу зураг дарчихаж. Одоо дахин хэд хоног гатнуулын ажлаа хийхээс.
Тэгсэн чинь аль хэдийн ингээд баглаад наачихсан байх юм аа. Гэхдээ яахав, ээж марк нааж шууданд хийх үүрэгтэйгээс хойш. Сэмээрхэн задлаад үзчихээ мэдэлгүй дээ тийм ээ? Хи хи.
Том зулзага юу хүсэхээ хэлээгүй л байна. Санта эмээтэй хуйвалдаж нэг юм бэлддэг л байх даа.

Ээж бас хошуугаа цорвойлгоод, би ч бэлэг авмаар л байна гэсэн чинь бага зулзага
-Томчуудад Санта өвөө бэлэг өгөх дургүй юм чинь би хүсэх зүйл дээрээ таныг хүслийн нэмээд биччих үү? гэсэн. Бас л санадаг санаа. Бүр болохгүй бол бага зулзагатайгаа хуйвалдахаас...

Та нартаа бас Санта өвөө, эмээгийнхээ үүргийг маш сайн гүйцэтгээрэй гэж хүсье. Над шиг паагтлав аа. Энэ жил санан санан, залхууралгүй, унтчихалгүй дэргэд нь тавих юм шүү.

Thursday, December 13, 2018

Бага сургуульд ороход-Хэрэг болж магад 3

Үргэлжлэл. Одоо бага зэрэг үлдсэн.

Ном уншдаг хүн болгох тухай нэмж хэлсэн байна.

Сургууль дээр уншлагын цаг гэж байдаг. Үүнийг гэртээ бас хэрэгжүүлэх. Эцэг эхүүд өөрсдөө хүүхдийнхээ нүдэнд ном уншиж харагдах. Хүүхэд бол эцэг эхийнхээ тусгал (толь) байдаг гэж ярьдаг. 

Энэ тусгал гэдэг үгийг хэд хэд давтаж ярьсан шүү. Би ч өөрөө яаж нөлөөлж байгаа болдоо? гэж санаа зовоостой.

Таны хүүхдийн хүмүүжилд насан туршид нь нөлөөлдөг зүйл гэж байдаг. Үүнд
урамшуулах, хайрлах, хүлээн зөвшөөрөх, ажигладаг буюу хардаг байх (хүүхдээ), өөдрөгөөр ханддаг байх зэрэг орно. 

Хорооныхоо хүмүүстэйгээ мэндчилж сурах. Тэдгээр хүмүүс бол тайван амгалан сургуульдаа явахад, харьж ирэхэд нь маштом үүрэг гүйцэтгэж байдаг. Тийм болохоор талархсан сэтгэлээ илэрхийлж мэндчилж байх. Энэ нь эргээд хүүхэд тань том хүн болоод нийгэмд гарахад ихээхэн эерэгээр нөлөөлнө. Хүнтэй зөв мэндчилээд сурчихсан байхад аяндаа нийгмийн элдэв дүрэм журамд дасах нь хялбар байдаг. 

Сургууль дээрх жижиг гэлтгүй дүрмийг баримталж сургах. Цаг барих, өглөө явахдаа бусдыгаа хүлээлгэхгүй байх, 00-н өрөөний тавчикаа гарахдаа зөв харуулж байрлуулах. Ингэснээр дараагийн хүн өмсөхөд хялбар байна, мөн тухайн хүнийг хүндэтгэж байна гэсэн үг юм. 

Зарим үед таны хүүхэд аливаа зүйлийг тэвчих шаардлага гарна. Бусдыг хүлээн зөвшөөрөх, өөрийгөө үгүйсгэх (хүлээцтэй хандаж, бусдыг дээгүүрт тавих гэдэг утгаар нь ойлгоорой) тохиолдол гарна. 

Мэдээж хүүхэд л болсон хойно буруу зүйл хийнэ. Тэр үед нь томчууд бид засаж залруулж буруу зөвийг нь хэлж өгнө. Тэгэхгүй бол хүүхэд "аан ингэж болдог юм байна" гэдэг ойлголтыг авчихна. Томчууд бид үлгэр дуурайл болж байх хэрэгтэй. Хийсэн буруу зүйлийнх нь тухай л зэмлэнэ. Түүнээс "чи муу хүүхэд" гэж загнаж болохгүй. 

Бас нэг чухал зүйл бол "баярлалаа" гэдэг үгийг маш сайн хэлж сургах. Нэг ёсондоо талархлаа илэрхийлж чаддаг болгох. Жижиг зүйл байсан ч баярлалаа гэж хэлдэг байх. Жишээ нь баллуураа унагаачихлаа, найз нь авч өглөө, баярлалаа гэж хэлдэг байх гэх мэт. 

Хүүхэд тань өөрөө хийж чадах зүйлийг нь өөрөөр нь хийлгэж байх. Жишээ нь аяга тавгаа хураадаг байх, тоглоомоо хураадаг байх, сургуулийнхаа маргаашийн бэлтгэлийг өөрөө хийдэг байх гэх мэт. Ингэхдээ мэдээж ээж аав нь хараагаа салгаж болохгүй, давхар шалгадаг байх. Учир нь 6 настай хүүхэд мартаж санах зүйл зөндөө гарна. Бэлтгэлээ хийж чадсан үед нь магтаж урам хайрлаж байх. 

Ингэж өөрөөр нь бэлдүүлэх нь хүүхэд санаачлагатай байх эхлэл болдог. Цүнхэндээ номоо, дэвтрээ ингээд хийчихвэл дараа нь авахад амар гэх мэтээр. Жижиг зүйл мэт боловч эсрэгээрээ тухайн хүүхдэд асар том зүйлийг мэдрүүлж хөгжүүлж байдаг. 

Ангидаа, сургуульдаа үзсэн зүйлээ гэртээ хариад давтдаг цаг гаргадаг байх. Энэ үед нь зурагт асаалтгүй байх, ширээ нь хоосон байх. Хажууд нь тоглоом зэрэг нь байхгүй байх. Ингэснээр хүүхэд анхаарал нь төвлөрч даалгавраа хийдэг болно. Нэг ёсондоо орчинг нь бүрдүүлж өгч байна гэсэн үг юм. 

За энэ ширээ хоосон байна гэдэг их чухал юм шиг байна лээ шүү. Бага зулзагын ширээ гэж хөглөрсөн л юм байдаг юм. Үе үе шалгаж байхгүй бол сонин сонин юм тавьчихсан, даалгаврынхаа хажуугаар түүнийгээ бас оролдоод байдаг юм. Хааяа бас нэг уншаад эхэлчихсэн номоо орхиж чадахгүй, нууцаар уншиж харагддаг юм. Үүнийг сонсоод би одоо ширээг нь үе үе шалгаж, элдэв зүйлийг нь далд хийлгэж байж даалгаврыг нь хийлгэдэг болсон. Заримдаа мартчихна аа, бас харьж ирэхээс өмнө хийчихсэн гээд сууж байна.

За тэгээд ээж нартаа, аав нартаа хүүхэд өсгөж хүмүүжүүлэх гэдэг асар том үүрэг хариуцлагатай ажилд нь амжилт хүсье өө.

Monday, December 10, 2018

Сүлд мод

Бид өдрийн сайныг харан байж сүлд модоо засаад. Гэрээрээ гангар гунгар гээд сайхан байлаа. Охид тоглоомуудаа жилийн дараа гаргаж ирж харж байгаа болохоор хөөрхөнийг нь гайхаад л. Охид ч гэж дээ бага зулзага л ганцаараа засчихсан. Аргагүй жаахан, нас нь ид л хөөрдөг нас нь болохоор.Аниа нь эхний оршил хэсэг дээр хэсэг байж байснаа даалгавар гээд алга болж өгсөн. Хи хи.

Манай ёолкны тоглоом нээрээ жилээс жилд нэмэгддэг шд. Зулзагууд энд тэнд явж байхдаа хөөрхөн тоглоом байвал авчих гээд байдаг юм. Ээж бол шинэ жил дуусах дөхөөд хямдрал зарлахаар нь ганц нэгийг авсаар гээд л жилээс жилд нэмэгдээд явдаг шиг.

Энэ жил нэмэхгүй байх санаатай. Тэгэхгүй бол мод маань тоглоомноосоо ялгагдаж харагдахгүй шахам болсон байна билээ.

Бас зулзагууд минь томроод мод нь жижигрээд.
-Ээж ээ, мод минь жижигхэн болчихож ээ.
-Харин тийм ээ, та нар минь өсөөд байхгүй юу даа.

Эх орондоо харих юм чинь гэж бодон анхнаасаа жижгийг авсан юм. Мөд харихгүйгээ мэдсэн ч дахин том мод худалдаж авъя гэхээр дотроос нэг юм хатгаад, "Цаана чинь сүлд мод битгий хэл өдөр тутмын амьдралаа залгуулах гэж ядаж буй хүүхдүүд зөндөө байна, шуналаа дар, байгаа зүйлдээ сэтгэл ханаж сур" энэ тэр гэсэн философи хатгаад. Жилээс жилд авахгүй юм шүү гэж бодоод болж л байна.

Бага байхад таазнаасаа нарийн саа унжуулдаг байсан тэ. Одоо ч тийм саа унжуулсан харагддаг л даа. Тийм саа монголоос захиж авчруулдаг юм билүү? Би энд ганц нэг дэлгүүрт байна уу гэж харсан чинь харагдахгүй л байсан.

Том том саа авч гэрээ чимдэг ч юм билүү гэж бодсоноо эдийн засгаа бодоод, за яахав гэж хойшлуулаад л суудаг юм. Энэ жил яадаг юм билээ байз?

Дуртай баяраараа дураараа аашилдаг ч юм билүү? Хэ хэ. Санаа оноогоо хэлээрэй. Хи хи.

Өө тийм. Энд шинэ оны мэнд хүргэе гэсэн хананы чимэг олдохгүй юм. Дандаа л Мэрри Крисмас. Манайд тэр Мэрри Крисмас нь байна л даа. Гол нь шинэ оных нь хэрэгтэй байдаг. 31 нь он солигдох үед түүнийгээ харж баясмаар байдаг. Түүнээс энд цагаан сар нь гээд юун он солигдох үеийн настр. Нам гүм, эл хуль.

Тэгээд мэргэн санаа олоод. Одоо түүнийгээ бага зулзагатайгаа будаж, хайчлана энэ тэр гээд завгүй болох нь. Том зулзагатаа хэлсэн чинь юун тийм зав. Урдах хичээлээ яая гэж байхад гэсэн.
Энэ гэхдээ манай мод биш шүү. Нэгэн газрын рестораных. 

За одоо шинэ оноо хүлээх л үлдлээ. Аан тийм наана нь Санта өвөө ирэхийг бас хүлээнэ...

Friday, December 07, 2018

Бага сургуульд ороход-Хэрэг болж магад 2

Үргэлжлэл

Юу гээд зогслоо? Аан тийм.

Бага сургууль, гэр бүл, хороо энэ гурвын харилцан хамаарал, холбоотой ажиллах нь чухал. Тухайн орон нутгийн хүмүүс бол хүүхдийг үнэт зүйлсээ гэж үздэг, тэдний төлөө сайн дурын ажилд хэзээд бэлэн байдаг.

Хүүхдийнхээ өмнө бага сургууль болон багш нарыг муулахгүй байх. Санаандгүй хоорондоо ярилцсан ч түүнийг нь хүүхэд сонсож байдаг. Хэрэв ямар нэг хэлэхээр зүйл байвал шуудбагш нартай, сургуультай холбогдож зөвлөгөө авна уу?

Гэсэн. Нээрээ л энд тухайн хороонд нь суудаг эмээ өвөө нар өглөөд сургуульд явахад нь гэрлэн дохион дээр, тарахад нь бас гэрлэн дохио зэрэгт зогсож байдаг. Мөн нэг дүгээр ангийн цүнхээ үүрч ядсан жаахан амьтдыг бараг л гэрт нь хүргэж өгөх нь холгүй л байна шүү.

Ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход хүүхдийн харих газар нь гэр бүл, халуун дулаан гэр угтах ёстой. 

За энэ бол цэвэр сүүлийн үеийн нийгмийн тулгамдаж буй асуудлынх нь нэг болоод байгаа. гэр бүлийн салалт, гэр бүлийн таагүй уур амьсгал, сургууль дээрх таагүй зүйлээс болоод гэрийнхэнтэйгээ зөвлөлдөж чаддаггүйгээсээ болоод гэртээ харих дургүй байдаг хүүхэд их болсонтой холбоотой.

За тэгээд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол урт юм шиг хэрнээ богино хугацаа шүү дээ. Жишээ нь хүүхэд бага сургуулийнхаа 6-р ангиас эхлээд томроод, найз нөхөд гээд бага багаар эцэг эхээсээ хөндийрч эхэлдэг. Тийм болохоор энэ 1, 2, 3-р ангийн гурван жил их чухал.

Гэсэн. Бодоод байсан энэ бол яг үнэн. Том зулзага одоо бол чимээгүй л нэгэн хүн байна. Найз нөхөд, сургууль гээд л завгүй хүн, бидэнтэй жаахан байсан шигээ нээлттэй бус л байгаад байх шиг. Ээж бол ерөнхийд нь харсхийгээд л явна даа. Яваандаа гайгүй болох байх, тэр болтол хэт яарахгүй байх.

Ном сайн унших. Номоор дамжуулж эцэг эх хүүхдийн хоорондын яриа хөөрөө ихсэнэ. Сэтгэхүй нь ч хөгжинө. Өөрөө номынхоо баатрын дүрд хувиран уншина, сэтгэл зүрх нь нинжин сэтгэлээр баяжина. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ном уншлаа гээд чухам онц сураад явахгүй. Хамгийн гол нь хүүхэд өсч томрохын зэрэгцээ ном унших дадал нь үүргээ өгч эхэлнэ

Хүүхэд эцэг эхийнхээ тусгал нь байдаг. Ээж аавыгаа харж өсч өндийдөг, хүмүүждэг. Өдөр тутам үглэснээр бус, үйлдлээс чинь суралцаж байдаг. Таны хийсэн сайн ч үйлдэл, муу ч үйлдлийг өөрийн мэдэлгүй дуурайж байдаг. 

Хүүхдийнхээ үгийг сонсож, хүүхэд ээж аав намайг харж байгаа, надад хайртай гэж мэдэрч өсөх юм бол өрөвч нинжин сэтгэлтэй болж өсдөг. 

Гэртээ зурагт үзэх цаг, пс тоглох цаг зэрэгт хяналт тавих. 

Гэх мэтээр ярив. Авахыг нь аваад, хаяхыг нь хаяна биз дээ. Одоо бага зэрэг үлдсэн. Үргэлжлэлийг дараагийн бичлэгт.

Thursday, December 06, 2018

Бага сургуульд ороход-Хэрэг болж магад гээд

10 сард нэг орчуулганд яваад өө. Нэг хөөрхөн хүүгийн, яагаав бага зулзагын монгол хэлний багш. Ирэх 4 сард 1 дүгээр ангид орох юм л даа.

Тэгээд хотын захиргааны боловсролын газраас зохион байгуулдаг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахад нь цуг явсан юм. Харъяа сургууль дээр нь болно.

Энэ тухай ер нь бичсэн дээ. Энэ удаад мэргэжлийн хүний хийсэн яриаг нь оруулах гээд. Олон хүнтэй, хажууд бас нэг гадаад хүн орчуулагчтай суучихсан. Орчуулаад яриад явах гэхээр сонсох минь хоцроод байхаар нь эхлээд  сонссоноо бичиж тэмдэглээд явсан. Дараагаар нь цаг гаргаж байгаад нэг бүрчлэн хэлж өгсөн юм.

Тэгээд тэмдэглэсэн цаас минь сая гарч ирэхээр нь хаячих гэснээ эндээ хуулж үлээе гэж бодоод. Юмыг яаж мэдэхэв зарим нэг ээжид хэрэг болох ч юм билүү тэ?

Гол агуулга:

"Таны хүүхэд баяр хөөрөөр дүүрэн сургуульдаа ирэхэд хагас жил л үлдээд байна. Сургуульд орно гээд догдолж байна уу? Цүнхээ бэлдэж амжсан уу? Цүнхээ хараад баярлаж байна уу?"

Гэж яриагаа эхэлсэн. Нээрээ л ямар өнгөтэй цүнх авах уу? Ямар хувцастай явах уу? гээд л догдлоод л суудаг шүү, хүүхэд, хөөрхөн.

"Суурь боловсрол нь бага сургуульд 6 жил, дунд сургуульд 3 жил нийтдээ 9 жил суралцана. Анхных нь хүүхэд сургуульд элсэн орох гэж байгаа эцэг эхүүд ч гэсэн догдлохын хажуугаар санаа зовж суугаа байх. Хэрэв санаа зовж байвал ойр хавьд чинь байгаа архаг ээж аав нараа асууж зөвлөлдөж болно шүү. Тэгвэл бас хэрэгтэй мэдээлэл олж авч болох юм."

Эдний ээжүүд бие биенээсээ их асууж зөвлөлдөг юм билээ. Тэгдэг гэсэн, ингэдэг гэсэн гээд л хов ярьж байгаа юм шиг л. Би ч нэг их асууж байгаагүй л дээ. Угаасаа маматомо гээч юмнаас хол явдаг. Хэ хэ.

"Бага сургууль нь таны хүүхдийг аюулгүй орчинд сурч боловсрох тал дээр анхаарч ажиллаж болно. 1. Мэдлэг ур чадвар, 2. Хүнлэг чанар, 3. Бие бялдрын хөгжил гэсэн гурван зүйлийн тэнцвэрийг зорьж ажиллана. Тухайн бага сургууль бүр өөрийн гэсэн зорилтыг тавьж ажилладаг. Ихэнх сургууль зүрх сэтгэл, биеийн хөгжлийг чухалчлана. Багш-сурагч-эцэг эх хамтдаа суралцаад явахыг эрхэмлэдэг.

Энэ удаад таны хүүхэд орох гэж байгаа сургуулийн зорилт нь "Хүүхэд тань өөрөө сурах гэсэн тэмүүлэлтэйгээр суралцах, мөн аливаа зүйлд тууштай хандах" юм. "

Үүнийг сонсоод бага зулзагын сургуулийн захирал бас иймэрхүү зүйл ярьж байсан шүү. Хамгийн гол нь бие бялдрын хөгжил. Хүүхэд эрүүл саруул байж байж толгой нь ажиллана, сургуулийн орчинд найз нөхөдтэй хамт суралцаж чадна гэж.

"Хүүхдийг багаас нь нийгмийн хүн гэдэг утгаас нь багаар ажиллаж сургах. Үүнд хамтдаа сургуульдаа ирж очих, анги бүлэг болж хичээллэх. 1-6 ангийн хүүхдүүд бие биенийгээ мэддэг байх, хүндэлдэг байх, мэндэлдэг байх, ах эгч нарынхаа үгийг сонсдог байх зэрэгт сургана. "

Үүнийг сонсоод бас л бага зулзагаа санав шд. Өглөөд цугладаг газарт нь 6 ангийн сэнпай нь гарч ирээд л бааварлаж харагддаг юм. Хэ хэ. Бага зулзагыг чих зөөлөнтэйгөөр нь зараад байх шиг байдын. Оройтоод гарч ирдэггүй хүүхдүүдийг миний зулзага дууддаг гэсэн. Хонхыг нь дарж. Бага зулзага яг цагтаа гарч очдог болохоор, тэгж зарагддаггийг нь мэдсэнээс хойш ганц нэг минут хоцорч гаргуулах гэж үзээд байна аа энэ ээж. Хэ хэ.

"Цэцэрлэгээс ялгаатай нь цагийн хуваарь гаргаж, цаг баримтлах гэсэн зүйлд суралцаж эхэлдэг. Нэг хичээлийн цаг нь 45 минут байна. Үүнд гэртээ буюу ээж аавын оролцоо бас их чухал. Гэртээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгөх, хоорондын бат бөх харилцаа мөн чухал. Хүүхдэд амьдрах чадвар, бие даах чадварыг эзэмшүүлэхэд эцэг эхийн нөлөө мөн их. Сургууль дээрээ болсон зүйлээ гэрийнхэнтэйгээ зөвлөлдөг байх, гэртээ харихад сэтгэл санаа нь амардаг, тайвширдаг газар байлгахыг хүсч байна.

Хүүхдийнхээ үгийг сайн сонсдог байх. Ажил ихтэй завгүй байсан ч багахаан цагийг л хүүхдэдээ зориулж сонсож чаддаг байх."

За би нь үүнийг сонсоод бас өөртөө дүгнэлт хийлээ. Юу билээ? Би ингэж сонсож чаддаг билүү? гэж өөрийн эрхгүй бодсон.

Овоо хэдэн хуудас байна. Үлдсэнийг дараагийн бичлэгт. Түр завсарлага.

Wednesday, December 05, 2018

Тун удахгүй

Тун удахгүй шинэ он гарлаа шүү дээ, манайхаан. Юу бодож сууна даа?

Шинэ жилийн үдэшлэгээ л болож сууна уу? Юу өмсөх вэ гэж бодон сууна уу?

Сэтгэлийг нь улам гэгэлзүүлээд гого зураг оруулна аа, ядын.
Дэлгүүр хоршоонууд иймэрхүү том том сүлд мод зассан байсан. Энэ эртээд улсаа танилцуулах гэж очихдоо бяцхан цамхагийн үүдэнд байсан сүлд мод. Хараад л шууд гэрийнхээ модыг засах юмсан гэж бодогдсон. 
Санта өвөө энэ жил ч ирээсэй гэж бага зулзага хүссэн. Тэгээд энэ зургийг ээждээ дарж өгсөн. 
Тэгээд сүлд модных нь доор ийм олон бэлэг үлдээсэн байгаасай гэж хүссэн. Шуналтай ч зулзага бол доо?
Суугуул хотын их дэлгүүрийн өмнөх талбай. Энэ өвөл ийш тийшээ ажлаар явахгүй тул бүр ч том том сүрлэг сүлд модны зураг авч чадахгүй нь ээ. Том хотуудын том том газрууд гоё мод засдаг юм. Би чинь хөдөөний хөөн юм болохоор даруухаан даруухан. 

12 сард ерөнхийдөө тайван байна. Элдэв ажил төрөл байхгүй. Хувийн ууж идэх ажил бол бий бий. Яаж зүгээр байхав. Тийм ээ? 

Гэснээс нэг шалгалтаа дууссан. Гоё монгол ном, япон ном уншмаар санагдаад байсныгаа хэрэгжүүлэхээр зорилт тавьсан байгаа. Сурах бичиг харах чинь үнэн нойрны юм байна шүү дээ. Тэгээд л оюутан байхдаа хичээл хийх дургүй байж. Хэ хэ. 

Дараагийн шалгалт 1 сарын дундуур. Хаа ч байсын тэ? Хи хи. Энэ нөхөр бас л цагийг нь тулгах гээд байна аа даа, тийм ээ? 

За яахав ээ яахав, тулгаж л байг. Ккк

Monday, December 03, 2018

Цэцэгс

12 сард надтай цэцэгс таарах болов уу? Гэж бодсон чинь таарч байна шүү. Ямар дулаахан өвөл болдог нь харагдаж байгаа биз?

Гэхдээ гэр дотроо жиндүү хүйтэн шүү. Ямар сайндаа энд байдаг монголчууд ноолууран өмд хамд, цамц энэ тэр гээд л аль дулаахан гэснийгээ авчирч өмсөн байхав дээ. Эсгий тавчиг энэ тэр бас байна.

Сүүлийн үед бүр хивс хүртэл авчирч дэвсээд байх шиг байна шүү. Би ч тиймэрхүү хивсэнд нэг их дуртай биш ээ. Угааж арчлах гэж хэцүү, над шиг гэрийн ажилд тааруу хүн чинь. Чийгтэй газар бүр ч дэмий. Тухайн улсынх нь үйлдвэрлэсэн үнэ нь хэр тааруу зүйлийг худалдаж аваад л муудахаар нь халаа солио хийж байхад амар.

Түүнээс үнэтэй цайтай зүйл чинь муудсан ч хаяж чадахгүй, сэтгэл хоргодоод байдаг юм билээ шд.

Цэцэг ярьж байсан хүн чинь юу вэ? Хадуурчихсан явж байна.
10 жилийн хүүхдүүд гал тэрэгнийхээ буудлын гадаах талбайг ингэж чимсэн байсан. Сургуулийнхаа нэрийг бичээд. 

Манайхан бас суралцвал тийм ээ. Өндөр үнээр нийлж барьж шоудаж байхаар ингээд сайхан хотынхоо тохижилтод хувь нэмрээ оруулж болж байна тийм ээ? 
Энэ ажлын газрын 1 давхрын жижигхээн талбайг ашиглаж гаргасан бонсай-н үзэсгэлэн. Зураг дарна даа гэж явсаар байтал дуусаад, яг хурааж байхтай нь таарч ам мөчид зураг дарав шд. Илжгэн чих жимсний нэг төрөл гэсэн. Ингэж жижигхэн ургадаг юм байна. Иддэггүй юм билээ. Зүгээр л ингэж чимэг болгож ашигладаг гэсэн. 

Удахгүй цас орно гэсэн. Цасан дундаас цэцэгс олбол зураг оруулна аа. 

Бүгдэд нь амжилт шүү.

Saturday, December 01, 2018

Халтуурны ажлаа дуусгав шд

Угтаа халтуур гэж хэлж болохгүй л дээ. Яахав дээхэн ажлаас гадуур ажил хийж мөнгө олохыг халтуур гэдэг байсан болохоор нь л тэгж хэдээд  байгаа юм шүү дээ. Хи хи.

Яггүй зүйл байлаа. Хамгийн гол нь монгол хэлний минь үгийн баялгийг шалгасан ажил байлаа. Ерөнхий утгыг нь ойлгоод байгаа хэрнээ, монголоор буулгахаар бас л сонин сонсогдоод. Чихнээ чимэггүй хадмал орчуулга болчих гээд. Жаахан сандрав.

Ядаж байхад цаг нь үнэн давчуу. Үндсэн ажлын хажуугаар, дээрээс нь гэрийн эзэгтэйн, ээжийн гэсэн ажлын хажуугаар халтуур хийх чинь бас л чанга байна шүү. Бусад мундаг хүмүүс яаж зохицуулаад байна айн? Туршлагаасаа хуваалцаарай.

Орчуулгын ажлыг, орчуулагч нарыг нэг тийм робот шиг харж ханддагаа хаа газар болихгүй юм дөө гэж. Ядаж байхад тйимэрхүү туршлагагүй байгууллага бол бүр ч...

За за жаахан алхаж хөдлөе дөө. Суусаар байтал бөгс хавтгайрах нь. Хи хи.

Шинэ үг хэллэг мэдэж авсандаа баяртай байгаа ч монгол хэлээ улам баяжуулахгүй бол гэдэг хэтийн зорилго өвөрлөв.

Уг нь монгол хэлээрээ уншаад л, энд ингээд л бичээд л байх шиг байх юм. Толгойд үлдэх нь бага байгаад байх шиг. Тунгалаг тамирыг нэг унших хэрэгтэй ч юм шиг.

Унших гэснээс сайхан ном унших юмсан. Сурах бичиг энэ тэрээс залхаж байна шүү. Тийм байж, зулзагуудаа хичээлээ хий гэж үглэх. Миний үглэхийг эс тоон, уран зохиолын ном уншаад л гүйх юм. Хэ хэ. Хайр хүрээд л байдаг юм.

12 сар гарчихлаа та минь ээ. Ёолк молк бодогдоод эхэлсэн үү? Даашин маашинзаа төсөөлөөд эхэлчихсэн үү? Би нэг эх орондоо зад ёолкдох юмсан гэж бодов. Тэрнээс наана гуалиг болох хэрэгтэй гэж...

Улс төр, засгийн газар энэ тэр чинь юу болоод байна аа? Ойрдоо ажил ихтэй болохоор харж амжсангүй. Хань ижил л үүгээр нэрвтээд гүйгээд байх шиг байна шд. Хошиг шогийнхноос илүү л жүжиг тоглоод байгаа бололтой тийм үү?

Яалтай ч билээ? Ямартай ч бичлэгээ өндөрлөе. Бүгдэд нь ажлын, сурлагын гээд л бүхий л амжилтыг хүсч байна өө...