Sunday, September 30, 2018

Зохион бичлэгийн хичээл ордог биз дээ?

Сүүлийн үед эмзэглэдэг болсон нэг зүйлийнхээ тухай хэдэн үг сараачихаас...

Ерөнхий боловсролын хичээлд зохион бичлэгийн хичээл гэж ордог биз дээ? Энэ чинь одоо.

Суугуул нутагт минь 2 жилд нэг удаа эх орноос минь арван жилийн сурагчид ирж, олон л арга хэмжээнд оролцоод буцдаг юм. Овоо ч хэд хононо.

Айлд байрлана, далайн усанд шумбана, цэцгийн хүрээлэн үзнэ, сургуульд явна, сургуулиас болон хорооноос зохиож буй элдэв арга хэмжээнд оролцоно. Хоорондоо япон хэлээр илтгэлийн тэмцээн зохиож, байр эзлэнэ.

Эндэх арга хэмжээ яахав, япончууд зохион байгуулдгийнхаа ачаар зохион байгуулалт сайтай болж өнгөрнө.

Харин иртлээ, буцсаны дараах ажлууд үнэн хайнга, хойрго явагдана. Иртлээ яах вэ гэхээр, онгоцны тийзээ оройтож захиалсны уршгаар хөтөлбөрт саад учрана. Энэ жил бүр том паагталсан. Насанд хүрээгүй хүүхдүүдийг авч явах гэж байж эцэг эхээс нь итгэмжлэл аваагүйн улмаас онгоцондоо сууж чадаагүй, бөөн л юм болсон. Эцэг эхүүд муугаар нь дагаж явах гэж байгаа багшийг харааж, загнасан сурагтай. Хүүхдийн байгууллагын дарга нарыг загнасан эсэхийг мэдэхгүй л байна. Өөрсдөө ч эрх танхи хүүхдээ явуулах гэж байж энэ талаар судалсан байх ёстой юм байгаа юм.

Буцсаны дараагийн ажил гэхээр? Гэртээ байлгасан, арга хэмжээг зохиосон япон ээж аавдаа, сургуульдаа, найзууддаа захиа бичих. За энэ бол үнэн сэтгэл эмзэглүүлсэн зүйлийн минь нэг.

Эртнээсээ бид хоорондоо захиа занаа бичээд байдаг уламжлал ховор болохоор ч тэр юм үү? Худалч хүнд уртаас урт мөртлөө хоёрхон өгүүлбэр л биччихнэ. Япон хэл сурч байж тухайн хэлээрээ биччихгүй, аминдаа л мундаг өгүүлбэр бичих гээд тэр юм уу? Монгол хэлээрээ биччихнэ. Түүнийг нь би орчуулах гэж хөөрхөн цаг зав зарцуулна.

Хоёрхон өгүүлбэр юм бол юунд нь цаг зардаг юм? гэж үү? Өмнөөс нь ичээд байдаг юм. Бүгд шахуу нэг утгатай өгүүлбэр биччихсэн байдаг тул.

Зохион байгуулдаг нэгэн ааштай эмээ үгээ хэлнэ бас.
-Жаахан дэлгэрэнгүй бичиж болдоггүй юм байх даа? Жишээ нь анх удаа далайн усанд шумбаж үзсэн юм бол ядаж ус хүйтэн байлаа ч гэдэг юм уу?, шорвог байсан ч гэдэг юм уу?
-Харин тийм ээ. Манайхан чинь тэр бүр та нар шиг захидлаар харилцаад байдаггүй тул, захидал бичих гэхээр тэвдээд санаанд нь орж ирдэггүй байх л даа...
гэж би өмөөрнө.

Эмээ дуугүй байхгүй шүү дээ.
-Хичээлд нь ядаж зохион бичлэгийн хичээл ордог биз дээ? Энэ чинь одоо.
-Ордог л байсан даа, одоо ч бий гэж бодож байна.
-Тэгээд? Юу заадаг юм? Бла бла

Энд ирснээс хойшхи арван хэдэн жилд нэлээд хэдэн хүүхдийн захиа занаа, сэтгэгдлийг орчуулсан. Дээрдсэн зүйл нэгээхэн ч үгүй. Шилдэг сурагч энэ тэр гэсэн тодотголтой хүүхэд ч байна. Зөв бичгийн дүрэм энэ тэр бас л...

За яахав эд нар монгол мэдэх биш, ядаж агуулга нь арвин дэлгэрэнгүй байгаасай гэж их горьдоно.

Заримдаа захиа авах хүний сэтгэлийг бодоод ганц нэг үг, өгүүлбэр нэмж орчуулна. Хэцүү хэцүү.

Яг одоо өмнөө хэдэн захианы дэлгээд тавьчихсан сууж байна л даа. Биенээсээ хуулчихсан гэмээр адилхан өгүүлбэрүүдийг яалтай ч билээ.

...Япон явж үзсэндээ баяртай байна. Японы соёлоос танилцсандаа баяртай байна. Танайд байрлахад хөгжилтэй байлаа. Сургууль нь их том байлаа...

Ингээд л болоо. Сургуулийн яг юу нь сонирхолтой байсан? Япон айлд байрлаад юу нь хөгжилтэй байсан? Ямар соёлтой нь танилцсан? Гээд л бичээд л байвал хэдэн хуудас ч дүүрэхээр сэдэв.

Үг ч олдлоо, ажлаа хийе дээ...

Өө тийм, гадаад хэл сургаж болно оо хүүхдэдээ. Хажуугаар нь эх хэл дээр ном сайн уншуулаачээ, зохион бичлэг сайн бичүүлээч ээ...

Saturday, September 29, 2018

Минжий Хангай

За уншаад дуусгасан бөлгөө. Амласан ёсоороо ганц нэг зүйл оруулах гээд.

Бороотой үдэш борцтой шөл уунгаа ушиж дуусгалаа. Аяганы доорх суурь миний бүтээл. Хөглөрөөд байгаа нэхмэлийн утаснуудаа цөөлөх санаатай.

Ойрд утас энэ худалдаж аваагүй хэрнээ л сонин сонин утас энд тэнд өнхрөөд байх юм. Хачирхалтай...

Юу ярьж байлаа. Минжий Хангай. Багадаа Минжийн Хангай гэж "н" үсэгтэй гэж бодоод явсан чинь үгүй байжээ. Минжий гэдэг үг юм байна шүү, угийн.

...Ар Монголоо гэж асар баян ийм нэгэн орон байх юм. Ард олон нь хөөрхий, үнэндээ туйлдаж гүйцжээ. Шашин шүтлэг ч бүр газар авч, лам захтай дээл өмссөн хэн хүн л нэг юм хэлбэл алга хавсран итгэн дагах юм. Эдний энэ шүтлэгийг аятайхан ашиглах ямар арга байна вэ? Харанхуй бүдүүлгийг туйл гэдэг юм юмнаас хэцүү золиг байдаг байна. Монголчууд уг нь айхавтар ажилч, бас зоригтой, тэвчээртэйг хэлээд яах вэ. Лам ноёд нь үүнийг мэддэг шиг байна. Толгойг нь өндийлгөхгүйгээр дарж байх юм. Хэрвээ тэгж дарж байхгүй бол ч толгой дээр нь цахиур хагалахаас сийхгүй улс. Сүүлийн хэдэн жил хятад хүмүүс маньд монголчууд нэг л хүйтэн болжээ...

За энэ номын гол дүрүүдийн нэг Ша Лусаны бодол. Айхавтар хэлж үү?

Яг л өнөөгийн биднийг хэлсэн байгаа биз? Түүх давтагддаг гэсэн үнэн ч юм шиг. Бид бас л ардчилал ярьсан хэрнээ л лам хувцастай л хүн бол хамгаа өгөөд л яваа тийм ээ? Мөн дээр нь байгаа дарганцарууд, төрийн хүмүүс ард олноо үг хэлүүлэхгүй дараад байгаа тийм ээ? Өөрсдөө хээл хахууль, авилга гээд л шуналдаа автчихсан.

Ард иргэд дотор нь ч мөнгө гэвэл  нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй хүмүүс их болжээ. Хажууханд минь тийм жишээ байна. Хажууханд минь гэдэг нь хамаатан садан минь биш шүү. Энд суудаг нэгэн монгол залуу. Хүмүүсийн яриагаар эрэгтэй хүн байж мөнгөтэй захирал энэ тэр гээд сонсохоороо эр хүнтэйгээ үнсэлцээд, долигоноод, бөгсийг нь долоочих гээд л явдаг гэсэн. Ганц удаагийн ч тохиолдол бус, өчнөөн удаагийн тохиолдолтой, олон ч гэрчтэй. Ичих нүүрээ элгэндээ наачихсан байдаг бололтой.

Уг номонд ч гарна. Шунал ихтэй ганц нэг иргэд эдэд шунаад, ууж идэхэд тархиа мэдүүлчихсэн иргэд лонхтой архи хараад л улсаа худалдахаас, найз нөхдөө худалдахаас сийхгүй л байна.

Төгсгөлд нь олон сайхан эрэлхэг ардын хүчээр сайхан цаг ирж, дайсны дүрүүд үйлийн үрээ эдлэнэ л дээ, хөөрхийс.

Ном уншихаараа заримдаа ингэж сэтгэл өвдөөд байх юм аа. Яалтай...

Thursday, September 27, 2018

Бага сургуульд 2

Африкийн  Guinée улсын 2 хүнтэй хамт нэг бага сургуульд улсаа танилцууллаа. Эхнэр нөхөр хоёр л доо. Эхнэр нь япон. ЖАЙКА шугамаар тэнд ажиллах 2 жилийнхээ хугацаанд нутгийн залуу уургалаад ирсэн, догь хүүхээн. Хи хи.

Гэхдээ энэ африк эрчүүд эхнэртэйгээ харьцаж байгаа нь нэг тийм зандрангуй харагдаад байдаг юм. Хэд хэдэн гэр бүлийг хараад байхад л.

За тэр ч яахав. Энэ хоёрын улсаа танилцуулж байгаа нь бас л өвөрмөц.
Ямар ч яриа хөөрөө байхгүй. Шууд л ингээд хөгжимдөөд эхлэнэ. Бөмбөр. Төрөл ч олон юм. Төмпөн шанагаар бөмбөр хийх нь холгүй байдаг бололтой. Хэ хэ. Тоглосон юм аа.
Энэний тэр босоо хөнгөн цагаан бас л зэвүүн. Бөмбөрөө цохиж байснаа тэр хөнгөн цагааныг цохиод л бас нэг өвөрмөц хөг нэмчихэж байгаа юм чинь.
За байз энэ чинь ямаршуу юм байлаа даа? Ямартай ч хөрөөний ир шиг дөрвөн төмрийг үе үе дараад байсан байхаа...
Энэ болохоор хамгийн эхний зурагны бөмбөрний хажууд байгаа тогоо шиг зүйл. Ха ха. Доторх гонзгүй төмрүүдийг дарна. Гадна талд байгаа ундааны бөглөө бас шажиганаж дуугарна. Зэвүүн сэтгэсэн байгаа биз дээ?
Энэ гайхлыг нөхөр нь дараад, бас хажуугаар нь манай морин хуурчид, хөөмийчид шиг архираад байсан. Ха ха. Магтаал уншаад байгаа байх миний бодлоор.

Бяцхан тоглолтоо дуусгаад, сурагчдын асуултанд хариулаад явчихаж байна билээ. Бас л өвөрмөц арга.

Тэгээд л бодож суулаа, африк хөг аялгуу сонсонгоо. Бурхан надад хөгжмийн авъяас заяасан бол шууд л морин хуураа бариад л хөөмийлөөд, Алтайн магтаалаа дуулаад л явахгүй юу гэж.

За за шуналтахгүй шүү. Эрүүл саруул гүйгээд, шагайгаа няслаад гүйж байгаа минь их юм. Тийм ээ?

Wednesday, September 26, 2018

Уулын цэцэг

Уул хадаар зугаалахдаа зүгээр байхгүй зураг дарсан нь.
Нэрийг нь мэдэхгүй шүү. Зүгээр л зураг оруулна. Хэ хэ.
Энэ л ганц мэдэх цэцэг минь байна. Багваахай билүү? Багадаа аабан бээбэн гэж тоглодог байлаа.
Япончууд космос гээд байдаг юм. Сансар, огторгуй гэдэг цэцэг. Хэ хэ. Намрын сакүра гэж нэрлэх тохиолдол ч бий гэнэ.
Ууланд, талд ургадаг зэрлэг? цэцэгнүүдийг харахаар хайр хүрдэг шд. Та нар тэгдэг үү. Өөрийн хүч чадлаар, байгалийн шалгарлыг даван туулаад тэмцдэгт нь болдог байх. Хэ хэ.
За нэг иймэрхүү. Гэснээс хар салхи дахиад л ирж яваа гэсэн. Энэ удаагийнх бас л аймаар гэсэн. Яадаг юм байгаам. Орж гаралгүй, гэртээ томоотой номоо уншаад л суухаас.

Бүгдэд нь амжиль, мөн өөртөө...

Tuesday, September 25, 2018

Тэртээх 10 жил минь

Минжий Хангай номыг тэртээх 10 жилдээ уншиж байлаа. Аавын минь дуртай ном... Намайг хүмүүжүүлсэн ном...

Дахин уншмаар санагдаад, найздаа захиж авчруулав. Тээр жил бас Өнгөний хорвоонуудыг уншмаар санагдаад найзаараа авчруулж байлаа. Хэ хэ.

Найз нар минь та нар шүү, та нарынхаа дараагаар би шүү.

Өсвөр насандаа, 4 хорооллын эцэс дэх гэртээ ном уншаад суугаагаар өөрийгөө төсөөлөөд л уншиж сууна.

Дээхний романуудад гардаг шилийн сайн эр, манжийн дарангуйлал, пүүсийн данжаад, хүүхэмсэг хятад өвгөн, гамин, Барон, цагаан орос, улаан орос, Гоймон баатар гээд л. Ядуугийн туйлд хүрсэн ард. Нутгаа гэсэн халхын ханхар эрчүүд. Ардын толгойг эргүүлж мунхруулсан лам нар.Мэдээж бас хайр дурлал гарна.

Дээхний төр барьж байсан зарим нэг ноёд, түшмэд дунд яг л одооны төрд байгаа хүмсүүд шиг байсан байна шд. Зохиолчийн хэлсэн ярьсан үгс, дүрслэл яг л өнөөгийн гүзээтэнгүүд. Би бүр түүнийг нь блогтоо бичнэ гээд бодоод байгаа. Ямартай ч уншаад дуусгаадхая.

Хуучны танилтайгаа, багын найзтайгаа уулзсан мэт сайхан, урамтай байгаа. Дараа бас багадаа уншиж байсан номнуудаасаа захиж уншина аа. Үнэхээр дахин уулзахад таатай байна. Сэтгэл санаа ч гоёхон...

Monday, September 24, 2018

Намрын зугаалга

Энэ зун огтоос амраагүй юм билээ би. Гэрээрээ орж гарч, уул хадаар зугаалаагүй уджээ. Ойр зуур орж гарсныг эс тооцвол. Уус устайгаа ойр байх хэтийн зорилгоо умартаад...

Өглөө эртхэн босч жаал алхлаа, цэвэр агаарт. Ямар хоол идмээр байна гэж ирээд л уулынхан маань эрхлүүлээд л биднийг. Усан үзмийг л сайн идэв. 
Ой модон дунд гацаараа жаал алхлаа. Ийм засмал зам дагаад л даа. Хоёр талаар модод ингэж түнээл гаргаж өгөөд л, намайг үүлнээс хамгаалж байгаа нь тэр. Хэ хэ.
Энэ уулын бэлд уулынх хэд минь амьдран сууна аа. Ажилсаг гэж юүхэв ээ.
Ажилсаг хэдийн маань усан үзэмний хүлэмж. Үүн дотор өдрийн хэд орж зураг дарав. Ам бас зүгээр байхгүй. Байнга хэвээстэй.
Хүлэмжин дотор ингээд унжиж ургана. Шууд газар дээрээс нь идэхэд ямар ч хор хөнөөл байхгүй. Ориг.

Ууланд явахдаа дарсан цэцэгнийхээ зургийг дараагийн бичлэгт оруулна аа. Ямартай ч уус утай ойр хоёр өдрийн амралтаа сайхан өнгөрөөлөө. Ирэх долоо хоног эрч хүч дүүрэн байх байхаа.

Sunday, September 23, 2018

Бага сургуульд

Уламжлалт бичлэг шүү. Жил бүрийн өдийд суугуул нутгийнхаа бага сургуулиудаар явж улсаа танилцуулдаг даа.

Энэ жил ч бас овоо хэдэн бага сургууль явна. Анх удаагаа очих сургууль ч байна. Жил бүр очдог нь ч байна.

Гараа бол аль 7 сард эхэллсэн л дээ. 8 сард зуны амралт гээд завсарласан. 9 сараас идэвхитэй явж байна.

Саяхан 40 минут явж очдог нэгэн сургуульд Парагвай улсын хүнтэй хамт ажилласан. Их гоё улс шиг санагдсан. Өвөл болохгүй, зунаараа, газар хөдлөхгүй гэх мэт. Өөр чинь юу билээ дээ. Ямартай ч очиж үзэх юмсан гээд мөрөөдөөд, яриаг нь сонсож суусан юм даг.

Далбаа нь. Их гоё хатгамал хатгадаг юм билээ, бүсгүйчүүд нь.
Грахмалдаад хатуу болгочихсон. Ширээн дээр, цэцгийн вааран дор гээд л тавихад гоёмсог санагдсан.

Дараагийн нэг сургуульд Африкийн Guinée улсын хүнтай хамт явна. Өөртөө амжилт хүсье өө...

Tuesday, September 18, 2018

Цэцэгс

9 сарын цэцэг шүү. Яг бол 9 сард цэцэглэдэг гэсэн үг биш шүү. Зүгээр л би 9 сард орж гарахдаа тааралдаад, зургийг нь дарсан гэсэн үг.
Ажлын байрны нэг давхарт байнга солигддог булан. Энд гэхдээ дан цэцэг солигдохгүй л дээ. Уран зураг, гэрэл зураг, хатгамал гээд л төрөл олон.
Ваарны доод талын модон суурь анхаарлыг минь их татсаан. Болдог бол туучихмаар. Хэ хэ.

Өдрийн хоол идсэн жижигхээн цайны газрын ширээн дээрх цэцэг? Ширээ нь жижиг, ваар нь жижиг, үйлчлэгч нь жижиг, үйлчлүүлэгч нь жижиг. Хи хи.
Гудамжинд машин дотроосоо дарсан зураг. Хот тохижилт гэж үнэн сайн шүү. Суралцмаар л зүйлийн нэг. Зэрлэг энэ тэрийг нь маш идэвхитэй зулгаах юм. Гэтэл би гадаах зэрлэгээ зулгааж амжихгүй л гүйх. Сая бүтэн сайнд хальт зулгаав. Уг нь их аятайхан болсон. Ганц нэг цэцэг минь тодроод л. Энэ жил гэхдээ тун идэвхигүй байгаа. Хувийн ажилд. Хувьсгалын ажилд бол хачин идэвхитэй. Таван цаасанд дуртай хөөн би...

Бүгдэд нь ажлын болон сурлагын өндөр амжилт шүү.

Monday, September 17, 2018

Хорооны паари

Хорооныхон паартидаад. Паартидах ч гэж дээ, нэг газар орж хоол идэж шар айраг шимсэн.

Өнгөрдөг жил бид яагаад ч билээ дээ оролцож чадаагүй юм.

Тэгсэн энэ жил хорооны дарга хэлэхдээ "Ийш тийшээ зугаалахаар явахаар оролцох хүний тоо цөөхөн байгаад байна. Энэ жил зүгээр л нэг оройг бөөнөөрөө хоол идэж, ярьж хөөрч суувал яасын гэж бодлоо. Аль болох олон иргэд оролцоосой гэж хүсч байна" гэсэн.

Маргааш нь баг багийн харилцах хавтас орж ирсэн. Түүн дээрх цаасан дээр оролцох хүмүүсийнхээ нэрсийг бичсэн байсан. Бид оройн хоол хийхгүй амар гээд гэрээрээ л оролцохоор нэрсээ бичлээ. Хи хи.

Машины зогсоол хүрэлцэхгүй тул таньдаг, хөршийнхөөч юм уу машинд дайгдаад явах уу? Бороогүй бол дугуйгаар явна гээд д ухамсартай хүмүүс чинь өөр юм өө. Манайхан байсан бол том том машинаа гайхуулах гээд л, эсвэл нэгнийгээ гуйсан болчих гээд, доор нь орчих гээд л сүйд болох байх даа? Үгүй ч юм уу? Дандаа шүүмжилдэг гээд бариад идчихэв ээ.

За тэгээд харсан, хараагүй олон л оршин суугчид цугласан. Аргагүй хүүхдүүд бол бие биенийгээ таниад байна лээ. Гадаа цуг тоглодог гээд.

Бид бол ойр хавийнхаа л ганц нэг хөршөө таниад, бусдыг нь харж байсан гэсэн хүмүүс олон байлаа.

Хоол ч амттай байлаа. Үнэгүй гэж бодохоор бүр ч амттай, хэхэ. Оршин суугчдаас хурааж авдаг жилийн төлбөрөөс минь гаргаж нэг ёсондоо биднийг хороо маань даана гэсэн үг.

Пааригаа тараад зулзагуудын төгөлдөр хуурын давтлага. Маргааш тайлан тоглолт нь болно. Яаж будлицгаах юм байгаа юм? Бага минь давтаж өгөхгүй л гүйгээд байсан. Энэ талаар тусад нь бичнэ ээ...

Угтаа өмнөх бичлэгийн өмнө орох ёстой сэдэв байж...

68 оршин суугч оролцсон. Баг багаараа өөрсдийгөө танилцуулж нэрсээ хэлсэн. 2хон цагийн оройн зоог их л хурдан өнгөрсөөн. Ирэх жилийн паари мөн ч хол байна даа...

Sunday, September 16, 2018

Ээлжит тайлан

Уламжлалт бичлэг.

Охидын төгөлдөр хуурын тайлан. Том зулзага ойлгомжтой. Сайн байлаа.
Наана байгаа цэцгийг тоглолт дуусахаар тоглосон хүмүүс нэг нэгийг бэлгэнд авдаг.

Гол нь бага зулзага. Хэ хэ. Нэг их давтаж өгөхгүй л гүйгээд байсан.

Тайлангийн өдөр ч болов. Бага зулзагын ээлж ч ирэв. Санасныг бодоход дажгүй тоглосон. Ээж бол иймэрхүү зүйлд сонсгол энэ тэрээ паг тул ямар ч алдаагүй юм шиг санагдсан.

Уг хүн өөрөө хоёр ч газар бага зэрэг алдсан гэсэн. Хань ижил харин нэг газар нэг товч хамт дарагдчих шиг болсон гэж хэлсэн.

Том зулзага наддаа бол Моцарт. Хэ хэ. Бетховений Сонат 2 гээч ая дарсан.

Бүх хүмүүсийн тоглохыг сонссон. Би чинь ойрдоо хөгжимд их дуртай болж байгөө. Эртээд яагаав бага зулзагатайгаа нэг хөөрхөн концерт үзээгүй юу. Өнөөдөр бол дан сонгодог сонслоо.

Хань ижил, хамгийн мундаг нь миний хоёр охин л байна гэсэн. Хи хи. Мэдээж багш нь хамгийн нэгт л дээ. Сүүлд нь багш нь нэг ая дардаг юм. Өө тэр гар хурууны хөдөлгөөн бол уян налархай ч гэж юүхэв. Атаархасхийгээд л суув шд.

За энэ удаагийн бэлэг. Бага зулзага бол үнэнээ л хэлж байна лээ. Тоглолт ч яахав, сүүлд авах бэлэг л гоё байна гэж. Хүүхдээ гэж хөөрхөн ч юм аа даа.
Ийм хар уутанд бэлгээ хийж өгдөг юм. Уутанд нь ээж их дурлана өө. Хэ хэ. Бичгийн хөөрхөн хавтас, энэ цагаан уутанд жижигхээн жигнэмэг хийсэн байсан. Уутан дотор нэг ундаа байна лээ. Мөн кекс өгсөн. 

Нэг зүйлийг анзаарч байгаа биз дээ? Бэлэг гэхээрээ учиргүй их чихэр хийхгүй. Мөн том том овор ихтэй зүйл хийхгүй. Энгийнээс энгийн.

Бэлэг гэсэн чинь нэг хөгжилтэй зүйл санаанд орчихлоо. Монголд шинэ жилээр гэсэн байхаа? Хамаатны минь нэг ахын гэр бүл хүүхдүүдэд өгөх бэлгээ болсон болоогүй чихэр биш, арай шинэлэг зүйл болгоё гээд дугтуйтай мөнгө, бас нэг юу ч билээ жижигхээн л юмтай цуг өгсөн чинь нэг хүүхэд бэлэгээ голоод бөөн л юм болсон сураг дуулдсан. 

Үүнийг сонсоод бид хүүхдүүддээ багаас нь нэг л их хэлбэр болсон, том том, яг авчих зүйл ховортой бэлэг өгсөөр байгаад, хэр баргийн юманд баярладаггүй, цамаандуу болгочихдог юм байна даа л гэж бодсон. 

Бас л хадуурч байна...

Уншигч олныхоо үр зулзагуудад нь сурлагын болон, урлаг уран сайхан, спортын өндөр амжилт хүсье өө.

Saturday, September 15, 2018

Усан үзэм

Намрын улирлын нэг сайхан нь жимс жимсгэнэ тийм ээ? Идэмхий хүн чинь яалтай.
Уулынхан минь тариалдаг усан үзэм. Ажил ихтэй очиж чадахгүй байсан чинь ингээд шуудангаар явуулчихаж. Хөөрхөн. Хайр хүрнэ гэж юүхэв. 

Бүгд дотроо ясгүй буюу үргүй сортоосоо өгсөн байна лээ. Үнэ нь бага зэрэг үнэтэй байдаг юм. Үнэтэй цайтай зүйлээс нь үнэгүй хороож байгаадаа бас жаахан эмзэглэнэ ээ. Хэ хэ. Ёстой хажуу дахь хүндээ ч амсууламгүй, харамлан байж л идлээ. Амт бол янзтай.

Хань ижил монгол явахдаа бас жаахныг авч яваад, хүмүүст амсуулсан чинь амттайг нь шагшсан улс л байсан. Гэснээс жимс чинь дажгүй л хил гаалиар гарчихдаг юм билээ тэ? Дараа явахаар бол ижийдээ гого жимс авч очно доо. 

Сэрүү орох янзтай, хоолны дуршил ч нэмэгдэх янзтай, би ч бондойх янзтай. Сүүлийн үед энд гадаах хэм гайгүй мөртлөө их бүгчим, чийгтэй байгаа. Тэгэхээр бас л их халууцдаг юм билээ. 

Ямартай ч мундаг хөдөлмөрч хүмүүсийн буянаар гэдэс цатгалан л байна. Хи хи. Мөн монголоос ижий аав минь явуулсан ориг нэрс жимсийг уугаад л сайхан байна аа. Дуусчихаас нь айгаад, өөрөөсөө харамлан байж л шимж ууна шүү дээ. 

Монголд ижий аавынхаа дэргэд байгаа та нар аз жаргалтай улс шүү. Тэр их хайр, аз жаргалаа дааж амьдраарай. Хэ хэ. За нэг их сүртэй өгүүлбэрээр бичлэгээ өндөрлөв...

Wednesday, September 12, 2018

Мягмар гарагийн халтуур

Өнгөрдөг мягмар гарагт буюу 9 сарын 4-нд явах байсан ч хар шуурганаас болоод хойшлоод дараагийнх нь мягмар гарагт болсон л доо.

Угтаа бол халтуур гэж хэлж болохгүй л дээ. Үндсэн ажлынхаа хажуугаар явчихаад ирсэн болохоороо л ингээд хэлчихлээ.

Дээхэн үед ажлаасаа гадуур өөр ажил хийгээд ирэхийгээ халтуур гэдэг байсан даа. Одооны залуучууд мэдэх болов уу?

Үндсэн ажлаа тараад оройн цагаар яриа хийчихээд ирсэн. Гэснээс энэ нэг ажлаас болоод томилолтоор явах ажлыг хүлээж авч чадаагүй шд. Харамсалтай. Уг нь томилолтоор явах асар их сонирхолтой байсан ч энэ ажлыг аль 3 сард хийеэ гээд хэлчихсэн байсан чинь, нийт хотын иргэдэд зарлачихсан, өдөр судрыг нь өөрчилж болохгүй, орны хүн ч томилж болохгүй гээд.

Түүнээс их л олон аргаар томилолтоор өөр муж руу явчих гэж үзсээн. Хэ хэ. За яахав нэг удаадаа юм даа гэж сэтгэлээ тайтгаруулсан. Дахин явах боломж гарах байхаа, би чинь залуу байна, нас байна гэж өөрийгөө тайвшруулав аа. Хи хи.

Заримдаа нас ахиж байгаагаа гайхаад л, заримдаа залуу зандангаа гайхаад л гоё ч юм уу?

За тэгээд гайхал мягмар гараг тулаад ирсэн. Дээлээ өмсөөд л, далбаагаа намируулаад л, хамаг байдаг монгол гэсэн зүйлээ хамаад л, ажлынхаа газрын монгол гэсэн бүхий л номоо хайрцаглаад л, хань ижлийнхээ монгол гутлыг ачаад л, морин хуураа үүрээд л тэмээн жингийн ачаатай хүүхэн л явлаа. Хи хи.

Нэг жаахан бүсгүйд ямар их ачаа үүрүүлнэ вэ? Ккк

Яриагаа ч хийлээ. Настай голцуу хүмүүс цугласан. Би чи амныхаа зоргоор улсаа магтаж бурсан. Зарим нэг тулгарч байгаа асуудлаа ч хэлсэн. Яахав дээ муу нуухаар сайн илчил гэж. Ямар нэгэн мэргэн санаа оноо гарах ч юм билүү тэ.

Асуултууд нь ерөнхийдөө ойлгомжтой. Бас энэ нэг жаахан юм юугаа мэдэхэв дээ гэж мэдээд нэг их хүнд хэцүү асуулт тавьдаггүй байх л даа хөөрхийс.

Нэг ажил амжилттай, дараагийнх нь бүтэн сайнд. Мөнгөнд дуртай юм болохоороо үгүй гэж хэлж чадаагүй. Хи хи. Угтаа яг энэ өдөр хар шуурга ирж хойшлоод бүтэг сайных нь ажил түрүүлж болсон шүү.

Өөр өнцгөөс харвал улс эх орондоо хайртай юм болохоор ганц ч гэсэн жуулчин очоосой, халаасаа хоослоосой гэж хүссэндээ үгүй гэж хэлж чадаагүй.

Бүгдийнх нь ажил үйлсэд амжилт хүсье өө. Баасан гарагт нэг бага сургууль байгаа. Мнайхаас жаахан зайтай, өнөөх л тэмээн жингийн ачаагаа үүрээд л явна даа.

Tuesday, September 11, 2018

Бүтэн сайны халтуур

Энэ удаагийнх нь гэрээс минь 40 км зайтай нэгэн хотод. Тухайн хотын сонсголын бэрхшээлтэй иргэдэд улсаа танилцуулах.

Өнөөх л дээлээ өмсөөд л, хамаг байдаг монгол гэсэн зүйлээ хамаад л, ажлынхаа газрын монгол гэсэн бүхий л номоо хайрцаглаад л, хань ижлийнхээ монгол гутлыг ачаад л, морин хуураа үүрээд л тэмээн жингийн ачаатай хүүхэн л явлаа. Үгүй ээ энэ хорвоо нэг муу жаахан хүүхэнд маш том ачаа үүрүүлж байгаам шүү. Хи хи

Амжилттай, амжилттай. Чадлынхаа хэрээр л улсаа танилцууллаа, магтлаа. Дохионы хэлний орчуулга орсон тул цаг жаахан зарсан. Бас удаавтар ярихгүй бол орчуулга гүйцэхгүй.

Би өөрөө ганц нэг мэддэг дохионы хэлээрээ мэнд мэдсэн. Баярлаж байна гэж жигтэйхэн. Сэтгэлийн хөөрөл ихтэй, эмзэг улс шиг санагдсан.

Мөн тэр өдөр болон хэдэн өдрийн өмнөөс л айхтар ширүүн бороо ороод, болох үгүй нь мэдэгдэхгүй байж байж өглөө нь болно оо, та болгоомжтой яваад ирээрэй гэсэн.

Сүүлийн үед манай муу Япон их хэцүүхэн байгаа. Хар шуурга ирээд, үерт автав. Тэр шуугиан намжаагүй байтал хойд нутгаар хүчтэй газар хөдлөөд айхтар юм болов. Дараагаар нь хэдэн өдөр айхавтар ширүүн бороо оров.

Лам хар хүмүүс уншдаг бол ганц нэг маань мэгзэм уншчихаарай. Хичээнгүйлэн хүсье. Би ч мэддэг ганцыгаа байнга л уншина шүү дээ. Лам та нар шиг унзад хоолойгоор уншиж чадахгүй л дээ. Хо хо.

Нээрээ цэнхэр дээлээ пээнсэнд нь гаргаад шинэ дээлтэй болсон гэж хэллүү. Хүмүүс зохиж байна, гуалиг байна гээд л шагшаад байгаа. Би тэрүүхэндээ гунхалзаж энэ тэр.

Нээрээ Киви билүү хамтлагийн дээлтэй нээх сонин хөлөлгөөнөөр бүжээд байдаг дуу чинь билээ? Тэр бүжгийн хөдөлгөөн их таалагдаад байгаа, сурна аа. Тэгээд толгойдоо алчуур зангидаж байгаад дээлтэй найгаж? гунхаж бүжнэ ээ. Гэртээ ганцаараа байхаа л даа. Хи хи. Энд тэндээс хүмүүс папарацидчихгүй л бол шүү дээ.

Хадуурахаасаа өмнө дуусгая дөө. Ойрд халтуур байхгүй байх аа. Юу билээ? Өөртөө амжилт, та нарт бас амжилт шүү.

Monday, September 10, 2018

9 сарын 2

Бага зулзагтайгаа, бага зулзагын монгол хэлний багш банди, түүний ээж дүүтэй нь хамт ээлжит жүжгээ үзсэн.

Энэ удаагийнх нь яг ч жүжиг биш. Пианика гээд хөгжмийг хэрхэн дарж сурах тухай заасан, хамтдаа үлээсэн арга хэмжээ байлаа.

Үүнийг цэцэрлэгт байхаас нь заагаад эхэлчихдэг болохоор, тун дажгүй. Мөн бага сургуульд орохдоо өөрсдийн гэсэн хөгжмийг бэлдэнэ. Түүнийгээ ангидаа байлгаж, дуу хөгжмийнхөө хичээл дээр заалгана. Их сүрхий.

Том зулзагын хэрэглэж байсан нь дүүд нь очсон тул бид хэмнэлттэй, хоёрыг бэлдэх шаардлага гараагүй. Хэ хэ.
Ийм хөгжим байна аа. Жижигхэн хэрнээ адтай золиг байна шдээ. Маш муу үнэлж байж. Уучлаарай хөгжимхөн минь. 

Концерт дуустал бага зулзагын гар хөл нь хөгжимдөө, аяндаа орчихсон тувт л хөдлөөстэй. Үе үе ээж рүүгээ харж мэддэг ая нь байна гэж гайхуулаастай. 

Төгөлдөр хуур заалгадагийнх сонгодог хөгжим, хөгжмийн зохиолчдыг нь мэдээд байх юм. Хажууд нь ээж паг. Осолдохгүй л сайхан ая вэ? гэсэн шүү юм бодоод л суух. Хэ хэ.

Хөгжмийн хичээл нь хөгжилтэй болох байх, тэсэн ядан хүлээдэг хичээл нь болох байх даа. 

Хөгжмийн сүр хүч, аяны сүр нөлөө гэж асар гайхамшигтай юм өө. Нэг өдрийн ёстой сайхан сэтгэлээ сэргээж өнгөрөөсөндөө баяртай байгаа_ Мөн бэлэгшээж байгаа. Хэ хэ. 

Хөгжмийн зэмсэг мандтугай, хөгжмийн зохиолчид мандтугай, хөгжимчид мандтугай, сонсогчид мандтугай.

Охин бид хоёр хөөрөөд СД-нээс худалдаж авав.Буцах замдаа машиндаа сонсоод хөөрсөн сэтгэл нэг л хөрсөн дээр буу өгөхгүй байсан. 

Энэ тухайгаа зохион бичлэг бичих даалгавартаа бичсэн. Юу гэж бичсэнийг нь дараа л олж уншихаас. 

Бүгдийнх нь урлагийн зөн мэдрэмж өөдрөг байг ээ...

Sunday, September 09, 2018

9 сарын 1

9 сарын 1-ний мээнд.

Гэсэн чинь хэдийнээ 10 хоночихож ээ.

9 сарын 1-нд номын дуу сонсов. Ямартай ч хичээлийн шинэ жилийн эхний өдрийг номын дуу сонсож өнгөрөөсөндөө их олзуурхаж байгаа. Ойрд номын дуу сонсоогүй байсныг ч хэлэх үү. Шүтлэгтэй байна уу? Нас яваад өө, аливаа зүйлийг бэлэгшээж бодох нь олонтаа болжээ...

Япон хэл заах аргын талаарх сургалт. Ганц нэг шавьтайг хэлэх үү, хойшид улам олон шавьтай болох ч юм билүү? Хөдөө газар ингэж ганц нэг олдсон сургалтыг алгасахгүй л орж байхгүй бол хөгжих талдаа маруухан ч юм шиг санагдана аа хө.

Сүүлийн үед эдний өдөр тутмын сонин бүр дээр гаднаас ажиллах хүч авчирч ажиллуулна, тэдний хэлний асуудал чухал байна энэ тэр гээд л нийтлэл гарна. Сонирхож уншина. Жил ирэх тусам гадаад орны, гадаад хүн нэмэгдэж байна, тэдэнд япон хэлийг хэрхэн заах, хэн заах, яаж заах гээд л олон асуудлыг хөндөнө.

Энэ удаагийн сургалтаар сайн дураар япон хэл заадаг багш нартаа зориулж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах талаарх сургалт байлаа гэж.

Заах аргын хувьд толгойд үлдсэнээс гэвэл байнга л давтуулах, заачихсан юм чинь гээд орхилгүй, шинэ хичээлээ, шинэ үгээ өмнө нь заасантайгаа холбож ярих, өгүүлбэр зохиох, харилцан ярих, зохион бичлэг бичүүлэх гэх мэт.

Би ч бас байнга л давтаж асуудаг юм. Тэгэхгүй бол тэд чинь хоолтойгоо холиод идчихсэн байна шүү дээ.

Өөрийнхээ хэл сурах аргад бас хэвшүүлчихмээр л зүйл, энэ давтах, өдөр бүр бага багаар оролдох гээч зүйлийг.

Гэснээс англи хэл оролдоод л сүрхий байдаг байсан чинь сүүлийн 2 жил паг болсон шүү дээ. Зөндөө л шалтаг байна, бүгдийг тоочоод баршгүй.

Ямартай уншигч олондоо сурлагын амжилт хүсье өө.