9 сарын 1-ний мээнд.
Гэсэн чинь хэдийнээ 10 хоночихож ээ.
9 сарын 1-нд номын дуу сонсов. Ямартай ч хичээлийн шинэ жилийн эхний өдрийг номын дуу сонсож өнгөрөөсөндөө их олзуурхаж байгаа. Ойрд номын дуу сонсоогүй байсныг ч хэлэх үү. Шүтлэгтэй байна уу? Нас яваад өө, аливаа зүйлийг бэлэгшээж бодох нь олонтаа болжээ...
Япон хэл заах аргын талаарх сургалт. Ганц нэг шавьтайг хэлэх үү, хойшид улам олон шавьтай болох ч юм билүү? Хөдөө газар ингэж ганц нэг олдсон сургалтыг алгасахгүй л орж байхгүй бол хөгжих талдаа маруухан ч юм шиг санагдана аа хө.
Сүүлийн үед эдний өдөр тутмын сонин бүр дээр гаднаас ажиллах хүч авчирч ажиллуулна, тэдний хэлний асуудал чухал байна энэ тэр гээд л нийтлэл гарна. Сонирхож уншина. Жил ирэх тусам гадаад орны, гадаад хүн нэмэгдэж байна, тэдэнд япон хэлийг хэрхэн заах, хэн заах, яаж заах гээд л олон асуудлыг хөндөнө.
Энэ удаагийн сургалтаар сайн дураар япон хэл заадаг багш нартаа зориулж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах талаарх сургалт байлаа гэж.
Заах аргын хувьд толгойд үлдсэнээс гэвэл байнга л давтуулах, заачихсан юм чинь гээд орхилгүй, шинэ хичээлээ, шинэ үгээ өмнө нь заасантайгаа холбож ярих, өгүүлбэр зохиох, харилцан ярих, зохион бичлэг бичүүлэх гэх мэт.
Би ч бас байнга л давтаж асуудаг юм. Тэгэхгүй бол тэд чинь хоолтойгоо холиод идчихсэн байна шүү дээ.
Өөрийнхээ хэл сурах аргад бас хэвшүүлчихмээр л зүйл, энэ давтах, өдөр бүр бага багаар оролдох гээч зүйлийг.
Гэснээс англи хэл оролдоод л сүрхий байдаг байсан чинь сүүлийн 2 жил паг болсон шүү дээ. Зөндөө л шалтаг байна, бүгдийг тоочоод баршгүй.
Ямартай уншигч олондоо сурлагын амжилт хүсье өө.
No comments:
Post a Comment